Энэ амьтны нэрийг сонсох төдийд л ээж минь санаанд орно. Би гэдэг хүн энэ хорвоод мэндлэхдээ эхийгээ ихэд зовоон байж төрсөн байгаа юм. Өдгөөгөөс хориод жилийн өмнө буюу усан мичин жилийн сүүлээр шинэ он солигдохтой зэрэгцэн би төржээ. Тухайн үед ээж минь сумын төвийн эмнэлэгт амаржсан учир төдийлөн эмчилгээ сувилгаа одооных шиг байсангүй юм болов уу. Тэр үед амаржсан эмэгтэйчүүдийг эмнэлэгт дор хаяж долоо хоног цаашлаад сар шахуу хэвтүүлдэг байсан гэлцдэг. Ийм хугацаа өнгөрсний дараа ээж бид хоёр гэртээ ирж. Тухайн үед ээж минь хөхөндөө сүү оруулах гэж өдөр бүр л шар будаатай цай, боорцог, борц гээд сүү оруулдаг бүхнийг идэж, уусан ч хүүгээ цадтал нь хөхүүлж дөнгөдөггүй байж. Би ч өлссөндөө өдөр шөнөгүй л уйлж байсан нь ойлгомжтой. Ингээд арга ядаж, яах ийх тухай ярьж суух үеэр нь нутгийн хүндтэй улсын сайн анчин манайд гийчилсэн юм санж. Манай хоёр учиргүй хамаг зовлонгоо тоочоогүй ч хашир анчин миний тасралтгүй уйлах, ээжийн арга ядсан царайг харж, байдлыг ойлгосон бололтой богцноосоо бор цаасанд ороосон бөөрөнхий юм ээжид гаргаж өгсөн гэдэг. Өвгөн анчин “Аан, наадах чинь хар сүүлтийн хонгоны хатаасан цул мах байгаа юм. Чи наад махаараа аяга хар шөл хийгээд уучих. Төрсөн эмэгтэй хүнд ч үүнээс илүү сайн хоол гэж үгүй шүү дээ” хэмээн хэлжээ. Өвгөн анчны хэлсэн ёсоор тэр дор нь аягахан шөл хийж уучихаад орой аавыг ажлаас ирэхэд нь ээжийн хоёр хацар цог шиг улайчихсан намайг хөхүүлэн сууж байсан гэдэг. Ингэж л би гэдэг хүн харангадаж үхэхийн аюулаас хар сүүлтийн шөлөөр аврагдсан юм гэдэг. Тийм ч болохоор одоо хар сүүлт хэмээх нэрийг сонсохоор сэтгэл дулаацаж, тэр амьтныг хайрлах нинжин сэтгэл өөрийн эрхгүй төрдөг болсон. Хожим аавтай хөдөө гадаа, уул хадаар явахдаа нөгөө буянт хар сүүлт хэмээх амьтан үүгээр байгаа юу, ямар амьтан байдаг юм бол хэмээн асууж, шалгаадаг болсон доо. Манай нутагт Жаргалант хайрхан хэмээх сүрлэг сайхан уул бий. Тэрхүү уулын өвөрт тунгалаг Хар-Ус нуур мэлтэлзэнэ. Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан манай нутгаар гийчлэхдээ энэхүү Хар-Ус нуурын хөвөөнд нэгэн оройг өнгөрүүлсэн гэдэг. Намар оройхон үеэр Хар-Ус нуурын шагшуурга салхины аясаар найгаж, хотон шувууд нуурын мандалд нэг бууж, нэг нисэх агшинг хараачилсан их яруу найрагчийн сэтгэл уянгалж, “Хар-Ус нуурын шагшуурга” хэмээх яруу тансаг шүлгээ тэнд л тэрлэсэн түүхтэй. Нэг зун гэрийнхэнтэйгээ Жаргалант хайрханы өвөрт орших Өвөрийн рашаан, өндөр хүрхрээг зорьсон юм. Рашааны наахна олон жалга, дов, садарга ихтэй. Түүгээр аавын хөх 69-өөр дээш, доош донслуулан явж байтал хэдэн ямаа бидний барууханд жалганаас үргэн цааш давхилаа. Ямаа ч гэж дээ нөгөө миний амь зуусан буянт хар сүүлт хэмээх амьтан байсан аж. Ингэж л анх ойроос харж билээ. Хожим ном, сониноос хар сүүлтийн тухай уншиж бага сага мэддэг болсон доо.
ХАР СҮҮЛТ ЗЭЭР ИХ ГОЁМСОГ АМЬТАН
Хар сүүлт нь хөхтөн амьтны аймгийн нэг туурайтны баг болох тугалмайтны овогт багтдаг. Уулын бэлийн хялганат, багалуурт сайр, садарга бүхий дагжуур хөрст хэвгий тал, загт бударгана говь, сондуул бүхий бут сөөгт элсэрхэг говь, хотос хоолой зэрэг янз бүрийн орчинд байршдаг аж. Миний анх хар сүүлтийг харж байсан газар яг ийм. Манай улсад Их нууруудын хотгорын өмнөд хэсэг, нууруудын хөндий, зүүн гарын говь, Алтайн өмнөх говь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн баруун хэсгээр алаг цоог тархсан юм билээ. Хар сүүлтийн эрийг ооно, эмийг шаргачин, төлийг нь янзага гэдэг. Нас гүйцсэн ооно 30 кг, шаргачин 17-20 кг орчим жинтэй. Зүс нь элсэн саарал, мөч цайвар, бөгс нь сүүлний угаас дээш үе хэтрэх цагаан танатай, сүүлний доод тал нь хар, их гоёмсог амьтан л даа.
Утга уянгын өгүүллэгийн урлаач Б.Золбаяр ах маань нэгэн бүтээлдээ “Шаргачингийн тана загалтах цагаар” хэмээн уянгалуулсан нь буй. Энэ нь ороо хөөцөлдөөний үеийг зүйрлүүлсэн агаад арванхоёрдугаар сарын 20-доос нэгдүгээр сарын 10 хүртэл үргэлжилдэг аж. Цаг хүндэрсэн үед байгалийн эрсдэлд өртөмтгий амьтан. Зуд турханд нэрвэгдэж идэш тэжээл нь хомсдох үедээ өвс тэжээлийн үнэрээр малчны хотонд орж ирэх нь түгээмэл байсныг хуучцуул дурсан ярьдаг. Тээр жилийн намар өвөөгийнх Хар-Ус нуурын захаар намаржлаа. Ус нутагтаа олон ямаатай гэгдэх өвөөгийн хонин сүрэгтэй нь хамт нэг орой янзагатай шаргачин дагаж ирж л дээ. Зэрлэг амьтан болсон хойно хонин сүргийн захаар янзагаа дагуулан ийш, тийш тэвдсэн янзтай шогшиж байсан гэдэг. Хар сүүлт зээр нь нэг газар удаан амьдардаггүй, бэлчээрийн соргогийг даган хэдэн арван километр аялал хийдэг. Ийн явахдаа бүлээсээ тасарсан бололтой. Төрөөд удаагүй хөөрхөн янзагыг өвөө морьтой урдуураа дүүрж уулын бэл, хар сүүлт нутагладаг чигтэй явжээ. Өвөөгийн араас янзагаа хүний гарт алдсан шаргачин холхон шиг дагасаар явсан гэдэг. Хар сүүлтийн чих соотон урт учир сонсгол нь маш сайн хөгжсөн байдаг. Чоно, ирвэс зэрэг махчин амьтад гэтэн ойртож байгаад нэг л алдаа гарган анирдах аваас түүнийг алдалгүй чагнаж, сорт хийгээд давхиж одно. Их хурдан амьтан, цагт 55-65 километр туулж чадна. Тэр уулын олон садарга, нуга жалгаар ийн харайлгаж буй амьтныг ямар ч амьтан, техник гүйцэхгүй болов уу. Ёстой л Монгол нутаг орондоо хурдны хаан болсон амьтан. Манай нутгийн худалч Хөөдий хэмээх марзан нөхөр айл, аймгаар зочлох бүртээ хээр анд явж байхдаа янзагатай шаргачин барьж, сүүгээр нь цай чанаж уусан тухай хүн итгэмээргүй үлгэр, домог шиг юм ярьдаг байж билээ. Хар сүүлтийн сүү нь 3,9 хувийн тослогтой гэж эрдэмтэд тогтоож. Энэ нь үнээний сүүтэй ойролцоо гэсэн үг. Тийм болохоор худал Хөөдийгийн ярьж буй зүйл үнэнч байж мэдэх л юм. Харин янзага нь хоёр долоо хоногийн дараа эхийгээ дагаж, 8-10 хоногийн дараа өвс ногоо идэж эхэлдэг байна.
МОНГОЛ УЛСАД ХАР СҮҮЛТ ЗЭЭР АГНАХЫГ 1965 ОНООС ХУУЛИАР ХОРИГЛОЖЭЭ
Хүн малын хөлд хэт автагдаагүй нөхцөлд цагаан зээртэй адил улирлын нүүдэл хийдэггүй, хонд үүсгэн бүлээрээ хэвтдэг ямаатай адил бүлэрхүү амьтан юм. Хар сүүлтийн амт, чанартай мах, дулаан, хөнгөхөн арьсанд нь болж хулгайгаар агнаж, тоо толгойг нь эрс цөөрүүлсэн байна. Оонын хүзүүний арьсаар хийсэн уурганы хуйв эдэлгээ сайтай, эврээр нь соёо сэтгүүр хийж ахуйдаа хэрэглэдэг түүгээр ч барахгүй шилбээр нь хурдан морины ташуур хийх гээд энэ хөөрхийлөлтэй амьтныг хөнөөх шалтаг мундахгүй. Монгол Улсад хар сүүлт зээр агнахыг 1965 оноос хуулиар хориглосон байдаг. Өнгөрсөн зууны 60-аад оны сүүлээр юм уу даа. Агнахыг хориглоод удаагүй л байсан цаг шиг байгаа юм. Манай нутгийн Буриад ах гэдэг хүн хар сүүлт агнаад эвэр толгойг нь гэр дээрээ тавьчихсан байсныг аймгийн нэг албаны хүн үзчихээд хууль шүүх гээд нэлээн юм болж л дээ. Өвгөн ч “Гүй ээ, би хориотойг нь мэдээгүй л дээ, Алтайн хишиг гээд хааяа нэг хүртчихээд л байдаг юм” хэмээн үглэсээр байж. Эцэст нь түүнд нэг сайн сануулж аваад өршөөх бодолтой. “Та үүнээс хойш ингэж болохгүй шүү” гэсэнд өвгөн “За за мэдлээ, даргаа. Гүй ээ, тэгээд тааралдвал энэ өгөр толгой тэсэхгүй байх өө” гэж хээвнэг хэлээд хатуу арга хэмжээ авахуулж байсан тухай өвөө минь хуучилдаг байж билээ. Энэ бол морь унаж цахиур буу мөрөвчилсөн монгол өвгөний л хийдэл. Сүүлийн үед хурц зэвсэг хурдан унааны аагаар хуйлруулан хөөж, шөнө нь гэрэлтүүлэн хядаж энэ амьтныг ихээхэн сүйрүүлжээ. Зарим нь зугаа цэнгэл болгож амиар нь тоглож байдгийг бид их зохиолч Ч.Лодойдамбын “Шаргачин” алдарт өгүүллэгээс уншиж л байсан. Байгаль дахь хамгийн том дайсан нь чоно, шилүүс, бүргэд. Дөнгөж төрсөн янзагыг нь тас, бүргэд зэрэг махчин шувууд шүүрэх нь их ээ.
ЗАРИМ НУТГААР ХАР СҮҮЛТ ЗЭЭРИЙН ТОО ТОЛГОЙ ЦӨӨРЧ, ХАРАГДАХАА БОЛЖЭЭ
1990-ээд оны үед Монгол нутагт 60 орчим мянган толгой хар сүүлтийн нөөцтэй байв. 2000 оны байдлаар, 543 мянган ам км буюу манай орны нутаг дэвсгэрийн 34 хувьтай тэнцэх талбайд хар сүүлт зээр 140 орчим мянган толгой болж өссөн байдаг аж. Гэтэл 2010 оны судалгаагаар энэ тоо 17 орчим мянган толгой болтлоо цөөрчээ. Сүүлийн жилүүдэд дорвитой судалгаа явуулаагүй ч хүн малын болон байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр дахин цөөрсөөр зарим газарт устаж үгүй болж байгааг нутгийн иргэд халаглан дурсаж байна. Өдгөө дээрх тоо хэд дахин буурсныг мэдэхгүй юм. Зарим нутгийн иргэд энэхүү амьтны бараа харагдахаа больсон тухай ч хэлдэг. Хар сүүлт хэмээх хар тавилантай энэ бяцхан зээрийн хувь тавилан хүмүүс бидний гарт байна. Цөл, цөлөрхөг хээр, хээрт зээр ундаалах задгай ус бий болгох, зудын үед нэмэгдэл тэжээл тавьж өгөх, байршил нутгийг байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл, нутгийн иргэдэд хариуцуулан хамгаалуулах, хяналтыг тогтмолжуулан сайжруулах замаар хууль бус агналтыг таслан зогсоох, Их нууруудын хотгор, нууруудын хөндийд сэргээн нутагшуулах, тархацын умард зах руу байршин нутаглах нөхцөлийг бүрдүүлэх, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд хамгаалах зориулалтаар сэргээн нутагшуулах, өсгөн үржүүлэх арга хэмжээг тусган хэрэгжүүлэх, удмын санг хадгалах гэх мэтчилэн шинжлэх ухааны олон талт ажлуудыг хийх шаардлагатай байгаа юм.