Өнгөрсөн долоо хоногт болсон “Улаанбаатар Марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээнд 42 километрийн зайн төрөлд амжилттай оролцсон марафон гүйлтийн спортын мастер, ахмад тамирчин Даваадоржийн Буяндэлгэртэй ярилцлаа.
-“Улаанбаатар марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе. Энэхүү тэмцээнд оролцсон тамирчдын хамгийн ахмад нь та байлаа шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Би 1945 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн хүн. Энэхүү олон улсын тэмцээнд анх зохион байгуулагдаж эхэлсэн 2011 оноос хойш тасралтгүй оролцож байна. “Улаанбаатар марафон” олон улсын тэмцээний 21, 42, 50, 75, 100, 250 километрийн холын зайн гүйлтийн төрөлд бүгдэд оролцож, тодорхой амжилтуудыг гаргаж байлаа. Харин өнөө жилийн тэмцээнд 73 насандаа 42 километрийн зайг таван цаг, хоёр минутын хугацаанд амжилттай гүйж, бариандаа орлоо. Аливаа спорт бусдыг ялж түрүүлэхдээ гол нь биш, өөрийгөө ялж сурах нь чухал байдаг. Марафон гүйлтийн тэмцээн ч гэсэн өөрийгөө ялах, тэсвэр тэвчээртэй болгоход сургадаг их спорт л доо.
-Барианд орохын тулд тасралтгүй гүйсээр л байх уу, эсвэл тусдаа арга жор байна уу?
-Холын марафонд гүйж байгаа бол замдаа амарч, хоол цай уух шаардлагатай болдог. Тасралтгүй гүйгээд байж бас болохгүй. Бүр ядраад байвал тайван алхах, замд тосоод хүлээж байгаа дасгалжуулагч, бариач нараараа хөлөө бариулах тохиолдол байна. Мэргэжлийн автомашины уралдаанд оролцогчид хэдэн тойрог явчихаад машиныхаа дугуйг сольдог биз дээ. Үүнтэй адилхан гүйлтийн тамирчид дор хаяж таван километр газар гүйчихээд амралт авдаг. Гэхдээ назгайраад удаад байдаггүй л дээ. Уралдаан л болсон хойно хурдан гүйж, цаг хугацаагаа тооцоолох хэрэгтэй болдог. Цаг хэмнэж л байвал тамирчинд ашигтай гэдэг нь ойлгомжтой.
-Анх хэзээнээс хөнгөн атлетикаар хичээллэх болсон бэ?
-Хүүхэд байхын л хурдан шаламгай хөдөлгөөнтэй, биеийн тамирын хичээлдээ үргэлж онц авдаг охин байв. Тавдугаар ангиасаа эхэлж гүйлтийн спортоор хичээллэж, сургуулийнхаа аварга болж байсан. Түрүүн хэлсэнчлэн гүйлтээс гадна цанын спортоор хичээллэдэг байлаа. Аравдугаар ангийн сурагч байхдаа Сэлэнгэ аймагт зохиогдсон цанын 5, 10 километрийн зайн уралдаанд түрүүлж, аварга болж байв. Өдгөө Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуулийн хүндэт самбарт миний хөрөг, гаргасан амжилтуудыг бичсэн байхыг хараад их баярладаг юм.
-Таны насны хүн дөч, тавин километр зайд залуучуудтай хамт гүйнэ гэдэг бахархмаар шүү. Гүйлтийн спортоор хичээллэхэд нас хамаарах уу?
-Миний насны хүн гүйж болохгүй гэсэн хууль байхгүй нь мэдээж. Багаасаа энэ спортоор хичээллэж, гүйж ирсэн болохоор одоо ч орхиж чадахгүй юм. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг шиг хөл гар маань хөдөлж л байвал би гүйхэд болно. Ер нь хүн хөгширч биш, хөшиж үхдэг гэдэг үнэн шүү. Хөгшин бид хоёр өдгөө есөн сайхан үртэй, хорь гаруй ач, зээтэй, өнөр гэр бүл. Би үр хүүхдүүддээ ингэж л сургадаг. Хүн аливаа юманд хөдөлгөөнтэй, авхаалжтай, сэргэлэн байх л хэрэгтэй. Энэ спортын онцлог нь холын зайг, өөрийн нөөц бололцоо, хүч чадлаа хэрхэн тэнцвэртэй зохицуулах арга ухаанаар даван туулдаг. Өдий насны хүн залуучуудтай уралдах их хэцүү л дээ. Гүйлтийн тэмцээнд олон хүн бүртгүүлж ордог. Гэхдээ замынхаа дундаас оролцсон хүмүүсийн гуравны нэг нь шантарч, тэмцээнийг орхидог бичигдээгүй хууль байна. Зарим нь хөл холгох, шөрмөс татах, тэвчээргүй болох гэх мэт шалтгаанаар тэмцээнийг орхидог хүмүүс их бий. Би өдий насалтлаа энэхүү спортоор хичээллэж, олон тэмцээн уралдаанд орсон болохоор, мөн гүйлтийн спортод дур, сонирхолтой учир өдий хүртэл спортоосоо салж чадахгүй л байна. Би нэг ч тэмцээнээс шантарч, замын голоос хаяж үзээгүй. Үүгээрээ би өөрийгөө ялж чадсан хэмээн бодож, бахархдаг.
-Холын зайн марафонд хэдэн хоногоор ч гүйдэг гэсэн. Та хамгийн хол зайд, хэдэн хоногоор гүйж байсан бэ?
-Марафоныг зарим хүмүүс 5, 10 километрийн зайд гүйх гэж бодоод байдаг. Уг нь ч агуулгын хувьд мөн л дөө. Гэхдээ олон улсад марафоныг хагас, бүтэн, хэт холын гэж ангилдаг. Хагас марафон нь 21 километр, бүтэн нь 42, хэт холын марафон нь хоногоор 100-гаас дээш километрийн зайд гүйхийг хэлж байгаа юм. 2013 онд манай улсад зохион байгуулагдсан олон улсын 50 гаруй тамирчин оролцсон хэт холын марафонд зургаан хоног япончуудтай гүйсэн тэмцээн байлаа. Энэхүү уралдаан Өвөрхангай аймгийн Элсэн тасархайгаас гараагаа эхэлж, 250 километрийн зайд зургаан хоног гүйсэн юм. Энэ л миний хамгийн хол гүйсэн, бас их адал явдалтай марафон болсон доо. Гүйлтийн зам бартаа ихтэй л дээ. Өдөрт 60 километр замыг уул хад, өгсүүр, уруу, ус, горхийг туулан явж билээ. Энэ их хэцүү. Жирийн хүн замын дундаас шантарч үлдэх л уралдаан болсон. Нөгөө талаасаа энэхүү уралдаан миний өөрийгөө ялах бас нэгэн шалгуур болж өгсөн.
-Өмнө нь гаргаж байсан амжилтуудаасаа дурдахгүй юу?
-Ер нь би холын зайд гүйдэг хүн. 2013 онд манай улсад зохион байгуулагдсан холын зайн марафоны олон улсын тэмцээнд япончуудтай хамт оролцож, 250 километрийн зайд гүйж, мөнгөн медаль хүртэж байлаа. Мөн гүйлтийн спортоос гадна байт харваа, цана, уулын алхалт, граунд гольф, хийн дасгал, бөөрөнцөг, зээрэнцэг шидэлтийн төрлөөр тус тус хичээллэн, тэмцээн уралдаанд оролцож байсан. Мөн 2013, 2014 онд Багахангайд зохион байгуулагдсан марафон гүйлтийн тэмцээний 50 километрийн зайд 100 гаруй тамирчинтай уралдаж, хоёрдугаар байрт орсон. Тухайн үед 50 километрийн зайн гүйлтэд 23 настай эмэгтэй түрүүлж, би жаран есөн настайдаа араас нь орж, аман хүзүүдэж, мөнгөн медаль хүртэж билээ. Харин амьдралын эрхээр спортоор төдийлөн гүнзгий явж чадаагүй л дээ. Гэхдээ олон сайхан гарын шавь нартай болсон. 1967 онд хуучнаар Багшийн дээдийг багш дасгалжуулагч, эрүүл ахуйч мэргэжлээр төгссөн. Өдгөө 34 жил хүүхдүүдтэй ажиллаж, багш-дасгалжуулагчийн ажлаа хийж л явна.
-Шавь нарынхаа тухайд яриач?
-Өдий наслахдаа олон сайхан шавь нар бэлдэж, гадаад, дотоодын тэмцээн уралдаан явуулж байлаа. Миний хамгийн отгон шавь болох А.Отгонбаяр маань гүйлтийн дөрвөн төрөлд уралдаж, улсынхаа рекордыг шинэчилж байсан. Тухайлбал, 60 метрийн зайг 7.0 секундийн хугацаанд туулж, улсынхаа рекордыг шинэчилсэн. Түүний энэхүү амжилтыг өдгөө эвдсэн, шинэчлэн тогтоосон тамирчин хараахан гарч ирээгүй л байна. Хүндийн өргөлтийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Н.Байгалмаа, Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байсан улстөрч Чимидийн Сайханбилэг миний хайртай шавь нарын минь нэг ээ. Энэ хүүхдийг би 45 дугаар сургуульд анх нэгдүгээр ангид орж ирэхэд нь хүлээн авч, аравдугаар ангийг нь төгстөл биеийн тамирын хичээл зааж, багшилдаг байсан юм. Эдгээр шавь нараараа би их бахархдаг даа.
-Та уулын аялал их сонирхдог, үүгээрээ спортын мастер болсон гэнэ. Энэ тухайгаа ярихгүй юу?
-Уулын аялал үнэхээр сайхан. Ер нь Монголынхоо маш олон хайрханд гарсан л даа. Тухайлбал, Бурхан Халдун, Асралт хайрхан, Өвөрхангай аймгийн Богд, Сэлэнгийн Булган хайрхан, Гүнжийн сүм гэх мэт ууланд явган аялал хийж, оргилд нь хүрч байлаа.
-Бурхан Халдун хайрхан дээр эмэгтэй хүн гардаггүй гэдэг. Та яаж гарсан юм бэ?
-Энэ хайрхан бол эрт дээр үеэс монголчуудын тахин шүтэж ирсэн хүндтэй хайрхан. Эмэгтэй хүн гардаггүй нь үнэн л дээ. Тэр газар Бурхан гээд их сайхан гол байдгийг хүмүүс мэдэх байх. Энэ голын захад эмэгтэйчүүд нь үлдэж, цааш 11 километр газар эрэгтэйчүүд нь алхаж, Бурхан Халдун хайрхан дээр гардаг юм. Харин эмэгтэйчүүд нь Бурхан Халдун хайрханы баруун талын уулан дээр гардаг л даа. Өнгөрсөн оны өвөл, идэр есийн хүйтнээр Багануур хотоос аяллын багийнхан алхсаар Бурхан Халдун хайрхан дээр гарчихаад буцаж ирж билээ.