Categories
мэдээ цаг-үе

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

Дэлхий ертөнцөд болж буй гайхалтай сонин зүйлсийг болон техник технологийн ололт амжилт, шинжлэх ухааны шинэ шинэ нээлтүүдийг манай сонин “Танин мэдэхүй” булангаараа дамжуулан уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад гоо сайхны салбарт гарах дэвшлүүдийн талаар бэлтгэлээ.


ШҮРШЭЭД Л ШИНЭ АРЬСТАЙ БОЛНО

130 жилийн түүхтэй Японы “Као” гоо сайхны компани хүнд хоёр дахь арьсыг бэлэглэх нэгэн бүтээгдэхүүн зохион бүтээжээ. Нарийн ширхэгтэй технологиор хийгдсэн “Est” гэх энэхүү бүтээгдэхүүн нь цацлага хэлбэртэй бөгөөд арьс руу цацахад шинэ арьсан бүрхүүл үүсдэг байна. Энэ бүтээгдэхүүн одоогоор Японы зах зээлд нэвтрээд байгаа, 50000 иен буюу монгол мөнгөөр 1,250,000 орчим төгрөгөөр худалдаалж байгаа гэнэ. Эссенц, гоо сайхны хандтай нь хавсарч хэрэглэвэл илүү үр дүнтэй хэмээн зохион бүтээгчид онцолж байна лээ. “Pana­sonic” корпорацийн Appliance Co-той хамтран энэхүү спрейг цацахад зориулсан тусгай шүршигчийг ч мөн зохион бүтээсэн байна. Ингэснээр заавал гоо сайхны салонд очилгүйгээр гэртээ ч хэрэглэх боломжтой болжээ.

Маш нарийн ширхэгтэй бүрхүүл үүсгэдэг тул инээх, ярвайх зэрэг нүүрний хувиралд ямар ч саад болохгүй. Барьцалдаж, зууралдаад арьсны нүх сүвийг бөглөнө гэж айлтгүй, чийг хангалттай нэвтрүүлдэг аж. Оройн арьс арчилгаанд хэрэглэхдээ нүүрээ угааж, цэвэрлээд эссенцээ түрхсэний дараа спрейг цацаад унтахад хуурайшилтаас хамгаалж, арьсыг шөнийн турш чийгтэй байлгадаг юм байна. Өглөө нь босоод л хуулаад авчихна.

“Као”-гийнхан энэ технологио нүүр будалтын бүтээгдэхүүн хийхэд ч ашиглах гэнэ. Бүсгүйчүүд бид тун удахгүй олон давхар крем, энгэсэг тавих шаардлагагүй, ганц цацаад л толийж, гөлийсөн цоо шинэ арьстай болдог цаг ирэх нь ээ. Мөн тэдний хамгийн том амбиц нь анагаах ухаанд өөрсдийн энэхүү технологийг нэвтрүүлэх. Түлэнхий, батга, язралт зэрэг арьсны төрөл бүрийн эмгэгийг эмчлэх шинэ арга туршихаар зэхээд байгаа гэнэ.

ИНДҮҮ, СЭНСИЙГ НЭГ ДОР

Дараагийн нэгэн гайхалтай нээлт бол үсийг ширхгийн дагуу хатаадаг сэнс. Энэ хатаагч нь үсийг гурав дахин хурдан хугацаанд, гурав дахин шулуун болгож хатаадаг байна. Халуун агаар нь гадагшаа урсан гардаг болохоор үс хуурайшуулж гэмтээхгүй аж. Зах зээлд худалдаалах үнэ 399 ам.доллар.

ҮЛГЭРТ ГАРДАГ ШИДЭТ ТОЛЬ АМЬДРАЛ ДЭЭР

Толь минь, толь минь энэ ертөнцийн хамгийн гоо үзэсгэлэнтэй бүсгүй хэн бэ? хэмээн асуудаг шидэт үлгэрийн өгүүлэмжийг мэдэхгүй хүн үгүй байх. Тэгвэл амьдрал дээр шидэт толийг зохион бүтээсэн байна. Энэ толинд харахад таны арьсны хамгийн асуудалтай хэсгүүдийг тодруулан харуулдаг бөгөөд тэр хэсэг дээр гоо сайхны ямар бүтээгдэхүүн түрхэх үү гэх зэргийг зааж өгдөг байна. Ингэснээр тос, кремээ ч гамнаж, арьсныхаа балансыг ч тогтворжуулах боломжтой болох юм.

ВИТАМИН Д БОЛОВСРУУЛДАГ НАРНЫ ТОС

Энэ маш боломжгүй мэт сонсогдож байгаа боловч үнэхээр ийм нарны тос зохион бүтээх гэж байгаа гэнэ. Нар, салхинаас хамгаалах тусгай тос нь арьсыг гадны нөлөөнөөс хамгаалдаг болохоор арьсны мэргэжилтнүүд хамгийн түрүүнд зөвлөдөг. Үрчлээ, нөсөө, хуурайшилт тэр ч бүү хэл арьсны хавдраас хамгаалдаг учраас байнга хэрэглэх нь зүй. Гэвч ганц асуудал нь ийм тос бидний арьсанд нэвчих ёстой Д витаминыг саармагжуулдаг. Харин энэ асуудлыг шийдэж, нарнаас ирж буй элементүүдээс зөвхөн Д витаминыг ялган, арьсанд шингээдэг тосыг үйлдвэрлэж эхэлжээ. Одоогийн байдлаар Австралид зарагдаж байгаа бөгөөд удахгүй АНУ-ын зах зээлд худалдаалагдаж эхлэх гэнэ.

ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ СҮРЧИГ

Сүрчиг бол хүний өдөр тутмын хэрэглээ. Сайхан үнэртэй сүрчиг түрхсэн хүн илүү өөртөө итгэлтэй болж, цэвэр ихэмсгийг мэдэрдэг гэх судалгаа ч бий. Тэгвэл “Codex beauty”-гээс ойрын нэг жилийн хугацаанд нэгэн шинэ төрлийн сүрчиг үйлдвэрлэх болсноо зарлаад байна. Энэ сүрчгийг түрхсэнээр таны цусанд эрч хүч, өөдрөг байдлын гормон ялгарч та өдрийн турш бүтээмжтэй, өөртөө итгэлтэй явах гэнэ. Ямар олон хүн хэрэглэх бол оо.


ЛАЗЕР ЭМЧИЛГЭЭ БҮХ ӨНГИЙН ҮСИЙГ АРИЛГАДАГ БОЛНО

Илүүдэл үс арилгадаг, ургалтыг зогсоодог лазер эмчилгээ байдгийг бүсгүйчүүд сайн мэдэх байх. Лазер эмчилгээ шар, саарал зэрэг цайвар өнгийн үсэнд төдийлөн сайн нөлөөлдөггүй байсан бол энэ шинэ технологийг нэвтрүүлснээр ямар ч үсийг асуудалгүй арилгаж эмчилдэг болох аж. Үсний уутанцар луу мөнгөжүүлсэн нано бэлдэц оруулаад дараа нь лазераар арилгах уг технологийг АНУ-ын Массачусетсийн эмнэлгийн Лазер болон гоо заслын эмнэлгийнхэн туршиж байгаа бөгөөд хоёр жилийн дараанаас хэрэгжиж эхлэх гэнэ.

НҮҮРНИЙ ПРИНТЕР

Ойрын таван жилийн хугацаанд хэрэгжих технологи. Саяхан хумсны принтер гарч гайхшируулж байсан бол одоо нүүрний будгийн принтер гаргахаар “Mink beauty”-гийнхэн ажиллаж байна. Энэ принтер нь бэх, цаасны оронд тос, эмульс, крем, нүдний тень, уруулын будаг гэх зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд ашиглана. Та эхлээд тусгай каталоги дээрээс өөрийн будуулахыг хүссэн нүүр будалтын зургийг сонгон эхлүүлэх товч дарахад принтер өөрөө ажиллан таны нүүр лүү шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг цацан, мэйк ап хийж эхлэх аж. Та хүссэн зургаа нүүрэн дээрээ буулгана аа л гэсэн үг юм. Гайхалтай биш гэж үү.

БАЙГАЛЬД ШИНГЭДЭГ САВ, БООДОЛ

Дэлхий даяар хэдэн тэрбум ширхэг гоо сайхны бүтээгдэхүүний сав, баглаа хог болон хөглөрч байгаль орчинг бохирдуулсаар байна. Экологийн тэнцвэртэй байдал хурцаар тавигдаж байгаа өнөө үед гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ч энэ асуудлыг анхааралдаа авч бүх сав, баглаагаа био задралд ордог материалаар хийхээр зорьж байна. “Amway” зэрэг дэлхийн тэргүүлэгч компаниуд хэдийнэ хэрэгжүүлээд эхэлчихсэн. Ямартаа ч 7-10 жилийн хугацаанд бүх сав байгальд шингэдэг эко болж хувирах төлөвтэй.

БҮХ АРЬСАНД ТОХИРОХ ТӨГС ЭНГЭСЭГ

Бүх төрлийн энгэсэг, кремнүүд хүний арьсанд 100 хувь төгс тохирдог болоход 10-15 жилийн хугацаа шаардлагатай байгаа хэмээн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хэлж байна. Хүний арьсны өнгө харилцан адилгүй байдаг. Тиймээс төрөл бүрийн бүтэцтэй арьснуудаас дээж аван урт хугацааны судалгаа хийсээр ямар ч хүнд төгс зохицох кремийг гаргаж авах нь ээ.

АРИЛДАГ ШИВЭЭС

“Solition” технологийн компаниас шивээсийг ор мөргүй арилгах лазер зохион бүтээхээр ажиллаж байна. Шивээсийг арилгахад 6-8 удаа лазер эмчилгээнд орох шаардлагатай болдог. Ингэсэн ч арилахгүй, бүдэг шаргал, хөх, саарал өнгийн сорви үлдэн, хүний арьс маш үзэмжгүй болдог шүү дээ. Харин тус технологийг хэрэгжүүлчихвэл шивээсийг бүрэн арилгах боломжтой болох нь ээ. Гэхдээ судалгааны түвшинд л яваа ажил гэнэ.

15 ЖИЛИЙН ДАРАА ХҮНИЙ ҮС ЦАЙХАА БОЛИНО

Хүний цусан дахь меланин, кортикоситероид гэх эд эсийн үйлдвэрлэл зогсонги байдалд орсноор үс цайж эхэлдэг. Хөгшрөх тусам хүний үс цагаан болдог нь меланин үйлдвэрлэх нь улам багасч буйтай холбоотой. Тэгвэл зэс, меланин өндөр тунгаар агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэснээр үс цайхаа зогсох гэнэ. Гэхдээ энэ нь зүгээр л нэг хаа ч байдаг нэмэлт тэжээл биш. Меланин цусаар дамжин зөвхөн үсэнд хүрснээр биеийн бусад хэсэгт илүүдэж, муугаар нөлөөлөхгүй байхаар бодож хийжээ.

А.МӨНХЗУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *