Сонгуульд цахилгаан хөрөө барьж орон ялалт байгуулсан Аргентины ерөнхийлөгч төрийн албан хаагчдыг эрс цомхотгож үр дүнд нь улсын төсвөө алдалгүй баталж, инфляцийг эрс бууруулж, нам гэх зүйлээс гарч ирээд сонгуулиар байгуулагддаг төр, засаг бол үнэндээ сайнаар хэлбэл худалч, луйварчид, муугаар хэлбэл ард иргэдийнхээ эсрэг террорист үйл ажиллагаа явуулдаг байгууллага болсныг дэлхий нийтэд баталж орхив. Үүнийг анзаарсан АНУ-ын шинээр сонгогдсон хуучин ерөнхийлөгч Дональд Трамп тэрбумтан Илон Маскаар богино хугацаанд төрийн цомхотгол явуулж, улсын төсвийн олон тэрбум ам.долларыг хэмнэж амжив.
Үүнийхээ ач тусаар эдийн засгаар тэргүүлэгч АНУ 186 улсад худалдааны дайн зарласан ч дэлхийн эдийн засаг шууд хямарсангүй. Худалдааны энэ дайнаар АНУ-ын ерөнхийлөгчийг хэдийд өндөр тариф зарлаж, хэдийд буулгахыг яг таг мэдэж байсан хүмүүс Хөрөнгийн бирж дээр богинохон хугацаанд санаанд багтамгүй маш их ашиг олж, бусад нь энэ хэмжээгээр хохирсон байх магадлал өндөр болов. Энэ бол том гэмт хэрэг бөгөөд бие даасан тусдаа асуудал. Хэргийн гол учир нь нэг ерөнхийлөгчийн шийдвэр дэлхийн эдийн засгийг шууд саажуулж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, төр бүхнийг зохицуулдаг болсон байна. Энэ бол сүйрэл учир удахгүй ардчилсан улсуудад дэвшилтэт шинэ тогтолцоо бий болох болно. Хөгжлийн тулгуур чөлөөт эдийн засаг та хаачив аа?! Үүний учрыг энгийн үгээр тайлбарлавал ийм юм. Хөрөнгийн бирж дээр засгийн газруудын найдвартай гэгддэг бонд ч хувийн компаниудын хувьцааны үнэ ч байнга дээш, доош хөдөлж байдаг. Харин 5-10 жилийн хугацаанд харвал бүгд өссөн байдаг. Энэ бол инфляцийн нөлөө юм. Инфляц нь “хөөргөдөл” гэсэн латин үг. Талхны үнэ нэмэгдэхээр давс, хөөлгөгч, гурил гээд талх үйлдвэрлэхэд оролцогчид бүгд үнээ нэмнэ. Ашиг олохгүй ч хохирдоггүй гэсэн үг. Харин талх худалдан авч байгаа хүн л зөрүү үнээр нь хохирно.
Хамгийн гол нь талх үйлдвэрлэхэд ордог бүх хүмүүсийн орлого нэмэгдэх учир тэдний улсад төлөх татвар нэмэгдэж улсын төсөв зузаарна. Иргэд хохирч, нам дамжиж төр засагт гарсан хүмүүсийн өөрийн дураар зарлагадах мөнгө ихэсдэг гэсэн үг. Инфляци буюу “хөөргөдөл” гэх зохиомол луйврын үнэн учир нь ердөө л энэ. Жишээ нь, 1980-д оны үеэр баррель нь 30 ам.доллар байсан түүхий нефтийн үнэ 11-12 ам.доллар болж ЗХУ-ын анхны бөгөөд сүүлийн ерөнхийлөгч М.Горбачёв валютгүй болж, энэ улс задарсан. Тэгвэл тэр үеийн 30 ам. доллар инфляцийн ач тусаар өнөөдөр 120 орчим ам.доллартай тэнцэж байна. Энэ нь ам.долларын ханшны зөрүүгээр энэ хугацаанд дөрөв дахин их мөнгийг чинь ардчилсан гэгддэг төр засгийнхан таны түрийвчнээс хулгайлж авсан гэсэн үг. Инфляци гуай тэр үед 140 мөнгө байсан талхыг өнөөдөр 2900 төгрөг болгож үнэ нь 2070 дахин нэмэгдсэн аж. 1990 оноос манай улсын ДНБ 20 дахин өссөн, харин таны орлого хэд дахин өссөн байна даа. Гэтэл манай төр засгийнхан алдагдалтай төсөв баталж, өөрсдөө дураараа үрж, биднийг өрөнд оруулсаар л байна. Өөрөөр хэлбэл, төр засгийн инфляци буюу зориудын хөөрөгдөл гэх луйвар нь хөрөнгийн бирж дээр хөөсөн мөнгө буюу хоосон орон зай үүсгэж байдаг. Эдийн засаг улстөрчдийн бий болгосон энэхүү хоосон орон зай руу унахыг эдийн засгийн хямрал гэдэг. Одоо Аргентины ерөнхийлөгч Хавьер Милэй яагаад өөрийн төр засгийг ард иргэдийнхээ эсрэг террорист байгууллага гэж нэрлэн цахилгаан хөрөө барин сонгуульд оролцон ялалт байгуулсныг та ойлгосон байх.Тэгвэл энэ бүхний цаад учир ийм юм.
Аль ч төр засгийнхан өнөөдөр иргэдтэйгээ адил маргаашийн ямар ч баталгаагүй байгаа учир албан тушаалаа ашиглан татвар төлөгчдөөс цугласан төсвийн мөнгийг хууль бусаар завшиж байгааг бид авлигал гээд байгаа юм. Энэ нь бүх иргэд маргаашдаа итгэх итгэлтэй болж байж л бид авлигагүй болж, хөгжил дэвшилд хүрнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, персональ компьютер бидний ширээн дээр тавигдаж, Аж үйлдвэрийн IV хувьсгал эрчээ авангуут манай төр засаг оюуны өмчийг инновац болгон амьдралд нэвтрүүлж, үүн дээрээ үндэслэн гадны хөрөнгө оруулалтыг татаж төгрөгийг валют болгон хувиргадаг болох ёстой байв. Учир нь бүх зүйл бүр дэлхийн эдийн засаг хүртэл өөрийн гэсэн хэмжээтэй. Биднийг малтайгаа ноцолдож байх хооронд энэ хэмжээ аль хэдийн дүүрчихсэн.
Иймээс гадны хөрөнгө оруулалтын гол ач холбогдол нь тэдний нэгэнт эзэлчихсэн орон зайнаас бид бага ч гэсэн валют олж авах явдал юм. Бас гадны хөрөнгө оруулагчдын төр засаг нь тэднийхээ хөрөнгийг хамгаалах гэж манай улсыг давхар хамгаалах болно. Хамгийн гол нь төр засгийнхан маань улсынхаа валютын нөөцөөр тив дамнасан компаниудын хувьцаа худалдан авч татвар төлөгчдийн мөнгийг арвижуулдаг болох ёстой байв. Ингэж татвар авч ард түмнээ шулах биш гадна дотны хөрөнгө оруулагчидаас бас гадаадын сангуудаас мөнгө босгож байсан бол манай улс дундаж давхарга гэгддэг хангалттай орлоготой иргэдтэй болж, тэтгэвэр тэтгэмж ч зөв шийдэгдэн, зөвхөн оюуны өмчийг инноваци болгодог, татвар төлөгчдийн мөнгийг үрдэг бус үржүүлдэг хүмүүсээс бүрдсэн цомхон, чадварлаг төр засаг оршиж байх ёстой байсан.
Судлаачид эхлээд таамаг, дараа нь энэ таамгаа цэгцэлж онол болгож нийтэд зарладаг. Харин бусад нь судалгаа явуулж энэ онолыг бүрэн баталж байж сая шинжлэх ухаан болдог. Тэгвэл эрдэмтэд таамаг, онол хоёрын дунд дураараа сэлгүүцэх философийг яг шашинтай адил шинжлэх ухаан гэж үздэггүй юм. Гэтэл өнөөдөр бидний нийгмийн шинжлэх ухаан гээд байгаа бүх салбарын үндэс нь философи. Өөрөөр хэлбэл намуудын үзэл баримтлал төдийгүй тэдний ярьдаг элдэв “…изм” нь бүгд философилог буюу объектив бус субьектив гэгддэг бодит бус хоосон, шинжлэх ухаан бус зүйлс юм. Төр засгийнхан баяжаад иргэд ядуураад байдгийн бодит, гол шалтгаан нь энэ! Маш товчоор нийгмийн ухааны эдгээр салбаруудыг шинжлэх ухаан болгохоос өөр аргагүй болсон тул өнөөдөр элдэв төрлийн дайн дэгдэж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, дэлхийн нийгмийн тогтолцоо тэр чигээрээ өөрчлөгдөнө. Үүнийг бид хувьсгал гэдэг. Харин энэ хувьсгал аль болох тайван замаар явагдах ёстой.
Харин жирийн иргэдийн хувьд өөрийн оюуны өмчтэй болж авах, оюуны өмчид хөрөнгө оруулж хувьцаа гэх зэрэгтэй болж авах хэрэгтэй. Учир нь өнөөдрийн бидний хөгжил дэвшлийг улс төрчид, төр засгийнхан бус аж үйлдвэрийн он оны хувьсгалууд бий болгосон юм. Харин эдгээр хувьсгалын үндсийн үндэс нь оюуны өмч билээ. Өнөөдрийн дэлхийн тэрбумтнууд бүгд оюуны өмчийг инновац болгосон хүмүүс байдаг. Иймээс сайн цаг буюу гаалийн татвар гэх мэт авлигын элдэв янзын “уул уурхай”-гүй, хөгжил дэвшлийн тулгуур чөлөөт эдийн засаг удахгүй өөрөө бидэнд дээр ирнэ.
Бэлтгэсэн
Г.АМАРСАНАА