Их Британийн засгийн газрын хэвлэлийн алба Ерөнхий сайд Кейр Стармер, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьж, саяхан Парис хотноо болсон дэлхийн 31 улс, Европын Холбоо, НАТО-гийн төлөөлөгчид оролцсон “Хүсэлтнүүдийн эвсэл”-ийн дээд хэмжээний уулзалтаас гарсан Украины аюулгүй байдлыг батлан даах шийдвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Хоёр улсын удирдагчийн энэхүү ярианы эцэст Украинд үргэлжилж буй дайныг зогсоохын тулд барууны холбоотнууд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хамтын шахалт үзүүлсээр байх ёстой гэдэгт Лондон, Вашингтон санал нэгдсэн гэж мэдээлэв.
Парисын “Хүсэлтнүүдийн эвсэл”-ийн уулзалтын үр дүнд Киевт үзүүлэх цэрэг, санхүү, эрчим хүчний дэмжлэгийг нэмэгдүүлэх, мөн ОХУ-ын эсрэг хамгаалалтын дайн хийж буй тус улсыг сэргээн босгоход оруулах тусламжийн тухай шийдвэр гаргасан юм.Мөн Мадридад болсон уулзалтаар Европын Холбооны гадаад хэргийн сайд нар “Украины тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжихээ” дахин нотлоод “Оросуудад Украин дахь гал зогсоох яриа хэлэлцээг хойшлуулах тактикаасаа татгалзаж, ямар ч болзолгүйгээр гал зогсоохыг зөвшөөрөхийг уриалсан” хамтарсан мэдэгдэл гаргав. Энэхүү уулзалтад оролцсон Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Кажа Каллас АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааг ОХУ-аас Украины эсрэг эхлүүлсэн түрэмгий дайныг зогсоохын тулд Путинд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхийг уриалаад “Москва эхлээд гал зогсоохыг зөвшөөрч, энхийн хэлэлцээг нэг алхам урагшлах ёстой” гэж мэдэгдэв. ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд “ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украинд хийх халдлагыг зогсооход бэлэн биш байгаа бөгөөд хэлэлцээр цаг хугацааны хувьд гацаж байгаа тул манай улс Киевт шийдэмгий дэмжлэг үзүүлэх болно” гэж мэдэгдэв. Мадрид хотод болсон энэхүү уулзалт Украины Буча хотыг Оросын эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлсний гурван жилийн ойн үеэр болсон бөгөөд Оросын булаан эзлэгч цэргүүд энэ үеэр Украины 400 гаруй энгийн иргэдийг эрүүдэн шүүж, хүчирхийлж, амийг нь хороосон нь дэлхий нийтэд тодорхой болсон юм.
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Украины эсрэг дайныг зогсоох гэсэн барууныхны оролдлогыг Кремль илэн далангүй “шоолж” байна. Тэр Украинд дрон, пуужингийн цохилт, харгис хэрцгий буудлага хийж манай энгийн иргэдийг алж, хядсаар байна. Түүнийг зөвхөн дарамт шахалтаар зогсоож, Оросыг хүчээр энх тайвны дэглэмд оруулах ёстой. Европчууд манай Буча, Мариуполь болон бусад хот, тосгонд хийсэн Оросуудын харгислалыг харж, ёс суртахууны дүгнэлт хийсэн. Хэн ч үүнийг мартахгүй. Бид Оросын хариуцлагыг мэдүүлэхийн тулд үргэлжлүүлэн ажиллах болно”гэж мэдэгдэв.ТэгвэлАНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд “Би ОХУ-д Украины эсрэг дайны гал зогсоохыг зөвшөөрөх эцсийн хугацаа өгсөн. Хэрвээ тэд хөлөө чирж, биднийг хамраас маань хөтлөөд байна гэж бодож эхэлбэл би баярлахгүй” гэж мэдэгдэв.
Европ даяар Москваг дэмжигчдийн эсрэг ажиллагаа эрс ширүүсч байна.Тухайлбал,Францын шүүх хэт барууны үзэлтэй, Оросыг дэмжигч “Үндэсний ралли” намын дарга Марин Ле Пентэй хамт түүний намын 27 улстөрчийг Европын парламентын гишүүний байхгүй туслахууд ажиллуулж өөрийн намыг нийт долоон сая еврогоор далд санхүүжүүлсэн хэрэгт буруутгаж, Ле Пенийг таван жилээр нэр дэвших эрхийг нь хасаж, түүнийг 2027 оны Францын ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болгов. Сербийн иргэд жагсаж Путиныг дэмжигч ерөнхийлөгч Александр Вучичийг суудлаас нь буулгаж, Словак,Унгар, Гүржид Оросыг дэмжигч удирдагчдаа эсэргүүцсэн үйл ажиллагаа намжихгүй байна. Румынд Оросыг дэмжигч нэр дэвшигчийг ерөнхийлөгчийн сонгуулиас хасаж, Молдова улс Кремлийг дэмжигч мужийн удирдагчаа баривчилж,Германы парламент Путиныг дэмждэг гишүүнийхээ бүрэн эрхийг цуцлахаар болов.Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хаврын цэрэг татлагын тухай зарлигт гарын үсэг зурж, энэ сарын 1-нээс долдугаар сарын 15-ны хооронд 18-30 насны 160 мянган хүнийг Оросын армид хугацаат цэрэгт татах шийдвэр гаргав.
Оросын ТАСС агентлаг “Энэ хаврын хугацаат цэргийн албан хаагчдын тоо хамгийн өндөр байх болно. Хаврын цэрэг татлагын үеэр 2024 онд 150 мянга, 2023 онд 147 мянга, 2022 онд 134,5 мянган хүн цэрэгт татагдаж байсан” гэж мэдээлэв. Олон улсын судлаачид энэ явдлыг “Нэг талаас Путин “Зөвхөн гэрээт цэрэг дайнд оролцоно, хугацаат цэргүүд үүнд оролцохгүй” гэж мэдэгдэж байсан нь худлаа гэдэг нь нэгэнт нотлогдсон. Нөгөө талаас одоо Орост зөвхөн оршуулгын товчоо л ашигтай ажиллаж бусад салбар нь уналтад орж, рубль цаас болж байгаа энэ үед ингэж олон хугацаат цэрэг татах нь маш эрсдэлтэй алхам” гэж дүгнэв. Ийнхүү дотоодод нь гиперинфляци зэрэг дайны сөрөг нөлөөллөөс үүдсэн иргэдийн дургүйцэл нэмэгдэж, гадаадад нь элдэв шахалт эрчимжиж Путины хувьд байдал эвгүйтэв.
Бэлтгэсэн
Г.АМАРСАНАА