Categories
мэдээ цаг-үе

Л.Гантөмөр: Ч.Сайханбилэгийн зарчмыг буруутгаж эрүүгийн хуулиар шалгаж байгаа нь харамсалтай

Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд асан Лувсаннямын Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Таны өмнө толгойлж байсан боловсролын салбараас яриагаа эхэлье. Удахгүй элсэлтийн ерөнхий шалгалт эхлэх гэж байна. Шалгалттай холбоотой материал задардаг гэх асуудал сүүлийн жилүүдэд их яригдах болсон. Энэ талаар болоод одоо салбар толгойлж яваа сайдын бодлого чиглэлийн талаар ярихгүй юу?

-Боловсролын хууль өөрчлөгдөхгүй байна. Хууль тогтвортой байгаа учраас энэ салбарын бодлого хэвийн байгаа болов уу гэж хардаг. Алдаатай, харамсалтай үйл явдлууд өмнө цөөнгүй тохиолдсон. Батсуурь сайд байхдаа их сургуулиудын удирдах зөвлөлийг хараат бус болгосон байдлыг алга болгож, төрийн захиргааны хүмүүсээр удирдах зөвлөлийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл яамны хараат байхаар хуулийн өөрчлөлт хийсэн. Энэ их харамсалтай зүйл. Угтаа их сургуулиуд бие даагаад ажиллах нь зөв чиглэл рүүгээ шуурхай дүн шинжилгээ хийж, гарцыг хурдан олдог боломжтой байв. Энэ боломжийг үгүй хийснээрээ энэ салбарын том ухралт гэж ойлгож болно. Мөн дэлхийн шилдэг сургуулиудад суралцаж байгаа хүүхдийг дэмжих, тэтгэлэг олгох боломжийг зогсоосон. Ирээдүй болсон хүүхдүүдэд хамгийн өндөр боловсрол, мэдлэгийг олгож байж, энэ улс орны хөгжил урагшаа явна шүү дээ. Би энэ асуудалд их анхааралтай ажилласан. Түүхээ харвал Герман, Орос гэх мэт улсуудад боловсрол эзэмшсэн хүн улсынхаа хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэсэн байдаг. Энэ жишгээр өнөө цагт дэлхийн хамгийн шилдэг мэргэжилтэн бэлтгэн гаргадаг сургуулиудад монгол хүүхэд суралцах боломжтой байсан зүйлийг зогсоочихсон нь том алдаа. Цаашид алдаагаа түргэн засч, энэ бодлогыг үргэлжлүүлэх шаардлагатай. Боловсролын салбарын удирдах түвшний хүрээнд сандал, суудлын төлөө гүйсэн, хөлөө олохгүй байдал анзаарагдаж байгаа. Үүнээс болоод багш нарын итгэл алдарч байна.

Тийм учраас Ш.Цогзолмаа сайдын хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол багш нартаа итгэл өгөх юм. Дээр нь хуулиа сайн унших хэрэгтэй байна. Төрийн бодлогоо сайн унш. Төрийн бодлогод Монголын боловсролын бодлого ямар байх вэ гэдгийг тусгачихсан байгаа. Боловсролын салбар тогтвортой байна гээд унтаа байж болохгүй. Улам л дээшээ давшиж, дэвших ёстой. Тэр тест задардаг асуудал бараг байхгүй. Энэ бол цагдаа, тагнуулын хяналтан дор хийгддэг ажил. Задарсан гэх янз бүрийн нотлогддоггүй ярианууд гардаг. Хэрэв энэ тест задарсан байвал эрүүгийн хэрэг болно.

-Тэгэхээр задрах ямар ч боломжгүй гэж ойлгож болох нь, тийм үү?

-Мэдээж боломжгүй байлгахын төлөө л ажилладаг. Гэхдээ ямар зальт этгээдүүд явж байгааг хэлж мэдэхгүй. Үүнийг олон нийтэд задарсан мэтээр харагдуулж, улс төр хийдэг зүйл бий.

-Таныг сайд байх үед танхимын тэргүүн нь Ч.Сайханбилэг байсан. Одоо энэ хүнийг болоод танай намын угшилтай бусад хүмүүсийг АТГ-аас шалгаж байгаа. Энэ шалгах, хорих асуудлаар таны байр суурь ямар байна вэ?

-Нэгдүгээрт, бид эрүүгийн хуулиа олигтой хийж чадаагүй юм болов уу гэж харж байгаа. Мөн хуульчид нь хэтэрхий хууль сахиулах байр сууринаас хандаж байна гэж бодож байна. Улс төр тодорхой хэмжээгээр хаалттай байна. Харин эсрэгээрээ ард түмэн нээлттэй байхыг хүсдэг. Аль ч газар адилхан. Жишээлбэл, С.Баярцогт хэнээс мөнгө авснаа хэлэхгүй болохоор Оюу толгойгоос мөнгө авсан байна гэсэн хардлага явж байна. Энэ хардлагыг дэмжиж байгаа нэг хэсэг хүмүүс бий. Энэ хэсэг хүмүүсийн санаа бодлыг хуулийн байгууллагууд дагаж орж ирж байна. Миний хувьд энэ хүмүүсийг Оюу толгойгоос авлига авсан гэдэгт огт итгэхгүй байгаа. Миний мэдээллээр энэ шалгаж байгаа хэрэгт холбогдуулж авлигын хэрэг нээгээгүй байна лээ. Албан тушаал хэтрүүлсэн л гэж байгаа. Тухайн орд газар дээр хийгдэж байгаа гэрээ хэлэлцээрийн хувьд албан тушаал хэтрүүлэх ч юм уу, ямар нэгэн байдлаар улс орондоо хохирол учруулах боломжгүй. Төсөл хэрэгжүүлж буй компани нь өөрөө олон нийтийн компани. Нөгөө талдаа уурхай бол Монголд байгаа. Тэнд болж байгаа бүх үйл ажиллагаа нээлттэй. Харин Оюу толгой гэдэг улстөржчих дуртай хүмүүсийн мөлждөг яс. Үүнийг ярьж л тодорно. Энэ тодролтод эрүүгийн хууль үйлчилж байгаа нь надад харамсалтай санагдаж байна. Тухайлбал, шүүх рүү Улсын Их Хурлын гишүүд дайрч байгаа нь тун харалган харагдаж байгаа юм. Хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал, хууль сахиулах, шүүх засаглал л байгаа шүү дээ. Энэ гурван засаглалаас төр ард түмнийхээ талд байхын тулд шүүх засаглал нь толгойд нь байх ёстой. Гэтэл хууль тогтоох нь шүүх засаглал руугаа дайраад эхэллээ. Энэ дайралт юуг илэрхийлж байна вэ гэхээр хуулийн үг үсгээр амьдрахаас илүү энэ их улстөржилтийг дааж гарах дарамтыг хуулийн байгууллагад бий болгож байгаа юм. Ч.Сайханбилэгийн танхимд ирсэн үүрэг бол энэ улс орныг хөгжүүлэх юм. Хуулиар олгогдсон энэ эрх, үүргээ хэрэгжүүлэхийн тулд Оюу толгойн олборлолт явах ёстой гэсэн зарчмыг Ч.Сайханбилэг барьсан. Үүнийг өнөөдөр буруу байна гээд эрүүгийн хуулиар шалгаж байгаа нь харамсалтай. Үүнийг л би шүүмжлээд байгаа юм.

-Энэ асуудал гарч эхлэх үед С.Баярцогтыг танай нам намаасаа хассан. Зарим хүмүүс намаасаа хөөлөө гэж яриад байгаа. Түүнийг намаас хассан шийдвэр зөв байсан уу?

-Оффшорын эсрэг том тэмцэл өрнөчихсөн гээд улс төрчид ойлгочихсон. Хэн нэгнийг муулж л байвал тэр хүн тодордог. Түрүү нь хэлсэн шиг улстөрчид хаалттай байгаа учраас түүний талаар муулж хэлсэн хүний үгийг ард түмэн нууц асуудлыг нь хэлж өгөөд байна гэж ойл-гоод байдаг. Жишээлбэл, нэг нөхөр С.Баярцогт гэдэг чинь оффшорчин байхгүй юу гээд хэллээ. Үүнийг нь ард түмэн хаалттай зүйлийг нээж өглөө гэж ойлгоод алга ташдаг. Ингээд муулсан хүний оноо, олны дэмжлэг нэмэгдээд байдаг. Энэ дэмжлэг дээр л Ардчилсан нам өөрөө орж байгаа гэж харагдсан. Олон түмэн С.Баярцогтыг шоронд хийхийг дэмжиж байна, тийм учраас Ардчилсан нам оноогоо цуглуулах л дүр төрх яваад байна уу даа гэж. Түүнийг намаас хасдаг нь улстөржсөн л шийдвэр. Нөгөө уснаас хуурай гарах үлгэр л явж байна. Гэтэл С.Баярцогтын авсан мөнгө, тэр Швейцарьт байсан хөрөнгө хэнийх юм. Энэ асуудал удахгүй олон түмэнд ил болно. Ямар учиртай мөнгө байсан нь ил болсны дараа Ардчилсан нам дахиад улстөрийн ямар шийдвэр гаргах вэ гэдэг нь надад сонин санагдаж байгаа юм. Манай нам хүний эрхийн төлөө нам. С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Ариунсан, Бямбасайхан хэн ч бай буруу нь нотлогдоогүй байхад урьдчилж буруутайд тооцно гэдэг бол өөрсдийнхөө үзэл санаанаас ухарч байгаа хэрэг. Үнэхээр буруу нь нотлогдвол намынхаа дүрмээр л явах учиртай. Тэр байтугай буруу зүйл хийсэн хүмүүс явж л байгаа шүү дээ. Ер нь намын гишүүнчлэлийн асуудал цаашид яаж тавигдах юм гэсэн асуудал гарч ирнэ. Юутай ч манай нам монгол хүний төлөө байдаг. Зүгээр С.Баярцогт хэнээс мөнгө авсан бэ гэдэг нь мэдэгдэхгүй учраас хардалт өөрөө шийдвэр болж гарч ирээд байна. Энэ бол бидний үеийнхний боловсролгүйн л шинж. Бид хөгжөөгүй байна. Ер нь цаг хугацаа явах тусам өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэр буруу болдог. Учир нь хүн хором өнгөрөх тусам л хөгжиж байдаг. Шинэ зүйл үзэж, харж, ойлгож байдаг. Гэхдээ өнгөрсөнд гарсан бүх шийдвэрийг буруутгахгүй. Эрүүгийн хэрэг шалгаж байгаа нөхцөл байдалд бид тайван хандах хэрэгтэй. Үнэхээр авлигын асуудал байгаа бол шалгах ёстой. Шалгаж л байг. Энэ өөрөө гаж, буруу зүйл биш. Харин улстөрийн өнгө аясад хууль хөтлөгдөнө гэдэг бол гаж зүйл. Өөрөөр хэлбэл хэн нэгнийг муулсаар ардын дайсан болгочихоод түүндээ хууль ашиглаж байгааг гаж зүйл гэж ойлгох юм. Тэгэхээр бид хуулиа дахиж нэг харах ёстой. Улстөржилтөөс хуулиа яаж хамгаалах юм. Хууль сахиулагчаасаа хуулиа яаж хамгаалах юм гэсэн шинэ даалгавар гарч ирж байна.

-Та Оюу толгой, Дубайн гэрээнүүд хэр сайн болсон гэж үзэж байна?

-Оюу толгойн гэрээг нийтэд муухай харагдуулах компанит ажил олон жил явлаа. Тэр утгаараа Оюу толгой гэдэг улстөрд сондгойрч гарч ирэх улстөрчдийн гол зэвсэг болж. Нөгөө талаасаа эдийн засгийн ойлголтгүй хүмүүс өөртөө итгэлтэйгээр энэ гэрээг шүүмжилж байна. Тэр хүмүүс үүнийг гэрийнхээ аж ахуйгаар төсөөлж, асуудлыг тавьж байна. Өөрөөр хэлбэл тэр аж ахуйн даргын байр сууринаас хандсан төсөөллөөр үзэл бодлоо илэрхийлдэг. Хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа хүмүүс Оюу толгойн компанийн захирал юм шигээр өөрийгөө бодож болохгүй. Хүн бүрийн айлгаад байгаа асуудал бол Оюу толгойн өөрийг бид төлж чадахгүй юм биш үү гэсэн ойлголт. Нөгөө талдаа Оюу толгойгоос бид ашиг хүртэхгүй юм биш үү гэж хардаг. Ийм хоёр асуудал нийгэмд байнга явж байна. Яг бодит эдийн засгийн тоо яривал, Оюу толгой маш их өгөөжөө өгч байгаа. Мөн Оюу толгой дээр авсан зээлээ тус компани төлөх нарийн графиктай. Энэ зээл төлөгдөхөөргүй дүр зураг байгаа бол рио Тинто гэх компанийн хувьцаа өдөр болгон унах ёстой. Оюу толгой ашигтай ажиллах юм байна, авсан зээлээ төлчих юм байна, ирээдүйд үнэ цэнэ нь нэмэгдэх юм байна гэж байгаа учраас рио Тинто компанийн хувьцааны үнэ унахгүй байна. Бид нэг зүйлийг ойлгох ёстой. Оюу толгой гэх компани тухайн үеийн хуулиараа Монгол Улсад үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй. Хамгийн чухал нь компанитай Монгол Улсын Засгийн газар хэлэлцээр хийсэн гэдгээ бид мартах учиргүй юм. Үүнийг эсрэгээрээ мартчихаад байна. Энэ гэрээг засч, залруулъя гэдэг бол Оюу толгойг эсэргүүцсэн хүмүүст л зориулж хэлж байгаа үг гэж ойлгодог. Яг үнэндээ өнөөдөр шинээр гэрээнд оръё гэж бодъё. Тэр хүмүүс С.Баяраас ухаантай байна гэж хэн нотлох юм. Бямбасайханаас илүү Монголын талд ашигтай байхаар гэрээг батална гэж хэн батлах юм. Ер нь энэ улс хөгжих ёстой. Тэр хөгжилд нь садаа болчих вий дээ л гэж бодох юм. Энд улстөржилт орсон нь тодорхой. Цаашид улам улстөржих нь тодорхой. Энэ төсөлд гай болох улстөрчид маш их байгаа. Тэгэхээр хатуухан хэлэхэд баялгийн хараал гэж үүнийг л хэлэх байх. Нөгөө талдаа нээлттэй байхыг ард түмэн хүсээд байна гэдгийг Оюу толгой ТУЗ-ийн гишүүд байнга санж явах хэрэгтэй. Олон улсын бизнес хийхэд монголчууд жулдаж байна гэдгийг энэ Оюу толгойтой холбоотой асуудлууд харуулаад байгаа юм. Дэлхийн хэмжээнд хийх боловсрол, туршлага дутаж байна.

-Нөгөө талаараа томоохон төслүүдийг эхлүүлсэн хүмүүс буруутан болж, цаашид том төсөл эхлүүлэх хүнгүй болчих вий гэсэн прогнозыг зарим улстөр судлаачид ярьдаг. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Үүнтэй санал нэг байна. Цаашид бүтээн байгуулалт хийсэн хүн бүр дахиад Ч.Сайханбилэг, С.Баяр шиг буруутан болох уу. Энэ бол аюул. Улс орны хөгжилд хэрэгтэй, томоохон түлхэц өгөх төслүүдийг хийх хүн гарч ирэхгүй. Н.Энхбаяр, С.Баяр, Ч.Сайханбилэг гэх мэт хүмүүсээ шоронд хийлээ. Дараагийн Ерөнхий сайд бас л шоронд орох уу. Өөрөөр хэлбэл өмнө хийсэн ямар ч ажил хожим харахад алдаа, оноо байж л байдаг. Яг зөв шийдвэр гарчихлаа гэсэн шийдвэрийг сүүлд нь харахад буруу л байдаг байхгүй юу. Ер нь алдаа олох их амархан. Үнэхээр Оюу толгой гэрээг хийсэн хүмүүст буруу байдаг юм бол Монголд дараа нь гэрээ хийсэн бүх хүмүүс буруутна. Ийм л логик байна.

-Шалгагдаж байгаа хүмүүсийн хэрэгтэй холбоотой асуудлаар шүүх ямар шийдвэр гаргах бол. Танд ямар нэгэн төсөөлөл байна уу. Олон нийтийн дунд янз бүрийн таамаглал байна л даа. Зарим нь энэ хүмүүсийг хэргээс мултрахгүй дээ гэх юм. Харин зарим нь улстөрийн хэлмэгдүүлэлт явах вий гэж болгоомжилж байна…

-Миний хувьд тэр хүмүүсийг шууд буруутай гэж харахгүй байгаа. Хардаж байгаа, сэрдэж байгаа. Татвар нэхэж байсныг хөнгөлсөн гэдгээр ял өгөхийг оролдох байх. Хэрэв энэ асуудлаар ял авах юм бол татварын хөнгөлөлт хийсэн Их хурал болгон ял авна. Хөнгөлөлт, чөлөөлөлт болгон улсын төсөвт орох мөнгийг хаасан байдаг. Түүнд хэмжээ хамаагүй. Өөрөөр хэлбэл цахилгаан автомашиныг татвараас чөлөөлсөн хууль гаргасан хүмүүсийг таван жилийн дараа шүүхэд өгнө шүү дээ. Ингэхээр ажил хийж байгаа хүмүүсийн хэн нь ч шийдвэр гаргаж чадахгүй гэж бодож байна. Гэхдээ энэ асуудал шийдэгдэнэ. Шийдэгдэхдээ авлига аваагүй л бол бусдаар яллах үндэслэл байхгүй л гэж үзэж байгаа. Яллаагүйн төлөө хуульчдыг бас буруутгаж болохгүй. Ерөөсөө хуулиа барьдаг л байх хэрэгтэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *