Categories
мэдээ нийгэм цаг-үе

Д.Есөн-Эрдэнэ: Ургац хураалтын ажлыг энэ сарын 20-ноос өмнө дуусгахаар төлөвлөж байна DNN.mn

– ЦАС ОРОХГҮЙ Л БОЛ ХҮЙТРЭХ НЬ УРГАЦ ХУРААЛТАД НӨЛӨӨЛӨХГҮЙ –


Энэ сар нийт нутгаар олон жилийн дунджаас илүү хүйтэн, газар тариалангийн бүс нутгаар ахиу хур тундас орох урьдчилсан мэдээ гарсантай холбогдуулан ургац хураалтын ажил ямар явцтай байгаа талаар бид албаны хүнээс болон тариалан эрхлэгч, малчдаас тодруулсан юм.

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс тодрууллаа.


-Өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлээд нийт нутгаар сэрүүсч, зарим газар цочир хүйтэрч, цас хаялаа. Цаг агаарын энэхүү байдал ургац хураалтад нөлөөлж байна уу?

-Тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн хойд сумдаар гайгүй өнгөрлөө. Цас уулаараа л орох шиг боллоо. Түүнээс биш гол газар тариалангийн бүс нутгаар цас орсонгүй. Харин Архангай, Өвөрхангай, Булган зэрэг нутгаар бага зэргийн цас орлоо. Энэ нь ургац хураалтад айхтар нөлөө үзүүлээгүй ч ерөнхийдөө ажлын явцыг бага зэрэг хойшлууллаа.

-Цас орсноос шалтгаалж ургац хураалтын явц хойшиллоо гэж байна. Ингэж хойшлогдох нь тухайн ургацын сорт, чанарт нь нөлөө үзүүлдэг үү?

-Сортонд нөлөө үзүүлэх нь гайгүй. Ер нь энэ хүйтрэл тариалангийн бүс нутгуудад гайгүй өнгөрлөө.

-Аравдугаар сард ер нь хүйтэн, олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байх шиг байна. Тиймээс салбар яамны зүгээс ургац хураалтын ажилд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Ургац хураалтын ажлыг энэ сарын 20-ноос өмнө дуусгахаар ажиллаж байна. Ер нь жил бүрийн энэ хугацаанд дуусчихдаг. Цаг агаарын прогнозыг харахад мөн адил энэ хугацаанд дуусчих байх гэсэн чигтэй байна. Ерөнхий цаг агаарыг харахад энэ долоо хоногт хүйтрээд ирэх долоо хоногоос дулаахан байх шинжтэй. Тиймээс бид энэ хугацаанд ажлаа эрчимжүүлэхээс гадна цочир хүйтний үед төмс, хүнсний ногоогоо хөлдөөхгүй байх талаар чиглэл өгч ажиллаж байгаа.

-Ургац хураалтын явцын мэдээг өгөөч?

-Одоогийн байдлаар үр тарианы хувьд 40 орчим хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 60-80 орчим хувьтай явж байна.

-Гурлын үнэ нэмэгдсэнд олон нийт бухимдалтай байна. Үүнд манай тариаланчид болон ургац хураалтын явц нөлөөлж байна уу. Шалтгааныг нь та юу гэж харж байна вэ?

-Ер нь юм бүхний үнэ нэмэгдэж байна. Тэр утгаараа буудайны өөрийн өртөг ч нэмэгдлээ. Хил гааль, орц, мөн валютаар авдаг сэлбэг, шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодис зэрэг бүх юмны үнэ нэмэгдчихсэн. Үүнээс болоод улаанбуудайн үнэ өсчихлөө. Ийм зүйлүүдээс болоод гурилын үнэ нэмэгдсэн болов уу. Гурилын үйлдвэрүүд улаанбуудай хэрэглэж байгаа үүнийх нь үнэ нэмэгдчихлээ, дээр нь цалин хөлс, тээвэрлэлтийн зардал гээд өндөр байгаа болохоор үнээ нэмсэн байх.

-Жилийн жилд авдаг ургацаа энэ жил дутаахгүй авчих болов уу?

-Энэ жилийн тухайд тодорхой хэмжээний нөөц байна. Тиймээс олон жилийн дунджийн хэмжээнд ургацаа авчихна.

