Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Оюунчимэг гишүүний “Хүн чанарын хувьд муухай юм даа” гэдэг нь үнэн л дээ DNN.mn

Ногоон автобусны хэрэг мандаад багагүй хугацаа өнгөрлөө. Бүхэл бүтэн 300 гаруй тэрбум төгрөгийн үнийн дүнтэй тэдгээр автобусны худалдан авалт нууцын зэрэглэлтэй явагдсан нь нийгэмд олон хардлага дагуулж байгаа. Сөрөг хүчний зүгээс ногоон автобусны луйврыг ил болгож, зарлахыг эрх баригчдаас шаардаж байна. Улмаар Ардчилсан нам ногоон автобусны шууд худалдан авалтыг шалгах ажлын хэсэг хүртэл байгуулсан. Тэд худалдан авалттай холбоотой гэрээ, гаалийн бүрдүүлэлт зэрэг баримт бичгүүдийг эрх бүхий байгууллагуудаас шаардсан боловч хүчин мөхөсджээ. Иймд төв Ардчилсан нам УИХ дахь намын бүлэгтэйгээ хүчээ нэгтгэж, ногоон автобусны асуудлаар сонсгол хийхээр болов. Сонсгол явуулахын тулд УИХ-аас хянан шалгах түр хороо байгуулах ёстой. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулав. Тэднийг дэмжсэн МАН-ын гишүүд “Төрийн мөнгийг үрэн таран хийсэн хулгайтай тэмцэх нь зөв” гээд алга ташсан сурагтай. Харин цөөн хэдэн гишүүн бултсан гэнэ. Зарим нь бүр “Бүлгийн даргаасаа асууя. Бүлэг дотроо ярьж тохироод хариу өгье” гэх байдлаар гарын үсэг зурахаас татгалзсан гэдгийг Ардчилсан намынхан сэтгүүлчдэд зарлав. Тэгвэл гарын үсэг зураагүй гишүүдийг “Ногоон автобусны луйварчидын хамсаатан” гэх зэргээр нийгмийн сүлжээнд элдвээр зүхэж, доромжилж байгаа харагдсан. Тэр дундаас УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг онцолж ирээд л илүүтэй ноцож байгаа.

УИХ дахь түр хороо гэдэг бол ард түмний хяналтыг парламентын түвшинд тасралтгүй хэрэгжүүлэх зорилготой. Иймд нийгмийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн, төрийн луйвар, хулгайтай холбоотой асуудлаар хяналтын сонсгол явуулах түр хороо байгуулах санал УИХ-ын 19 гишүүний гарын үсгээр баталгааждаг. Сонсоод байх нь ээ, Ардчилсан намынхан ногоон автобусны асуудлаар түр хороо байгуулах саналаа УИХ-ын даргад өргөн барих гэтэл ганц гарын үсэг дутаад байсан юм уу даа. Ингээд УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг гарын үсгээ зураад өгөөч гэтэл мань хүн татгалзчихаж. Үүнээсээ болоод сошиалаар баруун, солгойгүй гөвүүлээд байх шиг. Угтаа М.Оюунчимэг гишүүн “Ийм асуудалд би гарын үсэг зурах нь хүн чанарын хувьд муухай юм даа” гэж хэлсэн юм билээ. Тэрбээр яагаад ийм үг унагасныг нь бодоод үз л дээ. Ногоон автобусны хэрэг нийгэмд босох үед Д.Сумъяабазар хотын даргаасаа, Ж.Сүхбаатар Түгжрэлийн сайдаасаа өөрсдийн хүсэлтээр огцорсон. Ж.Сүхбаатар УИХ-ын гишүүн хэвээр байгаа. Энэ байдлыг сөрөг хүчин эсэргүүцдэг. Тэдэнд хариуцлага тооцох ёстой гэж өнгөрсөн намраас хойш хэд хэдэн удаа улс төрийн акц өрнүүлсэн. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намынхан “Өргүй Монголын төлөө” тайван жагсаал хийхдээ ногоон автобусыг онцолж байсан. Ялангуяа Ж.Сүхбаатарыг УИХ-ын гишүүнээсээ буух ёстой гэж шаардаж байлаа. Явж, явж ногоон автобусны хэрэгт Ж.Сүхбаатарыг буруутгаж, дээлийг нь нөмрүүлэх гэсэн улс төр яваад байгаа нь буруу биш. Сөрөг хүчний улс төр ч ийм л байх учиртай.

Харин М.Оюунчимэг гишүүний хувьд ногоон  автобусны хяналтын сонсгол явуулахыг дэмжээд гарын үсэг зурчихвал Ж.Сүхбаатарыг түлхэж унагахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн болно. Яаж ч эрүүл ухаанаар бодсон нэг тойргоос, нэг намаас хамтдаа сонгогдож  арламентад орж ирсэн журмын нөхрөө гишүүнээс нь татаж буулгаад шоронд ачуулахад ганц гарын үсэг дутуу байхад тэрийг нь гүйцэтгэх нь хүн ёсны хувьд байж боломгүй явдал л даа.

Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг нар 2020 оны сонгуульд нэг баг болж оролцсон. Тойргийнхоо иргэдийн саналыг авахын тулд тэд улаа эргэтэл хөтлөлцөж явсан улстөрчид. Мөрийн хөтөлбөр, бодлогоо уйгагүй танилцуулсны хүчинд тэд ялалт байгуулаад өнөөдөр парламентад сууж байна гэж үзэж болох биз.

Төдийгөөс өдий хүртэл ийм урт замыг туулсан тэд нэгнийгээ унасан дээр нь дэвсэлвэл хүн ёсонд хэр нийцэх үү.

Энэ үед М.Оюунчимэг гишүүн “Хүн чанарын хувьд муухай юм даа” гэж хэлэхээс өөр яах юм. Үүнийг гайхаж, шагшраад буруу зөв гээд байх юм ерөөсөө байхгүй. Оюунчимэг гишүүний зөв, тийм хүний мөсгүй юм гэж юү байхав. Гэтэл Ардчилсан намынхан болон олон нийт сошиол сүлжээнд түүнийг “шударга бус байна” гэж элээ халаг болон шуугилдах нь өөрсдийгөө л харин ямар ёс суртахуунгүй хүмүүс вэ гэдгээ харуулж байна. Тэд шударга байх гэдэг юмыг ХХ зууны эхээр орос улсад ялсан октябрын хувьсгалын үед гарч байсан хүмүүнлэг бус үйл явдлаар ойлгоцгоох нь хэтэрхий бүдүүлэг дорой ёс суртахуунтай байгаагийн илрэл юм. Тэр үед үзэл суртлынхаа төлөө эх эцгээсээ татгалзах, өөрсдийг нь тэжээхийн тулд зоориныхоо мухарт нууж үлдсэн тариаг нь онцгой комисст ховлон эцэг эхээ буудуулж өөрөө хүүхэд асрахад бойждог орос жаалуудын тухай тархи угаасан коммунист үзэл суртлаар л энэ бүхнийг ойлгоод байна.

Монголчууд үнэхээр аймшигтай улайрчихсан улс төржсөн ард түмэн болжээ. Хүний мөн чанар өдрөөс өдөрт алсарч, нийгэм улам зэрлэгшиж байгааг сошиал ядах юмгүй тольдон харуулж байна. Ухамсарт хүн төрөлхтнийг гэрчлэх нинжин сэтгэл, хайр энэрэл бүгд хүн чанар дээр тогтдог. Чингис хаан хүртэл Чанчун бумбаас “Энэ дэлхий дээрх олон мянган нүглээс хамгийн том нүгэл нь юу вэ” гэж асуухад “Бие биедээ ачлалгүй хандах. Хүнийг голгүй гомдоох. Нэг нэгэндээ туслахгүй байх. Энэ бол хамгийн том нүгэл юм” гэж хариулсан байдаг. Гэтэл монголчууд өнөөдөр үнэхээр нэг нэгэндээ ачлалгүй хандаж, хууран мэхэлж, доош нь татаж, хорлодог байдал хэрээс хэтэрчээ. Ямар ч хүн хамаатан садан, ойр дотныхоо,цуг ажиллаж цуг тэмцэж явсан нэгнийгээ буруу хэрэг хийхэд нь яаран гүйж очоод матаад байдаггүй. Хүн алчаагүй л бол. Тийм үед “За яахав дээ, дуугүй л байхаас даа. Бид хоёр чинь ийм учиртай хүн дээ” гээд чимээгүй байдаг биз дээ. М.Оюунчимэг гишүүний хувьд яг л ийм зан гаргасан. Сошиал болон ардчилсан намынхны бодлоор бол нөхөрлөж явсан нэгнээ өөрийн гараар нугаслаад л байж байвал их шударга хүн болох юм байна. Тийм хүний мөсгүй зан гаргаж байснаас шударга бус гэж хэлүүлээд холуур өнгөрсөн нь дээр дээ. Бусад шударга нь л гарын үсэг зурдаг юм байгаа биз.

М.МӨНХЦЭЦЭГ

 

 

 

2 replies on “М.Оюунчимэг гишүүний “Хүн чанарын хувьд муухай юм даа” гэдэг нь үнэн л дээ DNN.mn”

Hi! I could have sworn I’ve visited this blog before but after browsing through a few of the posts I realized it’s new
to me. Anyways, I’m certainly delighted I came across it and I’ll be
book-marking it and checking back often!

Greetings I am so thrilled I found your weblog, I really found you by
accident, while I was looking on Google for something else,
Anyways I am here now and would just like to say cheers for a tremendous post
and a all round exciting blog (I also love the theme/design),
I don’t have time to go through it all at the minute but
I have saved it and also included your RSS feeds, so when I have time I will be back to read a great deal more,
Please do keep up the superb work.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *