Уг нь эрдэмтэн болох тун энгийн зүйл. Хэн ч байсан эхлээд судлах хэрэглэгдэхүүн буюу тухайн сэдвээр материал цуглуулна. Дараа нь арга зүйгээ сонгоно. Тэгээд энэ хоёрыгоо нийлүүлэнгүүт танаас хамаарахгүй үр дүн гарна. Үүнийг шинжлэх ухаан гэнэ. Шинжлэх ухаан өөрөө бичиж, ярьж чаддаггүй учир гарсан үр дүнг та өөрийнхөө нэр дээр бичиж хэвлүүлэхээс өөр аргагүй. Харин гарсан үр дүн чинь урьд нь мэдэгдээгүй байсан зүй тогтол байвал та олон улсад хүлээн зөвшөөрөгдөж эрдэмтэн болдог.
Яг л хэн ч мэддэггүй байсан, их сургуульд багшлах өргөдөл өгөөд дөрвөн ч удаа тэнцэлгүй Патентын албаны гуравдугаар зэргийн жижиг түшмэлээр олон жил ажилласан алдарт физикч Алберт Айнштэйн шиг. Иймээс л олон улсад плагиат гэх оюуны хулгайд онцгой анхаарал хандуулдаг.Плагиат гэдэг нь, шинжлэх ухааны хэл болох латинаар plagiatus болов ч Францын plagiat буюу хулгайлагдсан гэсэн үгийг олон улсад амарчилж хэрэглэх болсон.
Монголчууд бид докторуудыг эрдэмтэн гэж андуурч, эндүүрээд удаж байна. Учир нь энэ нь “та докторын зэрэггүй бол дуугүй сууж бай” гэсэн үг болж улсын маань хөгжилд маш том хохирол учруулсаар байгаа билээ. Үнэндээ бол Боловсролын доктор /PhD/нь их, дээд сургууль, коллежид багшлах, харин Шинжлэх ухааны доктор /ScD/ нь хамгаалсан сэдвээрээ цаашид судалгааны ажил хийх “бүрэн эрх” юм. Гэтэл бид докторуудыг эрдэмтэн гэж андуурч цалинг нь 15 хувь нэмснээс болж докторын үнэмлэхтнүүд олширч, манай улс олон улсад плагиат буюу бусдын бичсэнийг хуулан өөрийн нэрийг тавин өөрсдийгөө эрдэмтэн хэмээн иргэдээ хуурдаг оюуны хулгайч нар олшров. Үр дүнд нь хичээл заалгасан оюутнууд төгсөөд ажил хийх чадваргүй болчих нь тэр. Иймээс манай Боловсрол, шинжлэх ухааны яам шинэ журам гаргаж докторын зэрэг хамаалах хүмүүсийг өөрсдөө мөнгө төлдөггүй буюу олон улсын шинжлэх ухааны жинхэнэ сэтгүүлд ядаж нэг судалгааны өгүүллэг, өөрийн нэрийг хамтрагчдынхаа урд нь тавьж хэвлүүлсэн байхыг шаардаж эхэлсэн байна. Харин жинхэнэ докторууд аль хэдийнээ шинжлэх ухааны жинхэнэ сэтгүүлд судалгааны бүтээлээ хэвлүүлчихсэн байгаа. Иймээс удахгүй манай их дээд сургууль төгсөгчид ажлын чадвартай болж, эрдэм шинжилгээний ажлын үр шимийг иргэд маань хүртэж эхлэх нь байна.
Г.АМАРСАНАА