ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Э.Уламбаатараас тодрууллаа.
-Хаврын тариалалт хэзээ эхлэх вэ?
-Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан тариалалтын хугацаа бага зэрэг хойшлох төлөвтэй байгаа хэдий ч тариалангийн зарим бүсэд эхлүүлээд байна. Хаврын тариалалтад 3730 трактор, үр тарианы 2700 үрлүүр, төмс, хүнсний ногооны 460 үрлүүр, хөрс боловсруулах хөдөө аж ахуйн 4820 машин ажиллана. Бэлэн байдал 80 хувьтай байгаа.
-Энэ жил хэдэн га талбайд юу юу тарьж байгаа вэ?
-2023 онд 393.0 мянган га талбайд үр тариа, үүнээс 369.0 мянган га талбайд улаанбуудай, 19.8 мянган га талбайд төмс, 12.2 мянган га талбайд хүнсний ногоо 70.0 мянган га талбайд малын тэжээл, 66.4 мянган га талбайд тосны ургамал тариалж, 351.0 мянган га талбайд уринш боловсруулж, бэлтгэнэ. Мөн улаанбуудайн үрийн шинэчлэлийг эрчимжүүлэх, чанар сайтай элит болон сортын үрээр тариалалт хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор дотоодын ургацаас 10.9 мянган тонн үрийн нөөц бүрдүүлсэн.
– Цаг агаарын нөхцөл байдал, хөрс хуурай байх нь тариалалтад нөлөөлөх үү..?
-Намрын эртийн цочир хүйтрэл, хяруу унах, цас орох зэрэг эрсдэлийг урьдчилан тооцон тариалалтын хугацаа, таримлын үрийн сортыг зөв сонгон тариалах нь маш чухал.
-Одоогоор хэдэн га талбайд хүлэмж байгаа вэ?
-Улсын хэмжээнд нийт өвөл, зуны хүлэмжид нийт 120 га талбайг ашиглаж байна.
-Тариаланчдад зөвлөмж өгөөч?
-Энэ жилийн хувьд тавдугаар сард олон жилийн дунджаас хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Өдөр, шөнийн болон дулаан, хүйтэн үеийн агаарын температурын зөрөө их байгаа учраас 1-5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг өдөр тутам авч, урьдчилан сэргийлж ажиллахыг анхааруулж байна.