Categories
гадаад мэдээ

ISW: Оросын арми нэг л чиглэлд довтлох боломжтой DNN.mn

Америкийн Дайн Судлалын Хүрээлэн(ISW) Украины фронтын үйл явдлын талаарх хамгийн сүүлийн тайландаа “Оросын арми одоо нэгээс илүүгүй чиглэлд л довтлох боломжтой болсон. Энэ чиглэл нь Донецк мужийн баруун хэсэг, тухайлбал саяхан Оросын армийн мэдэлд орсон Авдеевка хотын нутаг дэвсгэрээс эхэлж магадгүй байна” гэж бичжээ.

Өнгөрсөн сарын 30-нд Авдеевка орчмын Тоненкое тосгоны ойролцоо болсон Оросын армийн бүтэлгүйтсэн довтолгооны чиглэлд Оросын арми хүчээ төвлөрүүлж дахин довтлох магадлал өндөр байгааг мөн онцолжээ. Уг тайланд дурдсанаар, энэ хэсэгт Украины цэргүүд Оросын цэргийн 36 танк, 12 явган цэргийн байлдааны машин бүхий бүхэл бүтэн механикжсан батальоны довтолгоог няцааж Оросын 12 танк, явган цэргийн 8 байлдааны машиныг устгасан” гэжээ. Хиймэл дагуулын дүрс бичлэгээс харахад Тоненкое тосгоноос баруун хойд зүгт орших зам дагуу Оросын олон тооны хуягт машин, танкууд устгагдаж, эвдэрсэн байна гэж тэмдэглэсэн байна.

Дайн судлалын хүрээлэнгийн шинжээчдийн үзэж байгаагаар Авдеевкаг  эзэлснээс хойш Оросын цэргүүд ийм довтолгоон хийгээгүй байсан тул гуравдугаар сарын 30-нд болсон довтолгоон няцаагдсан явдал байлдааны цаашдын өрнөлд чухал ач холбогдолтой баримт болж байна гэж дүгнэжээ.

“ISW”-ийн шинжээчид Харьков-Луганскийн чиглэлд Бахмутын ойролцоо, Авдеевка болон баруун Запорожье мужид Оросын цэргийн хүч төвлөрч байгааг анхааруулаад, гэхдээ Оросын цэргийн боловсон хүчний асуудал, байлдааны ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх чадвар дутмаг байгаагийн улмаас Оросын арми зөвхөн нэг чиглэлд л төвлөрсөн, өргөн цар хүрээтэй довтолгоо хийх боломжтой гэдэгт итгэлтэй байна гэсэн дүгнэлт гаргасан байна.

 

Г.АМАРСАНАА

One reply on “ISW: Оросын арми нэг л чиглэлд довтлох боломжтой DNN.mn”

Амарсанаа бичсэн бол худлаа л байж таараа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *