Categories
гадаад мэдээ цаг-үе

Дэлхий нийт Оросын цохилтыг эрс шүүмжлэв

Оросын арми өнгөрсөн баасан гаригт Их Британи, Францын Жанжин штабын дарга нар Киевт хүрэлцэн ирсэнтэй хоблогдуулан Украины ерөнхийлөгчийн төрсөн Кривой Рог хотод цохилт өгсөн билээ. Энэ үеэр нэг ресторан Оросын пуужингийн цохилтод өртөж 20 хүн, түүний дотор есөн хүүхэд амь үрэгдэж, 70 гаруй иргэн шархаджээ. Харин Оросын Батлан хамгаалах яам “Энэ ресторанд Украин болон тэдний холбоотон цэргийн дээд албан тушаалтнууд хооллож байсан” гэж мэдэгдсэн бол Мөн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Манай арми зөвхөн цэргийн объектуудад цохилт өгч байгаа. Энгийн байгууламж, нийгмийн дэд бүтцэд цохилт өгөөгүй” гэсэн тайлбар хийсэн. Тэгвэл Европын телевизийн сувгууд Оросын мэдэгдэл худал болохыг нотолж, Оросын пуужингийн цохилт болох үеийн уг рестораны камерын бичлэгийг үзүүлж, халдлага болох үед өртөж эмнэлэгт хэвтсэн эмэгтэйчүүдээс авсан ярилцлагыг олон нийтэд харуулав.

Ийнхүү уг ресторанд Украин болон тэдний холбоотон цэргийн дээд албан тушаалтнууд бус “гоо сайхны форум”-ын арга хэмжээ болж байсан нь тодорхой болов. Уг ресторанд ямар арга хэмжээ болох гэж байгааг өмнө нь хэвлэлүүд мэдээлж байсан юм байна. Иймээс Оросын арми Кривой Рог руу пуужингаар цохилт өгсөнтэй холбогдуулан энэ сарын 7, 8, 9-ний даваа, мягмар, лхагва гаригуудыг Украин даяар амиа алдагсдын төлөө гашуудах өдрүүд болгон зарлав.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Каирт айлчлах үеэрээ “Орос улс гал зогсоох саналыг эсэргүүцээд зогсохгүй энгийн номхон иргэдийг буудан хороож байна. Иймээс Орос улс яриа хэлэлцээнд шалтаг тоочиж, хойшлуулах тактикаа зогсоох хэрэгтэй” гээд ОХУ-ын эрх баригчдад хандан “Украинд гал зогсоох тухай АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын саналыг ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр хүлээж авах хэрэгтэй” гэж уриалжээ. Мөн НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Турк “Манай албаны комисс халдлага болсон газар очиж, хохирлыг баримтжуулж, амь үрэгдсэн есөн хүүхдийн нэрийг тогтоосон. Оросын пуужингийн олон зуун хэлтэрхийнүүд байшин барилга, хүүхдийн савлуур, гулсуур, мод, зүлэгт ямар хохирол учруулсныг баримтжуулсан” гэж мэдэгдэв. Энэ явдалтай холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны Зууван танхимд болсон хэвлэлийн бага хурал дээр “Вашингтон Украины дайныг энхийн замаар зохицуулахыг хичээж байхад Оросын цэргүүд Украиныг бөмбөгдөж байгаад би сэтгэл дундуур байна. Тэсрэх бөмбөгтэй холбоотой энэ асуудалд би сэтгэл хангалуун бус байна. Учир нь Оросууд яг одоо галзуурсан юм шиг бөмбөгдөж байна. Тэнд юу болж байгааг би мэдэхгүй. Энэ бол гал зогсоох хэлэлцээнд тийм ч сайн нөхцөл биш” гэж хэлжээ.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *