Categories
мэдээ нийгэм цаг-үе

HUUCHNIIDUU: Монголд очоод гэр бүл, найзуудтайгаа ойр байсан үе хамгийн гоё мэдрэмж байсан DNN.mn

 Контент бүтээгч Т.Гантөгс (HUUCHNIIDUU)тэй ярилцлаа. Тэрбээр инстраграм хаягтаа 135 мянга, youtube хаягтаа 30.9 мянган дагагчтай билээ.


-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Төгсжаргалын Гантөгс гэдэг. Одоо Солонгос улсад сэтгүүлч, нэвтрүүлэгч мэргэжлээр сурдаг. II курсийн оюутан.

-Саяхан Монголд ирээд буцсан. Энд байх хугацаанд нь ямар нэгэн сонирхолтой зүйл тохиолдов уу?

-Монголдоо амралтаараа очоод ирсэн. Үнэхээр гоё байсан. Хаашаа ч харсан өөрийн эх хэлээрээ ярьж намайг ойлгох гэр бүл, найзуудтайгаа ойр байсан тэр л хамгийн гоё мэдрэмж байсан даа.

Сонирхолтой зүйл гэвэл гурван телевизийн нэвтрүүлэгт оролцсон. Энэ насанд маань маш том дурсамжийг бэлэглэсэн үйл явдал болсон. Яг энэ үед эмээ маань байсан бол гэсэн бодол их төрсөн.

-Монголд өөрчлөгдсөн зүйл юу байв?

-Би унаган Улаанбаатар хотын иргэн. Өөрчлөгдсөн зүйл их байсан.  Хотын төлөвлөлтөд шинээр барилгууд баригдсан байна лээ. За тэгээд үнийн хөөргөдөл, утаа хоёр бол Монголд байснаас хавь илүү хэцүү болсон байсан. Залуучууд маань маш гоё боловсролтой, соёлтой байгаа нь илт анзаарагдсан. Ер нь хөгжил доройтол хоёр яг зэрэгцэж яваад байна даа гэсэн бодол нэлээд төрсөн.

-Солонгост сэтгүүл зүйгээр суралцахад хэр байна вэ?

-Одоогоор хичээл онол дээр тулгуурлаад явж байгаа. Ер нь гоё шүү. Бүх багш, гадаад оюутнуудтайгаа хэл ойлголцоод харилцаад явбал бүр л урам ороод сонирхолтой байдаг. Ойлгохгүй мэдэхгүй зүйл гарсан ч ойлгох гэж эрэл хайгуул хийдэг болохоор нэг талаараа мэдлэгийн өлөн гэдэг зүйл сурдаг. Хаашаа ч харсан юу вэ, юу гэсэн бэ гээд л.

-Эмээтэйгээ өссөн гэсэн шүү дээ.  Эмээтэй холбоотой дурсамжаасаа хуваалцаач?

-Ер нь багаасаа эмээгийнхээ хормойноос зүүгдэж өссөн. Өдийг хүртэлх бүхий л дурсамж, цаг хугацаа маань эмээтэй маань шууд холбоотой. Эмээ маань мэргэжлийн бүжигчин хүн байсан. Хамтдаа олон тэмцээн, уралдаанд явж байхдаа арыг нь бат дааж бүжгийн хувцас, гутал, гоёл чимэглэл, нүүр будаг, цүнхийг нь хариуцаад явж байсан үеүд хэзээ ч мартагдахгүй дурсамж болж үлдсэн дээ.

-Яагаад инстаграм нэрээ “Хуучны дуу” гэж нэрлэсэн юм бэ. Сонирхолтой санагдлаа?

-Солонгос улсад анх ирээд инстаграм нээрээ “huuchniiduu” болгож байсан. Гэртээ дуу сонсож байхад намайг бага байх үед гарч байсан хуучны дуу яваад тэгээд л өөр юу ч бодолгүй шууд “Хуучны дуу”  байна гэсэн бодлоороо нэрээ өөрчилж байсан.

-Хэдэн онд Солонгос явав. Солонгост хувь хүн талаас өөрт тань ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?

-Одоо Солонгос улсад ирээд гурван жил болж байна. Хувь хүн талаас маань шийдвэр гаргах болон илүү хариуцлагатай байх тал дээр солонгос улс надад тусалсан байх гэж боддог. Ямар нэг зүйлийг заавал өөрөө хийж байж сэтгэлд хүрдэг ч гэдэг юм уу. Гэхдээ энэ нь ажлын байр нийгэм дээр зөв зүйл ч гэсэн заримдаа тайван чөлөөтэй байхаа мартчихдаг бага зэргийн сул тал болох үе ч бий.

-Таны ойрын таван  жилийн зорилго юу вэ?

-Яг одоогийн буюу он гарсан үеийн бодол гэвэл Солонгостоо бакалаврын зэргээ дуусгана. Мөн хятад хэл давхар сураад Хятад руу магистрт суралцах бодолтой байгаа. Яах бол, ийх бол гээд бас судлаад явж байгаа гэх юм уу даа. Тэгэхээр ойрын таван жилдээ оюутны амьдралаас холдохгүй байх аа.

Контент хийх хүсэлтэй залууст зөвлөгөө өгөөч?

-Өөрийнхөөрөө байх нь л хамгийн зөв байх даа. Бусадтай адилхан санаа давхцаж байгаа ч гэсэн чиний мэдэрч байгаа мэдрэмж харах өнцөг арай өөрөөр гарч ирдэг. Мөн ямар нэг зүйл эхлэх гэж байгаа бол тууштай байх. Цаг хугацаа шаардагдана гэдгийг мэдээд авбал амар шүү. Хүн бүр өөр шүү манайхан.

 Г. ЦОГЗОЛМАА

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *