Давхар биетэй эхчүүдэд учирдаг нэг зовиур бол ураг доошлох байдаг. Энэ нь эх хэт ачаалалтай байснаас эсвэл хэвлий дэх хүүхэд томорсноос үүсдэг жирэмсний үеийн хүндрэлүүдийн нэг аж. Ийм үед алхаж, гишгэх байтугай хэвтэж байхад хүртэл чөлөөтэй эргэж болохгүй, нуруу, аарцагны ясаар хатгуулж, хүндүүрлэдэг байна.
Сүүлийн үед жирэмсэн эхчүүд болгонд бараг ийм зовиур ажиглагдах болсныг эмэгтэйчүүдийн эмч нар онцолж байсан. Хөл хүнд эхчүүд хэвлий дэх хүүхдээ доошилсныг мэдэхгүй юм уу, тоохгүй яваад байвал олон эрсдэлд орох аюултай гэнэ. Хугацаанаасаа өмнө төрөх, ураг зулбах, эхийн гуя, хөлний судаснууд бүдүүрэх зэрэг сөрөг үр дагавар учирч болзошгүйг эмч, мэргэжилтнүүд анхааруулав.
Ураг доошилсон тохиолдолд манайхан бариачид хандаж, гэдсэн доогуураа живхийтэл нь баадагнадаг. Гэхдээ шинжлэх ухаан үүнийг сайшаахгүй байгаа юм. Учир нь хэт чанга барьснаас эхэс ховхрох талтай гэнэ.
Хэрэв хүүхдийн хүй нь хүзүүгээр нь ороосон байвал бариачид хандаад бүр ч дэмий юм байна. Үүний оронд зориулалтын сойлт хэрэглэх, дасгал хийхийг зөвлөж байсан. Дараахь дасгалыг өдөрт таван минут орчим хоёроос доошгүй удаа хийвэл үр дүнтэй гэнэ. Өвдгөө нугалан дөрвөн хөллөж байгаад өгзгөө өцийлгөн хэвтэнэ.
Түрүүлгээ харан ингэж хэвтэхэд хоёр тохой өвдөгтэй адил газарт хүрсэн байх ёстой. Харин толгойгоо зөөлөн дэрэн дээр тавиарай. Энэ дасгалыг хийхэд эхэд тун аятайхан, тухтай мэдрэмж төрдөг байна. Уг дасгалыг хийснээр ураг дээшилж, хэвийн байрлалд ороход ямар ч хэвтрийн дэглэм, эм тан, барианаас илүү тустай ажээ.