Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

О.Чимэдцэрэн: Нүүрсээр зурах нь илүү амттай санагддаг DNN.mn

Зураач О.Чимэдцэрэнтэй ярилцлаа.


-Та хэзээнээс зурж эхэлсэн бэ?

-Багаасаа зураг зурах дуртай, гадаа тоглодоггүй, цөөн найзтай хүүхэд байсан. Арван жилдээ шугам зургийн хичээлдээ дуртай, архитектурч болно гэж боддог байлаа. Тэгээд мэргэжлээ сонгоход хоёр сонголт байсан, архитектурч эсвэл зураач, бодож байгаад зураач мэргэжлийг сонгосон.

-Зураач болоход гэр бүлийн орчин нөлөөлсөн үү?

-Манай гэр бүлд зураач, урлагийн хүн огт байхгүй. Одоо бодоход их сонин санагддаг. Хэн ч зур гэж хэлээгүй байхад өөрөө дурлаад зураад л байсан /инээв/.

-Таны урланд ихэвчлэн хөрөг зураг харагдаж байна. Яагаад хөрөг зурах болсон бэ?

-Хамгийн анх аравдугаар ангидаа эмээгийнхээ хөргийг зурсан. Тэр үедээ их төстэй санагдаж, урамшаад их сургуульд хөрөг зургийг илүү судалж суралцаж эхэлсэн.

-Яагаад нүүрсээр зурдаг юм бэ?

-Нүүрсээр зураг зурах илүү амттай санагддаг. Би хар зурагт дуртай, өнгөөр ч гэсэн зурдаг л даа. Гэхдээ хар зурагтаа илүү дурлаж зурдаг. Анхлан суралцагчид харандаагаар зурж эхэлдэг. Харандаа гарын ур чадварыг сайжруулдаг. Харандаагаар зураад тодорхой хэмжээний ойлголт, суурьтай болсны дараа нүүрсээр зурахад тохиромжтой байдаг.

-Нүүрсний нунтгаар зурна гэсэн үг үү, зориулалтын хэрэгсэл байна уу?

-Шахаад бэхжүүлсэн, зураг зурахад зориулсан шатаасан мод байдаг.

-Хөрөг зураг зурахдаа хүнийхээ ерөнхий төрхийг гаргахад юу чухал вэ?

-Хамгийн эхэнд хэлбэр, дүр төрх, түүнийгээ дагаад гэрэл сүүдрийг ойлгосон байх ёстой. Тухайн хүнийг зурахдаа маш сайн ажиглах хэрэгтэй. Донж, төрх давуу талыг нь харсны дараа жинхэнэ тэр хүнийг зурж чадна. Зүгээр хараад дуурайлгаад, адилхан зураад л байвал гурвалжин, дөрвөлжин дүрс зурж байгаагаас ялгаагүй.

-Урын сандаа хэд орчим уран бүтээлтэй вэ?

-Одоохондоо би өөрийгөө уран бүтээл хийсэн гэж хэлэхгүй. Тодорхой хэмжээнд бага багаар ур чадвараа хөгжүүлээд л явж байгаа. Яг тэдэн бүтээлтэй гэж хэлж чадахгүй байна.

-Уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд юу хүргэхийг хүсдэг вэ?

-Өөрийн дотоод мэдрэмжээ л илэрхийлдэг. Жишээлбэл, “Цаг хугацаа” гэдэг бүтээл байна. Энэ бүтээлээрээ дамжуулж залуу ч бай, хөгшин ч бай цаг хугацаагаа хайрлаач ээ гэж хэлэхийг зорьсон. Миний хувьд аав болсноосоо хойш цаг хугацааны үнэ цэнийг илүү мэдэрч байгаа. Өөрийн цагаа их үнэлдэг болсон. Залуучууддаа ч бас цаг хугацаагаа үнэлээрэй, та л өөрийн цагийг үнэлэхгүй бол өөр хэн ч үнэлэхгүй гэж хэлмээр байна.

-Өөрийн дотоод мэдрэмжээ уран бүтээл болгон гаргасан байна. Таны хувьд мэдрэмж гэж юу юм бэ?

-Би бас өөрийн мэдрэмжээ гайхаад байдаг /инээв/. Заримдаа би яаж энэ зургийг бүтээв гэж боддог.

-Таны уран бүтээлээ хийх хүсэл, онгод яг ямар үед төрдөг вэ?

-Яг тийм үед зурах онгод ордог гээд хэлэхэд хэцүү. Яах вэ, зарим үед тохироо нь бүрдээд сайхан зураг гаргадаг, зарим тухгүй, түгшүүртэй үед төвлөрч өгдөггүй. Гэхдээ бас би төвлөрөхгүй байна гээд шалтаг тоочоод байж болохгүй. Би зураачаас гадна дизайнерын ажил хийдэг. Төвлөрч чадахгүй байгаа үедээ тэр ажлаа хийдэг.

-Нэг уран бүтээл бэлэн болоход ямар нэг хугацаа заадаг уу?

-Тодорхой ажил авсан бол тэр хугацаандаа дуусгадаг. Хүмүүс халтуур гэж нэрлэдэг, би тэгж ярих дургүй, би халтуур хийдэг хүн биш. Зүгээр л чаддаг зүйлээ үнэлүүлж байгаа хүн. Ямар ч ажил авсан миний архивт үлдэх, миний бүтээл гэж ханддаг. Яг өөрийнхөө тусад нь авч үзэж байгаа бүтээлүүддээ хугацаа заадаггүй, мэдрэмжээрээ л дуусгачихдаг.

-Ямар зургийг хамгийн удаан хугацаанд зурсан бэ?

-Хамгийн том зураг болох “Үр”-ийг хоёр улирал зурсан. Ямар нэг зүйлийг хараад, дуурайгаад зурж байгаа зүйл биш учраас бодох, эргэцүүлж удаан хугацаа зарцуулах үе олон байдаг.

-Ирээдүйг хэрхэн харж байна?

-Энэ байдлаараа илүү ахиц дэвшилтэй явна гэж боддог. Их мөнгөний хойноос ч юм уу тийм зорилго байхгүй, яг өөрийнхөөрөө уран бүтээлээ хийгээд л явна. Хамгийн ойрын зорилго бол анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргах, цааш төлөвлөгөөнийхөө дагуу ажиллана даа.

-Уран зургийн сургалт хичээллүүлдэг гэсэн үү, сурагчдаа ямар чадварт сургахыг зорьдог вэ?

-Урлангийнхаа хажууд сургалт ажиллуулаад хагас жил гаруй болж байна. 20-иод сурагчтай, би сурагчдадаа суурь мэдлэгийг олгодог, дотор нь нэг гоё хүсэл, мэдрэмж байгаад түүнийгээ хөгжүүлмээр байна гэвэл зөвлөгөө өгөөд явдаг.

-Ер нь зураг зураад л байх чухал юм уу?

-Би зураад л байдаг, гэхдээ маш олон юмыг боддог. Чөлөөтэй үедээ их эргэцүүлж байх чухал. Байнга зурлаа гээд гар хөгжихгүй, хүн оюун санаагаа хөгжүүлж байж цааш явна. Хүн завгүй хөдөлмөрлөх чухал, гэхдээ зарим үед анзаарахгүй хөдөлмөрлөөд байдаг.

-Дараагийн уран бүтээлүүдээ төлөвлөсөн үү?

-Би заавал олон материал цаас гарзаддаггүй, эхлээд таблетдаа зурж үздэг. Дараагийн уран бүтээлүүд санаа боловсруулалтын үедээ явж байна.

-Та сүүлд “Тамгагүй төр” жүжгийн зураг дээр ажилласан байсан…

-Тийм ээ, Монгол Улсын ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн жүжгийн зохиолд ажиллана гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Зурж байхдаа маш их баярласан.

А.ГАНТУЯА

Н.МӨНХБОЛОР

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Я.Баяраа: “Гэгээн муза”-ийн тайзан дээрээс багшийнхаа ариун алдрыг дуудсандаа баяртай байна DNN.mn


Яруу найрагч, утга зохиол судлаач Я.Баяраатай ярилцлаа.


-“Гэгээн муза” олон улсын театрын наадамд таны уран бүтээл өнгөллөө. Танд баяр хүргэе.

-Баярлалаа, залуусын бичсэн зохиол мэргэжлийн хүрээнд, энэ хэмжээнд үнэлэгдсэнд их баяртай байна.

-Энэ жилийн “Гэгээн муза” наадамд та “Шилдэг жүжгийн зохиол” төрөлд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн зохиолч Ш.Гүрбазар, профессор Н.Пүрэвдагва гэсэн туршлагатай, нөлөө бүхий хоёр ахмад уран бүтээлчтэй өрсөлдлөө. Та өрсөлдөгчдөө хэрхэн үнэлж, өөрийн “Гэм зэм” постдрамын жүжгийн зохиолдоо хэр их итгэлтэй байв?

-Энэ цаг үеийн сэхээтэн, хүндтэй хоёр эрхэмтэй өрсөлдөж илүү үнэлэгдсэндээ баярлалгүй яах вэ. Тэд бол миний өвөө шиг хүмүүс, аав шиг ч биш. Жүжгийн зохиолын хувьд яг үнэндээ эдгээр зохиолуудтай харьцуулахад харьцангуй сайн гэж бодож байсан. Зохиолч хүнд дотоод итгэл үнэмшил гэж бий. Найруулагч М.Батболд, зохиолч Э.Бүжинлхам бид гурав анхнаасаа “Гэм зэм” жүжгийг сайн юм хийе, хийсэн шиг хийе гэж ажилласан.

-Том зохиолыг жүжиг болгоход хэцүү юү, хэдий хугацаа зарцуулсан бэ?

-Анх найруулагч М.Батболдыг Ф.Достоевскийн бүтээлийг Монголын тайзнаа тоглуулъя гээд хамтарч ажиллах санал тавихад өөртөө итгэлгүй байна гэж хэлээд, дотроо “Галзуураа юу” гэж бодож байлаа. Харин М.Батболд “Чи чадна, чиний онолын мэдлэг сайн гэдэгт итгэж байна” хэмээсэн. Өмнө нь бид хоёр зохиол боловсруулах төсөлд хамтарч ажиллаж байсан юм. Тухайн үед миний ажиллах арга барилыг анзаарсан байх. Тэгээд хамтрахаар шийдэж гэрээгээ байгуулж “Орфей” театр ч байгуулагдсан. Эхлээд зохиолоо хоёр сар уншиж, судалсан. Дараа нь зохиолоо яаж бичих талаар долоо хоног ярилцаад, найруулагч надад зохиол задлах найруулгын саналаа тавьсан. М.Батболдын зохиол задлах арга зүй зохиолын үг бүрийн цаад утгыг ухаж ойлгох. Жижиг чулуу бүрийг сөхөж доод талыг нь хардаг шиг. Зохиолоо нэг бүрчлэн уншиж, задаргаа хийж анхны сцений шийдлүүдийг гаргаж, би шүүх ажиллагаа гэдэг шийдлийг гаргасан юм.

-Яагаад?

-Шүүх гэдэг театр руу шилжүүлж болох хүн төрөлхтний нийгмийн харилцааны нэг хэрэгсэл. Эхний бүлэгт миний шийдэл, хоёрдугаар бүлэгт найруулагчийн шийдлээр ажилласан. Үндсэндээ гурван сар орчим ажиллаж 70 гаруй хуудас жүжгийн зохиолтой болсон. Зохиолчдын уншилтаар жүжиг гурван цаг 20 минут орчим болсон, сунжруу. Зохиолоо танах хэрэгтэй болсон ч танах зүйл олдоогүй. 600 гаруй хуудас романаас 70 хуудас зохиолтой болсон хүмүүст хаях зүйл олдохгүй байсан.Тэгээд П.Батхуяг багшдаа зохиолоо хянуулсан. Багшийг би удаан хянах байх гэж бодсон. Гэтэл тэр шөнөдөө суугаад, маргааш өглөө нь намайг дуудаж “Миний хүү юмны дөртэй болжээ. Зохиол бэлэн болж, зохиол дээр хасмаар юм байдаггүй. Харин хасчихмаар дөрөв таван хэсгийг дугуйлж, тайлбар бичсэн” гэж хэлсэн. Багшийн маань засвартай гар бичмэл надад байгаа. Бид багшийн засварт төвлөрч ажиллаад, арав гаруй хуудас хасаж 62 хуудастайгаар зохиол бэлэн болсон. Жүжгийн зохиол бүтсэн түүх ийм л байна даа.

-Та “Гэгээн муза” шагнал гардах үеэр “Энэ бол миний багшийн амьддаа хийсэн агуу их үйлийн үрийн өчүүхэн хэсэг” гэж хэлсэн. Багшийнхаа тухай дурсаач…

-Миний багшийн сэтгэлд гал, ус хоёр хоёулаа багтдаг. Заримдаа ус шиг уярч хайлна, заримдаа гал шиг дүрэлзэнэ. Миний багш эр зоригтой, хязгаараа давж, хязгаараасаа уруудаж, тамтгаа алдаж буй гоо зүйгүй зүйлийг бут ниргэдэг шүүмжлэгч байлаа. Түүний зэрэгцээ энэ маань ийм сайхан явна, ийм зүйл хийчихлээ гэж чин сэтгэлээсээ энэрч хайрладаг зөөлөн сэтгэлтэн. Багш маань тасралтгүй бичдэг ойгүй хөдөлмөрч хүн байлаа.

Надтай танилцсанаас хойших өдрүүдэд цоо шинийг сэтгээгүй, бичээгүй нэг ч өдөр байхгүй. Сүүлийн 20 гаруй жилийн турш түүнд амралтын өдөр, амар тайван суух цаг гэж байгаагүй. Тархиа тасралтгүй шавхаж ажилладаг, тэр бүхнээ бидэнд өвлүүлэхийг хичээдэг, хүсдэг байлаа. Бид тийм байж чадаагүй, багш үүнд ундууцах өдрүүд байсаан. Хамгийн сүүлд “Гэм зэм” жүжгийн зохиолоо хянуулахад “Овоо доо миний хүү, одоо л нэг юмны дөртэй болж байна” гэхэд нь их баярласан. Тэр хайрласан шиг хайрлаж, нөхөрлөсөн шиг нөхөрлөж, дайсагнасан шиг дайсагнадаг байлаа. Хүнийг үгүй болоход тэр цэлгэр орон зайг юугаар ч нөхөж болдоггүй юм байна. Монголын уран зохиолд хэтэрхий том орон зайг үлдээлээ, шавь нар нь тэр орон зайг хугаслаад ч болов дүүргэхийн төлөө ажиллаж байгаа. Энэ бол ганцхан миний бодол биш, Пүрэвхүүгийн Батхуягийн уран зохиол, оюуны ертөнцөд бэлтгэсэн олон зуун шавийн бодол юм шүү (хоолой нь зангирав). “Гэгээн муза”-ийн тайзан дээрээс багшийнхаа ариун алдрыг дуудсандаа баяртай байна. Уран зохиолын хүрээн дэх миний эцэг бол Пүрэвхүүгийн Батхуяг багш минь.

-Та хоёр дахь удаагаа “Гэгээн муза” хүртэв үү?

-Тийм ээ, дөрвөн жилийн өмнө Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Алтангэрэлийн хичээл зүтгэлээр дуурийн сэдэвтэй “Цагаан толбо” монодрам бичсэн. “Цагаан толбо” жүжгийн гол санаа хүний амьдралд сэтгэлд нэвт орсон, шархны тав шиг хар толбууд байдаг ч мартагдашгүй цагаан толбо гэж бас байдаг тухай өгүүлдэг.

-Тэгвэл “Гэм зэм” постдрамын жүжгийн хүмүүст хүргэх хамгийн гол санаа нь юу юм бэ?

-Жүжиг хоёр бүлэгтэй. Эхнийх нь шүүхийн хэсэг реалист драм, хоёрдугаарт оршихуйн драм. Миний бодлоор манай нийгэм бол сохор нийгэм. Манай нийгмийг сохор заан уулын уруу таарсан болгоноо дайрч давхиж яваа юм шиг, том машин тээрэмдэж эргэлдэж байгаагаар зүйрлэе. Тэр том машин хүний хүсэл сонирхол, итгэл найдвар, хүн чанар бүгдийг тээрэмдэж байна. Тээрмээс гарах гарц нь юу вэ гэхэд хэн ч хариулж чаддаггүй. Хэн нэгнийг, ямар нэг эд зүйлийг хайрлах хайр, халуун сэтгэлгүй болгож тээрэмддэг нийгмийн тухай хэлэхийг хүссэн. Хоёрдугаарт, тэс ондоо үзэл бодолтой гурван үеийнхэн манай нийгмийг бүрдүүлж байна. Социализм, капитализм, мэдээлжсэн нийгэмд амьдардаг эрх чөлөөний мэдрэмж өндөртэй залуу үе. Энэ гурван үеийн толхилцоон “Гэм зэм”-ийн нэгдүгээр бүлгийн амин санаа. Хүн алуурчин болж төрдөггүй, алуурчин болж хүмүүждэг. Том машин, согтуу зааны хөлд өртсөн оюун санаа, нийгмийн бохир эргэлтээс болж хүмүүс алуурчин болж, галзуурч байна. Ядралын ангалын ирмэг дээр байна. Хүн хэдийгээр галзуурч, там шиг амьдралыг туулсан ч оюун санаа, сэтгэл гэдэг юуны ч ард гэгээрч, аврагдаж, дахин шинээр төрсөн мэт амьдрах чадвартай гэдэг өөдрөг сэтгэлийг жүжгийн төгсгөлд гаргахыг хичээсэн. Манай найруулагч зохиолын энэ санааг маш ёгтоор гаргасан. Раскольников бүгдийг даван туулж, сандлаа үүрч гарч ирээд өөрийн гэм бурууг хүлээж байгаа. Энэ бол бид зохиомол зүйлд дарлуулсныхаа горыг хэзээ нэгэн цагт эдэлнэ. Гэхдээ бидэнд аврагдах боломж бий гэсэн санаа.

-Үзэгчдээс Родягаа хайрлаж, олны хэсгийг тодотгож зохиолоо бичсэн зохиолчид баярлалаа гэсэн сэтгэгдэл харагдсан. Та зохиолоо бичихдээ юуг чухалчилсан бэ?

-Би уран бүтээлчдэд зориулсан зохиолын өмнөтгөлд “Ф.М.Достоевскийн бий болгосон хүн чанар, ёс суртахууны үл үзэгдэх шугамыг зөрчиж гишгэх эрх надад байсангүй” гэж бичсэн. Энэ бол сөрөг дүргүй зохиол, хэдий бүгд эерэг биш ч гэлээ сцений бөглөөс болсон дүр байхгүй, идэвхтэй, ямар нэг зүйл илэрхийлэхийг хичээсэн. Монолог, харилцан яриа, хошин үзэгдэл, үйл хөдлөлөөр үзүүлэх драм гэх мэт дүр бүрийн сэтгэл зүйн онцлогоос шалтгаалж өөр шийдлүүдийг ашигласан.

-“Гэм зэм” таны хэд дэх жүжгийн зохиол вэ, дараагийн жүжгийн зохиолын ажилдаа орсон уу?

-Тав дахь жүжгийн зохиол, одоо “Мастер Маргарита” жүжгийн зохиолын төлөвлөгөө гараад үндсэн бичилт явагдаж байна. Мөн Өвөрхангай аймгийн театртай хамтарч түүхэн жүжигт ажиллаж байгаа.

-Тан руу залгахад “Байна уу, яруу найрагч Ядамсүрэнгийн Баяраа байна” гэж хошигнодог байсан гэж найзууд тань ярьдаг юм билээ. Та хүүхэд байхаасаа л яруу найрагч болох мөрөөдөлтэй байв уу?

-Би долдугаар ангидаа яруу найрагч болно гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан. Наймдугаар ангидаа “Аав аа, би яруу найрагч болно” гэж хэлээд химийн сонгонд явахаа больсон. Тэр өдрөөс хойш яруу найрагчаар амьдарч байна.

-Насан туршдаа яруу найраг бичих үү?

-Тийм, яагаад болохгүй гэж. Бал, цаас байна. Гудмаар алхаж байгаа үзэсгэлэнт бүсгүйчүүд, зүрх сэтгэл амьд, зүүд зөн тунгалаг байна. Өөр юу хэрэгтэй юм. Бичих л ёстой.

-Та энэ мянга мянган санаа, сэдвээс алийг нь бичих илүү дуртай вэ?

-Мэдээж бүсгүй хүн, дараа нь моддын тухай бичих дуртай.

-Мод оо, яагаад?

-Мэдэхгүй ээ, модны тухай огт дүрслэлгүй мөртлөө моддын тухай бодож бичсэн шүлэг олон байдаг. Модны тухай бичнэ гэдэг мод л бичихийн нэр биш шүү дээ.

-Миний санаж байгаагаар та “Underground” гэдэг номын цувралаар “Хүүхнүүд”, “Хэлээ гарга” номыг гаргасан. Яагаад ийм цуврал гаргах болсон бэ?

-Яруу найрагч Б.Батзаяа болон хэсэг найзуудын хамт “Boobooks” гэдэг бүтээлч баг байгуулсан. Энэ нь эх орондоо хэвлэхийг хориглосон, зохиолчид нь хавчигдаж шахагдсан, эх орноосоо дүрвэсэн, эсвэл шагнал авч шилдэг борлуулалттай номоор шалгараагүй ч тулхтай уншигчдын дунд ярианы сэдэв байсаар өдгөөг хүрсэн бүтээлүүдийг монгол уншигчдадаа хүргэх зорилготой. Анх “Boobooks underground” цувралыг эхлүүлсэн. Чарльз Буковскийн “Хүүхнүүд”, Ма Жианы “Хэлээ гарга”, Даниил Хармсын “Оршихуй №2” номуудыг уншигчдын хүртээл болгосон. Уг цуврал энэ жил Эдуард Лимоновын “Энэ бол би Эдичка” романаар үргэлжилнэ.

-Хүмүүс их сонирхож байна уу?

-“Boobooks”-ийг ашиг орлогын төлөө байгуулаагүй. Тэрсүүд, эрх чөлөө хүссэн дуу хоолойнуудыг монгол уншигчдад хүргэж, түүнээсээ таашаал авахыг л хүссэн юм. Эхний ном нь дараагийн хэвлэгдэх номынхоо зардлыг үүсгэчихдэг. Энэ нь бид хоёрт болоод л байгаа юм.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

ГХЯ: Б.Амарсайханыг Монгол Улсын Соёлын элчээр томилов DNN.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон МУСТА, жүжигчин Б.Амарсайханыг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав.

Б.Амарсайхан нь Монголын шинэ цагийн кино, урлагийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, монгол уран бүтээлчдийг дэлхийн тавцанд гарах гүүр болж, гадаад ертөнцөд эх орноо сурталчлан таниулахад өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Тэрээр Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа кино урлагаар дамжуулан үндэсний ахуй, өв соёл, улс орныхоо хөгжил дэвшлийг олон улсад түгээн дэлгэрүүлж, соёлын салбарын гадаад хамтын ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулахын төлөө бүх боломжоо дайчлан ажиллахаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Гэм зэм” постдрам таван “Гэгээн муза” хүртлээ DNN.mn

Театрын урлагийн шилдгийг шалгаруулах “Гэгээн муза” наадам өчигдөр боллоо. Наадамд суут зохиолч Ф.Достоевскийн романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрам нийт таван цом хүртсэн юм.

Тодруулбал, драмын жүжгийн төрөлд:

  • Найруулагч Б.Батболд “Шилдэг найруулагч”-аар
  • Сэтгүүлч, яруу найрагч Я.Баяраа “Шилдэг зохиолч”-оор
  • Жүжигчин Д.Ганцэцэг “Шилдэг гол дүр”-ээр
  • Жүжигчин П.Эрдэнэзаан “Шилдэг туслах дүр”-ээр тус тус шалгарсан юм.
  • Мөн “Гэм зэм” жүжиг үндсэн жүжгийн төрөлд шилдгийн шилдэг гранпри шагналын эзэн болсон байна.

Нэмэлт мэдээлэл өгөхөд, наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт явагдах үеэр найруулагч Б.Баатарын “Тамгагүй төр” жүжиг тавигдаж эхэлсэн тул энэ жилийн “Гэгээн муза”-д өрсөлдөөгүй байна.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Гэгээн Муза“ олон улсын театрын наадам шилдгүүддээ тодрууллаа DNN.mn

“Гэгээн Муза” олон улсын театрын наадам 16 дахь удаагаа өчигдөр /2022.06.12/ зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.

  • Шилдэг эмэгтэй гол дүр: “Гэм зэм” жүжгээрээ МУГЖ Д.Ганцэцэг
  • Шилдэг эрэгтэй гол дүр: Лев Толстойн “Анна Каренина” жүжгийн Алексей Каренины дүрээр УДЭТ-ын жүжигчин, Ардын жүжигчин Б.Жаргалсайхан
  • Шилдэг эмэгтэй туслах дүр: Лев Толстойн “Анна Каренина” жүжгийн Бетсигийн дүрээр УДЭТ-ын жүжигчин СТА М.Тогтохжаргал
  • Драмын жүжгийн шилдэг зохиолч: “Гэм зэм” жүжгийн зохиолч Я.Баяраа
  • Хөгжимт жүжгийн эрэгтэй гол дүр: МУСТА П.Баярмагнай нар тус тус тодорсон байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Categories
мэдээ соёл-урлаг

“Lala Land” бүжгэн жүжигт дуучин Ука дуулж, дүр бүтээнэ DNN.mn


АНУ-ын найруулагч, продюсер Дэмьен Шазелийн 2016 онд бүтээсэн Оскарын шагналт “Lala Land” киноноос сэдэвлэсэн балетын бүжгэн жүжиг тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Тус бүжгэн жүжгийг монгол найруулагч дэглэн найруулж байгаагаас гадна арт, холограм, драмыг хослуулж байгаа аж.

“Lala Land” кино нь үгээр илэрхийлж боломгүй мэдрэмжийг дуу, хөгжим, жүжиглэлтээр дамжуулан хүргэж чадсан дэлхийн мюзикл кинонууд дундаа өндөр үнэлгээтэй бүтээл юм. Солонгос улсад үйл ажиллагаа явуулдаг “Elite ballet” компани санаачлан балетын урлагийг, медиа урлагтай хослуулан цоо шинэ хувилбараар “Lala Land” балетын бүжгэн жүжгийг Монголын тайзнаа амилуулах гэж байна.

Тодруулбал, тус балетын бүжгэн жүжгийн хөгжмүүдийг хөгжмийн найруулагч, продюсер Одбаяр шинэчлэн найруулж, балетын найруулагч бүжиг дэглээч Ц. Цолмонбуд балетын шинэ бүжгийн тавилтыг дэглэжээ. Мөн Монгол, Япон, Солонгос улсын шилдэг балетын гоцлооч нар хамтран медиа арт, холограм, драмыг хослуулан хүргэх аж.

“Elite balet” компанийн захирал балетчин, найруулагч Ц. Цолмонбудын хувьд өнгөрсөн онд солонгос улсад анх удаа бүрэн хэмжээний балетын бүжгэн жүжгийг дэглэн найруулсан анхны монгол уран бүтээлч юм. Тус тоглолт нь монгол хүний дэглэлт, найруулгатай анхны мюзикл балет бөгөөд балетын бүжгэн жүжгийн тоглолтод дуучин Ука дуулахаас гадна, балетийн бүжигчний дүр бүтээх аж.

Бүжгэн жүжгийг зургаадугаар сарын 25,26-нд “The Corporate Hotel and Convention Centre”-д тоглоно.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ц.Хүсэлбаатар: Гэр бүлээрээ урлагт ажиллах нь хоорондоо сайн ойлголцож, чанартай уран бүтээл гаргаж чаддаг DNN.mn

“Хас урлан” студийн ерөнхий найруулагч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ц.Хүсэлбаатартай ярилцлаа.


-Уран бүтээлийн сонин сайхан сонсъё. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Хамгийн сүүлд “Хиртээгүй сарнай” УСК-д ажилласан. Одоогоор “Orange Entertain­ment”, “Skymedia”-тай хамтарч уран бүтээл хийх гэж байна. Зохиол маань бэлэн болсон, ирэх сараас зураг авалт эхэлнэ.

-“Хиртээгүй сарнай” УСК таны хүлээлтэд хүрэв үү?

-Хүрсэн, “Хиртээгүй сарнай” бол залуус руу чиглэсэн уран бүтээл. Гишгээд мөрөө хар гэдэг шиг, гишгэхээсээ өмнө хаана гишгэх гэж байгаагаа тооцоол, санаандгүй нэг үйлдэл ирээдүйн үнэ цэнэтэй зүйлийг үгүй хийж болдгийг харуулсан.

-“Хиртээгүй сарнай” УСК-д гэр бүлээрээ ажилласан. Гэр бүлээрээ уран бүтээлд ажиллахын давуу болон сул тал нь юу вэ?

-Яахав, нөөц бололцоогоо ашиглаж байгаа хэрэг шдээ. Хань минь Монголын топ жүжигчдийн нэг, охин минь ч авьяаслаг уран бүтээлч, би өөрөө зохиолоо биччихнэ. Гэр бүлээрээ урлагт ажиллах нь хоорондоо сайн ойлголцож, чанартай уран бүтээл гаргаж чаддаг.

-Та ямар сэдвийг хөндөж уран бүтээл хийхийг зорьдог вэ?

-Ер нь манай баг хайр гэдгийг ойлгоосой, үнэнч шударга, шуналгүй байгаасай, буруу битгий гишгээсэй гэдгийг л хүмүүст хүргэхийг хүсдэг.

-Тэгвэл хайр гэж юу юм бэ, таны хувьд?

-Хайр гэдэг бол хүн хүндээ гаргах чин сэтгэл. Бусдыг өөрийнхөө оронд тавьж бодох, хүнийг өвтгөнө гэдэг өөрийгөө өвтгөж байгаагаас ялгаагүй гэдгийг ойлгох хэрэг. Тэгэхээр эхлээд өөрийгөө сайн мэддэг байх шаардлагатай. Чамайг чимхвэл чи өвдөнө, намайг чимхвэл чи өвдөхгүй. Тэгвэл намайг чимхэж байгаагаа өөрийгөө чимхэж байгаа юм шиг мэдрэхийг хэлж байгаа юм. Ийм үед л хүн бусдыг хайрлаж эхэлнэ.

Таны охин Х.Баярмаа “Яг түүн шиг” шоунд оролцоод өнгөлж явна. Урлагийн хүний хувьд охиныхоо авьяасыг хэрхэн үнэлж байна вэ?

-Миний охин шоунд оролцсоноор өөрийгөө сорьж, таньж байгаа байх. Яг түүн шиг байхын тулд их л хичээх хэрэгтэй. Хичээж байгаа охиноо хараад бахархаж байна. Миний аав Монгол Улсад амьдардаг угсаатан, үндэстэн болон гадаад хэлийг маш сайн ялгаж ярьдаг, юм тогтоох, бусдыг дуурайхдаа төрөлхийн авьяастай хүн. Охин минь өвөөгийнхөө түргэн тогтоодог, олон үндэстний хэлийг маш сайн ялгаж ярьдаг авьяасыг өвлөсөн байх.

-Охиндоо шоунд оролцоход нь ямар зөвлөгөө өгч байна?

-Жүжигчний хувьд нарийн ширийн юман дээр ээж нь илүү их зөвлөгөө өгч байгаа байх. Би бол дуучин биш, жүжигчин ч биш. “Аав аа, энэ яаж байна” гээд л асуудаг юм. Өөрийн бодлоо л хэлдэг. Өөр зөвлөгөө өгч чадахгүй ээ, ах нь.

-Та ер нь урлагийн хүний хувьд хүүхдүүддээ юуг зөвлөдөг вэ?

-Урлагийн гэхээс илүү аавын хувиар хүүхдүүддээ өөрийгөө тань, өөрийгөө ял, өөртэйгөө тэмц гэж хэлдэг. Хүмүүний амьдрал бусадтай тэмцэхийн нэр биш. Өөртэйгөө л тэмц, өөрийгөө чадах чинээгээрээ сайн таньж мэдэх хэрэгтэй. Эрүүл мэнд, нэр төр, бие бялдар, сэтгэл санаа гээд өөрийн гэсэн бүхнээ хайрладаг, мэдэрдэг хүн бусдыг хайрлаж чаддаг. Өөрийгөө хайрлах, хувиа хичээх хоёрын хооронд ялгаа их. Жишээлбэл, архи ууж ирээд гэр бүлээ хүчирхийлдэг хүн бол хувиа хичээж байна. Өөрийн зугаа цэнгэл, сэтгэлийн үймээн самуунаа хар усаар дарах гэсэн оролдлого. Амьдралынхаа туршлагаас харахад өөрөөсөө бурууг олж хардаг хүний сэтгэл их хөнгөн байдаг юм болов уу.

-Яагаад?

-Та ямар нэг алдаа гаргалаа, хэн нэгнийг буруутгаж гомдоод л байя. Тэглээ гээд тэр хүн яах ч үгүй шүү дээ. Чи өөрөө л зовно. Тэгэхээр өөрөөсөө алдааг хайж сурах хэрэгтэй.

-Та сая өөрийгөө таньж мэд, өөртэйгөө тэмц гэж хэлж байна. Энэ нь хүмүүсийн амьдралын туршлага буюу наснаас шалтгаалж байна уу?

-Нэг талаар тийм. Хүн удаан амьдрах тусам улам л зөөлөн, эелдэг болдог юм байна. Өөртэйгөө л тэмцэж, эхлээд өөрийгөө л хайрлах ёстойг ойлговол зорилгоосоо ухрахгүй, бусдын сэтгэл, махбодыг өвтгөхгүй. Үүнийг л эрт мэдэж байвал сайн байхгүй юу.

-Тэгвэл ер нь бүх зүйл өөрийгөө хайрлахаас л эхэлдэг юм биш үү?

-Тийм, нэг айхтар үг байдаг биз дээ. “Хүн болж төрнө гэдэг зүүний үзүүр дээр шуудай будаа асгахад нэг нь тогтохтой ижил тохиол гэж. Ийм их хувь тавиланг олж төрчихөөд өөрийгөө хайрлаж, гишгэх мөрөө харж амьдрах хэрэгтэй юм байна гэдгийг л амьдралаас ойлгож яваа, ах нь. Ялаа болоод төрчихсөн бол яах юм бэ /инээв/.

-Танд олон ангит кино хийх төлөвлөгөө байна уу?

-Өөрийгөө таних, өрөөлийг хайрлах, зэрэгцээ ертөнцийн тухай “Сүнс тонилгогч” хэмээх олон ангит киноны зохиол дээр ажиллаад л байна. Ус хөлдөхөөрөө мөс, гэсэхээрээ ус, ууршихаараа уур болдог. Хүний амьдрал ч бас өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт үйлийн үрийн хуулиар усны урсгал шиг л эргэж байдаг.

-Та шүтлэг ихтэй хүн үү?

-Би буурал аав, ээжийн хүү. Буурал аав маань ном их уншдаг хүн байсан, аав минь ч бас их уншдаг. Буурал ээж минь чин сүсэгтэн, бурханы үнэнч шавь байлаа. Чулуу хөдөлгөхөд хүртэл учиртай гэж хэлдэг. Тэгэхээр өвгөдийн ухаан их нарийн байгаа биз, агуу их хайр түгээдэг хүмүүс байлаа. Миний тэднээс өвлөсөн зүйл энэ. Дуучин Х.Лхагвасүрэн “Юм бүхэн учиртай. Учир нь бас учиртай” гэж хэлсэн байдаг. Учиргүй, тавилангүй, зохилдлогогүй юм гэж үгүй. Тиймээс үйл бүрийнхээ үр дагаврыг бодож байх ёстой л гэж боддог. Би гүн ухаантан, судлаач биш буурал аав, ээжийн сургаалаар л өссөн.

-Сүүлийн үеийн жүжигчдийн чанар чансаа ямар түвшинд харагдаж байх юм?

-Сүүлийн үе гэлтгүй монгол жүжигчид маш чадварлаг. Соёл урлагийн их сургууль болон бусад урлагийн сургуулиудын систем дотроосоо гадагш зөв чиглэлтэй байдаг.

-Нэг уран бүтээл дээр хэдий хугацаанд ажилладаг вэ?

-Би уран бүтээлийнхээ үйл явдал, учир утга, дэс дарааллыг хэр сайн бодсоноос шалтгаалдаг. Тархин дахиа цэгцэлчихвэл нэг их уддаггүй. Уран бүтээл бүр харилцан адилгүй байдаг. Жишээлбэл, “Хэнд ч хэлээгүй нууц” УСК-ны зохиол 2019 онд эхэлсэн. Кино удахгүй үзэгчдэд хүрнэ. Хүн бүрийн ажиллах хурд өөр байх, би бол уран бүтээлийн шуналтай хүн, тасралтгүй уран бүтээл хийгээд л байх хүсэлтэй.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Өө би чинь их залхуу хүн шүү дээ. Энэ зантайгаа насаараа байлдаж байгаа (инээв). Уран бүтээлтэйгээ л ноцолдсоор өдөр хоногууд өнгөрдөг. Эхлүүлээд дунд нь хаячихсан, тэгж байгаад хийнэ гэсэн олон юм бий. Миний хийдэг ажил энэ. Надад өөр хийх ажил, сонирхол, зав ч байхгүй.

-Энэ жилд багтааж хийхээр төлөвлөсөн уран бүтээл бий юу?

-Энэ жил тэр жил гэхээс илүү яг одоо эх оронч үзэл дутаад байх шиг. Эх оронч үзэл гэж юу юм, эх орноо яагаад хайрлах ёстой, яагаад хүмүүс үүний төлөө амиа өгдөг юм бэ гэсэн агуулгаар уран бүтээл хийх шаардлагатай байна.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Тамгагүй төр” тайзнаас буулаа DNN.mn

“Hero entertainment” студийн Б.Баатарын найруулснаар “Тамгагүй төр” жүжиг дөрөвдүгээр сарын 17-ноос УДЭТ-ын тайзнаа тоглож, буулаа. Тасралтгүй 70 удаа тоглож, 40740 үзэгчид хүрэв.

Эл жүжгийг зургаадугаар сарын 2-ны өдөр англи хадмал орчуулгатайгаар тоглосон бөгөөд хятад хэл рүү орчуулах гэж буй аж.

“Тамгагүй төр” жүжиг 1998, 2019 онд тавигдаж байсан бөгөөд Арчуг хааны дүрийг Ардын жүжигчин Л.Жамсранжав, МУГЖ Б.Жаргалсайхан нар бүтээж байсан түүхтэй. Харин энэ удаа СТА Г.Эрдэнэбилэг бүтээсэн юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Анхмаа: Тверк бол хөдөлгөөний эвсэл хамгийн бага шаарддаг бүжгийн төрөл DNN.mn

Сүүлийн үед охид, бүсгүйчүүдийн дунд тренд болоод буй тверк бүжгийн талаар тверк бүжигчин Б.Анхмаагаас тодрууллаа.


-Тверк гэж яг ямар бүжгийг хэлж байна вэ?

-Тверк бол өгзөгний бүжиг. 1890-ээд оны үеэс африк эрэгтэй хүнээс гаралтай гэж яригддаг. Бусад бүжгийн төрлөөс ялгаа нь ганцхан өгзөг оролцдог, биеийн бүх булчинг маш сайн хөгжүүлдэг.

-Таны хувьд тверк бүжгээр хичээллэснээр ямар өөрчлөлт гарсан бэ?

-Биеийн хувьд зөв галбиртай болсон. Бэлхүүс нарийсч, гуя чангарч, өгзөг томордог. Нэг талаараа дасгал учраас сэтгэл санаа тогтвортой, эрч хүч нэмэгддэг. Биеийн галбир зөв болсноор өөртөө итгэх итгэл ч нэмэгдэнэ. Би долоо хоногт 3-4 удаа тогтмол бэлтгэл хийж, үргэлжлүүлэн дасгал хийдэг.

-Тверкийн сургалт хичээллүүлдэг гэсэн үү?

-Тийм ээ, онлайн болон танхимаар сургалт хичээллүүлдэг. Одоогоор 100 гаруй шавьтай. Сургалт маань анхан, дунд, ахисан гэсэн гурван түвшинтэй. Сарын төлбөр 180 мянган төгрөг, онлайн ангийн сургалт 30 мянган төгрөгийн үнэтэй. Сүүлийн үед хүмүүс тверкийг урлаг талаас нь ойлгож илүү сонирхох болсон.

-Гадны оронд тверкийн хөгжил өндөр түвшинд байдаг уу?

-Тэгэлгүй яахав, гадны орнуудын тверкийн хөгжил үнэхээр ахисан түвшинд очсон. Олон улсын уралдаан тэмцээний нэг төрөл болсон. 1-10 хүртэлх оноогоор үнэлбэл манай улс 2-3 дээр л явж байна.

-Та хэзээнээс тверк сонирхож, хичээллэж эхэлсэн бэ?

-2017 онд бүжгийн студид хичээллэдэг байхад тверкийн үндсэн хөдөлгөөнүүдийг үзсэн.

Тэгээд л сонирхолтой санагдаж 2018 оноос бие даан судалж, дагнан хичээллэсэн. Тверк бүжиглэх нь надад эрч хүчтэй маш гоё мэдрэмж төрүүлдэг. Энэхүү бүжиг их амархан харагддаг боловч бүх булчин ачаалладаг.

-Тверк анхлан суралцагчид юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Хамгийн түрүүнд тверк бол хүн бүр сурах боломжтой, хөдөлгөөний эвсэл хамгийн бага шаарддаг бүжгийн төрөл гэдгийг хэлмээр байна. Сунгалттай байвал давуу тал болно. Нурууны доод булчинд ачаалал их өгдөг. Зөв хувцсаа сонгоод, зөв техникээр хичээллэхэд хэн бүхэн сурна.

-Ямар хувцас өмсвөл тохиромжтой вэ?

-Өөрийн биед эвтэйхэн даавуун, силкэн шорт, ретуз өмсөхөд болно. Бариу, фитнесс, жийнсэн шорт хөдөлгөөн хязгаарлаад байдаг. Мөн халтирдаггүй, зөөлөн ултай пүүз сонговол тохиромжтой.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Реппер KА: Амьд явах биш амьдрах хэрэгтэй DNN.mn

Монголын хип хоп ертөнцөд өөрийн үзэл бодлоо дуугаараа дамжуулан чөлөөтэй илэрхийлдэг реппер Kа буюу О.Мөнхжаргалтай ярилцлаа.


Таныг олон хүн реппер KA гэдгээр тань андахгүй байх. Бидэнд хувь хүн талаасаа өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн уу. Нэг цаг үед хамт амьдарч байгаа залуус аа. Би хувь хүн талаасаа амьдралд маш их хайртай. Сайн, муу бүхий л мэдрэмж хүнд байдаг. Тэр бүгдийг давж гараад тэндээсээ сурах зүйлээ сураад, мэдрээд заримыг нь дурсамж болгоод л хэрэггүй зүйлсийг нь мартаад явдаг философи ч гэх юм уу. Нэг тийм амьдралын хэв маягтай гэж өөрийгөө боддог. Амьдралд маш их хайртай. Амьдрал ч надад хайртай. Баярлалаа амьдрал минь.

Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Гэмт хэрэг ба яруу найраг гээд албан ёсны цомог дээр ажиллаж байна. Одоогоор 45 хувьтай явж байна. Дундуур нь ганц, хоёр цомогт багтахааргүй синглэ реппэрүүд болон артистуудтай хамтарсан дуунууд хийж байгаа. Энэ жилдээ багтаад цомгоо гаргана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бас өөрөө хөгжим хийх тал дээр суралцаж, дараагийн түвшин гэх юм уу өөрийгөө хөгжүүлэх зүйл рүү зорьсон тийм хандлагатай л ажиллаж байна даа.

-Таны “Mixtape” (Гадаадын уран бүтээлчийн ая нь дээр өөрийн “rep”-ийг хийх) маш олон хүнд хүрсэн. Яагаад зогсоох болсон бэ?

-Олон хүнд хүрсэн бол баяртай байна. “Mixtape” бол миний боддог, мэдэрдэг зүйлсээ нууж хаагаад байхгүйгээр шууд илэрхийлсэн үг, мэдрэмж юм. Ямарваа нэг зүйл эхэлсэн бол дуусдаг шүү дээ. Хэт их удах юм бол ялзрах, муудах гэдэг шиг хайрцагт ороогдож эхэлж байгаа юм шиг санагдаад одоо яг дуусах цаг нь болсон юм байна гээд “Mixtape 17″ хүргээд дууссан. 17 бол миний дуртай тоо.

-Дахиж “Мixtape” эхлүүлэх үү?

-Дахиж эхлүүлэх тал дээр хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан өөрийгөө илэрхийлсэн дуу, хөгжим, зураг, ном иймэрхүү бүтээлүүдийг үхэн үхтэлээ л хийж бусадтайгаа мэдрэмжээ хуваалцаж, ярилцаж залуус дүү нартаа бас зарим зүйлийг товчлоход нь ч гэх юм уу. Юмыг харах өнцгийг нь хамтдаа засаж сайжруулах бүтээлүүдийг байнга хийнэ. Бид одоо ямар нийгэмд амьдарч байгаа нь бүх хүмүүсийн өмнө ил байна шүү дээ. Энэ бүхний төлөө өөрийн чадах бүхий л зүйлсийг байнга хийнэ.

-Тэгвэл та дуугаараа юу илэрхийлэхийг зорьдог вэ?

-Дууныхаа үгэн дээр их ажилладаг, боддог. Худлаа өөрийнхөө мэддэггүй зүйлсийг шүлэглэхийг хүсдэггүй. Сэтгэлгээний гажуудал хэт их ууртай бухимдалтай, хэт их яарсан, амжилт , алдар нэр гэх мэтчилэн иймэрхүү сонин зүйлсийн төлөө бид нар өрсөлддөг болсон. Уг нь ингээд байх шаардлагагүй юм шиг санагддаг. Хүн амьдарч байж. Өөрийнхөө дуртай зүйлийг хийж. Яг өөрөөрөө амьдрах ёстой гэж боддог. Тэрийгээ л хэлж байхыг хүсдэг. Бид бүгдээрээ нэг гэмт хэрэгтэн шиг сэтгэлгээний ч гэх юм уу муухай зүйл байхад тэрийг нь хараад тоодоггүй дасчихсан. Нэгнийгээ хуурах, худлаа ярих, араар тавилт, дүр исгэх гэх мэт зүйлс нийгэмд арай дэндүү хэтэрч байгаа. Энэ бүхний эсрэг явахыг хүсдэг.

Бид цаашдаа тайван, өөрсдөө сэтгэлийн амар амгалантай. Юу бидэнд хэрэгтэй. Өөрийн чинь мөн чанар юу вэ. Амьдралын чинь гол зорилго нь яг юу юм бэ? Цаг хугацааг яаж зөв ашиглах гэх мэт зүйлсийг өөрийнхөө өнцгөөс хэлж тайлбарлахыг хүсдэг. Мэдээж бүгд надтай санал нийлэх албагүй. Монголд байгаа ихэнх хүмүүс ямарваа нэгэн байдлаар сэтгэлгээний гажиг, өвчтэй болсон мэт санагддаг. Уучлаарай. Гэхдээ бид яг л нэг тийм хөгжихгүй гацаад нэг юман дотроо эргэлдээд тэрэндээ хоорондоо тэмцэлдээд байгаа юм шиг харагддаг. Бид утас, машин, хувцас гэх мэт зүйл дээр цензуртэй ханддаг хэрнээ тархи руугаа орж буй мэдээлэл, мэдлэгт шүүлтүүргүй ханддаг.

Өөрийнхөө тархийг ямар ч дархлаагүй хогийн сав шиг ашиглаж байгаа нь таалагддаггүй. Гэхдээ л өөрийнхөөрөө байцгаая.

-Реп Монголд үүсээд багагүй хугацаа өнгөрч байна. Таны бодлоор реппер хүн гэж хэнийг хэлэх вэ. Дуу хийсэн хүн бүрийг реппер гэж хэлэх өрөөсгөл ойлголт байх?

-Энэ тал дээр шүүмжлэлтэй хандахыг хүсдэггүй. Реп, хип хоп хөгжим бодит амьдралаас үүсэж гарсан илэрхийлэл гэж хэлж болно. Баяр баясал, бухимдал гэх мэт эрх чөлөөний тэмцэл гэдэг зүйлээс гарсан болохоор хүн бүр өөрийн райм, шүлгээ холбох, хөгжмөө хийх чөлөөтэй. Зөвхөн өөрийнхөө зүйлийг хийдэг. Өөрийнхөө мэдрэмжийг хамгаалж яг түүндээ байдаг хүмүүс байхад бусдад мэдрэмжээ илүү ойлгуулж хүргэе, түгээе гэсэн хүмүүс ч байдаг байх.

Тийм болохоор алийг нь ч буруутгаад шүүгээд байх эрх надад байхгүй. Реппер хүн гэж хэнийг хэлэх вэ гэвэл бүгд өөрийнхөөрөө боддог байх. Харин миний бодлоор бодит зүйл дээр бодит үнэнийг хэлдэг. Хэлсэн зүйлээрээ өөрөө яг амьдарч байдаг тийм хүн. Би яг л ингэж ойлгож явдаг. Гэхдээ н.Намдаг гуай энэ талаар хэлсэн байдаг юм аа. Хоёр үнэн зүйлийн дунд нэг худлааг хавчуулдаг гэж. Мэдээж энэ чинь урлаг болохоор бага зэргийн хачир орж байж илүү сонирхолтой, сахилгагүй гоё болох байх. Өөрийгөө илэрхийлмээр байгаа шүлэг, хөгжим хиймээр байгаа репперүүддээ амжилт хүсье.

-Таны уран бүтээлүүд бусад дуучдаас юугаараа ялгардаг гэж бодож байна. Магадгүй тэр ялгаа нь таныг илүү олонд таниулсан байх.

– Яг ийм тийм гэж сайн мэдэхгүй байна. Дууныхаа шүлгийг анхаарч бичихийг хичээдэг. Жоохон гүнзгий бичдэг гэх шүүмж болон зарим хүмүүст таалагдсан гэх санал, сэтгэгдлүүд ирдэг. Би багаасаа философи судалж олон газраар явсан. Юу юм бэ, яагаад, хэн юм бэ, юунаас болж гэх асуултуудыг бага байхдаа маш их асуудаг байсан. Реп хийхэд тэр чанар маань илэрч гардаг байж магадгүй. Мэдрэмжээ бусадтай чөлөөтэй илэрхийлж гаргахыг л хичээдэг дээ. Элдэв хачир нэмэхгүйгээр.

-Яагаад бие даасан тоглолтоо хийдэггүй юм бэ. Хэзээнээс тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байна ?

-Сүртэй том тоглолт хийх төлөвлөгөө байдаггүй. Харин бяцхан эвент хийх сонирхолтой. Ярилцаад ч юм уу дундуур нь дуулдаг иймэрхүү маягаар хийнэ гэсэн бодолтой байдаг. Удахгүй “Гэмт хэрэг ба яруу найраг” гээд цомог маань гарчихвал эвент хийж магадгүй.

нэг буюу түүнээс олон хүн ба гадаа нарын зураг байж магад

-Үнэндээ залуу уран бүтээлчдийн дууг сонсоход мөнгө, эд хөрөнгийг их магтаж дуулсан байдаг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Мөнгө дуулж болно. Эд хөрөнгө дуулж болно. Эмэгтэй хүний талаар, нийгмийн талаар дуулж болно. Залуу, хөгшин шинэ реппэрүүд юу ч дуулж болно. Харин агуулгатай байвал илүү зүгээр санагддаг. Мөнгө дууллаа гэж бодоход ямар ч мөнгөгүй байж би баян гээд дуулах чинь сонин. Үүний оронд би одоохондоо залуу байна. Бага зэрэг өөрийн гэсэн зарцуулах мөнгөгүй байна. Гэхдээ би олох болно. Надад мөнгө хэрэгтэй. Мөнгөтэй байж зэвүүн болно гэдэг ч юм уу. Яг тэр хүнийхээ мөн чанар сүнсээрээ ингэж илэрхийлбэл надад буруутгаад байх зүйл байдаггүй. Харин байхгүй байж худлаагаасаа хийсвэр дүр бүтээж дуулах гэдэг бол миний хувьд гоц гойд санагддаггүй. Нийгмийн болохгүй зүйлийг шүүмжилж дуулахдаа өөрөө яг зөв хүн биш байж. Бусдыг шүүмжлэх, мэдэхгүй байж тэр сэдвийг харааж дуулах бол утгагүй. Хараалаар юмсыг илэрхийлэх амархан. Хараал хэлэхгүйгээр юмыг онож хэлнэ гэдэг бас тийм амар биш.

-Тэгвэл цаашдын зорилгынхоо талаар хуваалцахгүй юу?

-Одоо цагтаа гоё байгаад өдөр өдрийнхөө ажлыг сайн хийгээд, бусдыг хайрлаад, уучлаад, талархаад, хэлмээр байгаа зүйлээ нуулгүй шууд хэлээд үзэн ядах, гомдох гэх мэт зүйлийг дотроо хадгалаад байхыг хүсдэггүй. Шууд хэлчихдэг. Мэдээж амьдралын жанжин шугам ч гэх юм уу том зорилго маань сайхан аз жаргалтай, баяр баясалтай, сэтгэлийн амар амгалантай бусдаас хайр, хүндлэлийг мэдэрч өөрөө бас тэр зүйлсийг өгч. Туслах хүнд нь тусалсан шиг тусалж хариу нэхэхгүйгээр явахыг л хүсдэг дээ. Уран бүтээл тал дээр дотроо төлөвлөж явдаг зүйл гэх юм бол ном байна. Богино хэмжээний кино, хөгжим хийе гэж бодож байна.

-Хэн нэгэнд зориулсан дуу бий юу?

-Бүтнээр нь зориулсан дуу байдаггүй. Харин ганц, хоёр мөр бол байдаг. Энэ нь зүгээр анзаарч байдаг зүйл. Энэ хүн ийм хүн юм байна. Энэ зүйл дээр ийм мэдрэмж төрүүлдэг юм байна гэж ерөнхийдөө анзаараад, анхаараад явж байтал тэр нь заримдаа шүлэг болох тал байдаг. Тэр бодлоо баяжуулаад дуу болгодог. Өөртөө зориулсан. Өөрийнхөө мэдрэмжийг хадгалсан дуунууд гэх юм бол “Mixtape” тэр чигээрээ .

-Амьдралдаа баримталж байгаа зарчим?

– Хэнийг ч ийм тийм гэж ялгаварлаж харьцдаггүй. Баярласан бол баярлалаа гэж гоё хэлэх, алдаа хийсэн бол тэрийгээ ойлгоод олигтойхон шиг уучлалт гуйж сурах. Ямар ч хүнтэй нийлж. Яаж ч явсан өөрийнхөө дархлаагаа хадгалах. Хүмүүсийн сайн чанаруудаас суралцах. Муу чанар байх юм бол алдаанаас нь суралцах. Сэтгэл гэдэг зүйлээ л амар тайван байлгахыг хүсдэг. Ингэж байж л дараагийн зүйлүүд тод томруун харагддаг

-Таныг шивээс хийдэг гэж сонсож байсан. Энэ талаараа ярихгүй юу?

-Шивээс хийдэг. Гэхдээ байнга хийдэггүй. Шивээс хийлгэнэ гэсэн хүмүүстэйгээ ярилцаад үнэ хөлсөө тохироод. Цаг заваа тааруулаад аятайхан шивээс хийхийг хичээдэг. Өөр хэд хэдэн зүйл хийдэг болохоор байнга хийж чаддаггүй. Шивээс миний хувьд амьтай зүйл.

-Шивээс хийхэд ямар мэдрэмж төрдөг вэ?

– Шивээс бол бүтээл бас урлагийн нэг төрөл. Хүмүүсийн арьсан дээр өөрийнхөө шивж зурсан бүтээлээ харахаар үзэсгэлэн ч юм уу галерей маягийн юмыг хүмүүс дээр гаргаад, тэд бусдад танилцуулаад явж байгаа юм шиг гоё мэдрэмж шиг санагдаг. Хуучны шивээсчин надад шивээс гэдэг бол хөлс, цус, мөнгө, бэлгэдэл, гоо сайхан гэдэг зүйлсийн цогц нийлбэр гэж хэлж байсан. Энэ надад үнэн санагддаг.

-Та өөрөө хэдэн шивээстэй вэ. Дурсамж үлдээсэн утга учир бүхий шивээс байгаа юу ?

– Олон шивээс байгаа. Учир утгагүй шивээс гэж надад бараг байхгүй дээ. Сайн сайхан зүйлийг дуудсан. Муу муухай зүйлсээс хаасан. Амьдралын бас нэг бодож явдаг хэзээ ч мартаж болохгүй зүйлээ үлдээх гэх мэтээр бүгдээрээ утга учиртай.

Монголд орчин цагийн хип хоп урлаг хөгжөөд 30 жил болж байна. Таны бодлоор энэхүү урлаг ямар хэмжээнд явж байна бэ ?

– Маш сайн явж байгаа. Хуучны ах нар ч ажлаа хийсээр байж байна.Миний үеийхэн ч хийдэг зүйлээ хийж байна. Шинэ залуу репперүүд гарч ирж байна. Хөгжмөө өөрөө хийж байна. Шүлгүүд нь гоё байна. Монголд бүх төрлийн реппэрүүд байна. Бүх артистууддаа гэж хэлэхэд ямарваа нэг юмны хар, цагаан сайн, муу балансыг хадгалаад юмны хайрыг даана гэдэг шиг зөв авч явах хэрэгтэй болов уу. Урлагт ч гэсэн мөн чанар гэдэг зүйл байдаг. Тийм ч учраас хадгалсан зүйлсээ санаж яв л гэж зөвлөх байна даа.

Тайлбар байхгүй.

-Таныг сонсох дуртай сонсогчид болон залууст хандаж юу гэж хэлэх вэ?

-Элдэв дүр битгий эсгээрэй. Өөрийгөө олоод би хэн бэ гэдгээ мэдрээд дараа нь өөрийгөө ямар байлгамаар байна түүнийгээ бүтээгээд. Өөрийнхөө мөн чанар сүнсээ хайрлаад, хамгаалаад бусадтай сонин зүйлийн төлөө өрсөлдөж битгий зов оо. Чи заавал мундаг, шилдэг байх албатай биш. Гол нь чи амьд явах биш амьдрах хэрэгтэй. Тэр нь сайн ч байсан, муу ч байсан чиний амьдрал, чиний сонголт, чиний мэдрэмж чиний бүх зүйл. Тэгээд Respect your Soul…

Сэтгүүлч Д.Баттогтох