Вашингтоны хамгийн өндөр албан тушаалтан хатагтай Уэнди Шерман манай улсад айлчилсан билээ. Түүний айлчлалын хүрээнд ямар асуудлууд шийдэгдсэн талаар ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Бямбахандтай ярилцлаа.
-АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шерман манай улсад хоёр өдрийн айлчлал хийлээ. Түүний айлчлалын онцлог, ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?
-АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас дэвшиж ялалт байгуулсан Ж.Байден албан ажлаа аваад зургаан сарын хугацааг өнгөрүүлээд байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга У.Шерман нь АНУ-д шинэ засаг захиргаа бүрэлдсэнээс хойш Монгол Улсад айлчилсан Вашингтоны хамгийн өндөр албан тушаалтан болж байгаагаараа онцлогтой юм. Та бүхэн мэдэж байгаачлан, АНУ-ын Үндсэн хуульд зааснаар тус улсын ерөнхийлөгч нь гадаад бодлого тодорхойлоход тэргүүлэх үүрэгтэй оролцдог. Энэ утгаараа, шинэ захиргааны өндөр албан тушаалтны айлчлал хоёр талын харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй юм. Мөн 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр АНУ-ын “Үндэсний аюулгүй байдлын түр хугацааны стратеги” батлагдаж, үүндээ Энэтхэг-Номхон далайн бүс нутагт ач холбогдол өгөхөө дурдаж, гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болгохоо зарласан. Вашингтоны бодлого боловсруулагчид Монгол Улсыг Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хамруулан үздэг нь тус улсын бодлогын баримт бичгүүдээс харагддаг. Энэ бүс нутгийн хүрээнд Монгол Улс-АНУ-ын стратегийн түншлэлийг хөгжүүлэх сонирхол АНУ-д байдаг. Нөгөөтэйгүүр, энэ айлчлал нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед зохион байгуулагдсанаараа онцлогтой боллоо. Цар тахлаас болоод олон улсад хийгдэх байсан айлчла лууд цуцлагдаад байсан. Тухайлбал, 2020 оны аравдугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео Монгол Улс болон БНСУ-д хийх ёстой байсан айлчлал ерөнхийлөгч Д.Трамп “Ковид-19”-ийн халдвар авсантай холбоотой цуцлагдаж байсан. Цар тахал дэгдэхээс өмнө хоёр талын харилцан айлчлал тогтмолжиж, жил бүр шахуу Америкийн талаас өндөр түвшний төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байсан билээ. Үүнээс үзэхэд, энэ удаагийн айлчлал нь хоёр талын харилцаанд тогтсон харилцан айлчлалын давтамжийг хадгалахад чухал нөлөөтэй юм.
Түүнчлэн, хоёр талын хамтран хэрэгжүүлж буй МСК-ийн II компакт гэрээний хөрөнгө оруулалтыг бүхэлд нь усны салбарт чиглүүлэхээр шийдвэрлэсний дагуу Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжихээр болсон. МСК-ийн II компакт гэрээний хүрээнд хэрэгжих төсөл хөтөлбөрийг амжилттай урагшлуулахад АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогчийн айлчлал чухал түлхэц үзүүлэх болов уу хэмээн үзэж байна.
-Талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэх, ил тод байдлын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана гэлээ. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юү?
-Хоёр тал “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ-ын хоорондын Хэлэлцээр”-т 2013 оны есдүгээр сарын 24-нд Нью- Йорк хотноо гарын үсэг зурж, Монгол Улсын Их Хурлын 2014 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн нэгдсэн чуулганаар гэрээг соёрхон баталсан. Талууд 2017 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр уг хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох тухай баримт бичигт гарын үсэг зурснаар 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Уг хэлэлцээр хүчин төгөлдөр болсон явдал нь АНУ төдийгүй гадаадын бусад орны хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжид эерэг дохио болсон бөгөөд Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг хүлээн авах эрмэлзэлтэй, бэлэн байгаагийн илэрхийлэл болж байна. Мөн хоёр талын харилцааны түвшинг ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэхээр 2019 онд тохиролцсон бөгөөд стратегийн түншлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд Ил тод байдлын хэлэлцээр чухал үүрэгтэй юм. Ил тод байдлын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд Америкийн талын техникийн тусламж, дэмжлэгийг авах шаардлага бий. Тиймээс АНУ-ын өндөр түвшний төлөөлөгчийн айлчлал энэ чиглэлд хувь нэмэр оруулах боломжтой юм.
-УИХ-ын дарга Г.Занданшатар хатагтай У.Шерманыг хүлээн авч уулзахдаа АНУ-ын Конгресст өргөн баригдсан Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль батлагдвал манай улсын эдийн засгийн чухал салбар болох ноос, ноолуурын салбарт томоохон дэмжлэг болно гэсэн байна лээ. Энэ хуулийн ач холбогдлын талаар дурдвал?
-Хоёр улс газарзүйн хувьд алслагдмал оршдогоос АНУ-тай худалдааны өргөн харилцаа тогтоох боломж хязгаарлагдмал боловч хоёр талаас идэвх, санаачилгатай ажиллавал энэ сул талыг нөхөх боломжтой. Монгол Улсын санаачилгаар АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Тед Йохо нарын 10 гишүүн “Монгол Улсын Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийн төслийг 2018 оны долдугаар сарын 26-ны өдөр анх удаа өргөн барьсан. Түүнээс хойш тус хуулийн төслийг 2019 онд дахин өргөн барьж, АНУ-ын 116 дугаар Конгресст хуулийн төсөл хоёр танхимын нийт 100 орчим гишүүний дэмжлэгийг аваад байсан юм. Хамгийн сүүлд, Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Монгол-Америкийн Бүлгийн хамтран даргалагч Д.Тайтус, Д.Янг нар “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийн төслийг хамтран санаачилж, энэ оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Конгрессын Төлөөлөгчдийн танхимд дахин өргөн бариад байна.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох замаар Монгол-Америкийн хоорондын худалдааг өсгөнө. Мөн манай улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, экспортыг төрөлжүүлэх буюу уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих боломжтой болох юм. Гэвч манай улс дээр дурдсан бараа бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүй нийлүүлэх боломжтой болсон тохиолдолд энэ боломжийг бусад орны хөрөнгө оруулагчид илүү ашиглах магадлалтай. Иймд Монгол Улсаас АНУ-д татваргүй нийлүүлэх оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний гарал үүслийг нарийн тодорхойлох, үндэсний үйлдвэрлэл шингэсэн эсэхийг нягтлах тогтолцоо бий болгох шаардлагатай юм.
-Гуравдагч хөршийн гол орны нэг АНУ-ын төрийн том албан тушаалтан манай улсад ирснийг дэлхийн томоохон гүрнүүд хэрхэн дүгнэж байгаа бол?
-АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч У.Шерман нь энэ удаа зөвхөн Монгол Улс төдийгүй Япон, БНСУ, БНХАУ зэрэг Азийн орнуудаар айлчилсан. Азийн орнуудад хийсэн энэхүү айлчлалынхаа үеэр Япон, БНСУ-ын өндөр албан тушаалтнуудтай яриа хэлэлцээ хийхдээ Умард Солонгосын асуудал, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн эрүүл мэндийн асуудал зэргээр бүс нутгийн аюулгүй байдалд тулгамдаад буй асуудлуудыг хөндөн ярилцсан. Манай улсад хийсэн айлчлалаа дуусгаад хатагтай У.Шерман БНХАУ-ыг зорьж, Тяньжинь хотноо БНХАУ-ын албан хүмүүстэй уулзах бөгөөд Хятадад хийж буй айлчлалтай нь холбогдуулан дэлхийн хэвлэлүүд анхаарч бичиж байна. Сүүлийн жилүүдийн худалдааны дайн, 5G технологийн асуудал зэрэг олон асуудлаас болоод АНУ-Хятадын харилцаа нэлээд ээдрээтэй байдалд байгаа учраас олон улсын харилцаанд хамгийн чухалд тооцогдож буй эдгээр улсын хоорондын асуудал дэлхий нийтийн анхаарлыг ихээр татаж байна.
-Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монголын залуучуудыг АНУ-д суралцах, дээд боловсрол эзэмших боломжийг өргөжүүлэх тухай саналыг У.Шерманд тавьсан. Хоёр улсын боловсролын харилцаа ямар түвшинд байна вэ?
-Хоёр тал соёл, боловсролын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт 1989 оны есдүгээр сард гарын үсэг зурсан байдаг. Статистик мэдээллээр 3000 орчим оюутан АНУ-д сурч байна. Гэхдээ тэдгээр оюутны дийлэнх нь хувийн зардлаар суралцагчид юм. АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй олон тооны тэтгэлэгт хөтөлбөрт монгол залуус хамрагдах боломжтой байдаг. Тухайлбал, Фульбрайтын гадаад оюутны хөтөлбөр нь 1993 оноос Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн. Энэ хөтөлбөрт 2011 он хүртэл жилд дунджаар 4-5 оюутан хамрагддаг байсан. 2011 оноос Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтарсан Фульбрайтын гадаад оюутны хөтөлбөрийг эхлүүлснээс хойш жил бүр 3-15 оюутан хамруулах болсон. Америкийн Их, дээд сургуулиуд нь дэлхийд чанараар тэргүүлдэг, шилдэг сайн сургуулиудын жагсаалтыг тогтмол тэргүүлдэг учраас монгол эцэг эхчүүд хүүхдээ Америкт сургах эрмэлзэлтэй байдаг боловч сургалтын чанараа дагаад төлбөр нь өндөр байдаг. Энэ утгаараа, АНУ-ын Засгийн газраас олгож буй тэтгэлэгт хамруулах оюутны тоог нэмэгдүүлэх, илүү олон хүнийг хамруулах шаардлага байгаа юм.
-Батлан хамгаалахын сайд хатагтай У.Шермантай уулзах үеэрээ энэ салбарт АНУ-ын Төрийн департаментаас дэмжлэг хүссэн байна лээ. Түүний айлчлалын дараа хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаанд ямар үр дүн гарах вэ?
-Монгол Улс анхны хоёр цэргийн ажиглагч офицерыг Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс руу 2002 онд илгээснээс хойш өнөөг хүртэл давхардсан тоогоор нийт 18144 цэргийн алба хаагч, тэдгээрийн дотор 732 эмэгтэй цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байна. Монгол Улсын энхийг сахиулагчид Бүгд Найрамдах Өмнөд Судан, Бүгд Найрамдах Судан Улсын Абей муж, Йемен, Баруун Сахар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс зэрэг дэлхийн мөргөлдөөний халуун бүс нутагт НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа. Монгол Улс, НҮБ-ын хооронд 1999 онд байгуулсан цэргийн хүч нийлүүлэх тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”, УИХ-аас 2002 онд баталсан “Цэрэг, цагдаагийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон Олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хуулийн дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчин 2003 оноос эхлэн Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож, үүргээ амжилттай гүйцэтгэсэн. Афганистан Улсад АНУ-тай хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 3300 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, сүүлийн ээлжийн бие бүрэлдэхүүн 2021 оны зургадугаар сарын 4-ний өдөр эх орондоо ирсэн. Хэдийгээр Афганистан дахь энхийг сахиулах ажиллагаа дуусгавар болж, АНУ тэргүүтэй орнууд цэргээ гаргахаар шийдвэрлэсэн боловч Монгол Улс цаашид НҮБ-ын энхийг сахиулах бусад ажиллагаан дахь оролцоогоо нэмэгдүүлэх сонирхолтой байдаг. НҮБ-ын ердийн төсвийн 22 хувь, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төсвийн 28.43 хувийг АНУ дангаараа бүрдүүлдэг учраас НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаатай холбоотой шийдвэр гаргах үйл явцад голлох үүрэгтэй оролцдог. Энэ утгаараа, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч У.Шерман тэргүүтэй төлөөлөгчдийг 2021 оны долдугаар сарын 24-ний өдөр Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзахдаа Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоогоо нэмэгдүүлэх зорилго, хүчин чармайлтын талаар танилцуулж, АНУ-ын Төрийн Департаментаас дэмжин ажиллахыг хүссэн болов уу хэмээн харж байна.