Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Мягмардорж: Жилд 7000 гаруй хүн агаарын бохирдлоос үүдэлтэй нас бардаг DNN.mn

Агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар НЭМҮТ-ийн агаарын чанарын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мягмардоржтой ярилцлаа.


-Манай улсын агаарын бохирдлын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ. ДЭМБ-ын тогтоосон агаарын чанарын зөвлөмж хэмжээг манай улс ялангуяа нийслэл хот маань нэлээн давчихсан байгаа шүү дээ. Энэ тухайд та юу хэлэх вэ?

ДЭМБаас гаргасан зөвлөмж хэмжээний дагуу манай улс MNS 4585:2016 стандартыг баримталдаг. Энэ стандартад заасан бохирдуулагчдын зөвшөөрөгдөх дээд хэмжээ бол ДЭМБын зөвлөмж хэмжээний дунд шатны авах арга хэмжээний буюу хоёрдугаар үе шатанд явдаг гэсэн үг. Агаарын бохирдлын талаар ярих болбол хамгийн түрүүнд тоосонцрын тухай яригдана. Тоосонцрын хэмжээ MNS 4585:2016 стандартад зааснаар 50 мкг/м3 байдаг. ДЭМБын зөвлөмж хэмжээний тухайд бусад улс орнуудад тоосонцрыг 5 мкг/м3 хэмжээнд хүртэл бууруулснаар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй гэж үздэг. Манай улсын тухайд аймгийн төвүүдэд харуулын цэг байгаагаас гадна Улаанбаатар хотод 19 харуулын цэг байдаг. Эдгээр харуулын цэгийн тусламжтайгаар агаарын чанарын индексийг тооцоолдог.

Агаарын чанарын индекс нь 500 мкг/м3 хүртэл заадаг. Өнөө үед 500 мкг/м3аас давсан үзүүлэлтүүд нь Улаанбаатар хотод хэвийн үзэгдэл болж, цочирдом мэдээ байхаа больчихсон гэхэд хилсдэхгүй. Энэ нь байнга 500 мкг/м3 давдаг гэсэн үг биш, давах тохиолдол нь илүү олон болчихсон гэсэн үг. 500 мкг/м3г зааж байна гэдэг нь 50 мкг/м3аасаа 10 дахин их байна гэсэн үг. ДЭМБ 5 мкг/м3 байх ёстой гэж зөвлөж байхад Монголд 500 мкг/м3 даваад байна гэсэн үг. Энэ хэмжээг Цаг уур, орчны шинжилгээний газрын өгч байгаа мэдээллүүдээс харахад 800 мкг/м3 давж байхыг харж байсан. 500 мкг/м3аас давсан тохиолдолд www.agaar.mn –д тоо нь гарч ирдэггүй юм.

-Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдэд юу, юу багтаж байна вэ?

-Ер нь бүх бохирдлын эх үүсвэр хүн өөрөө байдаг. Агаарыг бохирдуулагч эх үүсвэрийн тооллогыг дөрвөн жилд нэг удаа хийдэг. Агаарыг бохирдуулагчдын 55.6 хувийг гэр хорооллын утаа, 28.9 хувийг автомашины утаа, 15.5 хувийг дулааны цахилгаан станц болон бусад хүчин зүйлс эзэлж байгааг 2020 онд Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага (ЖАЙКА) судалсан байдаг. Мөн тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхэрлэг хий, азотын давхар исэл зэрэг зургаан төрлийн агаар бохирдуулагч байдаг гэж үздэг. Тус судалгаанд эдгээр бохирдуулагч ямар эх үүсвэрээс илүү их ялгарч байгааг тусгасан байдаг.

Тухайлбал, хүхэрлэг хий, нүүрстөрөгчийн дутуу исэл гэр хорооллын утаанаас илүү ялгардаг бол тоосонцор, азотын давхар исэл автомашины утаанаас илүү ялгардаг гэх жишээний.

-Таны дурдсан агаар бохирдуулагчдаас хүний эрүүл мэндэд хамгийн сөрөг нөлөөтэй нь аль нь вэ?

-Хамгийн гэж ярихад жаахан өрөөсгөл. Аливаа зүйл үүсэхийн тулд маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Астма үүсгэхэд азотын давхар исэл илүү нөлөөлдөг бол уушгины архаг бөглөрөл, зүрх судасны өвчлөл зэрэг үүсэхэд тоосонцор илүү нөлөөлдөг. Хүхэрлэг хий агаарт гарч ирээд хүчилтөрөгчтэй урвалд орохоор илүү олон төрлийн хүхрийн нэгдлүүдийг үүсгэдэг. Энэ нь амьсгалын замаар дамжин уушгинд хүрэхдээ уушги дотор байгаа шингэнтэй холилдоод илүү идэмхий болж эхэлснээр уушгины цоорол, бөглөрөл зэрэг өвчлөл үүсэхэд нөлөөлдөг. Тоосонцрын тухайд амьсгалын замаар хүний биед ороод, уушгиар дамжин цусанд орж, цуснаас шалтгаалсан өвчлөлүүдийг үүсгэхэд нөлөөлж байна гэсэн үг. Тогтвортой хөгжлийн зорилтын 3.9.1 дэх хэсэгт агаарын бохирдлыг зүрхний өвчин, цус харвалт, уушгины архаг бөглөрөлт, хавдар, хүүхдийн амьсгалын замын хурц халдварт өвчин зэрэг таван өвчний нас баралтын тоогоор хэмжих тухай заасан байдаг. Энэ өвчнүүдийн шалтгаан нь дан ганц агаарын бохирдол биш. Амьдралын хэв маяг, ажил мэргэжлийн онцлог гэх мэт олон хүчин зүйл нөлөөлнө.

-Тухайн хүнийхээ нас болон биеийн онцлогоос шалтгаалан эрүүл мэндэд нь үзүүлэх сөрөг нөлөө ялгаатай байна уу?

-Өвчлөлд өртөмхий бүлэг гэж бий. Үүнд нэгдүгээрт, бага насны хүүхдүүд, хоёрдугаарт, жирэмсэн эмэгтэйчүүд, гуравт, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс багтана. Ерөнхийдөө биеийнх нь дархлаа нь мэдрэг, сул болчихсон, эсвэл бүрэн бүрэлдэж амжаагүй ураг өвчлөлд илүү өртдөг гэсэн үг. Яагаад хүүхдэд илүү хор хөнөөлтэй байдаг вэ гэхээр агаар бохирдуулагч бодисуудад миний өмнө дурдсан зургаан төрлийн бохирдуулагчаас гадна бусад химийн нэгдлүүд, хүнд металлууд гэх мэтчилэн маш олон төрлийн бодис багтдаг.

Үүнээс хор хөнөөл өндөртэй нь хар тугалга, цайр зэрэг хүнд металлууд байдаг. Хүнд металл гэж нэрлэсэн учир нь агаараас хүнд болохоор. Тэгэхээр хөнгөн агаар нь дээрээ, хүнд агаар нь доор байна. Энэ нь бага насны хүүхдийн амьсгалын түвшинд байна гэсэн үг. 70-80 см, 170-180 см өндөртэй хоёр хүний амьсгалах үедээ авч байгаа бохирдол нь өөр. Тэгэхээр бага насны хүүхдүүд агаар бохирдуулагч гол бодисуудаар амьсгалахаас гадна хүнд металлуудаар хордож байна гэсэн үг. Энэ нь сэтгэн бодох чадвар муудах, ой тогтоолт муудах зэргээр тухайн хүүхдийн ирээдүйд хор хөнөөлтэй.

-Агаарын бохирдол хүний толгойн үснээс хөлийн үзүүр хэртэлх бүх биед нөлөөлдөг гэдэг…?

-Хүн амьдрахад хүчилтөрөгч хэрэгтэй, хүчилтөрөгчийг авахын тулд хүн амьсгалах ёстой. Хүн хүчилтөрөгчөөр бүрэн амьсгалж энэ нь цусаар дамжин бодисын солилцоонд оролцох ёстой. Гэтэл хүчилтөрөгчөөр бүрэн дүүрэн амьсгалж чадахгүйд хүрвэл биеэр тань тархаж байгаа хүчилтөрөгчийн хэмжээ дагаад багасна. Хүчилтөрөгчөөс гадна амьсгалж байгаа бодисоор тань дамжин таны биед байх ёсгүй гадны бодис орж ирснээр өвчлөл үүсдэг. Ерөнхийдөө агаарын бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа гол зарчим бол хорт бодис амьсгалын замаар дамжин бүх биеэр тарж , дархлалын системийг дарангуйлснаар өвчлөл бий болж байна. Өвчин болгон өөрийн гэсэн эмгэг жамтай, үүсэх нөхцөлтэй. Харин агаарын бохирдол тэр өвчнөөр өвдөх магадлалыг өндөрсгөдөг гэсэн үг.

-Тухайн үедээ хүний биед үзүүлэх утааны сөрөг нөлөө бага ч урт хугацааны дараа илрэх нөлөө гэж бий юу?

-Байлгүй яахав. Нэг судалгааны үр дүнгийн талаар ярья л даа. Гэртээ агаар цэвэршүүлэгч хэрэглэдэг, гадуур гарахдаа амны хаалт зүүдэг хэсэг бүлэг жирэмсэн эмэгтэйчүүд болон агаар цэвэршүүлэгч хэрэглэдэггүй, гадуур гарахдаа амны хаалт зүүдэггүй хэсэг бүлэг жирэмсэн эмэгтэйчүүдийг харьцуулахад тэднээс төрсөн хүүхдүүд нь жин, өндрийн хувьд ялгаатай байсан. Дэлгэрүүлбэл, агаар цэвэршүүлэгч, амны хаалт хэрэглэж байсан эхчүүдээс төрсөн хүүхдүүд илүү өндөр, илүү жинтэй байсан.

-Агаарын талаар хүмүүс төдийлөн мэддэггүй, мэдвэл зохих зүйл гэвэл та юуг хэлэх вэ?

-Хүн болгон мэддэг хэрнээ хэзээ ч анзаардаггүй нэг зүйл байдаг. Ямар хүн агаарыг хамгийн их үгүйлж үнэ цэнийг нь мэдэрдэг гээч, живж байгаа хүн. Өөрөөр хэлбэл, агааргүй орчинд байгаа хүн. Бид эмнэлэгт хэвтээд, норкоз, комд ороход хүчилтөрөгчийн аппарат залгадаг. Өдөр бүр гадна гараад үнэгүй агаар амьсгалж байгаа хэрнээ өвдөхдөө үнэтэй агаараар амьсгалдаг.

-Агаарын бохирдлоос үүдэн манай улсад жилд хэдэн хүн нас бардаг талаар судалгаа бий юу?

-UNDP буюу “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр”-ийн 2023 онд хийсэн судалгаагаар жилд 7000 гаруй хүн агаарын бохирдлоос үүдэлтэй нас бардаг. Үүнээс 2800 гаруй хүн гадаад орчны бохирдлын нөлөөллөөр, 4200 гаруй хүн дотоод орчны агаарын бохирдлоос үүдэн нас барсан. Энэ судалгааг эрүүл мэнд талаас нь биш, эдийн засаг талаас нь хийсэн гэдгийг хэлэх нь зүйтэй.

-Сайжруулсан шахмал түлш түлснээр ялгарч буй утаа, түүхий нүүрсний утаа хоёрын аль нь хүний биед илүү хортой вэ?

-Сайжруулсан шахмал түлш гэдгийг энгийнээр тайлбарлавал, хиртэй хувцсыг угаадаг шиг түүхий нүүрсний байгаль дээрх тоос шороог нь арилгаад шахмал хэлбэрт оруулсан гэсэн үг. Энэ түлшийг анх хэрэглэж эхэлж байхад Улаанбаатарын агаарын бохирдол гайгүй болчихсон юм шиг харагдаж байсан. Тоосонцор хүний нүдэнд харагдахгүй ч маш олон болоод ирэхээрээ харагдаж эхэлдэг.

Сайжруулсан шахмал түлшний тоосонцрын хэмжээ багассан. Ингэснээр ялгарч байгаа угаарын хий нь өнгө, амт, үнэргүй буюу хүн өөрөө угаартаж байгаагаа мэдрэх боломжгүй. Сайжруулсан шахмал түлшнээс гарах угаарыг харх л мэдэрч чадна. Түүхий нүүрсний тухайд угаарын хийн хамт тоосонцор ялгардаг. Тоосонцрыг хүн хоолой хорсох, толгой эргэх зэрэг байдлаар мэдэрдэг учраас угаартаж байгаагаа мэдэрч, арга хэмжээ авах боломжтой.

Иргэдийн дунд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлж байхад хорддоггүй байсан хэрнээ одоо яагаад хордоод байгаа юм бэ гэдэг ойлголт байдаг. “Таван толгой түлш” ХХК маш том судалгааны багтай. Энэ түлшийг маш олон жил судалсны үндсэн дээр Монголд нэвтрүүлсэн.

Мөн угаар мэдрэгчийг айл бүрд үнэгүй тарааж, угаартах эрсдэлээс тодорхой хэмжээнд сэргийлж байгаа. Гэхдээ тэд үр дүнг нь тооцоолж үзээгүй. Иргэд тогонд залгадаг угаар мэдрэгчээ тогноос нь салгаад, батерейгаар ажилладаг угаар мэдрэгчийнх нь зай дуусчихдаг. Тиймээс хэрэглэгч төхөөрөмжийнхөө бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж байх хэрэгтэй.

-Утааны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөнөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд юуг анхаарах ёстой вэ?

-Хамгийн түрүүнд авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа бол амны хаалт зүүх явдал. Ямар ч амны хаалт зүүсэн гол баримтлах хоёр зарчим бий. Нэгдүгээрт, хэрэглэх цагийг нь баримтал. Хэрэглэх ёстой цагаасаа хэтэрвэл хуримтлуулсан бохирдлоороо хүн өөрөө бохирдох магадлалтай болдог. Хоёрдугаарт, нүүрэндээ таарсан амны хаалтыг хэрэглэх буюу зүүхэд ямар ч зай завсар гарах ёсгүй. Мөн болж өгвөл тоосонцрын шүүлтүүртэй амны хаалт зүүхийг зөвлөдөг. Учир юу гэвэл, амны хаалтны төрлүүдээс хамааран агаарын бохирдлыг шүүх чадамж нь өөр өөр байдаг. Бидний өргөн ашигладаг эмнэлгийн зориулалттай мэс заслын нэг удаагийн амны хаалт бол агаарыг хамгийн ихдээ 20 хувь цэвэршүүлдэг. Хамгийн сайн амны хаалт бол агаарыг 99.7 хувь цэвэршүүлдэг “FFP3” юм. Энэ амны хаалт олон хоног хэрэглэх заавартай, 100 гаруй ам.долларын үнэтэй. Агаарын бохирдлын хамгаалалт сайтай олон амны хаалт байдаг. Иргэд тэдгээрийн талаар мэдлэгтэй байх ёстой.

Үүнээс гадна иргэд дотоод орчныхоо агаарт илүү анхаарах ёстой. Яагаад гэвэл хүн амьдралынхаа 80-90 орчим хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг гэж үздэг. Тиймээс агаар цэвэршүүлэгч хэрэглэх хэрэгтэй. Гадна орчны агаар цэвэрхэн үед өдрийн тохиромжтой цагуудад агаар сэлгэлтийг тогтмол хийж байх хэрэгтэй. Мөн эрүүл зөв хооллож, дархлаагаа сайн дэмжих ёстой. Хамгийн чухал нь эрүүл зөв амьдрал гэдэг бол хувь хүний сонголтын асуудал. Эрүүл амьдаръя гэвэл эко бүтээгдэхүүнийг сонгож, хэрэглэхийг эрмэлзээрэй гэж уриалмаар байна.

Ө.АНХЗАЯА

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *