Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Энхболд: Монголчуудын аминчхан үзлээс болж жилд 400 гаруй хүн авто ослоор амиа алдаж байна

Улсын хэмжээнд өнгөрсөн жил 429 хүн зам тээврийн ослын улмаас амиа алдсан гэх харамсалтай мэдээ байна. Авто замын осол аваар юунаас болж гараад байдаг талаар Замын цагдаагийн албаны Техник, замын хяналтын ахлах мэргэжилтэн, ХСИС-ийн дэд профессор, цагдаагийн ахмад Э.Энхболдтой ярилцлаа.


-Энхийн цагт жил бүр 500 орчим иргэдээ авто ослоор алдана гэдэг манайх шиг хүн ам цөөн улсын хувьд дэндүү харамсалтай. Үүнийг гамшгийн хэмжээнд ойлгох уу?

-Зам тээврийн ослоор амиа алдах, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийн тоо өндөр байгаа нь гамшгийн түвшинд хүрснийг харуулж байна. Тухайлбал улсын хэмжээнд өнгөрсөн жил 36591 зам тээврийн осол бүртгэгдсэн. Үүнээс 429 хүн амиа алдаж, 4712 хүн зам тээврийн ослын улмаас хүнд болон хөнгөн гэмтсэн байна. Уг судалгаанаас үзэхэд сүүлийн арван жилийн хугацаанд дөрвөн сумын хүн амтай тэнцэх хэмжээний хүн зөвхөн авто ослоор амиа алджээ. Монголд замын хөдөлгөөний аюулгүй байдлын түвшин маш муу байгааг бид өөрсдөө хүлээн зөвшөөрөх ёстой юм.

-Зам тээврийн осол, аваар ихээр гарах болсон гол шалтгаан нь юу бол?

-Хувь хүний анхааралгүй байдал, болгоомжгүй үйлдлээс болдог. Мөн монгол хүний сэтгэхүйн онцлог, дадал зуршлаас их шалтгаалсаар байна. Гэхдээ осол юунаас болж гардаг талаар ярихаас өмнө замын хөдөлгөөний аюулгүй байдал гэж чухам юуг ойлгох вэ гэдгийг мэдэх нь чухал. Үүнийг хуулинд “Замын хөдөлгөөнд оролцогчийг зам тээврийн осолд өртүүлэхгүй, түүнээс үүдэн гарах хор уршгаас хамгаалагдсан байдлыг ойлгоно” гэж заасан байдаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөгч хүчин зүйлсийг эрдэмтэд “Хүн, автомашин, зам, орчин” гэсэн эрсдэлт дөрвөн хүчин зүйлсийн хоорондын нарийн уялдаа холбоо, найдвартай ажиллагааны үр дүнд бий болж буй аюулгүй түвшин гэж тодорхойлсон.

Эдгээр дөрвөн зүйлийн нэг нь доголдож, асуудал үүсэхэд хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж, осол аваар гардаг. Авто ослын улмаас явган зорчигч, жолооч нарын амь эрсдэх нь их. Явган зорчигчид гарцгүй газраар гарахдаа ойртон ирж яваа автомашиныг өнгөрүүлдэггүй, жолооч нар явган зорчигч зам хөндлөн гарч байхад хурдаа сааруулж, осол аваараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаггүйгээсээ болж хүний амь эрсдэх тохиолдол бий. Яг энэ байдал нь нөгөө монголчуудын хувиа бодсон сэтгэхүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөнд харилцан бие биенээ хүндэтгэн, соёлтой оролцдоггүйгээс болж осол гардаг гэж ойлгож болно. Мөн согтуу жолоочийн буруугаас болж хүний амь нас, эд хөрөнгө хохирсоор л байна. Өнгөрсөн жил 793 согтуу жолооч осол аваар хийсэн гэсэн тоо гарсан. Үүнийг 365 хоногт хуваагаад үзэхэд өдөрт 2-3 согтуу жолооч хаа нэгтээ осол гаргасаар байна. Хэдийгээр хяналт шалгалт сайн хийгддэг ч гэсэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байгаа юм.

-Замын хөдөлгөөнд оролцохдоо нэгнийгээ хүндэлдэггүй нь монгол хүний сэтгэхүйн онцлогтой холбоотой гэж ярилаа. Энэ талаар тодорхой ярихгүй юу?

-Монголчуудад нэг сул тал байна. Тэр нь амин хувиа хичээх буюу аминчхан үзэл юм. Би л уулзвар нэвтэрч, түрүүлэн явж байвал бусад нь надад хамаагүй гэсэн ойлголт. Би гэдэг үзэл их хотын иргэний үзэл биш. Эхлээд та дараа нь би гэсэн ойлголт, ёс суртахуунтай байж бид хотын жинхэнэ оршин суугчид болж чадна. Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэх ойлголт бол их хотын соёл юм. Үүнийг монголчууд ойлгохгүй байгаа нь хотжилт гэдгийг бүрэн ойлгоогүйгээс улбаатай. Монголд 1990 оноос хувийн өмчтэй болох эрх үүссэн. Түүнээс арваад жилийн дараа хувийн автомашинтай иргэд олширч, суурин газрын хөл хөдөлгөөн нэмэгдсээр өдийг хүрсэн. Ингээд бодохоор бид хотын эмх замбараанд ороод 20 гаруй л жил болж байна. Энэ хугацаа бол хэдэн мянган жилийн түүхтэй нүүдэлчин ахуйтай харьцуулахад дэндүү богино хугацаа. Өөрөөр хэлбэл бид нүүдэлчин ахуй, ганцаараа том газар нутагт хэдэн малтайгаа дураараа нүүдэллэн амьдардаг зан чанар, дадал зуршлаасаа салаагүй болохоор хотжилт, суурин соёл гэдгийг ойлгосон ч хэвшүүлж чадахгүй байна. Тэгэхээр осол гарч буй гол шалтгаан нь монголчуудын аминчхан үзэл, бусдын эрх ашгийг хүлээн зөвшөөрч чаддаггүй зан нөлөөлсөөр байна. Энэ монгол хүний сэтгэхүйн онцлогоос болж жилд 400 гаруй хүн авто ослоор амиа алдаж байна гэсэн бодитой судалгаа гарсан. Тэгэхээр таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэсэн хотын зарчмаар нэгнээ хүндэтгэн хөдөлгөөнд оролцох нь чухал.

-Зам тээврийн осол хүний анхааралгүй байдлаас болж үүсдэг гэлээ. Өнөө цагт хүний анхаарлыг сарниулах эд зүйлс чихэвчтэй хөгжим, ухаалаг утаснаас эхлээд олон болсон шүү дээ?

-Зам тээврийн ослын 90 хувь нь жолоочийн буруугаас болдог гэсэн судалгаа бий. Тийм болохоор эхлээд жолооч нарын анхаарал, болгоомжийн талаар тайлбарлая. Жолоочийн аюулгүй, найдвартай байдлыг гурван хүчин зүйлээр авч үздэг. Энэ нь тухайн жолоочийн мэргэжилдээ тэнцэх байдал, бэлтгэгдсэн байдал, ажиллах чадвар зэрэг шалгуур үзүүлэлт юм. Мэргэжилдээ тэнцэх байдал гэдэг нь жолоочийн хувийн зохион байгуулалт, сэтгэл санааны онцлог зэргийг тооцоолон үздэг. Бэлтгэгдсэн байдал гэдгийг жолоочийн мэдлэг чадвар, олж авсан туршлага зэргийг ойлгоно. Харин ажиллах чадвар гэдэг нь тухайн жолооч автомашин жолоодохоосоо өмнө хэр зэрэг амарч чадсан, ямар нэгэн стрест орсон уу зэргийг авч үздэг. Эдгээр хүчин зүйл жолоочид сөргөөр нөлөөлөөд ирэхээр осол аваар гарах нөхцөлийг бүрдүүлж байдаг. Жолоочийн бие сэтгэлийн онцлогоос шалтгаалж анхаарлын түвшин өөр байдаг. Энэ нь эргээд хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлдөг гэж ойлгож болно. Хөдөлгөөнд оролцож байгаа жолооч замын хөдөлгөөний мэдээллийн 80-90 хувийг харааныхаа тусламжтайгаар олж авдаг. 60 километр цагийн хурдтай тээврийн хэрэгсэл жолоодож буй жолоочийн гар утсанд мессеж ирлээ гэж саная. Ингээд жолооч хоёр өгүүлбэр мессеж уншихад 2-5 секундыг зарцуулдаг. Тэр хэрээр жолоочийн анхаарал нь сарнина. Гар утсаа оролдчихоод эргээд замын хөдөлгөөнд бүрэн анхаарал хандуулахад тодорхой хугацаа хэрэгтэй болдог. Эдгээр үйлдэл хэд хэд давтагдахад жолооч осол гаргах гол суурь тавигдаж байдаг. Өөрөөр хэлбэл мессежээ унших хугацаанд жолооч 40-60 метр замыг ямар ч хараа хяналтгүй туулчихсан байдаг. Осол гэдэг агшин зуур тохиолддог үйл явдал. 40-60 метр замд хүний амь, бусдын эд хөрөнгө ямар их зөрж болохыг бид ойлгох хэрэгтэй. Явган зорчигчид ч мөн ялгаагүй. Сүүлийн үед чихэвчтэй хөгжим сонсож яваад зам тээврийн осолд өртсөн тохиолдол нэмэгдсэн. Хүн нүд, чих хоёроороо орчин тойрны аюулаас урьдчилан сэргийлж, яаралтай арга хэмжээ, хариу үйлдлүүдийг үзүүлж байдаг. Гэтэл чихэндээ чанга хөгжим хангинуулж, нүдэндээ тас хар шил зүүж, толгойгоо бүрхсэн том юүдэн малгай өмсөж хотын гудамж, замын хөдөлгөөнд оролцож байна. Энэ нь тухайн зорчигч осол аваарт өртөх эрсдлийг дагуулдаг. Өөрөөр хэлбэл энэ их хөл хөдөлгөөн дунд өөрийгөө бусдаас тусгаарлах нь алхам тутамдаа эрсдэл дагуулж байдгийг анхаараарай.

-Үнэхээр хэдэн метр газар яаж явсан билээ гэж бодох үе байдаг шүү…?

-Тийм болохоор л жолооны ард маш анхааралтай байх ёстой. Сүүлийн үед фэйсбүүк, твиттер зэрэг цахим сүлжээнээс болж осол аваарын тоо 20 гаруй хувиар нэмэгдсэн. Түгжрээнд орсон жолооч фэйсбүүк хуудсаа шалгаж байгаад жолоо барьж яваагаа ор тас мартах явдал ч байна. Ногоон гэрэл асчихаад байхад л таг зогсчихдог. Ингээд арын машин нь дуут дохиогоо орилуулж байж сая нэг сөхөө авч хөдөлдөг. Цочсондоо болоод сандарсан жолооч огцом хөдлөхдөө явган зорчигчийг мөргөж осол гаргах жишээний. Тэгэхээр түрүүний хэлсэн жолооч хүний анхаарлыг сарниулах зүйл маш их болсон. Гэхдээ жолооч хүн зам тээврийн хөдөлгөөнд оролцож яваа гэдгээ үргэлж ухамсарлаж, хариуцлагатай байх нь чухал. Мөн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигчдын темперамент буюу зан төлвөөс шалтгаалж осол аваар гардаг.

-Түрүүн монголчуудын сэтгэхүйтэй холбоотой гэж ярьсан. Харин сэтгэл зүйн байдалтай холбоотой гэдэг нь юу гэсэн үг үү?

-Тухайлбал, өглөө гэрээсээ тайван гарсан хүн машиныг аядуу зөөлөн жолоодно. Харин эхнэртэйгээ ам зөрж, ууртай гэрээсээ гарсан хүн машиныг түрэмгий, ширүүн жолооддог. Энэ бүх жолоочийн бие сэтгэл зүйтэй холбоотой учир хөдөлгөөний байдалд нөлөөлдөг юм. Үүнтэй адил машин дотроо чанга хөгжим сонсох, сонсож байгаа хөгжмийн төрөл, жанр ч жолоочид нөлөөлнө. Тухайлбал, ардын дуу, сонгодог, уянгын хөгжим сонсож явдаг жолооч бусдыг хүндэтгэж, ямар нэгэн тохиолдолд хүлээцтэй ханддаг. Харин рок, хип хоп, эмоцитой, хүчтэй хэмнэлтэй ая сонсдог жолооч бусдыг үл хүндэтгэх, түрэмгий жолоодлого хийх, юм бүхний урдуур дайрч, онгироо сагсуу зан гарган замын хөдөлгөөнд оролцдог нь судалгаагаар нотлогдсон. Өөрөөр хэлбэл эхнэртэйгээ маргалдаад ууртай гэрээсээ гарсан жолооч, чанга, хүчтэй рок хөгжим сонсож явдаг хүний сэтгэл зүй адилхан байдаг гэсэн үг юм. Үүнээс болж осол аваар гаргах нь бий. Тэгэхээр жолоочид өөрийнхөө тэрхүү темпераментээ барьж, замын хөдөлгөөнд оролцох нь зөв өө. Автомашиныг арван жил жолоодсон хүнд тодорхой дадал зуршил суудаг. Тийм жолооч гар утсаараа оролдож байсан ч гэсэн замын хөдөлгөөний мэдээллийг мэдэрч, анхаарлаа тал бүрт хувааж сурсан байдаг. Иймд залуу жолоочид дор хаяж 10 жил тасралтгүй автомашин жолоодож байж, бусад зүйлийг оролдож болох юм. Тэрнээс нааш жолоо барьж явахдаа гар утас, элдэв төрлийн эд зүйлээр оролдож анхаарлаа сарниулахгүй байхыг сануулъя.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *