УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-аар гурван орны оролцоотой томоохон төслүүдийг хэлэлцэж байгаа. Эрчим хүч, байгалийн баялаг, нүүрсний экспорт, тээвэрлэлт зэрэг. Таны хувьд эдгээр асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Бид юуны өмнө хэрэгжүүлэх гэж байгаа төслөө Монгол Улсын хөгжил дэвшилд ямар хэмжээний ач холбогдолтой төсөл вэ гэдэг дээр дүгнэлт хийх хэрэгтэй. Улс орны эдийн засгийг хөдөлгөж байдаг “суурилагдсан хүчин чадал” буюу эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал, тээвэр логистикийн цар хүрээ, автозамын хүртээмж зэргээ тооцоод үзвэл манай улс аль хэдийнэ суурилагдсан хүчин чадлаа бүрэн ашиглаад эдийн засаг зогсонги байдалд орчихоод байгаа. Үүнээс цааш “суурилагдсан хүчин чадал”-аа нэмсэн дорвитой бүтээн байгуулалт хийж байж, эдийн засгаа тэлэх боломжтой.
Цаашлаад иргэдийн хөдөлмөрийн үнэлэмж өсч, орлого нэмэгдэж амьдралын чанар дээшилнэ. Энэ утгаараа миний хувьд Засгийн газрын хэрэгжүүлэх гэж байгаа мега төслүүдийг дэмжиж байгаа. Байгалийн баялгийг ашиглах асуудлын тухайд стратегийн орд газруудынхаа 34 хувийг “Баялгийн сан”-д хуримтлуулах нь ихэнх улс орнуудын хэрэгжүүлээд, туршаад, амжилт олоод эхэлчихсэн бодит зүйл. Тэгэхээр дугуйг дахин зохион бүтээх шаардлагагүй гэдэгтэй ижил энэ бол ойлгомжтой асуудал. Харин бид хэнтэй, яаж, ямар аргаар гэрээ хэлэлцээр хийж, ашиглах вэ гэдэг нь бидний өмнө тулгарч байгаа чухал асуудал. Тиймээс ард түмний нүд чих болон ажиллаж байгаа 126 гишүүний гол үүрэг үүн дээр чиглэж ажиллах ёстой.
-Ер нь 126 гишүүнтэй парламент байгуулагдсанаараа томоохон төслүүд, тэр дундаа олон жил улс төрийн шалтгаанаар гацсан асуудлууд шийдвэрлэгдэх боломжтой нь харагдаж байх шиг. Үүнээс харвал улс төрийн түвшинд Монгол Улс тогтворжиж байна гэж үзэж болох уу?
-Энэ парламентад дөрвөн нам, нэг эвслийн төлөөлөл сонгогдсон. Засгийн газарт гурван нам эвсэж орлоо. Зарим талууд сөрөг хүчингүй парламент гэж цоллох нь ч байна.
Бид цөөхүүлээ ард түмэн. Гэтэл дотроо хагаралдаж, жижиг эрх ашгийн төлөө улс орныхоо нэн чухал эрх ашгийг орхигдуулсаар ирсэн. Ер нь өнгөрсөн түүхээс дүгнэхэд, эвслийн засгийн газруудын үед л том төслүүд урагшилж байсныг харж болно. Учир нь улс төрийн нам бүхэн сонгогдохдоо иргэддээ амласан амлалт, хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртэй байдаг. Мэдээж сонгогдсон учраас түүнийгээ биелүүлэхийг зорих нь тодорхой. Энэ агуулгаараа бид эвслийн Засгийн газарт зарчмын шаардлагуудыг тавьж ажиллах боломж олдож байгаа нь давуу тал гэж бодож байна. Нэгдүгээрт, бид хамтарснаар улс орныхоо том эрх ашгийн төлөө нэгэн зүгт харах тааламжтай орчин бүрдэж байна. Хоёрдугаарт, намуудын хувьд ч мөрийн хөтөлбөрөө ажил болгоход аливаа саад бэрхшээл багасах ач холбогдолтой. Гэхдээ нэг тогоонд орлоо гээд авлига, хээл хахууль, ашиг сонирхол нь нэг болсон гэж бодож болохгүй. Парламентад бид олуулаа болсноор янз бүрийн сонин содон өнгө төрх, үзэл бодол илэрхийлэгдэх хэдий ч үүнийг дагаад асуудалд илүү чанга хандаж, хяналт сайжирч байгаа. Үүнд л парламентын утга учир, гол агуулга нь оршиж буй болов уу.
-Таны сурч төгссөн Япон улс бол байгалийн баялаг, нөөцгүй атлаа өнөө цагийн технологийн үсрэнгүй хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орон. Гэтэл Монгол Улс асар их нөөцтэй, түүнийгээ зүгээр түүхийгээр нь экспортолъё тухай л ярьж байна. Яагаад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд тэрийгээ экспортльё гэдэг зүйл ярихгүй байна вэ гэдэг шүүмжлэл нийгэмд их. Үүнд та ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Би өөрөө Япон улсад аялал жуулчлалын менежментийн чиглэлээр сурч байлаа. Япончуудын хүмүүжил, соёл, хөдөлмөрч байдал, хамгийн гол нь ёс суртахуун нь бишрүүлдэг. Ер нь өндөр хөгжилтэй Азийн улс орнуудын түүхийг сонирхон судалж байхад асар хүнд хүчир үеийг даван туулсан байдаг. Дайн самуун, өлсгөлөн гачланд нэрвэгдсэнийхээ дараа улс орноо хөгжүүлэхийн төлөө гэх хүн бүрийн чин шударга хөдөлмөр зүтгэл л хөгжилд хүргэсэн байдаг. Одоо өндөр хөгжилтэй, дутагдаж гачигдахын зовлонгүй болсон ч хүн бүрийнх нь сэтгэхүйгээс хөдөлмөрч, ёс суртахуунтай, улс орондоо үнэнч зан байдал нь хэвшиж тогтсон нь илт харагддаг. Монголчууд бид нүүдэлчин соёлтой ард түмэн. Бид түүхэндээ яаж ч ядарсан хэдэн малынхаа буянаар өлсөж цангаж үзээгүй. Бидний хэрэглээ ч хязгаарлагдмал байсан гэж хэлэхэд нэг их буруудахгүй. Нөгөө талаас манай улс үйлдвэрлэгч улс биш ч байгалийн баялгаараа эдийн засгаа тэтгэсээр ирсэн. Сүүлийн 30 жил бид эрчимтэй хотжиж, хэрэглээ ч тэлж байна. Үүнийг дагаад нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай ярьж эхлээд 20 гаруй жил өнгөрсөн боловч дорвитой хийж бүтээсэн зүйл алга. Наад зах нь жил бүр хэдэн сая малынхаа арьс ширийг илжрүүлээд хаяж байгаа нь харамсалтай. Тэгэхээр үйлдвэрлэгч улс болох зорилтоо өөрсдийн түүхий эд дээр суурилж хэрэгжүүлэх ёстой гэж боддог. Үйлдвэрлэгч улс болохын тулд гадны сайн технологи, хөрөнгө оруулалтыг татаж байж, энэ чиглэлд амжилт гаргана. Үүний тулд бидэнд хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн сайн орчинг бий болгох шаардлага бий.
-Таны хувьд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороог ахалдаг. Тэр утгаараа олон нийтийн санал хүсэлт, шүүмжлэлийг хамгийн сайн мэдэрч байгаа байх. Тэгэхээр олон нийтийн хувьд эрчим хүчний асуудал дээр их эмзэглэж байна. Шинэчлэл хийлээ гээд үнэ нэмсэн ч тог хязгаарлаж байгааг шүүмжилж байна. Таны хувьд бид эрчим хүчний шинэчлэлээ хэрхэн хийх ёстой вэ?
-Хамгийн гол алдаа нь нэг талаас эрчим хүчний салбарт ямар ч хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгээгүй. Нөгөө талдаа эрчим хүчний алдагдлыг олон жил улс төр хийж, төсвөөс алдагдлыг нь нөхөж хаацайлсаар өнөөдрийн хүнд нөхцөл байдалд хүргэсэн нь үнэн. Өнгөрсөн онд 274 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Өр төлбөр нь 1.8 их наяд төгрөгт хүрсэн. Бодоод үзье л дээ. Хэн ч, хэзээ ч ийм алдагдалтай салбарт хөрөнгө оруулалт хийхгүй. Хэзээ ч бодит өртгөөс нь бага үнээр бүтээгдэхүүнээ борлуулахгүй. Гэтэл зах зээлийн наад захын анхан шатны зарчим эрчим хүчний салбарт алдагдсан. Одоо бид эрчим хүчний шилжилтийн бодлогыг маш зөв тодорхойлж, эрх зүйн орчныг нь сайжруулж, үнэ тарифын шинэчлэлийг аль болох ард иргэдийн нуруун дээр ирэх ачааг багасгах замаар хийх ёстой.
-Ямар арга зам байна?
-Үүний тулд эрчим хүчний салбарын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлж, олон нийтийн оролцоо, мэдээллийн ил тод байдлыг хангах учиртай. Ер нь бид эрчим хүчний асуудлаа шийдсэний үндсэн дээр томоохон бүтээн байгуулалт, улс орны хөгжил дэвшлийг ярих нь хэнд ч ойлгомжтой асуудал. Мэдээж хэрэг гадаадын хөрөнгө оруулагчдад манай эрчим хүч ийм алдагдалтай, та бүхэн хөрөнгө оруулаач гэвэл хэн ч зөвшөөрөхгүй. Харин алдагдлаа бууруулж, үнийг либералчилж байж хөрөнгө оруулалт татна. Харамч хүн хоёр дахин ихийг төлнө гэдэг үг ч байдаг. Бид эрчим хүчний тал дээр бүсээ чангалж байгаад цэгцлэхээс өөр сонголт үлдээгүй.
-УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийн төслийг олон нийт шүүмжилж, улмаар хуулийн төслөө татах хэд хэдэн тохиолдол гарлаа. Магадгүй зарим хуулийн төсөл нь үнэхээр хэрэгцээтэй хууль болох ч байв. Хууль тогтоогч иргэдээ мэдээлэл дутуу өгснөөс болж хуулиа унагачихаад байна уу, эсвэл шинэ гишүүд маань ирээдүйн амбицаа бодоод өөртөө “гал” дуудах зориггүй байна уу?
-УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд сая хоёр хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хуваарьт орж ирээд нэг нь буцаж, нөгөөх нь хойшиллоо. Нэг нь УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл, нөгөө нь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангийн өргөн барьсан Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд орж ирсэн.
-Нэг нь буцаагдсан шүү дээ…?
-Би тантай санал нэг байна. Үнэхээр энэ хуулийн төслүүд өнөөдөр манай улсад хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Ялангуяа улс орны хэмжээний барилга, эрчим хүч, автозам гэх мэт том төслүүдэд ажиллах хүч зайлшгүй шаардлагатай байгаа нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр үйлдвэр аж ахуйн нэгжүүд шинэ технологи нэвтрүүлэхэд өндөр мэргэжлийн хүний нөөц шаардлагатай нь үнэн. Гэхдээ миний байр суурь бол томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд манай улсын иргэдийн оролцоо заавал байх ёстой гэж үздэг учраас Монгол Улс гадаадаас ажиллах хүч авахдаа квот тогтоох л ёстой. Энэ квотыг УИХ-аас мега төсөл бүр дээр тогтоох уу, эсвэл Засгийн газар тогтоох уу гэдгийг бид сайн ярилцаж, судалж байж шийдэх нь зөв. Одоо мөрдөж байгаа эрх зүйн зохицуулалтаар Засгийн газрын тогтоолоор шийдээд явж байгааг өөрчлөх эсэх асуудлыг мэдээж авч үзэх нь зайлшгүй. Харин ажил олгогчдын хувьд гадаадаас ажиллах хүч авсныхаа төлөө нэмэлт төлбөр, татаас төлдөг байдлыг хөнгөлөх нь зүйтэй. Тэртээ тэргүй аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр байгаа татвар хураамж ихэдсэн үү гэхээс багадаагүй. Дээрх хуулийн төслүүдийн талаар санаачлагчид бодит нөхцөл шаардлагыг тайлбарлан таниулаагүй, судалгаа муу байснаас болж буцаан татагдах, хойшлогдоход хүрсэн болов уу.
-Утааны асуудлыг ярихгүй, шүүмжлэхгүй хүн алга. Утаатай холбоотойгоор таны хувьд ямар шийдэл, гарц нь зөв гэж үздэг вэ?
-Эрчим хүчний реформ. Одоохондоо өөр гарц гаргалгаа харагдахгүй байна. Түлш, зуух гэх мэтээр богино хугацааны шийдлүүд байж болох ч үр дүн нь урт хугацаандаа шийдэл болж чадахгүй нь ойлгомжтой. Гэр хорооллыг орон сууцжуулах нь утаанаас гарах шийдэл гэж хардаг ч эрчим хүчний эх үүсвэрээ нэмэхгүйгээр дахин нэг орон сууцны хороолол ч хангагдах боломжгүй гэдгийг бид энэ өвөл харж байна. Тэгэхээр явж явж эрчим хүчний реформ энэ бүхний шийдэл байх болно. Нөгөөтэйгүүр ногоон барилга. Дэлхий дээр эрчим хүч, дулаанаа өөрөө шийдсэн амины орон сууцнуудын үлгэр загварууд, шинэ технологиуд хангалттай гарсан. Үүнд зориулсан санхүүжилт ч хангалттай гарч байна. Энэ бол зөвхөн нэг хэсэг нь л байж болох юм гэж бодож байна.
-Таны хувьд ХҮН намын жагсаалтаар орж ирсэн улстөрч. Танай намын дотоод эв нэгдэл сонгуулийн дараа, бүр засагт хамтарсны дараа ямар байгаа вэ?
-ХҮН нам хэзээд эв нэгдэлтэй байсан, одоо ч эв нэгдлээ хадгалж байгаа. ХҮН-аас сонгогдсон гишүүн бүр УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байгаа асуудал бүрт нухацтай хандаж, улс эх орныхоо эрх ашгийг нэн тэргүүнд тавьж байгаа гэдэгт би эргэлздэггүй.
-Энэ парламент ардчилалтай байна уу. Хуучин олон сонгогдсон гишүүд мөн тойргоос сонгогдсон нь жагсаалтаар гарч ирсэн гишүүдээ бага зэрэг үл тоодог хандлагыг гаргадаг байсан. Энэ парламентын хувьд алдаа, оноо нь яаж ажиглагдаж байх шиг байна вэ?
-Парламент бол өөрөө ардчиллын үндэс. Тэгэхээр ардчилалгүй парламент оршин тогтнох боломжгүй. Шинэ гишүүдийн хувьд хууль батлах, хэлэлцэх үндсэн дэс дараалал, журам, дүрэмтэй танилцахад тодорхой хугацаа зарцуулсныг үгүйсгэхгүй. Ер нь бол тойргоос сонгогдсон, жагсаалтаар гарсан эсэх нь нэг их ач холбогдол өгөөд байх зүйл биш. Нэгэнт парламентын гишүүнээр сонгогдсон л бол энэ ажилд бүх цаг зав, хичээл зүтгэлээ гаргаж ажиллах ёстой. Чуулганаар хэлэлцэж байгаа асуудал бүрт нухацтай хандаж, хувийн амбицаа нийтийн амбицын хойно тавих нь гишүүн бүрийн үүрэг. Нэг бэрхшээлтэй зүйл нь УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуулиуд хэт хугацаа давчуу оруулж ирж байгааг засах шаардлагатай байгаа. Бусдаар асуудалгүй дээ.
Э.МӨНХТҮВШИН