-Ирэх хаврын тариалалтын үрийн нөөц ямар байгаа вэ. Гаднаас авдаг байсан нь түр зогсчихсон байгаа биз дээ?

-Тариаланчид хувьдаа үрээ сайн нөөцөлж байна. 2019 онд ургац буурсантай холбоотойгоор үр нөөцөлж ОХУ-аас авсан. Харин өнгөрсөн жил болон энэ жил үр аваагүй.

Сэлэнгэ аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр: -Саяны хүйтэн, цас бороо манай үүгээр гайгүй өнгөрлөө. Баруунбүрэн сумаас бусад газар ялимгүй бороо орсноос биш цас унасангүй. Ерөнхийдөө ургац хураалтын ажил ид явагдаж байгаа. Манай аймаг энэ жил нийт 204 мянган га газар үр тариа тариалсан байгаа. Үүнээс Улаанбуудай 129 мянган га-д, арвай буудай 700 га, овъёос таван мянган га, гурвалжин будаа нэг мянга гаруй га, тосны ургамал 44.7 мянган га, 2.1 мянган га-д төмс, 2.8 мянган га талбайд хүнсний ногоо тус тус тариалсан.

Одоогийн байдлаар 128.5 мянга га талбайгаас 13.4 цент улаанбуудай хурааж авна гэсэн төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна. Ерөнхийдөө тариа хураалтын ажил 40 орчим хувьтай явж байна. Энэ нь өнгөрсөн үетэй харьцуулахад ургац хураалтын ажил хэвийн явагдаж байна гэж ойлгож болно. Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг хүлээн авсан. Ерөнхийдөө энэ долоо хоногтоо цаг агаар гайгүй гэж гарсан. Цаашдаа сэрүүсч, нийт нутгаар цас орох төлөвтэй байгаа юм билээ. Тиймээс цаг агаар гайгүй хоног хугацаанд ургац хураалтын ажлаа яаравчлан авах бодлого барьж ажиллаж байна. Ер нь бол хүйтэрсэн ч гэсэн бид яаж ийгээд л салгаад авчихна. Хамгийн чухал нь цас л орохгүй байх юм.

Тариалан эрхлэгч С.Зүсэрбороо: -Манайх ургац хураалтаа арай аваагүй л байна. Шатахууны нөөц дууссан учраас ургац хураах ажил жаахан төвөгтэй байна. Ямартаа ч энэ сардаа багтаагаад авчих болов уу гэж бодож байна. Гэхдээ цаг агаар энэ сард тийм ч таатай биш байх нь. Цаг агаар хүйтрээд цас унаад, шуураад байвал ургац хураалт авах маань хойшлоод л байна гэсэн үг.

Ховд аймгийн Чандмань сумын малчин Т.Ганхуяг: -Баруун аймгуудын нутгаар намаржаа муу байна. Зун олигтой өвс гараагүй айлууд намаржаандаа буусан. Налайсан намрын налгар өдрүүд болохгүй хүйтрээд шуураад л байна. Айлууд зарим нь оторт бүр зүүн аймгуудын нутаг руу явж байна. Зарим нь нутагтаа үлдээд өвлийн бэлтгэлээ өөрсдийн хэмжээндээ л базааж байна. Намрын эхэн сард цаг агаар овоо гайгүй байсан. Тэр үед мал жаахан царигтай болж ирсэн. Одоо ингээд хүйтрээд шуураад, жаахан гарсан өвс нь хатаж гандаад хийсчихвэл мал идэх, зулгаах юмгүй болох нь. Цаашлаад малын тарга хүч сулраад байх шинжтэй. Зуд болно гээд айлууд малаа махалж байна. Гэхдээ малын мах баруун аймгуудад ямар ч үнэгүй болчихлоо. Малчид хэцүүхэн л байна. Махнаас бусдынх нь үнэ хэд дахин нэмэгдээд л байдаг. Малчдын гол орлого болсон махны үнэ бусад хэрэгцээндээ хүрэхгүй болж байна. Айлууд өвс, хадлангаа базаасан. Саяхнаас өвс ачсан машинууд ирж байна. Нэг боодол өвс 13 мянган төгрөгөөр зарж байна лээ. Энэ нь бидэндээ үнэтэй л тусаад байгаа юм. Үнэнийг хэлэхэд, нэг бүдүүн хониор арван боодол өвс ч авч хүрэхгүй байна шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *