Улаанбаатарыг утаанаас салгах гэж үе үеийн Засгийн газар асар их хөрөнгө зарцуулсаар ирсэн. Сүүлд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн урд хөршөөс 177.5 тэрбум төгрөгөөр хагас коксжсон нүүрс Хятадаас худалдан авах тухай ярьж эхэлсэн нь нийгмийг бухимдуулаад байгаа. Манай улс БНХАУ руу коксжсон нүүрс экспортолдог хэрнээ буцаагаад ийм их мөнгөөр худалдаж авна гэхээр аргагүй биз. Мэргэжлийн хүмүүсийн тайлбарласнаар манайхаас экспортолж байгаа коксжсон нүүрс нь Хятадын гангийн үйлдвэрүүдэд зориулагдсан учраас өрхийн хэрэглээнд тохиромжгүй аж. Энгийнээр тайлбарлавал зуух, пийшинг шууд хайлуулах эрсдэлтэй гэнэ. Тэгвэл хагас коксжуулна гэхээр нүүрсний тэр их илчлэгийг бууруулж ахуйн хэрэглээнд ашиглахад тохиромжтой болгоно гэсэн үг.
Бид заавал гаднаас ийм өндөр өртгөөр нүүрс худалдаж авч байхын оронд дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломж бий. Гэтэл хагас коксжсон нүүрсний үйлдвэр байгуулахад багагүй хөрөнгө, хугацаа орох юм байна. Энэ асуудлыг өнгөрсөн долдугаар сард Засгийн газрын хуралдаанд оруулж байжээ. Тухайн үед Таван толгойн нүүрсний ордыг түшиглэн үйлдвэр байгуулахад асар их хөрөнгө шаардлагатай гэж Б.Чойжилсүрэн танилцуулгадаа дурдаж байж. Үйлдвэр баригдах дөрвөн жилийн хугацаанд урд хөршөөс хагас коксжсон нүүрс худалдаж авах тухай асуудлыг ч тавьжээ. Мэдээж 177.5 тэрбум төгрөг ирэх оны төсөвт тусгагдаагүй, дээрээс нь гэнэт ийм өндөр дүн яригдаад эхлэнгүүт олон нийт хардах нь аргагүй. Ардын намынхан ирэх оны сонгуулийн мөнгөө босгох гэж байна гэх шуугиан дэгдсэн. Иймд өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд 177.5 тэрбумын задаргааг дараагийн хуралдаанд танилцуулах үүргийг салбарын сайдад өгсөн байна. Мөн дотооддоо хагас коксжсон нүүрсний үйлдвэр байгуулахыг даалгажээ.