Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Зэгиймаа: Ямар ч улс эртний хэл бичиг рүүгээ шилжсэн, орчин үетэйгээ зэрэгцүүлсэн түүх байхгүй DNN.mn

Төрийн албан хэрэг хос бичигт шилжлээ. Бүх шатны төрийн албан бланк, портокол, тайлан, тушаал, шийдвэр гээд цөм кириллтэй зэрэгцээд уйгаржин бичгээр давхар бичигдэнэ гэсэн үг. Шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол хэлний тухай хуулийн энэ заалт нийгмийн бухимдлыг нэлээд дэвэргэх янзтай байна. Тэгвэл эрдэмтэн, судлаачдын байр суурь ямар байгааг сонирхуулъя. Энэ удаад МУЭИС-ийн захирал, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор Ч.Зэгиймаатай ярилцлаа.


-Төрийн албан хэргийг уйгаржин бичгээр давхар хөтлөх хуулийн хэрэгжилтийн талаар хэлний бодлогыг судалдаг эрдэмтний хувьд та ямар төсөөлөлтэй байна вэ?

-Хос бичиг гэж байдаггүй тул энэ хуулийг хэрэгжүүлэх боломжгүй л дээ. Аливаа хэлэнд нэг ойлголтыг хоёр бичгээр тэмдэглэнэ гэдэг утгагүй зүйл. “Уул” гэдгийг “агула” гэж бичнэ гэвэл нэг хэл биш хоёр хэлний асуудал гарч ирнэ. Эртний хэл, түүнийг тэмдэглэсэн бичиг, орчин цагийн хэл, түүнийг тэмдэглэсэн бичиг гэсэн өөр зүйлийг зэрэгцүүлэн тавих ямар ч утгагүй зүйл шүү дээ. Энэхүү хуулийг хүчээр хэрэгжүүлэх гэж шахах нь нийгмийг бухимдалд л хүргэнэ. Хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарсан утгагүй ажил болж хувирах биз ээ. Хоёр туулайны хойноос хөөцөлдвөл аль ч үгүй болохын үлгэр лугаа сөрөг үр дагавартай гэдгийг судлаачийн хувьд хэлье.

Ер нь Монгол Улсад хууль яах гэж, хэнд зориулагдаж гараад байна вэ. Сүүлийн үед УИХ болон холбогдох байгууллагууд шинжлэх ухааны үндэслэлгүй хуулиуд үйлдвэрлэгдсэн, хуулиас давсан дүрэм журмууд гарлаа, цэгцлэх цаг болсон гэж ярьцгаах болж байх шиг.

Одоо ийм дампуу хуулиудыг эмх цэгцэнд оруулъя гэж хаа сайгүй ярих болсон нь сайн хэрэг. Саяхан Боловсролын хуулиуд гэж хэцүүхэн юм гаргалаа.

Одоо салбарт бөөн асуудал үүсгээд л эхэлсэн. Ийм л хуулиудын нэг нь Монгол хэлний тухай хууль юм. Тухайн үедээ судлаачдыг сонсоогүй, улстөрчдийн ашиг сонирхол их орж, тэдэнд тал зассан нөхдүүдээр өргөн бариулсан, алдаа мадаг маш ихтэй хууль. Монгол Улсад хэлний бодлогын судалгааг хөгжүүлэх чиглэлээр 20-иод жил болж байгаа хүний хувьд энэ салбарт хийгдэж буй ажлыг харахаар дэндүү харамсалтай.

-Дэлхий дахинд манайх шиг ийм хэлний хуулийн зохицуулалттай улс байна уу?

-Хэлний тусгайлсан хуультай улс орон харьцангуй цөөхөн. Голдуу олон албан ёсны хэлтэй олон үндэстэн оршин суудаг улсуудад байх тал бий. Дийлэнх оронд Үндсэн хууль, зарим нэг тусгай хуулиндаа тусгах төдийгөөр шийдээд явдаг. Хүний хэлний хэрэглээг заан зааварлах, тэр тусмаа хуулиар далайлгах, хүчээр тулгах боломжгүй. Өөрийн гэсэн зүй тогтолтой, хүнтэй адил бий болдог, хөгждөг, уусдаг, үгүй болдог хувь тавилантай зүйл тул төрөөс орж зохицуулах нь маш эмзэг асуудал байдаг. Тэмцэл хөдөлгөөн, дайн дажинд ч хүргэдэг хурц асуудал шүү. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч Америк гэхэд хэлний хуульгүй, албан ёсны хэлийг зарлаагүй. Англи болон испани албан ёсны хэл гэж зарлавал асар их хөрөнгө, цаг хугацаа болон хүний эрх, эрх чөлөөний асуудал гарах тул муж улсууд нь өөрсдөө шийдээд л явчих зохицуулалт хийдэг. Нийгмийн хэл шинжлэлд болон НҮБ-аас тогтоосон хэлний ангилал бий. Албан ёсны хэл, эх хэл, үндэсний, шашны, бүс нутгийн гээд л бүгд өөр өөрийн онцлогтой. Манайх дандаа буруу хэрэглэж, улс төр хийдэг. АНУ хүртэл англи хэлийг албан ёсны гэж зарлаагүй байхад манайх ямар ч шаардлагагүй улс байж бараг л зарлачих, хос бичиг, үндэсний бичиг ч гэж утгыг нь ч ойлгохгүй юм гаргаж ирнэ. Эх хэлийг монгол хэлтэйгээ хутгана, бөөн будлиан. Монгол Улсын нийгмийн харилцаанд хэлний амьдрал, хэрэглээг зохицуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой хуулийг түүхэн үеийн бичиг үсгийн хэрэглээ болгон хувиргах жишээний. Энэ нь нэг талаас, манайд орчин үеийн шинжлэх ухаан хөгжихгүй, асар хоцрогдолтой байгаагийн л нэг илрэл, нөгөө талаас мэргэжлийн судлаачдыг сонсдоггүйн гай. Хамгийн гол зүйл бол хүмүүсийн нийгмийн харилцааг зохицуулж байгаа хэн. Бичиг үсэгггүй ч хэл байна. Зөвхөн бичиг үсгээр хөөцөлдөж болохгүй. Бид дэлхийн улсуудын адил бусдын зохиосон бичиг үсгийг зээлдээд хэрэглээд л ирсэн. Орчин цагийн монгол хэлийг тэмдэглэж байгаа кирилл бичиг Болгараас гаралтай. Уйгаруудын зохиосон бичгийг бас зээлдэн хэрэглэсэн, бүх л улс орон өөрийн зохиосон бичиг үсэгтэй. Гэхдээ ямар ч улс эртний хэл бичиг рүү шилжсэн, авч ирж орчин үетэйгээ зэрэгцүүлсэн түүх байхгүй. Болдоггүй л юм байхгүй юу. Туркүүд араб бичгээ латинаар сольсон. Хэл, соёл нь устаагүй л байна. Казахстан латинд орох бодлогыг хэрэгжүүлж байгаа гэх мэт хэлний шинэчлэл хийгддэг. АНУ гэхэд л хүний хэл, бусдын бичгийг зээлдэж авсан атал хөгжлөөрөө манлайлж байна. Монгол хэл, соёл нь хадгалагдаад л ирсэн. Уйгаржинаар бичсэн томоохон бүтээлүүдийг орчин цагийн хэлэнд нийцүүлэн хөрвүүлэн кириллээр буулгаад л үлдээсэн. Өөр асар их бүтээл байгаа юм бол орчин үеийн хэлэнд нь буулгаад өг л дөө. Ургийн ном хийх гэхэд монгол хэлний эрдэмтэн хүн амын сүүлийн тооллогоос уйгаржинаас хүмүүсийн нэрийг буулгаж чадахгүй л байна билээ.

-Ингэхэд хэлний хуулиар юуг зохицуулах ёстой байдаг юм бэ. Монгол хэлний хууль нь шинжлэх ухаанаас яаж гажив?

-Монгол хэлний тухай хуулийг гаргахын өмнө байсан хууль нь Төрийн албан ёсны хэлний тухай хууль байв. Энэ хууль нэр томьёо, үг хэллэгийг бий болгох, хэрэглэх, хэвшүүлэх талд анхаарсан байсан. Хэлний бодлогын судалгааг бид эрчимтэй хийж, олон хурал семинар зохиож, төр засагт хандан зөвлөмж гаргах зэргээр нэлээд ажилласан тул хэлний хуулийн асуудал гарч ирсэн. Бидний судлаачид Монгол Улсын хэлний тухай өргөн агуулгаар асуудалд хандсан боловч үзэл бодол таарахгүй хууль санаачлагч гишүүн нэмэгдэн орж ирснээр хуулийн үзэл баримтлал гажихад хүргэсэн. Монгол Улсын нийгмийн харилцааг бүхэлд нь хамарсан хэлний цогц хэрэглээний асуудлыг бичиг үгийн хэрэглээгээр хязгаарлаж, хэлний зүй тогтлыг мэдэхгүйгээс алдаа мадаг их орсон доо.

Хүний хэл гэдэг бол хүний эрхийн салшгүй нэг хэсэг. Ямар хэлийг сонгон хэрэглэх, сурах нь хүн болгонд нээлттэй байх учиртай. Хятад улстай залгаа Дорнод аймгийн хүүхэд “Би үнэхээр нутагтаа ажиллаж, амьдарч, Хятад улстай бизнес хийж амьдрах шаардлагатай” гэж ирээдүйгээ тодорхойлж байгаа бол түүнд хятад хэлийг сонгон сурах боломжийг бүрдүүлсэн байх учиртай. Монгол Улсын төрөөс хэлний талаар баримтлах бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж чадаагүйгээс улбаатай олон асуудлууд үүссэн. Зөв бичиж, найруулах, уран сайхан ярих, шинжлэх ухааны бүтээл туурвих, асар хурдацтай орж ирж байгаа үг хэллэг, нэр томьёог бий болгох, хэвшүүлэх гээд маш их асуудал байна. Гэтэл боловсролын салбар юу болж байна вэ. Дөнгөж сургуульд ороод эх хэлээ сурах гэж ядаж байгаа хүүхдэд хэчнээн олон хэл зааж байна вэ. Холион бантан. Хэл гэдэг чинь хүний сэтгэн бодох чадварыг илтгэж буй ганц хэрэгсэл шүү дээ. Түүнээс гадна дохионы хэл, интернэтийн хэл, хэвлэл мэдээллийн салбарын хэл гээд асар олон төрлийн хэлүүд бий болоод байна. Гэтэл манайх зөвхөн бичиг үсэгтэй зууралдаад байх юм. Эртний хэлийг тэмдэглэж байсан уйгаржинг орчин цагийнхаа бичигтэй сөргөлдүүлж ард түмнийг ядраагаад, хүүхдүүдийг залхаагаад байна. Эцэс сүүлдээ залуу үед мэдээлэл технологийн ололт амжилт, гадаад хэл соёл, орчин үетэйгээ нийцэхийн тулд асар их цаг хөдөлмөрөөс нь хомслоод, тархи толгойг нь боймлоод, урагшлахад нь саад болоод ирэхээр нийгмийн хямрал болж, үндэсний соёл гэж бахархах биш, үзэн ядалт бий болгох аюултай шүү дээ.

-Төрийн үйл хэргийг хос бичгээр хөтлөхөөр нийгэм системийн хувьд гажигтай болно гэж та дээр хэллээ. Тэгвэл хос бичиг манай улсын гадаад харилцаанд яаж нөлөөлөх бол?

-Гадагшаа чиглэсэн албан нот, бичиг цаас бүгд давхар уйгаржинаар бичигдэх юм байна л даа. Манайхтай дипломат харилцаатай улс орнууд, хөрөнгө оруулагчдад энэ тийм ч сонин биш байх. Учир нь англиар бас зүүх байх. Харин дотооддоо эдийн засгийн хувьд мөнгө үрсэн ажил болно. Өмнө 1990 онд улс даяараа уйгаржинд шилжинэ гээд төр засгаараа хөдлөөд бараагүй түүх бий шүү дээ. Үр дүнд нь бүхэл бүтэн нэг үеэрээ тоглуулчихсан. Төрийн албан хэргийг хос хэлээр хөтлөх хууль хэрэгжиж эхлэхээс өмнө хүүхдийн төрсний гэрчилгээ, диплом зэрэг дээр давхар уйгаржинаар бичдэг болсон. Хэчнээн их мөнгө, хэчнээн их цаас үрж, хэнд хэрэгтэй юм хийж байна вэ. Сайн дурын үндсэн дээр уйгаржинг хүмүүс сурах нь нээлттэй. Түүнээс нийгмээрээ хүчээр сурахыг албадах шаардлагагүй.

Үндсэн хууль, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн, шинжлэх ухааны үндэслэлгүй, судалгаагүй хууль гаргачихаад иргэдээ хүчирхийлж болохгүй.

-Ер нь хэлний бодлого ямар байх ёстой юм бэ. Байсхийгээд л монгол хэлний дүрэм шинэчлэгдэж, хүмүүсийн толгойг эргүүлдэг. Дүрэм өөрчлөгдөх нь зөв юм уу?

-Хэл бол хувьсан өөрчлөгддөг. Хамгийн их өөрчлөгддөг зүйл бол үгсийн сан. Яагаад гэвэл шинэ ойлголт, шинэ юмс үзэгдэл бий болж, түүнийг нэршүүлэх замаар хэл баяждаг. Харин хамгийн өөрчлөгддөггүй зүйл бол дүрэм. 100 жилд ч байж л байдаг. Гэтэл манайд монгол хэлний нөхдүүд олон төсөл хэрэгжүүлж, 700 үгийг шүүрч авч өөрчлөх, шинэ дүрэм зохиох гэх мэтээр толгой эргүүлсэн зүйлсийг хийсэн нь дүрмийг өөрчилсөн мэт будлиан хаа сайгүй үүсгэсэн. Өнөөдөр Дамдинсүрэн гуайн дүрмийг албан ёсоор өөрчлөөгүй, түүнийг л даган мөрдөх ёстой. Гэтэл хэлний хэм хэмжээг зохицуулах чиг үүрэгт нь орсон газар бол Хэлний бодлогын үндэсний зөвлөл. Энэ байгууллага ажлаа мэдэхгүйгээс гадна хариуцлагагүй үйлдэл удаа дараа хийж ирсний нэг нь Монгол хэлний журамласан толь бичгийг гаргасан. Энэ толь бичгийн оршил хэсэгт Ц.Дамдинсурэнгийн дүрмийг баримталсан гэсэн боловч алдаа олныг хийсэн. Үүнийг нь цахим толь баримталсан төрийн байгууллага, судлаач, хүн болгон буруу бичих нөхцөлийг бий болгож байгааг даруй залруулах шаардлагатай.

Монгол Улсын хэлний бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах чиг үүрэгтэй газар нь зөвхөн бичиг үсгийн асуудалд оролцоод явж байна. Үндэсний телевизээр мөнгө зараад л хадны бичиг үсэг тайлаад сууж байна шүү дээ. Гэтэл өнөөдөр Монгол Улсын бүх салбарын хэлний бодлого яаж явах ёстой юм бэ гэдэг бодлого үнэндээ алга. Боловсрол, олон улсын харилцаа, шинжлэх ухаан, аялал жуулчлал гээд хэлгүй юм хаа байна. Энэ олон хэлний асуудлыг яаж шийдээд байгаа юм. Шинэ үгийг үүсгэх, дүрэм журмыг нь зөв хэвшүүлэх ёстой. Хүн аливааг зөвхөн илэрхийлж чадахгүйгээсээ болоод бухимдалд орно. Улмаар тархи нь гажина, саатна. Төрөлх хэл бол гадаад хэлийг сурах судлах үндэс нь юм. Монгол хэлээр сайн найруулж чаддаг хүн ямар ч хэлээр сайн бичнэ. Гадаад хэл нь монгол хэлийг баяжуулна. Харин дайсан нь биш. Хэрэв гадаад хэлний боловсрол, соёлгүй бол бид орчин үеийн нийгмийн хөгжлөөр хол тасарна.

-Хос бичигт шилжих нь өөрөө Үндсэн хуулийн зөрчил юм биш үү?

-Монголчууд бүгдээрээ бие биентэйгээ ойлголцож байгаа ганц хэл нь орчин цагийн монгол хэл. Бүгдээрээ харилцаж байгаа бичиг нь кирилл. Бид өөрийнхөө хэлээр ярьж, өөрийнхөө сурсан бичгээр бичих, ойлголцох эрхтэй. Гэтэл Үндсэн хуулиар олгосон эрхийг төр өөрөө зөрчөөд байна. Наад зах нь УИХ-ын дарга болон яамдаас ирүүлж буй албан бичиг дээрх тамга тэмдэг нь зөвхөн уйгаржин бичгээр байгаа нь энэ хуулийг зөрчиж байгааг яагаад анхаарахгүй, хэлэхгүй байгаа юм бэ. Монголын цагдаагийн дүрэмт хувцсан дээрх зөвхөн англи, эсвэл уйгаржинаар, МНВ -ын хаяг нь зөвхөн англи, уйгаржинаар байгаа нь ямар бодлоготой юм бэ. Гудамж, талбайн нэр хаяг гээд л бид хурдан, амар ойлголцоход л чиглэгдэх ёстой юм.

-Бид хорвоо дээр хос бичигтэй цорын ганц улс болчихлоо. Энэ нь улсын хөгжил дэвшилд саад болохоос гадна нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх юм байна. Тэгэхээр уйгаржинаас татгалзах ямар гарц шийдэл байж болох вэ?

-Хууль зүй, дотоод хэргийн сайд нь 2025 оныг хүний эрхийг дээдэлсэн жил болгоно гээд зарласан. Тэгвэл хүний эрхийг боомилсон энэ хос бичигт шилжүүлсэн хуулиа эргүүлэн татах хэрэгтэй байна. Хуулийн төслийг санаачлах бүрэн эрх нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт бий. Монгол хэлний тухай хуулийг шинэчлэх хэрэгтэй. Эсвэл хуульгүй байсан ч болно. Монгол Улс бол нэг үндэстэн, нэг шашин, соёл голлосон учир олон үндэстэн, соёлтой, холбооны улсуудтай харьцуулалтгүй амар, энгийн атал хос бичиг гэж юм гаргаж ирээд нийгмийг хамарсан завхрал үүсгэж байна.

Асар их нөөц баялагтай, цөөхөн хүн амтай, авсаархан, оюун ухаанаараа асар хурдацтай хөгжиж болох улс атал байхгүй газраас утгагүй зүйл гаргаж, улстөржүүлж, будлиан төөрөгдөл үүсгэж, бусдыг сармагчин шиг дуурайж, өөрийн бодлогогүй явсаар байгаад анхаарах цаг нэгэнт ирсэн. Мэдлэгийн нийгэмд мэдлэг л бүхнийг шийднэ.Түүх түүхээрээ, орчин үе орчин үеэрээ байдаг жамтай бус уу. Орчин үеийн асуудлыг түүхэн арга зүйгээр шийддэггүй билээ.

М.МӨНХЦЭЦЭГ

 

2 replies on “Ч.Зэгиймаа: Ямар ч улс эртний хэл бичиг рүүгээ шилжсэн, орчин үетэйгээ зэрэгцүүлсэн түүх байхгүй DNN.mn”

Ядаж ганц ч гэсэн шинжлэх ухааны талд байдаг монгол хэлний доктор байгаад баярлаж байна.

Швейцар улсад нэгэн зэрэг 3 албан ёсны хэлтэй. Европын холбооны ихэнхи иргэд 2 ба түүнээс дээш гадаад хэлийг чөлөөтэй эзэмшдэг. Гэх мэтээр олон жишээ байна. Эдгээр улс орон болон иргэдийн хөгжлийг бусадтай харьцуулбал иргэд нь уймарч, самууран, толгой нь эргэж, гажсан асуудал огт байдаггүй, харин ч эсрэгээр олон хэлний боловсролтой хүний оюуны чадамж нь илүү байдаг судалгаа олон байна. Энэ мэтээр аливаа асуудалд олон талаас нь хандаж, харьцуулан харах шаардлагатай болохоос биш худам бичиг болон өөр бусад гадаад хэл мэдэхгүй, түүнийг сурах гэж өөрийгөө дайчлахаас айсан уу, залхуурсан уу мэдэхгүй, лав төвөгшөөсөн хүний саналыг нийт олны төлөөлөл, тэр тусмаа эрдэмтэн мэргэдийн төлөөлөл болгох нь туйлын өрөөсгөл байдалтай байна.

Хэвлэл мэдээллийн хувьд хэзээ ч аль нэг талыг туйлшруулах баримтлах бус, эсрэгээр аль болохоор олон талын үзэл баримтлалыг танилцуулах нь соёлт ертөнцийн зарчим шүү дээ. Монголчууд хоорондоо хагаралдах бус, эвлэлдэн нэгдэж, улс орныхоо хөгжлийн төлөө хүчээ болон сэтгэлээ нэгтгэн бат зогсох нь хамгийн чухал асуудал билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *