Categories
мэдээ цаг-үе

Д.Адъяасүрэн: Худалдааны хуультай болбол пирамид хэлбэрийн сүлжээний бизнесүүд цэцэглэх боломжгүй

Монгол Улсад худалдааны салбарыг зохицуулах бие даасан хууль гэж байдаггүй. Уг нь энэ салбарын эрх зүйн орчныг хангах хуулийн төслийг мэргэжилтнүүд боловсруулсан боловч өнөөдрийг хүртэл батлагдаагүй аж. Гурван ч Засгийн газрын нүүрийг үзэж буй Худалдааны тухай хуулийн төслийн талаар Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын Экспортыг дэмжин хөгжүүлэх газрын ахлах мэргэжилтэн Д.Адъяасүрэнтэй ярилцлаа.


-Манай улсад худалдааны салбарыг зохицуулах хууль зайлшгүй шаардлагатай байгаа. Гэтэл яагаад өнөөдрийг хүртэл хууль батлагдаагүй юм бол?

-Ер нь Монгол Улс 1921 оноос эхлэн анхны гадаад худалдааны хэлэлцээр хийж ирсэн түүхтэй. Мөн Хоршоологчдын хууль 1950-иад оны үеэр гарч байсан юм билээ. Тэгэхээр худалдааны салбарыг зохицуулах бие даасан хууль гэж өнөөдөр алга. Харин худалдааны салбарын явуулж байгаа үйл ажиллагааны харилцааг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 50 гаруй хууль, эрх зүйн актаар зохицуулдаг. Гэхдээ эдгээрийн уялдаа холбоо нь тийм ч сайн хангагдаагүй. Тиймээс Худалдааны тухай хуулийн төслийг 2008 оноос Худалдаа үйлдвэрлэлийн яам гэж байхад боловсруулж ирсэн боловч батлагдаагүй байна. Тэрнээс хойш 2010 онд Хүнс, хөдөө аж ахуйн яам, Гадаад харилцааны яам Худалдааны тухай хуулийн төслийг боловсруулаад Засгийн газарт өргөн барьж байсан. Дараа нь 2012 онд Аж үйлдвэрийн яам байхад мөн л энэ хууль зайлшгүй шаардлагатай гэдэг үүднээс дахиад ажлын хэсэг байгуулж байв. Ингээд хуулийн төслөө 2015 онд Засгийн газарт өргөн бариад, УИХ-аар хэлэлцэхийг нь дэмжсэн. Тэр үед УИХ-ын гишүүн Я.Содбаатар худалдааны салбарыг зохицуулах хуулийн төсөл өргөн барьсан байсан. Энэ хоёр хуулийн төслийг нэгтгээд нэг төсөл болгож оруулж ир гэсэн үүргийг Эдийн засгийн байнгын хорооноос өгсөн юм. Дахин ажлын хэсэг байгуулагдаж, хоёр хуулийн төслийг нэгтгээд байнгын хороонд танилцуулахад хэлэлцэхийг дэмжсэн. УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтад оруулаад байтал өмнөх парламент хаалтаа хийсэн. Шинэ засгийн газар байгуулагдаж худалдааны салбарыг хариуцсан яам нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгаа. Энэ яам бас өргөн хүрээтэй ажлын хэсэг байгуулж, манай улсад худалдааны хуулийн хэрэгцээ шаардлага ямар байгаа талаар судалгаа явуулж байна. Статистик тоогоор Монгол Улсад 28 мянган аж ахуйн нэгж, хуулийн этгээд худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг. Бид эхний ээлжинд үүний арван хувьд нь орон даяар түүвэр аргаар судалгаа авч байна. Өнөөдрийн байдлаар санал асуулгын хариуг нэгтгэж байгаа. Улаанбаатарт болохоор ажлын хэсгийн нэг бүрэлдэхүүнд багтах МУИС-ийн баг хэрэглэгч талаас нь судалгаа авч байгаа. Тэгэхээр 1000 гаруй санал асуулгыг дүгнэн үзэхэд 98 хувь нь худалдааны салбарыг зохицуулах хууль зайлшгүй шаардлагатай гэжээ. Иймд энэ хуулийг батлуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрж болохоор байгаа юм.

-Хэрэв хууль батлагдвал худалдааны салбарыг хэрхэн зохицуулах вэ. Төслийн тухай товчхон танилцуулахгүй юу?

-Олон улсын практикаас харахад худалдааг зохицуулахдаа энэ салбарт оролцогчдын уялдаа холбоо маш чухал. Өнөөдөр 50 гаруй улс худалдааны бодлоготой, бие даасан хуультай байдаг юм байна. Жишээлбэл, манай хойд хөрш ОХУ гэхэд худалдааны зохицуулалтын том хуультай. Энэ нь аль болохоор хэрэглэгч талыг, дотоодынхоо үйлдвэрлэлийг хамгаалсан байдаг. Тэгвэл урд хөрш маань гадаад худалдаагаа дэмжих зорилготой Гадаад худалдааны тухай хуультай байна. Цаашлаад Япон, Тайланд, Их Британи, Болгар, Австри, Сингапур зэрэг улсууд худалдааны хуультай байна. Бид эдгээр худалдааны харилцаатай байгаа түнш улсууддаа мөрдөгдөж байгаа тэдгээр хуулиудыг нь судалж үзсэн. Энэ тал дээр Гадаад харилцааны яам ч түлхүү ажилласан.

Өнөөдөр манай улсад гар дээрх буюу үүргийн худалдаа, жижиг, дунд бизнесийг эрхлэгчдийн худалдааг зохицуулах ямар ч хууль байхгүй. Тэгэхээр хуулийн төслийн гол зорилго нь Монгол Улсын худалдаанд тавигдах шаардлага юм. Дээрээс нь худалдаа эрхлэгчдийн эрх үүргийг зохицуулна. Мөн тэднийг төрөөс хэрхэн дэмжих, хөнгөвчлөх, хамгаалах зэргийг тусгасан. Бас ТББ-уудын оролцоог хангаж, худалдааны бүртгэлийн системтэй.

-Хэрэглэгчдийн эрх ашгийг яаж хамгаалах юм бэ. Хэрэглэгч бол хаан гэсэн уриатай үйл ажиллагаа явуулдаг худалдаа эрхлэгчид маань “Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн хатуу журамтай. Энэ байдлыг яаж шийдэх бол?

-Манай улсад мөн л хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалдаг хуультай. Тэгэхээр энэ хуулийн төсөлд одоо зохицуулагдаж байгаа хуулиудынхаа уялдаа холбоог хангаж өгөхөд чиглэн боловсруулна. Худалдаанд тавих шаардлага гэж байдаг. Улс орон бүр өөрийн гэсэн стандарттай. Хэдийгээр манай улсад стандарт байгаа ч гэсэн өнөөгийн зах зээлийн шаардлагыг хангадаггүй. Энэ бол худалдааны тухай суурь хуулиа боловсруулаад, тодорхой үе шаттай санал асуулга явуулаад ажлын хэсгийн маань хийчих ажил биш. Олон талт хэлэлцүүлэг хийж байж нэгдсэн бодлогоо тодорхойлно. Тухайлбал, жижиглэн худалдаа эрхлэгчид, гадаад худалдаа эрхлэгчид, үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан олон шат хэлэлцүүлэг явуулна. Тэд ямар эрх, үүрэгтэй байхыг хуулиндаа тусгана. Мөн худалдаанд оролцогч томоохон компаниуд, дараа нь ахмад экспертүүдийн дунд хэлэлцүүлэг хийнэ. Хэрэглэгчид, төрийн бус байгууллагуудынхаа саналыг ч хуульд тусгана. Хамгийн гол нь хэрэглэгчдэд худалдааг хөнгөвчилсөн заалтуудыг оруулах юм. Ингээд ирэхээр Худалдааны тухай хууль маань олон талын оролцоог хангасан хууль болж гарч чадна.

Олон улсад мөрдөгдөж байгаа зарчмаар бол тухайн бараагаа хэрэглэгч 24 цагийн дотор буцаах эрхтэй байдаг. Манай томоохон маркетууд үүнийг хэрэгжүүлж байна. Гэхдээ барааг буцааж авахдаа хэрэглэгчээс нэг ч төгрөгийн суутгал авах ёсгүй.

-Хэрэглэгчдэд худалдааг хөнгөвчилнө гэлээ. Үүнийгээ тодруулахгүй юу. Мөн сүүлийн үед онлайн худалдаа нэлээд дэлгэрсэн. Энэ асуудалд хэрхэн анхаарсан бэ?

-Энэ худалдааны суурь хуулиа дагаад Цахим худалдааны хууль, Дистербютерийн хууль, Хамгаалалтын тухай хууль гарч ирнэ. Үүн дээрээ тодорхой зааж өгнө.

-Гадаад худалдааг яаж зохицуулах юм бэ?

-Гадаад худалдааны гол үндсэн зохицуулалт нь тариф, тарифын бус арга хэмжээ байдаг. Үүнийг гадаад худалдааны гэрээ, дэлхийн олон улсын байгууллагуудын хэлэлцээрийн хүрээнд зохицуулна гэсэн үг. Монгол Улсад ердийн, хөнгөлөлттэй, нэн тааламжтай гэсэн гурван төрлийн энэ оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлсэн. Тарифын бус арга нь тусгай зөвшөөрөл, лиценз, эрүүл ахуйн техникийн зэрэг зохицуулалтууд байна. Худалдааны хууль нь дотоодын зах зээлийг хамгаалах бас өөр арга хэмжээг авч болно. Энэ нь тарифын арга хэмжээ байна.

-Манайд нэг ойлгомжгүй жишиг тогтсон. Тэр нь шатахууны үнэ өсөнгүүт өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг. Гэтэл шатахууны үнэ буурахаар тэдгээр нэмэгдсэн бараануудын үнэ дагаж буурдаггүй. Үүнийг зохицуулах механизмыг хуулийн төсөлд тусгасан уу?

-Эрэлт, хэрэгцээ ямар байхаас үнийн бодлого үйлчлэх ёстой. Гэхдээ тодорхой стратегийн бараан дээр хяналт тавина. Тэрнээс үнийг барихгүй.

-Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүн импортын бараанаас өндөр үнэтэй байдаг. Уг нь дотооддоо түүхий эд нь хямд өртөгтэй байхад амандаа орсон үнэ хэлээд сууж байх юм. Энэ байдалд ямар арга хэмжээ авах вэ?

-Тариф, тарифын бус зохицуулалт хийнэ. Үүнийг Хамгаалалтын арга хэрэгслийн тухай хуулиараа зохицуулна. Бид Худалдааны тухай хуультайгаа хамт үүнийг давхар боловсруулна.

-Төрөөс худалдааны салбарыг яаж дэмжих юм бэ?

-Төрийн оролцоог багасгана. Төрийн оролцоог хангахад ямар нэг дэмжих, хөнгөвчлөх үйл ажиллагааг төрийн бус байгууллагуудад шилжүүлнэ. Дээрээс нь төрийн оролцоо ямар тохиолдолд байх вэ гэхээр дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах үүднээс тодорхой бодлого хэрэгжүүлж болно. Тарифын арга хэмжээ авч болно. Мэдээж хэрэг энэ хуулинд олон дэглэмүүд байдаг.

-Сүүлийн үед пирамид хэлбэрийн сүлжээний бизнес цэцэглэх боллоо. Хэрэв манай улс худалдааны тухай хуультай болбол хүмүүсийг хууран мэхэлсэн луйвар орж ирэх боломжийг нь хааж чадах уу?

-Ер нь бол эдийн засгийн хямралтай үед пирамид маягийн мөнгө өсгөх луйвар гарч ирдэг. Учир нь манай зах зээлд худалдааны салбартай холбоотой эрх зүйн зохицуулалт байхгүй учраас хүний тархи угаасан ийм луйвар орж ирэх бүрэн боломж нь байгаад байна. Жишээлбэл, одоо яригдаад байгаа “G-Time” сүлжээ гэхэд хэзээ ч Орос, Хятад руу орж чадахгүй. Учир нь тэнд хуулиараа хориотой байгаа.

Худалдааны хууль батлагдвал бүртгэлийн нэгдсэн системтэй болно. Ингэснээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулах гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийг бүртгэлжүүлж, стандарт мөрдүүлэн ажиллуулах юм. Ингэснээр ямарваа нэгэн бараа бүтээгдэхүүн солилцдоггүй мөнгө өсгөх маягаар явагддаг сүлжээний бизнесийг хааж чадна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *