Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Амартүвшин: Гадаад харилцаа болон эдийн засгаа сэргээхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлтөө даруйхан хийх шаардлагатай DNN.mn

Хууль зүйн ухааны доктор, олон улс судлаач Гантулгын Амартүвшинтэй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар ярилцлаа.


-Үндсэн хуулийн өөрчлөлтийг тал бүрдээ ярьж байна. Улс төрийн намууд болон эрх баригчдын зүгээс энэ асуудалд анхаарч, өөрчлөлтийг хийнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Та хуульч хүнийхээ хувьд энэ удаагийн өөрчлөлтийн төслийг ямар байдлаар боловсруулах ёстой гэж харж байна вэ?

-Юуны өмнө парламент тогтолцоо, Ардчилсан зарчмаасаа ухарсан нэг ширхэг ч заалт оруулж болохгүй. Муу, сайн ч парламент, зах зээлийн тогтолцоо манай улсын ирээдүй. Харин энэхүү тогтолцоогоо улам бүр сайжруулах, боловсронгуй болгох асуудлууд цөөнгүй бий. Хамгийн түрүүнд бид сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх шаардлагатай байна. Улс төрийн намууд, улстөрчид, хуульчид, олон нийтийн зүгээс сонгуулийн тогтолцоог холимог болгох асуудлыг их ярьж байгаа шүү дээ. Би эдгээр асуудалтай санал нэг байгаа. Үндсэн хуулиар төрийн эрх ард түмний мэдэлд байна гэж заасан байдаг. Энэ эрхээ бид сүүлийн зургаа, долоон жил эдэлж чадсангүй. Учир нь 2016, 2020 оны сонгууль жижиглэсэн мажоратор тогтолцоогоор явсан. Хамгийн сүүлийн УИХ-ын сонгууль мөн энэ тогтолцоогоор явсан. Эцэст нь нийт сонгуулийн насны иргэдийн 44 хувийн саналаар өнөөгийн эрх баригчид парламентад олонх болж байна. Парламент гэдэг бол бага ард түмэн гэж манайхан ярьдаг. Тэгвэл Монголын ард түмний цөөнхийн саналыг авсан нам өнөөдөр улс нийтийн өмнөөс төрийн эрхий барьж, бодлого боловсруулан гаргаж байгаа нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн, мөн уг хуульд алдаа хийдэл байна гэж хуульч хүний хувьд үзээд байгаа юм. Тиймээс хамгийн эхэнд Үндсэн хуулийн хүрээнд сонгуулийнхаа тогтолцоог өөрчлөх, мөн үүнийг Үндсэн хуульд тусгаж өгөх нэн шаардлага бий болж байна.

-Сонгуулийн тогтолцоог холимог болгосноороо гарах үр дүн нь ямар байх юм бэ. Нийгэмд бол үүнийг сайн, муу гэж ярьж байна шүү дээ?

-Холимог тогтолцоо өөрөө дотроо хэд хэдэн төрөлтэй. Манайх шиг хүн ам цөөнтэй, газар нутаг томтой, ардчилсан улсын хувьд нээлттэй холимог тогтолцоогоор явах нь зөв. Нээлттэй холимог тогтолцоо гэдэг бол олонхын санал авсан улс төрийн хүчнээс УИХ-д хүнээ суулгахдаа тэрхүү сонголтоо ард түмнийхээ өмнө нээлттэй явуулдаг систем юм. Ингэхгүйгээр дан ганц хаалттай, хатуу холимог тогтолцоогоор явбал улс орны хувьд, улс төрийн намуудын хувьд хүндхэн асуудал тулгарна. Адаглаад нам дотроо эв нэгдэлгүй, олон фракцууд хоорондоо өрсөлдөх, улмаар намын үзэл баримтлал ганхах эрсдэлтэй байдаг. Тиймээс л нээлттэй явуулж, парламентад олон намын тогтолцоог орох боломжийг бүрдүүлэх нь юунаас илүү чухал байгаа юм.

-Эргээд Үндсэн хуулийн өөрчлөлтөө ярилцъя. Сонгуулийн тогтолцоог нэн түрүүнд өөрчлөх шаардлагатай гэлээ. Өөр ямар өөрчлөлтүүд орвол нийгмийн амьдрал, цаашлаад улс орны хөгжилд хэрэгтэй байна вэ?

-Өнөөгийн Үндсэн хуулиар Засгийн газар дээд тал нь дөрвөн давхар дээлтэй сайд нартай байна гэж заасан. Энэ заалт нь өөрөө хуулийн зөрчил, хийдэл үүсгээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, нөгөө л нэг ард түмний төлөөлөх эрхгүй этгээд Засгийн газрын гишүүн болж бидний өмнөөс төрийн эрхийг барьж байгаа хэрэг шүү дээ. Тиймээс ард түмнээс сонгогдсон хүн л төрийн эрх барина гэж заасан Үндсэн хуулийн зарчмаараа л энэ асуудал явах ёстой. Энэ утгаараа давхар дээл гэж харалгүй УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээ давхар хийх боломжийг бүтэн бүрдүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 2019 онд Үндсэн хуульд оруулсан Засгийн газар дээд тал нь дөрвөн давхар сайд нартай байна гэдэг заалтаа хасах, эсвэл хязгаар тогтоохгүй болгох шаардлагатай юм. Дан дээлтэй сайд нар улс төрийн хувьд ч намын хувьд ч, нөлөөлөл бага учраас зарим шийдвэр гаргах зүйл дээр хүч дутаж байгаа нь тодорхой. Миний бие 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр ажиллаж байсан хүн. Тухайн үед уг нь Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болно гэсэн заалт байсан. Гэвч тухайн үеийн нийгмийн уур амьсгал, сонгуулийн нөлөөллөөс болоод ч гэх үү, эсвэл олны хэл амнаас айсандаа энэхүү заалтаас эхлээд олон заалтыг өнөөгийн эрх баригч нам хассан. Ингээд өөрчлөлт бүрэн утгаараа хийгдэж чадаагүй юм шүү дээ. Одоо энэхүү өөрчлөлтийн төслийг бүтнээр нь дахин оруулаад баталчихад буруу гэх газар байхгүй. Учир нь энэ олон хуулийн заалт, төсөл дээр олон хуульчид өдөр шөнөгүй ажиллаж, олон нийтийн асуулгыг хэд хэдэн парламент дамжуулан явуулсан ийм том хуулийн төсөл байсан. Тиймээс одоо дахиад олон нийтийн санал асуулга явуулах, хуулийн төслийг боловсруулах асуудал дээр цаг алдаад байх хэрэггүй юм. Бидэнд бэлэн хуулийн төсөл байна. Үүнийгээ л даруйхан хэлэлцээд баталчих ёстой юм.

-2019 оны Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл дээр УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, парламентаасаа Ерөнхийлөгчөө сонгох зэрэг заалтууд байсан уу. Эдгээр заалтуудыг одоо ярьж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийх шаардлага байгаа гэж та харж байна уу?

-УИХ-ын гишүүдийн тоог хүн амынхаа өсөлттэй уялдуулж сонгууль бүрээр нэмж болох заалт орчихсон байсан. Өөрөөр хэлбэл, 2019 оны Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл бүтнээрээ батлагдсан бол 2020 оны сонгуулиар парламент 100 суудалтай болох боломжтой байсан. Гэвч олны хэл амаас болж сонгуулийн үр дүн өөрчлөгдөнө гэсэн МАН-ын дотоод бодлогоос болж энэхүү заалт хасагдсан байдаг. Угтаа УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв. 1992 оны Үндсэн хуулиар парламентын 76 суудалтай байна гэж зааснаас хойш өдгөө хэдэн жил өнгөрөв. Энэ хугацаанд Монголын хүн ам хэд болж өсөв. Хүн ам өсөхийн хэрээр төрийн үйлчилгээ, хүртээмж нэмэгдэх ёстой. Гэвч эсрэгээрээ төрөө данхар харагдуулахгүй гэсэн бодлого барьж ажилласны гороор төрийн үйлчилгээ хүнд байдалд орсон шүү дээ. Иргэд нь мэдээлэлгүй болсон. Төрийн үйлчилгээ авах гэж бөөн хүнд суртал бий болсон. Нэг бичиг баримт бүрдүүлэх гэж иргэд ямар их цаг хугацаа алдаж байгаа билээ. Энэ бол хүн амынхаа өсөлтөд уялдуулж төрийн бүтцээ нэмэгдүүлэлгүй өнөөг хүртэл явж ирсэн төрийн алдаатай бодлогын үр нөлөө. Тиймээс УИХ-ын гишүүдийн тоог ч гэлтгүй төрийн албан хаагчдын тоог хоёр дахин нэмэгдүүлчих шаардлагатай юм. Төрийн үйлчилгээг цахим болгоно гэж ярьдаг. Цахим болгосон ч төрийн бүтэц хоёр дахин нэмэгдэх шаардлагатай. Амьдралаас хууль гарч батлагддаг. Батлагдсан хууль өөрөө амьдралд нийцтэй байна уу нийцгүй байна уу гэдэг нэг асуудал. Намын ч юмуу эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн нэр хүндийн төлөө хууль баталдаг байдлаас болоод нийгэмд энэ мэт сөрөг үр дагавар олон гарч байна. Үүнийг засах хэрэгтэй. Хуулийг батлах шаардлагатай гээд баталчихаж болно. Хэрэгжилтийг нь хянаж, нийгэмд гарах сөрөг үр дагаврыг нь харахад ердөө нэг жил л хангалттай байдаг. Нэг жилийн дараа үр нөлөө нь сайн байвал улам сайжруулаад явуулчих. Муу бол засаад боловсруулаад дахиад баталчих. Хууль гэдэг газарт шаасан гадас биш шүү дээ. Нийгмийнхээ амьдралд тохируулаад л өөрчлөөд байх хэрэгтэй.

-Хууль бол газар шаасан гадас биш ээ гэж байна. Үндсэн хуулийг олон дахин өөрчлөх нь сөрөг нөлөөлөл бий болгох эрсдэлтэй гэж хуульчид ярьдаг. Одоо дахиад өөрчилье гэхээр хугацааны хувьд арай л ойрхон байна гэж эрх баригчид халгаад байх шиг…

-Үндсэн хууль ч байна уу хууль л бол хууль. Үндсэн хуулиа баталчихаад тав, арван жил, эсвэл 20 жилийн дараа л дахиад өөрчлөх ёстой гэсэн мухар сүсэг шиг бодлоосоо салах хэрэгтэй, манай хуульчид. Нийгмийн зүгээс хэрэгцээ шаардлага гарч ирсэн л бол өөрчлөхөд юу нь буруу байх билээ. Манай эрх баригчид нэг зүйлийг одоо нуулгүй хэлдэг болсон байна шүү дээ. Тэр нь 2019 оны Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл бүтнээрээ батлагдаагүй юм аа. Тэр төслөөс олон заалтууд хасагдсан. Учир нь бид сонгуулийн өмнө эцэг хуулиараа оролдож байгаа болохоор бидэнд эрсдэл их байсан юм аа гэдгээ нуулгүй хэлж байна. Улстөрчид ерөөсөө л ийм. Хэзээ ч тэд ард түмнээ гэж бодохгүй. Тэд зөвхөн намын рейтинг, олны сайшаал магтаал дэмжлэгийг хэрхэн яаж цуглуулах уу, улс төрийн хүчний хувьд яаж улам хүрээгээ нэмэгдүүлэх үү, улмаар яаж сонгуульд ялах уу гэдгээ л маш сайн тооцож, бодлого боловсруулж ажиллаж чадна. Харин яаж Монгол Улсыг хөгжүүлэх үү, яаж нийгмийн амьдралыг илүү дээшлүүлэх үү, яаж эдийн засгаа сэргээх үү гэж бодохоос биш үйлдэл, бодлого гаргаж ажиллах хүмүүс биш. 2019 оны тэрхүү өөрчлөлтийг бид 2012 оны үед хэдийнэ боловсруулчихсан байсан. Анх тэр үед л энэхүү нэмэлт өөрчлөлтийг хийчихсэн бол өдгөө Монгол Улсын хөгжил, эдийн засгийн үзүүлэлт, гадаад харилцаа арай ч ийм түвшинд хүрэхгүй байсан биз. Бид бусдад таалагдахын тулд шийдвэр гаргасаар байгаад л хамаг боломжоо алдаж дуусч байгаа орон шүү дээ. Тиймээс одоо шаардлагатай байгаа эрх зүйн орчноо нэн яаралтай сайжруулж, улс орныхоо ирээдүйн төлөө цаг алдалгүй ажиллах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, гадаад харилцаандаа онцгой анхаарах, эдийн засгаа богино хугацаанд сэргээхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлтөө даруйхан хийх шаардлагатай байна. Өнөөдөр Монгол Улс эдийн засгийн хувьд ч тэр гадаад харилцааны хувьд ч тэр хүнд байдалтай байна. Манай улсын эдийн засгийн 90 орчим хувь БНХАУ-аас хамааралтай байдгийг хүн бүр л мэддэг. Дэд бүтэц, цахилгаан эрчим хүч, шатахуун, бензин зэргээрээ ОХУ-аас бүрэн хамааралтай орон шүү дээ. Тиймээс монгол төрийн бодлого энэ хоёр улс руугаа цаг үргэлжид л харилцаж ирсэн. Үнэндээ Монгол Улс хөгжих үү, үгүй юү гэдэг чинь энэхүү хоёр хөрштэйгөө ямар хэмжээнд, хэрхэн зөв харьцах вэ гэдгээс л хамаарна. Тиймээс дотоод эрх зүйн шинэчлэлтүүдээ нэн даруй хийчихээд гадаад харилцаандаа онцгой анхаарах цаг болсон шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *