Categories
мэдээ соёл-урлаг

Оны шилдэг шалгаруулах “Болор цом-41” наадмын бүртгэл эхэлжээ DNN.mn

Эх хэл, язгуур соёлоо эрхэмлэн дээдлэгч хүн бүхнийг Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-41” яруу найргийн наадмын эхний шатны шалгаруулалтыг арваннэгдүгээр сарын 19-нд хийж, шалгарсан 21 яруу найрагчийн нэрийг зарлана.

Сүүлийн шалгаруулалт арваннэгдүгээр сарын 26-нд Соёлын Төв Өргөөнд болно.

“Болор цом-41” яруу найргийн наадамд бүтээлээ сойх найрагчид тухайн онд бичсэн, чөлөөт сэдэвтэй 2 шүлгээ

– МЗЭ-ийн цахим шуудангийн mze.khoroo@gmail.com хаягаар эсвэл

– Монголын Зохиолчдын ордны 206 тоотод овог нэр, холбоо барих утсаа тодорхой гаргацтай бичиж, 2023 ОНЫ 11-Р САРЫН 17-НЫ ДОТОР ИРҮҮЛНЭ.

Наадамд оролцох бүтээл урьд өмнө ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгдээгүй байна.

Бүртгэлийн хураамж- 20.000 төгрөгийг ХААН банкин дахь МЗЭ-ийн 5427178096 тоот дансанд тушааж, баримтыг хавсаргана.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Долгион: Гавьяат цол авахаар сонин мэдрэмж төрдөг юм байна

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…………………….

Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгионтой ярилцлаа.


-Түүхт ойнууд дав­хацсан баяр наадмаар төрөөсөө урлагийн гавь­яат зүтгэлтэн хэмээх том цол хүртлээ. Нийт уншигчдынхаа өмнөөс танд баяр хүргэе?

-Баярлалаа. “Өдрийн сонин”-ы уншигчдад бас баяр хүргэе.

-Долгион гэдэг нэр Монголын рок поп ур­лагтай үргэлж хамт хэ­лэгдэж, цуг ирсэн. Хүү­хэд байхдаа “Долгион” гэж хамтлаг байдаг юм болов уу гэж хүртэл боддог байсан шүү?

-Сониноос “Долгион” гэж хамтлаг байсан. Хилийн цэргийн хамтлаг. Их сайн хамтлаг байсан шүү.

-Монголын рок по­пын алтан үеийн хамт­лагуудтай таны нэр зайлшгүй холбогддог?

-Баярлалаа. Яагаад гэвэл Монголын рок поп урлаг рок поп гэдэг томъёол­лоор, орчин ца­гийн хөгжмийн утгаар нь яах аргагүй миний үеийн­хэн анх бий бол­госон гэж хэлж болно. Миний уна­ган найз, “Соёл-Эрдэнэ”-ийн Гал­санбат агсан бол Монго­лын рок попын анх­ны гавьяат шүү дээ. Монго­лын төр анх удаа гитар­чинд гавьяат цолоо өгсөн юм. Галсанбат маань хэдийгээр бидэн­тэй­гээ байхгүй ч гэсэн тэнгэрээс харж байдаг гэдэгт итгэдэг. Найз маань булган сүүл­тэй юм байна. Манай рок попын гэр бүлд гавьяат цолт­нууд олон, өнөр болж байна. Одоогоор тэдний хам­гийн отгон нь би бол­лоо. Тийм учраас миний үеийн хамтлагуудад тог­лож, зүтгэж байгаа бид хэд биш, монголчууд, ард түмэн, рок поп урлагийг сонирхдог залуучууд, үе үеийнхэн маань мэдэж, хайрлаж, хүндэлж явд­гийн нэг илэрхийлэл нь сая надад шагнал өгсөн явдал боллоо гэж ойлгож байна. Бидний үеийнхэн ерөнхийдөө ахмад үе рүүгээ орох гэж байна. Гэхдээ бидний дээд талд алтан үеийнхэн, рок по­пын үндсийг тавьсан хү­мүүс минь байгаагүй бол бид нар яаж байх вэ. 1990-ээд оны, залуу үеийн төлөөлөл болсон та нарын үеийнхэн бид­нийг ойлгож, мэдэж, сонсч явдагт баярлах ёстой болов уу. Сая шагнал авахад залуучууд баяр их хүргэх юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр рок поп залуу үеийн урлаг юм. Тийм болохоор бас их баяр­лаж байх шиг байна. Энэ шагнал бол рок по­пын­хонд урам хайрласан ээл­жит баяр гэж ойлгож байна.

-Тухайн үеийн эстрад, рок поп урлагийн нэг чухал хэсэг нь пянз байж. Энэ үг яалтгүй Монголын 1970, 1980-аад оны эстрадынхны тодотгол нь байсан юм шиг ээ. Пянз гэхээр та нарын үе л сэтгэлд буугаад байдаг юм?

-Рок поп урлаг нь өөрөө пянзтай яах аргагүй хол­боо­той. Яагаад гэвэл гитар тог­лоод дуулна. Түүнийгээ ту­хайн явцуу хүрээндээ сонс­гохоос гадна цаашаа олон хүнд хүргэхийг боддог ийм урлаг. Нөгөөдүүл нь ч сон­сохыг хүсдэг, харилцан бие биетэйгээ шүтэлцдэгээс ямар нэгэн техникийн хэрэгс­лээр харилцан хүргэхийн тулд яв­саар өнөөдөр CD, интернэт, Iphone, Ipod бол­лоо. Бидний хүүхэд байхад удаан тоглогч пянз гэж бай­лаа. Тэр пянзаар рокн рол­лийн хаана Эльвис Преслей, “Битлз”-ийн дуу хуур тэр үеийн дэлхийн залуу­чуудын толгой тархийг эзэм­дэж, маш том шуурга болсон. “Битлз”-ийн тэр дөрвөн залуу дэлхийг донсолгосон. Нэг гариг, ер­төнц дээр байгаа болохоор тэр салхи шуурга Монголыг тойроогүй.

Галсанбатын том ах Гал­санбаяр ЗХУ-ын Одессей хотноо сурдаг байлаа. Тэр хот далайн боомт учраас орон орны усан цэргүүд пянз зөөдөг байсан. Пянз Монголд орж ирсэн нэг суваг нь тэр үеийн оюутнууд юм.

Галсанбаяр ах бид нарыг суулгаж байгаад  “Битлз”-ийн дууг пянзаар сонсгосон. Ин­гэж л бид “Битлз” гэдэг пянз­тай танилцаж байсан. Түү­нээс өмнө сонгодог, дуурийн дуучдын пянзнууд гэрт маань байдаг л байсан.

Тэр үед энд тэндгүй пянз тархаж байсан. Рок поп нэгэн зэрэг бий болсон. 40, 50 мянгатын давхар, орцтой байрууд ашиглалтад орж нүүдэлчин монголчууд тэнд орсон. Тэгэхэд л монголчууд орц гэдэг юмтай болж, тэнд хүүхдүүд нь тоглож нааддаг, гитар тоглож, дуу хуураа бие биендээ сонирхуулдаг байв. Ийм үед Монголын рок попын нэгэн үе нь явсан. Тэр үе дотор нь би бас явсан гэдгээ­рээ гэрч нь юм. Монго­лын орчин цагийн хөгжим орцны хөгжмөөс яах аргагүй үүсэл­тэй, холбоотой. Орцны хөгж­мийг өнөөдөр зарим хү­мүүс үгүйсгэдэг. Тэрийг үгүйс­гэж болохгүй юм. Тэгэхэд бас л хөгжим явж байсан. Олон нийтийн өмнө дуулж болдог­гүй, хаалттай хориотой дуу­нуу­даа орцонд л дуулдаг бай­лаа. Нэг ёсондоо орц нь Соё­лын төв байж. Тэнд хүү­хэд залуус цуглаж хөгжим, мэдээ­лэл хуваалцдаг, со­лилц­дог бай­сан. Орцны урлаг буюу ба­руунд underground  гэж бай­даг. Тэр урлаг маань яв­саар байгаад орчин цагийн рок попын урлаг болчихлоо. Олон мөчир салаа, хэв мая­гаараа хуваагдаад байж байна.

-Монголын анхны эст­рад рок, поп дуу гэвэл?

-Тухайн үеийн соёлын яам, удирдлагууд албан ёсоор “Битлз” маягийн хамт­лаг байгуулсан нь “Соёл-Эрдэнэ”. “Соёл-Эрдэнэ”-ээс рок поп албан ёсоор эхэлж байсан түүхтэй. Дуу гэж ярих­гүй, хэнээс эхэлсэн бэ гэвэл “Соёл-Эрдэнэ”-ээс гэнэ.

-Та нарын үеийн хамт­лаг дуучдыг одоо ч ард түмэн хүндэлсээр, дууг нь сонссоор байдаг. Та бүх­нийг өнөөдөр хүртэл ард түмэн мартаагүй нь рок попын анхдагчид гэдгээр тань уу, эсвэл дуунуудад тийм шид байна уу?

-Аль алинд нь байна. Ер нь бол урлаг хожим хойно нь үнэлэгдэж, томъёологдож явдаг. Би өөрөө дуу зохиож, оролддог хүний хувьд ярихад дээр үед, алтан үеийн хөгж­мийн бурхад маань үнэхээр аугаа байжээ. Тэр үед дууг Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Г.Бир­­­ваа, Б.Дамдинсүрэн, Д.Лув­сан­шарав гээд л хуучны мун­даг хүмүүс баталдаг бай­сан. Эд нар чинь шаардлага их өндөр тавьдаг байж. На­майг анх дууны горманийг өөрчлөх гэж завсрын өнгө оруулах гэхэд минь хорьсныг нь эргээд бодоход буруу юм биш бай­жээ. Монголын таван эгшиг, Азийн аялгуугаа хад­гал гэсэн хатуу шаардлага тавьдаг байж. Тийм болохоор монгол хүнд, чихэнд чимэгтэй сон­согддог дуунууд нь мөнх бай­даг. Ингэж бас тайлбар­лаж болно. 1990 онд ардчи­лал эрх чөлөө бий болсноор нэг сайхан бүтэн амьсгалах уур амьсгалтай болж хүн бүр дуулж хуурдах, зохиох эрх нь нээлттэй болонгуут бүгд л дуу зохионо гэж байхгүй л байхгүй юу. Үүнээс болж өнөө­дөр зарим дуу урт нас­лахгүй байгаа.

Өөрөөр хэлбэл үе үеэрээ үнэ цэнэтэй явдаг урлаг шүү дээ. Рок поп маань залуу үеийн, мөнхийнх. Бидний үеийн дуунууд яваад бай­дагтай адил 1990, 2000-аад оны дуунууд ч мөнхрөх л болно шүү дээ.

-Та шагналаа долдугаар сарын 10-ны өглөө төрийн тэргүүнээс авсан. Наадам­тай давхацсан шагнал ав­сан мөч үгээр хэлэхийн ар­га­­гүй сайхан байсан байх шүү?

-Би ер нь энэ тухай бодож байгаагүй юм байна. Найзууд маань гавьяат, ардын жүжиг­чин, төрийн шагнал авахад ордны гадна очоод л, тосоод л, цэцэг өгдөг байсан. Гэтэл өөрөө авсан чинь бас их сонин мэдрэмж төрдөг юм байна. Намайг төрийн хар хүн гэж хэлж болно. Төрийн төлөө боож үхдэг оготнуу­дынх нь нэг нь би. Тийм уч­раас төрт ёсоо хүндэлдэг. Монгол хүн учраас Монголын уламжлал, ёс, ард түмний амьдрал, бичигдээгүй хуулийг нь дагах ёстой. Төр надад, хүүдээ ийм том шагнал хайр­лаж байгаа гэдгийг бодоод, тэр том танхимд Ерөн­хий­лөгчтэй гар бариад, тэмдгийг нь зүүхэд хүн аргагүй баяр­ладаг юм билээ.

Тэгээд би юу бодсон гэхээр монголчууд бид нар нэгэнт л ийм ёс дэг жаяг байдаг, байгаа учраас төрт ёсоо хүндэлж, хайрлаж тэр ёсоор нь хандах ёстой юм байна. Тийм учраас сүртэй байсан, надад. Би одонгоо аваад, цэцэг барьчихсан, Чингэсийн хөшөөний хажуу­гаар бууж ирэхэд талбайн тал нь хүнээр дүүрчихсэн байсан. Бүгд уухайлахад ая­гүй сонин санагдсан. Би хэр баргийн юманд сандардаг­гүй. Телевизээр өдөр болгон л гарч байдаг, ард түмний дунд л явж байдаг ч тэгж сандарч байсангүй (инээв). Ямар сайндаа буруу шатаар нь буух гэж бүдэрч унахаа шахаж байхав дээ. Тэр миний сандарч, догдолж байгаагийн л илрэл. Тийм болохоор энэ бол айхавтар гоё юм байдаг юм байна гэдгийг ойлгосон.

-Наадмаар тэгвэл хөл хөөр ихтэй байж дээ?

-Тэр өдрүүдэд миний гар утас шатаж байсан гэж хэлж болно. Би чинь сая өөрийг минь олон хүн таньдаг юм байна, мэддэг юм байна гэд­гийг бүр онцгой ойлголоо. Над руу хөдөө орон нутаг, миний таньдаггүй хүмүүс хүр­тэл яриад “Та бол мундаг шүү” гээд л. Надад их сайхан санагдсан. Сая би өөрөө өөрийгөө дахин шинээр нээ­лээ шүү дээ. Тийм л юм бол­лоо. Их сонин мэдрэмж төр­дөг юм байна. Фото аппа­ратууд түм бумаараа гялс, гялсхийгээд л. Хүн ер нь баярлахгүй байна гэж байдаг юм уу. Их баярласан, дог­долсон. Би чинь нэлээд л их юм үзсэн хүн. Төрт ёсны тэр гоё уур амьсгалыг сая л анх мэдэрлээ.

-Төрсөн дүүтэйгээ ур­лагт, нэг салбарт зэрэг­цээд, хамтдаа зүтгээд ява­хад ямар байдаг вэ?

-Би сэтгэгдлээ хуваалц­маар байна. Ангирмаа бид хоёрын аав Ч.Балчинжав гэж хүн байсан. Суу билэгтэй, авьяастай, сайхан дуулдаг, хуурддаг, шүлэг бичдэг, ор­чуулга хийдэг олон нийтийн зүтгэлтэн байсан. Хуучны, улс төрийн хэлмэгдэл гээд дэмий юм байдаг байлаа шүү дээ. Аав маань тийм асууд­лаар ороод уран бүтээл туур­вих талаасаа хаагдаж бай­сан. Тэгээд энэ хорвоогоос “Алтан гадас” одон ч авч чадалгүй хальсан даа.

Энэ жил миний дүү Б.Ан­гирмаа Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржоос “Алтан гадас” одон авлаа, би сая гавьяат цолыг нь авав. Тэгээд би бодож байсан юм. Аавынхаа авч чадаагүй шагналыг нь бид хоёр авч байгаа юм байна даа гэж. Хамгийн нандинаар хэлэ­хэд ийм сэтгэгдэл төрсөн. Урлагийн салбарт бол миний дүү танигдчихсан, олны та­нил хүн. Тэр өчүүхэн жаахан авь­яасыг аав ээж минь би­дэнд өгөөгүйсэн бол юу гэж бид хоёр ингэж шагнал авах вэ дээ гэдэг ийм энгийн бо­ловчиг хамгийн хялбар ойл­гохуйц сэтгэгдэл, мэдрэмж төрсөн.

-Б.Ангирмаагийн зан байдлын талаар хүмүүс ярихдаа тантай харьцуулах их дуртай байдаг юм.

-Миний дүү их хэрсүү. Багадаа өнчирсөн болохоор тусгаар тогтносон, хэнээс ч шалтгаалахгүй, автахгүй тийм зан чанартай. Дүүгээс минь хүмүүс эмээдэг тал бай­даг юм билээ (инээв). Миний дүү хатуу. Их шулуун шударга болохоор зарим талаараа хүмүүсийг үргээдэг тал бий. Тийм ч учраас “Киви” хамтлаг ийм амжилттай ч явдаг байх. Би чинь дүүгээ хэр баргийн юман дээр магтдаггүй. Өөрийнх нь дэргэд ийм юм ярьдаггүй. Ерөнхийдөө чанга талдаа ах нь байдаг. Надаас ч эмээдэг. Гэхдээ хараад байхад продюссерыг жинхэ­нэ утгаар нь хийж чадаж бай­гаа. Хүнд хараалган зүхүүлэн байгаа ч гэсэн тэр хамтлаг амжилттай явж, үлгэр жишээ болж байна.

Яг тулаад харьцвал дүү минь зөөлөн сайхан сэтгэл­тэй. Ахынхаа төлөө дүү ямар сэтгэлтэй байдаг вэ. Яг л тийм байдаг юм. Сая надад гавьяат цол олгох талаар хөөцөлдөхөд их үүрэг гүй­цэтгэсэн юм билээ. Би өөрийгөө ийм шагнал авах гэж байгаагаа ерөөсөө мэ­дээгүй. Дүүгийн хувьд ахыгаа бодож л явдаг юм байна гэдгийг ойлголоо. Тэр бол мэдээжийн хэрэг.

-Б.Ангирмаа жинсэн хүрэм өмсөөд, гитар барин “Намайг Ангирмаа гэдэг” хэмээн дуулж байснаараа хүмүүсийн сэтгэлд илүү дотно байдаг?

-Тэр үед бол үнэхээр өөр сонин байж чадсан. Гэнэт л “Намайг Ангирмаа гэдэг” гээд дуулаад эхлэхээр хүмүүс энэ чинь одоо юу болчихов гэсэн маягтай хандаж байсан. Би тэр үед битүүхэндээ алга та­шаад дэмжиж л байсан. Уран бүтээл талаасаа анхны цомог нь их мундаг болсон байдаг.

-Улсын наадам болоод өнгөрсөн ч аймгуудын наа­дам залгах нь. Та наадмаар хаагуур баярлав. Наадмын сониноосоо сонирхуулбал?

-Монголчууд бидэнд нэг сайхан уламжлал байна аа. Нутгархацгаагаад л. Аавын­хаараа бол би чинь Архан­гайн уугуул шүү дээ. Би хотод төрсөн ч аав минь Архан­гайнх. Г.Өсөхбаяр аварга бол манай холын садангийн хүн. Г.Өсөхбаяр, Ч.Санжаадамба хоёрын төлөө би айхавтар их балиашигласан. Даанч тийм­хэн юм болсон. Их гонсгор үлд­сэн. Нуугаад яах вэ. Нөгөө талаас цоо шинэ аварга гарч ирнэ гэдэг бол бас гоё. Рок хөгжим шиг. Рок хөгжим нь шинэ юм эрэлхийлж, тэсрэлт болж гарч ирдэг. Тэр утгаа­раа гоё рок наадам болсон.

-Ямар нэгэн хүндэтгэ­лийн тоглолт язгуур урла­гаар эхлээд, дараа нь ний­тийн дуугаар үргэлжилж, сүүлд нь рок поп гэсэн дарааллаар яваад байдаг?

-Зөв л дөө. Уламжлалаа бодвол. Би ингэж боддог юм. Төр, улс сонгодог, язгуур урлагтаа анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт хийж байх ёстой. Харин рок поп урлаг бол өөрөө хөгжөөд явчихдаг. За­луу хүн өөрөө байгаа уч­раас төрийн дэмжлэг энэ тэр гэх­гүйгээр эрх чөлөөтэйгээр явдаг.

Сонгодог урлагтаа хөрөн­гө оруулалт хийх хэрэгтэй. Сая Чайковскийн нэрэмжит уралдаанд Э.Амартүвшин мөнгөн медаль авсан. Спор­тоор бол олимпийн мөнгөн медаль. Э.Амартүвшин над­тай хамт гавьяат авлаа шүү дээ. Би өөрөөсөө түрүүлээд түүнийг бодоод байсан. 24-хөн настай залуу. Улс нь сонгодог, язгуур урлагаа дэмж­дэг байх ёстой. Тэгвэл их гоё болно. Харин хажууд нь рок поп өөрийнхөөрөө хөг­жөөд л байж байна.

-Та бүхэн насаараа л “Битлз”-ийг ярьж, дууг нь дуулах юм. Тэд чинь аль хэдийнэ үеэ өнгөрөө­чих­сөн, домог болсон хүмүүс. Тэдний дуунаас уйддаггүй юм уу?

-(Инээв). Энэ чинь цаанаа асар их өөр агуулгатай юм. “Битлз” чинь өөрөө өнөөд­рийн орчин цагийн хөгжмийн урсгалуудын суурийг тавь­сан. Дэлхийн бүхий л рок хамт­лагаар дамжуулж “Битлз” чинь өөрийгөө байгаа  шүү гэдгээ мэдрүүлээд байгаа юм.

Би одоо үндэсний хөгж­мөөр “Битлз”-ийн дуунуудыг тоглуулах төсөл дээр ажил­лаж байна. “Жонон” хамт­лагийнхан дуу болгоныг нь шинээр нээгээд байгаа байх­гүй юу. Энэ төслийг Ерөнхий сайд асан С.Баяр санаа­чилсан юм. Их гоё санаа.

-Улаанбаатарт “Битлз” хамтлагийн хөшөөг бос­госон. Энэ хөшөөнд амьд хөгжим сонирхогч залуус тусгайлан очиж хүндэтгэл үзүүлдэг өдрүүдтэй юм болов уу?

-Очдог гэсэн. Тэр хөшөөн дээр хүмүүс юм бичээд эрээ­чээд сараачаад аймаар бол­гочихдог юм. Тэгээд бид биш, залуус очоод цэвэрлэчихдэг гээд л бод доо. Хоёр удаа тэгсэн. Хөшөө цэвэрлээд арч­чихдаг залуусыг олох гээд тэр хавийнхнаас асуусан чинь “Хэдэн залуус ирээд л цэвэр­лэчихдэг” гэж байв.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Хүүхдийн найрал дууны наадмын гала тоглолт болно DNN.mn

Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар 1993 оноос эхлэн жил бүр Нийслэлийн Засаг даргын ивээл дор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хормейстер Дагвын Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаант наадмыг зохион байгуулдаг.

Тэгвэл энэ удаагийн наадмын шагналтнуудын нэгдсэн гала тоглолт аравдугаар сарын 26-ны 13:00 цагаас Соёлын төв өргөөний тайзнаа болно.

Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүрээнд наадмыг НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Боловсролын газар, Монголын Найрал дууны уран бүтээлчдийн холбоо, Монголын Урлагийн ажилтны холбоо хамтран зохион байгуулж буй юм. Тус наадмын анхан шатны шалгаруулалтад нийслэлийн найман дүүргийн 75 сургуулийн 5100 гаруй сурагч оролцсон бол хоёрдугаар шатанд 20 сургуулийн 1200 орчим хүүхэд оролцож, шилдгүүд шалгарлаа. Тодруулбал,

  • Тэргүүн байранд Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургуулийн “Одод” хамтлаг,
  • Дэд байранд Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн “Шуранхайн тэнгэр” хамтлаг,
  • Гуравдугаар байранд Сүхбаатар дүүргийн Монгол-Оросын 3-р сургуулийн “Рапсодия” хамтлаг,
  • Тусгай байранд Сонгинохайрхан дүүргийн 62-р сургуулийн “Аялгуу” хамтлаг, Хан-Уул дүүргийн “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн “Шинэ зууны хүүхдүүд” хамтлаг
  • Шилдэг удирдаач багшаар Монгол-Оросын 3-р сургуулийн хөгжмийн багш Спицин Никита Сергеевич,
  • Шилдэг сургуулийн удирдлагаар Баянзүрх дүүргийн “Сингапур” сургуулийн захирал Ж.Маргад,
  • Шилдэг зохион байгуулагч мэргэжилтнээр Хан-Уул дүүргийн Соёлын ордны зохион байгуулагч О.Солонго
  • Д.Лувсаншаравын нэрэмжит шагналаар Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн “Эгшиглэн” хамтлаг,
  • Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбооны шагналаар Сонгинохайрхан дүүргийн 65-р сургуулийн “Нарны дуулал” хамтлаг,
  • Л.Галмандах сангийн нэрэмжит шагналаар Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулийн “Хараацай” хамтлагууд тус тус шалгарсан юм.

Нийслэлийн мянга мянган авьяаслаг хүүхэд, багачуудын дуу хуур цалгисан гала тоглолтод та бүхнийг урьж байна.

Эх сурвалж: НСУГ

Categories
мэдээ соёл-урлаг

Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар “Алтан хурим”-аа хийлээ DNN.mn

Хөдөлмөрийн баатар хосууд болох Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн хүндэтгэлийн баяраа тохиолдуулан “Алтан хурим”-аа хийлээ.

“Алтан хурим”-ын ёслолоо үр хүүхдүүд, ач, зээ ахан дүүсийнхээ хамт хүндэтгэлтэйгээр Гэрлэх ёслолын ордонд тэмдэглэсэн юм. Хосуудын хувьд 50 жил ханилж байгаа ийнхүү “Алтан хурим”-аа хийлээ.

Ардын жүжигчин П.Цэрэндагва 2021 онд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн бол ардын жүжигчин Д.Мэндбаяр 2023 онд энэхүү цолыг хүртэж, хамтдаа Хөдөлмөрийн баатар хүртсэн хосууд болсон юм.

May be an image of 2 people, wedding and text

Categories
мэдээ соёл-урлаг

“Инээмтгий хүн” жүжиг таван “Гэгээн Муза” хүртлээ DNN.mn

Театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” олон улсын наадам 17 дахь удаагаа өчигдөр/2023.09.17/ болж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ жил “Pro” театрын бүтээл “Инээмтгий хүн” жүжиг таван “Гэгээн Муза” хүртсэн юм.

Драмын жүжгийн шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг МУГЖ Ц.Төмөрхуяг “Инээмтгий хүн” жүжгийн дүрээр

“Шинэ эрэл” шагналыг “Pro” театрын бүтээл “Инээмтгий хүн” визуал драмын жүжиг

Драмын жүжгийн шилдэг найруулагчаар Б.Даваасүрэн “Инээмтгий хүн” жүжгээрээ

Драмын жүжгийн шилдэг хөгжмийн зохиолчоор Дахалэ Жамбалов “Инээмтгий хүн” жүжгээрээ

Наадмын шилдэг залуу уран бүтээлчээр  “Инээмтгий хүн” жүжгийн Баркельфедрогийн дүрээр СТА жүжигчин О.Итгэл тус тус тодорлоо.

Categories
мэдээ соёл-урлаг

МУГЖ С.Жавхлан энэ сарын 30-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Дулаахан намар“ тоглолтоо хийнэ DNN.mn

Монгол Улсын Гавьяат жүжигчин дуучин Самандын Жавхлангийн “Дулаахан намар” тоглолт энэ сарын 30-нд “Төв цэнгэлдэх хэрээлэн”-д болно.

Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнд өөрийн бие даасан тоглолтоо зохион байгуулах эсэхээ сонсогчдоосоо асууж байсан юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Хайрын виз” уянгын драмын жүжгийг 17 жилийн дараа дахин тоглоно DNN.mn

Ц.Балдоржийн зохиол “Хайрын виз” уянгын драм  жүжиг 2023 оны есдүгээр сарын 29-өөс Улсын хүүхэлдэйн театрын тайзнаа тоглох гэж байна.

Тус жүжгийг Ардын жүжигчин Г.Мягмарнарангийн хүү СТА Батболд найруулж буй аж.

“Хайрын виз” уянгын драмын жүжиг нь 17-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилтын хамт дахин тайзнаа амилуулж буй гэж Улсын Драмын Эрдмийн Театраас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Мөнхийн реп” хамтлаг ирэх жил Төв цэнгэлдэхэд тоглолтоо хийнэ DNN.mn

Монголын хип хоп урлагийн төлөөлөл болох “Мөнхийн Рэп” хамтлаг ирэх жил төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийхээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Тус хамтлагийн зүгээс “Мөнхийн реп хамтлагийг төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийнэ гэж ам дамжин ярьцгааж байна . Есдүгээр сард тоглолт хийх санал ирсэн боловч бид ярилцсаны эцэст энэ жил өнжихөөр шийдлээ. Учир нь тоглолтод ирсэн үзэгчдийг илүү их сэтгэл ханамжтай байлгахын тулд бидний хийх зүйлд багагүй хугацаа шаардлагатай байна. Биднийг дэмжиж бидний тоглолтыг төв цэнгэлдэхийн тайзнаа үзэхийг хүссэн та бүхэнд маш их баярлаж, урам авснаа хэлэхэд таатай байна. Бид одооноос бэлтгэлээ базааж илүү их хөдөлмөрлөн ирэх жил та бүхэнтэйгээ төв цэнгэлдэхийн тайзнаас уулзах ерөөлийг дэвшүүлье! Магадгүй тэр үед бид тайзан дээр тавуулаа ч байх юм билүү” хэмээн цахим хуудастаа мэдээлжээ.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

“Монголын сайхан орон” бүрэн хэмжээний тоглолт Сиднейн дуурийн театрт тоглогдлоо DNN.mn

Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга анх удаагаа Австралийн Холбооны Улсын Сиднейн дуурийн театрт Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан удирдаачаар удирдуулан “Монголын сайхан орон” бүрэн хэмжээний тоглолтоо толилууллаа.

“Монголын сайхан орон” тоглолтод Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав нарын бүтээлүүд эгшиглэсэн юм.

Мөн тоглолтод Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин МУГЖ Б.Гомбо-Очир, дуурийн гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга нар оролцлоо гэж Монгол Улсын Филармониос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Д.Одсүрэн: Дэлхийн бүхий л томоохон тайзан дээр бүжиглэсэн DNN.mn

Балетын гоцлол бүжигчин Д.Одсүрэнтэй ярилцлаа

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Дагвын одсүрэн гэдэг. Баянхонгор аймагт төрсөн. Айлын долоо дахь хүүхэд. Хөгжим бүжгийн коллежийг 2003 онд Сонгодог бүжигчин мэргэжлээр төгссөн.

-Хэдэн настайгаасаа бүжиглэж эхэлсэн бэ. Яагаад бүжигчин гэх мэргэжлийг сонгох болов?

-Багаасаа л бүжиглэх сонирхолтой, нугардаг хүүхэд байсан. Гэрийнхэндээ долоо хоног бүр өөрийнхөө бэлдсэн бүжиг, дуу, хөгжмийг тоглож үзүүлдэг байлаа. Аав ээжийнхээ бүх хувцсыг орон дээр гаргаж тавьчихаад л өөр өөр загвар гаргаж өмсөөд дуулж, бүжиглэж эхэлнэ дээ. Харин гэрийнхнээс нэг нь л байхгүй бол үзүүлбэрээ эхлүүлдэггүй байсан.

Анх арван настайдаа ээжийгээ дагаад Улаанбаатарт ирсэн юм. Тэр үед л урлагийн мэргэжлийн гараагаа эхлүүлсэн. Алдарт зууны манлай бүжигчин Ю.оюун гуай надаас шалгалт авч “Балетын ангид орох хүү байна” гэж хэлж билээ. Тэр үед би сонгодог бүжгийн ангид орно гэж үнэхээр төсөөлөөгүй.

-Таны бодлоор бүжгийн урлагийн хамгийн сайхан нь юу вэ?

-Бүжиглэх бүртээ өөр ертөнцөд очсон мэт болдог. Дотроос гэрэл асч. Бүх шар үсний нүх томорч байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Урлаг маш сайхан зүйл. Хүнд оюуны болоод сэтгэлийн гоо сайхныг бэлэглэдэг. Харин түүнийг уран бүтээлч хүн цааш нь улам нарийн хөгжүүлэх хэрэгтэй. Хүний амьдралыг үзэх үзлийг гэгээрүүлэх зорилготой гэж хэлж болно.

Одоо бол балетын урлаг хөгжиж европод 50 нас хүртэл бүжиглэх техник технологийг сургадаг болсон. Үүнийг залуу байгаа дээрээ сурсан маань миний хувьд таашаалтай, азтай зүйл.

-Ямар амжилтууд гаргаж байв?

-Дэлхийн бүхий л томоохон тайзан дээр Монгол Улсынхаа нэрийн доор уран бүтээлээ туурвисан. Амжилтаасаа дурдвал, Герман улсын 2012 оны шилдэг уран бүтээлийн театр оскарын шагнал, 2005 он Азийн олон улсын “Алтан хараацай” сонгодог урлагийн тэмцээнээс алтан медаль, 2008 онд Rudolf Nureyev нэрэмжит дэлхийн тэмцээнээс онцгой авьяастан шагнал, 2003 он Ази номхон далайн орнуудын хооронд зохиогдсон балетын тэмцээнээс хүрэл медаль хүртэж байлаа.

-Одоогоор ямар бүтээл дээр ажиллаж байна вэ. Мөн судалгааныхаа талаар танилцуулбал…?

-улсад суралцаж байгаа монгол, европ хүүхдүүдэд лекц уншихын хажуугаар бүжгийн хөдөлгөөний хичээл заадаг.

Судалгааны хувьд хүний оюун ухаантай маш нарийн холбоотой. Гурван өнгөөр хүний бие, нүд, уураг тархийг яаж бие сэтгэл рүү удирдан амьдралд хийж буй зүйлдээ сэтгэл хангалуун байхыг заадаг. Хөдөлгөөнт сургалт юм. Мөн өнгөрсөн зургадугаар сард Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид Герман улсын цахилгаан эрчим хүч болон хот төлөвлөлтийн талаар харилцан санал солилцох хурал хийсэн. “Дэлхийн шилдэг харилцаа” төрийн бус байгууллагатай хамтран Герман улсад байгаа Монгол Улсын төлөө гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүстэй уулзалтад оролцсондоо маш их баяртай байгаа. Хамт санал солилцож ярилцсан Б.сэргэлэнбаатар, ч. Мэндбаяр, Д.Энхбаяр, В.Мөнхцэцэг, л.отгонбаяр нартаа баярлалаа.

-Залуу хүний хувьд хийж бүтээх юмсан гэж боддог зүйл юу вэ?

-Миний хувьд гол дүрийн бүжигчин болсон учир ажлын хувиар өөр болсон. олон орны их театруудын балетын жүжгүүдэд гол дүр бүтээхээр гэрээ хийсэн. Хамгийн эхний бүжгийн жүжиг бол “Парисын дарь эхийн сүм” балетын ламын дүрээр Бельги улсын Антверпен хотын эх театрт бүжиглэнэ.

Мөн ирэх аравдугаар сарын 5-нд Герман улсын Франкфурт хотын эх театрт шилдэг гоцлол бүжигчдийн фестивальд монгол модерн бүжгээр оролцоно. Энэ фестиваль нь “Raf­faele Irace”-ын нэрэмжит европын шилдэг гоцлол бүжигчдийн нээлттэй тоглолт юм.

-Монголынхоо уран бүтээлчидтэй хамтарч уран бүтээл гаргах төлөвлөгөө бий юу?

-Монгол Улсынхаа урлагийн санд хувь нэмэр оруулах бодол бий. Дуурь бүжгийн эрдмийн театрын бүжигчидтэй хамтран ажиллаж. Европын 10 гаруй жилийн театрын шилдэг удирдагч Martin Schleapfer, олон улсын бүжиг дэглээч, шилдэг эмэгтэй найруулагчийн шагналт Regi­na Von Berkel гэх хоёр уран бүтээлчийг эх орондоо авчрах төлөвлөгөөтэй байгаа. Сонгодог болон бүжгийн урлагт шинээр хөл тавьж буй хүүхдүүдийг шинэ зүйл бүтээгээсэй гэх үүднээс энэ гайхалтай уран бүтээлчтэй хамтран ажиллах санал тавьсан. Мөн Монголын балетын урлагт зориулсан шинэ уран бүтээл хийх саналыг маань хүлээж авсан Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Б.сарантуяа гуайд талархаж буйгаа илэрхийлье.