Энэ жил Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой тохиох юм.
Тиймээс “DNN-ТОДРУУЛГА”-аар улсын наадмыг тэмдэглэх эсэх талаар иргэдийн үзэл бодлыг сонслоо.
Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэн Б.Амарсайхан:
-Сонгууль гэж бантан самарч хамаг хүнийг өвчлүүлж хүний амь хохироож байна. Одоо ковидыг дарахад төвлөрөх хэрэгтэй. Улсын наадмыг зохион байгуулна гээд бэлтгэл ажилдаа орсон. Наадам хийхийг ёстой эсэргүүцэж байна.
Нөгөөтэйгүүр ард түмэн 1000 карентинд ороод хариуцлага, ухамсар алга. Хариуцлагагүй ард түмэн эдийн засгаа самарч байна. Цагаан сар хийхгүй байж болсон юм чинь наадмыг яагаад өнжиж болохгүй гэж.
Иргэдээ өвдүүлж, үхүүлж буйдаа л баясаагүй юм бол болих ёстой. Арай дэндүү байна. Таньдаг эмчтэйгээ хэдэн минут ярилцаад үнэхээрийн бухимдал төрсөн. Нөхцөл байдлаа яагаад бодитой үнэлж чадахгүй, ойлгохгүй байгаа юм вэ. Хэдэн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд хүн биш юм уу. Гар дээр авдаг цалин бага тэднийг бодох цаг болсон.
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны иргэн Н.Болормаа:
-Энэ жилийн улсын баяр наадмыг 10 тэрбум төгрөг төсөвлөж, хийх шийдвэр гарлаа. Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал аюулд хүрээд байгаа энэ цагт үнэхээр нүдээ олоогүй шийдвэр гэж харж байна. Халдварын тоо өдөрт 2000-аас буухгүй байна. Өдөр болгон хүний амь нас хохирсоор. Ерөнхийлөгчийн сонгуулийг хийнэ гэсээр байгаад хийсэн. Эцэст нь өдөрт гарах халдварын тоо 2000 давлаа. Одоо наадам хийх юм бол байдал улам л дордох нь мэдээж шүү дээ. Үнэхээр хийх гээд байгаа юм бол үзэгчгүй хийх хэрэгтэй гэж бодож байна.
Чингэлтэй дүүргийн иргэн Б.Дарханмөнх:
-Наадам болохыг дэмжиж байгаа. Маш олон уяачид, хүүхдүүд догдолж хүлээж байгаа болов уу. Улсын наадам гэдэг зүгээр ч нэг найр биш. Тэнд бизнес эрхлэгчдэд бараагаа борлуулах боломж олдоно. Монгол цамцаа оёж, хуушуур зарж, хүүхдүүдийг тоглуулна. Ингэснээр нэг бодлын иргэдийн амьжиргаанд жаахан ч гэсэн нэмэр болно. Шулуухан хэлэхэд тэнд очсон баячуудын мөнгийг ядуучууд нь “түүх” боломж гарч ирж байгаа юм. Ер нь өчнөөн л юм болно доо.
Хан-Уул дүүргийн IX хорооны иргэн А.Баатар:
-Улсын баяр наадмыг үзэгчтэй хийх гэж байгаа нь маш буруу. Ер нь халдвар маш ихээр гарч байгаа энэ цаг үед наадмыг хийх шаардлага байхгүй л дээ. Эрүүл мэндийн яам болон Улсын Онцгой комисс Соёлын яаманд наадам хийхгүй байх талаар хүсэлт гаргах хэрэгтэй. Ард иргэд ч үүний эсрэг байж гэр гэртээ наадамлах хэрэгтэй. Цаг үеийн байдал үнэхээр хүнд болоод байна.
Баянгол дүүргийн X хорооны иргэн Э.Цогтсайхан:
-Ковидын халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Юун наадам хийх вэ. Өвчний тархалтаа эхлээд дарж авах хэрэгтэй. Наадмаа түр хойшлуулсан нь дээр. Яав ч үзэгчтэй наадам хийж болохгүй. Энэ Соёлын сайд гэж хүн юу боддог юм бол. Наадам хийнэ гэж 10 тэрбум төгрөг төсөвлөж байгаа нь ч тэр. Манайх шиг ядуу буурай оронд 10 тэрбум төгрөгөөр наадам хийх эдийн засаг яав ч байхгүй.
Нөгөө олон хүн бөөгнөрч болохгүй, цуглахгүй гэсэн зөвлөмж яалаа. Нэг юм хийх гэж нөгөө шийдвэрээ уландаа гишгэдэг төр засагтай байхаар золиосонд нь ард иргэд хохирч байна.
Хан-Уул дүүргийн VII хорооны иргэн Б.Банзрагч:
-Наадам олон амь ганц шүү дээ. Үүнийг дэмжихгүй байна. Өдөрт 2000 гаруй хүнээс халдвар илэрч байхад наадмаа хоривол таарна. Анх өдөрт 10-аад гарч байхад Цагаан сар, шинэ жил гээд л баяр ёслолуудыг хийгээгүй өнжсөн. Харин нас баралт нэмэгдээд ирэхээр хөөрцөглөөд байгааг ойлгохгүй байна.
Монголд хүний амь нас гэдэг ийм үнэгүй болсон гэж үү. Ерөнхий сайд мэдээлэл хийх үеэрээ вакцинжуулалтаараа дэлхийд тэргүүлнэ гэж ярьж байсан. Харин одоо тэр нь ковидоор өвчилж буй иргэдийн тоогоороо Энэтхэгээс дээгүүр жагсаж байна. Иргэдээ анхаардаггүй төртэй байх эмгэнэл. Олон сар энэ өвчинтэй тэмцэж буй эмч, эмнэлгийг ажилтнуудаа ч хайрлах сэтгэлгүй байна шүү дээ энэ төр.
Сүхбаатар дүүргийн V хорооны иргэн Н.Сувд:
-Хэдий цар тахал гээд улс орны нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн тухайн улс орны үйл ажиллагаа хөгжил зогсож болохгүй үргэлжилнэ. Иймд энэ жилийн баяр наадмаар улсын олон ой давхцаж байгаа учир тэмдэглэх нь зүй ёсны хэрэг. Өмнө жил үзэгчгүй тэмдэглэж байсан. Ковидын тоо өсч байгааг бүгд л харж байгаа. Тиймээс энэ жилийн улсын наадмыг үзэгчгүй хийвэл болно. Гэхдээ цөөн тооны арын албаны хүмүүстэй, халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад шүү.
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны иргэн М.Сугир:
-Төрийн дампуу бодлогод гомдолтой байна. Бизнес нь хумигдсан улсууд наадамд зориулж 10 тэрбумыг төсөвлөсөн. Түүнийх нь 1 тэрбум нь 100 жилийн ойн медальд зарцуулагдахыг сонсохоор бухимдахаас өөр аргагүй. Дайран дээр давс гэгчээр сонгуулиар Ардын намаас мөнгө авч дэмжсэн нөхдүүд наадмаа хийе, баярлаж цэнгэе гээд байхаар бүр ч их дургүй хүрч байна.