УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.
-Та бүхний өлсгөлөн зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Ямар үр дүнд хүрнэ гэж өлсгөлөн зарлаж байгаа юм бэ?
-Улс орны хувьд ч, дэлхий нийтийн хувьд ч ер нь их амаргүй нөхцөлд байна. Цар тахал Монголд бүртгэгдээд хоёр жил боллоо. Үүний эсрэг УИХ, Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, арга хэмжээнд сэтгэл хангалуун бус байна. Энэ хүнд хэцүү үеийг ашиглаад нэг нам, нэг хүний дарангуйлал руу өдөр өдрөөр ойртож байна л даа. Тухайлбал, Улаанбаатар хотод 28 хоног хөл хорио тогтоосон. Гэтэл энэ хөл хорио тогтоосон нь үр дүнтэй болсон уу, үгүй юү. Ер нь шийдвэр, цаашид яах нь тодорхой биш. Хөл хорио тогтооно, тогтоохгүй гээд иргэдийг баахан төөрөгдүүлсэн. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь шинжлэх ухаанч биш, ард түмнийг чирэгдүүлсэн, цар тахалд зарж байгаа төсөв, хүн хүчний нөөц бололцоогоо зөв хуваарилж чадахгүй байна. Эмнэлгийн ажилчдыг өдөр шөнөгүй ажиллуулчихаад цалин урамшууллын нэмэгдэлгүй. Цагдаа, эмнэлгийн албан хаагч, ард түмэн туйлдаж байна. Үүний хажуугаар шударга бус байдал ноёллоо. Үүнийг нь эсэргүүцэж УИХ-д хэлж, ярилаа. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал гээд үг хэлэх хугацааг хоёр минут болгочихсон. Олон санал санаачилга хэлж байгаа ч бидний гаргасан саналыг авахгүй байна. Нөхцөл байдал хэцүү байна. “Цар тахалтай тэмцэх бүтэц байгуулаач ээ. Хуучин бүтэц чинь ажиллаж чадахгүй байна” гэж аль дээрээс л хэлж, ярьж байсан. Үүнээс гадна “Та нар өөрсдөө сэтгээд ажил хийж чадахгүй бол олигтойхон хийчихдэг израиль, еврейчүүдийг дуурайгаад хийгээдэхээч. Тэд юу хийж байна, тэрийг нь дагаад хийхэд л цар тахлын ард гарна” гээд хэлээд байхад үг авсангүй. “COVAX хөтөлбөрт итгэж байна. Бид үнэгүй, хямд авна” гэж явсаар маш их цаг хугацаа алдчихлаа. Бусад улс орнуудад хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгтээ явж байна. Бүх байгууллагууд нь хэвийн ажиллаад эхэлчихлээ. Гэтэл манай хүүхдүүд хоёр жил сургууль, цэцэрлэгтээ суусангүй. Боловсролын хувьд 10, 20 жилээр хоцрогдчихсон байна. Ийм л хүнд хэцүү байдалтай болж эхэлж байна. Хичээл хоцрогдлыг дараа нь арилгахад их хэцүү, бүр ч их мөнгө төгрөг зарна. Ийм алдагдсан нэг үе гарч ирэх гээд байна.
-Өлсгөлөн зарласнаар ямар үр дүнд хүрнэ гэж бодож байна?
-Бид нэг намын даран-гуйлал, нэг хэсэг дарангуйллыг хүлээн зөвшөөрөхгүй. Цар тахалтай тэмцэж байгаа арга хэлбэр чинь эдийн засгийг унагаасан, эрүүл мэндийг үгүй хийсэн энэ байдалдаа хариуцлага хүлээ гэж байгаа. Нас барсан иргэдийн ар гэрт нөхөн олговор олго. Мөн ард түмний сонголтыг бүрэн тусгах сонгуулийг бий болго. Наад сонгуулиа шударга, хуулийн дагуу явуул. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийг аваад үзье. Эхлээд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг хүнтэй манай намын дарга өрсөлдөхгүй. Энэ хүнийг соль гээд Үндсэн хуулийн Цэц дээр хууль өөрчилж байгаад сольчихож байна. Дараа нь С.Ганбаатар гэдэг хүнтэй өрсөлдөхгүй гээд намын удирдлагуудад нь албан тушаал амлаад намыг нь худалдаад авчихаж байна. Ингээд ялах магадлал бүхий хүмүүсээ зайлуулж байна. Дараа нь Н.Алтанхуяг гэдэг хүн дэвшинэ гэхээр Сонгуулийн Ерөнхий хороон дээр унагааж байгаа юм уу яаж байгаа юм. Энэ хүмүүсийн дэвших дэвшихгүй нь бүр дараагийн асуудал. Хамгийн гол нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна. Манайх УИХ-д суудалтай, дээрээс нь бүлэгтэй нам шүү дээ. Сөрөг хүчнийхээ хэлэх үгийг хааж, боож байна. Сөрөг хүчнээ талбай дээр гаргачихсан, үг хэлүүлдэггүй, санал бодлыг нь тоодоггүй, тэгсэн хэрнээ улс орных нь амьдрал уначихсан, иргэдийн 30 хувь нь ядуу байна. Хөл хорионоос болоод бараг 40, 50 хувь нь ядуу болчихлоо. Хөргөгч нь хоосорчихлоо. Махны үнэ 14, 15 мянга болчихлоо гэх мэт олон зүйлийг хэлж болно. Үүнд дорвитой арга хэмжээ авахгүй байна. Гадаадад байгаа иргэдээ олигтой татаж авахгүй байж, мутацид орсон вирустэй 35 хүн Энэтхэгээс аваад ирж байх жишээний. Мутацид орсон вирус нь тархвал бид дийлэхгүй шүү дээ.
-Хөл хорио гээд иргэд гэрээсээ ч гарч чадахгүй байхад хууль баталдаг, дагаж мөрдөхийг үлгэрлэдэг УИХ-ын гишүүд нь дэглэмээ зөрчиж байгаа нь хэр зөв юм бэ гэдэг зүйл их яригдаж байна…?
-Хөл хориогоор далим-дуулж хоёр жил улсын төсөв мөнгийг гамгүй цацсан ч үр дүн гарсангүй. Улсын мөнгө ч үгүй, эрүүл мэнд ч үгүй боллоо. Ингэж хэмжээ хязгааргүй зарцуулж болохгүй. Бид энэ байдалтай эвлэрээд сууж болохгүй. Бид хязгаартаа тулаад гарч ирж байна шүү дээ. Түүнээс биш цар тахалтай үед ард түмнийг цуглуулахгүй гэсэн байр суурьтай байгаа. Зөвхөн өөрсдөө талбай дээр гарч ирье л гэсэн. Парламентын танхимаас биднийг үг хэлүүлэхгүй, микрофон хааж байна. Өвчин тахлаар далимдуулж дарангуйлдаг боллоо. УИХ-ын гишүүд гэдэг чинь ард түмний эрх ашгийг хамгаалж, ард түмний өмнөөс асуудлыг шийдэхийн тулд УИХ-ын гишүүний эрхийг эдэлдэг. Иргэдээ төлөөлж УИХ-ын индэрт үг хэлэх эрх байхгүй болчихоод байна шүү дээ. Гишүүдийн микрофоныг яаж хааж байгааг орон даяар харж байгаа байх. Тиймээс талбай дээр гарч ирж үгээ хэлж, санал бодлоо илэрхийлж байна.
-Нэр дэвшигчийг бүртгэхээс өмнө та бүхэн зөвшилцөж, ойлголцолд хүрэх боломжтой байсан юм биш үү. Нөгөөтэйгүүр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос зөвшилцөх саналыг ч гаргасан. Нэр дэвшигчээ бүртгүүлэхээсээ өмнө та бүхэн зөвшилцлийн ширээнд суусан уу?
-МАН төрийн эрх мэдлийг бараг бүгдийг нь авчихсан. Энэ хүмүүс намуудыг худалдаж авахыг нь худалдаад, хуваахыг нь хуваагаад байна. Албан тушаалаар МАН-ыг худалдаад авчихсан. Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшиж байгаа ХҮН-аар Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргуулсан. ХҮН гэж тоглоомын нам байгуулаад байна гэж өмнө нь хардаж хэлж л байсан. Энэ бүх зүйл нь өөрсдийнх нь үйлдлээр амьдрал дээр нотлогдоод байна. Төрийн байгууллагуудаа ашиглаж хамгийн нэр хүнд муутай, өмнөх сонгуулиар намаа ялагдуулсан хүнийг дэвшүүлж байна. Тэрийг дэвшүүл, энийг дэвшүүлэхгүй гэсэн маягтай ажлыг хийгээд байна. Яаж ч уран донгодож, юу ч гэсэн энэ бүхэн нь иргэдийн нүдний өмнө ил байна л даа.
-УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар АН-аас нэр дэвших эрхгүй гэдгийг М.Тулгат даргын талаас мэдэгдсэн. Танай намын дүрмээр бол намд элсээд зургаан сар болсны дараа нэр дэвших эрх нь нээгдэх юм биш үү?
-Ерөнхийлөгчийн сонгуульд нам бус хүн нэр дэвшиж болно шүү дээ. Хуулиараа хориогүй. Дүрэм журмыг намын даргаас, эсвэл сунгаа явуулсан хүнээс асуух нь зөв болов уу. Ардчилсан нам УИХ-д 11 гишүүнтэй байснаа 13-уулаа болж бүл нэмж байна. Бид намаа, сунгаагаа нэгтгэчих юмсан, нэг нэр дэвшигч гаргачих юмсан гээд хооронд нь нийлүүлэх гэж явлаа. Хэнийг ч буланд шахаж, ялгаварлан гадуурхаад байж болохгүй. Хэн ч алдаа гаргах эрхтэй. Би сунгаанд мөнгө төгрөгийг нь төлөөгүй, оролцоо ч үгүй. Сунгаагаа хийчихээч гээд эцэс хүртэл нь явлаа, болсонгүй. Болохгүй бүтэхгүй байгаа зүйлийн цаана эрх барьж байгаа нам байна л даа. Сонгуульд өрсөлдөгчөө захиалж байна.
-Нөгөө талаас зөвшилцье гэдэг саналыг тавьсан юм биш үү. С.Эрдэнэ дарга “Намын даргын санал хураах өдрийг нэг өдөр байхаар болгож наашлуулсан” гэж мэдээлж байсан?
-Хэн хэн нь амаараа ярьдаг юм. Үйлдэл дээрээ байхгүй болчихоод байгаа юм. Би энэ хүмүүсийг нэгтгээд уулзаж үзсэн л дээ. Улс төрийн намуудыг хардаг, ажигладаг хүмүүс мэдэж байгаа байх. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч мэдээлэл нь гарч байсан. Тухайн үед нэгтгэчих гээд явсан. Уг нь манайхан нэгдчихмээр юм шиг байгаа юм. Гэвч цаанаас нь мөнгө, төгрөгтэй, эрх мэдэлтэй нам захиалаад байхаар зовлонтой юм. С.Эрдэнэ дарга өөрөө “Прокурор дээр хэрэг шалгагдаж байгаа. Хоёр сар болоод хүчингүй болоод хоёр сар болоод буцаад мөрдөгдөөд байна” гэж ярьсан шүү дээ. Энэ мэт байдлыг харахад захиалчихаж байгаа юм. Намаа авч яваад 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдчихлаа шүү дэ. Тиймээс дүрэм журмаараа хариуцлага хүлээх ёстой.
-Та бүхний ард хэн нэгэн эрх мэдэлтэй хүн байна уу гэдэг хардлага нийгмийн дунд байна?
-Та нар гэж хэнийг хэлээд байгаа юм.
-Өлсгөлөн зарлаж байгаа гишүүдийн ард?
-Миний хувьд хэн нэгэн хүн байхгүй. Манай гишүүдийн ард ч байхгүй байх гэж бодож, найдаж байна. Гэхдээ би ямар бүх зүйлийг мэдэх биш. Хамгийн нэн түрүүний эрх ашиг бол ард түмний эрх ашгийг өмнөө тавьж, өргөсөн тангаргаа санаж байгаа байх гэж бодож байна.
-Өлсгөлөн хэзээ дуусах юм бэ?
-Бидний шаардлагуудыг биелүүлсний дараа дуусна.
Р.ЖАРГАЛ