Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн нь Унгар Улсын Унгар судлалын хүрээлэнтэй хамтран 2022 онд Улаанбаатар хотын нутаг дэвсгэр Ар Гүнтийн Хүннүгийн оршуулгын цогцолбор дурсгалт газарт археологийн малтлага судалгааны ажлыг гүйцэтгэжээ.
Хоёр орны хамтарсан археологийн судалгааны хүрээнд Хүннү гүрний үед холбогдох долоон булшийг малтан шинжилсэн бөгөөд судалгааны үр дүнд илрүүлсэн олдвор, хэрэглэгдэхүүнийг сэргээн засварлах, нарийвчлан судлах ажлыг ид хийж, эхний үр дүнгүүд гарчээ.
Археологийн малтлага судалгааны явцад том хэмжээтэй төмрөөр хийсэн тогоо илэрч олдсон бөгөөд Хүннүгийн үеийн хүрэл тогоонуудтай хэлбэрийн хувьд төстэй боловч төмрөөр хийснээрээ онцлог юм. Төмөр тогоо нь илэрч олдохдоо зэвэрч муудсан, хадгалалтын байдал их эмзэг байсан тул Унгар улсын Унгар судлалын хүрээлэнд илгээж сэргээн засварлалтын ажлыг хийлгээд байна.
Нэг жилийн хугацаанд сэргээн засварлалтын ажил явагдаж 2023 оны 09 сарын 21 ны өдөр ШУА-ийн Археологийн хүрээлэнд буцаан хүлээлгэж өгөх үйл ажиллагаа ШУА-ийн хурлийн танхимд боллоо. Төмөр тогоог хүлээлгэж өгөх арга хэмжээнд ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Унгар улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Борбала Анна Обущански, Монгол улсын Гадаад харилцааны яамны Гадаад харилцаа, соёлын харилцааны газрын дарга Б.Булган, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн нар оролцсон бөгөөд хүндэт зочдод Археологийн хүрээлэнгийн судалгааны бүтээлийн дээжийг дурсгав.
Ар Гүнтийн Хүннүгийн оршуулгын цогцолбор дурсгалаас илэрсэн энэхүү төмөр тогоо нь одоогоор археологийн дурсгалаас илэрч олдсон хамгийн том хэмжээтэй төмөр сав суулгын нэг болох бөгөөд Хүннү гүрний төмөрлөг боловсруулалтын технологийн түвшин, үйлдвэрлэх хөгжил зэрэг Хүннүгийн соёлын талаар олон мэдээлэл өгөх чухал олдвор болно.