Монголбанкнаас гаргасан “Nimravidae” дурсгалын зоос олон улсад 2023 оны “Шилдэг эртний зоос” /“Best Paleo Coin Award”/-ны төрөлд тэргүүн байрт шалгарч шагнал хүртлээ.
Улаан алтаар хэсэгчлэн бүрхсэн уг дурсгалын зоосыг Төв банк “Койн инвест Траст” компантай хамтран “Амьдралын хувьсал цуврал”-ын 9 дэх франчайзаар гаргажээ. “Nimravidae” зоос нь 38.61 мм диаметртэй, 31.1 грамм жинтэй, муурнаас гаралтай махчин амьтдын устаж үгүй болсон төрлийг дүрсэлжээ.
Мөн Монголбанкнаас эрхлэн гаргадаг “Wild Mongolia” цувралын 4 дэх франчайз дурсгалын зоос болох “Монгол шонхор” нь “Coin of the Year Award” буюу олон улсын шилдэг зоосны шалгаруулалтад “Шилдэг алтан зоос” /“Best Gold Coin”/ төрөлд нэр дэвшлээ. Тус дурсгалын зоос нь 33 мм диаметртэй, 31.1 грамм жинтэй, цэвэр алтан зоос юм.
“Монгол шонхор” дурсгалын зоосон дээр дүрсэлсэн хурц хумстай, дэгээ хэлбэрийн хошуутай, гайхамшигт хүчирхэг махчин шонхор шувууг олон мянган жилийн өмнөөс олз агнахад ашиглаж иржээ. Тэр тусмаа тал нутгийн нүүдэлчин овог аймгууд энэхүү уламжлалыг хадгалан үлдэж, цаашид ч өвлүүлэн үлдээхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байна.
Дурсгалын зоос нь энэхүү сүрлэг шувууны хоёр дүр төрхийг харуулсан байна. Нэг тал нь шонхрын өхөөрдөм дүр төрхийг, нөгөө тал нь хурц ирмэгтэй хумстай араатан мэт дүр төрхийг харуулжээ. Уг дурсгалын зоос нь Ultra High Relief smartminting технологиор хийсэн, бодит мэт нарийн ширийн зүйлс, дүрслэлийг харуулж чадсан талаар Монголбанкны Эрдэнэсийн сангаас мэдээллээ.