Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Жаргалсайхан: Тайзан дээр ажиллах нь жүжигчин хүний хамгийн том бахархал DNN.mn

Монгол Улсын Ардын жүжигчин Бэх-Очирын Жаргалсайхантай ярилцлаа.


-Сайхан өвөлжиж байна уу. Сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар ярилцлагаа эхэлье. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Сайхан өвөлжиж байна аа. Хамгийн сүүлийн үеийн уран бүтээл гэвэл Улсын драмын эрдмийн театр маань өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт хотод аялан тоглолтоо хийгээд ирлээ. “Эрдэнэт хотод соёлыг түгээе” гэсэн хамтарсан хөтөлбөрийг зохион байгуулж “Анна Каренина” сонгодог жүжиг болон “Миний аав супер баатар” хүүхдийн жүжгийг тоглосон. Эрдэнэт хотын үзэгчид маань их сайхан хүлээж авсан. Төвийн урлагийн байгууллагын тайзан дээр тоглодог томоохон хэмжээний уран бүтээл болох “Анна Каренина” жүжгийг анх удаагаа хөдөө, орон нутагт Орхон аймагт тоглосноор нэлээд их ач холбогдолтой байлаа, сайхан болсон.

-Та Улсын драмын эрдмийн театрт ажиллаад 35 жилийг ардаа өнгөрөөжээ. Театрт анх орж байх үед нь алтан үеийн ямар ямар жүжигчид ажиллаж байсан бэ. Тухайн үеэ дурсаач?

-1982 онд аравдугаар ангиа төгсөөд, Москвагийн Театр урлагийн дээд сургуульд хэсэг хүүхдийг жүжигчний мэргэжлээр сургана гэж хүмүүс сургуулиудаар явж хүүхдүүдийг шалгаруулсны тоонд би орсон юм. Намайг шалгаж авсан хүн бол Монгол Улсын гавьяат жүжигчин З.Жарантав ах. Тэгээд театрт ирж шалгалт өгөн тэнцэж 1987 онд сургуулиа төгсөөд, театртаа орсноор өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Мэдээж оюутан байх хугацаанд болон сургуулиа төгсөж ирсний дараа гэхэд олон ахмад сайхан уран бүтээлчидтэй хамт ажиллаж байлаа. Ахмад үеийн уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байсан маань үнэхээр бахархалтай сайхан санагддаг. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай, мөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, ардын жүжигчин Ц.Гантөмөр гуай, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Сэлэнгэ эгч, Монгол Улсын ардын жүжигчин Л.Жамсранжав гуай, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Цэвээнжав, Монгол Улсын гавьяат жүжигчин П.Цэрэнпагма эгч гээд алтан үеийн олон сайхан жүжигчид бий. Оюутан байхдаа театрт амралтаараа ирдэг байх үед Монгол Улсын ардын жүжигчин Д.Дамдинсүрэн гуай зэрэг маш олон уран бүтээлчидтэй хамтарч ажиллах, тэдний бараа сүрийг харах боломж тохиолдож байсан. Одоо эргээд бодоход өөрөө ахмад үеийн уран бүтээлч болчихоод байж байгаа нь мөн л цаг үе үргэлж хувьсаж, өөрчлөгдөж байдаг гэдгийн илэрхийлэл гэж бодож байна даа.

-Та Мөнх тэнгэрийн хүчин дор киноны Хасарын дүрээр илүү алдаршиж, танигдсан шүү дээ. Монголын алтан үеийн ихэнх жүжигчидтэй хамт тоглож байсан талаараа дурсвал?

-Би нэг бодлын их азтай хүн гэж өөрийгөө боддог. Сургуулиа дөнгөж төгсөөд тун удаагүй байхад 1989 оны хавар “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд проб хийх болоод агуу их найруулагч Б.Балжиням дээр очиж пробонд орж байсан юм. Кино үйлдвэр дээр их л олон хүн шалгаруулалт өгч байсан. Тэгээд дараа жилийн хавар нь өөрийн дүрдээ тэнцлээ гэсэн хариу сонсоод бөөн баяр болж байлаа. Тэр үед бид аялан тоглолтоор баруун аймгуудаар, Хөвсгөл аймагт явж байсан. Одоо үеийнх шиг утас гэж байхгүй, сумын холбооноос театрын урлагийн бригадыг ахалж буй хүнтэй холбоон дээр ярья гэж байна гэхэд ардын жүжигчин Г.Мягмарнаран ах очиж утсаар ярьчихаад инээгээд л хүрээд ирсэн юм. Юу болов гэхэд “Сайхан мэдээ байна аа. “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны пробонд орсон хүмүүсийн хариу ирж. Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Нямсүрэн, ардын жүжигчин Г.Мягмарнаран, залуу жүжигчин Б.Жаргалсайхан нар өгсөн дүрдээ тэнцсэн байна. Одоо үс, гэзгээ засуулж болохгүй энэ чигээр нь байлгана шүү” гэж байсан. Тэр үед Уугий (Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Урнаа) бид хоёр хамт явж байсан учраас хоёулаа энэ мэдээг сонсоод шоконд орсон. Тэгээд наадмын дараа киноны зураг авалт болж, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны хамгийн анхны зураг авалт бол миний тэргэнд хүлүүлж байгаад ташуурдуулдаг хэсэг байсан юм. Анхны зураг гэдэг утгаар дотроо нэлээд түгшүүртэй байсан. Зурагт орж буй хүмүүсээ харж байгаад кино зураг авалтад орвол арай өөр. Гэтэл юу юугүй тэргэнд хүлүүлж байгаад хоёр зэрэг хоёр талаас ташуурдаж эхэлж байлаа. Олон сайхан алтан үеийн уран бүтээлчидтэй, ард ажиллаж буй түүх судлаачид, зөвлөгөө өгч буй гайхамшигтай сайхан хүмүүс байсан. Кино урлаг, драмын урлаг үргэлж хамтын бүтээл байдаг. Ард минь зөвлөж байсан гайхалтай хүмүүсийн дэмээр энэ дүр дээр ажиллаж тоглосон доо.

-Та Мөнх тэнгэрийн хүчин дор киног найруулсан Бэгзийн Балжинням гуайн талаар ярихгүй юу?

-Б.Балжинням найруулагч их сайхан хүн байдаг юм аа. Хүмүүстэй их энгийн харьцаж, хүнийг дээр доор гэж ялгаж харьцдаггүй юм шиг санагдсан. Учир нь 1-2 жилийн хугацаанд “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны зураг авалтад явж байхад ямар ч хүнтэй сайхан харьцдаг, ярьж буй яриа нь егөөдөлтэй боловч цаад утга нь давхар санааг хэлж байдаг. Их сайхан харьцаатай. Киноны үед ч яг зураг авах гэж байх үед жүжигчинд олон зүйлсийг хэлэхгүйгээр яг юуг тоглож, үзүүлэх ёстой гэдгийг маш товч тодорхой, энгийнээр сайхан ойлгуулж өгдөг. Миний бодлоор найруулагч хүн олон зүйлсийг хэлж ойлгуулах гэснээс тодорхой хэлээд асуудлыг шийдэж байх хэрэгтэй гэж боддог. Энэ тал дээр Б.Балжинням найруулагч үнэхээр гайхалтай. Киноны зураг авалт дуусаад, дэлгэцээр гарсны дараа ч гэсэн Б.Балжинням ахтай үргэлж холбоотой байдаг байсан. Хааяа бид очиж уулзалддаг байх үед “Та нар минь байхгүй болчихоор би ганцаардаж, ганцаараа болчихсон юм шиг санагдаад. Та нар хүрээд ирэх чинь ямар сайхан юм” гэдэг байлаа. Олуулаа дуулж хуурдаад суух чинь үнэхээр сайхан шүү дээ. Ер нь их сайн хүн байсан гэж хэлнэ.

-Таны хувьд тайз, дэлгэцийн олон сайхан дүрийг бүтээж байсан шүү дээ. Тоглож бүтээж байсан дүрүүдээс нь хайрлаж сэтгэлд хоногшсон, дурсамжтай нандин дүр нь ямар дүр вэ?

-Тоглосон жүжиг болон киноны дүрүүддээ 100 хувь сэтгэлээсээ өөрийгөө зориулж тоглодог. Анхны уран бүтээл гэдэг утгаараа тэр уран бүтээлүүддээ үнэхээр хайртай байдаг. Тайзан дээр анх агуу Г.Доржсамбуу найруулагчийн найруулсан “Халуун газар” гэж жүжиг бий. Яг 1987 онд сургуулиа төгсөж ирэх үед юу ч мэдэхгүй байхад минь гол дүрийг надад өгсөн. Тэр үед надад тэнд сурсан эрдмээ харуулах, агуу Москва хотын театр урлагийн дээд сургуулийн багш ЗХУ-ын Ардын жүжигчин, төрийн шагналт Анатолий Дмитриевич Папанов гэж гайхамшигтай хүний шавь болж төгссөнийх өөрийгөө л үзүүлнэ дээ гэж хамгийн эхэнд бодсон. Энэ тайзан дээр одоо л би өөрийгөө цаашаа явах үгүйгээ харуулж чадахгүй юм бол тэр чигтээ нэг газартаа байгаад л байна гэсэн ойлголт төрж байсан юм. Тэгээд “Халуун газар” жүжиг маань их сайхан амжилттай болж, түүнээс хойш тайзны уран бүтээл хийдэг олон олон найруулагчдын хараанд өртөж өнөөдрийг хүртэл явж байна. Мэдээж дэлгэцийн бүтээл кино ч гэсэн ялгаагүй. Дэлгэцийн бүтээлд Ч.Жумдаан найруулагчийн “Хүний хүн” гэж уран сайхны кинонд гол дүр бүтээсэн. Энэхүү кино нь их сайхан кино болсон. Өнөөдрийн бидний ардчилал гэж ярьдаг, энэ цаг үеийн эхлэлийг тавьсан кино юм болов уу гэж боддог. Энэ кино амжилттай болсноор мөн л миний кино, дэлгэцийн уран бүтээлд өөрийгөө сорих, найруулагчидтай хамтарч ажиллах боломжийг нээж өгсөн гэж боддог.

-Та сүүлийн найм, есөн жил дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээсэнгүй. Кинонд дүр бүтээх санал ирж байна уу?

-Ер нь дэлгэцийн уран бүтээлд тоглуулах санал ирдэг ч сүүлийн 7, 8 жилийн хугацаан дотроо тайзны уран бүтээлд анхааръя гэсэн гүн бодолтой явсан. Учир нь тайзны уран бүтээл гэдэг бол дэлгэцийн уран бүтээлээс ялгарах олон шинж чанартай байдаг. Тайзны уран бүтээл гэдэг бол үзэгчид, тайз, жүжигчдийн хооронд жинхэнэ амьд харьцаа өрнөж байдаг. Бэлтгэл сургуулилт хийхэд мэргэжлийн жүжигчин хүнээс маш олон зүйлийг шаарддаг. Ухаан санаа, оюун бодол гээд хүний хөлс хөдөлмөр юу гарах ёстой бүгдийг жүжигчин хүнээс үргэлж шаардаж байдаг. Тиймээс тайзан дээр ажиллана гэдэг жүжигчин хүний хамгийн том бахархал гэж би боддог. Дэлгэц ч сайхан, үнэхээрийн агуу ч найруулагч кино хийх гэж байхад мэргэжлийн бус хүн дүр дээр тохирсон байхаар харагдаж тэнцвэл тоглож болдог. Харин тайзан дээр мэргэжлийн бус жүжигчин гарч ирээд тоглоно гэхэд миний хувьд үнэхээр төсөөлөгддөггүй. Тиймээс илүү өөрийгөө боловсруулж, араас гарч буй залуу үедээ үлгэр болох, өөрийн хийж буй үйлдэл, тайзны хөдөлгөөн бүх зүйлээрээ үлгэрлэе гэдэгүүднээс сүүлийн жилүүдийг тайзны уран бүтээлд зарцуулж байгаа. Тайзан дээр гарсан уран бүтээлч өөрийн оюун ухаан, хөлс хүч бүхий л зүйлээ дайчилж байж тэндээс үзэгч, жүжигчин хоёрын дундах мэдрэмж маш сайн гарч ирнэ.

-Та багадаа спортод их сонирхолтой Жүжигчин болно гэж мөрөөддөггүй байсан гэсэн. Тэгвэл яагаад Москва хотын Театр урлагийн дээд сургуульд суралцах болсон юм бэ?

-Би бөхийн спортоор үндэсний бөх, чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан юм. Түрүүн хэлсэнчлэн Москвад Театрын сургуульд хүүхдүүдийг сонгон шалгаруулж суралцуулах гэж байсан. Тэр үед намайг чөлөөт бөхийн тэмцээнд оролцохоор “Залуучууд” зочид буудалд байрлачихсан байж байхад манай ангийн хүүхэд хүрч ирээд “Өндөр, бие хаа сайтай хүүхэд хэрэгтэй гэнэ, чи яг тохирох юм байна” гэж хэлсэн. Би тэмцээн болох гэж байхад

юун урлаг гээд сонирхолгүй байсан.

Багаасаа Алтан Москваг дотроо их төсөөлөн боддог байлаа. Алтан Москваг зорьсон

Ухаант жанжин Сүхбаатарыг

Намрын хонгор салхи

Найртай сайхнаар угтлаа.. гээд шүлэгт гардаг шиг Алтан Москва ямар газар байдаг гэдгийг үзэх юмсан гээд бага байхад мөрөөдлийн юм шиг л бодогддог байлаа. Манай найз “Чи дандаа л алтан Москваг үзчих юмсан гэж ярьдаг шүү дээ. Хэрвээ энэ сургуульд шалгалт өгөөд тэнцчих юм бол хүсээд байгаа Москвагаа үзнэ” гэхэд толгойд нээрээ л тийм юм байна шүү дээ гээд З.Жарантав ах дээр очиж бэлдүүлж, давхар циркийн нэрт жүжигчин, алиалагч Т.Латиф ах дээр намайг аваачиж өгч гардан бэлтгэл сургуулилтыг хийлгэсэн.

-Таныг Төрийн шагналт, ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайгаас албан ёсоор Харшийн сүлд модны наадам-ын Өвлийн өвгөн гэдэг дүрийг хүлээж авсан гэдэг. Арванхоёрдугаар сар гараад өвлийн өвгөний захиалга ямар байна вэ?

-Арванхоёрдугаар сар гарах үед л шинэ жилийн уур амьсгал орчихдог. Тэр утгаараа албан газрууд, хувийн байгууллагууд шинэ жил гээд их юм болдог. Сүүлийн хоёр, гурван жил шинэ жилийг албан ёсоор тэмдэглэсэнгүй. Энэ жил бол энэ тэнд хувийн байгууллагууд их л сайхан тэмдэглэж байна. Г.Гомбосүрэн гуайгаас албан ёсоор “Харшийн сүлд модны наадам”-ын Өвлийн өвгөн гэдэг дүрийг 2004 онд хүлээж авснаас хойш 18 жил өнгөрчээ. Миний хувьд бурхан, номд нь хадгаа тавьж албан ёсоор хүлээж авсан. Г.Гомбосүрэн гуайн хэрэглэж явсан дээл, хувцас малгайнаас нөмрөгийг нь одоог хүртэл хэрэглэж байдаг. Одоо хүртэл “Харшийн сүлд модны наадам”-ынхаа бэлтгэл дээр ирчихсэн хүүхдүүдтэйгээ бужигнаад л байж байна. Сайхаан, сайхан. Агуу том жүжигчний ард түмэндээ үлдээж өгсөн энэ гайхамшигтай дүр төрхийг цаашаа өвлөөд авч явах нь үнэхээр бахархалтай, сайхан.

-Таны хувьд гэр бүлийнхээ хүн болох Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Урнаатай нэг мэргэжилтэй, нэг салбарт ажиллах ямар байдаг вэ?

-Нэг мэргэжлээр, нэг газар хамтарч ажиллах нь маш олон давуу талтай. Яагаад гэвэл, аливаа уран бүтээл дээр ажиллахад хамгийн анхны бөгөөд үнэтэй зөвлөгч нь бид хоёр хоорондоо, бие биедээ байж байдаг. Тайзан дээр Г.Урнаа гараад тоглож байхад найруулагч хэлэхээс гадна давхар би хэлж байх жишээтэй. Намайг тоглож байхад Уугий хэлнэ гэх зэрэг байнгын нэг нэгэндээ зөвлөдөг. Тийм учраас бид хоёрын драмын урлагт энэ зэрэгтээ явж байгаа нь ч мэргэжлийн хоёр хүн гэр бүл болж бие биедээ үнэнч зөвлөгч явсан нь нөлөөлсөн байх гэж боддог.

-Танай гэр бүлийн хувьд хуучин оноо хэрхэн үдэж, шинэ оноо яаж угтдаг вэ?

-Шинэ жилийн баярыг “Ковид-19” цар тахлын өмнө ихэнхдээ он гарч буй мөчийг төв талбай дээрээ өнгөрөөж 00:00 цагаас хойш гэртээ ирж тэмдэглэдэг байсан. Энэ жилийн хувьд гэртээ баярлаж өнгөрөөнө. Арванхоёрдугаар сарын 25-нд том хүүгийн минь төрсөн өдрийн баяр болоход албан ёсоор гэр бүлээрээ цугларч, өнгөрсөн оныхоо хийж бүтээсэн, ололт амжилт бүх зүйлсээ ярьж, ирэх ондоо юу хийх, төлөвлөгөөгөө ярилцан, зорилгодоо хүрэхийн тулд сайн ажиллах хэрэгтэй хэмээн халуун дулаан гэр бүлийн уур амьсгалтайгаар хамтдаа хооллоод тардаг. Мэдээж 31-ний орой хүүхдүүд минь бүгд гэр гэртээ, бид хоёр ч бага охинтойгоо гэртээ баярлаж өнгөрөөдөг. Ер нь сүүлийн жилүүдэд дандаа гэртээ оноо гаргасан. Энэ жил ч гэсэн тэгэх байх гэж бодож байна. Шинэ жилийн баярыг гэр бүлийн баяр, гэртээ гэр бүлээрээ хамтдаа баярлаж өнгөрөөдөг гэж ярьж, тэмдэглэж сурсан байна. Найз нөхөд, хамт олонтойгоо шинэ жилээ тэмдэглэж сууж, баярлаж цэнгэх зүйл байлгүй яах вэ.

-Таны хувьд хамгийн сайхан шинэ жилийн баяр хэзээ болж байв?

-Найз, нөхөдтэйгөө тэмдэглэж байсан олон сайхан дурсамжтай үйл явдлууд байна. Би өвлийн өвөө болдог учраас олон байгууллага, газруудаар явна. Харшийн сүлд модны наадамтай холбоотой нэг шинэ жилийн баяр мартагддаггүй юм. 2006, 2007 оны үед Харшийн сүлд модны наадам болсны дараа надаас нэг хүүхэд ирж бэлэг авч байсан юм. Тэр хүүхэд над руу харчихаад их л гайхаж байхаар нь “Энэ яасан хөөрхөн хүүхэд вэ, над руу өөрөө харчихаад их гайхаж байна аа, хэдэн настай вэ” гэхэд зургаан настай гээд “Баяр хүргэе. Мундаг хүүхэд байна” гэхэд бүр илүү гайхаж хараад “Яасан их гайхаж хардаг юм бэ миний охин. Өвөөгөө харж байгаагүй юм уу” гэхэд “Миний охин төрөхөөсөө хараагүй байж байгаад хагалгаанд ороод хараатай болоод анхныхаа шинэ жилийг үзэж, өвлийн өвөөгөөс бэлэг авч байна. Тэгээд ингэж их гайхаж байгаа юм шүү” гэж ээж нь хэлсэн. Энэ нь надад мартагддаггүй, дурсамжтай шинэ жил болж байсан. Тэр хүүхэд өөрийнхөө ертөнцийн бүх сайхан зүйлсийг хардаг болсноороо олон зүйлийг мэдэрч сайхан явж байгаа болов уу гэж бодож байна.

Ярилцлагынхаа төгсгөлд хэлэхэд, Монгол Улс орон маань хөгжин дэвжиж байна. Юм бүхнийг сайнаар төсөөлж бодох хэрэгтэй. Би аливаа зүйлд сайн сайхан явах хувь хүн өөрөөс нь эхэлж цаашаа үргэлжилж явна гэж боддог. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үгийг үргэлж дотроо бодож явдаг даа. Монгол сайхан оронд маань муу зүйл үл учралдаж, сайн үйл бүхэн дэлгэрч байх болтугай. Ирж буй 2023 ондоо бид бүхэн аз жаргалтай, инээд хөөрөөр бялхсан, эрүүл саруул байх болтугай гэж ерөөе.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Э.Дашням: Арван жилийн хөдөлмөр шингэсэн тоглолт маань сайхан болсон DNN.mn

“Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн тайзнаас олон гайхалтай уран бүтээлийг өвөрмөц хоолойгоороо амилуулж, үзэгчдийн хайрыг татсан авьяаслаг уран бүтээлч Э.Дашнямтай ярилцлаа. Тэрбээр Төв аймгийн Алтанбулаг суманд төрж өссөн бөгөөд хөгжмийн зохиолч Билэгтийн Дамдинсүрэнгийн зээ хүү юм.


-Анхны бие даасан тоглолтоо хийгээд удаагүй байна. Тоглолтынхоо талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

– Арван жилийн хөдөлмөр шингэсэн тоглолт маань гоё болсон. Аав, ээж, ах дүү нарыгаа уриад. Заал дүүрэн үзэгчдэдээ суулгаад сайхан тоглолт хийсэн. Сэтгэгдэл өндөр байна. Олон сайхан тоглолтод очиж дуулж байсан. Миний тоглолтыг үзэхээр зориод ирсэн. Намайг хайрладаг хүмүүсийнхээ өөдөөс хараад дуулах. Үнэхээрийн сайхан байдаг юм билээ. Монголынхоо ард түмэндээ маш их баярласан.

 


-Тоглолтынхоо үеэр нулимс унаган зогсож байсан. Тэр үед яг ямар мэдрэмж төрдөг юм байна?

-Тэр мэдрэмжийг би насан туршдаа хадгалж явах байх. Хүнд мартдаггүй дурсамж гэж байдаг шүү дээ. Хэзээ ч миний сэтгэл зүрхнээс гарахааргүй тийм гоё дурсамж болж үлдсэн.

-Та уртын дуучин мэргэжилтэй. Тиймээс аль ч төрлийн дууны үгийг, аяыг илүү мэдэрч дуулдаг болов уу?

-Бүх дуу нэг зүйлд зориулагдсан байдаг. Тэр зүйлийг л мэдэрч, ойлгож дуулахад хүний зүрх сэтгэлд хүрдэг. Ээжийн тухай дуу бол ээжийгээ, Эх орны тухай дуу бол эх орноо дотроо бодож дуулдаг.

-Танай гэр бүлд өвөөгөөс тань өөр урлагийн хүн бий юу?

-Би Хөгжмийн зохиолч Билэгтийн Дамдинсүрэнгийн зээ хүү. Өөр урлагийн хүн бол байхгүй.

-Та өвөөгийнхөө талаар ярихгүй юу?

-Намайг төрөхөд өвөө маань бурхан болчихсон байсан. Тиймээс яг сайн мэдэхгүй байна. Аав, ээжээсээ л өвөөгийнхөө талаар сонсдог.

-“The Voice of Mongolia” шоуны дараа танд хандах хүмүүсийн хандлага хэрхэн өөрчлөгдсөн бэ?

– Хүмүүс таньж мэддэг болоод ирэхээр хамаатан садан ах, дүү, найзуудтайгаа харьцаж байгаа юм шиг дотно. Хэзээний нэгнээ таньдаг байсан юм шиг тийм гоё сэтгэгдэл төрдөг юм билээ.

-Олны танил болохын давуу тал нь юу байна ?

-Давуу тал гэх юм бол олон сайхан хүмүүстэй найз нөхөд, ах дүү болох л юм даа. Нэг газраар ороод гарсан ч гэсэн. Таниад мэндлээд өнгөрч байгаа нь хүртэл сайхан санагддаг.

-Дуулж байгаа өнгө аяс тань намуухан, “Voice”-ийн тайзнаа бүрдүүлсэн стиль имиж тань ч төлөв төвшин харагдсан учраас таныг их даруухан залуу юм гэж дүгнэх олон хүн бий.

-Би тийм онгироо хүн бол биш. Даруухан хүн гэж хэлж болно. Манай уртын дуу, ардын урлаг өөрөө их сайхан шүү дээ. Дуулж байгаа дуу, төрж өссөн орчин ч их нөлөөлсөн байх.

-Цаашид ямар төрлийн уран бүтээл хийнэ гэж бодож байна вэ?

-Уртын дуучин мэргэжилтэй болохоор олон жил өвлөгдөж ирсэн олон сайхан дуунуудыг л гаргаж ирэх зорилготой байгаа.

-Шинэ жилийн баяр болж байна. Та хамгийн гоё сэтгэлд үлсэн дурсамжаасаа хуваалцахгүй юу ?

-Олон сайхан дурсамж байгаа одоо яг санаанд орж байгаа хамгийн ойрын дурсамж гэх юм бол миний төрсөн өдөр байна. Би арванхоёрдугаар сарын 24-нд төрсөн. Өнгөрсөн жил төрсөн өдрөө маш сайхан тэмдэглэсэн. Нэг газар дуулах гэж очоод санаандгүй төрсөн өдрөө тэмдэглэчихсэн.

 

Д.БАТТОГТОХ

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ч.Бат-Эрдэнэ: Манай үеийнхэн Монголын дууны урлагийн нэгэн үеийн түүхийн гэрч DNN.mn

Монгол Улсын гавьяат жүжигчин, доктор Ч.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Ярилцлагаа тун удахгүй болох таны “Best hits” бие даасан тоглолтоос нь эхэлье. Тоглолтынхоо талаар дэлгэрүүлээч?

-Би 2013 онд Ирландаас ирснийхээ дараа “Монголын тухай” нэртэй тоглолтоо хийснээс хойш арав гаруй жил өнгөрсөн байна. Төрийн албанаасаа хөндийрөөд хоёр жил орчим болж. 2002 онд СУИС-ийг төгсөөд өнөөдөр 20 жил болсон байна. Тиймээс энэ хугацаа дахиж эргэж ирэхгүй учраас он гарахаас өмнө намайг сонсож мэдэрдэг, 2000 оноос хойш надтай хамтдаа байсан үзэгчидтэйгээ сайхан дуулж, баяр тэмдэглэж жаргаж нэг үдшийг өнгөрөөе гэж бодсон юм. Шинэ жилийн баяр гэхээр л монголчууд их өргөн тэмдэглэж такс төлж ширээний ард 10-20-иулаа суудаг нь үрэлгэн зардал гаргаж буй мэт харагддаг. Тиймээс үүнийг олноороо хамтдаа гоё, сайхан байдаг баяр болгох боломж байгаа юу гэдгийг харах гэж хичээсэн.

Түүхэндээ өмнө нь арванхоёрдугаар сарын 10-наас хойш, шинэ жилийн үеэр томоохон тоглолт, концерт болж байсан нь ховор юм байна. Шинэ жилийн хүлээн авалтын хамгийн хямд цэс нь 150 мянга орчим төгрөг байна. Нэг хүний гаргах зардал үүгээр зогсохгүй бөгөөд үс засалт, нүүр будалт, даашинз болон бусад такси унааны зардал зэрэгт хамгийн багадаа хагас сая орчим төгрөг зарцуулагдана. Ийм өндөр зардлаар нөгөө л хэвшмэл, хамтдаа ширээ тойрч суугаад баяр тэмдэглэдгийг өөрөөр тэмдэглэх боломж байгаа гэдгийг өөрийнхөө үе тэнгийн болон уран бүтээлч дүү нартаа харуулж зам мөр гаргаж байна. Ингээд “Best Hits” гээд өөрийн бүх шилдэг дуу, уран бүтээлүүдээ толилуулж, өөрийнхөө өнгөрсөн, одоо, ирээдүйг юу гэж бодож буй гэдгээ харуулж нэг оройг мартагдашгүй өнгөрөөе гэж бодож байна даа.

-Сүүлд 2013 онд арав гаруй жилийн өмнө өөрийн бие даасан тоглолтоо хийж байсан шүү дээ. Хамгийн анх өөрийн бие даасан тоглолтоо хийж байсан үеэ дурсахгүй юу?

-Хамгийн анх 2003 онд “Хонхны нулимс” тоглолтоо хийж байсан. Яг үнэндээ дуулж, тайзан дээр байж, үзэгчидтэйгээ хамт, тэдний алга ташилтыг мэдрэх, чин сэтгэлээсээ хамтдаа дуулах зэрэг нь жаргалтай мөч. Дуу хуур, үзэгч түмэн миний хамгийн сайн анд найз. Энэхүү тоглолт нь найм дахь томоохон тоглолт юм. Тоглолтын ард нэлээдгүй том баг буюу 200 гаруй хүн ажиллаж байна. Энэ бүх хүн миний төлөө цаг зав, сэтгэл зүрх бүхий л зүйлсээ зориулан ажиллаж байгаа.

-Та МУГЖ Г.Эрдэнэбаттай хамтарсан тоглолт хийж, дуунуудаа сольж дуулж байсан тухайгаа ярихгүй юу?

-Тийм, уран бүтээлээ тэгж сольж дуулах нь их чухал санагддаг. Уран бүтээлүүд хэн нэгэнтэй дуусах ёсгүй. Дараа, дараагийнх нь үе аваад залгамжилж явах нь их чухал. Тухайн үед, МУГЖ Г.Эрдэнэбат АНУ-аас ирээд төрийн албанд ажиллаж байсан. Миний хамгийн хайртай хүмүүсийн нэг бол МУГЖ Эрдэнэбат. Би хаана ч энэ хүнийг даган дуурайж, тэлээний түдүүлээс нь зүүгдэж явж байж хүний дайтай болсон гэж хэлдэг. Багш маань гэж хэлэхэд болно. Оюутан байхдаа намайг дэмнэж, хөтөлж, надад зааж зөвлөөч ээ гэж хадаг барин очиж уулзаж байсан. Тэгээд анхны дуугаа авч хамтран ажилласан. Магадгүй өдөр тутамдаа төрөл бүрийн зүйлс зааж зөвлөнө гэхээс илүүтэй тэр хүнийг дагаад харж, суралцаж явах нь маш том үлгэр дуурайлал, боломжуудыг өгч, нүдийг маань нээж өгсөн гэж боддог. Ахыгаа төрийн алба хашиж байхад нь тоглолтоо зохион байгуулж, амралтыг нь авахуулж орон нутгаар тойрч, Европоор ч аялан тоглолт хийсэн.

