АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяртай ярилцлаа
-Та 2023 оны арваннэгдүгээр сард АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Дөрвөн сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгсөнгүй. Завгүй л ажиллав уу?
-Юуны өмнө Өдрийн сонины уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Нээрээ АН-ынхаа Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсоноос хойш дөрвөн сар өнгөрсөн байна. Манай намын тухайд хэдэн жилийн туршид улс төрийн хэрчээс дунд явж, зарим талаар улс төрийн золионд өртөж, түр хугацаанд зохион байгуулалт алдагдсан. Өнгөрсөн жилээс бүх зүйл голдиролдоо орж, намын Үндсэн дүрмийн дагуу бүтцээ шинэчлээд үйл ажиллагаагаа явуулж байна. Мэдээж хэрэг улс төрийн нам, олон үзэл бодолтой хүмүүсийн нэгдэл учраас ойлголцох, ярилцах нь чухал. Энэ үүднээс Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлээд л ажиллаад явж байна.
-Та томилогдсоноосоо хойш Ерөнхий нарийн бичгийн даргын үүргээ биелүүлж ажилласан гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Миний хувьд өмнө нь 2017-2019 оны хооронд АН-ынхаа Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Тийм болохоор намын төв аппаратын ажлыг гадарлана. Гэхдээ Ерөнхий нарийн бичгийн даргын тухайд Үндэсний хэмжээний том намын гал тогооны өдөр тутмын ажил гэдэг утгаараа илүү ачаалалтай ажиллах ёстой. Наад зах нь намын үүрүүд, нийслэл, дүүрэг, аймгийн бүх нэгжүүд гээд бүх шатны намын байгууллагуудтайгаа байнга холбоотой байж, хамтарч ажиллана. Тэднийг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллана. Ер нь л нам дотроо хүртээмжтэй байх ёстой албан тушаал л даа. Би өмнө нь хэлсэн дээ. Би гэхээс илүүтэй АН гэх маш олон лидер, довтлогчтой хөлбөмбөгийн багийн хаалгач, холбогч хийж ажиллана гэсэн үг. Гэхдээ бидэнд “хамтарч ажиллах” гэсэн нэг л менежмэнт хэрэгтэй.
Яг одоогийн тухайд УИХ-ын 2024 оны сонгууль тулсан байна. Гаднаас тодорхойлоод байгаачлан бид эвээ олж жигдрээд сонгуульд орох ёстой. Тэгэхээр намынхаа дотоод эв нэгдэл буюу ойлголцол дээр гол анхаарлаа хандуулаад ажиллаж байна. Ер нь аливаа байгууллага, тэр дундаа улс төрийн нам гурван үеийн хэлхээс дээр явдаг. Амьдралын, байгалийн хууль ийм байдаг. Бид ч тэгж ажилладаг. Анхдагчиддаа хүндэтгэлтэй ханддаг. Бидний үеийнхэн өнөөдрийн ачаагаа үүрч байна. Дараа нь энэ намыг авч явах үеэ бэлтгэх ёстой. Энэ мэтийн олон ажил бий л дээ. Зарим тохиолдолд улс төрийн намд үе солих шаардлага үүсдэг. Ингэхдээ “Залуучууд л байж цаашаа явна” гэдэг. Харин би үүнтэй санал нийлдэггүй. АН гурван үеийн хэлхээс дээрээ тогтож цааш явах учиртай. Өөрөөр хэлбэл, энэ балансыг хангах хэрэгтэй. Дээрээс нь манай нам олон лидертэй. Тийм болохоор лидерүүд, гурван үеийнхээ хэлхээс, анхан, дунд шатныхаа холбоосуудыг нэлээд хийлээ. Мөн сонгуулийн бэлтгэл ажлуудаа амжуулж байна. Бид хоёр сонгууль дараалан сөрөг хүчин болсон. Тиймээс энэ удаагийн сонгуульд өмнөхөөсөө илүү анхаарал тавьж, хүч нэмж ажиллахгүй бол сонгуулийн тогтолцоо маань өөрчлөгдөж, шинэ дүрмээр тоглож эхлэх гэж байна
-АН-ын дарга Л.Гантөмөрийг “Цавууны үүрэг гүйцэтгэж байна” гэж байсан. Тэгэхээр та ч гэсэн энэ л үүргийг гүйцэтгэж байна гэж ойлгож болох уу?
-Чиг үүргийн хувьд намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга хоёр маш сайн ойлголцол байх хэрэгтэй. Түлхүүр, цоож хоёр шиг гар нийлж ажиллах ёстой. Тийм байж чадаж ч байгаа, бид хоёр. Намын дарга гэдэг намынхаа лидер нь байдаг. Энэ лидер өнгөтэй өөдтэй байж, өндөрт мандаж, олныг дагуулахын тулд суурь сайтай байх шаардлагатай. Тэр суурь нь намын нийт гишүүд, дэмжигчид. Харин энэ хоёрын холбоос, гагнаас дээр нь л Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд би байгаа юм. Ер нь манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга бол бусад намаас ялгаатай.
-Юугаараа ялгаатай вэ?
-АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бол “Дарга гэх ойлголтоос илүү менежер гэдэг ухагдахуун”-д илүү ойртоно. Яагаад гэхээр АН маш олон ургалч үзэл, бүлэг фракцууд дээр тогтож байдаг. Тийм учраас тэдний эв нэгдлийг хангах, урагш нь чиглүүлэх, нэг зүгт хандуулах нь Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажил болж байгаа юм л даа. Түүнээс биш дарга сэтэр зүүчихлээ гээд улс төрийн илүү эрх ямба эдэлнэ гэсэн үг биш. Тэгэх ч боломжгүй нам.
–Эрх барьж байгаа намын жишээгээр авч үзэхэд Ерөнхий нарийн бичгийн дарга нь намын хамгийн том дарга байдаг. Улс төрийн бүхий л томилгоон дээр гар бие оролцож, түүнийх нь үгээр асуудлыг шийдэж байх шиг харагддаг?
-Манай намын үе, үеийн дарга нар нэг зүйлийг хийх гэж хичээсэн. Тэр нь хамтын удирдлагын систем шүү дээ. Үүнийг нэвтрүүлж, бүх асуудлаа цэгцэлж, ойлголцож байж цаашаа илүү хол явна. Хамтын удирдлагын систем одоогоор манай Улс төрийн зөвлөл амьтай байх ёстой. Гаргасан шийдвэр нь ямар нэгэн гажуудалгүйгээр анхан шат руугаа очдог. Намын үндсэн аппарат өдөр тутмынхаа ажлыг сайн хийх ёстой гээд олон зүйл нэг цэгт нийлэх учиртай. Энэ бүхнийг бүрэн хангахын тулд том дарга гэхээсээ илүү менежер байдлаар ажиллана гээд байгаа юм. Нөгөө талаас энэ бол цэвэр хувь хүний харилцааны л асуудал байдаг.
-АН-ын Нарийн бичгийн дарга нарыг томилох нь таны бүрэн эрхийн асуудал юм байна лээ. Тэгэхээр та ганцаараа шийдсэн үү. Эсвэл бүлэг, фракцуудаас тань санал болгосон уу?
-Намын дүрмээрээ би Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байгаагийн хувьд төв аппаратын албан тушаалтнуудыг томилно. Гэхдээ намын даргатайгаа зөвшилцөнө. Энэ утгаараа Л.Гантөмөр даргатай зөвшилцөөд, салбар салбартаа мэргэшсэн байдлыг нь харгалзаж үзээд томилсон.
-АН-ын Нарийн бичгийн дарга нараар дандаа залуучууд томилогдсон нь олны анхаарлыг татсан. Нэг нь “Улс төрийн туршлагагүй” гэж шүүмжилж байна. Нөгөө нь “Цаг үетэй хөл нийлүүлж алхахад маш зөв шийдвэр” гэцгээж байсан. Таны хувьд яг ямар үзэл бодол, чиг баримжаагаар ийм томилгоо хийсэн юм бэ?
-Агуулгын хувьд нам бол гишүүддээ үйлчилж, тэднийхээ эрх ашгийг хамгаалж, үзэл санаагаа тээгч гол цөм нь байх ёстой. Гэвч нөгөө талдаа бид нийгмээ сайн сонсогч байх хэрэгтэй юм. Нийгэм маань, залуучууд маань юу хүсч байна вэ. Хэдэн хүнийг ажлын байраар хангаж, татвар, нийгмийн даатгалдаа дарлуулаад явж байгаа жирийн бизнес эрхлэгчид юу бодож байна вэ. Хамаг малаа зуднаар алдчихсан малчдад маань юу хэрэгтэй байгаа вэ. Энэ мэтээр бид нийгмийнхээ тусгал нь байх ёстой. Тусгал нь байж чадаж байгаа эсэхээс хамаарч санал, шүүмжлэл гардаг. Манайх нийгэмтэйгээ тэгж яв цав таарч байж цаашаа урагшилдаг нам шүү дээ. Тиймээс “Бидний дараа үеийн лидерүүд хэн бэ” гэдэг утгаар нь, энэ намыг тасралтгүйгээр урагшилж, түүх нь хэдэн зуунаар хэмжигдэх нам байлгахын тулд би одоо цагт ачаа үүрэлцэж байгаагийн хувьд дараа үедээ боломжийг нь олгох ёстой гэж бодсон. Хоёрдугаарт, улстөрчид хэр зэрэг нийгмээсээ холдоно, тэгэх тусам улс төрийн тавцангаас шахагдаж байдаг. Тэгэхээр хайрцаглагдахгүйгээр нийгэмдээ уусч байх ёстой. Магадгүй бид нам, нам гэсээр байгаад нийгмээ сонсохоо больсон байх магадлалтай. Энэ чихний бөглөөсийг гаргахын тулд салбартаа танигдсан, эрх чөлөөний мэдрэмж суусан залуучуудыг олж томилохыг хичээсэн. Эдгээр залуус маань ч гэсэн нийгэм рүү гараад сайн ажиллаж байгаа гэж бодож байна. Уг нь хуучин жишгээр бол АНын Нарийн бичгийн дарга гэдэг маш урт зам туулж байж томилогддог ажил байлаа. Гэхдээ “Шинэ үедээ арай өөр хандлагаар хандах ёстой” гэсэн байдлаар би асуудлыг авч үзсэн.
-Сонгууль хаяанд ирсэн байна. “АН аанай л эмх замбараагүй, эв түнжингүй хэвээрээ байна” гэдэг яриа байсаар л байх юм?
-Та “Сонгууль хаяанд ирлээ” гэж хэллээ шүү дээ. Түүнтэй л холбоотой яриа байх. АН-ын хувьд өмнө нь явж ирсэн зарчмаараа улс төрийн дотоод үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Тийм учраас “АН эв нэгдэлгүй, ан цавтай байна” гэх нь улс төрийн зарим намд, тодорхой улстөрчдөд хэрэгтэй л байдаг биз. Л.Гантөмөр дарга хэлсэн шүү дээ, “Коммунистууд сүүлийн 30 жилийг онилж ярих боллоо. Тэднийхээр сүүлийн 30 жилд хот байгуулагдсан нь, монголчууд 60 сая малтай болсон нь, 100 гаруй мянган залуус гадны улс руу явж суралцсан нь буруу гэнэ. Сүүлийн 30 жилд иргэд сая гаруй машинтай болсныг, 400-500 өрх орон сууцанд орсныг, 250 мянган залуус ипотекийн зээлд хамрагдсаныг үгүйсгэж байна. Ардчиллыг үгүйсгэж байна. АН Монголд ардчиллыг, үг хэлэх эрх чөлөөг, эд хөрөнгөтэй байх боломжийг авчирсан нь үнэн. Гэтэл болохгүй байгаа зүйлсийг болгохын төлөө зүтгэсэн нэгнийг ялладаг, буруутгадаг, дардаг, хооронд нь хагаралдуулах болсон” гэсэн. Эндээс эрх баригчид ч, манайх ч ямар нам билээ гэдэг нь харагдана. Нэмээд улс төрийн туршлага, орон зай гээд хэн ч бодоход ойлгомжтой шүү дээ. Энэ дашрамд хэлэхэд, “АН хагаралтай байна” гэж манай намын төлөө сэтгэлээ чилээж, цаг заваа зориулдаг хүмүүс одоо тайвширч болно. АН эв нэгдэлтэй байна. Маш эвтэйгээр сонгуульдаа оролцоно. Том зорилгын төлөө эвлэлдэн нэгдэж, сахилга бат, хариуцлагатай байж чадсанаар энэ сонгуульд ялах нь гарцаагүй. Санаа зоволтгүй гэсэн үг. Уг нь улс төрийн намууд, ялангуяа сонгууль ойртсон үед ийм “яс хаях” аргаар ажиллаж болохгүй л дээ. Цаашлаад хүний алдар хүнд, нэр төрд халдахгүйгээр зарчимтай улс төр хийдэг байх ёстой. Гэтэл манай намын тухайд өмнө нь яг ийм гадны нөлөөнд, мэхэнд автаж алдаа гаргаж байсан. Тийм түүх бий. 2012 онд олонх болж засгийн эрхийг авсан. 2014 онд засгаа унагаасан. Тэгээд 2016, 2020 оны сонгуулиудад ямар үр дүн гарсныг та бүхэн мэднэ. Гэтэл энэ дараалсан ялагдлын шалтгаан нь ердөө л бид нам дотроо яриагүйтэй холбоотой байдаг юм. Одоо тэр алдаагаа харчихсан. Засаад урагш алхана. Ийм л итгэлтэй байна. Үүний төлөө ч бид ажиллах болно. “Хийж чадах болов уу, яах бол” гэдэг асуудал манай намд байхгүй. Хүчтэй лидер олон байна.
-Та “Манай нам олон лидертэй” гэж хэллээ. Үнэн. Гэхдээ тэр хэрээрээ үл ойлголцол гарах нь их байх шиг харагддаг. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд энэ лидерүүдийнхээ ойлголцлыг нэг болгохын тулд олон уулзалт хийсэн байж таарна даа?
-Үүнийг ярихаас өмнө харьцуулалт хийх ёстой байх л даа. Одоогийн эрх барьж байгаа нам манайхаас 70 насаар ах шүү дээ. Тэр намын үүсгэн байгуулагдсанаас эхлээд, туулж ирсэн замнал, өнөөгийн цаг үетэй золгосон бүх цаг үед нь төр, нийгмийн тогтолцоо өөр өөр байсан. Тийм учраас МАН-ын соёл арай өөр хэв загвартай байдаг биз. Гадна талаасаа маш их эв нэгдэлтэй, эмх цэгцтэй мэт харагддаг. Тэр нь имиж нь болчихсон. Гэтэл яг бодит байдал дээр хамгийн их хагаралтай л байдаг. Харин АН бол өөр. Угаасаа цэвэр ард түмний хүсэл зорилго, хэрэгцээнээс үүссэн нам шүү дээ . Лидерүүд маань тухайн үедээ Монголд улс төр, нийгмийн шилжилт, өөрчлөлтийг авч ирсэн. Тэр хэрээрээ эрх чөлөөний мэдрэмж дээрээ л нэгддэг. Энэ мэдрэмжээ улс төрийн үзэл санааны чиг баримжаагаа болгохдоо өөр, өөрсдийн гэсэн байр сууриа шигтгээд явсан. Ийм ч болохоор ард түмэн биднийг сайн яваасай гэсэндээ хүлээлт нь өндөр байдаг. Бидний үг, үйлдэл бүрийг анзаарч, шүүмжилдэг. Бид ч гэсэн “Нийгмийн захиалгаар үүссэн нам” гэдэг утгаараа алдаа, оноо нь ил явдаг. Харин зөрчил гэдэг нь харьцангуй ойлголт болоод явчихна. “А цэгээс Б цэг хүрэх маршрут дээрээ л жаахан зөрчил байна уу” гэхээс “А-гаас Б рүү очих ёстой” гэдгээ манайхан бүгд мэддэг. Ингэж хэлэхээр ойлгогдож байна уу.
-Одоо танай намын дотоод асуудал бүрэн цэгцэрч, нэг цонхоор хараад сонгуульд оролцоход бүрэн бэлэн болсон гэж ойлгож болох уу?
-Энэ 2024 он гараад Улс төрийн намын тухай болон УИХ-ын сонгуулийн тухай хууль хэрэгжээд явж байна. Тийм болохоор хуульд зааснаар ямар ажил амжуулсан байх ёстой юм бэ. Тэр бүх бэлтгэлээ хангаад явж байна. Харин дотооддоо хэн , хаана өрсөлдөх сонирхолтой байгаа зэрэг дээр менежмэнтийн зүйлсээ багцаалдсан. Түүнд шаардлагатай дэд бүтцүүдээ угсраад сонгуулийн бэлтгэлээ базааж байна.
-Таны хариултуудаас харахад АН-д одоо асуудал алга болсон гэж байна. Гэтэл АН-ын даргыг томоохон фракцууд нь байнга шахаанд байлгадаг гэх мэтээр ярьсаар л байна шүү дээ?
-Наадах чинь л харин сонгуулийн өмнө бидэнд илгээж байгаа бэлэг шүү дээ. Манай намын нэг араншин байдаг юм. МАН шиг тэгж нийтийн диктатур, хэв маяг тогтоодоггүй. АН-д бараг л гишүүн бүр нь өөрийнхөөрөө амьдардаг. Дарга таалагдахгүй бол араар нь муулаад, хор хуй хийгээд гүйцгээгээд байдаггүй. Хурлаа хийнэ. Асуудлаа гаргана. Шийднэ. Ийм л процесс болдог. Тэгээд ч АН-ын дарга болсон хүн бусдын шахалт хавчилганд орох ямар ч боломжгүй. Ийм эрх чөлөөнөөс сонгогдсон дарга илүү эрх чөлөөтэй л ажиллана биз дээ
-Бүр нэр заагаад яриад, мэдээлээд байгаа харагдах юм?
-Тэгэхгүй бол итгэл үнэмшилгүй болчих гээд байдаг байлгүй дээ
-“Улс төрийн гуравдагч хүчний орон зай байна” гэдэг ойлголт нэлээд өндөр авч байна. Жижиг намууд энэ байр суурийн төлөө зүтгээд эхэлж байх шиг байна. Ийм бодит үйл явдлууд ч өрнөж байна. Монголын улс төрийн хоёр баганын нэг гэгдэж ирсэн АН-ын нэр хүнд сайнгүй байна л гэсэн үг байх. Гуравдагч хүчний талаар ямар байр суурьтай байна вэ?
– Бернард Шоугийн “Ардчилал бол бидний байгуулсан засаглалаас илүү сайн засаглал байхгүй гэдгийг батлах багаж юм” гэж үг бий. АН-ын үзэл баримтлал ч “Хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн чиг хандлагыг эрхэмлэн Ардчилсан Үндсэн хуулийн суурь зарчмуудыг хамгаалж, ардчилсан хувьсгалын ололт амжилт, Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжилд нэвтрүүлсэн дэвшилтэт санаачилга, өөрчлөлт шинэчлэлт, бүтээн байгуулалтаараа бахархаж, цаашдын бодлого, үйл ажиллагаандаа Хувь хүний эрх чөлөө, Эдийн засгийн эрх чөлөө, Улс төрийн эрх чөлөө, Шударга ёсны эрх чөлөө, Үндэсний эрх чөлөө гэсэн үнэт зүйлсийг баримтлан эрхэм зорилгоо хэрэгжүүлнэ” гэж байдаг юм. Эндээс миний хариулт тодорхой болох байх. Дээрх эрх чөлөөг хангах хүчин хэн бэ. Нийгмийн, олон нийтийн хүлээлт хэн дээр байна вэ. Хэн хэрэгтэй байна вэ. Энэ бол ердөө л сонголт шүү дээ. Олон нийт хэнийг хүсэж байна, тэр нь л гарч ирнэ. Ер нь АН эрх чөлөөг эрхэмлэдэг учраас том, жижиг улс төрийн хүчнүүдэд хүндэтгэлтэй хандана. Харин АН-ын нэр хүндийн хэмжээсийн тухайд яг одоо ярих жаахан тохиромжгүй юм. Яагаад гэвэл хоёр ч сонгуулийн бүрэн эрх буюу найман жилийн туршид улс төрийн хашааны гадна өнжлөө. Тэгсэн ч зүгээр байлгасангүй. Намын лидерүүдийг муудалцуулах, яс хаях нь хэвийн үзэгдэл мэт болсон шүү дээ. Хэтэрсэн. Яг үнэндээ энэ хугацаанд АН байх үгүй тухай яригдаж байсныг энд хэлэх хэрэгтэй. Өдийд АН алга болчихсон байхыг үгүйсгэхээргүй бэрхшээлтэй замыг тууллаа. Гэхдээ АН учраас буцаж өндийлөө л дөө.
– Энэ амралтын өдрүүдээр АН-ын ҮБХ-ны хурал болох юм байна. Энэ хурлаар нам ы н дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын асуудлыг хөндөх нь гэсэн мэдээллүүд бас гарч байна ?
-Ингэх нь хэнд хэрэгтэй вэ гэдгийг бодоход хариу нь гарч ирэх биз дээ. Бас л дээр хэлсэн шиг сонгууль дөхсөнтэй холбоотой гэж ойлгож болно. АН-ын хувьд яалт ч үгүй Монголын улс төрийн хамгийн том намуудын нэг. Сонгуульд амжилттай оролцох нь ойлгомжтой. Ингээд үзэхээр АН-ыг ямар нэг байдлаар сулруулах, олон нийтийн итгэлийг алдагдуулах улс төрийн үйл ажиллагаа гадна талаас явах нь тодорхой шүү дээ. Яахав, манай намыг олон фракцтай гэдэг. Гадна талд тэгж яригддаг. Албан ёсны бүтэц биш л дээ. Гэхдээ улс төрийн байр сууриа хэсэг бүлгээрээ илэрхийлэх үзэгдлүүд байдаг. Байх ч ёстой. Үүнийг хориглож болохгүй. АН-ын гишүүн зарим намын гишүүд шиг дуугаа хориулж, үзэл бодлоо бариулж болохгүй шүү дээ. Угтаа энэ бол ардчилал юм. АН-ын гол илэрхийлэмж нь энэ. Ялгарал гэсэн ч болно. Үүнийг л ашиглаж, дотор нь хагалах гэсэн арга хэмжээг гаднаас авч байх шиг байгаа юм. Бидний хувьд ингэж л ойлгож авч үзэж байгаа. Сонгууль ойртож байгаа учраас иймэрхүү яс хаях үзэгдэл цаашид нэмэгдэж ч магадгүй юм.Тэгээд ч АН коммунист нам биш шүү дээ. Яг фракц гээд яривал бүх намд л байдаг. МАН-д ч бий. Бүгдээрээ л мэддэг. МАН-ынх далд, манайх ил л байдаг байхгүй юу. Танай асуусан манай намын ҮБХны хурлын тухайд энэ долоо хоногт болно. Түүгээр 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэлэлцэнэ
-Энэ ҮБХ-ны хурлаар 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэлэлцэх юм байна. Танай намаас “Бүтэн Ардчилал” хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү санал, хэлэлцүүлгээс АН юу олж авсан бэ?
-АН ард түмний дуу хоолой, төлөөллийг өндөр нийцлэлтэй хангахын тулд хуулийн хүрээнд бодлогын баримт бичиг гаргана. Энэ бол мөрийн хөтөлбөр байдаг. Үүний хүрээнд улс орныг хамарсан хоёр удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Намынхаа анхан шатанд ажиллаж, ачаа үүрч байгаа нөхдийнхөө саналыг сонслоо. Тухайн бүс нутагт нэр дэвшихээр горилж байгаа хүмүүсээ ч мөн тэдэнтэй уулзууллаа. Мөн нийгмийн төлөөллүүдийг урьж саналыг нь авсан. Ингэхдээ эмч, багш нар, мэргэжлийн холбоод, Үйлдвэрчний эвлэлүүд, МҮХАҮТ гэх мэт олон талын төлөөллийг хамруулсан. Эндээс бид “Бүтэн Ардчилал-2024” үндэсний хэлэлцүүлгээрээ өнөөгийн нийгмийн нөхцөл байдлыг бүтнээр нь дүгнэхийг зорьсон. Товчхондоо, нам дагасан хэсэг хүмүүс нь хожоод, жирийн ард иргэд нь хохироод үлддэг байдлыг засаж залруулахын тулд АН-ын мөрийн хөтөлбөр эдийн засаг, бизнесийн орчныг цэвэрлэхэд чиглэнэ. Гишүүд хэд хэдэн санаа, санаачилгыг дуу нэгтэйгээр хэлж байна. Тухайлбал, бизнесийн орчныг сайжруулахын тулд үргүй зардлыг танаж, төсвийг хумих шаардлагатай гэлээ. Хариуцлага, сахилга батыг сайжруулах ёстой гэсэн санал хэллээ. Боловсролын реформ хийх эрэлт хаалга тогшиж буйг онцоллоо. Дөрөвдүгээрт, авлига. Авлигыг бүрэн зогсоох хууль эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй гэж байна. Эрчим хүчний асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн санал хэлж байна. Ер нь манай намын үзэл санааны гол цөм бол хувийн хэвшилдээ эрх чөлөөг олгож ажиллах, боломж нөхцөлийг нь дээшлүүлэх, төрийн оролцоог багасгахыг зорьж байдаг. Тэгж л ирсэн. Тийм ч учраас тэднийхээ дуу хоолойг сонсож, захиас даалгаврыг нь авч, мөрийн хөтөлбөртөө тусгадаг. Хуулийн дагуу энэ сарын 23-25-ны хооронд мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлж, дүгнэлт гаргуулна. Үүний дараа СЕХ руу явуулах учиртай
-Нийгмийн бүлгүүдээс гаргаж байгаа санал, шүүмжлэлээс юу анзаарагдаж байна вэ?
– Товчхон хэлэхэд хүмүүсийн амьдрал хот, хөдөөгүй доройтсон . Үүнийг бид зөвхөн өнөөдөр мэдэж байгаа юм биш. Сүүлийн найман жилийн турш уруудсаар ийм болж байгааг харж байна. МАН найман жил засагласан ч, мөрийн хөтөлбөрийнхөө 90 хувийг биелүүлж чадаагүй. Улмаар иргэд төрд итгэхээ больчихсон. Жишээ нь, улсын төсвийг 2016 онтой харьцуулахад 3-4 дахин тэлсэн байна. Гэсэн ч өр нь нэмэгдээд байдаг. Яг бодит буюу өрхийн эдийн засагт нэмэгдсэн зүйл огт алга. Одоо жирийн малчин иргэдийн маань амьдрал улам муудах нь нэгэнт тодорхой боллоо. Өмнөх шигээ урдах ажлаа хийгээд явах боломж байхгүй боллоо. Хорино, торгоно, цагдана л гэдэг зүйл ярьдаг болсон болохоос бараг нэг километр зам шинээр тавигдсангүй. Утаа, түгжрэл нь буурсангүй. Нийгмийн асуудлуудаа огт шийдсэнгүй гэдэг бухимдал л маш их байна. Тиймээс энэ бухимдлыг шийдэлтэй гарц гаргалгаа олоход мэргэжлийн хүмүүсийн оролцоо маш чухал. Улс төрийн намд байгаа хүмүүс бүгд төгс биш. Яг чаддаг, мэддэг хүмүүсээс нь саналыг нь авч байна. Тоочоод байвал асуудал их байгаа. Бизнесийн эрх чөлөө, авлигын индексээрээ манай улс сүүлийн жилүүдэд тогтмол уруудлаа. Уулзалт хийгээд явахад гэрэл гэгээтэй зүйл маш ховор байна.
-ҮБХ-ны хурлаар 2024 оны УИХ-ын сонгуулийн нэр дэвшилтийн асуудал хөндөгдөх үү?
-Нэр дэвшилт ярих хуулийн хугацаа болоогүй байна. УИХ-ын сонгуулийн хууль, СЕХ-ны гаргасан хуанлид бид захирагдаж ажиллах ёстой. Тэгэхээр нэр дэвшигч гэхээсээ илүү горилогчдынхоо саналыг сонсоод, ажиллаад явж байна. Энэ удаагийн сонгууль шинэ системээр явагдана. Ялангуяа хөдөө орон нутагт томсгосон тойргоор явна. Тэгэхээр багийн ажиллагаа маш чухал. Найман жил сөрөг хүчний ажил хийсэн. Тийм учраас туулах зам төдий чинээгээр урт байна. Хэмжээлшгүй эрх мэдэлтэй, дуусдаггүй мөнгөтэй намтай өрсөлдөхийн тулд эв нэгдэл, хамтын ажиллагаа л хэрэгтэй. Тавдугаар сарын сүүлээр хуульд заасан хугацаа нь болж, нэр дэвшигчид тодорно. Намын анхан, дунд шатандаа ажилласан байдал, хувийн рейтинг, багийн хамтын ажиллагааг голлож харгалзан үзнэ. Тэгэхээр энэ удаагийн ҮБХ-ны хурлаараа мөрийн хөтөлбөрөө л эцэслэн батална. Мөрийн хөтөлбөрөө гаргахдаа бид Боловсруулалтын ажлын хэсэг, Бодлогын ажлын хэсэг байгуулж ажиллуулсан. Энэ ажлын хэсгүүдийн өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудыг дүгнээд, хуульд заасан шаардлагад нийцүүлж, мөрийн хөтөлбөрөө аудитад хүлээлгэн өгнө.Чамбай мөрийн хөтөлбөр болж гарах ёстой. Намын Улс төрийн зөвлөлөөс УИХ-ын сонгуульд иргэдийнхээ итгэлийг хүлээсэн, хэрэг түвэгт холбогдоогүй, нэр цэвэр гишүүдээ дэвшүүлэх бодлого барьж байгааг олон нийтэд зарласан. Жагсаалтын хувьд нийгмийн төлөөллийг ямар нэг байдлаар оруулж ирнэ. Тавдугаар сарын 14-20-ны хооронд зургаахан хоногийн хугацаанд нэр дэвшигчдээ олон нийтээс асууна. Энэ дээр техникийн шийдлийн асуудал гарч ирж байгаа. Ерөнхийдөө нэр дэвшилтийг ард түмнийхээ санаачилгыг сонсож, намын дотоод эв нэгдлийг хангах дээр анхаарч шийдвэрийг гаргана.
-МАН-ынхан “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй” гэж зарлаад байна. АН ямар байр суурьтай байгаа вэ?
– Сайн даа ч ингэж зарлаад байгаа юм биш. Ер нь Монголын улс төр, нийгмийн амьдрал, нөхцөл байдал өөрөө үүнийг шахаад байгаа юм. Ийм шахалт үүсчихсэн учраас улс төрийн намууд ёс зүйгээ барих ёстой болсон хэрэг. Нөгөө талаараа хүний эрхийн тухай асуудал бас хурцаар тавигдаж байна. Тэгэхээр аль алинд нь мэдрэмжтэй байх ёстой, ялангуяа манай намын хувьд. Мэдээж ёс зүй, нийгмийн дэмжлэгийг авах, сонгогчдын итгэлийг хүлээх талаасаа тэр шаардлагуудаа тавина. Гэхдээ “Зөвхөн гэмт хэрэгт холбогдсон” гэдгээр хэт туйлшрал үүсэхээс болгоомжлох хэрэгтэй байх. Үүнээс болоод хүнийг хэлмэгдүүлэх вий. Энэ талаас нь ч бодох л хэрэгтэй. Улс төрийн захиалгаар хүнийг гүтгэсэн тохиолдлууд байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс бид хэрсүү л байх шаардлагатай.
-Шинэ хуулиар бүсчилсэн томсгосон тойргоор сонгууль явуулах нь эрх баригчдад хэт давуу байдлыг олгож байна гэсэн шүүмжлэл яваад байгаа. “Сөрөг хүчин, жижиг намуудад халгаатай” гээд байна. Таны хувьд энэ удаагийн сонгуулийг юу гэж харж байна вэ?
-Мэдээж шинэ зүйл болгон шинэ л байдаг. Өнгөрсөн 30 гаруй жилийн парламентын түүхэнд 76 гишүүн гэдэг л ойлголт байсан. Гэтэл бид анх удаа 126 гишүүнтэй парламентыг бүрдүүлнэ. Бүсчилсэн 13 тойргоос 78, намуудын жагсаалтаас 48 гишүүн сонгогдож гарч ирнэ. Үүний цаад агуулга нь бүсчилсэн хөгжлийн асуудалтай холбоотой. Эхний ээлжинд УИХ-ын сонгуулийн тухай хуультай уялдаад томсгосон тойргоор явахаар болж байгаа юм. Нэг зүйл дээр би хатуу итгэл үнэмшилтэй байдаг. “Сонгуулийн үр дүн гэдэг сонгууль явуулах аргаасаа илүүтэйгээр нийгмийн сэтгэл зүйгээ хэр мэдэрсэн бэ” гэдгээс хамаарна. Ард түмний хүсэл сонирхол, захиалга мөн байсан уу гэдэг л асуудал шүү дээ. Түүнээс биш ялах бол ямар ч систем дээр ялж болно. Ер нь том зургаар нь авч үзвэл газар нутгийн хэмжээ, хүн амын тоотой харьцуулбал бүсчилсэн, цаашдаа Монгол Улсын Засаг захиргаа, нэгжийн тухай хууль болон холбогдох хуулиуддаа өөрчлөлт хийх хэрэгтэй. Ингэж энэ реформоо төгс хийж чадах юм бол Монгол Улсад хэрэгтэйг үгүйсгэхгүй. Харин улс төрийн хувьд тойрог томсгочихоор л АН ялагдчих юм шиг ухуулга, сурталчилгаа хийгээд байгаатай би санал нийлэхгүй. Энгийн жишээ татъя л даа. Зарим улстөрчийг харж байхад сонгогдсон аймагтаа муу нэртэй байх нь бий. Нэгэнт тийм бол хөрш зэргэлдээ аймгууддаа ч гэсэн муу нэртэй л байдаг юм байна. Энэ нь Монгол Улс битгий хэл дэлхий хавтгай болчихсонтой холбоотой шүү дээ. Ямар ч зүйлийг нуух аргагүй болсон. Тэгэхээр хуучных шиг жалга довны үзэл хоцрогдоод эхэлсэн. Харин үүнээс илүүтэй сонгохыг хүссэн хүнээ хаанаас ч олоод сонгодог болсон. Сонгохгүй гэснээ бол гэрт нь ирсэн ч сонгохгүй, ийм л болчихсон. Гэтэл ард түмнийг басамжилсан зүйлүүд яригдаж л байна. Тэгж болохгүй л дээ. Ард түмэн хэрсүү болчихсон. Сонгуулиа өгөөд сурчихсан. Тэгэхээр зарим улс төрийн хүчин, улстөрчид улс төрөө зарчимтай хийх хэрэгтэй. Тэгвэл сонгууль ч шударга болно. Дахиад хэлэхэд, манай намын эв нэгдэлд санаа зовоод байдаг хүн, хүчнүүд одоо тайван байж болно. АН-ынхан маш эвтэйгээр сонгуульдаа оролцоно.
2 replies on “Э.Одбаяр: “АН хагаралтай” гэдэг хүн, хүчнүүд одоо тайвшир, бид маш эв нэгдэлтэйгээр сонгуульд оролцоно DNN.mn”
Энэ бөгс долоогч, мөрийтэй тоглоомчин адаг шаарыг үтэр түргэн хөөж явуулах хэрэгтэй.
Ямар бөөрөнхий хулгайч вэ ? Зоригтой нэг ч санаа, бодолгүй юм уу ? Эсвэл нөгөө МАН-ынхаа угаадасны гөлөг юм уу ???