Израилийн Засгийн газар ХАМАС бүлэглэл гэнэт халдсаны дараа “Уг бүлэглэлийн толгойлогчдыг хаана ч байсан олж устгана” гэж дэлхий нийтэд зарлаж байсан билээ. Тэгвэл Ираны шинэ ерөнхийлөгч Масуд Пезешкяны тангараг өргөх ёслолд оролцсон ХАМАС бүлэглэлийн толгойлогч Исмаил Хание Израилийн пуужингийн цохилтод өртөн Тегеранд өөрийн бие хамгаалагчийн хамт амь үрэгдэв. Мөн үүнээс хэдэн цагийн дараа Хезболлагийн удирдагч Хассан Насраллагийн ойрын зөвлөх, ахлах командлагч Фуад Шукрыг Ливаны Бейрут хотод устгасан билээ. Исмаил Хание нь ХАМАС-ын Улс төрийн товчоог тэргүүлж, Газа дахь Палестины засаг захиргааны ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд тэрээр сүүлийн жилүүдэд НҮБ, Европын Холбооноос палестинчуудад зориулан өгсөн мөнгөөр Катарт тэрбумтан мэт амьдарч байсан юм. ХАМАС-ын толгойлогчийг амь үрэгдсэний дараа Ираны Гадаад хэргийн яам “Ханиегийн үхэл нь Тегеран, Палестины эсэргүүцлийн хөдөлгөөний хоорондох гүн гүнзгий, салшгүй холбоог улам бэхжүүлнэ” гэж мэдэгдсэн. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэд сайд Михаил Богданов энэ үйл явдлыг “Улс төрийн хувьд огт хүлээн зөвшөөрөгдөх ёсгүй аллага. ХАМАС-ын удирдагчийн үхэл нөхцөл байдлыг улам хурцдахад хүргэнэ” гэж анхааруулжээ. Мөн Туркийн Гадаад хэргийн яам уг явдлыг “Тегеран дахь гутамшигт аллага” гэж нэрлэн буруушааж “Энэ халдлага нь Газын зурвас дахь дайныг бүс нутгийн хэмжээнд өргөжүүлэх болно” гэж мэдэгдэв. Иордан “ХАМАС-ын удирдагчийг Израиль хөнөөсөн явдлыг бид хамгийн хатуугаар зэмлэн буруушааж байна. Энэ явдал бүс нутагт хурцадмал, эмх замбараагүй байдал үүсэхэд хүргэнэ” гэж мэдэгдсэн. Ливаны ерөнхий сайд Нажиб Микати засгийн газраа яаралтай хуралдуулж бүс нутаг ноцтой хурцадмал байдалд орсныг анхааруулав. БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лин Жиан “Энэхүү хүн амины хэргийг манай улс эрс эсэргүүцэж, зэмлэн буруушааж байна. Бид тус бүс нутагт шинэ эмх замбараагүй байдал үүсч байгаад гүнээ түгшиж байна. Газад иж бүрэн бөгөөд байнгын гал зогсоох явдал хэрэгтэй байна” гэж мэдэгджээ.
Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи “Израиль Ханиег хөнөөсөн хэргийнхээ төлөө хатуу шийтгэл хүлээх болно” гэж мэдэгдсэн. Харин Израиль улс ХАМАС бүлэглэлийн толгойлогчийг хөнөөсөн хэргийн талаар ямар нэгэн тайлбар өнөөг хүртэл хийгээгүй байна. Юутай ч Ханиегийн амийг хөнөөсөн явдал Газын зурваст гал зогсоох хэлэлцээр болон барьцаалагдсан хүмүүсийг суллахад том саад учруулаад байгаа юм. Ливаны Хезболла нь Ираны шууд дэмжлэгээр армийн зохион байгуулалттай болж чадсан цорын ганц хүчирхэг зэвсэгт бүлэглэл юм. Иймээс барууны эрх баригчид Иран улсыг эртнээс дэмжиж ирсэн Хезболлагаар дамжуулан Израилийн эсрэг цохилт өгөх вий гэж эмээж байна. Учир нь цэргийн шинжээчид ч Иран бус Хезболла Израилийн хооронд байлдаан өрнөж магадгүй гэж үзэж байгаа билээ. Ийнхүү Израиль болон Ливаны радикал шиит Хезболла хөдөлгөөний хооронд мөргөлдөөн хурцадсан энэ үед Бейрут дахь Их Британи, АНУ, Швец, Франц, Канад, Иорданы Элчин сайдын яамдаас Ливан дахь иргэдээ нэн даруй энэ улсыг орхин явахыг уриалав. Их Британийн Элчин Сайдын Яам арилжааны нислэгүүд боломжтой байгаа дээр Ливанаас нисэхийг иргэддээ зөвлөсөн бол АНУ-ын Элчин Сайдын Яам иргэддээ “Тухайн нислэг таны сонголттой таарахгүй байсан ч аль болох боломжтой тасалбар захиалж Ливанаас аль болох хурдан гарч явах хэрэгтэй байна” гэж уриалсан байна.
Голаны өндөрлөгт болсон цохилтын үеэр хөл бөмбөг тоглож байсан 12 еврей хүүхэд нэг дор амиа алдсаны дараа Израиль болон Ираны харилцаа эрс хурцадсан юм. Энэ явдлын дараа Израиль ХАМАС-ын тэргүүн болон Хезболлагийн нэг гол удирдагчийг устгасан бөгөөд хариуд нь Хезболла бүлэглэл Израилийн хойд хэсгийн Бейт Хиллел хот руу олон арван пуужин харвасан. Израилийн агаарын довтолгооноос хамгаалах “Төмөр бамбай” систем Хезболлагийн пуужингуудыг хэрхэн сөнөөж буйг олон нийтийн сүлжээнд байршуулж, уг цохилтод хүний амь нас хохироогүй билээ. Үүний хариуд Израилийн Агаарын цэргийн хүчин Ливаны өмнөд хэсэгт байрлах объектуудад томоохон хариу цохилт өгсөн. Мөн Израилийн Холон хотод хоёр хүн хутгалуулан амиа алдаж, халдлага үйлдэгчийг цагдаа нар газар дээр нь устгасан юм. Ийнхүү Израиль болон Хезболла хөдөлгөөний хооронд тулалдаан өрнөж магадгүй болсон тул Пентагон “Ойрхи Дорнодод хурцадмал байдал үүсч байгаа учир АНУ-ын армийн командлал “Абрахам Линкольн” хөлөг онгоцоор удирдуулсан АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээгч хөлөг онгоцны цохилтын бүлэг(ACG)-ийг Израилийг хамгаалах зорилгоор Газар дундын тэнгис рүү илгээсэн” гэж мэдэгдэв. Уг бүлэгт нисэх онгоц тээгчээс гадна түүнийг хамгаалах олон байлдааны хөлөг онгоцууд багтдаг. Нийт 7500 орчим боловсон хүчин бүхий бүлэг юм. Иран болон түүний холбоотнууд өнгөрсөн лхагва гаригт алагдсан ХАМАС-ын удирдагч Исмаил Хание болон Хезболлагийн командлагч Фуад Шукр нарын үхлийн төлөө Израилийн эсрэг зайлшгүй хариу арга хэмжээ авна гэж амласны дараа АНУ тус бүс нутаг дахь цэргийн оролцоог нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь ийнхүү хэрэгжиж эхлэв. Цэргийн зарим шинжээчид энэхүү цохилтын бүлэг АНУ-ын дуунаас хэт хурдан, дайсны тал сөнөөх боломжгүй, нэн шинэ дунд зайн пуужингуудаар тоноглогдсон гэдгийг онцолсон байна.
Г.АМАРСАНАА