Нийслэлийн Баянзүрх дүүрэгт болсон газ дэлбэрэлтийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2025 оны дөрөвдүгээр сарын 22-нд товложээ.
Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өмнө нь /2025.03.06/ товлосон боловч шүүх хурлыг даргалагч шүүгч нь ногоон автобусны хурлын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа учраас хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм.
Хэргийг эргэн сануулбал, жилийн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд Дүнжингаравын уулзвар дээр газ тээвэрлэж явсан “Дашваанжил” компанийн жолооч осол гарган, дэлбэрэлт болсноос долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон. Мөн олон хүн бэртэж гэмтэн, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон. Харамсалтай нь, хэрэг явдал болсноос хойш нэг жил болоход хэргийн хохирлыг одоо болтол барагдуулж, шийдэж чадалгүй өнөөдөрт хүрсэн.