Categories
гадаад мэдээ

Ильхам Алиев: ОХУ буруутай гэдгийг би итгэлтэйгээр хэлж чадна DNN.mn

Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-нд Бакугаас Грозный руу нисч явсан “Embraer E190” онгоц Казахстаны Актау нисэх буудалд буух үеэрээ осолдсон явдалтай холбогдуулан шинэ хурц мэдэгдэл хийв.

Алиев мэдэгдэлдээ дахин ослын бурууг Оросын албаныханд тохож, тэд газраас буудаж манай онгоцыг гэмтээж, байлдааны цахим төхөөрөмжөөр нисгэгчдийг нислэгээ хянах, холбоо барих боломжгүй болгосон гэж буруутгав. Азербайжаны удирдагч нисэх багийн нас барсан гишүүдийн ар гэрийнхэн болон амьд үлдсэн онгоцны үйлчлэгч нартай уулзах үеэрээ гамшгийн мөрдөн байцаалтын явцын талаар тайлбар хийсэн бөгөөд “Энэ гамшгийн улмаас Азербайжаны иргэд амиа алдсанд ОХУ-ын төлөөлөгчид буруутай гэж би итгэлтэйгээр хэлж чадна. Онгоц дроны эсрэг хэрэглэдэг электрон зэвсгийн улмаас хяналтгүй болсон нь өдөр шиг тодорхой байна. Газраас буудсаны улмаас онгоц гэмтсэн гэдэг нь бас илт байна. Гэтэл яагаад онгоцыг Актау руу явуулсан юм бэ? Энэ нь орон нутгийн нислэгийн удирдагчдын шийдвэрээр болсон юм уу, эсвэл нисгэгчид Оросын агаарын орон зай дахь электрон байлдааны систем тэднийг газардах боломжгүй болгосон гэдгийг ойлгоод өөрсдөө ийм сонголт хийсэн үү? Энэ талаар бидэнд одоогоор тодорхой мэдээлэл алга байна” гэж мэдэгдсэн байна. Уг онгоцонд явсан 67 хүний 38 нь амь үрэгджээ. Амиа алдсан хүмүүсийн дунд онгоцны хоёр нисгэгч байсан билээ. Бакугаас Грозный руу нисч явсан “Em­braer E190” онгоц Чечений нийслэлд хоёр удаа газардах гэж оролдсон бөгөөд гурав дахь удаагаа ойртох үед зорчигчид дэлбэрэлттэй төстэй чанга дууг сонссон байна. Үүний дараа онгоцыг удирдахад хүндрэлтэй болж, Каспийн тэнгисийн эрэг дэх Казахстаны Актау хот руу нисч, газарт унаж, бутарч, шатсан билээ.

Энэхүү ослын дараа Владимир Путин “Оросын агаарын орон зайд эмгэнэлт явдал болсон” хэмээн Алиеваас уучлалт гуйж, агаарын довтолгооноос хамгаалах ажиллагааны талаар дурдсан боловч Оросын талын бурууг шууд хүлээн зөвшөөрөөгүй юм. Харин уг гамшгийн шалтгаан нь шувуутай мөргөлдсөн, эсвэл хүчилтөрөгчийн сав дэлбэрснээс болсон байж болзошгүй гэсэн Оросын зарим албаныхны анхны таамагт Азербайжаны удирдагч нэн эгдүүцэж Оросуудаас буруугаа хүлээж нөхөн төбөр төлөхийг шаардсан мэдэгдэл хийж байсан юм. Харин энэ удаа Алиев “Одоогоор эрүүгийн хэргийн бүх материалыг задруулахыг би хүсэхгүй байна. Харин анхан шатны мөрдөн байцаалтын ажиллагаа, түүний үр дүнд энэ гамшгийн улмаас Азербайжаны иргэд амиа алдсанд ОХУ буруутай гэдгийг би итгэлтэйгээр хэлж чадна. Бид шударга ёсыг, буруутай хүмүүсийг шийтгэхийг, бүрэн ил тод байхыг шаардаж байна. Оросын төрийн байгууллагууд энэ үйл явдлыг таслан зогсоох, утгагүй хувилбарууд гаргаж байгаа нь биднийг гайхшируулж, харамсал, зүгээр л эгдүүцлийг төрүүлж байна” гэж хэлжээ. Ерөнхийлөгч Алиев нэмж “Орос ийм тохиолдолд шаардлагатай бүх зүйлийг хийсэн бол эмгэнэлт явдлаас зайлсхийх боломжтой байв. Хэрэв Грозный хотын нутаг дэвсгэрт Оросын агаарын орон зайд шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч, газрын үйлчилгээний бүх дүрмийг дагаж мөрдөж, ОХУ-ын Зэвсэгт хүчин, иргэний хүчний хоорондын уялдаа холбоог хангасан бол эмгэнэлт явдал гарахгүй байсан. Иймээс онгоцны “хар хайрцаг”-ийг орос хүмүүс удирддаг Улс хоорондын нисэхийн хороо (IAC)-нд бид өгөөгүй. Энэ байгууллага бодитой ажил хийх эсэхэд эргэлзэж байгаа тул яриа бичигчийг бид тэдэнд өгөхөөс татгалзсан. Азербайжаны саналын дагуу уг онгоцыг үйлдвэрлэгч орон болох Бразилд “хар хайрцаг”-ийг тайлж байгаа” гэж хэлжээ. Энэхүү ослоос үүдэж олон улс Орос руу нислэг үйлдэхээ зогсоогоод байгаа юм.

 

 

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

One reply on “Ильхам Алиев: ОХУ буруутай гэдгийг би итгэлтэйгээр хэлж чадна DNN.mn”

Ингэж хэлсний төлөө Азарбейжан руу дайрах уу ? Үгүй дээ. Урьд цагт ийм юм болсон бол Азарбейжаныг будаа болгох байсан байх. Өнөөдөр тамираа барсан Орос занаж, зүхэхээс өөр зүйл хийж чадахгүй…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *