Шинжлэх ухааны доктор, профессор Л.Оюунтай ярилцлаа.
-Ам.долларын ханш аажмаар буурч байна. Өчигдрийн байдлаар 3480 руу оржээ. Сүүлийн нэг сар орчмын хугацаанд төгрөгийн эсрэг доллар тогтмол буурч байгаа нь юутай холбоотой вэ?
-Монголын зах зээл дээрх долларын нийлүүлэлтээс ханш ямар байх нь хамаардаг. Тэгэхээр ам.долларын нийлүүлэлт нэмэгдсэн учраас ханшийн бууралт явагдаж байна л даа.
-Нийлүүлэлт яаж ихэссэн бэ?
-Экспортод бараа их гаргах тусам төлбөр нь ам.доллараар орж ирдэг. Манай экспортын ихэнх хувийг уул уурхайн салбар эзэлдэг. Тэр дундаа нүүрсний экспорт он гарснаас хойш эрчимтэй нэмэгдэж байна. Гол нөлөөлөх хүчин зүйл нь биржээр дамжуулан нүүрсний борлуулалт явагдаад эхэлсэнтэй шууд холбоотой. Нэг тонн нүүрсний ханш дэлхийн зах зээлийн үнэ рүү нэлээд ойртсон. Бид нүүрсээ өндөр ханшаар зарж эхэлсэн болохоор долларын нийлүүлэлт нэмэгдсэн гэж шууд холбож харж болно.
-Цаашид долларын ханш ингэж буусаар байх уу. Ямар таамаг байна вэ?
-Судалгаанаас харахад долларын төгрөгтэй харьцах ханш нь мөчлөг цикль хэлбэртэй байдаг. Шинэ жил, цагаан сар, наадам, хичээлийн жил эхлэхийн өмнө импортын бараа их хэмжээгээр нэмэгдэх үед долларын эрэлт нэмэгдэж, ханш чангардаг талтай. Бусад хугацаанд долларын ханш харьцангуй сулардаг. Монгол Улс цаашид төгрөг чангарч, долларын ханшийг бууруулъя гэвэл экспортоо нэмэгдүүлж, импортыг орлож чадах бүтээгдэхүүн үйлдвэрлэх гарц л бий.
-Ингэхэд долларын ханш буурах, төгрөгийн ханш чангарах хоёрын аль нь эдийн засагт зөв юм бэ?
-Ер нь доллар, төгрөгийн ханшид өөрчлөлт ороход экспортлогч болон импортлогч нарт эсрэг үр дагавартай байдаг. Бид хэрэглээнийхээ 90 гаруй хувийг импортоор хангадаг. Тэгэхээр долларын ханш сулраад, төгрөг чангарах нь нэг талаасаа зөв. Нөгөө талдаа төгрөг чангараад доллар суларчихаар экспортлогч нарт алдагдалтай болчихдог. Эндээс харвал, доллар буурч, төгрөг чангарах нь сайн, муу гэж шууд хэлэх боломжгүй.
Ханш өөрчлөгдөх нь Монгол Улсын эдийн засгийн бүтцээс хамаарна. Уул уурхайн экспорт давамгайлсан хэвээрээ байх үед төгрөг нь долларын эсрэг чангараад байх юм бол экспортоос орж байгаа мөнгө л багасна. Хүмүүс импортыг хямдруулахын тулд доллар сулраасай гэж боддог. Гэтэл доллар суларчихаар эдийн засагт орох мөнгөний урсгал хумигдана. Хуулиараа Монголбанк төгрөг болон долларын ханшийг тогтвортой барих үүрэгтэй. Гол зорилго нь ханшийг савлуулахгүй байх ёстой.
Ингэсэн тохиолдолд долларын ханш тогтвортой байх үед бизнесийнхэн өөрсдөө асуудлуудаа шийдээд явчихдаг л даа. Ханш савлаад тогтворгүй байхаар импортлогч, экспортлогч нар барих стратегигүй болдог. Өөрөөр хэлбэл, эрсдэлээсээ эмээгээд шийдэл гаргаж чадахгүй эрчим нь удааширдаг. Улмаар гацах тохиолдол ч гардаг.
-Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт өсч байна. Өмнө нь 50 мянган төгрөгөөр нэг тор хүнс авдаг байсан бол одоо 100 мянган төгрөгөөр ч дүүргэж чадахгүй байна гэж иргэд ярих боллоо. Долларын ханшийн бууралтын бодит үр дүн ард иргэдэд хэзээнээс мэдрэгдэж эхлэх вэ?
-Одоо шууд мэдрэгдэж болно. Долларын ханш сулрахаар импортын өргөн хэрэглээний барааны үнэ буух ёстой. Гэтэл манайд өссөн үнэ буцаад буухдаа тун дургүй. Шалтгаан нь өрсөлдөөний түвшнээс хамаарч байгаа юм. Хэрэв өрсөлдөөн идэвхтэй байх юм бол импортлогч нар өөрийнхөө ашгийг тооцсон үнээр бараагаа хямдруулаад хурдан борлуулж, мөнгөө эргэлдүүлэхийг бодно. Өрсөлдөөний эрчим бага байх юм бол “Угаасаа миний барааг авч л таарна” гэдэг хандлагаараа өссөн үнийг бууруулж өгдөггүй.
-Өнгөрсөн оны төгсгөлд Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудын ам.доллар худалдан авах эрэлт өндөр байсан. Харин одоо эрэлт багассан гэж мэдээлж байна. Энэ сайн уу, муу юу?
-Банк хоорондын зах дээрээс арилжааны банкууд доллар худалдаж авч, худалдаж байдаг. Энэ нь харилцагчдынхаа нэрийн өмнөөс хийж байгаа үйлдэл. Арилжааны банкны нийт харилцагчдад доллар хэрэг болох юм бол валютын зах дээрээс тухайн банк доллар худалдаж авна. Тэгэхээр банкны валютын зах дээр оролцож байгаа үйлдэл бол харилцагчийнх нь захиалга юм. Оны төгсгөлд эрэлттэй байсан доллар одоо багассан гэдэг нь экспорт, импортын өөрчлөлтийн хэмжээгээр тодорхойлогдож байгаа гэсэн үг. Баяр ёслолын үеэр импортлох бараа өсөх учраас долларын ханш чангарчихаж байна. Эрэлт нь ихэссэн болохоор. Одоо долларын эрэлт суларсан гэдэг нь импортын хэмжээ багассантай холбоотой. Манайх улирлын эдийн засагтай орон шүү дээ. Удахгүй барилга, газар тариалангийн салбар идэвхжинэ. Энэ үед импортын барааны эрэлт өсөөд ирэнгүүт тэрийг нь худалдаж авахад зориулагдах долларын эрэлт нэмэгдэж, ханш нь чангарна. Доллар, төгрөгийн ханш бол эдийн засгийн халууны шил гэсэн үг.
-Төлбөрийн тэнцэл өмнөх оны энэ үеэс 66.2 сая ам.долларын ашигтай гарсан гэж Засгийн газраас зарласан. Цаашид хэрхэх бол?
-Энэ бол Монгол Улсын мөнгөн урсгалын тайлан. Монгол Улсад хэдэн төгрөг хаанаас орж ирэв, хаашаа гарч байна гэдгийг харуулдаг үзүүлэлт л дээ. Төгрөгийн урсгал зардал дээр экспорт, импортын хэмжээ гарч ирдэг. Тэгэхээр экспортоор орж ирж байгаа мөнгө нь дотогшоо орж ирж байгаа үед нэмэхээр тэмдэглэгдэнэ. Импортод төлбөр төлж байгаа үед мөнгөн урсгал нь Монголоос гарч байгаа учраас төлбөрийн тэнцэл дээр хасахаар тэмдэглэгддэг. Энэ хоёрын зөрөөнөөс урсгал дансны үлдэгдэл нь тодорхойлогддог. Манай экспорт нэмэгдээд Монгол руу орж ирэх долларын хэмжээ өсөөд, импортод төлөх төлбөр нь багасаад ирэх юм бол гадаад худалдааны төлбөрийн тэнцэл эерэг гардаг. Гэхдээ урсгал зардлаас гадна үндсэн хөрөнгийн данс гэж бий. Үүгээр санхүүгийн зах зээл дээрх үйл ажиллагаа тэмдэглэгдээд явдаг. Хэрвээ Монгол Улсад гадны хөрөнгө оруулалт орж ирэх юм бол энэ тэмдэглэгээ нэмэгдэнэ. Харин гадны орны хувьцаа, бондыг манай талаас худалдан авбал хасах тэмдэгээр мөнгөн дүнгнь тэмдэглэх жишээтэй. Урсгал данс болон хөрөнгийн данс хоёр нь гадаад худалдааны төлбөрийн балансыг тэнцүүлж явдаг хоорондоо уялдаа холбоотой байдаг юм. Тийм болохоор гадаад худалдааны төлбөрийн тэнцэл эерэг гарлаа гэдэг нь Монгол Улсад долларын нөөц нэмэгдлээ гэсэн эерэг мэдээ л дээ.
Импортоор оруулж ирж байгаа бараагаа цөөлөх юм уу, орлох барааг Монголдоо үйлдвэрлэх, эскпортод бараа их гаргах бодлого нь үе үеийн Засгийн газар болгоны тавьдаг ба эдийн засгийн бодлого дандаа энэ рүү чиглэдэг шүү.
-Төгрөгийн хадгаламж өнгөрсөн оны мөн үеийнхээс 620 тэрбумаар буурсан гэв үү. Цаашид валютын ханш суларвал төгрөгийн хадгаламж нэмэгдэх боломжтой юу. Ер нь хадгаламж буурахын эерэг болон сул тал юу вэ?
-Хадгаламж багасч байгаа нь эдийн засаг сэргээд, бизнест мөнгө эргэлдээд эхэлсний дохио юм. Хий дэмий мөнгөө хадгалж байхаар эргэлтэд оруулахаар мөнгөө татаж авч байна шүү дээ. Төгрөгийн хадгаламж багасаад долларын хадгаламж нэмэгдээд байх юм бол хүмүүс эрсдэлээ хамгаалахын тулд төгрөгөө валют болгоод байгаа хэрэг. Одоогийн байдлаар долларын хадгаламж ч бас нэмэгдээгүй.