-Та Ирландад манлайллын чиглэлээр сурч байсан гэсэн үү?

-Тийм. Соёл урлагийн салбарын манлайлал чиглэлээр сурсан. Би 2010 онд Удирдлагын академид магистрын зэргээ хамгаалсны дараагаар, докторын зэрэгт элссэн. Монголын соёл урлагийн салбарын төлөө яг юу хийж болох юм бэ гэдгийг харахыг хичээсэн. Дуулж явж болох ч өөрийгөө сорьж, хөгжүүлж, өөр өнцгөөс харах, Монголын соёл урлагийн салбарт бидний хийж буй зүйл үнэн үү, худлаа юу, зөв үү, буруу юу, юуг нь чадаж, чадахгүй байгаа гэдгийг гаднаас нь харвал илүү бодитой харагдах юм шиг санагдаж гурав, дөрвөн улсаас сонгож байгаад Ирландыг сонгосон. Ирланд бол соёл урлагийн салбарын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр дэлхийд нэг номерт орохоор улс. Эрдэмтэд, судлаачид нь ч их мундаг хүмүүс байдаг. Тэнд очоод өөрийгөө хэн бэ, ирээдүйд маргааш юу хийх ёстой вэ гэдгийг ч ойлгосон. Магадгүй ирээд төрийн алба хашиж, төрийн үйлчилгээний байгууллага буюу СУИС-ийн соёлын сургуулийн захирал, бүжгийн сургуулийн захирал, Нийслэлийн соёл урлагийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа төр түмний төлөө, соёл урлагийн салбарын төлөө өөрийнхөө чадах зүйлсийг л зориулж хийж явж ирсэн. Тэгэхэд миний үзэж харж, мэдэж сурсан зүйлс ажилд маань тус дэм болж байсан гэж ойлгож болно. Судалсан, мэдсэн зүйлсээрээ сая 2021 оны арванхоёрдугаар сард “Соёл урлагийн байгууллагын шинэчлэлийн судалгаа” сэдвээр докторын зэргээ хамгаалсан. Нэлээдгүй судалгаа хийсэн, үр дүнтэй ажил болсон гэж ойлгож байгаа.

-“Хонхны нулимс” дуугаараа нийтийн дууны ертөнцөд цахиур хагалан гарч ирж байсан шүү дээ. Энэхүү дууны дурсамжаасаа хуваалцаач?

-Энэ дуу анх сургуулийн найрал дуу байсан. Бид соёлын сургуульд ч байхдаа дуулдаг байсан. Б.Бямбабаяр багшаасаа энэ дууг авч, хүмүүсийн сэтгэл зүрхэнд байдаг нандин дурсамжуудын нэг бол хонхны баяр байдаг, тэгээд дуулмаар санагдаж дуулж байсан. Тухайн үед тийм айхавтар мундаг дуу болно гэж бодоогүй. “Хонхны нулимс” дуундаа хамгийн их хайртай. “Төмөр уйлуулдаг хүү” гэдэг хочтой болоод явтал өнөөдрийг хүртэл надтай хамтдаа явж байгаа нь гайхамшигтай. Энэ аялгуу, дууг бүтээсэн миний багш Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр гэж маш их авьяастай хүн байдаг. Яруу найрагч нь Цэнхэрмандал сумын харьяат, одоогоор малын эмч хийдэг Мөнхбат гэж хүн ХААИС-ийн оюутан байхдаа зохиосон шүлэг. Төгсөлтийн баяр дээр нь Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Төмөрхуяг гуай анх дуулж байсан түүхтэй. Одоо бол энэ дуутай амьдрал ахуй, бүх зүйлс нь холбоотой байна. “Хонхны нулимс” дууг дуу л гэж хардаг болохоос цаанаа олон зүйлсийг агуулж байдаг юм байна.

-Нийслэлийн соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байх үедээ ямар ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ?

-Би Нийслэлийн соёл, урлагийн газрын даргаар нийтдээ нэг жил найман сар ажилласан. Мэдээж төрийн захиргааны байгууллагын хувьд дотор нь ороод хийх зүйлс нэлээдгүй байсан. Ажиллаж байх үедээ хамт олонтой нь гар нийлэн ажилласан. Төрийн ажлыг өөрийнхөө байх хугацаандаа болохгүй, бүтэхгүй зүйлсийг нэг алхам ч гэсэн урагшлуулж хийх юмсан даа гэж зорьж ажилласан. Өөрийгөө санаачилгатай, сайн ажилласан гэж боддог. Хэд хэдэн төсөл, хөтөлбөрүүдийг санаачилж, хэрэгжүүлж ажилласны үр нөлөө нь ч гарсан гэж бодож байна. “Хотын соёл” аяныг Хот соёлтой бол гоё” уриатайгаар эхлүүлсэн. Энэ аян зөвхөн нийслэл хот гэлтгүй Монгол орон даяар өрнөх ёстой юм байна гэж бүх үйл ажиллагааг хийсэн. Тэр үед судалгаа хийж, судалгаан дээрээ дүгнэлт хийж, болж бүтэж буй зүйлсээ дэмжиж, сайжруулж жилийн аян өрнүүлсэн. Үүний хүрээнд нийслэл Улаанбаатар хотод хүмүүс явган хүний гарцаар гардаг, бие биенээ хүндэтгэдэг болсон байх. Мөн “Соёлын цаг” гэж аян эхлүүлсэн. Соёлын яамтай хамтран, дүүргүүдийн томоохон талбайнуудад аяныг зохион байгуулсан. Энэ нь маш их үр нөлөөгөө өгсөн, судалгаагаар гэмт хэргийн тоо буурсан гэж гарч ирсэн. Үүний дараагаар ажлаа өгсөн ч үргэлжилж явж байгаа байх. Ямар хэмжээнд ажиллаж, ямар түвшинд байсныг тэнд буй хүмүүсээс асуувал дээр байх. Би өөрийнхөө санаж бодож буй зүйлсийн захаас нь хэлж байна. Төрийн ажлыг ганц хоёрхон ажлаар дүгнэж харж буй мэт боловч өдөр тутамдаа төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байгууллагын хувьд бичиг цааснаас эхлүүлээд цэгцлэх зүйлс их байсан. Докторын зэргээ хамгаалах гэж байхад энд нэг жил найман сарын хугацаанд ажиллахдаа юу хийсэн бэ гээд эргээд харахад чамгүй ажлыг амжуулж дээ. Төрийн захиргааны байгууллагад ажиллаад, хийж бодсон зүйлс маань болж дээ гэж өөртөө их баяртай байдаг. Гайгүй л ажиллаж, чамгүй ажлыг амжуулжээ гэж хардаг.

-Та өөрийн үеийн дуучид болох С.Жавхлан, Т.Баясгалан нарын талаар яриач?

-Манай үеийнхэн бол Монголын дууны урлагийн салбарт нэгэн үеийн түүхийн гэрч юм. Биднийг 2000 оны эхнээс өнөөдрийг хүртэл түүхээс авчихвал бүхэл бүтэн түүх хов хоосон болж хоосорно. Тийм учраас гарцаагүй маш том түүхийн гэрч. Найзуудаараа бүгдээр нь их бахархдаг. Бидний хооронд цагаахан өрсөлдөөнүүд байсан ч энэ өрсөлдөөн биднийг их хөглөж байсан. Өнөөдөртэй харьцуулж харахад бид маш сайн ажилладаг байж. Дуу, уран бүтээлийн төлөө өдөр шөнөгүй л ажилладаг байж. Бүгдээрээ нэг нэгнийгээ хөглөсөн өнөөдөр нэг нь дуу гаргахад, маргааш нэг нь уран бүтээл гаргах жишээтэй. Энэ цагаан өрсөлдөөн биднийг маш хол явуулсан гэж хардаг даа.

-Тоглолтын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ?

-Тоглолт маань тун удахгүй арванхоёрдугаар сарын 21-ний өдөр 19:00 цагаас “UB Palace”–д тоглогдох гэж байна. Намайг үзэхийг хүсэж буй өмнө хэлсэнчлэн цөөхөн ажилчинтай хамт олон бол надтай хамтдаа шинэ жилийн баяраа тэмдэглэвэл илүү гоё байна гэж харж байгаа. Мэдээж тоглолтод үзэгчдийг ороход төрөл бүрийн бэлэг барихаар хичээж, хамтарч ажиллаж буй байгууллага хүмүүс энэ тал дээр ажиллаж байна. Өнөөдрийн тоглолтыг бүтээхийн төлөө ажиллаж, миний төлөө сэтгэл зүрхээ зориулж байдаг бүх хүмүүс, үзэгчдэдээ чин сэтгэлээсээ баярлаж буйгаа илэрхийлье. Миний тоглолтыг дэмжиж, хамт байгаа хүмүүст баярлалаа. Та бүхнийг өөрийн тоглолтдоо урьж байна. Тоглолтын бэлтгэл ажил ер нь сайн хангагдаж байна. Тасалбар хүргэлтээр зарагдаж, сошиалаар бүх мэдээ, мэдээлэл хүмүүст хүрдэг амар болсон байна. Одоо өөрийн сайн дуулах зэрэгтээ анхаарч байгаа. Ямар ч байсан үзэгчидтэйгээ халуун дотно дуулсан сайхан тоглолт болно гэж бодож байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

С.Сэрчмаа: Уран бүтээлч хүний аз жаргал тайзан дээр үзэгчдээс халуун алга ташилтыг авахад оршдог DNN.mn

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан поп дива дуучин С.Сэрчмаатай ярилцлаа.


-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан, олз омгоосоо хуваалцахгүй юу. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-“Өдрийн сонин”-ы уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл “Никитон” хамтлагийн дуучин Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун, “Титэм” хамтлагийн дуучин Л.Тайванбат ах хоёртой хамтран “Эр хүн та” шинэ уран бүтээлээ хийлээ. Хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц, яруу найрагч Д.Ган-Очиртой хамтран “Мэндэлсэн өдөр” гээд төрсөн өдрийн дуу хийсэн.

Ц.Ичинхорлоо гуайн үг, ая “Алс алсын чи минь”, “Айзам” хамтлагийн хөгжмийн зохиолч О.Хүрэлбаатар, яруу найрагч Д.Ган-Очиртой хамтран “Цасан сарнай” гэсэн нэртэй өвлийн сэдэвтэй дуу хийсэн. Ойрдоо шинэ дууны ургац арвинтай жил өнгөрч байна. Мөн цахимаар Өвөр Монголд байгаа хөгжмийн зохиолч Цэцэнцогттой хамтран “Уйтай намрын бороо” нэртэй шинэ уран бүтээлийг хийж байна.

-Та хамгийн анх “Хөгжмийн аялгуу” нэртэй дуу зохиож байсан гэсэн үү. “Үүрд минийх гэж амлаач” дууныхаа үг, аяыг ч мөн та өөрөө зохиож байсан. Сүүлийн үед дууны үг, ая зохиож байгаа юу?

-“Хөгжмийн аялгуу” нэртэй дууг тав дугаар ангидаа Монголын хүүхдийн ордноос зохион байгуулсан “Ая дуу зохиогч багачууд”- ын уралдаанд ахлах ангийн хүүхдүүдтэй ороод хамгийн том шагнал болох Гранприг нь аваад 1000 төгрөгөөр шагнуулж байсан. Тухайн үедээ их баярлаж урам авч байлаа. CD-нд маань орсон “Үүрд минийх гэж амлаач” дууны үг, аяыг би өөрөө хийсэн. Сүүлд “Зүрхэнд амьдрах чи” нэртэй уран бүтээлийн үг, аяыг нь зохиож, жазз, баллад стилийн хайрын тухай дуу гаргасан.

-Хүүхэд насныхаа сэтгэлд хоногшсон нандин цаг мөч, дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Хүүхэд нас минь хороололд тоглож мэдэхгүй, хичээлээс хичээлийн хооронд л өнгөрсөн дөө. Зургаан хүүхдийн айлын бага, цэцэрлэгт явалгүй шууд сургуульд сурч байсан. Гэр бүлд маань урлагийн хүн байхгүй, би ганцаараа урлагийн хүн болсноороо онцлог. Би одоогийн хүмүүс сайн мэддэг Монгол Улсын гавьяат жүжигчин, ятга хөгжмийн хатан хаан Ч.Мөнх- Эрдэнэ эгчтэй нэг байранд амьдардаг байсан. Ч.Мөнх- Эрдэнэ эгч маань намайг урлагийн Хөгжим бүжгийн дунд сургуульд хөтлөн оруулж урлагийн хүн болох гарааг маань зургаан настайгаас минь эхлүүлж өгсөн ачтай хүн байдаг.

-“Эрх саран” дууны клип таны анхны клип. Дууны клип бүтсэн үеийн дурсамжаасаа дэлгэрэнгүйгээр хуваалцахгүй юу?

-“Эрх саран” клипийг тухайн үед “G” энтертайнмент студи дээр хийлгэж байсан. Тэр үедээ олон долоо хоног, сарын хит дуу болж байсан. Яахын аргагүй шинэ өнгө аяс, дорнын уур амьсгал оруулсан стилийн клип хийсэн. Клипний гол дүрд тухайн үед UBS телевизийн хөтлөгч Э.Гантулга гол дүрд нь тоглосон. Үзэгчид ч ам сайтай байсанд баярладаг. Хэзээ ч мартагдахгүй хөдөлмөрч, уран бүтээлийн минь яахын аргагүй нэг. Дууны аяыг Л.Балхжав, үгийг Ү.Хүрэлбаатар яруу найрагч зохиож ингэж бүтэж байлаа. “Эрх саран” дуундаа маш их хайртай байдаг даа.

-Та урд хөршид 2005 оноос бие даасан тоглолтоо хийсэн. Сүүлд хэзээ тоглолтоо хийсэн бэ?

-Монголдоо би анх 2003 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр бие даасан тоглолтоо хийж байсан. Түүнээс хойш нэлээд олон удаа тоглолт хийсэн. Урд хөршид хоёр удаа өөрийн бие даасан тоглолтоо хийж, “Улаан театрт” дахин дахин тоглох тэр бүр олддоггүй аз завшаан м о н г о л д у у ч д а а с н а д а д оногдсонд сэтгэл хангалуун баярлаж явдаг. Урд хөршид 2005 оноос хойш уран бүтээл хийж, дуулж уригдан бүх хот, аймгуудаар нь явж дуулдаг болсон. Тэнд байхдаа 2010, 2013 онуудад бие даасан тоглолтоо хийсэн.

– Саяхан “Чиний бодолд би байгаасай” уран бүтээлийнхээ шинэ хувилбарыг хийсэн байсан. Энэ талаараа тодруулаач?

-“Чиний бодолд би байгаасай” дууг шинэчлэн “OCEAN Grey” студи найруулан хөгжмийг нь шинэчилж өгсөн. Үзэгдчдэдээ үзүүлэх уран бүтээлтэй болъё гээд шинэчлэн гаргасан. Ямар ч байсан хөөрхөн болсон гэж бодож байна. Энэ дууны аяыг хөгжмийн зохиолч Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат ах маань зохиосон. Саяхан тоглолт дээр нь энэ дууг дуулж оролцсон.

-Та цахим хуудаст “Sal­ly’s comedy group” гээд 101 мянган гишүүнтэй групптэй шүү дээ. Анх ямар зорилготойгоор группээ нээж байсан бэ. Удахгүй шинэ жилээ хийх гэж буй гэсэн үү?

-Тийм ээ. “Sally’s comedy group” фэйсбүүк хуудас маань 101 мянган гишүүнтэй. Өмнө нь 77 мянган гишүүнтэй байх үедээ фэйсбүүкээс группээ хаалгаад, дахиж шинээр нээж 101 мянган гишүүнтэй болсон. Группийнхэн маань өнгөрсөн жил анхны шинэ жилээ хийсэн. Энэ жил хоёр дахь нэгдсэн шинэ жилээ хийж, цөөн ажилчидтай компаниуд манай шинэ жилд нэгдэн оролцож байгаа, мэдээж группийн гишүүд ч оролцоно. Шинэ жил маань дуучид, бүжигчид, хөгжмийн баялаг дугааруудтай, нэгэнт баярлаж буй шинэ жилдээ сайхан баярлах үндэс суурьтайгаар бид бодож хийдэг. Группийн нэрийг комеди групп гэж байгаа учраас хүмүүс зүгээр л инээдэг байх биш группийн гол зорилго бол инээдмийн, хөгжилтэй постуудыг хийдэг ч нийгэмдээ аливаа зүйлийг эерэг өнцгөөр хардаг, бүгд нийлж нэгдэн , сайн үйлсийн аян зохион байгуулдаг. Хүнд амьдралтай хүмүүст тусалдаг, группийнхээ нэг гишүүнд таван ханатай гэр авч өгсөн, “Ковид-19” цар тахлын үеэр эмч, цагдаа нарыгаа эргэж сайн санааны үйлсэд нэгдэн, хамтарч оролцож чаддаг хамт олон гэж бодож, дүгнэж явдаг. Мөн хорт хавдартайгаа тэмцэж буй эмэгтэйд 100- гаад сая төгрөгийг нэгдэн босгож хандивласан. Олон зүйлс байдаг ч групп дотроо л зохион байгуулагддаг. Энэ групптээ маш их хайртай, нийгмийн салбар салбартаа амьдралд, нийгэмд идэвхтэй, эерэг талаас бүхнийг олж хардаг хүмүүсийн нэгдэл юм.

-Та 2003 онд өөрийн анхны “Хаа ч цуг” тоглолтоо хийж байсан. Анхны тоглолтоо хийх мэдрэмж ямар байсан бэ. Өнгөрсөн онд мөн “Хаврын сарнай” тоглолтоо хийсэн шүү дээ. Одоо өөрийн тоглолтоо хийх төлөвлөгөө бий юү?

-Тийм, хамгийн анх 2003 онд “Хаа ч цуг” тоглолтоо хийж байсан. Өнгөрсөн жил Бүх цэргийн дуу бүжгийн чуулгатай, хүндэтгэлийн оркестртой хамтран хүндэтгэлийн “Хаврын сарнай” тоглолтоо хийсэн. Түүний өмнө Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан гуравдугаар сарын 7-нд VIP тоглолтоо эмэгтэйчүүддээ зориулан хийж байсан. Тэгэхээр жил бүрийн гуравдугаар сарын 7-ны өдөр уламжлал болгон өөрийн тоглолтоо хийж байвал гоё юм болов уу гэдэг бодол төрсөн. 2023 ондоо өөрийн хийж үзээгүй, сонин содон тоглолтоо хийхийг мөрөөдөж, хүсч байна.

-Монголын рок попын ертөнцөд 24 жил ажиллаж өөрийн уран бүтээлээ туурвисаар ирсэн та энэ урлагт ажиллахын сайхан болон хүндрэлтэй талаас хуваалцахгүй юу. Мөн урлагийн салбарт хөл тавих гэж буй залууст юуг зөвлөх вэ?

-Монголын рок попын ертөнцөд 24 жил тогоонд нь чанагдаж, ажиллаж буй хүний хувьд сайхан зүйл нь гэвэл ард түмэндээ хайрлагдаж, хүндлэгдэж, хаана ч очсон намайг таньж дуучин С.Сэрчмаа гэж хүндлээд цайгаа бариад тосох хүмүүс байдаг. Хүндрэлтэй тал гэвэл энэ нэр хүндийг олон жил нуруун дээрээ үүрч авч явах нь нэг бодлын хэцүү. Хаа хамаагүй газраар явж болохгүй, энэ бүхэн хэмжээ хил хязгаартай байдаг учраас нэр хүндээ авч явахад тодорхой хэмжээний стресс дагуулж явдаг гэж боддог. Яалт ч үгүй урлагийн хүмүүс бид ард түмнээ соён гэгээрүүлж, түүчээлж явдаг. С.Сэрчмаа юу хэлж байна, ямар үйл хөдлөл хийж байна гэж миний үеийн эмэгтэйчүүд, бүсгүйчүүд, дүү нар минь харж байгаа шүү дээ. Тиймээс аливаа зүйлд буруу үйл хөдлөл, хандлага гаргачихгүй юмсан гэдэг үүднээс эмзэглэж, эмээж явах үе бий. Өмнө нь лайв хийж байхдаа буруугаар ойлгогдож инээснээсээ болоод буруутан болсон тохиолдол байдаг. Нуух юун, би өөрөө их инээд муутай учраас юу ч ярихгүй байж байгаад инээсэндээ буруутгагдаж байсан. Түүнээс хойш ямарваа нэгэн зүйлд илүү хариуцлагатай, бодлоготой байж олны танил хүн инээхдээ хүртэл бодож явах ёстой юм байна гэдгийг ойлгосон.

-Та “Чоно” хамтлагтай хамтран “Энэ дурлал юм уу” дуугаа гаргаж байсан шүү дээ. Олон уран бүтээлчтэй хамтран дуулж байсан. Цаашдаа ямар уран бүтээлчтэй хамтран уран бүтээл гаргах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-“Чоно” хамтлагтай “Энэ дурлал юм уу” дууг дуулж байлаа. Пентатоник академиас “Оны шилдэг дуучин” шагнал, “Дебют дуучин” гэдэг цомыг өгч байсан. Тухайн үед зарласан дуурийн дуучин “Чоно” хамтлагийн дуучин С.Сэрчмаа гэхэд “Чоно” хамтлагийнхан гарах уу, С.Сэрчмаа гарах уу гээд хөгжилтэй зүйл тохиолдож байсан. Миний хувьд хамтарсан дуэт уран бүтээл гэвэл “Камертон” хамтлагийн уран бүтээлч Л.Ган-Эрдэнэтэй “Дурлалыг юутай зүйрлэх юм бэ”, мөн тус хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаттай “Нандин эрдэнэ” дууг, “A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэнтэй “Чиний үгүйд”, дуучин С.Алтан нартай хамтран хайрын тухай дуу, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондогтой хамтран “Намайг чи минь мартвал яана”, дуучин BX- тэй “Илчилж амжаагүй хайр” зэрэг уран бүтээлийг тус тус дуулж байлаа. Ер нь хамтран дуулсан уран бүтээлчид их олон байдаг. Дуучин Н.Ганхуяг ахтайгаа “Хослон дуулъя”, Буянаатай “Хослон дуулъя” хэмээх дууг дуулж CD-нүүдэд нь орсон байдаг. “Emotion” хамтлагт байсан Т.Солонготой хамтран “Зөөлөн цасны уянга” нэртэй дуу, “Салхи” хамтлагтай “365 хоног”, “Ice Top хамтлагтай хамтран “Үүр шөнийн зүүд”, “Хоёр хүү” хамтлагтай хамтран “Дурсамж дүүрэн улирал”, “Mr.Dogs” хамтлагтай хамтран “Хайрын дурсамж” зэрэг дуунуудыг дуулсан. Эргээд бодохоор олон хамтлаг, дуучидтай хамтран уран бүтээл туурвисан байна.

– Шинэ жил хаяанд ирчих сэн, ихэнх алба н газрууд байгууллагын шинэ жилээ хийхээр товлочихсон байна. Сүүлийн үеийн ажлын тань ачаалал ямар байна вэ?

-Арванхоёрдугаар сар бол уран бүтээлчдийн хувьд яахын аргагүй завгүй, ажил ундарсан саруудын нэг байдаг. Миний хувьд тодорхой хэмжээний зарим нэгэн албан байгууллага, хамт олны баярт уригдсан байгаа. Ер нь хот маань их түгжрэлтэй учраас түгжрэлээ тооцоолж үйл ажиллагаануудад оролцоод явж байгаа. Хамгийн гол нь албан байгууллага, хурим найр, хүмүүсийн баярыг хуваалцдаг ажил хийдэгтээ их сэтгэл хангалуун явдаг. Уран бүтээлч хүний аз жаргал гэдэг бол тайзан дээр үзэгчдээс халуун алга ташилтыг авахад оршдог болов уу гэж боддог.

-Таны хувьд хамгийн нандин, дурсамжтай шинэ жилийн баяраа хэлэхгүй юү?

-Миний хувьд хамгийн нандин дурсамжтай шинэ жил гэвэл сургуульд байх үед зохион байгуулагддаг байсан шинэ жилийн баяр хамгийн гоё байсан. Цаасан уутанд мандарин, улаан малгайтай, баавгайтай чихэр хийсэн бэлэг өвлийн өвөөгөөс авах юмсан гэж шинэ жилийн баярын өдрийг хамгийн их хүлээдэг хүүхэд байлаа. Өвлийн өвөөгөөс авсан бэлэг бол хүүхдийн нүд, ертөнцөөр харахад ид шидтэнээс хамгийн амттай бэлэг авч байгаа юм шиг, идэж буй идээ будаа нь ид шидийг цацруулсан, дэргэдэх хүндээ өгөмгүй, дээд урууландаа хүргэмгүй тийм амттай амттан байсан юм шиг л санагддаг байлаа. Тэгэхээр Хөгжим бүжгийн дунд сургуульд байхад тэмдэглэж, өнгөрүүлж байсан шинэ жилийн баярууд хамгийн сайхан дурсамжтай санагддаг даа.

– Залуу хүний хувьд өнөөгийн нийгэмд ямар бодолтой байна вэ?

-Өнөөгийн нийгэмд зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхий даяар хурцадмал асуудал бий болсон байна. “Ковид- 19” цар тахал, өвчин, дайн дажин, эдийн засгийн хувьд ханшийн өсөлт, уналттай, урд хөрш оронд маань хил хаалттай зэрэг. Тэгэхээр монголчууд маань хүнд хэцүү цаг үед амьдарч байна гэж харж байгаа. Тиймээс сэтгэл санааны хувьд дайчин, сэтгэлийн хаттай, бэлтгэлтэй, хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй болов уу гэж харж байна. Залуучууд маань ямар нэгэн ажлыг голохгүйгээр, бүтээлч сэтгэлгээтэй, аливаа зүйлсийг хийж дуусгадаг тууштай сэтгэлтэй байгаасай гэж боддог. Ялангуяа нийслэл хотдоо амьдарч буй залуус хотдоо хог хаягдлаа хаяхгүй, цэлгэр сайхан хотдоо цээж дүүрэн амьсгал аваад, сэтгэл санаа уужуухан, эрүүл энх амьдрах ирээдүйг цогцлоох нь ирээдүйн залуус та бүгдийн гарт байна шүү гэж хэлье.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

“Чингисийн одон”-т Д.Доржготов: Хөрс байхгүй болбол хүнс байхгүй болно. Хүнс байхгүй болбол хүн, амьтан үгүй DNN.mn

Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, Монгол орны газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн нэрт эрдэмтэн, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор, Чингисийн одонт Д.Доржготовтой ярилцлаа.


-Юуны өмнө Төрийн дээд шагнал Чингисийн одон хүртсэнд тань баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Шагнал авна гэдгээ өмнөх өдөр нь их тулгаж мэдсэн. Их сайхан байсан. Өмнө нь би гавьяат зүтгэлтэн, “Алтан гадас”, Хөдөлмөрийн гавьяаны одон, мөн газарзүйн эрдэмтдэд өгдөг Оросын газарзүйн нийгэмлэгийн шагнал С.М.Пржевальскийн алтан медаль хүртэж байсан. Чингисийн одон авна гэдгээ сонсоод хамгийн түрүүнд би юу хийлээ, юугаа үзүүлдэг билээ л гэж бодогдсон.

Миний 80 насны ойгоор манайхан надад нэг ном гаргасан юм. Тэр номоо нээгээд зөндөө харлаа хүн асуувал юу, юу хийлээ, ямар гол зүйлээ харуулах вэ гэж харж суусан. Олон ч жил их ч зүйлийг хийлээ. Би өөрөө хөрс судлаач мэргэжилтэй хүн. Москвагийн их сургуулийг 1962 онд төгсөөд, долдугаар сарын 1-нд Шинжлэх ухааны академийн газар зүйн тасагт ажилд орж байсан. Өнөөдөр яг 60 жил долоон сар болж байна /инээв/. Миний нийт хэвлүүлсэн, нийтлүүлсэн, үйлдвэрт шилжүүлсэн 310 гаруй ажил байдаг. Тэдгээрийг дотор нь дөрвөн бүлэгт хуваасан. Нэг нь цэвэр яг миний мэргэжлийн хөрс судлалын чиглэлийнх, хоёрдугаарт Монгол орны физик газарзүйн чиглэлийн судалгаанууд, гуравдугаарт танин мэдэхүйн чиглэлийн судалгаанууд, сурталчилгааны судалгаанууд, тэгээд дөрөвдүгээрт нь үндэсний атлас гээд дөрвөн төрөл бүлэг болгож хуваасан. Үндэсний атлас нь маш олон зуун хүний хүч хөдөлмөрөөр хийгддэг ажил. Сүүлийн үед экологийн чиглэлийн судалгаа бас хийсэн байна.

Монгол Оросын хил дамнасан нутгаа, Монгол орныхоо нутгаар, оросуудтай хамтарч, дангаараа хийсэн нь цөөхөн дөө. Ер нь шинжлэх ухааны бүтээл гэдэг том багийн хамтын ажил шүү дээ. Нэг нь удирдаад зөвлөөд хамт хийдэг. Нэг хүн судалгаа шинжилгээ хийх боломжгүй. Манайхан бол хөдөө багаараа явна. Доод тал нь 4-5 хүн явдаг. Зарим нь газраа ухахад тусална. Ном бичнэ, задлан шинжилгээ хийнэ. Би ганцаараа тэр зүйлсийг хийхгүй шүү дээ. Оростой хийсэн атласт 300 гаруй Орос, Монголын эрдэмтэд, хүмүүс оролцсон. Энэ ажил дээр би редакцийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажилласан. Аливаа том ажил судалгаа олон хүний хамтын бүтээл багш, шавь нарын хамтын бүтээл байдаг. Миний багш гэхэд Цэгмид, Баасанжав гээд том эрдэмтэн, Оросын олон сайхан эрдэмтэд байдаг. Одоо өөрөө багш нь болчихоод л явж байна /инээв/.

-Хоёр улсын хооронд судалгаа хийж явлаа гэсэн шүү дээ. Улс хоорондын хөрсний ялгаа байдаг уу. Газарзүйн онцлогоороо өөр байх уу?

-Ялгаа мэдээж байлгүй яахав. Монгол оронд өөр хаана ч байхгүй хөрс байна. Халуун орны хөрс Монголд байхгүйтэй адилхан юм. Нутаг нутагтаа өөр өөр өвөрмөц хөрстэй. Монгол хүн монгол үндэстэн гэдэг шиг Монгол оронд тархсан унаган хөрс байдаг. Ойролцоо хөрс бас байна. Манайхтай ижил төстэй уур амьсгал байгальтай газар Төв Ази дунд Азийнхан бас л ойролцоо хөрстэй байдаг.

-Газарзүйг судлахад үндсэн суурь нь юу байдаг вэ?

-Газарзүй гэж өөрөө их том шинжлэх ухаан шүү дээ. Манайхан мэддэггүй юм. Газарзүй нь хоёр том тулгууртай байдаг. Нэг нь байгалийн газарзүй буюу физик газарзүй гэж байдаг. Үүний дотор хөрс, уур амьсгал, ус, мөнхцэвдэг, амьтан ургамлын газарзүй, ус, нуур, гол мөрөн гээд бүгд физик газарзүйд багтдаг. Хоёр дахь нь нийгэм эдийн засгийн газарзүй юм. Тэр нь хүн амын, хотын, аж үйлдвэрийн, хөдөө аж ахуйн, аялал жуулчлалын газарзүй гэх мэт. Манайхан газарзүй гэхээр дандаа байгалийн гэж боддог нь буруу юм. Байгаль нийгмийн шинжлэх ухааныг хоёуланг нь судалдаг шинжлэх ухаан юм. Өнөөдрийн Монгол орны хотжилтын хотын газарзүй, хүн ам шилжих хөдөлгөөний асуудал, хөгжлийн төлөвлөлтийн асуудал, орон зай төлөвлөтийн асуудал гээд энэ бүхэн өөр шинжлэх ухааны биш газарзүйн шинжлэх ухааны судалдаг зүйл мөн юм. Манайхан дандаа буруу ойлгочихсон байдаг. Газарзүй гэхээр газар ухаад явдаг хүмүүсийг огт хэлдэггүй. Хоёр том багана нь тус тусдаа арван салбар нийлээд 20-иод том салбараа холбосон шинжлэх ухаан юм.

-Хөрсний бохирдол, доройтол үүслээ гэх юм. Үүнийг мэргэжлийн үүднээс нь тайлбарлаач?

-Хөрс гэдэг чинь бараг бохирддоггүй орчин юм. Миний бодоход дандаа буруу ойлголт яваад байдаг. Агаар бохирдоно, тэгээд амьсгалаар түгэж нөлөөлж болно. Ус бохирдоно уугаад нөлөөлж болно. Бид хөрсийг идэх үү, хөрсийг амсах уу. Хөрсний бохирдол гэдэг чинь өөр асуудал юм. Хөрсөнд ургаж байгаа ургамал хөрснөөс бохирдох уу гэвэл бараг үгүй юм. Хөрс хамгийн гол нь бохирддог орчин биш бохирддог байгалийн биет биш, бохирдлыг арилгадаг, илааршуулдаг, эдгэрүүлдэг эрүүл ахуйн том функцтай орчин юм. Үүнийг манайхан ерөөсөө мэдэхгүй хөрс бохирдоод байна гээд л асуугаад байдаг. Хөрс бохирдлоо гээд хөрсөө долоохгүй шүү дээ. Хөрсөнд ургаж байгаа ургамал хорыг барагтаа сорж авахгүй. Хүнтэй адилхан олдсон болгоноо долоодог, залгидаг амьтан биш шүү дээ. Хэрэгтэй зүйлээ хөрснөөс авна, авахгүй зүйлээ авахгүй.

-Тэгэхээр хөдөө орон нутгаар уран ухсанаас болж хөрс бохирдсон, мал амьтан хордсон гээд байдаг. Худлаа болж таарах уу?

-Яахав, цацраг идэвхит зүйл бол шал өөр асуудал. Цацраг хөрснөөс хамаарахгүй, хөрсөнд байдаг бодис биш шүү дээ. Олон сая жил бий болсон геологийн том бүтээгдэхүүн. Уран олборлоно гэдэг чинь газрын гүнээс дээш ухаж олборлоно. Хөрсөн дотор байдаг зүйл биш юм. Хөрс нь Монгол оронд бол 1 метр гаруй, гүндээ л 2 метр байдаг. Уран гэдэг чинь 50-60 метрийн гүнд байдаг. Хөрснийх биш шүү дээ. Газрын гүний ашигт малтмал юм. Хөрсөн дээр нь тэднийг хамгаалж байдаг. Бид бүх л муухай зүйлээ газарт булдаг. Хог новш, тарваган тахал туссан мал, мялзан, сүрьеэ, боом туссан малаа дандаа газарт булдаг. Нас барсан хүнээ хүртэл газарт булдаг шүү дээ. Хөрс бохирддог бол дээр нь ургаж байгаа ургамлыг мал иднэ, малаа бид иднэ. Хэрвээ тэр хөрс бохир бол яах вэ. Улаанбаатарыг тойрсон хичнээн их шарилын газар байна. Хөрс нь бохирддог бузартдаг орчин биш. Тэр муухай зүйлсийн бактериудыг ариутгадаг, өвчний нянгуудыг үгүй хийдэг тийм гайхалтай байгалийн орчин юм. Улаанбаатар хотын бохирдол чинь хөрс биш шороо шүү дээ. Гадаа байгаа энэ зүйл хөрс биш шороо юм. Хүний хөлийн шороо, машины дугуйн шороо хөрс биш шүү дээ. Энэ дотор харин бохирдол бий юү гэвэл байлгүй яахав дээ. Машины утаанаас ялгарч байгаа, машины дугуйнаас ялгарч байгаа гээд зөндөө юм бий. Гэхдээ энэ нь яг тэр хэвээрээ байдаг бол өдийд бид Улаанбаатарт нэг ч хором амьд байхгүй. Өнөөдрийг хүртэл 208 тэрбум хүн хорвоо дээр байсан. Одоо 8 тэрбум хүн амьд оршдог. Тийм их хөрсөн доор булагдсан хүмүүс янз бүрийн өвчтэй хүмүүс байгаа. Хэрвээ хөрсөнд ариусдаггүй байсан бол яах бол хамгийн гол нь тэрийг ойлгох хэрэгтэй. Хөрсний эвдрэл бол байна. Салхинд хийсэж, усанд урсаад хайран сайхан хөрс байхгүй болж байна. Манай оронд ч биш дэлхийн бүх газар ийм асуудал тохиолддог. Хөрс нь салхинд хийсээд, тариалангийн хөрс нь усанд урсаад эвдрээд алга болж байгаа. Улаанбаатар хот хөрс байхгүй дээр нь барилга бариад устчихсан. Уул уурхайтай газар хөрс байхгүй бүрмөсөн устана. Гэх мэт маш их хөрс элэгдэж хорогдоод устаж үгүй болж байна. Энэ бол байдаг асуудал юм. Харин бохирдоно гэдэг бол агуулах хэмжээнээсээ бодиснууд нь ихэссэн бол бохирдсон гэж авч үздэг. Тиймээс хөрс нь барагтаа бохирддоггүй.

-Хөрс байхгүй болсноор байгальд ямар хор уршигтай вэ?

-Хөрс байхгүй болбол хүнс байхгүй болно. Хүнс байхгүй болбол хүн байхгүй болно. Хөрс нь хуурай газрын бүх амьтныг тэжээдэг. Хөрсөн дээр ургаж байгаа ой мод, бэлчээр, бут сөөг тэр бүх ургамал дотор нь амьдарч байгаа амьтад, хорхой шавж, хулгана, зурам, мэрэгч амьтад, 1 гр хөрсөнд хичнээн саяараа байдаг бичил амьтад, тэднийг хооллодог хүн араатан амьтад гээд бүгдийг хүнсээр хангадаг зүйл бол газрын хөрс шүү дээ. Тэгээд газрын хөрс алга болчихвол гээд бодвол хүн амьтан, мал байхгүй болно. Хуурай газрын амьдралын эх булаг нь хөрс юм. Манайхан бүгд тийм буруу ойлголттой байдаг. Хөрс бохирдлоо л гэх юм, хэн бохирдуулаад байгаа вэ. Бид л бохирдуулж байгаа шүү дээ. Хог новш, нус цэр, өтгөн шингэнээ гадагшлуулж, бүх хогоо хөрсөнд цацаж булдаг. Хамгийн гол нь тэр бохирдол нь хүнд тэр хэвээрээ ирдэггүй.

-Та 60 жил газарзүй судаллаа. Энэ бүх цаг хугацаанд хамгийн дурсамжтай, сэтгэлд үлдсэн ажил нь юу байсан бэ?

-Хийсэн болгон маань дурсамжтай байсан. Томоохон ажил ч бай, багахан ажил ч бай бүгд өөрийн түүхтэй. Байнга ширээний ард суугаад байдаг ажил биш учраас хөдөө гадаа машинтай, мориор, Хөвсгөлийн тайгад цаа бугаар ч явна. Монгол Алтайд мориор явж байсан гээд тэр болгон тухайн үедээ л том дурсамж шүү дээ. Хөдөө хээр явж байхад машин тэрэг саатах, бензин усгүй болохыг алийг тэр гэхэв дээ. Янз бүрийн сайхан муухай дурсамжтай үе их байсан. Гадаадын олон сайхан эрдэмтэдтэй явж байсан. Миний багш хүртэл Монголд ирж үзчихээд дахин ирж байсан. Оросын олон том эрдэмтэн, судлаачид үндэсний атлас хийгээд хөдөө гадаа явж байлаа. Экологийн атлас, эксистемийн атлас, байгалийн атлас гээд бүгдэд нь Оросын судлаачидтай ихэвчлэн явсан. Германаас олон судлаачид ирж, хамт явж байсан. Хамт бичсэн ном, зураг, шинжилгээ судалгааны ажлууд их бий. Польш, Унгараас Монголд ирж хамт судалгаа хийж байсан. Сүүлийн үед хятадууд, өмнөд монголчууд, япон, солонгосууд ирж байна. Манай орон нээлттэй болчихсон болохоор олон орны судлаачид сонирхон ирж байна. Тэр болгон өөрийн гэсэн өөр өөр дурсамжтай. Хамгийн сайхан дурсамж бол хамгийн анхны төсөл 1963 оны зургадугаар сарын 3-ны өдөр Төв аймгийн Жаргалан сумын аж ахуй, Загдалын голын хойд дэнж дээр хийсэн хамгийн анхны төслийг хэзээ ч мартахгүй. Хоёр сайхан шавь маань хамт явж байсан. Хамт ажилладаг Южмаа гээд эмэгтэй хоёр шавьтайгаа бид дөрөв морьтой явж байсан. Хамгийн анхны төсөл гээд бэлгэшээгээд сүү ууж байсан юм. Монгол орондоо хийж байсан хамгийн анхны төсөл байлаа.

-Гадаадаас эрдэмтэд их ирж судалгаа хийдэг гэсэн шүү дээ. Монголын онцлог юу байдаг болоод тэр хүмүүс судлахаар ирдэг вэ?

-Монгол гайхалтай байгальтай орон шүү дээ. Дахин давтагдашгүй өөр хаана ч байхгүй Төв Азийн хамгийн өндөрлөг газарт байрласан. Өндөр уул нурууд, өргөн тал хөндий, өргөн говь цөл гээд Монголд байхгүй зүйлгүй. Дөрвөн улирал 40 градус халдаг зунтай, 40 градус хүйтэрдэг өвөлтэй. Хавар, намар дөрвөн улирал эрс тэс ялгаатай ийм орон манайхаас өөр байхгүй. Дэлхийн хамгийн хуурай цөл Монголд байна гээд бод доо. Жилдээ хур тунадас 50-иас доош байдаг. Тийм цөл Алтайн өвөр говьд байна. Гэтэл манай Хөвсгөлийн тайга бол яг л тайга шүү дээ. Тийм эрс тэс байгальтай ийм газарт судалдаг хүн явахад гайхалтай орон юм шүү дээ. Тэгээд л энэ гадаадаас ирсэн хүмүүс юм үзэж, нүд тайлах гэж ном бичих гэж шинжлэх ухаанд бас нэг шинэ юм нээчих гээд ирж байгаа. Хөрсийг өвөл судалдаггүй. Хавар тавдугаар сарын сүүлчээс аравдугаар сарын эхэн хүртэл явж судалдаг. Бусад үед нь лабораторидоо суугаад хөрснийхөө дээжид задлан шинжилгээг хийдэг. Тэгээд дараа хавар нь дахиад хөдөө рүүгээ явцгаадаг. Зун нь хөдөө явна, өвөл нь лабораторидоо суудаг. Хоёр том цогц ажил юм. Лабораторигүй бол ямар ч судалгаа шинжилгээ хийх боломжгүй шүү дээ. Ямар найрлагатай, ямар давсжилттай, урвалын орчин нь ямар байгаа гээд бүгдийг лабораторийн шинжилгээгээр гаргана. Бид дандаа хамтын бүтээл хийдэг. Би хамгийн сүүлд 2003, 2004 онд хөдөө явсан. Арван хэдэн жил хөдөө явсангүй ээ, 70 гарчихаад хөдөө яваад байлтай биш. Бэртэж гэмтээд өвдөөд шавь нараа зовооно шүү дээ. Хааяа ойрхон зуур газар явна. Өмнө залуу байхад хавар ногоо цухуйнгуут л байж ядаад л хурдан явах юмсан гээд л машин олдоосой, бензин олдоосой гэж боддог байлаа. Тэр үед ачааны машинаар л явна 63, 51, 66 л олдоно. Монгол Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедиц гэж байдаг. Иж бүрэн гэдэг нь тэр дотроо амьтны судалгаа, ургамлын судалгаа, усны амьтдын судалгаа, хөрсний судалгаа бүгд ордог. Тэрэнд би 1970 оноос хойш хамт судалгаа хийж ирсэн. Арай боломж сайтай, унаа машин сайтай оросуудтай хамт олуулаа явдаг байв. Тэр экспедицийн ачаар би их зүйл хийсэн дээ. Дангаараа ч явдаг оросуудтай ч явдаг байлаа.

-Шинжлэх ухааны салбарт сүүлийн үед тулгамдаж байгаа асуудлууд юу байна вэ?

-Хэцүү тулгамдсан асуудлууд бий, бий. Төсөв зардлаас эхлээд хээрийн зам хоногийн зардал, мөнгө гээд хариугүй юм. Манай хуучны оросуудтай хийдэг байсан шиг хоёр, гурван сараар явах арга байхгүй. Хоёр долоо хоног, гурван долоо хоног яваад ирэхээс биш их олон хоногоор явах боломж маш хэцүү. Төсвийн асуудал маш их байна. Оросуудтай хамтарч явж байсан олон улсын экспедици гээд илүү боломжтой байсан. Одоо тийм зүйл байхгүй болсон. Шинжлэх ухааны салбартаа хөрөнгө мөнгө зарцуулах нь Монголд бага байдаг. Яахав, ирэх жилээс жаахан нэмэгдэхээр юм ярьж байна. Хүрээлэн болон өөр өөр үндсэн чиглэлүүдийн, судалгааны чиглэлүүд, тэр чиглэлийнхээ дагуу судалгаа шинжилгээ хийвэл шууд хүрээлэнгийн санхүүжилтийг нь өгчихдөг. Ямар ч давхцал байхгүйгээр шүү дээ. Ийм чиглэл саяхан Засгийн газраас гарсан. Эрдэм шинжилгээний ажилчдын цалинг нэмэх зэрэг шинжлэх ухаанд улсаас зарцуулах хөрөнгө нэлээд нэмэгдэх сайхан мэдээ дуулдаж байна лээ.

-Ерөнхийлөгч танд “Чингисийн одон”-г гардуулж өгч байхдаа юу хэлж байв. Таныг тусад нь хүлээн авч уулзсан уу?

-Америкийн эрдэмтэнтэй хамт уулзсан. Олон юм хэлээгүй, баяр хүргэе гээд ажлын амжилт ерөөгөөд, шагналаа гардуулсан. Харин хамгийн сайхан хүндэтгэлтэй зүйл нь биднийг шагнал авсны дараа Их хурлын хүндэтгэлийн хуралдаан 40 минут гаруй болсон.

-Таныг Шинжлэх ухааны академи хүлээж авсан гэсэн үү?

-Би 40 гаруй жил багшилж байгаа хүн. Эрдэм шинжлэлийн ажлын хажуугаар хөрс судлалын хичээл, Монгол орны газарзүйн хичээлээ бас заана. Олон сайхан ахмад багш нар маань байхгүй болжээ. Би 1978 оноос хойш цагаар хичээл заадаг байсан. Сүүлдээ Монгол улсын Их Сургуулийн профессор багшаар зэрэг ажиллах болсон. Ажлынхаа хажуугаар 14-15 жил тэнхимийн эрхлэгч хийлээ. Их сургуулийн бас хамааралтай профессор хүн юм. Их сургуулийн хамт олон маань тав дахь өдөр намайг хүлээж авах гээд би очиж чадаагүй. Улсын багшийн их сургуульд бас багшилж байсан. Мөн манай академи өчигдөр хүлээж авсан. Хүрээлэн дээрээ бас очоогүй л байгаа. Хотын дарга баяр хүргэж хүндэтгэл үзүүлээд хоёр өрөө байрны батламж өгснийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан гардуулж өгсөн.

-Энд тэнд судалгаагаар явахад шавь нартайгаа хэр их таардаг вэ?

-Хөдөө зөндөө таарна. Би Өмнөговийн Ханбогд сум руу очиход байгаль орчны хүмүүс нь дандаа шавь нар минь байсан. Багшаа хэзээ ирэв ээ, хэлэхгүй яасан юм бэ гээд бүгд миний шавь нар тосч авч байсан. Одоо олон жил багшилчихлаа. Нас ч дээр гарч заримыг нь танихгүй будилна. Их л юм болно.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Оюунтүлхүүр: Миний амьдралыг “Ээжийн бүүвэй” гэдэг ганц дуу л эрс өөрчилчихсөн DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС… Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Д.Оюунтүлхүүртэй хийсэн ярилцлагыг дахин нийтэлж байна.


Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Д.Оюунтүлхүүрийн тэргүүлдэг “Оюунтүлхүүр” сангаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны хүүхдүүдэд хөгжмийн зэмсэг бэлэглэсэн юм. СХД-ийн 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгоны 4-13 насны 120 гаруй хүүхэд, багш П.Гэрэлт-Одын хамтаар “Авьяаслаг монголчууд” шоунд оролцохоор бэлтгэж байгаа юм байна. Харамсалтай нь тэдэнд хөгжмийн зэмсэг хүрэлцээгүй учир өөр сургууль, цэцэрлэгээс хөгжим гуйж бэлтгэлээ базааж байгаа аж.

Өчигдөр дуучин Д.Оюунтүлхүү Японоос ирсэн хөгжмийн зэмсгүүдээ П.Гэрэлт-Од багшид гардуулж, ирэх сарын 7-нд Жаргалант тосгондоо зохион байгуулах 120 хүүхдийн “Сүү ивэлгэсэн хайрын аялгуу” тоглолтод нь амжилт хүссэн юм.

Энэ үеэр гавьяат жүжигчин Д.Оюунтүлхүүртэй ярилцлаа.


-Танай сан нийт хичнээн хүүхдэд тусламжийн гараа сунгаад байна вэ?

-Манай халамжийн төвөөр давхардсан тоогоор 1000 гаруй хүүхэд хүмүүжээд гарсан байдаг юм. Улсаас өндөр стандарт тавих болсон учир тэр шаардлагыг нь хангах боломж одоогоор байхгүй болохоор үйл ажиллагаагаа түр зогсоочихсон байгаа. Хуучин байсан хүүхдүүд маань бүгд төгсөөд, том болоод явцгаачихсан. Шинээр хүүхэд аваагүй гэсэн үг л дээ.

-Өнөөдөр танай сан Улаанбаатар хотын алслагдсан хорооны хүүхдүүдэд хөгжмийн зэмсэг бэлэглэж байна?

-Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо гэсэн харьяалалтай мөртлөө хотын төвөөс 60 гаруй км-ийн зайтай тосгон гэж дуулаад гайхсан л даа. П.Гэрэлт-Од багшийг манай санд хүсэлт гаргасныг мэдээд ямар ч байсан туслахсан гэж бодсон. Шууд л санаа шулуудаад тусална гэж шийдсэн. Тэгээд Монгол, Японы соёлын нийгэмлэгт хандахад тэд эргэлзэх юмгүй зөвшөөрсөн. Тэд эхлээд чадлынхаа хэрээр хөгжмийн зэмсэг цуглуулна гэж ярьж байсан. Ирэх сарын 7-нд тоглолт зохион байгуулна гэж байсан болохоор тэр хүртэл нь хөгжим цуглуулбал амжихгүй байх гэж ярилцсан л даа. Япончууд маш хариуцлагатай хүмүүс учир хуучин хөгжим цуглуулбал ариутгалын ажилд нэлээд цаг, хүч зарцуулах болоод байсан учир цоо шинэ зэмсгүүд илгээсэн байна. Би маш их баяртай байна.

-Япончууд ямар зэмсгүүд явуулж вэ?

-Үлээвэр даралтат хөгжим, жижиг болон их гарын бишгүүр, шагшуур, окарина гэдэг үлээвэр хөгжим.

-Жаргалант тосгоны багачуул таны өгсөн эдгээр хөгжмөөр тоглож “Авьяаслаг монголчууд” шоунд оролцоно гэсэн шүү?

-Хүүхдүүдэд гоё боломж гарч ирж байна. Өнөө үед хүний хүүхдүүдийн төлөө ингэж зүтгэж, энэ тэрээр явж янз бүрийн байгууллагад хандаж, хөгжмийн боловсролд нь анхаардаг багш гэж цөөхөн шүү. Бидний хувьд цаг үе, нүдээ олсон тусламж боллоо гэж бодож байна.

-Одоо үед хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэх, чиглүүлэх янз бүрийн арга хэрэгсэл бий болжээ. Таныг анх төгөлдөр хуур тоглож, дуулж эхлэхэд ингэж тусалж дэмжээд өгдөг хүмүүс хэр байв?

-Би өөрийгөө хувь тавилангаараа л явж байгаа юм болов уу даа гэж боддог юм. Яагаад ч юм бэ ингэх л учиртай байж дээ гэж бодогддог. Би дуучин болно гэж багаасаа мөрөөддөг байсан. Хөгжим бүжгийн коллежид төгөлдөр хуурын ангид суралцаж байсан ч дуучин л болно гэсэн өнөөх багын хүсэл мөрөөдөл минь ундарсаар л байсан. Тэр мөрөөдөл минь биелээд Япон руу тэмцээнд явах аз тохиосон. Их сонин ш дээ. Хүнд цаанаас нь өгсөн хувь тавилан байдаг юм байна гэж бодогддог юм. Эргээд бодохоор сайхан байсан. Арлын Японы хүмүүстэй харилцаа холбоотой болж, тэр улс миний хоёр дахь эх орон байх тийм хувь тавилантай л байсан юм шиг байна.

-Та 1989 онд Япон руу явж байсан байх аа?

-Тэгэхэд би 13 настай байлаа. Би төр засагтаа баярлаж явдаг юм. 13 настай жаахан охин гадны оронд чадах ядахаараа дуулаад түрүүлээд ирэхэд маш их өндрөөр урамшуулж, байр өгч байлаа. Улаанбаатар хотын дарга асан С.Мөнхжаргал надад гурван өрөө байрны түлхүүр өгч шагнаж билээ. Намайг олон жилийн турш дэмжиж ирсэн олон түмэндээ уран бүтээлээсээ гадна бас өөр ямар хэрэгтэй зүйл хийж хариуг нь барих вэ гэж боддог байлаа. Нийгэм рүүгээ өнгийж орох сэтгэл цаанаасаа л төрөөд байсан юм. Би тухайн үед суралцаж байсан. Тэнд ахлах сургууль мөн дээд сургуульд суралцаж боловсрол эзэмшсэн. Өвөл, зуныхаа амралтаар л эх орондоо ирнэ. Энд ирэхэд нэг л хар бараан. Хүмүүсийн нүдэнд гуниг дүүрсэн, хүүхдүүдийнх нь харц аз жаргалгүй, траншейний гэх хүүхдүүд олон. Тэр үед манай нийгэм маш хүнд байсан шүү дээ. Тийм хэцүү, зах зээлийн ороо бусгаа үед эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах боломж надад байгаа юм шиг санагдаад, тэр боломжийг яаж ийгээд ашиглах хэрэгтэй гэж бодсон. Ямар ч байсан туслах хэрэгтэй. Их ч бай, бага ч бай заавал туслах хэрэгтэй гэж шийдсэн. Япончуудад энэ санаагаа хэлэхэд тэд ойлгож, хандивын аялан тоглолт зохион байгуулж өгсөн. Тухайн үед аялан тоглолтоосоо 90 мянган ам.доллартай болоод эх орондоо ирсэн. Тэрийгээ би хувьдаа ашиглавал ашиглаж болох л байсан байх. Анхнаасаа хандив цуглуулъя гэсэн зорилготой цуглуулсан болохоор уг мөнгөө маш үр дүнтэй зарцуулах шаардлагатай болсон. Тэгээд Улаанзагалмайд 30 мянгыг нь хандивлаад үлдсэнийг нь улсдаа өгчихье гэсэн чинь хүмүүс надад сан байгуулах хэрэгтэй гэж зөвлөсөн. Тэгээд “Оюунтүлхүүр сан” ТББ-аа 1997 онд албан ёсоор байгуулж байлаа. Гэхдээ өмнө нь хоёр жил үйл ажиллагаагаа явуулчихсан байсан л даа.

-“Японд Оюунтүлхүүрээс өөр монгол байдаггүй. Оюунтүлхүүр Японд очсон хүн бүрт тусалж, хэл ус нь болдог. Нэг ёсондоо албан бус Элчин сайд” гэх мэтээр тухайн үед ярьдаг байлаа. Монгол, Японы соёлын харилцаанд таны оруулсан хувь нэмэр их байсан гэдгийг судлаачид цохон тэмдэглэдэг?

-Хүмүүс намайг тэгж ярьж л байдаг юм. Яах вэ, тодорхой хэмжээнд миний хийсэн, оруулсан хувь нэмэр байдаг л байх. Тэрийг маань үнэлээд төр минь шагнал урамшууллаа олгоод явж байгаа гэж бодож байна. Яагаад ч юм япончууд монголчуудад ойрхон байхыг маш их хүсдэг ш дээ. Тэрийг хүмүүс мэддэг болов уу. Япончууд монголчуудыг бусад орныхтой харьцуулбал маш их чухалчилдаг, дээгүүрт тавьдаг. Элчин сайд Шимүзү гуай ч ярьж л байдаг. Монголыг хэцүү байх үеэс нь л эдийн засгийг нь босголцож өгөх гээд байнга тусламжийн гараа сунгаж ирсэн. Сүүлийн жилүүдэд тэр байдал нь улам нэмэгдэж байна. Энэ хоёр орны найрамдалт харилцаа их чухал шүү гэдгийг хүмүүс сайн ойлгоосой.

-Таныг анзаараад байхад та рок попынхонтойгоо ойр байдаггүй юм шиг ээ?

-Жил болгон тоглолт хийгээд явах боломж нь бүрдэхгүй байна. Эдийн засаг нь ямар билээ. Би бусад уран бүтээлчидтэйгээ л адил. Тэдэнтэйгээ хамтарч ажиллах сонирхол надад байдаг ч амьдралынхаа өдөр бүрийг урлагт зориулаад явна гэвэл боломжгүй. Цэвэр урлагаар амьдарна гэдэг бол амар хоол биш. Урлагийнхантайгаа ойр байхыг хичээдэг ч бүгд ийм цаг үед амьдарч байгаа болохоор өөр өөрийн уран бүтээлээ хөөгөөд л явж байна. Тийм болохоор байнга харилцаатай байх нөхцөл нь бүрэлддэггүй юм.

-Та олон жилийн дараа тоглолт хийсэн. Нэлээд хүлээлттэй, олон хүний хүсч байсан тоглолт болсон?

-2014 оны арваннэгдүгээро сарын 1, 2-нд Соёлын төв өргөөнд тоглолтоо хийсэн юм. Арван жилийн дараахь тоглолт байсан л даа. Тоглолтдоо хоёр сар шахам бэлдсэн. Манай монгол үзэгчдийн нүд өөр шүү. Надаас хүлээсэн хүлээлт байгаа гэж бодохоор тодорхой хэмжээний айдас төрсөн л дөө. Үзэгчдийнхээ урмыг хугалахгүйн тулд их хичээсэн. Уран бүтээлч, хөгжимчид минь маш их хичээж бүгдээрээ зорьсон учраас сайхан тоглолт болсон. Хүмүүст хүрсэн.

-Таны дуунууд зөөлөн мэдрэмж төрүүлдэг. Дууны хөгжим болоод таны хоолой намуухнаар хоршдог нь бас нэг л өнгө төрх шүү дээ?

-Уянгалаг стильтэй гэдгээс өөрөөр намайг төсөөлдөггүй байх. Би өөрийгөө өөрчилье. Арай хурдтай явъя, өөр жанраар оролдъё гэсэн оролдлого бий. Хүмүүст анхнаасаа яаж ойлгогдсон бэ, түүгээрээ л хүлээн зөвшөөрөгдөх нь зүйтэй байх. Тийм болохоор огцом өөрчлөлт хийх нь дэмий юм шиг санагддаг. Надаас гарч байгаа аялгуу гэдэг чинь надаас төрж байгаа зүйл. Өөрийн гэсэн юмаа эвдэх нь сайн зүйл биш ээ.

-Хүмүүс таныг янз бүрийн арга хэмжээнд урьж дуулуулахдаа “Ээжийн бүүвэй”-г тань сонсъё гэх нь олон биз?

-“Ээжийн бүүвэй” дуу миний амьдралыг эрс өөрчилсөн уран бүтээл юм шүү дээ. Дуу гэдэг тийм аугаа байхгүй юу. Хүний амьдралыг ганцхан дуу л ингээд өөрчилчихөж байна. Тэгэхээр дууны хүч гэж аугаа юм гэдгийг би амьдралаараа мэдэрлээ, амьдралдаа ойлгосон хамгийн том зүйл нь тэр (инээв).

Энэ дууг би 13 настайдаа зохиож байлаа. Миний оролцсон тэр тэмцээн бол өөрөө аяа зохиогоод, өөрөө дуулах шаардлагатай байсан л даа. Дууныхаа шүлгийг Зохиолчдын эвлэлээс очиж авч байлаа. Л.Эрдэнэцэцэг агсны шүлэг л дээ.

-Хөгжим бүжгийн коллежид урлагийн ямар мундаг хүмүүстэй хамт суралцаж байв?

-Манай ангийнхнаас коллеждоо багшилж байгаа нь хэд хэд бий. Ятгын хатан хаан гэгддэг ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ манай нөгөө ангийнх. Бид нэг үеийнх.

-Та Япон руу хэр их явдаг вэ?

-Би улиралд нэг удаа явдаг ажилтай. Очихоороо сар хэртэй болно. Тэнд миний ажил, тоглолтыг зохион байгуулдаг продакшн байдаг юм. Тэдэнтэйгээ одоо ч хамтарч ажилласаар байна, би эндээ хүүхэд, гэр бүл гээд байгаад байгаа болохоос биш. Нөхөр маань Японд амьдрахгүй гээд байдаг юм.

-Танайх хэдэн хүүхэдтэй болоод байна вэ?

-Гурван хүүхэдтэй. Хүүхдүүдээ монгол ахуйтайгаа ойр, монгол уламжлалаараа хүмүүжүүлнэ гээд эх орондоо байгаа. Түүнээс биш Японд очвол хийх ажил их байна л даа. Гэхдээ яах вэ ирж очоод болж л байна.

-Ойрын үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Цомог гаргана гэж өдөр болгон л бодож байна. Өөрөө дуугаа зохиогоод цомогт орох дуунуудаа бичээд эхэлчихсэн явж байна. Төдийд өдийд гэж амлаад юу гэх вэ.


Categories
мэдээ нийгэм соёл-урлаг энтертаймент-ертөнц

Б.Шаравын “Чингис хаан” сонгодог дуурь энэ сарын 26, 27-ны өдрүүдэд тоглогдоно DNN.mn

Хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурь 11 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрт тоглогдохоор болжээ.

Чингис хааны тухай өгүүлсэн кино, зохиол, ном товхимол, хөгжмийн бүтээлүүд дэлхийд олон байдаг ч түүний талаар хийсэн анхны дуурь нь Монгол Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б. Шаравын “Чингис хаан” дуурь юм. Уг дуурь нь 2 бүлэг, 6 үзэгдэлтэй, анх 2003 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрт УГЗ Л.Эрдэнэбулганы найруулгаар үзэгчдийн хүртээл болж байжээ. Харин 2016 оноос найруулагч УГЗ Ч.Найдандорж уг дуурийг шинэчлэн тавьсан байна.

Дуурийн цомнолыг Ардын уран зохиолч П.Бадарч бичсэн бөгөөд Монголын эзэнт гүрний түүхийг бүхэлд нь ганц дуурьт багтаан өгүүлэх боломжгүй тул их эзэн хааны бага залуу наснаас Чингис хаанд өргөмжлөгдөх хүртэлх хугацаанд өрнөсөн гол гол үйл явдал, өрнөл, зөрчлийг оруулж өгчээ.

Харин хөгжмийн зохиолч Б.Шарав уг дуурь хэрхэн бүтсэн талаар “Монголчуудын түүхийн талаар өгүүлэхэд сүр хүч, түргэн хэмнэлтэй аялгуу зайлшгүй хэрэгтэй байсан. Үүнийг нөхөх гэж уг дуурийг бичсэн. Би олон хөгжмийн бүтээл бичсэн хүн. Гэхдээ ганцхан дуурь л бичсэн. Энэ нь “Чингис хаан” дуурь. Үүнийг бичихэд Монголын их түүх, нутаг ус, түүний эрч хүч, эрчим энерги надад нөлөөлсөн байх гэж боддог” хэмээн ярьжээ.

“Чингис хаан” дуурийн онцлог нь хүн төрөлхтний мөнхийн сэдэв болсон хайр сэтгэл, атаа хорсол, баатар эрсийн эрэлхэг тэмцэл гэхээсээ илүүтэйгээр XIII зууны үеийн монголчуудын ахуй амьдралын дүр зураг, нүүдэлчдийн ёс заншлыг шингээж өгсөн. Энэ утгаараа XIII зууны монголчуудын аж байдлыг өрнийн сонгодог урлагийн хэлнээ хөрвүүлсэн эл бүтээл Монголын соёл урлаг, оюун санааны үнэт өвд тооцогддог ажээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ц.Төвшинтөгс: А.Цэрэндэндэв гуай Арслан тайжийн дүрийг бүтээгээд зогсохгүй “Халхын сайхан Юндэн” байлаа гэдгийг залуус мэдэх хэрэгтэй DNN.mn

Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ц.Төвшинтөгстэй ярилцлаа.


-Бидний сайн мэдэхээр “Цогт тайж” МУСК-д Арслан тайжийн дүрийг бүтээсэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын гавьяат жүжигчин Аюурын Цэрэндэндэвийн тухай тантай хуучлахаар зорин ирлээ. Таны хувьд А.Цэрэндэндэв гуайг хэр сайн мэдэх вэ?

-Юун түрүүнд Аюурын Цэрэндэндэв гэдэг хүний тухай асууж ирж байгаад туйлын их баяртай байна. Энэ хүн бол Монголын дуурь, дэлгэц, тайзны урлагт маш их алдар гавьяатай хүн юм билээ. Би хамтарч ажиллаж үзээгүй хэдий ч үлгэр дуурайлал авч явдаг. 1942 оны “Учиртай гурван толгой” дуурийн хамгийн анхны тавилт дээр Юндэнг дуулсан хүн. Симфони найрал хөгжимд анхны хөгжмөөс хөрвүүлж шинэчлэн тоглосон үе. “Халхын хамгийн сайхан Юндэн” гэгддэг үлгэр жишээ уран бүтээлч хүн байсан юм билээ. Энэ жил А.Цэрэндэндэв гуайн мэндэлсний 110 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан Төв аймгийн Алтанбулаг сумынхан соёлын төвөө А.Цэрэндэндэв гуайн нэрэмжит болгосон. Би нээлтэд очиж оролцсон. Дуучин хүний хувьд эл хүний дуулж байсан дууг сонсож, үлгэр авдаг. Монгол Улсын Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа гуайтай дуулсан бичлэг нь ч байдаг юм. Л.Цогзолмаа гуай ч “Халхын хамгийн сайхан Юндэн” гэвэл Цэрэндэндэв гуайг л хэлнэ” гэж хэлсэн байдаг. Гайхамшигтай мэдрэмжтэй хүн байсан гэдэг. Энэ хүний талаар олон сайхан аман дурсамж байдаг. Мөн бид “Халхын сайхан Юндэн” гэсэн цомог гаргахаар ажиллаж байна. Цомог авранхоёрдугаар сарын эх гэхэд бэлэн болчих байх.

-А.Цэрэндэндэв гуайг 1940 оны нэгдүгээр сараас Улсын төв театрт шилжин “Учиртай гурван толгой” аялгуут жүжгийн Юндэн, “Мандухай цэцэн хатан” жүжгийн Баянмөнх жонон, “Хонины булаг” жүжгийн Ван Родриго, “Талын баатар” жүжгийн жанжин Сүхбаатар гэх мэт олон уран бүтээлд ажиллаж байсан гэж уншсан. Тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүсээс одоо байдаг юм болов уу?

-Одоо Монгол Улсын Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай л байна. “Учиртай гурван толгой”-н Нансалмаа шүү дээ. В.Сүрэнхорлоо гуай байлаа. А.Цэрэндэндэв гуай нэг өргөмөл хүүтэй. Хүүгийнх нь хань манай Дуурь бүжгийн эрдмийн театрын найрал дуучин н.Эрдэнэчимэг гэж хүн бий. Бид нэг байранд өөд өөдөөсөө харсан хаалганд амьдардаг байлаа. Хүүтэй нь найз нөхөд, ах дүү болж уулздаг, аавынх нь тухай яриулж байсан. А.Цэрэндэндэв гуайг 60 нас гарсан хойноо цэргээс халагдаад ирсэн залуутай уралдахад түрүүлээд л ирдэг их хөнгөн шингэн хүн байсан гэдэг. Ер нь сайхан монгол эр хүний дүр төрхтэй байна гэдэг эрүүл саруул хүнийг хэлнэ. Олон хүнээс “Цэрэндэндэв гуайн Юндэнгийн дүр бол түүхэнд үлдэх дүр” гэж сонсож байсан. “Учиртай гурван толгой” бол монгол хүний сүлд болсон, ардын түүхийг цөм багтаасан гайхалтай дуурь. Бид үүгээрээ ондоошиж ялгардаг. Энэ том дуурийн гол дүрд анх тоглохдоо хойч үеийн залууст үлгэрлэж “Цэрэндэндэв гуай шиг” гэдэг тамгыг дарчихсан. “Учиртай гурван толгой” дуурийн дүрийн уралдаан 1990-ээд оноос зохиогдож эхэлсэн. Анхны дүрийн уралдааны Юндэнгийн тэргүүн байр Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Гантөмөр ах байдаг. Хоёрдахь уралдаанд нь миний бие оролцож түрүүлж байсан. Энэ уралдаанд оролцсон хүн бүрийн амнаас Цэрэндэндэв гуайн хөдөлгөөн донж, дуулах арга техник нь их сайхан байсан гэсэн гэж гардаг. Л.Цогзолмаа гуайг гүйгээд гараад иртэл А.Цэрэндэндэв гуай “Ингэж гүйхгүй ээ, орос соёлтой гүйгээд байна. Монгол эмэгтэй ингэж гүйнэ шүү” гэж хэлж үзүүлж байсан гэдэг. Та бүхэн мэднэ дээ, дэлгэцнээ мөнхөлсөн сайхан дүрүүд бий шүү дээ. Цөөн юм шиг мөртлөө хүний сэтгэлд мөнхөрсөн. “Цогт тайж” киноны Арслан тайжийг гэхэд монгол хүн бүхэн мэднэ шүү дээ.

-Хүү нь урлагийн хүн байдаг уу, ямар салбарын хүн бэ?

-Бурхан болсон, цэргийн хүн байсан юм. Бэр нь байдаг. Хадам аавынхаа бүх зүйлд санаа тавьж явдаг. Алтанбулаг сумын соёлын төвийг А.Цэрэндэндэв гуайн нэрэмжит болгоход гол үүрэг гүйцэтгэсэн. Энэ сарын 22-ны өдөр Театрын музейд А.Цэрэндэндэв гуайн хөрөг, намтар гээд бүх зүйл нь тавигдах юм. Түүнийхээ материалыг цуглуулаад, өнөөдөр хүртэл над руу ярьж байлаа.

-А.Цэрэндэндэв гуайн аав, ээж нь урлагийн хүн байсан юм болов уу, та энэ талаар мэдэх үү?

-А.Цэрэндэндэв нь 1912 онд хуучнаар Богд хан уулын аймаг Наваан гүний хошуу, одоогийн Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Ар гандан хэмээх газар төрсөн гэдэг. Эрийн цээнд хүртлээ мал хариулах, аргамж сур элдэх, аян жинд явах зэргээр эцэг эхдээ туслан амьдарч байсан. Тэрбээр 1933 онд цэргийн албанд татагдаж Хэнтий аймаг дахь VII дивизийн их бууны хороонд алба хааж байсан. Цэргийн бага даргын сургуульд элсэн суралцаж төгсөөд I дивизийн пулемёт сумангийн жагсаалын дарга, 1934 оны эцсээр Цэргийн төв клубийн дуучин, бага дарга, 1935 оноос дуучин-жүжигчин, жагсаалын даргаар дэвшин ажиллаж, энэ хугацаанд “Их жанжны уран ялалт” жүжгийн жанжин Сүхбаатар, “Партизан Батхүү” жүжгийн Батхүү, “Тэнэг засаг, сохор чавганц” жүжгийн хүү зэрэг арваад жүжгийн гол дүрд тоглосон ба хүндэтгэлийн концертод гоцлол дуучнаар дуулж байсан. Мөн ардын хувьсгалын XV жилийн ойгоор зарласан дуучдын уралдаанд оролцож, Улсын III зэргийн дуучин цол, үнэмлэхээр шагнагдаж байв гэдэг мэдээг л би мэднэ. Ам дамжсан яриагаар аав нь их номтой, лам хүн байсан юм гэнэ лээ л гэж дуулсан. Үүнээс цааш нь эл хүнийг судлах, судалгааны ажлыг өргөн явуулах ёстой. Тийм учраас “Халхын сайхан Юндэн” гэдэг энэ цомгийг гаргах гээд байгаа юм. Энэ цомог бол залуу судлаач, урлагийнханд гарын авлага болно гэж бодож байна. Надад А.Цэрэндэндэв гуайн хөөрөг нь дамжиж ирсэн байдаг. Би их бэлгэшээж явдаг.

-Тэр хүний хөөрөг яаж танд ирэв?

-Хүүгээс нь авсан юм. Нэг л өргөмөл хүүтэй, өөр хүүхэдгүй хүн л дээ.

-Та сая хэд хэдэн удаа хэлж байна л даа. “Халхын хамгийн сайхан Юндэн” гээд. 1944 онд “Халхын хамгийн сайхан Юндэн” гэж өргөмжлөгдөж ч байсан юм билээ...

-Тийм ээ, 1936 оны аравдугаар сард гачигдлаар цэргээс халагдан орон нутагтаа буцаж очоод сонгуулиар Төв аймгийн Бор-Өндөр суманд багийн дарга, 1938 оны тавдугаар сард Төв аймгийн захиргааны шийдвэрээр аймгийн Улаан гэрийн эрхлэгчээр ажиллаж байсан. 1938 оны есдүгээр сард Амгаланбаатар хотын Сүхбаатарын нэрэмжит Ардын үлгэр жишээ клубт өөрийн сайн дураар ирж ажилласан. Клубт ажиллаж байхдаа “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн Юндэнгийн дүрийг бүтээсний зэрэгцээ “Цэнд комиссар”, “Хэрмэл”, “Ардын зориг” зэрэг 20 гаруй жүжиг болон баярын концертод оролцон тоглосон. Дараа нь 1944 онд “Учиртай гурван толгой” аялгуут жүжгийн Юндэнд тоглохдоо сайхан монгол эрийн намба төрх, шинжийг дүрслэн үзүүлж, жүжгийн эхэнд дуулдаг бэсрэг уртын дууг гайхалтай сайхан дуулдаг байсан гэдэг. Түүний бүтээсэн Юндэн нь дахин давтагдашгүй шилдэг дүр болсон агаад тухайн үеийн үзэгчдийг байлдан дагуулж, тэднээс “Халхын сайхан Юндэн” хэмээх өргөмжлөлийг хүртэж байсан юм билээ. Сая 110 жилийн ойгоор Алтанбулагт очиход үнэхээрийн байхгүй ч гэсэн байгаа юм шиг хүн гэж байдаг даа гэх мэдрэмж төрж байлаа.

-Тэр үед яагаад энэ хүн “Учиртай гурван толгой”-н Юндэнд тоглох болсон юм бол?

-Тухайн үеийн шалгуур бол маш өндөр. Л.Цогзолмаа гуайн ярианд “Үнэхээр сайхан хоолойтой” гэж байдаг юм. В.Сүрэнхорлоо гуай “Ардын урт, богино аль ч дууг үнэхээр сайхан дуулдаг” гэж хэлдэг. Тэгэхээр тэр хүн бол арай л өөр авьяастан байсан гэдэг нь мэдэгдэж байгаа юм. Одоо Юндэн, Нансалмаа хоёрын бичлэгээс өөр үлдсэн зүйл ховор. 1938 оны есдүгээр сард Амгаланбаатар хотын Сүхбаатарын нэрэмжит Ардын үлгэр жишээ клубт өөрийн сайн дураар ирж ажилласан гэж байгаа биз. Тэр үед Бөмбөгөр ногоон театрт сайн дурын уран сайханч, ардын авьяастнуудыг олноор нь татдаг байсан. Тэнд урлаг, уран сайхны ажилчдыг бэлтгэсэн. Өдөр нь үйлдвэрт ажиллаж байгаад оройн цагаар ирж урлаг, уран сайхандаа хичээллэчихээд явдаг байсан. Тэр цаг үед өөрийн авьяасаараа тухайн үеийн найруулагчдын нүдэнд туссан байх. Тухайн үед ардын дуунаас сэдэвлэж аялгуут жүжиг хийхэд хамгийн сайн дуулаачид л оролцсон байх. Тэр үед шинэ соёлын үрийг тарих зайлшгүй шаардлагатай байсан. Үүнийхээ хүрээнд Бөмбөгөр ногоон театрыг байгуулсан. 1950 оны арванхоёрдугаар сарын 30-нд “Учиртай гурван толгой”-н 1000 дахь удаагийн тоглолтоор УДБЭТ нээлтээ хийсэн. Дуурь, Драмын театр нэг байгаад 1963 оноос тусдаа болж нүүсэн. Энэ бүхний суурийг тэр Ардын цэнгэлдэх хүрээлэнгийхэн тавьж өгсөн.

-Дэлгэцийн уран бүтээлийн тухайд А.Цэрэндэндэв гуай таван бүтээлд ажилласан юм билээ. 1945 онд “Цогт тайж” МУСК-д ажиллаад 20 жилийн дараа 1965 онд “Хүний мөр” МУСК-д ажилласан. Дахиад 20 орчим жилийн дараа 1983 онд “Ингэх гээд байсан юм” МУСК-д ойн цагдаагийн дүр бүтээсэн. Энэ хоорондын 40 орчим жил яагаад дэлгэцийн уран бүтээлд ажиллаагүй юм бол гэсэн бодол төрж байлаа...

-Тийм, энэ тал дээр тухайн үед кино найруулагчдын сонголт явж байгаа. Энэ л мундаг гээд бүх уран бүтээлд авч очиж наадаггүй байсан юм болов уу. Өөрөө ч гэсэн өөрт таарах дүрээ л сонгож ажилладаг байсан байх.

-Тэр үеийн дэлгэцийн уран бүтээлд ямар арга барил, үзэл суртал давамгайлдаг байсан юм бол?

-Намын л үзэл явж байгаа. Тухайн үеийн уран бүтээлчид маш их судалгаатай ажилладаг байсан нь харагддаг. Бүх л зүйл эхэлж байсан үе. А.Цэрэндэндэв гуайн хувьд 1942 онд “Сүхбаатар” кинонд жанжны дүрийг бүтээсэн Л.Свердлиний орлон тоглогчоор ажилласан. Тус кинонд онц зүтгэлтэй оролцсоны учир 1942 онд Улсын гавьяат жүжигчин цол олгож, Алтан гадас одонгоор шагнасан. 1945 онд “Цогт тайж” киноны Арслан тайжийн дүрийг бүтээсэн бөгөөд “хувиа бодогч, цэргийн албан тушаал булаацалдагч болохыг хэдхэн хэсэгт маш тодорхой дүрслэн харуулж чадсан” хэмээн урлаг судлаачид өндрөөр үнэлсэн байдаг юм. 1940-1960 онд Улсын төв театрт жүжигчин, 1960-1961 онд Улаанбаатар хотын Төв клубт жүжигчин, 1961-1964 онд Үйлдвэр хоршооллын клубт найруулагч, 1964-1972 онд Улсын хүүхэд, залуучуудын театрт жүжигчнээр ажиллаж байсан. Ерөнхий намтар түүх бол маш бүдэг. Энэ хүнийг ярихын тулд “Учиртай гурван толгой” дуурийн тухай ярихаас өөр аргагүй. А.Цэрэндэндэв гуайн тухай яруу найрагч Долгорын Цэнджав “Бөмбөгөр ногоон” гэж роман бичсэн. Романд А.Цэрэндэндэв гуайг хувь хүн талаас нь их сайхан бичсэн байдаг. Бидний хувьд “Учиртай гурван толгой”-н түүхэн тэмдэглэлийн товчоон гээд хоёр боть ном гаргах гэж байгаа.

-“Учиртай гурван толгойн түүхэн товчоон” гэх хоёр боть номынхоо тухай ярихгүй юу?

-Архивын баримтад тулгуурласан эмхэтгэл. Энд худал хуурмаг мэдээлэл огт байхгүй. “Учиртай гурван толгой”-н тухай бүх хүмүүсийн яриа, дурсамж, санамж, шүүмжүүд багтсан. Анх 1934 онд Д.Нацагдорж гуай дээр энэ зохиолыг захиалж очиж байсан. Тэндээс энэ бүтээл хэрхэн ургаж гарсан, ямар цаг хугацааг дамжиж бидний гар дээр ирснийг багтаасан. Нэг нь 700 гаруй, нийт 1500 орчим хуудастай, хоёр боть бэлэн болж байна. Энэ эмхэтгэлийг хийж байхад А.Цэрэндэндэв гуайн “Халхын сайхан Юндэн” гэсэн цомгийг гаргах зайлшгүй шаардлага гарсан. Юмны анхдагч байна гэдэг их өөр юм байна. А.Цэрэндэндэв гуайнхаа Юндэнгийн дүрийг бүтээхдээ хүмүүсийн ам дамжиж ирсэн хөрөглөл, дуулах ур дүй, чадварыг нь бид өөр өөрсдийнхөөрөө ойлгодог.

-А.Цэрэндэндэв гуайг 1942 онд “Сүхбаатар” УСК-ны дүрээр гавьяат жүжигчин, алтан гадас одонгоор шагнуулсан гэж уншсан...

-Тийм, тэр үеийн шагналуудыг харахаар эхлээд гавьяат дараа нь алтан гадас, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнадаг байсан юм билээ. Ажиллаж байсан бүтээлүүдээр нь шагнадаг байсан. А.Цэрэндэндэв гуай Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор болсон дуучдын уралдаанд оролцож Улсын гуравдугаар зэргийн дуучин цол тэмдгээр шагнагдаж байсан.

Ер нь энэ хүнийг хувь хүний болон дүрийн талаас нь илүү их судалгаа явуулаасай гэж хүсч байгаа. 110 жилийн ойг нь тохиолдуулан танай сониноор дамжуулаад А.Цэрэндэндэв гэж Арслан тайжийн дүрийг бүтээхээс гадна “Халхын сайхан Юндэн” байлаа гэдгийг залуус мэдээсэй гэж хүсч байна. Нөгөө талаар “Учиртай гурван толгой” дуурийн түүхэн тэмдэглэлийн судалгааг хийхэд эл хүний нэр олон гардаг.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

“Art week” үзэсгэлэн нээгдлээ DNN.mn

Монгол Улсын Соёлын яамны санаачлан хэрэгжүүлж буй Соёлын бүтээлч сарын хүрээнд “ART WEEK” дүрслэх урлагийн үзэсгэлэн энэ сарын 18-нд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвд нээгдлээ.

“ART WEEK” үзэсгэлэн нийт 1200 метр квадрат талбайд 30 гаруй уран зураг, өрөг урлаг, баримал, видео, гэрэл зураг, дуу авианы бүтээлүүд тавигдаж, нэн орчин үеийн буюу контемпорари төрлөөр туурвидаг үе үеийн төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчид оролцож байна.

Үзэсгэлэнг 700 гаруй мэргэжлийн уран бүтээлчдийг нэгтгэсэн Монголын урчуудын эвлэлтэй хамтран зохион байгуулсан бөгөөд ерөнхий куратороор Урлаг судлалын ухааны доктор, профессор Ч.Болдбаатар, “Хөх Нар” орчин үеийн холбооны үүсгэн байгуулагч Ё.Далх-Очир нар ажилласан юм.

Өнгөрсөн жилийн “ART WEEK” үзэсгэлэн 2000 метр квадрат талбайд 100 гаруй уран бүтээлчийг нэгтгэж байсан бөгөөд үзэсгэлэнд оролцсон Ж.Мөнхцэцэг нь Венецийн дүрслэх урлагийн 59 дэх удаагийн олон улсын биеннальд 20 гаруй зөөлөн баримал болон дуу авианы бүтээлээрээ оролцож олон улсын урлаг судлаачдын анхаарлыг татаж байсан юм. Үүний жишгээр “ART WEEK” үзэсгэлэн нь өнөө цагийн Монголын дүрслэх урлагийн салбарын цар хүрээ, чиг хандлагыг илтгэн харуулах өвөрмөц үзэсгэлэн болж байна.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин “Соёлын яамнаас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлогыг тодорхойлж, Монгол Улсын Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих арга хэмжээний төлөвлөгөө болон Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг батлан хэрэгжүүлж байна. Тэргүүлэх чиглэлд дүрслэх урлагийн салбар зүй ёсоор багтаж байгаа төдийгүй Дүрслэх урлагийн салбарынхан маань Засгийн газрын тогтоолоор дэлхийн нэр хүнд бүхий биенналь, үзэсгэлэнд Соёлын яамны дэмжлэгтэй оролцож эхэлсэн.

Энэ бол дүрслэх урлагийн салбарынхан маань соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд, бүтээлч авьяасыг инновац шингэсэн нөхөн сэргээгдэх нөөц болгох боломжтой гэдгийг батлан харуулж буй уран бүтээлч Та бүхний ур чадвартай салшгүй холбоотой гэдгийг хэлж, энэ ташрамд талархал илэрхийлье.

Соёлын яамнаас жил бүрийн 11-р сарыг Соёлын бүтээлч сарын аян болгож, соёлын салбарын боломж бололцоог сурталчлан таниулахын зэрэгцээ иргэдийн соёлын хэрэгцээ, үйлчилгээ, чанар, хүртээмжийг нэмэгдүүлдэг томоохон арга хэмжээ болж цар хүрээ нь өргөжин тэлж байна. Энэ дундаа “Аrt week” үзэсгэлэн нь дүрслэх урлагийн салбарын өнгө төрх, чиг хандлагыг илтгэн харуулахуйц хэмжээнд очихоор зорьж байгаа. Өнгөрсөн жил бид Монголд 100 гаруй уран бүтээлчийг хамруулан анх удаагаа том хэмжээний орон зайд дүрслэх урлагийн бүхий л төрлийг шингээсэн үзэсгэлэн гаргаж салбарын хөгжил дэвшил, өнөөгийн дүр төрхийг өргөн цар хүрээтэй харуулж чадсан. Харин энэ жил нэн орчин үеийн урлагаар бүтээн туурвидаг, салбарынхаа төдийгүй улс орноо олон улсад сурталчилдаг, шилдэг уран бүтээлчдийн өвөрмөц шийдэл, олон утга санаа, үг хэллэг, илэрхийлэл бүхий бүтээлүүдээр орон зай, орчныг бүрдүүлж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Монгол Улсын дүрслэх урлагийн салбарын ууган мэргэжлийн урлагийн байгууллага, Монголын Урчуудын Эвлэл, тус байгууллагын гишүүн уран бүтээлчид, уран сайхны зөвлөл, кураторын багт талархал илэрхийлэхийн ялдамд энэ жил тохиож буй түүхт 80 жилийн ойн баярын мэндийг хүргэе” гэлээ.

Энэ жилийн “ART WEEK” үзэсгэлэнгийн Ерөнхий куратор, уран бүтээлч Ч.Болдбаатар “Зураач, урлаг судлаач, МУИС-ийн урлаг судлалын профессор Ч.Болдбаатар Суриковын нэрэмжит Дүрслэх урлагийн академийг дүүргэж, Соёл Урлагийн Их Сургуульд докторын зэрэг хамгаалсан. Тэрбээр 2014 он хүртэл Дүрслэх урлагийн дээд сургууль, СУИС, МУИС-д профессор багшийн албыг хашсан. Герман, Япон, Хятадын музей, их дээд сургуулиудад симпозиумд оролцож олон тооны эрдмийн бүтээлүүд гаргасан.

Ч.Болдбаатар 1981 оноос уран бүтээлээ туурвиж, АНУ, Япон, Хятад, Франц, Герман, Солонгос, Орос, Польш, Украйн, Австри болон бусад оронд уран бүтээлээ толилуулж тэр цагаас хойш орчин үеийн урлагт ихээхэн сонирхолтой болж, өдгөө залуу уран бүтээлчидтэй хамтран үзэсгэлэнгийн куратораар ажиллаж байна” гэв.

Ерөнхий куратор, уран бүтээлч Ё.Далх-Очир

Ё.Далх-Очир 1990-ээд оноос эхлэн инстолляц, лэнд арт, перфоманс зэрэг дүрслэх урлагийн шинэ хэлбэрүүдийг ашиглан бүтээл туурвиж байгаа. Түүний “Бохир гол” лэнд арт инстолляц нь байгаль орчны бохирдлын тухай хөндөж танилцуулсан бол “Street art” перфоманс үзүүлбэр нь хотын гудамжаар холхилдох хүмүүсийн харилцаа, гудамжнаас олдсон элдэв зүйл, хог хаягдал хүмүүст ямар онцгой мэдрэмж өгөхийг харуулахыг зорьжээ.

Тэрбээр 1980 оны дундаас хойш одоог хүртэл үе үеийн модерн болон орчин үеийн урлагийн чиглэлээр бүтээлээ туурвисаар ирсэн бөгөөд орчин үеийн урлагийг Монголд хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар яваа анхдагчдын нэг.

Далх-Очир нь 2002 онд “ХӨХ НАР” контемпорари урлагийн төвийг үүсгэн байгуулж, төвийн тэргүүн, куратораар ажиллаж байна.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Б.Хүслэн олон улсын миссийн тэмцээнээс 5 шагнал хүртэж, Дэд мисс боллоо DNN.mn

Малайзын Куала Лумпур хотод болсон “Miss Heritage International 2022” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон 18 настай мисс Б.Хүслэн таван шагнал хүртжээ. Улмаар энх тайван, байгаль орчин, аялал жуулчлал, дэлхийн улс орнуудын өв соёлыг танилцуулж түгээн дэлгэрүүлэх зорилготой “Miss Heritage International 2022” тэмцээний дэд миссээр шалгарлаа.

Мисс Б.Хүслэн:

  • Best evening gown /Үдшийн шилдэг даашинз/
  • Miss photogenic /Фото модел/
  • Tourism ambassador /Аялал жуулчлалын элч/
  • Miss Best body
  • Дэд байрын мисс хэмээх номинацад тэргүүлжээ.

Тэрбээр “Мисс Монголиа 2022” тэмцээний Дэд миссээр шалгарч “Miss Heritage International 2022” тэмцээнд оролцох эрхээ авч байв.

“Miss Heritage International 2022” оны шилдэг таван байрт:

  • ОХУ,
  • Монгол,
  • Индонез,
  • Латви,
  • Малайзын миссүүд шалгарсан ба Тэргүүн миссийн титмийг ОХУ-ын хөтлөгч, загвар өмсөгч Анна Крилина хүртжээ.