Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Баярмаа: Засгийн газрын “бал сар” аль хэдийнэ дуусчихсан, одоо бодитой ажил хийх цаг нь болсон DNN.mn

Улсын Их хурлын гишүүн Ж.Баярмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Та сайхан шинэлэв үү. Таны хувьд цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэв. Хөдөө орон нутагт золгуутаар явсан уу?

-Сайхан шинэллээ. Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлэв үү. Ер нь манай Монголын цагаан сарын баяр ураг удам, элгэн саднаа үр хүүхдүүддээ мэдүүлж таниулах, уулзан учрахын ерөөл бэлгэдэл болсон сайхан уламжлалыг тээсэн үнэт өв маань юм. Настайчуудтайгаа шинийн 3-ндаа багтаж золгох, төрийн золголтдоо амжиж оролцох гээд л бас л ачаалалтай өдрүүд өнгөрлөө.

-Цагаан сарын амралт гэж нэлээд шуугилаа. Зарим хүмүүс уг асуудлыг төр засаг эртхэн шийдчихгүй цагийг нь тулгаж шийдлээ гэдэг шүүмжлэлтэй байна. Ер нь яагаад эрт шийдчихэж болсонгүй вэ?

-Иргэдийн шүүмжлэлтэй санал нэг байгаа. Цагийг нь тулгасан ч гэсэн тав хоног амрах асуудлыг Засгийн газраас шийдвэрлэсэн нь зөв зүйтэй болсон. Цаашдаа ер нь баяр амралтын өдрүүдийг олон нийтээс асууж зөвлөлдөж байгаад хуулиндаа тусгаад шийдэх хэрэгтэй. Цагаан сарын баяраар тав хоног, улсын наадмаар долоо хоног амарна гэж нэг мөр маргаан багатайгаар хуулиараа зохицуулаад эртхэн тодорхой болгочихвол хэн хэндээ амар байхыг энэ баярын өмнө бид харлаа.Үндэсний маань том өв уламжлалын нэг тул цагаан сараар хагас бүтэн сайнаа оролцуулаад нийт долоо хоног амарчихдаг байх нь зүйтэй санагдсан.

Цаашид бид аравдугаар сарын 1 гэхэд дараа оны бүх олон нийтийн амралтын өдрөө эцэслэн гаргаж мэдээлээд бүх хүнийг ажил амралтаа эртнээс төлөвлөх боломжоор хангах хэрэгтэй болов уу.

-Удахгүй хаврын чуулган эхэлнэ. Хаврын чуулганаар хэлэлцэгдэх гол хуулиуд юу байгаа вэ. Таны хувьд ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?

-Хаврын чуулган энэ сарын 17-нд эхлэх товтой байгаа. Мэдээж хаврын чуулганаар олон асуудлыг хэлэлцэн батлах шаардлага байна. Тухайлбал, Татварын багц хуулиуд Засгийн газраас орж ирнэ. Хувь хүний орлогын албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиуд иргэд, аж ахуйн нэгжийн хувьд хүлээлт ихтэй байгаа. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хууль дээр нэмэлт өөрчлөлт орж ирэхээр байна. Иргэдээ өмчтэй орлоготой баян болгох уу, эсвэл татвар хураамж төрийн дарамтаар дарсан хэвээр байх уу гэдэг сонголтын өмнө бид ирчихээд байна. Тиймээс татвар, нийгмийн даатгалын хуулиудыг энэ хаврын чуулганы гол хуулиуд байх ёстой гэж үзэж байна.

-Өөр ямар хуулийн төслүүд хүлээлттэй байгаа вэ?

-Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай, Төсвийн хөрөнгө оруулалтын тухай анхдагч хуулиуд, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах асуудал бас хүлээлт өндөртэй байна. Миний хувьд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан нэлээд хэдэн ажлын хэсэгт ажиллаж байгаа. Тухайлбал, Жагсаал цуглааны эрх чөлөөний тухай хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа. Тиймээс Засгийн газраас өргөн барьсан энэ хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн салшгүй чухал нэг бүрэлдэхүүн болохын хувьд энэ хуулийн төслийг олон нийт болон холбогдох иргэний нийгмийн болон төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан сайжруулж, боловсронгуй болгохоор ажиллаж байгаа. Сонгогчдын санал худалдан авах аливаа ажиллагааг хориглох тухай анхдагч хуулийн төсөл санаачлахаар судалгаа, шинжилгээ хийж байна.

-Сангийн яамнаас санал авч байгаа татварын багц хуулиудын төсөл дээр одоогоор та ямар санал дүгнэлттэй байгаа вэ?

-Татварын багц хуулиудын хүрээнд дундаж давхаргыг дэмжиж өмчтэй орлоготой чинээлэг болгох, жижиг дунд бизнесийг илүү дэмжихэд чиглэнэ гэж бодож байсан. Харамсалтай нь одоогийн төслүүд дээр ийм зүйл харагдахгүй байна. Татварын хуулиудыг яагаад өөрчлөх болсон, өөрчилснөөр ямар үр дүн хүлээгдэж байгаа талаар одоог болтол үзэл баримтлал нь, холбогдох судалгаанууд нь олон нийтэд нээлттэй болоогүй байна. Өнгөрсөн намар УИХ хоёр удаа улсын төсөв баталсан. Зардал бууруулах гэж их ажилласан. Ийм нүсэр том бүтэцтэй үед татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулна гэдэг маш хүнд асуудал болчихоод удаж байна. Манай татвар төлөгчид үнэхээр сайн ажиллаж хангалттай их татвар төлдөг. Гэвч сүүлийн жилүүдэд татвар хураамж төрийн дарамтад сөхрөх гээд байна. Татвар тэр чигтээ улс орны хөгжлийн төлөө зарцуулагдах ёстой. Гэтэл өнөөдөр тэгж чадахгүй байгаа нь харамсалтай. Татвар нь татвар төлөгчиддөө дарамт болчихлоо, төлсөн татвар нь талаар нэг тараад үр өгөөж өгөх нь маш тааруу байна. Татвар хураамжуудыг бууруулна гэвэл нөгөө талдаа төрийн том нүсэр бүтцийг багасгах хэрэгтэй болно. Одоо байгаа бүтэц тогтолцоо, төрийн хэт их оролцоон дээр суурилсан татварын багц хуулийн өөрчлөлт бол нэр төдий л зүйл болно гэсэн үг.

-Зарим мега төслүүдийн эрх зүйн болоод санхүүжилттэй холбоотой асуудлыг өнгөрсөн намрын чуулганаар шийдсэн. Үлдсэн мега төслүүд хэ зээ хөдлөх вэ. Энэ хаврын чуулганаар ямар төслүүдийг УИХ хэлэлцэх бол?

-Хангалттай олон мега төсөл хөдөлгөсөн. Одоо нэгэнт эхлүүлсэн энэ хэдэн төслүүдээ сайн явуулах тал дээр илүү анхаарах хэрэгтэй гэж үзэж байгаа. Одоо эхэлчихсэн байгаа төслүүд дотор анхны төсөвт өртөг нь маш ихээр өссөн, төсөл дууссан ч амжилттай хэрэгжих эсэх нь тодорхойгүй төсөл ч байгаа. Бас хувийн хэвшил бүрэн хариуцаад явах боломжтой төсөл ч хэд хэд бий. Засгийн газраас ямар санал төлөвлөгөө орж ирэхийг хүлээж байна. Үлдсэн төслүүдийн хувьд эрэмбэлэх, судлах, улмаар УИХ дээр олон талаас нь маш сайн хэлэлцэж байж цаашаа явах хэрэгтэй. Миний хувьд энэ олон мега гэгдэх төслүүдийг хэрэгжих санхүүгийн чадавх, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө, эргэн төлөгдөж үр ашигтай байх зэрэг шалгууруудыг үндэслэн дахин эрэмбэлж жагсаах нь хамгийн чухал гэж үзэж байна.

-Та улстөрчийнхөө хувьд хаврын улс төрийн голлох сэдвийг юу байх бол гэж харж байгаа вэ. Таны хувьд Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан, мөн Ерөнхий сайдыг ч шүүмжилдэг улстөрч…?

-Засгийн газрын үйл ажиллагаатай холбогдсон санал шүүмжлэл зөвхөн энэ хавар гэлтгүй бүх цагийн улс төрийн голлох сэдвийн нэг байсаар ирсэн. Ямар ч Засгийн газар зөвхөн иргэд сонгогчдын итгэл дээр тогтдог. Одоогийн Засгийн газарт иргэдийн итгэл ямар байгааг бид бүгд мэдэж байгаа. УИХ-ын гол үүрэг бол Засгийн газрын үйл ажиллагааг хянаж шалгаж, шахаж шаардах л явдал. Сануулж шаардаж байхгүй бол сайн засаг ч ялзардаг. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүнд дургүйдээ энэ асуудлыг яриад байгаа хэрэг биш. Ч.Лодойсамбуу гишүүний эхлүүлсэн огцруулах санал дээр үндэслэлүүдийг нь хангалттай бичсэн. Шинэ түүхийн 35 жилд олон Ерөнхий сайдын нүүрийг монголчууд үзсэн. Өөрийг нь шүүмжилсэн парламентын гишүүд, нийгмийн зүтгэлтнүүдийг Л.Оюун-Эрдэнэ шиг тролл арми ажиллуулж, элдэв зохиол үлгэр бичиж, гутаан доромжлох ажлыг өргөн хүрээтэйгээр хийдэг байсан өөр Ерөнхий сайдыг мэдэхгүй юм.

-Засгийн газрын хувьд том төслүүдээ урагшлуулах гэх зэргээр бодитой ажлуудыг хийгээд байгаа юм биш үү?

-УИХ-ын вэб сайтанд байгаа Ч.Лодойсамбуу бид хоёрын товч намтрыг ухаж төнхөж, төсөөллийн худал үлгэр зохион гаргаж, нийгэмд дайсан болгож харагдуулахад л Ерөнхий сайд маань тархиа гашилгадаг бололтой юм. Улс төрийн манлайлал байхгүй, өөрийн толгойгоор ажиллаж чадахгүй байгаагийн нэг шинж нь энэ л дээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “бал сар” аль хэдийнэ дуусчихсан. Хурим найрт ирсэн зочдын өгсөн бэлгээр энэ өвлийг арай ядан давлаа. Одоо олон, олон өвөл, хаврыг үзнэ, амьдрах хэрэгтэй, өр шир хэцүүдлээ. Гадаад дотоод эдийн засгийн болон бусад нөлөөлөл эрчимтэй өөрчлөгдөж Монгол Улс цаашдаа олон сорилтуудтай тулгарна. Энэ бүх сорилтыг давж гарах, нөхцөл байдалд хурдан түргэн дасч зохицох, уян хатан бөгөөд үр ашигтай бодлогыг Засгийн газар санаачлан хэрэгжүүлэх ёстой. Үүсч байгаа асуудлуудаа парламент болон олон нийтэд ил тод мэдээлж, харилцан ярилцах, хамтран шийдвэрлэх улс төрийн манлайлагчийн шинж Ерөнхий сайдад огт байхгүй нь удаа дараагийн үйлдлээр нь харагдаж байна. Юм л бол хамтарсан Засгийн нэрээр түрий барьж амьдралын үнэнийг үл тоон шүүмжлэгчдийг няцлах гэж давшлах хэрэггүй. Бусдын толгойгоор биш, өөрийн тархиар ажлаа хий, Ерөнхий сайд аа.

-Стратегийн орд газрын 34 хувийг төр эзэмших асуудал зарим томоохон хувийн хэвшлүүдийн эрх ашигт нийцэхгүй байх шиг. Та хууль тогтоогчийнхоо хувьд уг асуудлыг ямар байдлаар зохицуулах ёстой гэж боддог вэ. Манай улсын хувьд хувийн хэвшлээ дэмжих бус дарамтлах бодлого нь илүү гэдэг шүүмжлэл байдаг шүү дээ…?

-Өмнөх сангуудыг цөлмөснийг бодохоор айх, болгоомжлох бодол өөрийн эрхгүй төрж байгаа. Гэхдээ тэглээ гээд стратегийн орд болон баялгийн сангийн асуудлуудыг хэт улстөржүүлж, популизм хийж, иргэдэд буруу мэдээлэл ойлголт ихээр өгч байгаад маш их харамсаж байна. Стратегийн ордуудаас орж ирж байгаа татвар хураамжийн тодорхой хувийг Баялгийн санд хуримтлуулах ёстой. Бас нэмж хэлэхэд, Баялгийн сан бол бэлэн мөнгө, түүнтэй дүйцэх зүйлийг тараадаг сан бүр ч биш. Баялгийн санг ирээдүйд эдийн засгийн тогтвортой байдал, хөгжлийг дэмжих зорилгоор, мөнгөн хөрөнгө болон байгалийн баялгаас олох орлогоо хадгалах, өсгөх зорилгоор байгуулж ажиллуулдаг. Бид энэ жишгээр л явах ёстой. 34 хувийн асуудлаар бас л маш их популизм хийж байна. Зарчмын хувьд хувийн хэвшил хийж чаддаг бизнест төр оролцож өрсөлдмөөргүй байгаа юм. Хувийн хэвшлийн олсон ашгаа тэр эзэд нь идэж уугаад үрж тараагаад дуусгачихдаггүй байх. Тэд олсон ашгаа дахиад шинэ бизнест хөрөнгө оруулдаг, олон ажлын байр бий болгодог, илүү их татвар төлдөг, улсад хэрэгтэй байгаа шинэ үйлчилгээ, ноу-хау, шинэ техник технологийг оруулж ирж улс орноо хөгжүүлдэг. Хувийн хэвшлээ дарамталдаг биш дэмждэг улс л үсрэнгүй хөгждөг гэдгийг бид бүгд мэдэж байгаа.

-Хаврын чуулганаар халамжийн бодлого, халамжтай холбоотой эрх зүйн орчныг шинэчлэх талаар зарим гишүүд хэлж байсан. Ер нь Монгол Улсад халамжийн бодлого хавтгайрсан нь үнэн. Өөрөөр хэлбэл, нэг гараараа халамжлаад толгойг нь илээд байгаа мэт боловч нөгөө гараараа татвар нэрээр асар их дарамтыг хувийн хэвшил болон бизнес эрхлэгчдийн нуруунд үүрүүлж байна. Үүнийг бодлогын хувьд яаж шинэчилж өөрчлөх вэ?

-Татаас, хөнгөлөлт, халамж бол үнэхээр хавтгайрсан. Эрүүл мэндийн салбарын төсөв 2.5 их наяд төгрөгөөр батлагдсан. Үүний 50 хувь нь татаас. Нийгмийн хамгааллын төсөв дээр ажил олгогчид 2.8 их наядын, ажилчид 2.3 их наядын шимтгэл төлж байгаа дээр нэмээд татвар төлөгчид 1.5 их наядын татаас нэмж авч байна. Энэ мэт татаас, хөнгөлөлт, халамж маш их дүнтэй болчихсон байна. Дүгнээд хэлбэл, ажил хийдэг зүтгэдэг цөөхөн татвар төлөгчид энэ бүх ачааг үүрч байна гэсэн үг. Засгийн газар төсвөөс олгож байгаа бүх төрлийн татаас, урамшууллын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөлд судалгаа, шинжилгээ хийж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих, төсвийн ачааллыг бууруулах зорилтуудыг уялдуулах санал боловсруулж УИХ-д энэ хавар танилцуулах ёстой. Нийгмийн даатгал маш том татвар болчихсон нь үнэн. Одоогоор Б.Түвшин гишүүн энэ асуудал дээр хууль санаачлаад явж байгаа. Засгийн газраас ч бас санал өргөн барих байх гэж бодож байна. Бид өнөөдрийн энэ халамжийн сэтгэлгээг яаж өөрчлөх вэ гэдэг маш хэцүү асуулттай тулгарчихлаа. Халамжийг тараах маш амархан, харин эргээд танах, цэгцлэх маш хүнд байдаг гэсэн. Халамж тойрсон улстөржилт, популизм ид хүчээ авсан цаг үе. Тиймээс сэтгэлгээний, тогтолцооны, бүтцийн том өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж байгаа.

Э.МӨНХТҮВШИН

5 replies on “Ж.Баярмаа: Засгийн газрын “бал сар” аль хэдийнэ дуусчихсан, одоо бодитой ажил хийх цаг нь болсон DNN.mn”

Баярмаа Лодойсамбуу хоёрыг улныхан дэмжих хэрэгтэй.

Gants ug taalagdav. Odoo ali hediin ehluultsen ajluudaa, tosluudee ur ashigtai baihad anhaarmaar bna. Sainshand Petroleum factory, oor yu yu ch bilee er him huchnii tosluud geh met. Tedniigee duuschihaad busad mega tosluudee yarih heregtei, manai uls yoroolgyi ih mungutei bish shuu dee.

Данх шиг чадваргүй, мэдлэггүй, боловсролгүй, туршлагагүй тэнэг ерөнхий сайд урд өмнө үнэхээр огт байгаагүй нь үнэн. Мөн данх шиг хорон муу санаатай, увайгүй, худалч, чалчаа, попордог ерөнхий сайд мөн байгаагүй.

Ерөнхий сайдад энэ охины хэмжээнд ч хүрэх мэдлэг, арга ухаанч алга даа. Чаддаггүй юмаа гэхэд хэлж ярьсаныг нь хэрэгжүүлэхэд улс хөгжинө дөө. Ядаж төрийн данхар бүтэцээ 60-70% бууруулаад хувийн хэвшилд олон ажлыг өгөөд, татвар хураамжаа багасгаад, халамжаа бууруулаад ажилын байруудыг бий болгоод гээд БАЯРМАА гишүүн бүгдийг л хэлчихжээ.

Oyunerdene ogtsorj orond oo Munkhorgil iig avchirj tavimaar baina, Altanhuyag shadar said boluul aj ahuin ajil sain hiih bh. Za Choijilsureng ZG s hol bailgahq bol gadnii sanhvvjilteer l amidraad baiga haragddag shu. Uls ornoo bodohq bol udahq delhi dahind evgvi baidal vvseheer baina da. Yaana da MGL chuud mine.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *