Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгч хэн ч биш болж, Ерөнхий сайд улсаа удирдана

-ҮНДСЭН ХУУЛЬД ИЙМ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУВИЛБАР ЯРИГДАЖ БАЙНА-

УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг явуулах тогтоолыг баталсан билээ. Санал асуулга зургаан сэдэвтэй. Эхнийх нь УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт тэнцлийг хангах тухай ажээ. Энэ дотроо Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад олгохыг тусгасан байна. Мөн Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь УИХ-ын гишүүн байж болохоор хязгаарлах аж. Санал асуулгын хоёр дахь сэдэв нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой. Монгол Улсын Төрийн тэргүүний эрх мэдлийг хумьж, зөвхөн бэлгэ тэмдэг төдий байхаар санал оруулжээ. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна. Улиран сонгогдохгүй. Төрийн тэргүүнийг бүх ард түмнээс биш УИХ-ын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог болох хувилбар санал асуулгад тусгагджээ. Төрийн тэргүүний зарим бүрэн эрхийг өөрчлөх саналд түүний хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг хасах юм байна.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зөвлөлдөх санал асуулгын гурав дахь сэдэв нь улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэхэд чиглэгджээ. Төрийн албаны зөвлөлийг улс төрөөс хараат бус болгож, Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага болгох гэнэ. Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал, төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, шатлан дэвших зарчимд шилжүүлэх нь ээ. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээс хамаарч ажлаас халах, хуульд зааснаас бусад үндэслэлээр албан тушаал, зэрэг дэвийг бууруулахыг хориглосон заалтыг Үндсэн хуульд нэмж оруулах юм байна. Мөн дөрөв дэх санал нь засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх.

Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хотод (орон нутгийн харьяалалтай), сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар тус тус Үндсэн хуульд бэхжүүлэх гэнэ. Баг, хороо, тосгоны Засаг даргыг улсын чанартай хот болон сум, дүүргийн Засаг дарга шууд томилдог болох аж. Мөн санал асуулгад төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах асуудлуудыг тусгасан байна. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах ёстой Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох гэнэ.

Санал асуулгад багтсан бас нэг сэдэв бол хоёр танхимтай парламент байгуулах асуудал. Төрийн эрх барих дээд байгууллага нь АИХ, хууль тогтоох байгууллага нь УБХ гэсэн хоёр танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцөлийг хангах юм байна. Ингээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгагдсан дээрх саналуудын талаар Үндсэн хууль судлаач, УБХ-ын гишүүн Д.Ламжавтай ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зөвлөлдөх санал асуулгыг зургаан сэдвийн хүрээнд явуулахаар болсон байна. Санал асуулгыг ямар байдлаар хийхийг эхлээд сонирхъё?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад заавал зөвлөлдөх санал асуулга явуулах ёстой. Зөвлөлдөх санал асуулга бол Монгол Улсын практикт хэрэглэж байгаа анхны алхам. Үүний тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн санамсаргүй түүврийн аргыг хэрэглэж байгаа. Улсын хэмжээнд 1570 орчим хүнийг сонгосон. УИХ-аас баталсан санал асуулгын зургаан сэдвийн асуултыг Статистикийн үндэсний хороо боловсруулсан. Санал асуулгад оролцсон 1570 орчим хүнийхээ талыг нь дахин санамсаргүйгээр сонгоно. Ингээд 750-иад хүний дунд мэдээлэл солилцох уулзалтыг энэ сарын 29, 30-нд зохион байгуулна. Тэд зургаан сэдвийг гурав, гурваар нь энэ хоёр өдөрт хэлэлцэх юм. Санал асуулгад оролцогчдод хэлэлцэх сэдвийн дагуух материалуудыг урьдчилж өгч, мэдээллээр хангасан байна. Ингээд эхний сэдвээр илтгэгч танилцуулсны дараа 750 орчим хүн 15-аараа хэсэг болоод хэлэлцүүлэг явуулна. Тэгэхээр 50 орчим жижиг хурал болж, мэтгэлцээн өрнүүлнэ. Дараагаар нь санал асуулгад оролцогчдын асуултад экспертүүд хариулах юм. Харилцан мэдээлэл солилцсоны үндсэн дээр харанхуй тавьсан асуулгад 750 хүн хариулна. Бэлэн болсон материалыг тусгай программынхаа дагуу Статистикийн үндэсний хороо эцсийн дүнг нь гаргана. Олон нийтийг төлөөлөх Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн маань тус байгууллагаас гаргасан тайланг үндэслэн УИХ-д зөвлөмж, санал хүргүүлнэ. Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн санал гарах юм бол УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах том комисс байгуулах юм. Энэ комисс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах жинхэнэ текстийн бичнэ. Агуулга нь ерөнхийдөө энэ зургаан сэдвийн хүрээнд тодорхойлогдоно. Комисс байгуулагдах юм бол төслөө боловсруулж таарна. Төслийг УИХ батална.

-Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө энэ бүх ажлыг зохион байгуулах уу?

-УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдгийг баталбал Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь нийт ард түмэнд санал асуулга явуулах юм. Хэрэв нийт ард түмний 50-иас дээш хувь нь зөвшөөрөх юм бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна.

-Манай улс парламентын тогтолцоотой. Санал асуулгад Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх хувилбар яригдаж байгаа юм байна. Үндсэн хууль судлаач хүний хувьд та энэ саналд ямар байр суурьтай байгаа вэ?

-Манай гүйцэтгэх засаглалын эрх мэдэл хомс байна. Янз бүрийн давхцалууд их байгаа. Судлаачид ч үүнийг хэлдэг. Амьдрал дээр ч харагдаж байна. Жишээлбэл, манайх парламентын засаглалтай улс гэдэг утгаар Ерөнхий сайдаа УИХ нь томилдог. Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг сулруулж байгаа хамгийн ноцтой зүйл нь бусад сайд нарыг толгой дараалан Их хурлаар хэлэлцэж томилдог явдал. Энэ эрх мэдлийг Ерөнхий сайдын гарт нь өгье гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, кабинетаа өөрөө мэдэж бүрдүүлдэг байх асуудал л даа. Харин батламжлах эрх нь Ерөнхийлөгчид байна. Сайдуудаа томиллоо гээд оруулахад Ерөнхийлөгч батламжилдаг байх. Хамгийн чухал зүйл бол эрх мэдлийг тэнцвэржүүлэх замаар бага эрх мэдэлд нь их эрх мэдэлтэйгээ тараах. Тэрэндээ хариуцлага тооцох тухай механизм байдаг л даа. Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай холбогдоод дараагийнхаа Ерөнхий сайдыг томилж чадахгүй удвал Ерөнхийлөгч парламентыг тараадаг механизмыг бүрдүүлье гэдэг санаа явж байгаа юм. Гүйцэтгэх засаглалын эрх мэдлээс Ерөнхийлөгч зулгаагаад байдаг асуудал бий. Ялангуяа парламент Ерөнхийлөгч хоёр нэг нам давамгайлбал бие биедээ хайртай байдаг. Хуваарилсан эрх мэдлийг Ерөнхийлөгч рүү өгчихдөг. Ийм асуудал байна. Ялангуяа Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч бүх шийдвэрт хориг тавьдаг эрх мэдэлтэй. Тийм болохоор хууль санаачлаад давхиад байдаг. Үүнийг нь хасъя гэж байгаа юм. Өөр нэг яригдаж байгаа зүйл бол Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх эрхтэй байна. Энэ тохиолдолд улс төрийн хавчилга үүсэх эрсдэлтэй. Тиймээс Ерөнхийлөгч чиглэл өгдгийг болиулах тухай санал асуулгад явж байгаа.

-Ерөнхийлөгч хэн ч биш, зөвхөн бэлгэ тэмдэг төдий болж, Ерөнхий сайд улсаа удирдах хэмжээний бүрэн эрх мэдэлтэй болох нь ээ?

-Тийм. Парламентын бүгд найрамдах улсын шинж маягтай болно. Ерөнхийдөө бүх эрх мэдэл Ерөнхий сайдад очно. Гэхдээ Ерөнхийлөгчид ч тодорхой хэмжээний эрх мэдэл үлдэх болов уу. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, ҮАБЗ-ийн даргаа хийх байх.

-Ерөнхийлөгч шүүх засаглал талдаа шууд томилгоо хийх эрхтэй байдаг. Энэ эрх мэдэл нь хэнд шилжих вэ?

-Санал асуулгад шүүхийн томилгоог тодотгох асуудал байгаа. Шүүхийн томилгоог нэг улстөрчийн гарт өгөхгүй байх асуудал яригдана. Өөрөөр хэлбэл, ганцхан Ерөнхийлөгч өөрөө мэдээд томилоод байх биш. Механизмыг сайжруулах хэд хэдэн санал байгаа л даа. Нэгдүгээрт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний тухайд тэнд хэн, хэн байх ёстой юм бэ гэдэг асуудал бий. Одоо шүүгчдийг УИХ-д танилцуулаад л томилчихдог. Тэгвэл шүүгчдийг парламентад танилцуулахад Их хурал дэмжсэн нөхцөлд томилдог асуудлыг хөндсөн санал байгаа.

-Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай нэг удаа сонгох санал байна лээ. Энэ хувилбар нь манай улсын нөхцөлд хэр тохиромжтой вэ?

-Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатайгаар нэг удаа сонгоно. Тухайн иргэн төрийн тэргүүнээр нэг удаа л сонгогдоно. В.Путин, Д.Медведев хоёр дундаа түр завсарлагаатай сонгогдоод байдаг шиг байдал гаргахгүй гэсэн үг л дээ.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналд Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгохыг нь болиулах заалт орсон байна лээ. Тэгэхээр олонхи болсон намаас Төрийн тэргүүн шууд сонгогдох юм биш үү?

-Санал асуулгад байгаа нэг эгзэгтэй зүйл нь энэ юм. Их хурлын 76 гишүүн, аймаг нийслэл, хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийт гишүүд гээд өргөтгөсөн бүрэлдэхүүнээс Ерөнхийлөгчийг сонгох хувилбар орж ирсэн. Үүний муу тал нь Ерөнхийлөгч аль намаас сонгогдох нь тодорхой болчихож байна. Сонгууль явуулаагүй байхад аль намаас дэвшсэн Ерөнхийлөгч сонгогдох нь тодорхой болох дутагдалтай. Сайн тал нь гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал гээд томоохон хөрөнгө гарахгүй байж болох юм.

-Улс төрийн тогтолцооны замбараагүй байдлыг улс төрийн намууд бий болгосон. Үүнийг яаж засч, сайжруулах уу?

-Санал асуулгад төрийн албаны хариуцлагыг дээшлүүлэх тухай сэдэв бий. Энэ бол нэлээд маргаан дагуулах, болгоомжтой хандах асуудлын нэг. Парламентын эрх мэдлийг өөр тийш нь шилжүүлэхэд үүний хариуд хуулиар хамгаалагдсан өндөр албан тушаалтнуудыг мөрдөн шалгах тогтолцоог УИХ-д бүрдүүлэх эрхтэй гэсэн яриа байсан. Энэ асуудал бол ойлгомжгүй хэлбэрээр санал асуулга дотор ороод ирсэн. Их л сайн боловсруулагдсан юм орж ирж байна гэж бодож болохгүй. Алийг нь дэмжих үү, алийг нь хасах уу гэдэгт болгоомжтой хандах хэрэгтэй.

-Манай улс хоёр танхимтай парламентын тогтолцоонд шилжвэл иргэдийн хяналттай төр бий болно гэж судлаачид үздэг. Санал асуулгад дээд, доод танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явуулах сэдвийг багтаасан байна лээ. Харин та ямар бодолтой байна?

-Монгол шиг хүн ам цөөтэй, их газар нутагтай оронд засгийн ажиллах чадвар хурдан байх шаардлагатай. Энэ бол чухал үзүүлэлт. Харин ийм бие биеэ хүлээсэн хоёр танхим зохисгүй. Ард түмний санаа бодлыг тандъя гэсэн зорилгоор хоёр танхимтай парламентын тухай сэдвийг санал асуулгад оруулсан байх. Хоёр танхимтай парламентын түүх бол төлөөлөгчдийн танхим нь нийтийн эрх ашгийг хамгаалдаг нь. Түүхэндээ дээд танхим гэдэг бол нэлээд нөлөөтэй, баячуудын эрх ашгийг хамгаалах зорилготой бий болсон байдаг. Тиймээс хоёр танхимтай болоход Үндсэн хуулийг шинээр бичихээс өөр арга байхгүй. Нэг танхимтай байлаа гээд нийтийн эрх ашиг хохирно гэдэг нь өрөөсгөл юм.

-Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх сэдвээр санал асуулга явуулах юм байна. Энэ тухай тодруулахгүй юу?

-Үндсэн хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэр аймаг, нийслэлд хуваагдана. Аймаг нь дотроо суманд, сум нь баг болж задардаг. Нийслэлийн хувьд дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана. Үндсэн хууль батлагдахаас өмнө Дархан, Эрдэнэт нь улсын чанартай хотын статустай байсан. Улаанбаатарын дараа орох энэ хоёр том хот аймгийн дотор байрладаг. Эрдэнэт бол Булган аймгийн, Дархан нь Сэлэнгэ аймгийн нутагт багтдаг. Байгалийн баялгийг ашиглах асуудал үүсч байсан болохоор 1992 оны Үндсэн хуулиар нутаг дэвсгэрийг нь одоогийнхоор хуваасан. Аймгийн төвүүд жижиг ч гэсэн хотууд мөн шүү дээ. Гэтэл одоо сум нэртэй болсон. Тосгоныг бүр мартсан. Тэнд суурин иргэншлийн элементийг ямар нэгэн байдлаар орхигдуулсан. Одоо үүнтэй холбогдуулаад санал асуулгад улсын чанартай хотыг санал болгож байна. Дархан, Эрдэнэт хоёрыг улсын чанартай хот болгоно гэж байна. Энэ бол 1992 оныхоо зовлон руу эргээд очъё гэж байгаа юм. Харин аймгийн төвүүд бол хот байх ёстой. Нэг аймагт хэдэн ч хот байж болно гэдэг ийм асуудал ороод ирсэн байх жишээтэй. Энэ бол Их хурал дээр ороод ирсэн санал. УИХ хагалуулъя гэдэг байдлаар уг санал асуулгыг оруулж ирсэн байх. Ер нь санал асуулгад багтсан зургаан сэдэв бол Үндсэн хуулийг ингэж өөрчилье гэсэн санааг агуулаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, учир зүйг нь олоод аль болох зөв сонголт хийх нь ач холбогдолтой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *