Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Гоёл 2024” наадмын топ моделиор загвар өмсөгч А.Сайхантамир тодорлоо DNN.mn

1988 оноос эхтэй Монголын хувцас загварын тэргүүн дээд “Гоёл” наадмын оны шилдгүүдийг шалгаруулах гала тоглолт Шангри-Ла зочид буудалд болж өндөрлөлөө.  36 дахь жилдээ зохион байгуулж буй тус наадмын шилдгийн шилдэг топ моделиор загвар өмсөгч А.Сайхантамир шалгарав. Түүний хувьд “Гоёл 2016” наадмын дэд байрын эзэн болж шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байсан. 1995 онд Хэнтий аймгийн Дадал суманд мэндэлсэн. Мөн “Мисс Монголиа-2017” тэмцээний шилдгээр шалгарч байсан түүхтэй.

Тэгвэл Үндэсний хувцасны шилдэг загвар зохион бүтээгчээр “Эртний аялгуу” загварыг бүтээсэн Г.Ачухай шалгарсан бол ирээдүйтэй залуу дизайнерын шагналыг “Анна Кашмер”-ын загвар зохион бүтээгч Б.Баатараа хүртлээ. Харин чөлөөт хувцасны шилдэг дизайнераар “Од” загварын товчооны загвар зохион бүтээгч С.Батчимэг тодорсон. Түүнчлэн ирээдүйтэй модель шагналыг Б.Буянжаргал, шилдэг фото моделиор М.Болормаа, шилдэг эмэгтэй моделиор Н.Ану шалгарав.

Бусад номинацид шагнал хүртсэн эрхмүүдийг танилцуулъя.

Спонсорын нэрэмжит шагнал: Б.Цэнд-Аюуш, “Алтжин” брэндийн дизайнер Б.Уянга

Сesar’s брэндийн нэрэмжит шагнал: Б.Адъяа, Ц.Хүслэнт-Ертөнц

“Алтан гадас” компанийн нэрэмжит шагнал:  Лиса

Шилдэг Make up artist: Ari Make up studio

Гранпри дизайнер: “Amulet” брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Б.Бэлгүтэй “Warrior bird” загвараараа

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Т.Ариунаа: Хүмүүний туулдаг бүхий л зүйлийг бие, сэтгэлээрээ мэдэрсэн айхтар дөрөв таван жилийг давлаа DNN.mn

Өдрийн сонины архиваас………….

Удтал чимээгүй байсан дуучин Т.Ариунаа “Утасны чинь дугаар 03” дуугаа шинэ клип, шинэ найруулгатайгаар фэнүүддээ барилаа. Дуу цацагдаад удаагүй байгаа ч аль хэдийнэ шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж эхэлжээ. Энэхүү дуу нь түүний “Cosmic Ariunaa: The Remixes” шинэ цомгийнх нь нэг эс ширхэг бөгөөд дуучин маань цоо шинэ урсгал чиглэлээр эргэн ирлээ. Түүний яриаг уншигчдадаа хүргэе.


-Би 2006 оноос хойш шинэ цомог гаргаагүй, 2009 оноос хойш бие даасан тоглолт хийсэнгүй. Миний фэнүүд, сонсогчдын маань дунд “Т.Ариунаа хэзээ шинэ уран бүтээл хийх бол” гэсэн хүлээлт үүсчээ. Өнгөрсөн хугацаанд өөрийгөө олох, өөрчлөх, цаашид юу хийх вэ гэдгээ удаан бодож судаллаа. Олон ч хүнтэй уулзлаа. Буддын сургаал номлолыг ч судаллаа. Энэ хугацаанд гэр бүлийн амьдрал маань ч бас түвшин байсангүй. Мөнгөтэй байснаа мөнгөгүй болж үзлээ. Бизнесээ бусдад алдлаа. Хүмүүний туулдаг бүхий л зүйлийг бие, сэтгэлээрээ туулж, айхтар дөрөв таван жилийг давлаа. Гэхдээ айхтар гэж байгаа боловч бидэнд их том сургамж, туршлага өглөө.

-Одоо хийх уран бүтээл маань ямар мөн чанартай байх ёстой вэ гэдгээ ч их бодлоо. Ер нь бид олон нийтийн давалгаанд автах шаардлагагүй юм байна гэдгийг ойлгосон. Хэт их мэдээллийн орон зайд ороод, түүндээ автаад байвал хүн өөрөө өөртөө асуудал үүсгэн, өөрийгөө стресстүүлээд явах юм байна гэдгийг ойлгосон. Өнөөдрөөрөө амьдрах, өөрөөрөө байх ёстой гэдгийг ойлгосон. Одоо цагт хийх юмаа хийгээд явахад ирээдүйд хийх юм боловсроод явах юм гэдгийг анхаарч яг өнөөдрөөрөө амьдарч байна.

-Уран бүтээлийн хувьд хоёр цомог гаргах гэж байна. Нэг нь “Cosmic Ариунаа” цомог. Нөгөөг нь О.Дашбалбар найрагчийн шүлгээр хийсэн дууныхаа нэрээр “Тэнгэр шиг бай” гэж нэрлэх бодол бий. Мэдээж, нэрний талаар найрагчийн хүү Д.Гангабаатартай ярилцаж оюуны өмчийн асуудлаар ярилцах ёстой.

-Космик бол сансар огторгуй. “Cosmic Ariunaa: The Remixes” цомог маань дахин шинэчилсэн хувилбараар гарч байгаа. 1990ээд онд дуулж байсан хит дуунуудаа хөгжмийн найруулга, стиль имижийг нь өөрчилж “Космик” төсөл болгоод явж байна. Үүний дараа “Тэнгэр шиг бай” төсөл рүүгээ орох юм.

“Космик” цомгийн маань зорилтот бүлэг 1835 насныхан гэж бид төлөвлөж байна. Миний 1990ээд оны дуунуудыг одоогийн 18, 19 настай залуус мэдэхгүй. 21 жилийн өмнө “Утасны чинь дугаар”аа дуулж байхад манай хүү төрөөгүй байж. Сая энэ дууны клипэнд хүү маань тоглосон. Энэ дууг анх сонсоод “Хөөх ээж ээ, та ийм дуутай байсан юм уу” гэж асууж байх жишээтэй. Одоо бүр өөрөө дуулаад явж байна.

-“Байгаль эх дэлхийгээ шүтэж амьдаръя, байгалийн хуулийг дагая, хүн байгалийн бүтээгдэхүүн шүү” гэдэг санаанууд дуунд маань шингэсэн. Клипээ ч ийм утгатай хийсэн. 1981 онд Монгол хүн сансарт ниссэн. “Утасны чинь дугаар” дууны клипээ 2081 онд монгол хүн оюун санаагаараа сансарт яагаад нисэж болохгүй гэж гэсэн шинжлэх ухааны зөгнөлт буюу апоколист жанраар хийсэн. Монголд анх удаа ийм жанраар хийсэн дуу. Монгол оюун санаа дэлхийг эзэлнэ гэсэн төсөөлөл зөгнөл.

-“Утасны чинь дугаар 03” дууны кпип “Үргэлжлэл бий” гэж дуусдаг. Хоёрдугаар анги нь буюу үргэлжлэл нь “Космик” гэж дуу гарна. Дэлхий даяараа, шинжлэх ухаан ч тэр, кино урлаг ч тэр космик гэж ярьж, судалж байна. Хар нүхний талаар янз бүрийн онол, баримт гарч байна. Бидний клипний зураг авалт ч энэ тухай өгүүлнэ. Мөн Монголын байгалийн үзэсгэлэнт газруудаар явж зургаа авсан. Хэн ч барьж аваагүй шинжлэх ухааны зөгнөлт төрлийг зоригтойгоор барьж авч хийлээ. Бид өндөр түвшинд бол хийгээгүй ээ. Манай боломж бололцоо, техник технологи маань ямар билээ. Бид зөвхөн дөхүүлээд л хийсэн. Үүнийг харин манай залуус шүүрч аваад улам боловсронгуй болгон хөгжүүлж явах боломжтой.

-Кино үйлдвэрлэл хийдэг кино багтай хамтарч ажиллаж байна. “Космик” цомгоо “Хаган” студитэй хамтарч хийсэн. Захирал нь Америкт сургууль төгссөн чадварлаг залуу бий. “Хоёр нүүрт” киноны найруулагч нь. Бид багийн системээр ажиллаж байгаа. Ганц “Би”гээр явбал дан ганц нэг хүний тоглолт болно. “Космик Ариунаа”, “Тэнгэр шиг бай” төслүүд маань бүгд багаар явна. Монголд хийх нөлөөллийн аянг бид багаар л хийнэ. Өнөөдөр манай нийгэмд асуудал болоод буй хүчирхийллийн тухай ярихаасаа өмнө юунаас болж гараад байна, мөн чанар нь юу вэ гэсэн судалгааг сайн хийх хэрэгтэй. Сонирхуулахад, би ирэх долоо хоногоос НҮБын Хүүхдийн сангийн хүчирхийллийн тухай хичээлд суух гэж байна. Энэ сэдвээр нөлөөллийн аян өрнүүлэхийн тулд мэдлэг мэдээлэл, ул суурьтай судалгаа хэрэгтэй. “Космик”, “Тэнгэр шиг бай” цомог маань ч хүмүүст танин мэдэхүйн эерэг зөв мэдээллийг нь өгөх гэж хичээсэн. Үнэн зөв мэдээлэл байхгүй учраас өнөөдөр бид энийг ч буруутгаад, тэрийг ч загнаад байдаг. Үнэндээ яг бид өөрсдөө л буруутан нь байдаг гэдгээ мэддэггүй. Соён гэгээрүүлэх гэж бид ярьдаг даа. Тэгвэл дуу хуураар дамжуулан хүмүүнийг засах үйл ажиллагаа бол хамгийн амархан. Түүнээс биш нэг улстөрч гарч ирээд засч залруулна гэж байхгүйг мэддэг боллоо. Урлаг, утга зохиол, спорт хүмүүсийг яагаад ингэж төлөвшүүлдэг юм гэдгийг бид өөр өөрийн шугамаараа хийх хэрэгтэй байгаа юм.

-“Космик”ийг би халаалт болгоод залуу зрителээ татах зорилготойгоор хийсэн. Миний есөн дуу багтсан. Ес дэх нь “Космик” нэртэй, бага хүү маань клипэнд нь тоглосон. “Утасны дугаар”, “Эргээд чамдаа ирнээ”, “Хайрыг минь сонс”, “Жинжиймаа”, “Хуучраагүй жинс”, “Үггүй мордсон чи минь”, “Баяртай гэж хэлж чадахгүй” гээд хит болж байсан дуунуудаа шинэчилж оруулсан. 1990-ээд оны залуус миний энэ дууг мэддэггүй. Сонсоод маш их таалагдаж байгаа. Сайн уран бүтээл цагийн уртыг даадаг гэдэг.

Данзанравжаагийн хийдэд очиж “Утасны чинь дугаар 03” дууны шинэчилсэн клипээ хийсэн. Нөхөр хүүхэд, дөч тавин уран бүтээлчдээ дагуулаад, өнөө онгоцоо чирээд явлаа даа. Зардал нь яаж гарах бол гэж бас санаа зовоостой. Амьдрал л юм даа. (инээв) Хийдийн хамт олон, орон нутаг маань биднийг сайхан хүлээж авсан. Алтангэрэл ах маань зураг авах их сайхан газар зааж өгсөн. Нэг нь шар, нэг нь улаан, дундуураа заагтай их гоё өвөрмөц газар зургаа авсан. Зураг авалтын үеэр нэг шөнө айхавтар элсэн шуурга бослоо. Нүүр нүдгүй юм боллоо. Тэгсэн найруулагч маань хэлж байна “Яг энэ үеэр зураг авмаар байна” гэнэ. “Яаж авах юм” гэсэнд “Фото зураг авна” гээд авахаар боллоо. Намайг өндөр дөрвөлжин тавцан дээр зогсоогоод , нөгөө хэд маань уяагаар татаад, даашинзыг маань бас барьчихсан, би уначих гээд бөөн л юм боллоо. Би чинь хоёр жилийн өмнө хөлөө хугалсан, тэнцвэр муу байсан болохоор өнөө шуурганд нь тэсэхгүй уначихсан. Амьсгаа авч болохгүй, хөдөлж болдоггүй. Өнөөдүүлдээ уурлана биз дээ, “Та нар л энэ абшигтай газар ухаж сэндийлээд байсан, тэрнээс боллоо” энэ тэр гээд дээж өргөөд сүйд болсон. Аз болоход тэнд бариач таарч бариулаад арай дээрдсэн. Бүр сарын дараа эдгэсэн дээ. “Космик”-ийн бичлэг, клипүүдийг хагас жил хийсэн. Тэр олон зураг авалт, хөгжмийн бичлэг, сурталчилгаа гээд асар их ажлын дараа нэг дууны клип таван минут гээд бодохоор бас л чамлалттай санагдсан шүү. Ирэх хоёрдугаар сард “Космик Ариунаа” гээд цомгийн баяраа хийнэ.

-“Космик” цомгийнхоо дараа гаргах “Тэнгэр шиг бай” цомогт дандаа шинэ уран бүтээл маань багтах юм. О.Дашбалбарын үг, Бямбабаярын ая “Тэнгэр шиг бай”, Д.Пүрэвдоржийн үг, Б.Шаравын ая “Тусгаар тогтнол”, “Монгол бүүвэй” гээд том дуунууд бий. Реппер Жи-тэй хамт “Хиж гөрөөс” гэж дуу хийсэн. Хиж гөрөөс гэж орк гэсэн үг. Бүр 13 дугаар зуунд байсан үг юм билээ. Оркуудыг монголчууд хиж гөрөөс гэдэг байжээ. Орк гэдэг үгийг хиж гөрөөс гэдэг үгээр сольж, моодонд оруулна. Бусдын юмыг булааж идсэн хүнийг хиж гөрөөс гэдэг байж. Амьтнаас ялгаагүй ухамсар муутай хүнийг хиж гөрөөс гэдэг юм байна. Хиж гөрөөс дотроо бас олон янз. Булай, булхай, боулхай гэж нэрлэдэг байжээ. “Космик” цомог маань дуу болгоныхоо өмнө нь тухайн дууны утга учрыг бичсэн тайлбартай. Өөрөөр хэлбэл сонсдог ном хэлбэрээр гарах юм.

-“Тэнгэр шиг бай” цомгийн дараа залгуулаад “Хагас зуун жилТөмөрийн Ариунаа” тоглолтоо хийнэ. Ирэх жилээс хийх төлөвлөгөө байна. Энэ удаа би дандаа залуустай хамтарч ажиллаж байна. Шинэ залуусыг гаргаж ирнэ. Би сая Орост П.Крикоровын “Я” гээд тоглолтыг үзлээ. Энэ тоглолтыг үзээд би “Хагас зуун жилТөмөрийн Ариунаа” тоглолтоо заавал хийх ёстой юм байна гэж бодсон. Бид хоёр нас чацуу юм байна. Ямар гоё, ямар нүсэр тоглолт болов оо. Тэндээс санаа авах, ажил хэрэг болгох зүйл их байнаа. Зочдоо хаана суулгадаг юм, бүжигчид нь яаж бүжиглэж байна, гэрэлтүүлэг, дэлгэц нь ямар байна гээд ажиглаж харж л явлаа.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Дуучин Н.Энхбат: Би 200 гаруй найр хөтөлсөн DNN.mn

Өдрийн сонины архиваас………….

Говь-Алтайн дуучин “Хонгорзул”, “Намайгаа дурсаарай”, “Гүнж тогоруу” дуугаараа овоглогдсон Н.Энхбаттай ярилцлаа.


-Та хэзээ хотын хүн болчихов?

-2004 онд Улаанбаатар хотын иргэн болсон. Говь-Алтай аймагт 16 жил ажиллаж амьдарсан шүү дээ. 21-хэн настай залуу очиж байлаа.

-Та чинь гавьяат авчихсан байх аа?

-Аваагүй ээ. Гавьяат гэдэг цол надаас жаахан хол, би тэрнээс хөндий явж ирлээ шүү дээ.

-Хотод хэр төвхнөв?

-Хөдөө олон жил болсон. Байр сууриа олох, ахуй амьдралаа төвхнүүлэх гээд нэлээд зүтгэсэн. Дажгүй сайхан болсон.

-Та яагаад хотыг зорих болов. Говь-Алтайд байсан ч та олны сонсдог л дуучин?

-Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын тайзнаасуран бүтээлийнхээ гарааг эхэлсэн. Тэндээс миний бүтээлийг ард түмэн сонсдог гадарладаг, болсон.Амьдралын идэвхтэй үеийг олны массыг дагаж амьдрах ньчухал гэж бодсон хэрэг л дээ.

-Орон нутгийн тайзан дээрээс олны танил болно гэдэг хэцүү дээ. Та үүнийг яаж хийв?

-Хөдөөорон нутгийн дуучид хойд хормойгоороо, урд хормойгоо нөхдөг хүмүүс. Ёстой л халуунд халж, хүйтэнд хөрдөг дуучид. Бидтэнд өөрийгөө хөгжүүлнэ. Өөртөө багшилна. Би нэг л зүйлийг ойлгосон. Хөдөө дуулж болно. Өөрийн гэсэн урын сантай болох нь чухал юм байна гэж. Олон жил мөрөөдсөн. Тэгээд “Хонгорзул” гэдэг дууг 1999 онд дуулж, хит болсон. Араас нь “Гүнж тогоруу”, “Намайгаа дурсаарай”, “Сутай зүгийн нутаг” гээд дуунуудаа дууллаа. Нутгийнхаа хөгжмийн зохиолчдын бүтээлийг түгээх сэн гэсэн зорилготой байсан. Миний дийлэнх бүтээл манай нутгийн харьяат хөгжмийн зохиолч Цэрэндондовын ая байдаг юм шүү дээ. Тэгээд тэр бүтээлүүдийг түмэнд чадан ядан хүргэсэн ухаантай.

-Таны дуулах авьяас байгалийнх, ээж ааваас уламжлагдав уу?

-Хоолой байгалийнх. Гэхдээ миний ээж сайхан дуулдаг хүн байсан. Ажилчин хүн, юм юм л хийдэг байсан. Маш ухаантай, сийрэг хүн байлаа, миний муу ээж.

-Таныг яаж дуучин болгочихов?

-Би бол дуучин болно гэж бодоогүй байсан ш дээ.Хүүхэд байхын сэтгүүлч болно гэж мөрөөддөг байсан. Хавар сэтгүүлчийн сургуульд шалгалт өгнө гэж бэлтгэж байтал Улаанбаатараас Хөгжим бүжгийн элсэлтийн шалгалт ирээд, бид тоглолт хийж үзүүлсэн юм. Маргааш нь захирлын өрөөнд элсэлтийнкомиссын дарга нь “Чи дуучин болох юм байна. Чамд дуулаачийн урилга явуулъя” гэсэн юм.Урилгаявуулсан ч юм байхгүй, хуваарь нь ч ирээгүй. Сэтгүүлчээрээ ч шалгалт өгсөн юм байхгүй хоцорсон юм. Тэгэхэд 1983 онд Монголын радиогийн “Залгамжлагч” радиогоор миний нэг дуу явсан. Манайсургууль дээр радиогийнхон нэвтрүүлэг бэлтгэхээр ирэхэд, би дуулсан юм. Амралт эхлээд хөдөө суманд очсон байхад миний дуу радиогоор явахад их баярласан.

-Та сурагч байхдаасургуульдаа одбайсан уу?

-Ганц нэг дуулдаг л байсан. Гэхдээ би нэг их дуучин болчихно гэж бодоогүй.Биайлын гурав дахь хүүхэд. Эхээс арвуулаа шүү дээ. Арван хүүхэд бор амьдралд л өснө шүү дээ. Би багаасаа биеэ даасан юм. Гуравдугаар ангиасаа зуныхаа амралтаар айлын хүүхэд харж айлынхан надад форм, цүнх, хичээлийн хэрэгсэл авч өгсөн. Аав маань малын эмч. Тавдугаар ангиасаа аавтайгаатарилга, туулгалт, малын цус авах ажилд оролцоод, 75 төгрөг авдаг. Түүгээр ээж маань надад хичээлийн хэрэгсэл авч өгч байлаа. Долдугаар ангиасаа ээжтэйгээ сумын барилга дээр ажиллаж байсан юм. 135 цаас авна. Есдүгээр ангид аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн барилгачид манай суманд ажилласан юм. Нийтийн ахуйн үйлчилгээ барьсан. Тэнд ажиллаж 250 цаас авч билээ. Ээждээ л мөнгөө өгдөг. Нэг удаа харин сээгий малгай авч өмсч байсан. Тэр чиньховор байсан. 250 төгрөгөөр сээгий малгай орос найзаасаа авч өмсч байлаа. Багаасаа л бие даасан учраас хөдөлмөрийн үнэ цэнэ, ажлын амтыг мэдэрдэг. Ажилдаа хоёргүй сэтгэлээр хариуцлагатай хандах ёстойг ясмахандаа шингэтэл ойлгосон доо.

-Яаж дуучин болов?

-Цэрэгт ирээд 1986 ондБүх ард түмний урлагийн үзлэгээр мандан бадарлаа. Хилийн ба дотоодын цэргээс шалгарч солист болсон. Ганцхан цэрэг солистболсон нь би. “Дуулж явна, би” гэж дууллаа. Тэр үедМонголын радиогоор миний энэ дуу “Хүсэлтийн хариу”-гаар явдаг байлаа. Уран сайханч, байлдагч Энхбатын дуулсан “Дуулж явна би” дууг сонсъё гээд захидал ирдэг байлаа шүү дээ.

-Ээж чинь сонсоод их баярласан байх даа?

-Баярлалгүй яахав. Цэргээс халагдаад очиход “Миний хүүгийн дуу радиогоорявлаа” гэж байсан. Намайгансамбльд улирч үлдэх үү гэж байсан л даа. Говь-Алтайн эвлэлийн хорооны дарга залууБүх ард түмний урлагийн үзлэгийн үеэр тааралдаад “Чи халагдаад, Алтайд яваад оч. Эвлэлийн шугамаар сургуульд явуулж өгнө” гэж байсан юм. Би түүнийг нь сонирхоод Алтайд 1988 онд халагдаж очсон.Тэр үеэр Илгээлтийнэзэн залуучуудын улсын хоёрдугаар зөвлөгөөн Алтайд болж билээ. Тэр зөвлөгөөнд дуулж, олондахиулсан юм. Тэгээд чуулга авъя гэсэн. Тэгээд дуулсаар байгаад ирлээ. 2004 оноос хойш чөлөөт уран бүтээлч болсон доо.

-Дуучинхүн дуулаад хоолоо олж идэх боломжтой байна уу. Давхар бизнес эрхлэх үү?

-Юм юмтай л байх ёстой. Зах зээлд хүн ямар боломжтой байна. Түүнийгээ бүгдийг зарцуулдаг.Би юм юм л хийхийг боддог. УИХ-ын гишүүнд бараа болж явлаа. Бүх л ажилд нь гүйнэ. Би саяханвэб сайт нээсэн. Сэтгүүлчболох мөрөөдлөө хожуу биелүүлсэн гэх юм уу даа. Хэвлэлийн хүрээлэнгийн дээд курс төгсөөд, сэтгүүлч мэргэжлээр ажиллах санаа байна. Мэдээ, мэдээллийн Garag.mn гэж сайт бий. Тэрийг үүсгэн байгуулсан. Энэ чиглэлээрээ ажиллаж байна. Миний үндсэн мэргэжил соёл урлагийн менежер. Удирдлагынакадемидмастер хамгаалж байгаа.Гэхдээ би дарга болохдообиш. Хүмүүс намайг “Чи дарга болох гэж байгаа юм уу” гэдэг. Хүн болгон уул уурхайтай ноцолдох бишмонголчуудын оюун санаатай ноцолдохгүй бол үнэхээр хэцүү байна ш дээ. Улс орны хөгжил дэвшлээс хоцроод яахав гэж өөрийгөө хөгжүүлж яваа юм. Түүнээс бишбидарга болох гэсэн юм алга.

-Энд тэндшүтэн бишрэгчид сонин тохиолдлоор хандах тохиолдол байсан уу?

-Миний дуунууд ихэнх нь ээжийн, бүсгүй хүний тухай дуунууд байдаг. Сайхан л байдаг шүү дээ. Тоглолт дөхөөд ирэхээр “Нөхөртэйгээ энэдуугаар танилцсан. Анхныхаа хүүхдэд нэрийг чинь өгсөн” ч гэдэг юм уу сэтгэлийн үгтэй мэндчилгээ зөндөө л ирдэг байсан.

-Хүн сургуульдсурахаас гадна өөрийгөө яаж боловсруулах ёстой юм бэ?

-Боловсолтой хүн гэжолон сургууль төгссөн, олон дипломтой хүнийг хэлдэггүй юм байна. Ерөөсөө ухаарч чадсан хүн. Өөрийгөөбие, сэтгэлийг хөгжүүлсэн, өөрийнхөө үнэт чанар, давуу байдлаа нээгээд өнгөлж тордсон хүнийг боловсролтой гэх нь байна шүү дээ.

-Таны үнэт чанар юу байна?

-Бихудлааярьдаггүй, хүн хулхиддаггүй, шударга, өөрийнхөөрөө байдаг. Надад худлаа инээд,хуурамч зан байхгүй.

-Та хоёр охиндоо юу өвлүүлж үлдээхийг хүсдэг вэ?

-Би охидууддаа өмч хөрөнгө биш ухаан, боловсрол үлдээхийг л хүсдэг.

-Таны амьдралд ухаарал хайрласан хүн хэр их байв?

-Хүн алдаан дээрээ суралцдаг даа.

-Ер нь дуучин хүн хэр удаан тайзан дээр тэсч үлдэх ёстой вэ?

-Уг нь авьяас тэтгэврт гардаггүй гэдэг. Одоо бол хөл толгойгоо алдсан. Хэн нь дуулаад байгаа юм. Худал үгийг мянга давтвал үнэн, хулхидууг мянга цацвал хит гэдэг болоод байна. Дуучин хүнсоён гэгээрүүлэгч шүү дээ. Тэр сайхан дууны үгийг утга уянгыггүн ухааныг ойлгож түмэнд хүргэх учиртай. Дуулнагэдэг орилжхашгирахын нэр биш.

-Та бясалгал хийдэг үү?

-Би Буддын гүн ухаан, суу билэгт хүмүүсийн хэлсэн үг, туулсан амьдралыг сонирхдог. Б.Лхагвасүрэн гуайтай их ойр, Лоохууз гуай байна. 94 настай хүн. Энэ хүнтэй их ярьж зөвлөгөө авдаг. Зохиолч С.Галсан, Тэрбиш гуай байна. Би хөгшчүүлтэй их ярьдаг.

-Залуу дуучдаас хэнийг тоодог вэ?

-Ариунбаатар мундаг дуучин. Дуучин хүний дууны өнгө, тембэр бүх юм нийлмэл байх ёстой. “Улаанбаатар” чуулгынГанзориг гавьяат цээлхэн сонсголонтой сайхан дуулж байна. Нэг арга барилтай, ижилхэн улсууд бас их байна.

-Танд шавь бий юу?

-Үгүй би нэг их багш, шавь болоод байдаггүй. Гэхдээ хүнд зөвлөх дуртай. Ялангуяа залуу дуучдад “Чи ингэж ажилла”, “Тийм мартагдсан дуу байгаа” гэх мэтээр зөвлөдөг.

-Цагаансараарта хэр их ажилтай байдаг вэ?

-Цагаан сар гэлтгүй биажилтай лбайдаг юм. Дуулахын хажуугаар хурим найр, одон медалийн угаалга хөтөлдөг. Тийм учраас хурим найрыг монгол ахуй, ёс заншил талаас нь хөтлөхийг эрмэлздэг. Сүүлийн үед найр шоу болоод байна. Найр, хуримондоо, шоу цэнгүүн өөр. Төрийн дээд одон медалийн угаалга ч өөр шүү дээ. Тэр чинь төр, түмний хүндэтгэл учраас. Би найрыг дэгтэй, цэгцтэй, өөрийн гэсэн онцлогийнх нь дагуу хөтлөхийг хичээдэг. 200 гаруй найр хөтөллөө. Миний хөтөлсөн хосууд их сайхан явдаг юм. Би ажигладаг. Монголчууд их бэлгэшээдэг шүү дээ. Монгол хүн хүний орон гэрийг авахдаа хүртэл уг удмыг нь хардаг.Тийм учраас бүх талыг нь харж явдаг.

-Та нутагтаа очдог уу?

-Жил бүр очдог. Алтайн уулснадад алтан амь хайрласан. Би аав ээжийгээ шүтдэг, амьд байгалиа шүтдэг. Хадаг мадаг өргөөд байдаггүй. Сайхан тариа будаа цацаад, лусын шавьж хорхойнуудыг хооллож буян болмоор байгаа юм. Түүнээс биш тэр модыг баглаж хүлээд, яах юм.Овоонд хадаг уяж архи өргөөд яах юм. Сайхан сүү сааль, идээ будаа цацаад явбал лус савдаг баясана.

-Дуучин хүнд хоолой чухал. Хоолойгоо хэвээр нь хадгалах гэж өвөрмөц дэг барьдаг уу?

-Байхгүй. Би чинь гадаа гандаж, хөдөө хөхөрсөн дуучин. Хүйтэн ус уугаад дуулж л байна. Яриа дуучин хүнд муу гэдэг. Би чинь дөрвөн цаг, хурим найр хөтлөөд дуулна.Сүүлийнүед миний мөнгөө, цаг хугацаагаа, авьяасаа зарж хийсэнуран бүтээлийг зарим нөхөд дуулаад байна.

-Тэр чинь зохиогчийн эрх энэ тэрээр зохицуулагддаггүй юм уу?

-Зохиогчийн эрх хөгжмийн зохиолч, яруу найрагчид байдаг л даа. Гэхдээ жудаггүй л байхгүй юу.

-Тухайлбал ямар тохиолдол байна?

– Төрмандах гээд дуучин байна аа даа. “Аархал” гээд дуулаад байдаг. Тэр чинь“Намайгаа дурсаарай”-г дуулсан байна. Сонссон улсууд “ Таны дууг зохимжгүй дуулсан байна”, “Таны дууг тоглоод хаячихлаа” гэж байна. Олон хүнхэлж байна. Анхны юм анхныхаараа л байдаг. Тэр хүн надад “Энхбат ахаа, би таны дууг дуулъя” гээд хэлчихэж болно. Жудаг гэж байх учиртай. Бусдын үүрэнд өндөгөө дардаг хөхөө шувуу шиг битгий бай, хөдөлмөрлө зов. Тэгж байж амжилтанд хүрнэ.

-Таны хамгийн их хөдөлмөрлөсөн уран бүтээл юу вэ?

-Бүгдэд нь цаг хугацаа, хөдөлмөр зарцуулдаг даа. “Хонгорзул” дуу арав гаруй жил дуулагдаж байна.

-Та сүүлийн үед ямар уран бүтээл хийхээр бодож байна?

-Өөрийнхөө хүндэлж явдаг дуучидтайгаа хамтарсан тоглолт хийх бодолтой байгаа. Намраас амжих нь уу. Дуучин хүн сайхан хоолой, авьяастайгаас гадна сайн хүн байх нь чухал. Хүн чанар, хүнлэг сэтгэл гэж байх ёстой. Зарим нь хэт мөнгө хөөгөөд, өндөр тоо хэлээд суудаг. Хэзээ нэг цагт унана шүү дээ.

-Ингэхэд мэдээллийн салбарт хэр орон зай харагдаж байх юм?

–Сэтгүүлч хүн мэдээлэлтэй мэдлэгтэй байж ажиллана. Хөрвөх чадвартай байх ёстой. 1984 онд Говь-Алтайн “Алтайн хөгжил” сонинд анх мэдээ бичиж байлаа. Чандмань сумын ах дүү хоёр илгээлтийн эзэн малчны тухай анхны мэдээгээ бичиж байсан. Аавынхаа ажлын тайлангшөнөжин хамт сууж бичдэг байлаа. Ном их уншина. Найруулан бичих, зохион бичихдээ сайн л байсан. Энэ маш их нөлөөлж байсан байгаа юм.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ соёл-урлаг

Морин хуурын чуулга Орхон аймагт тоглоно DNN.mn

Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч Улсын филармонийн Морин хуурын чуулгын уран бүтээлчид арванхоёрдугаар сарын 10-нд Орхон аймагт тоглолтоо хийх гэж байна.

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас жил бүр зохион байгуулдаг “Соёлыг түгээе” аяны хүрээнд аймгийн Засаг даргын урилгаар Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол улсын Соёлын элч Морин хуурын чуулгын шилмэл бүтээлүүдийн тоглолт хийхээр болсон байна. Тоглолтод Урлагийн гавьяат зүтгэлтэн, Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан, Соёлын тэргүүний ажилтан Н.Жигжиддорж, гавьяат жүжигчин, Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Мөнхбаатар, Соёлын тэргүүний ажилтан Б.Дэлгэрбаяр, Д.Дүйнхэржав, Л.Насанбуян, Н.Нямсүрэн, Д.Дагвадорж нар оролцох аж.

Тоглолтын тасалбарын үнэ 35 мянган төгрөг бөгөөд тасалбарыг арваннэгдүгээр сарын 29-нөөс Эрдэнэт үйлдвэрийн соёл урлагийн цогцолборын кассаар худалдаалж эхлэх гэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээсэн. Морин хуурын чуулгыг анх 1992 онд байгуулж, анхны тоглолтоо 1993 онд хийсэн түүхтэй. Одоогоор эх орондоо 3000 гаруй, дэлхийн 21 улсад 95 удаа 600 гаруй удаа тоглож, уран бүтээлээ толилуулаад байна.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар “Морин хуур чуулга одоогоор 36 орон тоотой ажиллаж байна. Цаашид тус чуулгыг өргөтгөж, орон тоог нэмэх, хөгжим хэрэгслийг шинэчлэн сайжруулах шаардлагатай. Ойрын үед Морин хуур чуулгыг өргөтгөхтэй холбоотой шийдвэр гарна” гэдгийг  мэдээлсэн юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Сэтгэл чамайг таньсан ч билүү” уран бүтээлийн тоглолт болно DNN.mn

Яруу найрагч Н.Минжинсайхан тун удахгүй анхны бие даасан “Сэтгэл чамайг таньсан ч билүү” уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байна. Тоглолтоо арваннэгдүгээр сарын 24-ний 19.00 цагаас “UB палас”-ын Концертын их танхимд хийх аж.

“Сэтгэл чамайг таньсан ч билүү” уран бүтээлийн тоглолтод Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Т.Галсан гуай, Ардын жүжигчин Г.Равдан, Төрийн шагналт, яруу найрагч Ц.Бавуудорж, Х.Чилаажав, Б.Ичинхорлоо, Д.Галсансүх, О.Цэнд-Аюуш зэрэг яруу найрагчид урилгаар оролцох бөгөөд дуучдаас МУГЖ, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, СТА Г.Эрдэнэтунгалаг, Д.Отгонжаргал, С.Баттулга, Ч.Батцэнгэл, Ч.Алтантүлхүүр,  О.Хүрэлбаатар, П.Баярцэнгэл, Э.Чинбаяр, Э.Чулуунчимэг, Б.Нямзагд, Б.Хандмаа, Б.Эрдэнэхүү, П.Жимсээ, Ц.Амарбаяр/ноён бондгор/, Б.Мөнхбаяр, Б.Чанцалдулам, Д.Бердибек, Д.Баасандорж, “Uvertura”, Аадар зэрэг хамтлаг дуучид ирж ая дуугаа өргөх ажээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг танайд-өнжье туслах-ангилал

“Хонхны дуу”-нд хөглөгдөж өссөн М.Тулгатынд өнжив DNN.mn

“Урьд шөнө хар дарж зүүдэллээ

Урт гар намайг зовооно

Хэлэх үгийг минь боогдуулж

Харах нүдийг халхална

Аз болж хонх дуугарлаа

Арай ядан нойрноос сэрлээ

Хонхны дуу биднийг сэрээ, сэрээ

Хонхны дуу биднийг сэрээ…” хэмээх дуу тэртээ 34 жилийн өмнө Монголын ардчиллыг тамгалсан яах аргагүй тод бүтээл билээ. Жавар тачигнасан жиндүү өвлийн хүйтэнд эрх чөлөөнийхөө төлөө жагссан ард түмний зүрх сэтгэл дэх хүсэл тэмүүлэл, итгэлийн галыг “Хонхны дуу” бадрааж, урам зориг нэмж байв. Шинэ, нээлттэй нийгэм байгуулагдах үйл явц өрнөхтэй зэрэгцэн хүн бүхэнд хүлээлт үүсч байлаа. Тэр үед эх орныхоо ирээдүйг мөрөөдөлдөө зурж, алс холын Америк, Итали, Европын орнуудын хөгжилд хүрэх үүд хаалга нээгдлээ гэж догдолж байсан жаал хүү өнөөдөр өрх гэрийн тэргүүн, гурван хүүхдийн аав болсон байна.

Түүнийг Майнбаярын Тулгат гэдэг. Ардчилсан намынх гэхээр монголчууд бүр ч сайн танина. Багаасаа аав, ах нарынхаа дэргэд ардчиллын үнэт зүйл, үзэл санаагаар хүмүүмжсэн тэрбээр өөрийн гэсэн характертай улстөрч. Харин хувь хүн талаасаа нийгэмд тийм ч нээлттэй биш. Энэ удаа бид М.Тулгатынд өнжихөөр гэрт нь зорьж очлоо. Эднийх 13 дугаар хороололд гурван өрөө орон сууцанд даруухан амьдардаг юм билээ. Ерөнхийдөө минимал хэв маягийг эрхэмлэдэг гэмээр цомхон, бас эмх цэгцтэй. Төгөлдөр хуурын дэргэд хоёр ч хийл хөгжим зэрэгцүүлжээ. Харин хоймортоо гран-при, цом, өргөмжлөл зэргийг эгнүүлэн өрсөн нь нүдэнд туслаа. Бас номын сан нь сонирхол татав. Үүдний өрөөний нэг ханаа тэр чигт нь номын сан болгожээ. Энд англи, монгол, япон хэл дээр бичигдсэн маш олон ном өрөөстэй байв. Хамгийн дээд талын тавиур дээр монгол хэлний тайлбар толь хэд хэд харагдлаа. Доод хэсгүүдэд нь хүүхдэд зориулсан япон номууд зонхилжээ.

М.Тулгат эцэг, эхээсээ хоёулаа. Ганц эгчтэй гэсэн. Одоо ЖАЙКА-д ажилладаг. Түүний аав С.Майнбаяр физикийн багш мэргэжилтэй. Гэвч Ардчилсан хувьсгалаас хойш багшаараа огт ажиллаагүй юм билээ.  Яагаад гэвэл төр эргүүлэх ардчиллын хөдөлгөөнд оролцсон гэх үндэслэлээр халагдаж байж. С.Майнбаяр гуай бол партизан. Тэрбээр “Хонхны дуу”-ны автор, талийгаач С.Цогтсайханы төрсөн ах. Тэд Монгол оронд ардчиллын салхийг эргүүлэхэд хувь нэмрээ оруулсан хүмүүс. Тэгвэл М.Тулгатын ээж Б.Оюун-Эрдэнэ гуай улсдаа урдаа барьдаг цөөхөн эмч нарын нэг. Хүний эх эмч мэргэжлээр сургуулиа төгсөөд эмгэг судлалын салбарт насаараа ажиллажээ. Аливаа өвчний түүх, оношийг давхар хянаж, нарийн судалж, тогтоодог онцлогтой салбартаа мэргэшсэн чадварлаг эмч. Анагаахын салбарынхан нь “Эмч нарын эмч” гэж хэлдэг.Тэд Булган аймгийн угшилтай хүмүүс. Аавынх нь тал Тэшиг, ээж нь Гурванбулагийнх. С.Майнбаяр гуайн аав Л.Сосорбарам бол тухайн үедээ тун хариуцлагатай ажил хийж байсан хүн. Тэрбээр монгол хэл уран зохиолын багш, сургуулийн захирал, “Пеонерийн үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Тэгвэл М.Тулгатын ээжийнх нь аавыг Улсын хэвлэх үйлдвэрийн орлогч дарга байсан Ц.Бат-Очир гуай гэхээр хуучны улс андахгүй.

М.Тулгатын хүүхэд насны дурсамж “Чингис” зочид буудлын зүүн талд байрлах Сансрын туннелийн хороололтой холбогддог ажээ. Тухайн үед эдний байранд дандаа нам, төрийн удирдах албаны хүмүүс, жүжигчин, зураач гээд олны танил эрхмүүд амьдардаг байж. Тэрбээр энэ тухай ярихдаа “Хотын дарга Л.Лантуу, улс төрийн товчооны Шарав, Ардын зураач Д.Чойдог, эрдэмтэн Ц.Арвий, хөгжмийн зохиолч С.Мааяа гуай, Ардын жүжигчин Н.Сувдаа гуайнх гээд дандаа элит хүмүүс манай орцонд хөршилдөг байсан сан” гэв. Ардчилсан хувьсгал эхэлж байх үед мань эр дөрөвдүгээр ангийн сурагч байж. Гэрт нь Ардчилсан хувьсгалын партизанууд, аавынх нь найз нөхөд ирж ардчилал эрх чөлөөний талаар сонирхолтой яриа өрнүүлдэг байсан нь одоо ч санаанд нь тод үлджээ. Тэр цагийнх нь дурсамжийг уудлахад “Надад тэдний яриа маш сонирхолтой санагддаг байж билээ. Аавын минь хамгийн хайртай дүү С.Цогтсайхан ах байнга манайд ирж тэдэнтэй бас хуучилдаг байв. Би үе, үе 220 мянгат руу өвөөгийндөө очиж хонохоор Цогоо ах байнга л ном уншиж бас бичээд сууж байдаг. Шөнө дунд юм уу үүрээр гэнэт босч ирээд үзэг, цаасаа шүүрч аваад суухад их л гайхдаг байлаа. Одоо бодох нь ээ, гэнэт юм бичих онгод нь орж, тэрийгээ бушуухан цаасан дээр буулгадаг байсан байх. Манай гэрт ардчиллын яриа өрнөдөггүй өдөр гэж бараг байгаагүй. Би дөрөвдүгээр ангийн хүүхэд гэхэд улс төрийн сүрхий идэвхтэй болчихсон байсан. Тухайн үед уйгаржин бичиг, Чингис хаан гээд үндэсний үнэт зүйлүүд сэргэн түрж гарч ирж байв. “Улаан-Од” сонинд нийтлэгдсэн Монголын нууц товчооны цуврал 21 хөрөг, Баабар гуайн “Бүү март, Мартвал сөнө” ном зэргийг шимтэн уншдаг байлаа. Ямар сайндаа конкурсийнхээ гадаад хэл, математикийн шалгалтыг онц өгчихөөд нийгмийн ухааны шалгалтад бүдэрчихэв дээ. Арга ч үгүй биз, ардчиллаар “өвчилсөн” байсан хүүхэд Марксизм, Ленинзмийн асуултууд ороод ирэнгүүт үсрэхгүй хаачих вэ” гээд инээв. Тэрбээр математик, физик, мэдээлэл зүйн улс, хотын олимпиадуудад оролцож байжээ. Мэдээлэл зүйн улсын олимпиадаас хүрэл медаль авч МУИС-ийн программ хангамжийн ангид урилгаар элсэн орж байв. Гэвч түүний туйлын зорилго өндөр хөгжилтэй орон руу тэр дундаа арлын Японд очиж сурах байжээ. Ингээд төд удалгүй англи хэлийг өөд уруугүй цээжилж Японы Засгийн газрын тэтгэлэг авч чадсан байна. Хоёрдугаар курстээ орох жил Япон явж, тэндээ эдийн засгаар бакалавр, магистраа дүүргэжээ. Их сургуулиа төгсөөд Японд мэдээлэл харилцааны технологийн томоохон компанид ажиллаж байгаад 2010 онд Монголдоо ирсэн байна. Биднийг ийн ярилцан суух зуурт гэрийн эзэгтэй гарын бялуугаараа дайлав. Өнгө өнгийн амтат бялуу, кексийг ширээнд өрсний дараа хүүхдүүдээ урилаа. Гэрийн эзэгтэйн нэрийг Кида Эми гэдэг бөгөөд япон бүсгүй аж. Одоо Японы Элчин сайдын яамны Өвсний үндэс хөтөлбөрийн гэрээт ажилтан юм байна. Тэд оюутан байхдаа танилцаад гэр бүл болжээ. Эднийх гурван хүүхэдтэй. Том хүү Т.Хант одоо 10 дугаар ангид сурдаг. Дунд охин Т.Есүй наймдугаар анги. Хөгжим бүжгийн коллежийн хийл хөгжмийн ангийн сурагч. Бага хүү Т.Амар хоёрдугаар анги. Том болон бага хөвгүүд гэрийнхээ хажуу талын улсын сургуульд сурдаг юм билээ. Хүүхдүүд хичээлийнхээ хажуугаар соробан сампин, Хүүхдийн ордны төгөлдөр хуурын дамжаа, балетын дугуйланд явдаг аж. Аав улс төрийн ажилтай болохоор тэр бүр хүүхдүүдээ зөөж, авч чаддаггүй гээд үнэнээ хэлнэ лээ. Харин гэрийн эзэгтэй энэ бүх ажлыг амжуулдаг байна. Бас өдөр бүр оройн хоолны дараа хүүхдийнхээ хөгжмийг нь давтуулдаг гэнэ. “Манай хүн нэг өдөр ч алгасч үзээгүй” гээд гэрийн эзнийг хэлэхэд эхнэр нь “Ер нь хичээл зүтгэл юу юунаас чухал. Хэчнээн дугуйланд сурдаг байлаа гээд өөрөө маш сайн давтаж хичээхгүй бол үр дүнгүй. Тэгэхээр хүүхэд гэртээ хэр их давтахаас шалтгаалж амжилт нь тодорхойлогдоно” гээд инээмсэглэв. К.Эми монголоор их сайн ярихаас гадна энгийн хөгжилтэй маягийн бүсгүй байлаа. Ийн биднийг ярилцаж байх зуурт хажуу өрөөнд төгөлдөр хуур, хийл хөгжим хосолсон сайхан аялгуу эгшиглэв. “Хүүхдүүд маань ирсэн зочдоо хүндэтгэж хөгжим тоглох гэж байна” гээд биднийг нөгөө өрөө рүү урилаа. Т.Хант, Т.Есүй хоёр Чайковскийн аялгууг өргөн барив. Үнэхээр эвлэгхэн тоглодог сүрхий авьяастай хүүхдүүд юм. Тэд өөрсдийнхөө насны ангилалд Монголдоо шилдэг болохыг авсан шагнал, цомууд нь аргагүй батлах аж. Т.Есүй охин жирийн сургуульд сурдаг байхдаа Чех улсад болдог олон улсын өсвөрийн хийлчдийн уралдаанд II байр эзэлж байсан гэнэ. Тухайн үед мэргэжлийн сургуулийн хүүхдүүдээс өндөр амжилт үзүүлсэн гээд гэр бүлийнхэн нь охиноор бахархан ярив. Мөн балетчин Д.Алтанхуягийн найруулдаг “Цөмөөхэй”-гийн гол дүр болох Кларад сонгогдож тоглосон байна. Т.Хант бас Монголын хүүхдийн ордны хийл хөгжмийн уралдаанд гран при авсан байна. К.Эми гурван хүүхдийнхээ хичээл сурлага, урлаг соёлд үзүүлсэн амжилтуудыг тус бүрд нь зузаан гэгч нь хавтсанд нямбай хадгалжээ. Энэ тухай тэрбээр ярихдаа “Монголд аягүй их өргөмжлөл өгдөг. Японд тийм биш болохоор би тоохгүй хаячихдаг байсан. Тэгээд байнга өгдөг гэдгийг ойлгоод хадгалахаар шийдсэн” гээд инээв. К.Эми цаг руу харснаа “Уучлаарай. Охиныг балетын дугуйланд нь хүргэх цаг боллоо. Бид явчихаад ирье. Түр хүлээж байгаарай” гээд хувцаслав. Энэ үед аав нь “Манай охин надаас илүү завгүй. Хичээл сургууль, дугуйлан гээд манай гэрийн хамгийн завгүй хүн” гээд охиндоо амжилт хүсэв. М.Тулгатын гэр бүл нэг нэгэндээ үнэхээр хүндэтгэлтэй эелдэг харилцаатай улс юм. Ээж, аав хоёр бол хүүхдүүдээ маш сайн хүмүүжүүлсэн нь тэдний биеэ авч яваа байдал, төлөвшлөөс илэрхий харагдана. “Уучлаарай”, “Баярлалаа” гэдэг үгийг бие биедээ харамгүй хэлэх нь үнэхээр сайхан.

Ээж, охин хоёр түгжрэлийн цаг эхлэхээс өмнө бушуухан хөдөлье гээд яаравчлав. Бидний яриа ч хотын түгжрэл рүү чиглэлээ. Нийслэлийн ИТХ-д хоёр, гурван удаа сонгогдсон М.Тулгатын хувьд ямар шийдэл олж хардаг талаар сонирхтол том хүү Т.Хант зөөлөн алхаж ирээд аав руугаа дөхөж суув. “Томоохон хотуудын түгжрэлийг шийдэх энгийн арга бол массаар нь тээвэрлэх байдаг. Дэлхийн эхний 100 хот таваас дээш сая хүн амтай. Манайх шиг 1.6 сая хүнтэй хотод нийтийн тээврээ хөгжүүлчихвэл түгжрэлийг тав дахин бууруулах боломжтой. Хэт төвлөрөл, даац хэтрэлт гээд байгаа. Энэ ерөөсөө биш. Токио гэхэд 37 сая, Дели 32 сая, Шанхай 30 сая хүн амтай. Даац хэтрүүлээд явдаг бол жинхэнэ гамшиг болно шүү дээ. Ер нь 1-2 сая хүн амтай хот менежмент хийхэд тохиромжтой гэж үздэг. Хотыг гоё аваад явахад амархан. Манайх ямар ч асуудалгүй хөгжих боломжтой. Харамсалтай нь хөдөөнөөс шилжин ирэгсдээ хөөгөөд л их дээд сургуулиудаа хотоос гаргана гэхчлэн дандаа буруу концепци яваад байгаа. Хотын оршин суугчдын өдөр тутмын зорчих хөдөлгөөнд нийтийн тээвэр хэрэглэх ёстой. Гэтэл жилээс жилд хүн ам өсч байхад нийтийн тээврийн хэрэглэгчид буурч байгаа. Өнөөдөр нийтийн тээвэр дампуу байгаагаас болж хүмүүс хувийн унаа руугаа хошуурч байна. Метрог дунд, урт хугацаандаа төлөвлөөд явах нь зөв. Газар доорх дулаан хотыг бий болгоно. Өнөөдөр түгжрэлийг нийтийн тээврээр шийдэхийн тулд маршрутын зохион байгуулалтыг яаралтай өөрчлөх хэрэгтэй. Төв шугамтайгаа богино эргэлтээр холбогддог болох ёстой. Офицероос Таваншар хүртэлх 22 км-т автобус хоёр минут тутамд зогсолтгүй ирэх зохион байгуулалтыг бий болговол шийдэгдчихнэ. Одоо зам хаах, төлбөр тогтоох, торгох, тоо хэмжээ заах байдлаар шийдэл эрэлхийлж болохгүй. Зах зээлийн хөгжлийн жам ёсны асуудлаар шийдэгдэх ёстой. Өнөөдөр социалист арга барилаар хотыг удирдах гээд байгаагаас бүх буруу эхэлнэ” гэлээ. Энэ үед аавынхаа яриаг сонсож суусан Т.Хант “Сургууль дээр “Танай аав юу хийдэг вэ” гэж хүүхдүүд асуухаар нь “Улстөрч” гэж хариулдаг. “Танай аав эрх мэдэлтэй болохоороо юу хийх вэ” гэхэд нь “Хотын хэрэггүй хашааг байхгүй болгоно. Түгжрэлийг бас арилгана” гэж хэлдэг. “Яаж түгжрэлийг байхгүй болгох юм бэ. Улаанбаатараас түгжрэл хэзээ ч арилахгүй” гээд хүүхдүүд инээгээд байдаг. Харин би яаж түгжрэл байхгүй болохыг нь хэлж мэдэхгүй болохоор хариулж чаддаггүй байсан. Сая аавыг ярихад маш сайн ойлголоо” гээд аав руу хараад инээмсэглэв.

Хажууд М.Тулгатын бага хүү Т.Амар дөрөв болон таван талт шоог тасралтгүй эвлүүлэн сууна. Гар хурууны хөдөлгөөн нь хурдан шаламгай гэж жигтэйхэн. Гурван оронтой тоог тооны машин шиг л хурдан үржүүлээд хариуг нь хэлж орхив. Хүү бас хийл хөгжим хөөрхөн тоглочихдог авьяастай юм билээ. Удалгүй хаалга дуугарч гэрийн эзэгтэй орж ирэв. К.Эми айлын ганц охин юм байна. Аав, ээж нь өвөөгийнх нь цахилгааны барааны дэлгүүрийн санхүү, борлуулалт хариуцан ажилладаг байжээ. Аав нь сүүлд өөрийнхөө сонирхлоор удон гоймонгийн газар ажиллуулдаг болсон гэнэ. Энэ газар нь Францын “Mi­chelin Guide” рестораны зэрэглэл тогтоодог алдартай хөтөч номд орсон гэхээр нэлээд хөдөлмөрч хүмүүс аж. К.Эми хадмуудынхаа талаар ярихдаа “Манай хүн Японд сурдаг байхдаа аав, ээж рүүгээ захидал бичдэг байв. Тэр үед интернэт хөгжөөгүй ч байж. Хариу нь тээ хойно, хэдэн сарын дараа ирнэ. Хадмууд маань надад үнэхээр сайн. Төрсөн охин шигээ хандаж, хайрладагт үнэхээр баярладаг. Одоо сошиал хөгжчихсөн болохоор бид Япон руу байнга л аав, ээжтэйгээ царайгаа хараад ярьдаг” гэв. Түүнээс нөхрийнхөө улс төрийнх нь замналын талаар ямар бодолтой байдгийг сонирхоход “Манай хүн Японд оюутан байхын нийгмийн идэвхтэй бас өөрийн гэсэн үнэт зүйл, үзэл бодол, хүсэл зорилготой байсан. Одоо ч тэр байр суурь нь хэвээрээ байгаа. Монгол орноо жаахан ч гэсэн сайн, сайхан болгочихвол миний хүүхдүүдийн ирээдүй юм даа гээд нөхрийгөө дэмждэг. Анх Тулгааг улс төрд ороход нь бид хоёр нэг л зарчим баримтална гээд ярилцаж байсан. Цэвэр идеальны улстөрч байх ёстой гэж. Би нөхрийгөө ёс зүйтэй, үзэл бодолдоо тууштай, зөв улстөрч гэдгээр нь үнэхээр бахархдаг” гэв.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Амарсайхан: Гадны жүжигчид хэрхэн алдартай болох тухай биш эхлээд яаж хүн байх тухай ярьдаг DNN.mn

Өдрийн сонины архиваас…………..


Манай жүжигчдийн хувьд хэлний бэрхшээл асуудал болж байдаг. Өөрөө энэ кинонд сөөнгөдүү гэмээр өвөрмөц, яг л өөрийн хоолойгоороо ярьж байна лээ. Хэлний бэрхшээл байсан уу?

-Би 2002-2005 онд Ирлан­дад сурч, амьдарсан. Монголчууд хүний нутагт яаж ажилладаг тэр л зарчмаар аяга сав угааж, хажуугаар нь хэл үзэж байсан маань өнөөдөр надад гадны кинонд тоглоод явах суурь болж байгаад баяртай л байна. Гадаад хэл дээр тоглоно гэдэг амаргүй. Үгийн өргөлт, өгөлт авалт, ярианы өнгө гээд олон зүйл үг, хэлээр илэрхийлэгддэг. Тоглолтын 60 хувь нь үгээр гарна гээд бод доо. Гэтэл үүнийг харь хэл дээр үзүүлнэ гэдэг амаргүй юм байна. Надад ч бас хэцүү шалгуур байлаа. Гэхдээ киног үзсэн хүмүүс, мэргэжлийн хүмүүс ч ямар ч асуудал алга байлаа гэхэд нь баярлаж л байв. Бас өөрөө ч болчихож гэж санаад. Илүү хол явъя гэвэл хэлээ сайн сурах л хэрэгтэй. Киноны үеэр гадаадын жүжигчдэд зориулсан хэлний аялга засах тусгай мэргэжилтэн байдаг. Гэхдээ Байка ах маань миний хэллэг дээр хамт ажиллаж тусалсан болохоор асуудал гараагүй.

Аригбөхийн, Хубилайн хэлж байгаа үгс аль, аль нь тэдний үзэл санааны зөвтгөлийг гаргах гэж оролдсон шиг санагдсан…

-Аригбөх ирээд “Хархоринд бүх зүйл урьдынхаараа. Бидний өвөг Чингэс хааны үед ямар байсан тэр хэвээрээ байгаа. Харин энд жаахан хятад маягтай. Зарим хүмүүс таныг Монголын хаан юм уу, Хятадын хаан юм уу гэж гайхаж байна” гэхэд нь Хубилай “Би Монголын ч, Хятадын ч хаан байхыг хүсэхгүй байна. Харин дэлхийн хаан болохыг хүсч байна” гэж хэлдэг л дээ.

Олны хэсэгт монголчууд дуу оруулсан байсан. Бас тэнд ажиллаж, амьдардаг монголчууд, Сү.Батболд гишүүний хүү кинонд тоглос­ноо сошиалаар мэдээлсэн байгаа харагдана лээ?

-Олны хэсэгт аль болох монгол хүмүүс, монгол төрхтэй хүмүүсийг оролцуулахыг хичээж байгаа. Аригбөх бол энэ киноны гол дүр учраас мэргэжлийн хүмүүсээс шал­га­руулж авсан. Олны хэсэгт бол зураг авч буй орнуудад ажиллаж сурч байгаа хүмүүс оролцож байгаа. Гэхдээ энэ кино цааш олон анги үргэлжлэх учраас аль болох олон монгол хүн оролцуулах байх аа. Сү.Батболд гишүүний хүүтэй би таарч байгаагүй. Харин “Хөсөгтөн”, “Алтан ураг” хамтлагийнхан хөөмийчдийн дүрийг бүтээсэн.

Энэ киноны зураач, ди­зайнераар ямар хүн ажиллаж байгаа юм бол. Тэр хувцас хэрэглэл, жижиг эдлэлийг манайхаас нийлүүлсэн бол гэж бодож л байлаа?

-Энэ киноны дизайнер нь Оскарын шагналт эмэгтэй, бас Английн дизайнер бүсгүй гээд чадалтай уран бүтээлчид ажиллаж байсан. Тэд судалгаа сайтай мундаг ажилладаг юм билээ. Тэр эд хэрэгслийг бид нийлүүлэх ёстой гэдэг үнэн шүү. Энэ бүгдийг бид бодох л ёстой. Гутлуудыг гэхэд л Өвөр Монголоос нийлүүлж байх жишээтэй. Тэр бүгдийг хараад дараа дараагийн боломжийг монголчууд бид алдаж болохгүй гэж санагдаж байлаа.

Америк дахь монголчуудын телевизид өгсөн Жон Фускогийн яриаг үзсэн. Тэрбээр өөрийг чинь дүрдээ маш гайхалтай орж байхыг чинь пробын үеэр хараад нулимс унагасан гэж ярьж байна лээ. Үнэхээр сэтгэлийг нь хөдөлгөөд амжжээ?

-Дүрийн шалгаруулалтын үед монгол гэрт Хубилай Аригбөх хоёр ээж Сорхогтунийн хамт суугаад ярилцаж байгаа хэсгээс уншсан юм. Тэр үед намайг дүрдээ орж байгааг хараад зохиолч, бусад маань ч нулимс унагаж байсан. Тэрийгээ өөрөө хэлсэн байна лээ. “Би энэ киноны зохиолыг бичсэн хүн атлаа тэсэлгүй нулимс асгаруулж байсан” гэж ярьсан байсан. Гэхдээ зохиолч маань дүрүүдээ их л бодож сонгосон шиг санагдсан. “Надад Марко Полод тоглох итали цус хэрэгтэй байсан” гэж тэр хэлсэн. Тэрбээр Марко Поло итали хүн байсан учраас Монголд очсон гэж онцолдог. Түүн шиг Аригбөхийн дүрд монгол цус хэрэгтэй байсан ч байж магад.

Сүүлийн үед хэн мөнгөтэй, хэн бодлогоор мөнгө цацаж байгаа улсууд түүхийг ч худалдаж авч чадах болжээ. Казахууд, солонгосчуудын олон кино үүнийг баталж буй. Эмзэглэл хэр төрдөг вэ?

-Эмзэглэлгүй яахав. Тэд өнөөдөр мөнгөтэй учраас чадаад байна. Гэхдээ бид үүний хажууд зүгээр суугаад байж болохгүй гэж боддог. Кино бол хүмүүжлийн маш хүчтэй зэвсэг. Бид багадаа үзсэн киногоороо түүхээ ойлгодог байсан. Сүхбаатарыг маань Богд хүн явуулаад хор өгөөд алчихсан гэж боддог байлаа шүү дээ. Шилжилт хөдөлгөөнийг зогсоож, хүмүүсийг хөдөөд илгээлтээр, явуулах бодлогоор хэчнээн олон кино хийгдэж байв даа. Кино бол үнэндээ тархи угаадаг. Хүмүүст нөлөөлж чаддаг. Манай залуучууд ч гэсэн гадны кинонуудад угаагдаж байна. Их хаадынхаа түүхийг, нэрийг ч мэдэхгүй байж, АНУ-ын тэд дэх Ерөнхийлөгч нь тэр гээд мэдэж байх жишээтэй. Тэдний түүх 300 жил хүрэхгүй байхад бид утаатай ч гэсэн 370 жилийн түүхтэй хотод амьдарч байна шүү дээ. Соёл урлагаараа дамжуулж бахархлыг нь төрүүлж, хүүхэд залуучуудаа хүмүүжүүлэх боломжтой. Яахав, өнөөдөр бид хөрөнгө мөнгө татуухан байгаа ч хичээх юм бол бүгдийг хийж чадна гэдэгт би итгэдэг. Хичээвэл монгол жүжигчин мөнчгөрөөрөө явж байгаад Холливудын кинонд тоглож болж л байна шүү дээ.

Холливудын кинонд тоглосон цалин хэр байсан бол. Нууц биш бол хэлэхгүй юу?

-Агентлагтай байгуулсан хэлцэл ёсоор үүнийг хэлэх боломжгүй. Уучлаарай.

Тэнд гэр бүлийнхээ хүнтэй очсоныг хүмүүс гэрэл зургуудаас харсан. Гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу. Энд төдийлөн олны өмнө ил гардаггүй байх аа?

-Миний гэргийг С.Уран гэдэг. Эдийн засагч мэргэжилтэй. Бага охиноо төрүүлээд асарч байгаад одоо мэргэжлээрээ хувийн бизнесээ эхлүүлэх гэж байгаа. Бид хоёр охинтой.

Охид чинь аавыгаа жүжигчин гэж мэдэж байна уу. Бахархдаг байх даа?

-Охид маань дуулж, бүжиглэх дуртай бас над шиг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй юм шиг санагддаг юм. Бага маань дөнгөж найман сартай болохоор аавыгаа аав л гэж мэднэ. Харин том охинд маань ангийнхан нь танай аав жүжигчин гэж хэлдэг юм уу, мэдээд байдаг юм. Одоо бүр их ойлгож, бас ааваараа бахархдаг болоод байгаа. Ер нь охидын хувьд аав нь хамгийн анхны баатар байдаг шүү дээ.

Кинондоо тоглоод ирснийхээ дараа энд болсон Улаанбаатар кино наадмаас “Үргээлэг” киногоороо шилдэг дүр авсан шүү дээ. Өнөө жил уран бүтээлийн олз омог их байна аа?

-Тийм ээ, сайхан жил боллоо гэж бодож байна. Энэ эрчээ алдахгүй, сайхан бүтээл хийж, чанарыг нь сайжруулах тухай бодож байна. “Үргээлэг” киноны зургаа нэгдүгээр сард аваад, нээлтийг нь дөрөвдүгээр сард хийсэн. Үүнийхээ дундуур энэ киноныхоо зураг авалтад яваад ирсэн юм. Тэгээд шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн. Ер нь миний сүүлд тоглосон “Үргээлэг”, “Аравт”, “Бодлын хулгайч” кино гурвуулаа шилдэг болж, хоёроос нь шилдэг дүрийн шагнал авлаа.

Одоо ажиллаж байгаа дүр, төлөвлөсөн ажлууд байна уу?

-Байгаа. Зохиолын түвшинд ажиллаж байгаа хоёр ч бүтээл бий. Аль болох өмнөхөө давсан сайн бүтээл хийхийг зорьж байна. Гэхдээ кино бүтээл олон хүний хөдөлмөрөөр бүтдэг, нийлмэл урлаг. Найруулагч, дизайн, техникийнхэн гээд 200-гаад хүний хөдөлмөрөөр бүтдэг юм.

Ер нь Амараагийн хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ. Ээж, ааваасаа хэдүүлээ вэ?

-Би дээрээ таван эгч, хоёр ахтай айлын найм дахь хүүхэд. Аав маань Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат Ц.Балжинням гэж хүн байлаа. Насаараа тээврийн жолооч хийсэн хүн байсан. Ээж маань Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Я.Гармаа гэж хүн бий. Одоо ижий минь нас дээр гарсаан. Гэхдээ аав, ээж хоёрын маань үндэс угсааг хөөвөл аль аль нь Дундговь аймгийн хүмүүс юм билээ. Хуучнаар Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошууны хүмүүс.

Айлын бага байх нь ээ. Бас жаахан эрх биз?

-Эрх л гэдэг юм. Гэхдээ айлын бага хүүхдүүд тэвчээртэй, гал голомтоо сахиж үлдэх учраас илүү хариуцлага үүрч өсдөг юм шиг санагддаг.

Жүжигчин болох тухай хэдийнээс бодож эхэлсэн бэ, оюутан цагийнхаа тухай ярихгүй юу?

-Би бол хотод төрж өссөн хүүхэд. Хүн бүр л хүүхэд байхдаа жүжигчин болох тухай бодож үзсэн байдаг шүү дээ. Биднийг бага байхад видео кинонууд дөнгөж орж ирж, киноноос харсан бүх зүйлээ дагаж хийхийг хүсдэг байсан. Аз болоход миний мөрөөдөл биелж, сургуулиа төгсөөд жүжигчний ангид орж чадсан. СУИС-д багш нар маань ярьдаг байсан юм. Нэг ангиас үсрээд гурван жүжигчин гардаг гэж. Харин манай ангиас жүжигчин С.Болд-Эрдэнэ, Н.Ялалт, Г.Эрдэнэбилэг, Д.Навчаа, А.Мөнхзул гээд олон жүжигчин төрж, телевизид ажиллаж байгаа хүмүүсээ оруулбал бараг 70 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна даа.

Өөрийн тань тоглодог намайг Амараа гэдэг реклам хэдэн ч удаагийн сонгуулийг тахалж байна даа. Дахиад ирэх сонгуулийн үеэр хэрэглэгдэх болбол та оролцох уу?

-Энэ бол АПУ-гийн Соёмбо архины сурталчилгаанд зориулж “Херо”-гийн Б.Баатарын хийсэн реклам л даа. Одоо эднийх телевизийн хамгийн сайн контент, рекламыг үйлдвэрлэж байгаа газар. Энэ рекламыг 2007 онд хийсэн санагдаж байна. Харин сүүлдээ сонгуулийн үеэр ашиглагдах болсон. Хэдийгээр Амараа гэдэг хүн хэлж байгаа ч бүхий л монгол залуусын сэтгэлдээ тээдэг бодол санаатай нийлдэг учраас хүмүүсийн сэтгэлд хүрсэн хэвээр, үргэлжилсээр байдаг болов уу. Миний хувьд хүмүүсийн төлөө хаана хэрэгтэй гэнэ, би тэнд уушгиныхаа судсыг тасартал дуугарна. Би ер нь элдэв шоу цэнгээнт нэвтрүүлэгт оролцоод байдаггүй, сонин сэтгүүлд ч тэр болгон яриа өгөөд байдаггүй. Харин хүмүүсийн сайн сайхны төлөө бол хэзээд туслахад бэлэн байдаг. Хэн нэгэн хүн өөрөө байгаагаараа хүмүүсийг гийгүүлэх гээд байгаа ч юм шиг авирлахад би дургүй.

Одоогоос олон жилийн өмнө өөрөө эгчийнхээ хамт манай сонины нийтлэлийн мөрөөр зүрхнийх нь багажийн хугацаа дууссан ч солиулах мөнгө байхгүй байгаа эмээд тусалж, амь насыг нь аварч байсан. Сүүлийн үед олон хүнийг эгнээндээ татаж оруулаад байгаа “Өгөх өдөр”-ийг өөрийн чинь эгч Б.Баярсайхан санаачилсан байх аа?

-Тэр үед би өөрийг чинь таньдаггүй байлаа шүү дээ. Дөнгөж Ирландаас ирээд удаагүй байхад “Нот бичдэг эмээд зүрх хайрлая” гэж “Өдрийн сонин” дээр гарсан таны нийтлэлийг олж уншсан. Тэгээд эгч бид хоёр принтер машин гараагүй байх үеэс л Дуурийн ягаан байшинд ажиллаж дөч, тавин жилээр симфони найрал хөгжмийнхний нотыг гараар бичиж ирсэн тэр эмээд туслахаар шийдсэн. Тантай холбогдож, утсыг нь олж аваад энд тэндхийн хүмүүсээс гуйж олсон мөнгөө атгаад, “Хурд” хамтлагийнхан, Драмын театрын жүжигчдийг оролцуулаад нэвтрүүлэг хийж байлаа. Амьхандаа мөнгө өгсөн газруудаа сурталчлах үүднээс олны танил хүмүүсийг оролцуулж нэвтрүүлэг хийсэн хэрэг шүү дээ. Тэгээд эгчийн зүрхэнд суулгах төмөр багажийн төлбөр болох 1000 ам.долларыг өгч байсан.Гэхдээ энэ бүхнийг дөвийлгөөд байхыг хүсдэггүй. Миний эгч Б.Баярсайхан “Өгөх өдөр”-ийг санаачилсан нь хүрээгээ улам бүр нэмж байна. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нд болдог энэ өдөр үндэсний хэмжээний өдөр болж хэвшиж байгаад баяртай байдаг.

Норжмаа эмээд тусал­сан мөнгөө та нар ялсан багийнхан өгч байгаагаар нэвтрүүлгээ хийж байсныг санаж байна. Ер нь бусдад өгч буйгаа, тусалж байгаагаа далдхан байлгах дуртай юм уу?

-Хүнд тусалж байгаагаа дөвийлгөх тийм ч таатай бус. Эгчийнхээ санаачилсан “Өгөх өдөр”-ийн хүрээнд ямар нэг байдлаар заавал хүмүүст хэрэгтэй зүйл хийхийг хичээдэг. Бусдад хэлэхдээ бус сэтгэлдээ дүүрэн байх ямар сайхан байдаг гээч. 2012 оны өгөх өдрөөр байх аа, “Бодлын хулгайч” киноныхоо эхний долоо хоногийн орлогоор 25 дугаар тусгай сургуулийн хүүхдүүдэд автобус авч өгсөн юм. Одоог хүртэл хүүхдүүд тэр автобусандаа суугаад явж байгааг харахад сайхан байдаг юм. Охины мааньсургууль 25 дугаар сургуулийн хажууханд л даа. Нэг удаа охиноо хүргэж өгөөд явж байтал өнөө автобус маань зогсч байна. Сэтгэлд нэг тийм бүлээхэн, сайхан санагдаад тэсэлгүй охиндоо онгирчихлоо. Үнэндээ энэ автобусанд миний охин шиг олон бяцхан амьтас даарахгүй явж, над шиг аав ээж нь болсон хүмүүс сэтгэл амар байгаа гэж бодохоор уран бүтээлч болж төрсөндөө баярламаар, бахархмаар санагдсан. Тэгсэн охин маань “Яагаад” гэж асууж байна. “Энэ хүүхдүүд холоос явдаг учраас ийм автобус хэрэгтэй байдаг юм” гэж тайлбарласан. Гэтэл дараа нь өөр нэг сургуулийн дэргэдүүр явж байсан чинь охин маань “Одоо энэ сургуулийн хүүхдүүдэд автобус авч өгөөрэй” гэж хэлсэн. Би дотроо “Тийм ээ. Авч өгөх юм шүү” гэж бодсон. Чадал байвал аваад өгнө л гэж бодож байгаа.

Сая “Марко Поло” киноны үеэр олон сайхан найзуудтай боллоо. Тэдэнтэйгээ яриад сууж байхад бид яаж алдартай болох вэ, яаж мундаг жүжигчин болох вэ гэж огт яриагүй. Харин эхлээд яаж хүн болох тухай ярьж суулаа. Эрэгтэй жүжигчид хэрхэн эр хүн байх тухай, жинхэнэ найз нөхөр байх тухай ярьж байна. Бид эхлээд хүн байж дараа нь жүжигчин болох тухай санал сольцгоож байлаа. Ер нь жүжигчид өөрийнхөө бүтээлээс амьдрал дээр хэн бэ гэдэг нь ч шууд харагдаж л байдаг. Тухайн хүний мөн чанар уран бүтээлд нь тусгагддаг.

Уран бүтээлч хүн бүтээлээс бүтээлд өсч байдаг. Туршлага бага байх үедээ бүтээсэн дүрүүдээсээ эргээд харахад ичих зүйл байдаг уу?

-Жүжигчний ажлыг туршлагаар хийдэггүй гэдэг. Жүжигчин тухайн цаг хугацаанд сэтгэл хөдлөлөөрөө амьдарч чадах тухай ярихаас туршлагаар дүр бүтээх тухай ярьдаггүй. Туршлагын хувьд энэ гэрэл дээр ингэх, энэ найруулагчтай тэгж ажиллавал, үгээ ингэж хэлбэл гэдэг дээр хэрэг болохоос туршлагаар тоглоно гэж байхгүй. Харин үнэн тоглох л чухал. Миний багш Сугар надад “Сайн тоглоё гэж бүү бод. Үнэн амьдаръя л гэж бодоорой” гэж хэлж байсныг үргэлж санаж явдаг.

Жүжигчин хүний хувьд тайзны уран бүтээлд тоглох, театрт харьяалагдах амбиц явж байдаг. Өөрөө бол дэлгэцийн уран бүтээлд хүч үзсээр ирсэн. Тайзнаа бүтээх сэн гэж хүсдэг дүр бий юу?

-Дэлгэц, тайзны бүтээлийн хооронд ялгаа их бий. Киног ойрын зайн, жүжгийг холын зайн гүйлт ч гэдэг. Кинонд мотор гэх дуунаар амьдарч, стоп гэнгүүт зогсч, дараагийн хэсэгтээ шилжиж байдаг. Харин драмын жүжиг бол бүтэн хоёр цаг яг тэр дүрээрээ үзэгчдийн өмнө амьдардаг. Тэс өөр ажиллагаа, техник. Би үнэндээ дипломын жүжгээсээ өөр жүжигт тоглож үзээгүй. Тайзны бүтээл заавал хийнэ гэж боддог. Надад санал ирдэг ч өдийг болтол барьж аваагүй явсаар ирлээ. Өнөөдөр тайзны урлагт ангийн маань андууд болох С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг хоёрыг гүйцэх уран бүтээлчид гарч ирээгүй л байна.

Таныг шударгуу, хэлэх үгээ хэнээс ч эмээхгүй хэлчихдэг гэдэг. Олны танил хүн үүнээсээ болж буруутах үе бий юу?

-Бий. Би энэ зангаа мэдээд байдаг ч өөрөөсөө өөрөөр байж чадахгүй юм. Найз нөхөд, гэр бүлийнхэн, хамтрагчид маань миний энэ занг шүүмжилдэг. Энэ магадгүй миний хамгийн эмзэг сэдэв ч байх. Үнэндээ ч би олон дүр бүтээдэг хүн. Ядаж өөрөөрөө байх цаг хугацаандаа өөртөө үнэнч байх нь зөв ч юм уу. Эцэг, эхийн минь суулгасан хүмүүжил бол хэн нэгнийг харж өөрчлөгдөхгүй байх зан. Уг нь тэвчиж өнгөрүүлэх зүйл дээрээ тэвчиж өнгөрүүлэх ёстой л байх. Гэхдээ би өөрөөр байж чадахгүй байгаа юм. Би хэлье гэснээ шууд хэлчихдэгээс биш хар буруу санаад байдаггүй. Хийх ёстой ажлаа тултал нь хийчихдэг шигээ бусдаас шаардаад байдаг гэм бий. Ер нь ийм хуурамч нийгэмд тэнэг ч гэсэн нэг хүн өөрөөрөө байгаад, үнэнийг хэлээд явж байх нь дээр биш гэж үү. Хэн хэндээ амар биш юм уу.

Гадны зах зээлд хөл тавьсан хүний хувьд дараа дараагийн санал яригдаж байна уу?

-Яригдсаан. Би энэ кинонд явснаар олон сайн нөхөд, хамтрагч, түнштэй боллоо. Миний зорилго тодорхой. Монголын киногоо дэлхийн түвшинд хүргэхийг хүснэ. Тэгэхээр тэр мөрөөдлөө биелүүлэхийн тулд бага багаар ч болов урагшлах болно. Сүүлийн үед аль нэг улсын кино урлагийг дангаар нь зүтгүүлээд босгож ирэхэд амаргүй болохоор өөр улсуудтай хамтруулж, техник технологийг нь нэгтгэж, ко-продакшн хэлбэрээр босгодог мэргэшсэн багууд ажиллах болсон. Тэд надаас Монголын байдлыг ихэд сонирхож, хамтрах боломжуудыг асууж байсан. Удахгүй олон зүйл тодорхой болох байх аа.

Ярилцсан

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Сэвжидийн Сүхбаатар: “Жалам хар”-аар гран при аваад ирэхэд аав минь духан дээр үнсэж билээ DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……………..

Дэлхийн бүжигчдийн өдөр өчигдөр тохиолоо. Энэ өдөр төрийн шагналт бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар шавь нарын хамт “Жааз ба модерн” бүжгийн концерт Улсын филармонийн тайзнаа найруулан тавьж үзэгчдэд хүргэв.


Дэлхийн бүжигчдийн өдрийн хүрээнд та орчин үеийн бүжгийн концертыг найруулан тавьж үзэгчдэд хүргэж байна. “Жааз ба модерн” бүжгийн тоглолтын гол концепц нь юу байна вэ?

-Хүн төрөлхтний өөрс­дийнх нь амьдрал, мөнхийн хөдөлгөөнийг бүжгийн хэл илэрхийлдэг учраас Дэл­хийн бүжигчдийн өдөр гэж бий болгож тэмдэглэх болсон болов уу гэж би ойлго­дог. Монголчууд бид хүн төрөлхтний мөнхийн хөдөлгөөн дээр түшиглэсэн бий биелгээ, уламжлалт бүжгийн дэгийг бүтээж энэ хорин нэгдүгээр зууныг хүртэл удамшуулан үргэлжлүүлж ирсэн ард түмэн. Монголд бид энэ өдрийг тэмдэглээд арваад жил болж байна. Өнөөдөр миний шавь нар өсөж дэвжээд бүжгийн багш, бүжиг дэглээч, найруулагч концертын найруулагч болтлоо өөрсдийгөө хөгжүүлж иржээ. Эд нар маань өнөөдөр жааз модерн гэдэг орчин үеийн бүжгийн нэг урсгалыг хөгжүүлж явна. Энэ тоглолтыг санаачлан хийж байгаа уран бүтээлч бол ҮДБЭЧ-ын Ерөнхий бүжиг дэглээч Хашхүү. Хашхүү хэдхэн жилийн өмнө ОХУ-ын Театр урлагийн дээд сургуулийг найруулагч-бүжиг дэглээчээр төгсч ирсэн. Түүнтэй хамтарч ХБК-ийн бүжгийн багш Цэцгээ, Энхбаатар гээд бүжиг дэглээч ийм авьяаслаг залуучууд энэ уран бүтээлийг хамтарч хийе гэсэн санал дэвшүүлээд бид хамтдаа дэглэлээ. Энэ бүтээлийг хийснээрээ ардын жүжигчин, төрийн шагналт, зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит бү­жиг­­­чид зөвхөн ардынхаа бүжгийг бүжиглэх төдийгүй дэлхийн үндэстэн бүхний ардын уламж­лалт бүжгийг дэглэх, бүжиглэх авьяас чадалтай уран бүтээлчид гэд­гээ харуулж байна. Уламж­лалт монгол болон дэлхийн бусад үндэстнүүдийн өөрийнх нь өвөрмөц ардын урлагаас орчин үеийн урлагт шилжсэн тэр урсгалыг өнөө­дөр хөгжүүлж, дэглэж, бүжиглэж Дэлхийн бүжигчдийн өдөрт Монголын бүжигчид мэнд­чилгээ дэвшүүлж байгаа нэгэн өвөрмөц тоглолт болж байна.

Дэлхийн бүжигчийн энэ өдөр ардын бүжгийг мэргэжлийн бүжиг болгож дэглэн найруулсан монгол бүжгийн загалмайлсан эцэг Сэвжид гуайг дурсахгүй өнгөрөх аргагүй. “Сэвжид” сангийн сүүлийн үеийн сонин сайхнаас та хуваал­цахгүй юу?

-“Сэвжид” санг Амармандах гэдэг хүү маань удирдаж ажиллуулдаг. Бид бол гишүүд нь гэх юм уу даа. Сэвжид багшийнхаа уламжлал болсон хүүхдийн гоцлол, цөөхүүл бүжигчдийн уралдааныг хоёр жил тутамд Дорноговь аймгийн ЗДТГ-тай хамтран хийдэг. Энэ жил мөн Дорноговь аймагтайгаа хамтарч 12 дахь удаагаа уралдааныг зохион байгууллаа. Үүнд 21 аймгаас авьяаслаг хүүхдүүд ирж оролцохоос гадна нутаг нутгийнхаа өвөрмөц зан заншлыг харуулсан, хүүхдийн сэдэвтэй, байгалийн сэдэвтэй өөрсдийн дэглэн зохиомжилсон бүжгүүдээрээ оролцсон. Мөн Сэвжид багшийн нэрэмжит мэргэж­лийн гоцлол болон хамтлаг бүжигчдийн уралдаан бол­дог. Энэ уралдаан өнөө жил болох байсан ч хойшлогдлоо. Энэ жил аавын минь мэн­дэлсний 99 жилийн ой тохиож байгаа юм. Үүнд шавь нар маань өнөөдрийн энэ тоглол­тоороо бас бэлэг барьж байгаа юм. Ирэх намар бид Сэвжид багшийнхаа концертыг сэргээж тоглоно.

Таны уламжлалт сонгодог дэгийг үзэгчид сайн мэднэ. Энэ удаа та модерн бүжгийн тавилтыг дэвшүүлэхдээ юуг онцолж байна вэ?

-Модерн гэдгийг гүн бодол сэтгэхүйн урлаг талаас нь харах хэрэгтэй. Бид ардын уламжлалт үндэсний бүжгэн жүжгүүд дээрээ, бас зарим бүжигтээ модерн хэлбэрийг аль хэдийнэ хийчихсэн байдаг юм. Үүнийг манайхан сайн анзаарч мэддэггүй. Тэгээд модерн гэдэг үгээ хөөгөөд байдаг. Ардын уламжлалт заншлаа агуулсан бүжигтээ суурилж, хөдөлгөөнөө баяжуулж орчин үед хурдыг нь, үймээнийг нь тусган харуулж байна. Ер нь үндэс­ний уламжлал дээрээ модерн, сэтгэхүйн бүжгийн урсгал нь хөгжиж байгаа юм шүү дээ. Сэтгэхүйн гүн бодлыг өгүүлэхийн зэрэгцээ, жааз стилийн өөрийнх нь уян зөөлөн аясыг хадгалсан, тэр бүжгээр чухам юу өгүүлж байгааг үзэгч давхар өөрөө боддог, хүний сэтгэхүйг хөгжүүлэх гэсэн ийм л бүтээл хийлээ л дээ.

Их бүжиг дэглээчийн мэндэлсний 99 жилийн ой энэ жил, 100 жилийн ой дараа онд тохиож байгаа юм байна. “Адуучин залуус”, “Саальчин”, “Жалам хар” гэхчлэн Монголын урлагийн брэнд болсон олон арван бүтээлүүдийг нь өнөөдөр залуучууд хэр бүжиглэж байна вэ?

-Их эгзэгтэй бөгөөд эгдүүтэй асуулт байна. Бид өмнө нь Хүннүгийн үе, эзэн Чингэсийн үе гэж ярих эрхгүй үе байлаа шүү дээ. Одоо ярьж болдог болчихсон байна. Энэ үеийн тухай аав маань бүжиг дэглэж болдоггүй байлаа. Гэтэл миний үед болдоггүй ч гэсэн Хүннүгийн үе, эзэн Чингэс хааны үе, бурхан шашны сэдэвтэй бүжгийг дэглэж эхэлсэн. Үүгээрээ би өөрийнхөө онцлогийг бий болгосон. Дараа нь би шавь нараа өөрсдийнхөө хүч, үзэл бодлоор бүжгээ дэглэж найруулах үзлээр хүмүүжүүлсэн. Гэтэл энд нэгэн зүйлийг мартаж байна. Түүхээ эргэж харж байх, мартаж болохгүй гэдгийг социа­лизмын үед мартуулсан. Өнөө­­­дөр капитализмын үед бас мартуулах гэж бай­­на. Энэ бүхэн хүний чанар­­тай холбоотой болж. Алтан үеийнхний дэглэсэн бүжгүүдийг, жишээ нь тэр “Саальчинг”, “Адуучин залуус”-ыг хэзээ ч мартаж болохгүй. Ямар ч зуунд саальчин бүсгүйчүүд байсаар байна. Хүн төрөлхтөн сүүгээ уугаад байж байна. “Ээрүүлт” гэж бүжиг байна. Ээрүүлээ ээрээд ноосоо гаргаад хэзээд бид ноолуураа өмсөөд л амьдарна. Адуучин мөнхийн мөнхөд байж л байна. Ямар ч эрин үед тэр адуучин залуугийн хүч хөдөлмөр, бүсгүйчүүдийнх нь исгэсэн айраг, тараг цэгээг бид уугаад л сууж байна. Гэтэл тэр уламжлалт бүжгүүдийг өнөөдөр мартуулж байна. Үндэсний дуу бүж­гийн эрдмийн чуулгад энэ бүжгүүдийг тоглуулахаа болиод удаж байна. Хааяа хааяа аргагүйн эрхэнд ганц хоёр удаа тоглолтдоо оруулж байна. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга сүүлийн дөрвөн жилийн хугацаанд зөвхөн 2-3-хан бүжгийг хүнд таниулах гэж албан хүчээр бий болгож тоглуулж байна. Энэ бол маш их гуниг. Сүхбаатарыг болиг.

Та ч өөр хэн ч насаараа бүжиглэхгүй нь мэдээж шүү дээ?

-Сүхбаатарын дэглэсэн бүжгийг бүжиглүүлэхгүй байж болно оо. Сүхбаатарт атаархсан бол энэ асуудал биш. Энэ агуу гүн ухааны, алтан үеийнхний дэглэсэн бүжгүүдийг тоглохыг болиулна гэдэг нь цаанаа нэгэн атаархал жөтөөрхөл, авьяасгүй хүмүүсийн санаар­хал явж байна гэж би ойлгож байгаа юм. Энийг би шууд хэлж байна.

Ардын бүжгийг мэргэж­лийн болгож театрт оруулж ирсэн тэр хэдэн бүжиггүйгээр ҮДБЭЧ өөр ямар өв соёл ярих юм бэ. Тэгээд ч ердөө нэг чуулгын биш үндэстний өв. Өв соёлоосоо сорчлон хаячихаад цоо шинэ юм хийлээ гэхэд хэр хол явах гэж?

-Өнөөдөр манайхан агуу Нацагдаржоо ярихаар дургүйцэж байна. Тэгсэн мөртлөө Английн Шекспирийг шүтээд, Шекспирийн зохиолыг бид дэглэж найруулж байна гэж ярьж байна. Агуу Нацагдоржийг Шекспиртэй зүйрлэж зөвхөн нэг жишээ татаж байна л даа, би. Яагаад монгол хүн монгол хүндээ атаархаад байдаг болчихов оо. Нэгэндээ дэндүү атаархдаг. Нэгэнт бүтээчихсэн өвийг алдарсан хойно нь дахиж бүтээх боломжгүй. Монголын урлагийн хөгжлийн бодлого зөв явж байна уу, буруу явж байна уу гэдэг асуудал өнөөдөр маш эгзэгтэй байгаа. Та Сэвжид гэж асуусан учраас аав минь тэр үеийн бүжиг дэглээчдийн нэгэн төлөөлөл учраас тэр хүнээр төлөөлж би ярилаа. Мөн бусад бүжиг дэглээчдийн бүжгүүд, хөгжмийн зохиолчдын хөгжмүүд, яруу найрагчдын зохиолууд үлдэх ёстой. Энэ бүгдийг үгүй хийнэ гэдэг бол монгол угсаатан мөнхөд үлдэх, уламжлалаа мэдэх, дэлхийд таниулах жинхэнэ өв соёлоо үгүй хийж байна гэсэн үг. Тэр бүжгүүдтэй хамт үндэстэн ястныхаа хувцасны гайхамшигт соёлыг алдаж эхэлж байна. Өнөөдөр бид модерн бүтээл хийж байна. Энэ чинь зөвхөн орчин үеийн урсгал. Тэгвэл жишээ нь, халх бүжгийн хувцсыг европ хувцасны элементүүдтэй холиод нүцгэлээд гараад ирвэл ямар харагдах вэ. Баяд бүжгийн дээл цэгдэгийг оростой хольчихвол ямар соёл үлдэх вэ. Энэ уламжлалт зан заншлынхаа агуу үнэт зүйлсийг муу муухай байна, хоцрогдсон байна гэж голдог, хойш тавьж авдранд нь ялзруулдаг ийм л үе эхлэх гээд байна уу гэж би харж эмзэглэж байна. “Монголын мэндчилгээ” гэж бүжиг байдаг. “Хадагтай мэндчилгээ”, “Цацал” гэж Сэвжид багшийн дэглэсэн бүжгүүд байдаг. “Цацал” гэдэг бүжгийг Лувсаншарав гуайн хөгжмөөр, Үржнээ гэдэг агуу зураачийн эскизээр, “Хадагтай мэндчилгээ”-г Чойдог гуайн хөгжмөөр, Доржпалам гуайн эскизээр бий болгочихсон, уламжлал болоод үлдчихсэн. Гэтэл энэ бүжгүүдийн хувцсыг сольж өөр хувцас өмсгөөд арай жаахан өөрчлөнгүүтээ зохиогчийг нь солиод тавьчихсан явж байна.

Хэрэв тийм бол урлагт байж болшгүй, ёс зүйгүй явдал монгол бүжгийн ертөнцөд байгаа юм байна. Урлагийг хүн төрөлхтөн ариун гэгээн гэж үзэж, театрыг ариун сүм гэж үзсэн хэвээрээ байна?

-Зохиогчийн эрхийг эвдсэн ийм юмыг хэн хэлэх ёстой вэ. Судлаач шүүмжлэгч нар хэлж байх ёстой. Тэд нар нь манайд алга. Гэтэл Орос, Хятад уламжлалаа ямар гайхамшигтай авч үлдэж байна вэ. “Багт бүжиг” гэж байдаг. Цамын бүжиг. Энэ бүжгийг би олон удаа дэглэж найруулсан. Гэхдээ би хэзээ ч Сүхбаатарын дэглэсэн цамын бүжиг хэлж байгаагүй бөгөөд хэлдэггүй. Тухайн үед нэр нь үл мэдэгдэх бүжиг дэглээч дэглээд үлдээсэн байна шүү дээ. Одоо цамыг би дэглэсэн гэх үү. Би бол хэзээ ч тэгэхгүй. Ийм ёс зүйн хэм хэмжээ уламжлал ч алдагдаад эхэллээ. Эцэст нь хэлэхэд, уламжлалыг авч үлдэх, тэр дэг жаягийг авч үлдэх сэтгэгчдийг манай улс бэлдэхгүй байна. Тийм шүүмжлэгч сэтгэгчид өнөөдөр алга. Хүн “зөвхөн би өөрөө л болж байвал” гэдэг асуудалд өнөөдөр хэтэрхий их төвлөрөөд байна. Хүн өөрөө өөрийгөө гэх зах зээлийн хандлага тодорхой хэмжээнд байх ёстой. Гэхдээ буруугаар халдварлавал монгол үндэс­тэнд нөлөө муугаар тусна. Монгол бол цагаачдын орон биш шүү дээ. Өөрийн гэсэн түүх, уламжлалаа авч үлдэх гэж олон мянган жил тэмцэлдэхдээ тэм­цэж өнөөдрийн энх амгалан амьдралд хүрсэн улс үндэстэн.

Монголын хөгжмийн зохиолчдын бичсэн үндэс­ний бүжгийн хөгжмүүд үнэн­дээ гайхамшигтай. Та бүжиглэж байхдаа тэдгээ­рээс хэний хөгжимд илүү дуртай байв?

-Анх би Хөгжим бүжгийн дунд сургуульд очоод Г.Долгорсүрэн гэдэг багшийн гар дээр монгол бүжгийн анхны “а” үсгийг заалгасан юм. Тэнд Дамдин гэдэг багшаар “Хултай биелгээ” гэдэг бүжгийг заалгаж байв. Дараа нь би агуу “Жалам хар” гэдэг бүжгийг заалгаж бүжиглэсэн. Ёстой л түүгээр би морин дээрээ мордож дэлхийгээр аялсан. “Жалам хар” гэдэг бүжгийг бүжиглэснээр аав минь намайг хөлийг минь дөрөөнд хүргэж өгч, ээж минь дөрөөг минь сүүгээр мялаасан.

-“Жалам хар”-ыг танд хэн заасан бэ?

-Сандагдорж, Лхамжав гэж багш нар маань заасан юм.

Зохиогч нь таны аав. Тэр бүжгийг бүжиглэхэд аав тань хэрхэн үнэлсэн бэ. Хөгжмийг нь зохиосон Э.Чойдог гуай ч юм уу?

-Анх намайг энэ бүжгийг бүжиглэхэд аав мэдээгүй л дээ. Хөгжим бүжгийн сургуульд байхдаа анх бүжиглэсэн юм. Чуулгад ирээд бүжиглэж байтал Анастасия Ивановна Цэдэнбал Филатова гуай тоглолт дээр харж л дээ. Тэгээд энэ бүлтгэр нүдтэй залууг голд нь бүжиглүүлбэл зүгээр юм биш үү гэж санал хэлсэн юм байна лээ. Тэгээд дөрвөн хүн бүжиглэдэг бүжгийг гурван хүн бүжиглэдэг болгоод голд нь намайг бүжиглүүлсэн юм. Дөрвөн хүн бүжиглэдэг анхных нь эскизийг ардын зураач Доржпалам гуай хийсэн байдаг юм. Дараа нь гурван хүн болгоход голынх нь цагаан морийг би бүжиглэдэг болж, эскизийг нь ардын зураач Ядамсүрэнгийн Үржнээ хийсэн юм. Миний хоёр талд ахмад бүжигчин Сандагдорж багш, Лхамжав багш хоёр маань хоёр жигүүр болж бүжиглэж байлаа. Дараа нь 1973 онд Дэлхийн залуучууд оюутны аравдугаар их наадам Германы Берлин хотод болоход би Хөгжим бүжгийн дунд сургууль төгссөн, одоогийн гавьяат жүжигчин Зоригоо, бас нэг бүжигчинтэй гурвуулаа оролцож “Жалам хар”-аар гран при шагналыг нь авчирч байсан. Тэгж дэлхийн шүүгч нарт үнэлүүлж медалийг нь зүүж ирэхэд аав минь намайг үнсэж хүлээж авсан юм. Тэгэхэд нь би аав минь одоо л намайг үнэлж байна даа гэж бодож байв. Өмнө нь үнэлж байлаа ч хэлэхгүй, аргагүй дэлхий үнэлээд ирэхэд нь духан дээр минь үнсэж, зохиосон бүжиг хийсэн бүтээлдээ баярлаж, хүү нь тэр үнэлэгээг аваад ирсэнд нь аавын минь сэтгэл баяссан байх аа. Би өөрөө ч их баярлаж, сэтгэлд үлдсэн тохиол тэр юм.

-“Жалам хар”-ыг хэдэн онд зохиосон юм бэ?

-1969 онд зохиосон бүжиг.

Н.ПАГМА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ж.Шараа: Зангад маань “Хар ус нуур”-ыг ёстой л сэтгэлдээ сэтгэж, хүнд харагдахаар агуу сайхан дуулсан даа DNN.mn

Өдрийн сонины архиваас…………….

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Жамбалын Шараатай ярилцлаа.


-Алдарт “Хар ус нуурын шагшуурга” дуунаас тань яриагаа эхэлье дээ. Таны “Хар ус нуурын шагшуурга” бол ардын дуу шиг мөнхийн бүтээл. Давтагдашгүй чанар нь эгшиглэгээний дотоод гоо зүйдээ байна уу?

-Би анх “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ” дуугаа 1962 онд бичсэн юм шүү дээ. Намайг хөгжим бүжгийн сургуульд хийлийн багшаар ажиллаж байхад Зангад Ховдын театрт нэг жил ажиллаад ирсэн юм. Зангад бид хоёр 35, 36 гэсэн тоот зэргэлдээ өрөөнд суудаг байлаа. Хоёулаа хорин хэдтэй залуучууд, ерөөсөө л юм хийхийн хүслэн байсан юм биз дээ. “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ” дуугаа биччихээд Зангадад өгсөн. Дараа нь “Чиний минь хайр” гэдэг дуугаа бичсэн, мөн л Зангад дуулсан. Гурав дахь дуу маань “Хар ус нуурын шагшуурга” юм л даа. Энэ дууг бичсэн түүх сонин шүү.

-Б.Явуухулан гуайн номоос шүлгийг нь авсан уу?

-Үгүй. Яруу найрагч Намжимын Очирбат нэг өдөр манай сургууль дээр гүйгээд ирлээ. Чи энэ шүлэгт ая хийгээдэхээч, миний багшийн шүлэг байгаа юм гээд үг барьчихсан ирлээ. Явуухулан гуайн  “Хар ус нуурын шагшуурга”  нэртэй шүлгийн түүвэр нь гарчихсан байсан юм байна. Тэндээс нь гараар хуулж бичээд надад авчирчээ. “Багш энийг дуу гэж бичээгүй. Гэхдээ ая хийж болох болов уу, үгүй болов уу” гэчихээд яваад өгсөн. Уншлаа. “Шагшуурга” гэдэг үгийг нь би мэдэхгүй.  Хар ус нуурыг нь ч үзээгүй. Гэсэн ч ая хийгээд жин тан болгочихоод Зангадад сонсголоо. Зангадаасаа шагшуурга гэж юу юм гэж асуусан ч үгүй. Тэгэхэд Явуухулан гуай Зохиолчдын хорооны Яруу найргийн секторын эрхлэгч байв. Залуу ч байж, их ч зоригтой байжээ, би. Жижүүрийн утсаар Явуухулан гуайтай холбогдлоо. “Таны шүлэгт би ая хийлээ. Та ирээд сонсохгүй юу” гэсэн. “Тэгье, тэгье. Би одоохон яваад очъё” гэж байна шүү, ээ, бурхан зүг минь ээ. Төдөлгүй л ороод ирлээ. Анх удаа Явуухулан гуайг харж байгаа минь тэр. Миний “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ”, “Чиний минь хайр” хоёр дууг сонсчихсон юм байна л даа. Дуугаа сонсголоо. “Сайхан дуу болжээ” гэж байна. Зориг ороод “Явуухулан гуай, энэ шагшуурга гэдэг чинь юу гэсэн үг вэ” гээд асуучихсан. “Чи хө, Шараа,  энэ Туулын голоор явсан уу” гэж асуудаг юм. Туулын шугуй ямар гоё найгаж байдаг билээ, би анх хотод орж ирээд биширч байснаа түрүүн хэлсэн. Явуухулан гуай Хар ус нуураа, шагшуурга гэдгээ нүдэнд харагдтал дүрсэлж тайлбарлаж өгөөд “Чи нэг ёсондоо Туулын бургасаа л бодчих” гэсэн дээ. Илүү гоё төсөөллийг өгсөн байхгүй юу. Тэгмэгц “Нэг, хоёр, гурав, нэг хоёр” гэсэн солигдмол хэмнэлийг эхнээс нь төгсгөл хүртэл хэрэглэсэн. Энэ нь ч үр дүнгээ өгсөн. 1964 онд Хөгжмийн зохиолчдын анхдугаар их хурлын илтгэлд орсон л доо. “Хар ус нуурын шагшуурга” бол Монголын орчин үеийн дуунд шинэчлэл хийсэн бүтээл” гэж тэр илтгэлд онцолжээ. Яагаад гэвэл, солигдмол хэмнэлийг анх удаа оруулж ирсэн байх нь. Тэр хэмнэл, тэр үгэндээ л хүний сэтгэлд хүрэх учир нь байгаа байхгүй юу. Үгийг нь уншиж байхад надад “Хотон шувуудаа явчихаар

Зүүн гараас Шараа, Н.Очирбат, Явуухулан, Ш.Цогт, Б.Зангад, Дарьсүрэн зохиолч Ш.Шагдар

Хатан Хар ус уйдаа юу” гэсэн хоёр мөр их сайхан санагдсан. Энэ бол хүн байгалийг холбосон гүн ухааны үг. Сэтгэл их хөдөлгөсөн л дөө. Явуухулан гуай хажууд суугаад өөрөө ярьж өгсөн болохоор би тэр дор нь хэмнэлээ өөрчилж засварласан юм. Зангад маань өөрөө Ховд нутгийн хүн. Хар ус нуураа мэддэг учраас ёстой л сэтгэлдээ сэтгэж, хүнд харагдахаар агуу сайхан дуулсан даа. Тэгээд болоогүй ээ. Зангад бид хоёр 1964 онд хөгжмийн зохиолчдын анхдугаар их хуралд оролцов оо. Хоёулаа их хурлын төлөөлөгчөөр сонгогдлоо. “Хар ус нуурын шагшуурга”-тай хамт “Чиний минь хайр”, “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ”, “Миний ээж” гэсэн гурван  дуу маань илтгэлд сайшаагдаад орчихсон. Нөгөө их хурлын төлөөлөгчид чинь “Улаанбаатар” ресторанд хүлээн авалт хийв ээ. Зангад бид хоёр залуухан хоёр, үүд хавиар л байв.  Зохиолч Бямбын Ренчин гуай, Цэндийн Дамдинсүрэн гуай, Бэгзийн Явуухулан гуай гэсэн томчууд хоймроор яриа хөөрөө дэлгэсэн шиг байцгаана. Тэгж байтал Явуухулан гуай хундагатайгаа барьчихсан ирж явна аа. Ирээд “Хар ус нуурын шагшуурга” бол дахин давтагдашгүй бүтээл. Үүний төлөө хундага өргөе. Та хоёрын цаашдын бүтээлд амжилт хүсч байна аа” гэв ээ. Сүүлд бодох нь ээ, энэ бол хаанаас ч хэзээ ч олдохгүй өндөр шагнал байсан байна.

-Бага насныхаа дурсамжаас сонирхуулахгүй юу?

-Би Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул хүн дээ. Жаахан шаргын нутаг шүү дээ. Аав ээжийнхээ есөн хүүхдийн хамгийн бага нь. 1948 онд аравтайдаа Асгат сумынхаа бага сургуульд орсон. Манай ангийн багш Шагдарсүрэн гэдэг сайхан эмэгтэй Халзан сумын долдугаар ангийг төгсөөд ирсэн байлаа. Тэр үеийн долдугаар анги төгссөн хүн гэдэг чинь одоогийн их дээд сургууль төгссөн хүнтэй л адил байлаа л даа. Бадарчийн Сүхбаатар гэж мөн л Халзан сумын долдугаар ангийг төгсөөд ирсэн ийм хоёр сайхан багшаар бичиг ном заалгасан. 1952 онд сургуулиа онц төгслөө. Онц төгссөн гээд манай ангийн Шүхэрдорж, Цэнд-Арслан бид гуравт Офицерийн сургуулийн хуваарь өгөв өө. Зун нь эгч минь намайг шуудангийн машинд суулгаад хот руу үдэж өглөө. Гурав дахь эгч Дарьсүрэн маань Улаанбаатар хотод амьдардаг байв. Шуудангийн машин ховор байсан. Намайг хотод авчирсан Цээсүрэн гэдэг жолоочийг би одоо ч санадаг юм. Тэр хүн Сүхбаатар аймгаас өглөө гараад орой нар жаргаж байхад Улаанбаатар хотод 22-ын товчоон дээр ирж байсан даа. Би дөнгөж дөрөвдүгээр анги төгссөн, хот мэдэхгүй, аймгийн төвийг дөнгөж зам зуур дайраад ирж байгаа. 22-ын товчоо гэдэг  машин тэрэг гэж жигтэйхэн, нар жаргаад л их л гоё санагдаж байж билээ. Туул гол дээр сал урсаад л. Нөгөө алдартай Туулын шугуй гэдэг чинь зогсоо хүн харагдахгүй тийм гоё байсан юм. Анх удаа хотын зах харж байгаа хөдөөний жаал надад гайхалтай гоё сэтгэгдэл төрсөн дөө. Нөгөө жолооч намайг эгчийнд авчирч өгөхөд эгч танихгүй байж билээ. Хотод ирээд удаж байсан болохоор тэр л дээ. Нэлээн харж байснаа таньж, миний дүү байна шүү дээ гээд үнсч билээ. Эгч тэгэхэд нэгдүгээр эмнэлэгт ажиллаж байсан юм. Гэр нь Чойжин ламын сүмийн хажууд хашаанд ганц гэр, хойхнотоо нь нэг дан байшин байсан юм. Би нэг морин хууртай, нэг төмөр лимбэтэй хотод ирсэн. Сургуульд орохоосоо өмнө сонсголоороо морин хуур тоглож сурсан. Дараа нь сумын клубийн эрхлэгч Буд гэдэг хүн надад лимбэ зааж өгсөн юм. Эгч ажилдаа явахдаа хар цай чанаж, баахан гамбир хайрч тавьчихаад явна. Би гэрт нь ганцаараа, хот газар гэрээсээ гарч болохгүй гэсэн захиастай, морин хуур, лимбээ тоглоод үлдэнэ.

-Офицерийн сургуульдаа очиход ямар байв?

-Тэр сургуульд ороогүй. Манай хойд хашаанд цэргийн хувцастай хүмүүс ирээд, дуулж хуурдаад л байдаг байсан юм. Нэг өдөр эгч тэр айлд оржээ. Айлын хүн эгчээс намайг ямар сургуульд ирснийг асууж л дээ. Тэр үед дөрөвдүгээр анги төгссөн хүүхэд техникумд ордог байсан үе. Эгч Офицерийн сургуульд ирсэн л гэж.  Гэтэл нөгөө хүн “Миний бодлоор энэ хүүхэд урлагт их сонирхолтой хүүхэд шиг байна. Уран сайхны сургууль гэж байдаг юм. Тэнд сард 120 төгрөгийн цалинтай” гэжээ. Хожим мэдэх нь ээ тэр хүн эрхэм уран зохиолч Цэнд-Очир гуай байсан юм билээ. Тэгээд Цэнд-Очир гуай намайг дагуулаад явлаа.  Цэнд-Очир гуай Урлагийн хороонд ажиллаж байсан юм байна. Ажил дээрээ ирээд нэг боровтор царайтай хүнд намайг хөтлүүлээд Уран сайхны сургуульд шалгуулахаар явууллаа. Хуучин циркийн ар талд тэр сургууль байсан юм. Нэг хаалга онгойлгосонд цоохордуу царайтай хүн сууж байна. Уран сайхны сургуулийн захирал Түдэв гэдэг хүн байж. Намайг хөтөлж очсон хүнийг жигтэйхэн уриалгахан хүлээж аваад  “Манай дээр шалгалт авахгүй байгаа. Хөгжимт драматик театр дээр авч байгаа. Та тэнд очоод шалгуул” гэв. Нөгөө хүнтэйгээ хөтлөлцөөд Хөгжимт драматик театр дээр нь ирсэнд энд тэнд хөгжим дуугарсан хонь хурга нийлж байгаа юм шиг л шуугиан дунд ороод ирлээ. Нэг өрөөнд яваад ортол ёстой л лусын дагина шиг сайхан эмэгтэй байна аа.  “Лусын дагина гэдэг л ийм байдаг байх даа” гэж дотроо бодож зогслоо. Нөгөө лусын дагина чинь бид хоёрыг дагуулаад өөр нэг өрөө рүү орлоо. Өрөөний буланд их гоё гялтганасан хар авдар байна. Амьдралдаа ер үзээгүй, ямар гоё хар авдар вэ гэж бодоод л зогсч байлаа, би. Тэгж байтал нэг хүн өнөө хар авдарныхаа тагийг онгойлгосон чинь хар цагаан хоёр юм ярааж байна аа. Мандолинаас өөр юм мэдэхгүй хөдөөний хүүхэд амьдралдаа анх удаа харсан гайхсан юм л тэр байлаа. Миний сонсголыг шалгалаа. Дараа нь нөгөө лусын дагина шиг эмэгтэй нь гар хурууг минь үзээд, цээжийг минь хоёр тийш нь эргүүлж үзчихээд за боллоо, түр гадаа хүлээж бай гэв. Төд удалгүй дагуулж очсон хүн маань инээчихсэн гарч ирлээ. Тэнцчихжээ. Эргээд Урлагийн хороо руугаа явах замдаа нөгөө шалгасан гурван хүний тухай ярьж өглөө. Сүүлд мэдэхэд, алдарт морин хуурч Жамьян, удирдаач Ж.Чулуун, нөгөө лусын дагина шиг эмэгтэй нь удирдаач Ц.Намсрайжав гуайн гэргий Цэрэндолгор гэдэг хийлч байжээ. Тэгж тэр агуу хүмүүс хөгжмийн ертөнцөд алхах алтан шар замыг минь нээж өгсөн юм. 1955 он хүртэл Уран сайхны сургуульд сураад хойшоо Орос руу Мусоргскийн нэрэмжит Уралын Консерваторид хийлийн ангид явсан л даа.

-Тантай хамт хэн явж байв?

-Бэгз бид хоёр явсан юм. Тэр жил тэндээс Новиков гэдэг багш өвөл ирж дуулаачдыг шалгаруулж аваад, хийлийн хоёр хүүхэд авахад Отгонбаярын Бэгз бид хоёр тэнцээд, дуучдаас Пүрэвдорж гуай, Банди, Цэвэлсүрэн гуай,  Цэрэнсодном, Дарьсүрэн гээд Монголоос анхны оюутнууд дээд сургуульд сурахаар явсан. Биднийг очиход Урал хаалттай хот байсан. Гадаадын хүн ер хүлээж аваагүй байсан үе юм байна.

-Яагаад хаалттай байсан юм бол?

-Дайны үед бүх том том үйлдвэрүүдээ Уралд төвлөрүүлчихсэн учраас хаалттай хот байж л дээ. Галт тэргээр бараг арваад хоног явж байж Уралд хүрсэн юм даг. Энд тэнд очоод зогсчихно. Тэгж явсаар Свердловскт шөнө орой очсон юм. Бид хэдийг жигтэйхэн сайхан угтаж авлаа. Цагаан толгойтой өндөр хүн “Волга” машинтай зогсч байна. Бид хэл мэдэхгүй. Пүрэвдорж гуай “Энэ чинь Уралын Консерваторийн проректор байна гэж байна. Нөгөө том хүн чинь “За, та нар олон хоног явж ядарсан байх. “Урал” зочид буудалд байрлуулна аа. Манай оюутны байр засвартай байгаа” гэж байна шүү. Шөнө унтаж байтал халуураад, хамаг бие загатнаад, сэрье гэвч сэрж чаддаггүй, үхэх нь ээ. Тэндээс Пүрэвдорж гуай сэрж, гэрэл асааж харчихаад “Пээ, бясаанд эзэмдүүлээд үхлээ шүү дээ” гэдэг юм. Би тэр бясаагий нь мэдэхгүй. Орны цагаан даавуун дээр баахан улаан юмнууд гүйлдэж байх юм. Дайны дараа анх удаа гадаадын хүмүүс хүлээж авч байгаа учраас бидний орох байрыг  засварлаж байж л дээ. Өглөө нь босоод Банди маань чемоданаа таксинд мартаад буучихсанаа санадаг юм. Одоо ч өнгөрлөө гэж байтал нөгөө жолооч чемоданыг нь аваад ирсэн. Тэр үеийн хүмүүс ийм л сайхан байлаа. Тэгж хөглөж Свердловскт очоод зургаан жил сурсан.

-Арван долоотой, хэлийг нь мэдэхгүй газар ямархуу байв?

-Хэцүү ч гэсэн залуу хүүхэд учраас хэл сурахад бас ч гайгүй байсан. Гадаадынханд орос хэл заадаг мундаг сайхан багш байсан юм. Тэр хүн бол бидэндтэй маш их ажилласан. Ерөөсөө л эх хүн шиг чин сэтгэлээсээ ажилласан даа. Гуанзанд орно. Авдаг хоол нь котлет, хар талх, цай гурав. “Котлет, чёрный хлеб, чай” гэсэн гурван үг мэднэ. Тэрийгээ хэлээд авдаг, котлет талх идсээр байгаад жигтэйхэн мариалаад ирж билээ. Уралын консерваторид бид 60 рублийн цалинтай, дээрээс нь онц сурсны нэмэгдэл авдаг байлаа. Гадаадаас анх удаа оюутан очсон нь бидний монгол оюутнууд байв. Дараа нь Политехникийн дээд сургууль нь манайхаас оюутан авч, тэгж үргэлжилсэн түүхтэй л дээ.

-Аав ээжийнхээ тухай дурсахгүй юу?

-Хөдөөний л малчин хүмүүс байсан даа, миний ээж аав хоёр. Аав минь ан гөрөө хийдэг, тухайн үедээ хоршооныхоо төлөвлөгөөг биелүүлдэг хүн байсан. Ан хийхдээ бууддаггүй, дандаа хавхаар авладаг байсан.

-Анчид буу хэрэглэдэггүй байсан үе юм уу?

-Манай нутагт зарим хүмүүс цахиур буу хэрэглэдэг байсан. Аав, ээж минь үнэхээр ажилсаг хүмүүс байсныг би одоо хүртэл санадаг юм. Аав бэлтгэлийнхээ тарваганд явна. Намар орж ирнэ. Тарваганы махыг далбайтал хатаагаад, томоо цагаан хайрцганд дүүрэн давхарлаад ирдэг сэн. Тарваганыхаа тосыг шар тос болгоод яг есийн тос шиг болгочихно. Өвөл нь тэр тосоор нь шарвин хийнэ. Хатаасан тарваганы махаа иднэ. Дараагийн өвөл хүртэл бараг түүгээрээ хооллочихдог байсан сан.

-Та анхны зохиолоо хэдийд, ямар зохиол бичиж байв. Бодвол, Уралд бичээ байх, тийм үү. Хаана тоглуулж байв?

-“Монгол аялгуу” гэж хийл, төгөлдөр хуурын бүтээл байгаа юм. Дөрөвдүгээр курст байхдаа бичсэн. Манай багш Наум Абрамович Шварц гэж тэндээ их нэр хүндтэй профессор байв. Шалгалт болоход багш намайг тэр зохиолоо тогло гэдэг юм. Ж.Чулуун багшийн Ардын хоёр дууны найруулга, Билигийн Дамдинсүрэн гуайн “Хэнтийн өндөр ууланд”, мөн БНХАУ-ын хөгжмийн зохиолчийн нэг зохиолыг тоглосон л доо. Тэгээд сонгодгоос нэг зохиол тоглосон. Багш намайг өөрийнхөө зохиолыг хөтөлбөртөө оруулаад тогло гэсний дагуу би “Монгол ялгуу”-гаа тоглосон л доо. Шалгалтын дүн гарлаа, сайн авлаа. Тэр үед гурав авбал ер нь боллоо л гэж баярлана. Багш тэгэхэд надад их урам зориг өгсөн шүү. Шалгалтын дараа “За, би чиний зохиолыг авч тоглоё. Чи дараагийн хичээлд ирэхдээ клавериэ аваад ир” гэдэг юм. Би ч дотроо эргэлзэж байлаа. Багш намайг даапаалж байна даа. Ийм том профессор хүн миний зохиолыг тоглоно гэж юу байхав гэж л бодсон. Тэгээд клавериэ авч очсонгүй. Багш дараагийн хичээлд ирэхдээ “Хаана байна, нөгөө  клавер чинь” гэж байна аа. Уучлаарай, би мартчихаж л гэсэн. Тэгвэл дараагийн хичээл дээр аваад ирээрэй гэхээр нь сая л итгэж эхэллээ л дээ. Удаа ч үгүй, сар ч болоогүй байтал багш “За, би чиний зохиолыг тоглоод Свердловскийн радиод бичүүлчихсэн шүү. Маргааш радиогоор явна, чи сонсоорой” гэлээ. Тэнд нь доцент Багомаль гэж мундаг концертмейстртэй хамт багш тогложээ. Нөгөөдөхөө сонслоо. Тэр том профессорын тоглосон, миний тоглосон хоёр гэдэг чинь газар тэнгэр шиг л хол зөрүүтэй юм байхгүй юу. Багшдаа баярлалаа л гэсэн, өөр юу хэлэхэв дээ. Зун болж нутаг явах боллоо. Би ч зориг орчихсон, нөгөө бичлэгээ багшаар хуулуулж аваад ирсэн. Тэр бичлэг манай Радиогийн алтан фондод орсон юм. Тэр чинь 1961 он юм. “Монгол аялгуу” нэртэй хийл, төгөлдөр хуурын тэр бүтээлээрээ би хөгжмийн урлагт хөл тавьсан хүн дээ. Нийтийн дуугаар ороогүй. Төгсч ирээд би Хөгжим бүжгийн дунд сургуульд хийл хөгжмийн багшаар, Бэгз маань Улсын Филармонид хөгжимчнөөр орсон юм. Тэгэхэд хөгжим бүжгийн сургуульд Зөвлөлтийн мэргэжилтэн 30 гаруй хүн байлаа шүү дээ. Монгол талаас би анх удаа хийлийн ангийг хүлээж авч байлаа.

-Таны дууны санд Ж.Бадраа гуайн шүлэг хэд хэд бий. Бадраа гуайн шүлгүүдэд монгол хэлний яруу тансаг сонсголон, утга агуулга хоёр онцгой гайхалтайгаар зохицон нийцсэн байх юм л даа. Хөгжмийн чамгүй боловсролтой, судлаач хүн. Та хоёр хэрхэн хамтарч байв?

-Нэг сайхан ая орж ирлээ. Ноотолчихоод Бадраа гуайд үзүүллээ. Бадраа гуай их айхтар. Баян хуур хөгжимтэй. Ноотоо ч мэднэ. Шууд баян дээрээ тоглож үзээд “би хийе ээ” гэж байна. Хэдхэн хоногийн дараа ирж үгээ аваарай гэж байна. Очсон чинь “Мөрөөдөл” гэдэг сайхан шүлэг биччихэж.

Цэцэгтэй хөндийгөөр

Цэнгэлтэй ч явж билээ

Амраг хайрт чамтайгаа

Ахин яаж учирна вэ… гэсэн сайхан шүлэг бичжээ. Зангад маань дууллаа. Дараа нь Найдалмаа дуулсан. Энэ дууг романс гэдэг л дээ.  Бадраа гуайтай дуу хийх болсон минь ингэж эхэлсэн дээ. Хэдэн сайхан дуу хийсэн. Бадраа гуайн хөгжмийн торгон мэдрэмж, монгол хэлний үгийн тансаг сайхан аялгуу гэдэг чинь ёстой л дахин давтагдашгүй, сайхан.

-“Монгол аялгуу” хийл, төгөлдөр хуурын зохиолыг тань хожим нь манай хөгжимчид тоглосон уу?

-Монгол хөгжимчид миний дан хөгжмийн бүтээлүүдийг ер тоглоогүй. Энд миний буруу бий.  Би клавериа өгөөгүй болохоор хэн тоглох вэ дээ. Дандаа Оросын хөгжимчид тоглосон. Москвагийн Консерваторийн профессор, олон улсын шагналтай Шихмаразаева миний “Цоглог аялгуу”-г тоглосон, “Монгол аялгуу”-г Шварц багш тоглосон. “Элегия”, Ноктюрн эд нарыг дандаа Оросын хөгжимчид тоглосон. Манай Радиогийн алтан фондод бүгд тэдний тоглосноор байгаа юм. Би ойрдоо зөвхөн хийлийн бүтээлүүдээрээ цомог хэвлүүлэх бодолтой. Өмнө нь төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж агсан, судлаач, миний шавь Батжаргал хоёр “Эх орны уянга” нэртэй дууны түүврийг минь гаргаж өгсөн. Харин дан хөгжмийн бүтээлээрээ “Эх орны уянга-2” нэртэй цомог гаргана. Ирэх арав юм уу арваннэгдүгээр сард гаргачих байх.

 Н.ПАГМА

Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом-41” яруу найргийн наадам энэ сарын 26-нд болно DNN.mn

Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-41” яруу найргийн наадмын урьдчилсан шат эхэллээ.

“Болор цом-41” яруу найргийн наадамд бүтээлээ сойх найрагчид тухайн онд бичсэн, чөлөөт сэдэвтэй хоёр шүлгээ МЗЭ-ийн цахим шуудангийн mze.khoroo@gmail.com хаягаар эсвэл Монголын зохиолчдын ордны 206 тоотод энэ сарын 17-ны дотор ирүүлэх ёстой юм байна.

Наадамд оролцох бүтээл урьд өмнө ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгдээгүй байх ёстой аж. Наадмын эхний шатны шалгаруулалтыг энэ сарын 19-нд хийж, шалгарсан 21 яруу найрагчийн нэрийг зарлана. “Болор цом-41” яруу найргийн наадмын сүүлийн шалгаруулалт 2023 оны арваннэгдүгээр сарын 26-нд Соёлын төв өргөөнд болно.