Он гарснаас хойш Украины дронууд Оросын газрын тос боловсруулах үйлдвэр, газрын тосны агуулах руу дайрах явдал эрс нэмэгдэв. Зөвхөн өнгөрсөн сард гэхэд дронууд Оросын газрын тосны байгууламжид дор хаяж 14 удаа халдсан байна. Ингэснээр ОХУ-д бензиний үйлдвэрлэл буурч, үнэ өсч эхлэв.
Нефть боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгсөн нь Оросын эдийн засагт хэрхэн нөлөөлж буй талаар ВВС “Сүүлийн үеийн статистик мэдээллээс харахад Оросын нефть боловсруулах үйлдвэрүүд рүү нисгэгчгүй онгоцоор дайрсан нь Орос дахь бензиний үйлдвэрлэлд нөлөөлжээ. “Росстат” гуравдугаар сарын 18-наас гуравдугаар сарын 24 хүртэл долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад бензиний үйлдвэрлэл 7.4 хувиар буурсан гэж мэдээлэв” гэжээ. Үүнийг дагаад Санкт-Петербургийн түүхий эдийн биржид бараг бүх төрлийн бензиний үнэ өссөн байна. Мөн энэ нь жижиглэнгийн үнэ өсөхөд хүргэв. “Росстат”-ын мэдээгээр 3-р сарын 19-25-ны хооронд бензиний үнэ 0.08 хувиар өссөн байна. Мөн “Reuters” агентлаг гуравдугаар сарын сүүлчээр Оросын газрын тос боловсруулах хүчин чадал 14 орчим хувиар буурсан” гэж мэдээлэв. Оросын эрх баригчид үүнд Украиныг буруутгаж байна. Украин эдгээр халдлагын хариуцлагыг шууд хүлээдэггүй ч бас үгүйсгэхгүй байгаа юм.
“Financial Times” АНУ дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөхөөс эмээж, Оросын эрчим хүчний дэд бүтцэд халдах явдлаа зогсоохыг Украинд хүссэн гэж мэдээлэв. Гуравдугаар сарын сүүлчээр Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Washington Post” сонинд өгсөн ярилцлагадаа Украин Оросын эрчим хүчний дэд бүтцэд халдахдаа бид өөрийн дронуудаа ашигласан. Хэн ч бидэнд үүнийг хийх эрхгүй гэж хэлэх ёсгүй. Оросын нийгэм ч бас бензингүй, дизель түлшгүй, цахилгаангүй амьдарч сурах ёстой” гэж мэдэгдэж байв.
“RBC Capital Markets” хөрөнгө оруулалтын банкны гүйцэтгэх захирал Хелима Крофт CNN-д “Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү халдлага үйлдэх нь барууны улсуудын хориг арга хэмжээнээс илүү Оросын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Учир нь эрчим хүч, түүхий нефть, байгалийн хий, боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний экспорт нь Орост энэ дайныг үргэлжлүүлэх эдийн засгийн баталгаа болдог” гэж хэлжээ.
Берлин дэх Орос, Евразийн судалгааны Карнегийн төвийн ажилтан Сергей Вакуленко халдлагад өртсөн Оросын үйлдвэрүүдээс дотоодын зах зээлд чухал ач холбогдолтой Новгород, Рязань, Сызрань, Волгоградын дөрвөн байгууламж байгааг онцлон тэмдэглэв. Энэ сарын эхэнд дронууд дайн эхэлснээс хойш анх удаа Татарстан дахь Елабуга хотын дроны үйлдвэр болон Нижнекамск хотын нефтийн үйлдвэрт цохилт өгч, анх удаа Украинтай хиллэдэг хилээс 1200-1300 километрийн зайд цохилт өгөв. Нижнекамск дахь Татнефть компанийн эзэмшдэг Танеко боловсруулах үйлдвэр газрын тос боловсруулах хэмжээгээрээ Орост гуравдугаарт ордог. Эдгээр дронууд хиймэл оюун ухаан ашиглан өөрсдөө байгаа онож байгаа учир гадагш ямар нэг байдлаар холбоо барих шаардлагагүй нисэж чаддаг. Энэ нь Оросын агаараас хамгаалах системд баригдахгүй хол нисэж чадна гэсэн үг юм.
Дэлхийн хамгийн том нефтийн экспортлогч улсуудын нэг болох Орос улс дотоодын зах зээл дэх хомсдолын эрсдэлээ даван туулахын тулд Беларусаас импортлох бензиний хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай болжээ. Беларусь улс шатахуунаа олон улсын зах зээлд экспортлохыг урьтал болгож байгаа тул энэ хэлэлцээр хэцүү байсан нь ойлгомжтой. Беларусаас хэр хэмжээний шатахуун авах нь дайралтад өртсөн ОХУ-ын боловсруулах үйлдвэрүүдийг засварлах хугацаанаас хамаарна. Гэтэл эдгээр тоног төхөөрөмж нь бүгд хөгжингүй гэгддэг барууны улсуудынх байгаа нь том бэрхшээл болж байна.
ОХУ гуравдугаар сарын 1-нээс эхлэн наймдугаар сарын 31 хүртэл бензин экспортлохыг хориглосноор эрх баригчид дотоодын зах зээлд хангалттай хэмжээний шатахуун нийлүүлэхийг оролдож байна. Bloomberg агентлаг “Энэ сард Хар болон Балтийн тэнгис дэх Оросын гурван том боомтоос дизель түлшний ачилт ойролцоогоор 2.29 сая тонн буюу өдөрт 569 мянга гаруй баррель болж буураад байна” гэж мэдээлэв. Мөн “Kpler” судалгааны төвийн тооцоолсноор өнгөрсөн сард Оросын бусад боомтуудын өдөр тутмын бодит экспорт 21 хувиар багасаад байгаа аж. Дроны дайралтаас гадна зун эхэлтэл үргэлжлэх улирлын чанартай засвар үйлчилгээ дизель түлшний урсгалд нөлөөлж, зарим боловсруулах үйлдвэрүүдийн чадварыг түр хугацаагаар бууруулж таарна. Газрын тос, байгалийн хийн зах зээлийн нэрт шинжээч Михаил Крутихин “Нефть боловсруулах үйлдвэрүүд рүү дроны халдлага эрчимтэй үргэлжилсээр байвал Оросын нефть боловсруулах салбарын хохирол асар их байх болно. Үйлдвэрлэгчдэд үзүүлж буй үр дагаврыг одоо ч харж болно. Гуравдугаар сарын 12-нд Нижний Новгород муж дахь “Лукойл”-ын боловсруулах үйлдвэрт халдсаны дараа тус үйлдвэрийн хүчин чадал 50 гаруй хувиар буурсан” гэж хэлжээ. Гэтэл гэмтээд буй “Лукойл”-ын энэхүү газрын тос боловсруулах үйлдвэр нийт нефтийнхээ 53 орчим хувийг буюу жилд 16 сая тонн газрын тос боловсруулж, Оросын нийт бензиний 11 орчим хувийг хангадаг байна.
ОХУ-ын дотоодоос гадна дэлхийн нефтийн зах зээл дээрх үнэ ч өсч байна. Гуравдугаар сарын сүүлээс “Брент” маркийн нефтийн үнэ өссөөр нэг баррель газрын тос 90 орчим долларын үнэтэй болов.
Дроны дайралтаас болж хохирсон газрын тосны компаниуд түүхий нефтийн экспортод шилжих бөгөөд үүнд бас хязгаарлалт бий. Энэтхэг улс худалдан авалтаа аажмаар бууруулж байна, Хятадын түүхий нефтийн худалдан авалт дээд цэгтээ хүрч, цаашид өсөхгүй байна. Өрнөдийн хоёрдогч хориг арга хэмжээнээс болоод Орос улс төлбөр төлөх санхүүгийн гүйлгээний найдвартай түнш биш хэмээн бусад хэрэглэгчид худалдан авалтаа бууруулж байна. Одоо Орост түүхий нефтийн экспорт нийт газрын тосны экспортын гуравны хоёрыг, харин гуравны нэгийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. Ойрын ирээдүйд Орос улс нефтийн бүтээгдэхүүний экспортоо бууруулах нь гарцаагүй бөгөөд дроны халдлага үүнд нөлөөлөх ганц хүчин зүйл биш юм. Үйлдвэрийн улирлын чанартай засварын ажил үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж, газар тариалан гэх мэт хөдөө аж ахуйн ажлын үе, аялал жуулчлалын улирал эхэлж буйгаас шалтгаалан газрын тосны бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэх болно. Түлшний үнэ нэмэгдсэнээр рублийн худалдан авах чадвар буурна. Энэ бүхэн өнөөдөр стагнаци гэх зогсонги байдалд орсон эдийн засагтай болчихсон Оросын хувьд инфляци нь Украины фронтод ялагдахаас ч аюултай зүйл. Учир нь Оросын төр засаг Москвагаас орон нутагт өгдөг татаас, арми хоёр дээрээ тогтож ирсэн байдаг. Оросын мөнгө инфляцид идэгдэн “цаас” болохоор арми нь ялагдаж, арми нь ялагдахаар төр нь солигдож ирсэн түүхтэй. Гэтэл өнөөдөр рубль “цаас” болохоос өмнө буюу инфляци эрчимжиж эхлэнгүүт шинээр бий болсон газар зүйн нөлөөлөл ОХУ-ыг задалж магадгүй болчихоод байна.
Г.АМАРСАНАА