Categories
гадаад

Эр-Рияд хотноо болсон эхний хэлэлцээ өндөрлөв DNN.mn

Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо болсон хэлэлцээнд Америкийн төлөөлөгчдийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, харин ОХУ-ын төлөөлөгчдийг Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэргүүлэв. Хэлэлцээний гол үр дүн нь Орос, АНУ-ын хооронд Орос, Украины дайныг зогсоохын төлөө ажиллах тусгай багууд байгуулахаар тохиролцсон явдал байв.

Мэдээж “хадны завсар хавчуулагдсан” Путины хувьд дэлхийн хамгийн хүчирхэг АНУ-тай эн зэрэгцэж, Гадаад хэргийн сайд нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо нэг ширээний хоёр талд сууна гэдэг бол ялангуяа дотооддоо сурталчилгаа болгон ашиглах Оросын том амжилт мөн. Харин Оросын амжилт ингээд л дуусч байгаа юм. Учир нь өнөөдөр Сирийн нефтийн болон хийн хоолой “Орос гацаа”-наас гарч, “Газпром”-ын оронд баруун Европыг хангах гэж байна. Мэдээж эдгээр хоолойд АНУ хөрөнгө оруулалт хийж байж Америкийн болон Сири бусад Арабын улсуудын нефть, хий баруун Европыг зорих болно. Иймээс өөрийн нутгаас нь гарч явахгүй байгаа Оросын агаарын цэргийн Хмеймим баазыг Сирийн шинэ засгийн газар дроноор довтолж эхлэв. Бас өнөөдөр Европын Холбооны улсууд Оросын хийн оронд АНУ-ын шингэрүүлсэн хий авч, гаалийн татварын асуудлыг тохиролцвол цаашид ч авахад бэлэн гэж байна. Мөн ОХУ-ын гол түнш болох ТУХН Оросоос тусгаарлаж эхлэв. Тухайлбал, Армени, Азербайжанаас орос цэргүүд хөөгдөн гарав.

Азербайжаны ерөнхийлөгч Алиев иргэний агаарын тээврийн онгоцыг нь сөнөөх гэснээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа Путинд дургүйцэж, Кремлийг олон улсын шүүхэд өгөхөөр болж, өөрийн нийслэлд байсан Оросын Соёлын төвийг Кремлийн тагнуулын үүр уурхай хэмээн цоллон татан буулгаж, Оросын мэдээллийн сувгуудыг хаав. Путины харгислалаас дайжсан Оросын цагаач улстөрчид Европт олон удаа чуулж “ОХУ үндэстнээрээ задарч байж л энэ улсад дарангуйлал устах юм байна” гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсний дараа дахиж чуулсангүй жил болж байна. Бас Европын Холбоо “ОХУ энэ янзаараа байвал бидэнд аюул учруулсаар байх болно” гэсэн нэгдсэн ойлголтод хүрэв. Иймээс Франц улс Украины дайн болон Европын аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, энэхүү шинэ дээд хэмжээний уулзалтад анхны ээлжит бус чуулганд оролцоогүй Норвеги, Литва, Эстони, Латви, Чех, Грек, Финланд, Румын, Швед, Бельгийн удирдагчид, мөн Европын Холбоо болон НАТО-гийн холбоотон Канадыг урин чуулж эхлэв. Энэхүү уулзалтад Канадыг оруулж буй нь Саудын Арабт болсон хэлэлцээнд оролцсон ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриевийн мэдэгдэлтэй холбоотой юм.

Эр-Рияд хотод Дмитриев “Америкийн нефтийн компаниуд Орост буцан ирж магадгүй бөгөөд Кремль ч Хойд туйлд АНУ-тай хамтарсан төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байна” гэж мэдэгдсэн юм. Энэ нь ОХУ Хойд туйлд цэргийн бааз байгуулан АНУ-аас гадна Канад, Норвеги, Финланд, Швед улсад хамаарах газар нутгийг булаан эзэлсэн явдлыг АНУ-аар халхавчлахыг оролдож байна гэсэн үг юм. Мэдээж Европ үүнийг хүлээн зөвшөөрөхгүй учир энэ дээд хэмжээний чуулганд Канадыг оролцуулж байгаа юм. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Саудын Арабт болсон Америк, Оросын төлөөлөгчдийн уулзалтын дараа Их Британи, Франц, Герман, Итали улсын Гадаад хэргийн сайд нар болон Европын Холбооны дипломат албаны тэргүүнд энэхүү хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өгч бас “АНУ Оросын эсрэг олон хориг арга хэмжээг Европын холбоотнуудтайгаа хамтарч авсан. Иймээс Европ маш тодорхой энэ шалтгаанаар цаашдын хэлэлцээнд оролцох болно. Учир нь АНУ дангаараа эдгээр хоригийг цуцлах шийдвэр нь Путиныг дайны машиныг санхүүжүүлэхэд шаардагдах мөнгөнөөс нь салгах Европын хүчин чармайлтад ноцтой цохилт болно” гэж мэдэгдэв.

Мөн Марко Рубио Саудын Арабын энэхүү хэлэлцээний өмнө Израильд айлчилсан бөгөөд Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху түүнтэй уулзсаны дараа “Израиль, АНУ хамтран Ираны “цөмийн хүсэл эрмэлзэл” болон Ойрхи Дорнод дахь түүний түрэмгийллийг зогсоох болно. Аятолла нар цөмийн зэвсэгтэй байх ёсгүй. Энэ бүс нутаг дахь Ираны түрэмгийллийг зогсоох ёстой гэдэгт бид санал нэгдсэн. Ерөнхийлөгч Трампын хүчтэй дэмжлэгээр Израиль Ираны асуудлыг дуусгана. Доналд Трамп бол Израилийн Цагаан ордны хамгийн агуу найз мөн” гэж мэдэгдсэн. Харин АНУ-ын Төрийн департаментын тэргүүн Марко Рубио “Иран улс Ойрхи Дорнод дахь террорист бүлэг болгоны ард, энэ бүс нутгийг эх орон гэж нэрлэдэг сая сая хүмүүсийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж буй бүх зүйлийн ард байдаг” гэж мэдэгдсэн билээ. Энэ нь АНУ Израильтай хамтран Украины дайныг зогсоох болзлыг нь хүлээн авахгүй гэвэл юу болохыг Ираны жишээн дээр Москвад ойлгуулах гэж байна гэсэн үг юм.

Бас гиперинфляци өнөөдөр Оросын эдийн засгийг нэрвэж байна. Энэ нь Путин алдагдалд орсон улсынхаа бүх байгууллагыг улсын болгож, ямар ч барууны бүтээгдэхүүн худалдан авах чадваргүй цаасан рубль үйлдвэрлэн иргэддээ цалин болгон тавьж, зөвхөн зэвсэг үйлдвэрлэх Хойд Солонгос болохоос өөр замгүй болж байна гэсэн үг. Харин тойрон хүрээлэгчид нь царцаагдсан хөрөнгөө буцаан суллуулж, баруунд эхнэр, хүүхдээ дахин явуулмаар байдаг. Иймээс Путин тэдэндээ “хоолойд нь тээглэсэн мах” болчихоод байна. Дэлхийн дайнд Оросуудыг АНУ, Их Британи тэргүүтэй Монгол, Тува гээд 16 улс дэмжиж ялалтад хүргэсэн. Гэтэл өнөөдөр тэдний эсрэг хамгийн хөгжилтэй 55 улс зогсож байгаа бол холбоотон нь үндсэндээ Хойд Солонгос, Иран хоёр л байна. Мөн Путин олон зуун жил өөрийн нутгийн зүүн талаас байгалийн баялгаа баруунд гарган зардаг байсан замыг хааж, шууд зүүн талаар экспортолдог болсон учир Москва өөрийн холбооны улсуудад огт хэрэггүй болчихоод байна. Жилийн турш довтолж, хэтэрхий их алдагдал хүлээсэн арми нь туйлдаж, фронт аль нэгэн суларсан талаараа сэтэрч, цэргүүд нь бүслэгдэж, Украины талд байлдаж байгаа Орос, Гүрж, Чечень, Буриад, Тува, гадны сайн дурын цэргүүд Евгений Пригожины “заасан зам”-аар Москваг чиглэж магадгүй болчихоод байна. Хамгийн гол нь өнөөдөр artificial intelligence “AI” буюу зохиомол сэтгэхүй “ЗС”-г дарангуйлагч дэглэмд эзэмшүүлэхгүй байх шаардлага дэлхий нийтийн өмнө тулж ирчихээд байна. Энэ бүхэн Путины суудал, ОХУ хоёрт хэдхэн сарын хугацаа үлдсэн гэдгийг батлан харуулж байна.

 

Бэлтгэсэн

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *