Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Итали орноор аялсан тэмдэглэл DNN.mn

Түүхээс Хубилай хааны үед Монголд ирсэн худалдаачин Марко Поло, Леонардо да Винчи, түүний “Мона Лиза” хэмээх агуу уран зураг, хэдэн зуун жил болж буй хэрнээ унадаггүй Пизагийн цамхаг, одоо цаг руу ирвэл итали дуу, итали гутал, “Наймаалж” цувралын комиссар Каттанигаар төсөөлөгддөг Итали хэмээх орныг нүдээр үзэхийг мөрөөддөг хүмүүс олон буй за. Би тэдний нэг байлаа. Байлаа гэдгийн учир гэвэл тун саяхан мөрөөдөл биелж Италийн хойд хэсэгт оршдог дэлхийн хамгийн үзэсгэлэнт хотуудын нэг Венец болон нийслэл Ром хотоор хэд хоног аялаад ирэв ээ.

Хоёр хүнтэй манай аяллын багийн ахлагч, хөтөч нь миний охин. Тэрээр БНСУ-ын их сургуульд суралцдаг бөгөөд“Чусок” буюу ургацын баярын өдрүүд таарч хэд хоногийн амралтаа Итали руу ээжийгээ дагуулан явсан нь тэр юм. Нийтдээ долоо хоногийн аяллын хоёр өдөр нь очих, ирэхэд зарцуулсан учраас Италид өнгөрүүлсэн хоног маань тав. Хэдий богино хугацаа боловч их зүйлийг үзэж харж болдгийг өөрийн биеэр баталлаа.

Аяллын маршрут гэвэл миний бие “Чингис хаан”нисэх онгоцны буудлаас эхлэн Германы Франкфуртээр дамжин Венец очих. Харин аяллын ахлагч маань Солонгосын Инчоны онгоцны буудлаас Мюнхен хүрч, тэндээс Италийг зорих. Бидний уулзах цэг нөгөө Марко Пологийн нэртэй онгоцны буудал Венец.

Улаанбаатарт МИАТ-ийн онгоцонд бүртгэлээ хийлгэхээр дугаарлаж байхад нэгэн залуу гэр бүл охиноо Англи руу хэлний курст явуулахаар гаргаж өгч байгаагаа яриад, намайг хаана очих вэ,Лондон явах уу, охиноо

захиж туслуулах гэсэн юм гэлээ. Бараг 9 цаг нисч Франкурт ороод, дараа нь бүтэн 5 цаг онгоцны буудал дээр хүлээж байж цааш нисэх онгоцондоо сууна, ачаа ихтэй хэмээн санаа зовж байсан. Би тэднийг залуу хүүхэд юу ажрах вэ, гар утас нь дататай бол бүгдийг заагаад өгнө гэж мэдэмхийрэв. Яг үнэндээ би өөрөө Франкфуртэд буугаад Terminal 2-оос Ter­minal 1 рүү яаж очихоо ч мэдэхгүй, дотроо түгшисхийж суусан билээ. Бүртгэл дуусч удалгүй онгоцондоо сууцгаав. Тэр охин, бид хоёрын суудал зэргэлдээ таарсангүй. Хажууд суусан монгол залуу бас л англи хэлний курст явж байгаа гэв. Анх удаа хилийн дээс давж буй ажээ. Бас л нэг терминалаас нөгөө терминал руу яаж хүрэх, 5 цаг хүлээх гээд төстэй “асуудалтай”.

Миний хувьд Итали руу зам нийлэх хүн надаас өөр энэ онгоцонд бий эсэхийг тандаад алга гэж ойлгоод бяцхан урам хугарч билээ. Гэхдээ дажгүй ээ. Терминалаа төвөггүй солиод бүртгэлээ хийлгэж нислэгийн A19 гарцан дээр хүлээж байтал өөрчлөгдөж A32 gate болж хувирав. Тийшээ хүрч одоо дахин өөрчлөгдөхгүй биз хэмээн нислэгийн хуваарийн самбарыг нүд алгасалгүй ширтэж суухдаа энэ тухайгаа аяллын ахлагч руу чатаар илгээхээ мартаагүй ээ.

Харин намайг терминалаа олохгүй будилах вий гэж санаа зовсон ахлагч маань ихэд санаа зовж, бүр Италид суралцагчдын группээр орж манай ээжийг онгоцны буудалд тосох хүн байгаа юу хэмээн асууж сурагласныг хожим мэдсэн л дээ. Аялалд гарахын өмнөх өдрөөс над руу яаж терминалаа солих бичлэгийг хүртэл илгээж үүнийг олон дахиж үзээрэй гэж захисныг нь яана. Италийн Венец явах хүн надаас өөр байгаагүй ээ. Харин Монголоос Italy7 гэсэн Roaming үйлчилгээ авснаар мэдээллээ авалцах боломжтой байж, үүндээ Мобикомын хэрэглэгчийн хувьд талархаж явлаа.

Венец рүү хөөрсөн нисэх онгоцны үйлчлэгчид ахмад хүмүүс байсан нь тун сонин санагдсаныг нуух юун. Хоёр эрэгтэй, нэг эмэгтэй. Эмэгтэй нь сагсанд хийсэн жижигхэн шоколадаар, хоёр эрэгтэй нь цэвэр усаар бидэнд үйлчиллээ. Нэг мэдэхэд Венецийн Марко Поло нисэх буудалд газардах гэж буйг зарлах нь тэр. Миний ачаа гэж үүргэвч, усны сав, хийлдэг дэр, жижиг чемоданд хэдэн солих хувцас л байлаа.

Ахлагчийн суусан онгоц цагаасаа 1 цаг 30 минут хойшилж би нисэх буудал дээр хэсэг хүлээх зуур нэг аяга халуун цай авахаар дугаарлатал нэг охин над руу дөхөж энэ бохийг аваач гээд байгаа бололтой (миний ойлгосноор), би үгүй гэж толгой сэгсрэх зуур ард зогсож байсан залуу намайг та монгол хүн үү гэж оросоор асууснаар яриа өрнөж нэг мэдэхэд залуу, түүний эхнэр, бас тэдний итали найз нарын ширээнд уригдаж хэсэг ярилцлаа. Тэр залуу Украин, эмээ өвөө нь Монголд очиж байсан, эхнэр нь орос, бас хамт байсан итали гэр бүлийн эхнэр нь сэтгүүлч, нөхөр нь зураач гэдгийг ч мэдлээ. Эцэст нь бид гар утасны дугаар, фэйсбүүк хаягаа солилцож рестораны зөөгчөөр зургаа хамтдаа даруулаад салцгаасан юм.

Удалгүй охины онгоц газардаж бид хоёр тэврэлдэн уулзалдлаа. Гадаа хэдийнэ харанхуй болсон байлаа.Тэдний цагаар шөнийн 23:45. Төд удалгүй байрлах байрныхаа зүг нарийхан тахир гудмаар чулуун замаар байрны гадаа очин кодыг оруултал хаалга онгойж харанхуй тул үүдэн дэх унтраалгыг дарахад сая гэрэл гарч, арай дэндүү хуучин, төөрдөг байшин ч юм шиг санагдлаа. Би тэрүүхэн агшинд тэр холоос ийм муухай байшинд хоноглох гэж мөнгө, цаг хугацаагаа зарах гэж хэмээн санаагаар унах шиг болов. Буцъя гэлтэй биш, зүүн гар тийшээ эргэн хоёр давхар руу чулуун шатаар дээш өгсөж дахин хаалганд туллаа, бас дахин код хийснээр сая өрөөндөө орж би жаахан тайвширлаа. Өрөө нь том, эхлээд гал тогооны том өрөө, ариун цэврийн, усанд орох өрөө нь нэг, бидний орсон өрөөний яг өөдөөс нь харсан өрөө. Тааз нь өндөр эртний модон дээвэртэй цэвэр эко. Ариун цэврийн өрөөний хаалгыг нь онгойлгож хаахад муухай чийхарч дуугарна, хүч их шаардагдана. Эртний модон хаалгууд гажиж суулт өгсөн бололтой. Тэр байрны эзэн гэж ямар хүн байдгийг би хоёр хоногт хараагүйгээр барахгүй бас ямар хүн өрөөний хог авч цэвэрлэгээ хийснийг мэдээгүй өнгөрсөн. Яагаад гэвэл энэ нь хоногоор байр түрээсэлдэг, өрөө юм байна.

Маргааш өдөр бидний аялал Мурано, Бурано руу усан онгоцоор аялах байлаа.

Италийн Венецийн Мурано, Бурано арлын хагас өдрийн аялал

Хуучны нарийхан гудамжнууд, том жижиг гүүрнүүд, гондола завь, далайн үнэр гээд зүгээр л тэр чигтээ сайхан хот юм. Эртний байшин барилгын дундуур завиар явах нь надад анхны удаа учраас тун сонин содон байв. Даанч нарийхан гудамжнуудаар үй олон жуулчид багталцаж ядан хөл дээр гишгэх нь энүүхэнд, би цөөн биш удаа хөл дээрээ гишгүүлсэн, тэд харин манай монголчууд шиг хөл дээр гишгэхээр уучлаарай гэж гар барьдгийг даанч мэддэггүй нь сайхан. Амар ч юм уу? Би бас өөрөө нэг эмэгтэйн хөл дээр нь гишгэсэн, золтой л уучлал гуйж гар бариагүй тэсээд өнгөрсөн. Тэгсэн бол солиорчихож гэж бодох байсан биз.

Бид өглөө 8:00 цаг гэхэд байрандаа ус буцалгаж халуунаа барьдаг саванд хийж аваад гарлаа. Гудамжаар нь хөл хөдөлгөөн хэдийнэ нүргэлж, суваг усаа цэвэрлэж байгаа бололтой моторт завь зогссон бохирыг соруулж байгаа харагдлаа. Бас л эвгүй дасахгүй үнэр гарч байна лээ. Тэдний алдартай гэгдэх “Ma­ger bakery”орж яргай загастай хавчуурга, охин маань тоор жимстэй жигнэмэг зэргийг авч тэндээ цайлав. Дараагийн очих газар Италийн “Canod” супермаркет байлаа. Италид гурван жил гэр бүлээрээ амьдарсан хүн манай охинд энэ дэлгүүрийн картаа явахад нь өгсөн юм байна. Манайхны “Номин” супермаркеттай ойролцоо. Италид тэр үнэтэй пицца, пастагаар өдөр бүр хооллоно гэж байхгүй, монгол хүн шөлтэй хоол хийж идэж байвал зүгээр, Италийн үхрийн мах нь зөөлхөн, төмс нь амттай гэж хэлснээр дэлгүүр орж йогурт, талх мөн яргай загас гээд худалдан авч картыг нь уншууллаа. Авсан барааны үнийн дүнгээс 20 хувийг хассан байв.

Буудалдаа буцаж ирэхэд өрөөг цэвэрлэсэн, алчуурууд сольж нэг удаагийн биеийн саван орон дээр тавьсан харагдав. 10:00 цагаас усан онгоцны боомтын 2 дугаар гарц дээр очиж Венецийн Мурано, Бурано гэгдэх арал руу явах аялалдаа яаравчлав. Тухтай явж хүрсэн. Усан онгоцны хөтөч биднийг шилний үйлдвэр үзээд дараа нь дэлгүүр ороод 13 цаг 30 минут гэхэд онгоцны зогсоол дээр ирсэн байхыг хатуу анхааруулав.

Мураногийн шилний үйлдвэр нь дэлхийд алдартай, Итали улсын бахархал нь болсон брэнд юм байна. Тэнд жуулчдыг суулгаж бидний нүдэн дээр хижээл насны эрэгтэй гартаа урт бариулд шилийг халаасан зууханд хийж үлээн хонхон цэцэг хэлбэрт оруулан төд удалгүй өнгөнд оруулан дэлбээгээ дэлгэж буй цэцэг болгон харуулсан нь гайхалтай байв. Бид ч алга ташин баярласнаа илэрхийлсэн. Хоёрдугаар давхарт шилээр төрөл бүрийн бэлэг дурсгалын зүйлийг хийж түүнийгээ үзэсгэлэн болгосон, тэр шилэн урлалаас худалдаж авахыг санал болгож жуулчдын нүдийг хужирлав.

Дараа нь Бурано арлыг үзсэн.

Венец хот нь Адриатын тэнгисийн дагуух хэдэн зуун жижиг арлаас бүрддэг юм байна. Арлууд өнгөлөг, байшингууд нь даруухан харагдана. Цаг агаарын хувьд салхи салхилсан зэврүүн жиндүүхэн. Хаа сайгүй жуулчид хөлхөж зургаа даруулж дурсамжаа бүтээнэ. Бид ч тэднээс юугаараа дутахав, эртний даруухан барилгын дэргэд, гүүрэн дээр утсаараа зөндөө зургаа авлаа. Ахлагч бас зураг дарах камераа суурилуулах хөл авчирсан тул түүнийгээ зоосон тул хэн нэгнийг зураг дарж өгөөч гэж гуйгаагүй юм.

Нээрээ италичууд уух усыг рашаан гэх бөгөөд гудамжинд нь цоргоны ус нь гоожсоор л хүмүүс усны савандаа тосоод ууж харагдана. Цэвэр ус, рашаан нь тэгээд л гудамжинд нь байдаг сонин. Италийн хотуудад усан оргилуурууд олон байдаг тул жуулчид усны саваа цэвэр усаар үнэ төлбөргүй дүүргэж авцгаадаг. Эрүүл ахуйн хувьд аюулгүй .

Тэдний өвөг дээдсээс уламжлал болсон нэхсэн торны цехүүдийг үзлээ. Ширээний бүтээлэг, хуримын даашинз зэргийг гараар нэхэн хатгаж гар урлал хөгжсөн, удам дамжин гэр бүлээрээ үйлдвэрлэл явуулж уран бүтээлээ худалддаг жижигхэн хувийн дэлгүүрүүд ихтэй. Жуулчдад Венецийн магнит, алчуур зэргийг санал болгодог.

Ийнхүү Мурано, Бураногийн аяллыг дуусгаад байрандаа иртэл хэдийнэ 16 цаг болсон байлаа. Тэгээд аяллын алжаалаа тайлж усанд орж орой гадуур хооллох бодолтой байтал таныг онгоцны буудлаас тосох гэж байсан, энд сурдаг монгол оюутан ирсэн байна, хамт хооллонгоо эндхийн өөр газуудаар явж үзэх үү гэж ахлагч хэллээ. Би мэдээж татгалзсангүй. Тэр монгол оюутан Венец хотноо банк санхүүгийн чиглэлээр сурдаг бөгөөд ирээд жилийн нүүр үзэж байгаа ажээ. Биднийг том гүүр рүү дагуулж, мөн тэндхийн сүмд очлоо.

Сүмийн хажууд Италийн алдарт зураач, шинжлэх ухааны суут ухаантан Леонардо да Винчи музейг үзэх гэтэл хэдийнэ хаалгаа барьсан байлаа. Цагийн хуваарь нь 10:00-18:30 байжээ. Гаднаас нь зургийг нь авч зургийн архивтаа хадгалав. Тэгээд оюутан залуугийн санал болгосноор пицца паста биш загастай хоолны газарт оройн зоог барьж Монголын болон итали хүмүүсийн тухай сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Монгол оюутан залуу биднийг галт тэрэгний вокзалд өглөө хүргэнгээ аавдаа авсан цамцаа өгөөрэй гээд бидэнд дайв.

Маргааш өглөө эрт 06:30-аас галт тэргэнд сууж Ром хот руу хөдөллөө.

Италийн нийслэлд ирээд автобус, метрогоор дөрөв хоног зорчих тасалбараа автоматаас авчихлаа. Ром хот маш их чимээ шуугиантай ажээ. Манайд бол мотоцикл ганц хоёр явахад хичнээн чимээ гардаг билээ, тэгвэл энд ганц биш бөөн мотоцикл давхилдана. Түргэний машин бас дуут дохиогоо чангаар дуугарган явна. Метроны буудал дээр хаа сайгүй тамхи татсан хүмүүс. Бид Roma S.Pietro гээд метроны буудлын ойролцоо, нэг ёсондоо хотын төв дүүрэгт, орон сууцны байранд бас л Airbnb-гээр өрөө хөлсөлсөн юм. Венецийнхээс ялгаатай нь зохион байгуулагч гэж махлаг хүүхэн биднийг уриалгахнаар угтлаа. Дөрөв хоног байрлах мөнгөө бэлнээр төлтөл 10 хувь хямдруулав. Харин эндхийн цахилгаан шатыг германчууд хийж өгсөн, 100 жилийн настай тул болгоомжтой харьцахыг зөвлөв. Тэр цахилгаан шатны бүхээг нь модон хаалгыг өөрсдөө гараараа хааж нээдэг. Гал тогоонд хоол хийж идэж болно. Хөргөгч, угаалгын машин, индүү мэт хаана байгааг зааж өгөв. WiFi pass­word хүртэл ханан дээр бичээд наасан байлаа.

Бид цаг алдалгүй 64 номерын автобусаар явж тойрон аяллын автобусны зогсоол дээр ирж хүлээв. Биднийг харсан жуулчид дотроос солонгос, эсвэл япон бололтой хүн хаанаас ирснийг асуув. Бид монгол хүмүүс, ээж бид хоёр аялж явна гэхэд тэд өөрсдөө солонгосчууд, Америкт амьдардаг, бидэнтэй хамт автобусаар аялах болсондоо баярлаж байна гэх мэтээр хэсэг ярилцлаа.

Ром хотоор аялах жуулчны автобус нь хоёр давхар,чихэвч танилцуулга өгнө, ямар хэл дээр сонсохоо сонгоно. Мэдээж монгол хэл дээр байхгүй. Ингээд аялал эхэлж нөгөө алдартай Col­osseum буюу “Колосэй” үзэв. Эрт цагт гладиаторууд амьтадтай, өөр хоорондоо тулалдаж цаазлуулж байсан газар.Ром нь эцэс төгсгөлгүй олон дурсгалт газруудтай том хот тул жуулчид ингэж автобусаар үзэх нь зүйтэй санагдлаа. Автобусны хоёр дахь давхрын хамгийн урд эгнээний нүүрэн талд суугаад хотын төв гудамжаар нь тойроход бүгд л тов тодорхой харагдана. Чихэвчээр аудио тайлбарыг сонсоод явсан. Тэгээд бид эхэлж суусан газартаа буулаа.

Бидний дараагийн очиж үзсэн газар бол Треви усан оргилуур байлаа. Ром хотын хамгийн том барокко стильтэй, дэлхийн хамгийн алдартай усан оргилуудын нэг.Орон орны жуулчдын дуу нь улам чангарч сэтгэл нь хөөрсөн хүмүүс шахцалдан бие биесээ түлхэлцэн өрсөж зоосоо шидэж зургаа авахуулах гэж үймэлдэхийг энд харна. Бид ч тэдгээр хөөрсөн хүмүүсийн сийрэхийг түр хүлээн хүслээ шивнэн баруун гартаа мөнгөө барьж зүүн мөрөө давуулан шидлээ. Энэ усан оргилуурт цугларсан зоосыг хотын захиргаа нь цуглуулан хотынхоо эмзэг бүлгийн хүмүүст зориулдаг гэдгийг мэдээллээс сонссон бидний шидсэн зоос хүртэл бас буяны ажилд нэмэр болж буй нь сайшаалтай.

Дараа нь Ватиканы сүмийн урд очиж зургаа даруулж, усан оргилуурын чимээг аудио бичлэг хийн хураан авсан. Ром бол тэр чигээрээ хот төлөвлөлтийн урлагийн шилдэг бүтээлүүд юм. Зам нь тэр чигээрээ чулуугаар өрсөн. Эндхийг гудамж талбайгаар бид өдөрт бугуйн цагийн алхалт хэмжигч харахад заримдаа 25 км хүртэл алхсан байв. Нэлээн урт алхсан тул хөлний уландаа наалттай унтахад өглөө хөлний алжаал тайлагдсан байдаг юм.

Бидний аяллын дараагийн арга хэмжээ бол ахлагчийн төлөвлөгөөнд ороогүй, зөвхөн миний санаачилга байсан юм. Бяцхан түүх өгүүлэхэд, тэртээ 2002 онд Италийн дуучин, Сан Ремо хөгжмийн наадамд удаа дараа түрүүлсэн Пупо буюу Энзо Гиннаций Монголд уригдан ирж тоглолтоо хийснийг миний үеийнхэн санаж байгаа биз. UB palace-ийг доргиосон тэр тоглолтын дараа Пупо-той фэний хувьд зургаа авахуулах завшаан тохиолдсон юм. Тэгээд Итали явахаас хэд хоногийн өмнө түүний менежертэй холбогдож Италид аялах болсон тухайгаа болон 22 жилийн өмнө авахуулсан зургаа и-мэйлээр нь илгээтэл Италид ирээд утсаа өгч What`s Up-аар холбогдоорой гэсэн хариу ирсэн юм.

Ингэж харилцсаны дүнд “Hotel De Russie”- гийн ресторанд өглөөний 10 цагт дуучинтайгаа уулзахаар тохиролцсон. Манай буудлаас 20 минут алхаад хүрэх газар байв. Бид хоёр ч буудлын үүдэнд цагаасаа өмнө ирсэн. Энэ буудлын тухайд гэвэл Ром хотын төв хэсэгт байрладаг, энд уран бүтээлч, зохиолч, одод, улстөрчдийн байнгын үйлчлүүлэх дуртай зочид буудлын нэг бөгөөд Энзо Гиннаций дуучны телевизийн студи урд нь байрлаж байсан гэдгийг дуучин яриандаа дурдсан.

Ингэж би Италийн Венец, Ром хотын үзэсгэлэнт түүхэн дурсгалт газруудаар аялахдаа өөрийн шүтээн, домог болсон дуучинтай 22 жилийн дараа нүүр тулан уулзаж хэзээ ч мартагдашгүй яриа өрнүүлсэн юм. Эцэст нь бид зургаа хамт даруулж урьд нь авахуулсан зургийнхаа ар талд нь гарын үсгийг нь зуруулан авсан. Дараа дэлгэрэнгүй өгүүлнэ ээ. Юм бүхэн учиртай гэж үүнийг хэлэх байх. Одоогоос хорин жилийн өмнө Итали явсан танил маань надад Рома гэсэн хүзүүний алчуур, түлхүүрний оосор, шоколадтай өгөөд Итали орныг үзээрэй гэж ерөөсөн. Танилын минь захиас ийнхүү биеллээ олсон юм.

Улс орнууд газрын байрлал, байгаль орчноороо төдийгүй соёл, ёс заншил, өв уламжлал гээд олон зүйлээр хоорондоо ялгаатай. Монгол Улс эрийн гурван наадмаар Хятад улс шаазан, цай, торго гээд, тэгвэл Итали улс нь пицца, паста, амтат дарсаар танигдаж дэлхийн гайхамшигт өвийн бүртгэлд 50 орчим нь багтсан байдгаас манай бяцхан аяллын баг энэ богино хугацаанд бүгдийг нь үзэж амжаагүй ч ихийг үзэж нүдээ хужирлаж чадсан юм.

Сэтгүүлч Ц.Отгонсүрэн

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *