Categories
мэдээ соёл-урлаг

“Ice top” хамтлагийн Boogii, реппер Desant, Ginjin нар хамтран “In Da Huree” тоглолтоо хийнэ

Монголын хип хоп ертөнцийн томоохон төлөөлөгчдийн нэг болох “Ice top” хамтлагийн Boogii болон реппер Desant, реппер Ginjin нар хамтран “In Da Huree” тоглолтоо зохион байгуулах гэж байна. Тоглолт ирэх тавдугаар сарын 10-ны өдөр “Socialpay park”-т болно.
Энэхүү тоглолт нь энэ зуны анхны задгай талбайн том шоу тоглолт байх бөгөөд хип хоп урсгалыг өөр өөрсдийн өнгө аясаар илэрхийлэх тэдний “In Da Huree” тоглолтын тасалбарыг зөвхөн ticket.mn-ээр дамжуулан авах боломжтой аж.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

Алсу Монголд тоглолтоо хийхээр болжээ

Оросын Холбооны Улсын алдарт дуучин Алсу Монголд тоглолтоо хийхээр болжээ.

“DD Entertainment” дуучин Алсугийн бүрэн хэмжээний тоглолтыг 2025 оны тавдугаар сарын 17-нд “АСА АРЕНА”-д зохион байгуулах болсноо зарласан байна.

Монголчууд түүнийг “Зимний сон”, “Иногда”, “Весна”, “Небо”, “Осень” зэрэг олон хит дуугаар нь мэдэх билээ.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

А.Түвшинбаяр: Бүжиг бол их торгон, бие, сэтгэл оюунаараа удирддаг, хэцүү мөртлөө гоо зүйтэй, тансаг урлаг

“Мөнгөн мод-2024” наадмын шилдэг бүжигчин шагналыг хүртсэн, Монгол Улсын Үндэсний урлагийн Их театрын гоцлол бүжигчин, СТА А.Түвшинбаяртай ярилцлаа. Энэ эрхэм шагналыг хүртэхээсээ хоёр хоногийн өмнө тэрбээр Японы Осака хотод болсон кино фестивалиас “Чимээгүй хотын жолооч” гэдэг конины Мягмарын дүрээр Азийн шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн юм.


-“Мөнгөн мод-2024” наадмын шилдэг бүжигчин шагналыг хүртсэнд баяр хүргэе.

-За баярлалаа.

-Шилдгийн шилдгийг тодруулдаг энэ наадамд гурав дахь удаагаа өрсөлдөж байж өөрийн багш Сэвжидийн Сүхбаатарын гараас шагналаа авлаа гэж Та хэлсэн. “Ноднин авах байсан юм. Энэ жил ёстой гуядаж авлаа” гэсэн сэтгэгдлүүд их байлаа. Та үүнд юу хэлэх вэ?

– 2017 онд “Марко Поло” гээд мюзиклийн дүрээр энэ шагналд нэр дэвшиж байсан хэдий ч авч чадаагүй. Тухайн үед илүү ихийг хийх ёстой юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн. Ноднин “Тэнгэрийн хутагт” бүжгийн жүжгийн гол дүр Данзанравжаагийн дүрээр нэр дэвшээд шилдэг гуравт үлдэж байсан. Амьхандаа хичээгээд л байгаа юм. Тэгээд хамгийн түрүүнд бодсон зүйл бол гадагшаа явж өөрийгөө илүү хөгжүүлье, тэмцээн уралдаанд оръё. Монгол бүжиг гэж байгаад байдаг. Үүнийг таниулахын тулд гадны хүмүүстэй өрсөлдөөд үзье гэсэн сэдэл төрж, хоёр том тэмцээнд амжилттай оролцоод ирсэн. Үүнээсээ урам аваад, энэ жил нэрээ дэвшүүлээд үзье гэтэл яах аргагүй “Мөнгөн мод” өөрөө “Түвшинбаяраа, одоо л чи болох гэж байна шүү” гэж байгаа юм шиг надад ирлээ. Тэр дундаа Монгол бүжгийн ноён оргил болсон Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт С.Сүхбаатар багшаасаа шагналаа гардаж авна гэдэг бол үнэхээр давтагдашгүй зүйл хэмээн бодож маш нандин мэдрэмж төрсөн.

– Японы Осакад болсон кино фестивалиас “Азийн шилдэг эрэгтэй жүжигчин” гэдэг номинацид тэргүүлсэн. Тэр шагнал ирээд гурав хонолгүй “Мөнгөн мод”-ны эзэн боллоо. Энэ шагнал давхцаад магнай жинхэнэ утгаараа хагарлаа гэж өөрөө хэлж байсан?

-2023 онд Ж.Сэнгэдорж найруулагч надтай хамтарч ажиллах санал тавьсан. Ж.Сэнгэдорж найруулагч надад гол дүр өгөх гээд. Би бүр гайхаад. Учир нь, кино жүжгийн талаар ямар ч мэдлэггүй, текст уншиж чадахгүй бүжигчин шүү дээ, би. Тийм хүнийг өөрийнхөө том зохиолынхоо гол дүрд тоглуулна гээд харчихсан байсан. Би өөртөө ч итгэж чадаагүй. Найруулагчаасаа дахин дахин “Та үнэхээр итгэлтэй байна уу” гэж асуусан. Тэгэхэд “Би итгэлтэй байна. Чиний нүд үнэхээр үнэнийг хэлж байна. Дүрдээ таарна гэдэг 80 хувь нь байх ёстой. Жүжигчний чадвар 10 хувь, найруулагчийн чадвар 10 хувь нийлээд 100 хувийн кино бүтэх ёстой” гэж хэлсэн. Тэр үг надад итгэл төрүүлж, “Найруулагч надад итгэж байна. Би ч гэсэн өөртөө итгэх ёстой” гэсэн үүднээс зориглосон. Манай кино 2024 оны арваннэгдүгээр сард Таллинд болсон кино наадмаас Гран при шагнал авсан юм. Монголд А зэрэглэлийн кино фестивалиас Гран при шагнал авч байсан түүх байдаггүй юм билээ. Мөн “шилдэг зураач” гэсэн номинациас шагнал хүртсэн. Үүнээс бид маш их урам авсан л даа. Монголд ирчихээд “Танай кино Азийн шилдэг 13 киноны нэг нь болж байгаа шүү” гэдэг үг сонсоход бараг шагнал авчихсан юм шиг баярлаж байлаа. Шагнал гардуулах үед “А.Түвшинбаяр Азийн шилдэг жүжигчин боллоо” гэх мөчид надад баг хамт олныхоо итгэлийг алдаагүй юм байна гэсэн бодол л төрсөн. Харин жүжиглэх талаас нь илүү их суралцаж, өсөлт гаргасан байх хэрэгтэй юм байна гэж бодогдсон. Яагаад гэхээр би найруулагчаасаа дүрээ аваад өөрийнхөөрөө тоглочихсон, жүжигчний ямар ч мэдлэг, туршлага байхгүй тоглочихсон болохоор үүнийг илүү сайжруулах ёстой юм байна гэдэг сэдэл төрснөө нуухгүй. Тэр мэдээг сонсчихоод үнэхээр их баярласан. Хоёр хонолгүй “Шилдэг бүжигчин” гэдэг шагнал аваад ёстой магнай хагартлаа баярласан шүү.

– Ноён хутагтын нутгийг яруу найраг, бүжиггүйгээр төсөөлөхийн аргагүй. Равжаа хутагтын “Саран хөхөө” театрт анхны бүжиг дэглэж байсан гэдэг. Дорноговийнхны бүжгээр тамгалсан омогшлыг үргэлжлүүлж байгаа хүн яалт ч үгүй өөрөө боллоо. Танаар бахархаж байна?

-Маш том магтаал байна, баярлалаа. Манай Үндэсний урлагийн Их театрт 40 гаруй бүжигчин бий. Тэдний дийлэнх нь Дорноговийнхон байдаг нь сонин. Ингэхээр Дорноговь аймаг бол бүжгийн өлгий нутаг юм байна гэдэг нь харагдаж байгаа байх. Бүжгийн урлаг гэдэг маш торгон, бие, сэтгэл оюунаараа удирддаг, хэцүү мөртлөө маш гоо зүйтэй, тансаг урлаг. Бид маш их хичээл зүтгэлийн үндсэн дээр энэ хэмжээнд хүрсэн. Баг хамт олныхоо хичээл зүтгэлд л миний бие харагдаж байгаа юм болов уу гэж бодож байна.

-“Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийг Дорноговьчууд тавьсан. Найруулагч нь бас Дорноговийн гаралтай хүн гэсэн. Хөгжмийн зохиолч нь Дорноговийнх, зохиолыг нь бичсэн хүн нь Дорноговийн хүргэн. Өөрөө гол дүрд нь тоглосон. Ямар шалгуураар тэнцэв ээ?

-2023 онд кино зураг наадмын үеэр дууссан юм. Улсын баяр наадам дуусаад долоо хонож байтал манай ерөнхий бүжиг дэглээч Х.Хашхүү багш маань ирээд Данзанравжаагийн дүр дээр ажиллах хэрэгтэй байна гэсэн. Би хэзээ ч ноён хутагтынхаа дүрийг бодож, оюун ухаандаа төсөөлж ч байгаагүй. Багшийг тэгж хэлэхэд нь “Хүүе ээ, тэгж болдог юм уу. Тэгж болох юм уу” л гэж бодсон. Багш “Хэдүүлээ хамтарч ажиллах хэрэгтэй байна. Хамгийн гол нь Хутагт мэндэлсний 220 жилийн ой 14 хоногийн дараа болох гээд байна. Яаралтай, гялс орох хэрэгтэй байна” гэсэн. Хамгийн гол нь найруулга нь гарчихсан байсан. Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр ах бас бүжгийн аянуудаа хийгээд явж байсан юм билээ. Бүжиг дэглэлт дээрээ л дүрийн сонгон шалгаруулалт явж байсан хэрэг байж. Ингээд надад хэлсэн. Би үүнийг үнэхээр олзуурхаж хүлээж авсан. Яагаад гэвэл ноён хутагт Данзанравжаа гуай миний нутгийн нэрийн хуудас болсон шашны зүтгэлтэн. Тийм болохоор надад өгч байгаа маш том буян хишиг юм болов уу гэж бодож “Тэгэлгүй яахав багш аа. Би шууд орно” гээд эргэлзэхгүйгээр зориглон орсон доо.

-Ноён хутагтад ороод амилуулж байгаа дүр дүрслэлийг үзэгчдийн суудлаас харж байхад хамрын самсаа шархирч байсан. Энэ яруу найраг биш шүү дээ. Үггүйгээр уран сайхны аргаар биеийн хөдөлгөөнөөр тэр аугаа соёлын өвийг гаргаж ирж байна.“Гарын хөдөлгөөн үнэхээр өөр юм аа” гэж бүжигчид үнэлсэн байсан. Энэ бүхнээс харахад бүжигчин хүний өгөгдөл нь бүрэн байх юм. Харахад их өндөр залуу. Тэгсэн хэрнээ хэчнээн уян налархай юм бэ. Таны өндөр хэд вэ?

-Нэг метр 90-ийн өндөртэй. (инээв) Би өөрийнхөө хэмжээнд бүжигчнийг хоёр утгаар ойлгодог. Нэгдүгээрт, биеийн хөдөлгөөнийг уран тансгаар илэрхийлдэг бүжигчин байна, хоёрдугаарт, дотоод сэтгэл зүрхээрээ үзэгчидтэй холбогдож, энергиэ солилцож, өгөө аваатай байдаг бүжигчин байдаг гэж боддог. Энэ нь юун дээр илүү ялгардаг вэ гэхээр тоглолтын дараахь үзэгчдийн алга ташилт, хэлж байгаа урмын үгнээс мэдрэгддэг. Манай нутагт Данзанравжаа гэхээр хун шувуу, хилэнц, ногоон дарь эх бүгд бодогддог. Яаж ч бодсон үүнд шинэ хөдөлгөөн ерөөсөө зохицохгүй, бүгд уян зөөлөн, аргадсан хөдөлгөөнүүд бүжиг дэглээчид болон хөгжим дээр хүртэл харагддаг. Хөгжим, бүжиг хоёр хоршоод хунгийн дэвэлт шиг зохицол үүсдэг.

-Ер нь бүжиглэх хэцүү юу, бүжиг дэглэх хэцүү юу?

-Би МУГЖ Ш.Одонтуяа багштайгаа хамтдаа “Odnoo dance studio”-г ажиллуулдаг. Тэр студийнхээ хүүхдүүдэд “Говийн үзэсгэлэн” гээд тэмээний тухай бүжиг дэглэж өгсөн. Бүжиг дэглэх бол оюун ухаандаа маш их эргэлт оруулдаг, өдөр шөнөгүй бодож байж гаргаж ирдэг хэцүү төрөл юм билээ. Бүжиглэхээс илүү бүжиг дэглэх нь надад хэцүү юм шиг санагдсан.

-Та хөгжмийн багш Банзрагч агсны зээ хүү юм билээ. Банзрагч багш бол бүх хөгжмийн зэмсгээр тоглодог хүн байсан. Бүжигчин болоход урлагийн гэр бүлийн нөлөөлөл байв уу. Эсвэл өөрөө энэ замыг сонгов уу?

-Өвөө эмээ хоёр маань Дорноговь аймгийн ахмад уран бүтээлчид. Ялангуяа өвөө маань тухайн үедээ маш алдартай хөгжмийн зохиолч, багш хүн байсан. Миний хувьд аавын ген нь охинд дамжаад, охиноос хүүд дамждаг гэсэн яриаг ээжээсээ сонсож байсан юм. Өгөгдөл нь цаанаасаа байсан юм болов уу гэж бодож байна. Би гурван настайгаасаа эхлээд энд тэнд бүжиглээд л, өөрийгөө ядраагаад явж байдаг хүүхэд байсан гэсэн. Түүнийг нагац эгч маань хараад “Шалгуулдаг газар нь шалгуулаад, мэргэжлийн хүн болгоё, өөрөө чадвал тэр биз” гээд хөдөөнөөс шууд Улаанбаатар луу авчирсан. Тухайн үед хотод ирэхдээ таавчик, шорт, футболкноос өөр ямар ч ачаа байхгүй ирсэн юмдаг. Тэгээд 2009 оны намар Хөгжим бүжгийн коллеж буюу одоогийн Монгол Улсын Консерваторын Х.Алтангэрэл, Ц.Мөнхдэлгэр багш нартаа шалгуулаад, хоёр гурван удаагийн дамжлагатай явсаар мэргэжлийн гэсэн тодотголтой албан ёсны сургуульд нь ороод таван жилийн дараа төгсөөд. Ц.Сэвжидийн нэрэмжит Үндэсний урлагийн Их театртаа орсон. Одоогоор 11 дэх жилдээ бүжиглэж байна.

Өвөөгийн хүүхдүүдэд маш гоё мэдрэмж байдаг. Гагцхүү түүнийгээ ерөөсөө хөгжүүлж чадаагүй. Ээж маань хүртэл сонсголоороо ятгыг ч энэ юм болов уу гээд дарчихдаг. Аавын тал спортлог. Урлаг, спорт хоёрыг хослуулаад ийм бүжигчин гараад ирсэн юм болов уу. (Инээв)

-11 жил бүжиглэж байх хооронд өөрийг чинь хүмүүс таньдаггүй байлаа. “Тэнгэрийн хутагт”-д тоглоод тэнгэрт гараад ирлээ. Үүнтэй санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Бүжгийн ноён оргил бол бүжгэн жүжиг гэж салбарынхан маань ярьдаг. Тэр дундаа манай монголчууд байтугай Ази тивд мэддэг Данзанравжаа хэмээх соён гэгээрүүлэгч хүний дүрийг авна гэдэг бол маш гайхалтай. Би энэ дүр дээрээ маш болгоомжтой хандсан. Яагаад гэвэл хүн болгон мэддэг хутагтыг маш чадварлаг бүтээхгүй бол болохгүй шүү дээ.

-Өөрөө айлын том хүү. Айлын том хүү байх аав, ээждээ ачааны хүндийг таталцаж өгдөг хувь тавилантай байдаг. Хэр эрх хүүхэд байв?

-Би өөрийгөө эрх биш гэж боддог. Яагаад гэвэл дунд дүү маань надаас дөрвөн насны зөрүүтэй. Дөрвөн настай байхдаа л дүүгээ хараад эхэлсэн. Одоо ч гэсэн хоёр дүүгээ Улаанбаатарт сургуулийг нь төгсгөх гээд байж байна. Ээж, аав маань Дорноговь аймгийн Өргөн суманд амьдардаг. Аль болох аав, ээжийнхээ сэтгэлийг зовоохгүйг хичээж, ямар нэгэн асуудал гарсан ч гурвуулаа зохицуулчих юмсан гэж боддог. Би өөрөө шийдэж чадахгүй асуудал гарах үед л аав, ээж рүүгээ одоо яах вэ гэж ярьдаг. Заримдаа уйлах үе ч гарна. Гэхдээ аль болох сэтгэлийг нь амгалан байлгах гэж л хичээдэг дээ.

-Өнгөрсөн жил Азийн шилдэг бүжигчнээр шалгарсан. Энэ тэмцээнд хэдэн бүжигчин оролцсон бэ. Ямар чансааны тэмцээн байсан бэ?

-Оролцож байгаа хүмүүсийн танилцуулга нь нэг ном дүүрэн байсан. Азидаа “А” зэрэглэлийн тэмцээн гэж явдаг юм билээ. Энэ дотроо ардын төрөл ганцхан байдаг. Өөр газар ардын төрлийн “А” зэрэглэлийн тэмцээн байдаггүй. Тус тэмцээнд ороод нэгдүгээр байр эзэлсэн.

-Өөртөө хэр итгэлтэй байв?

-Бүжигчдээ хараад яана даа л гэж бодож байсан. Гэхдээ тайзан дээр гараад ирэхдээ 11 жил бүжиглэсэн туршлага байгаа шүү дээ л гэж бодсон. Дээрээс нь ардын урлаг маань өөрөө сүнстэй юм билээ. Бусад хүмүүсийг харахаар нэг л хэвийн харагддаг. Манайх гараад ирэхээр хуурын татлага нь хүртэл тэс өөр, дотроосоо огшоод л эхэлдэг. Би чинь монгол хүн, дээд угсааны хүн байна. Ингэж бодоод бүжиглэхээр үнэхээр цээжээ дэлдмээр санагдаж байсан. Манай монгол бүжиг хү, хай гээд жаахан орилоод ирдэг шүү дээ. Тэгээд л тайзан дээр гараад өөртөө итгэлтэй болсон. СТА Хашхүү багш, хөгжмийн зохиолч Довчин нарын “Хэлхээ намба” гээд бүжиг байгаа. Миний хувьд урдаа барьдаг шилдэг бүжгүүдийн минь нэг. Энэ бүжгийг бүжиглээд, амьсгаадаж орж ирээд өөртөө итгэсэн. Эхний шигшээд би нэгээр гарч ирсэн. Дахиад хагас шигшээ байгаа шүү дээ. Тэгээд орсон, түрүүлсэн.

-Та 11 жил театрын тайзан дээр бүжиглэжээ. Энэ бол бага хугацаа биш. Энэ хооронд А.Түвшинбаярын нэрийн хуудас болсон хэдэн бүжигтэй болсон вэ?

-Гарын арван хуруунд багтахаар бүжигтэй болсон. Түүнийгээ баяжуулах бодолтой байгаа. Бүжгэн жүжгийн хувьд “Тэнгэрийн хутагт” бол номер нэгт. “Хэлхээ намба” байгаа. “Наадъя” гээд гоё бүжигтэй болсон. “Өнчин хун” гээд сайхан бүжигтэй. Тэгээд театрынхаа зорилтот бүжгэн жүжгүүд, тавигдаж байгаа төслүүдэд гол дүрийг бүтээх гээд ажиллаж байгаа.

-Одоо 28 нас гэдэг бүжгийн хувьд ид залуу нас биш. Тэгэхээр цаашдын зорилгоосоо хуваалцвал…?

-Бидний мэргэжил бусдаас жаахан онцгой. Яагаад гэвэл хорин жил ажиллаад шууд тэтгэвэртээ гарчихдаг. Гарахаас өөр арга байхгүй. Нас нь өөрөө хэлээд өгчихдөг. 18 жил ажиллахаар бие нь дийлэхээ байдаг. Хажууд залуу хүн үсрээд байхаар харьцуулагдана. Бид бол биеэ маш сайн хайрлах ёстой. Би өөрийгөө урлагийн хүн гэж хардаг. Бүжигчин гэж өөрийгөө хардаггүй. Урлагийн хүн бол бүх төрөл жанрт хувирдаг. Хувирахдаа маш чанартайгаар хувирах ёстой юм болов уу гэж боддог. Тэгэхээр кино урлагт жүжигчний карьер эхлүүлсэнтэй холбоотойгоор цаашдаа үүнийгээ сайн хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа. Мэдээж өөрийн үндсэн мэргэжлээ хаяж болохгүй. Цаашдаа үлгэр жишээ болох хэрэгтэй. Надад маш олон хүүхэд “Танаас маш их эрч хүч авдаг шүү” гэх сэтгэгдэл хэлдэг. Тиймээс бүжиг, шавь нараа хаяж чадахгүй. Тэгэхээр энэ эрчээрээ олон гоё зүйлийг хийж бүтээнэ. Сүүлийн жил намайг бас дэмждэг үзэгчид байдаг гэдгийг үнэхээр мэдэрсэн. Тэр хүмүүстэйгээ ч гэсэн гайхалтай уран бүтээлээр уулзаж байна аа гэж хэлье.

-Гэр бүлийн тухайд?

-Залуу насны урлаг учраас хоёр жилийн дараа төлөвлөх зүйл юм уу даа. Одоо л яг миний үе эхэлж байна.

Бид ийн ярилцав. Одоо тэдний ээлжийн амралт нь эхэлж байгаа болохоор биеэ сайн тордоно гэдгээ хэлсэн. Мөн ирэх даваа гарагт АНУ руу кинрны багийнхантайгаа явахаар болсноо дуулгасан. Тэнд Азийн шилдэг кинонууд цугларч байгаа бөгөөд Ж.Сэнгэдоржийн найруулсан “Чимээгүй хотын жолооч” кино шилдгийн шилдэг дунд явж байгаа болохоор манай уран бүтээлчдийг урьсан хэрэг. Киногоо тэнд нээнэ. АНУ-ын Чикагод Монголын өв соёлыг таниулах төв нээгдсэн болохоор тэнд киноныхоо нээлтийг хийх гэнэ лээ.

 

ЯРИЛЦСАН Н.САРАНЧИМЭГ

Categories
мэдээ соёл-урлаг

“Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг ирэх сарын 4, 5, 6-ны өдрүүдэд толилуулна

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг 2025 оны дөрөвдүгээр сарын 4, 5, 6-ны өдрүүдэд толилуулна. Эдгээр тоглолтууд нь Унгар улсад болох МИТЕМ буюу Мадач олон улсын театрын 12 дахь удаагийн наадамд оролцохын өмнөх бэлтгэл ажлын хүрээнд толилуулж байгаа юм.

Тасалбарыг энд дарж худалдан авах боломжтой.

Ташрамд дурдахад, Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 2025 оны дөрөвдүгээр сард Унгар улсын Будапешт хотод зохион байгуулагдах МИТЕМ буюу Мадач олон улсын театрын 12 дахь удаагийн наадамд Б.Цогнэмэхийн зохиол, найруулагч Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгээр оролцоно.

Энэхүү наадам нь дэлхийн 30 гаруй орны театрын уран бүтээлчдийг нэгтгэн, өөрсдийн бүтээлээ танилцуулах боломж олгодог, театрын хөгжлийн чиг хандлага, улс хоорондын соёлын харилцааг бэхжүүлэх зорилготой томоохон наадам юм.

2025 онд Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд “Тэнгэрийн хүү” жүжгийг “Go Mongolia” уриан дор тоглож, хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэхээр төлөвлөжээ.

Тоглолтын хуваарь:

Дөрөвдүгээр сарын 25-нд 19:00 PM

Дөрөвдүгээр сарын 26 -нд 19:00 PM

National Theatre, Budapest

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

А.Түвшинбаяр Азийн шилдэг жүжигчин шагнал хүртлээ

Японы Осака хотноо жил бүр зохион байгуулагддаг “Osaka Asian Film Festival 2025” наадам нь энэ оны 3 дугаар сарын 14-23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, Олон Улсын 50 гаруй кино уран бүтээлийг үзэгчдэд толилуулаа.

20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус кино наадамд Ж.Сэнгэдорж найруулагчийн “Чимээгүй хотын жолооч” уран сайхны кино “Азийн шилдэг жүжигчин” номинацид нэр дэвшиж, гол дүрийн жүжигчин А.Түвшинбаяр уг шагналыг хүртлээ.
May be an image of 2 people and text that says "UTE PÖFFI MÕJUALAS ASUTE PÖFFI MÃMMA MỖ PIMEDATE ÖÖDE FILMIFES EDATE ÖÖDE FILMIFESTIVAL FEVIBE PÖFF VIBE LINN NIGHT. PÖFF FESTIVAL UTE PÖFFI TALLIAN BLACK NIG ASUTE FFI MÕJUA MEDATE öL öi MIFES LLINN BLACK FF VIBE ÖFF MEDATE ööD ACK ACKNIG NIG CK NIGHTS _MIFES S MÕJU/ UTEPÖFF UTE PÖFF 3LA FILM"

Чимээгүй хотын жолооч кино нь өнгөрсөн оны 11 дүгээр сард 28 дахь удаагийн “Таллины хар шөнө” Олон Улсын кино наадмын гранпри шагнал болон шилдэг зураачийн шагналыг тус тус хүртэж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Японд “Хүн театр”-ын тоглолт боллоо DNN.mn

Япон улсын Токио хотноо арваннэгдүгээр сарын 23-нд хоёр улсын соёлын харилцааны 50 жилийн ойн хүрээнд “ХҮН” театрын бүжгийн урлагийн бүрэн хэмжээний тоглолт болж 1252 хүний суудалтай Мусашино хотын Соёлын ордон дүүрэн үзэгчтэй, нижигнэсэн халуун алга ташилтаар өндөрлөсөн юм. Тоглолтод Япон улсад суугаа Монгол Улсын бүрэн эрхт элчин сайд Б.Баярсайхан болон Токүшима муж дахь Монголын Өргөмжит консул Каваүчи Широ, Соёлын элч Мики Ясүхиро нар баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүлэв. Үүнээс хоёр жилийн өмнө МУСТА, бүжигчин Г.Бурмаа “Говийн цэцэг” тоглолтоо дэлгэж байлаа. Өнөөг хүртэл Монгол Улсын Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ олон удаа ирж, аялан тоглож байсан бол дан бүжгийн бүрэн хэмжээний тоглолт хоёр дахь удаагаа болж буй нь энэ билээ. 2009 онд Дэлхийн ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвд бүртгэгдсэн “Бие биелгээ”-ний яруу тансаг, дотоод мөн чанарт нүүдэлчин угсаат Монгол хэмээх үндэсний язгуур сэтгэлгээ, сэрэхүй оршин байдаг. Энэхүү өв соёлоо Японд таниулан, сурталчлан яваа МУСТА бүжигчин Г.Бурмаагийн санаачилга, түүний удирдан, үйлс хэргээ явуулдаг “Монгол Япон урлагийн агентлаг” болон “Landscape arch”компаниас эрхлэн монгол бүжигчдэдээ шинэ гарц нээсэн нь энэхүү тоглолтын онцлог байв.

Монгол хүний хийморь сүлдийг бадрааж, сүнс сэрэхүйг дотроос нь сэрээдэг ид шид гэмээр ч юмуу ер бусын хүч монгол үндэсний язгуур урлагт шингэсэн гэдэгт би итгэдэг. Тоглолт ертөнц, шим мандалыг бүрдүүлэгч таван махбодын онол, арга билгийн шүтэн барилдлагыг бэлгэдэн, харуулж, таван махбодыг таван өнгөөр, япон монгол хүмүүсийн сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэл агуулгыг шингээн, бүжгийн хэлэмжээр өгүүлэмжтэй хослуулан илэрхийлжээ. Энэхүү тоглолтын эзэд болох “Хүн” театрын тухай товчхон өгүүлэхэд жил бүрийн зургадугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл жуулчдад өдөр бүр ардын урлагийн тоглолтоо толилуулан, үзэгч түмэндээ хүргэж байдаг тус театр нь таван жилийн өмнөөс байгуулагдан шаваа тавьж байсан бөгөөд тус театрын захирал, үүсгэн байгуулагч Д.Болор-Эрдэнэ өөрөө урлагийн мэргэжилтэй, Японд ажиллаж амьдарч байхдаа урлаг, соёлын ордон байгуулах юмсан гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөн олон зураг төсөл сонирхсоор үндэсний гэр хэлбэртэй театр бүтээн босгоё гэдэгтээ эргэлзээнгүй шийдэн, ханцуй шамлан оржээ. Олон хүний дэмжлэгээр бүтсэн энэхүү театраа бүжгийн урлагт тодоор гэрэлтэн яваа хань Энхгэрэлдээ зориулан босгосон гэдгээрээ бас онцлогтой.

Эртний монгол улсын Хүннү гүрэн бас хүн ёсоор байхын эрхэм нандин чанарыг бэлгэдэн “Хүн” хэмээх нэрийг өгчээ. Гадаа шар, улаан навчис өнгө хоршин цаг улирлыг илтгэж байхад, танхимд дуу хуур, бүжиг наадмын олон өнгө солонгорон сүлэлдэх нь нэн зохист. Дүрэлзэх улаан өнгө тодорч, гал махбодыг илэрхийлэхэд тайзнаа “Их хүндэтгэл” бүжиг өрнүүн хөгжиж, энэ цаг үеийн шилдэг уран бүтээлчдийн нэгэн “Улаанбаатар” театрын гоцлол бүжигчин СТА Б.Норовбанзад уян торгон хөдөлгөөнөөр “Хөх бух” бүжгийг амьдруулав. Удаалан шороо махбодын шар өнгө тодроход Ардын жүжигчин Д.Нанжидын дэглэсэн “Ойрадын уриа” бүжгийг тус тоглолтын ерөнхий найруулагч, “Хүн” театрын уран сайхны удирдагч, бүжиг дэглээч, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн багш Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Энхгэрэл морин хуурч А.Бат-Эрдэнийн татлагад эв хав, эгшиг цацал нийлүүлэн урлав. Энэ агшин их онцгой учиртай. Хуурчийн аав болох урлагийн гавьяат зүтгэлтэн Шарын Аюуш нь 1987-2000 он хүртэл Өмнөговь аймгийн Хөгжимт драмын театрт ажиллахдаа Ардын жүжигчин, бүжиг дэглээч Д.Нанжидтай маш олон бүжгийн хөгжим хийж байжээ. Тэрбээр “Бүр багаасаа л тэр эрхэм хүнийг хажууд нь харж өссөн болохоор өнөөдөр тэр гайхамшигт хүний шавьтай хамтран тайзан дээр тоглосондоо маш их баяртай, бахархаж байна” хэмээн өгүүлсэн юм. 2008 оноос Олон улсын Морин хуурын наадмыг санаачлан, зохион байгуулсаар ирсэн бөгөөд 2022 оныг хүртэл Дэлхийн Морин хуурчдын Холбооны тэргүүний албыг хашиж мөн жил бүр болдог Олон улсын морин хуурын чуулга “Асар” тоглолтыг 2014 оноос санаачлан явуулсаар иржээ. Токиогийн Хөгжмийн дээд сургуульд магистр багш тэрбээр 2002, 2011 онуудад Токио хотын Метрополитан симпони оркестртой хамтран нэрт хөгжмийн зохиолч Жанцанноров, З.Хангалын морин хуурт зориулсан концертыг хамгийн анх Япон улсын тайзан дээр тоглож байсан эдүгээ ардын урлагаа таниулах их үйлс хэрэгт зүтгэж буй шилдэг уран бүтээлчдийн нэгэн билээ. Түүнийг “Говийн домог” киноны хөгжмийг хуурдан аялгуулсны дараа бүжигчид Дөрвөд угсаатны үндсэн намба болох хаялга, цацлага, солбих хөдөлгөөн, жороо морины алхаа гишгээг илэрхийлэхийн зэрэгцээ залуусын цог золбоо, хайр сэтгэлийг дүрслэн харуулсан “Товор товор” бүжгийг цоглог, хөнгөхөн хэмнэлээр нүүрэндээ баясал хөөр тодруулан бүжиглэв. Энэхүү бүжиг нь тайзан дээр анх удаа тоглогдож байгаа бөгөөд “Тосонгийн орой” болон энэ бүжгээрээ сарын өмнө Солонгос улсын Чоннан хотод болсон олон улсын бүжгийн тэмцээнд хамтлагаараа гуравдугаар байрт оржээ. Энэхүү хэсгийн төгсгөлд япон үндэсний уран бүтээлч Андо Тацүмаса тайко бөмбөрөө цохин, нэг тийм япон уур амьсгал бүхэлд нь бүрхэн авах шиг тайко бөмбөрийн хүчит цохилт, сүрлэг хэмнэлээр үзэгчдийг хөгжөөв. Энэхүү уран бүтээлч нь Шиманэ мужид уламжлал болон зохион байгуулагддаг Ясүгибүши язгуур урлагийн бүх ард түмний шилдэгийг тодруулах уралдааны ардын дуу, шамисэн хөгжим, цүзүми бөмбөр, дожёсүкүй ардын бүжиг болон зэйтайко үндэсний шигширгэн хөгжим зэрэг таван үзүүлэлтийн ардын дуунаас бусад дөрвөн төрөлд тэргүүн байрыг эзэлж, цоо шинэ рекордыг тогтоожээ. Төмөр махбодын бэлгэдэл цагаан өнгө тодроход “Бөртэ чоно” бүжгийг Андо Тацүмаса тайко бөмбөр цохин, бүжигчид бүжиглэв. Дараа нь СТА Д.Баяртын дэглэлт “Хүн шүтээн” бүжгийг тус тоглолтын найруулагч Д.Энхгэрэлийн охин, балетын бүжигчин Б.Хүслэн бүжиглэв. Бас “Бөөгийн бүжиг” монгол төдийгүй японы тайзан дээр анх удаа тоглогдож байгаа ажээ. Энэ бүжиг маш өвөрмөц, үндэсний онцлог мөн чанарыг тод томруун, харуулсан, сүрлэг бөгөөд сүнслэг гэмээр. Үүний дараа тус тоглолтын ерөнхий продюссер, гоцлол бүжигчин соёлын тэргүүний ажилтан Г.Бурмаа “Содон уялга” бүжгийг шамисэн хөгжимчин Андо Тацүмасагийн хуурдах аялгуунд тайзан дээр анх удаа бүжиглэлээ.

Энэ бүжгийг соёлын тэргүүний ажилтан Б.Норовбанзад дэглэж, шудрага хөгжмийн найруулгыг “Улаанбаатар” театрын шанз хөгжимчин Б.Гэрэлтуяа бүтээжээ. Бас Японд тэр болгон үзэх боломжгүй, нэгэн онцгой үзүүлбэр “Агаар, уран нугаралтын хослол” байлаа. Монголоос анх удаа хилийн дээс алхаж байгаа залуу уран нугараач Б.Ариунгоогийн агаарын үзүүлбэр үзэгчдийг алмайруулан, гайхшируулав. Таазнаас унжсан хөвсгөр туузан дээр эргэлдэн нугарч, туузан дээрээсээ доош огцом унах мэт эрс доошлон эргэлдэн туузнаасаа зүүгдэхэд үзэгчид цочин, дуу алдах нэгэн ч байв. Энэ завсар Япон улсын уран нугараач Шибата Эри нум сумтай нугаралт үзүүлэв. Хорин наснаасаа уран нугаралтаар хичээллэж эхлэн Монголд очин дадлага туршлага хуримтлуулан, уран нугаралтын талбарт Япондоо тэргүүлэх нэгэн болж, багш дасгалжуулагч, урлагийн фитнесс модел гэнэ. Усны бэлгэдэл хөх өнгө тодруулж, “Найрын хөг” бүжиг чуулав. Үзэгчдээс тайзан дээр урьж, үндэсний идээ, ундаагаа өргөн барьж, хөөрөг зөрүүлэн мэндчилээд, хамт бүжиглэдэг тул гадны үзэгч, жуулчдын нэн дуртай үзүүлбэр билээ. Мөн “Тосонгийн орой” бүжиг эхлэхэд ан амьтан жигүүртэн шувуудын жиргээ, хөөмий, морин хуурын олон татлагат аялгуунд мөнх цаст хайрханы эзэн савдаг, эрэлхэг баатарлаг, эрэмгий хүч чадал, онгод хийморийг дуудах мэт, тэнгэрийн салхи сэвэлзэн сүрлэг уулс өөд тэмүүлэх мэт санагдах онцгой нэгэн сэтгэгдэл төрүүлэв. Тайз модон махбодын ногоон өнгөөр гэрэлтэж, Япон, Монголын өндөр оргил уулс ханхайхад ардын үндэсний бүжгийг найман настай балчраас наян настай буурал хүртэл бүжиглэдэг дэлхийн соёлын өв-бие биелгээнд нэгдэж, Япон дахь “Наран цацал” хамтлаг, “Агсал хулай” сургалтын төв, “Миний монгол” сургуулийн сурагчид шамисэн, морин хуурын хосолсон аянд биелэж, “Уухай” бүжгийн ая эхлэхэд бүх уран бүтээлч тайзнаа гарч ирэн, монгол бүжгийн энгийн хөдөлгөөнийг зааж өгөөд хамтран бүжиглэхэд үзэгчид сэтгэл нь хөөрч, суудал дээрээ биелэж байв. Тоглолтыг нэрт орчуулагч Рио Оцүка хөтөлж, тайзны дуу техникийг “Токио онкен” компаний Мөнгөн-Од хариуцан ажиллажээ. Монгол-Япон уран бүтээлчдийн хамтарсан тоглолтын өвөрмөц найруулга, ая дан, тавилт, зохиомж сонин содон шийдэл ихтэй нь ерөнхий найруулагч, МУГЖ Д.Энхгэрэлтэй яахын аргагүй холбогдоно. Тэрбээр “Хүн төрөлхтөн орчлон ертөнцийг танин мэдэхийн тулд таван махбод, арга билгийн сургаалд тулгуурлаж байсан гэдэг өгүүлэмжээр агуулгаа илэрхийлсэн. Монгол бүжгийн уламжлалт суурийг хадгалан, орчин үеийн урсгал, төрлөөр баяжуулж, хурд нэмсэн хосолмол бүжгүүдийг хөтөлбөртөө багтаалаа. Ардын жүжигчин Д.Нанжид багшийнхаа үндэсний язгуур зарчмаа хэзээд эрхэмлэн нандигнах захиасыг үргэлж хэлж сануулж, үзүүлж явна” хэмээсэн юм. Үзэгчдийн сэтгэл хөдлөн, оргилон огшсон тоглолтын дараа олон хүн “Дахиад үзмээр байна. Ганцхан удаа юм уу” гэж асууцгааж байлаа. Зарим япон, монгол үзэгч ирэх зун Монгол явж, заавал “Хүн” театрын тоглолтыг зорин очиж үзнэ гэлээ. Ийнхүү Монгол-Япон улсын найрамдалт харилцаанд бүжгийн урлагийн нэгэн салаа нэмэгдлээ. Урган цэцэглэх болтугай!

Манай сонины Япон дахь сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Оюунгэрэл: “Шелкунчик”-ийн хөгжмөөс тачигнасан өвлийн үдэш, гялтганасан цас, сэнгэнэсэн агаар, жавар мэдрэгддэг DNN.mn

УДБЭТ-ын төгөлдөр хуурч, дуурийн концертмейстр Б.Оюунгэрэлтэй ярилцлаа.


-Урлагтай хэрхэн холбогдож байсан бэ. Багш тань ямар хүмүүс байсан бэ?

-Би төгөлдөр хуурч мэргэжилтэй. Монгол Улсын консерватори буюу хуучнаар “Хөгжим бүжиг” гэж байхад нь суралцаж төгссөн. СУИС-д мөн мэргэжил дээшлүүлсэн. Төгөлдөр хуурч бол хамгийн олон жил суралцаж төгсдөг мэргэжил. 18 жил сурч байж энэ мэргэжлийн бүрэн дипломоо аваад ажилладаг. Миний анхны багш бол С.Наранцэцэг. Багш маань төрийн соёрхолт, ардын жүжигчин Ж.Чулуун гуайн бэр, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин Ч.Чинбат багшийн гэргий сайхан багш байдаг. Дараа нь дунд сургуулиа Ц.Шаравцэрэн багшийнхаа удирдлагад төгссөн. Багш маань одоогийн Монгол Улсын консерваторийн захирал. Бакалаврынхаа боловсролыг СУИС-д ардын жүжигчин Т.Цолмон багшийнхаа удирдлагад төгссөн. Магистраа Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганчимэг багшийнхаа удирдлагад суралцаж төгссөн. Багш нартайгаа ганцаарчилж хичээллэдэг болохоор насан туршийн холбоо харилцаатай байдаг онцлог мэргэжил.

-Та балетын төгөлдөр хуурчаар хэдэн жил ажилласан бэ?

-Би 1998 онд 16 настайдаа ДБЭТ-т балетын төгөлдөр хуурчаар орж байлаа. Балетын төгөлдөр хуурч бол балетийн бүх хөгжмийг тоглоно гэсэн үг. Балет тоглох хүртлээ маш их бэлтгэл сургуулилт шаардлагатай байдаг. Тэр олон бэлтгэл дээр симфони найрал хөгжмийн дөч, тавин хүн шууд орж ирээд бүжигчдэд хөгжмийг тоглож өгөх боломж байхгүй. Бичлэгээр сургуулилт хийх боломж байхгүй. Оркестрын хөгжмийг нь төгөлдөр хуурч орж ирээд тоглож өгөөд сургуулилт, бэлтгэлээр хангаж өгдөг.

Театрын төгөлдөр хуурч гэдэг бол нэн чухал, бараг ховордсон шахуу мэргэжил болчхоод байна. Балетын төгөлдөр хуурчаараа 10 жил ажилласан. 1998-2008 онд ажиллаж байх хугацаанд тоглогдсон бүх балет дээр би ажилласан. “Хунт нуур”, “Жизель”, “Шелкунчик”, “Ромьёо Жулетта”, “Уран хас”, “Үйлийн гурван толгой” гэх мэт тухайн үед тоглогдож байсан бүх балет дээр ажиллаж байсан. Тайзан дээр гарахгүй мөртлөө миний уран бүтээлийн жагсаалтад зайлшгүй орох шаардлагатай бүтээл болж байгаа юм. 2008 оноос хойш Монгол Улсын консерватори, СУИС дээр бас хөгжмийн болон дуулаачийн концертмейстрээр ажиллаж байсан. Тэр хоорондоо хувийн уран бүтээл тоглолтуудаа хийж байгаад 2016 оноос хойш БНХАУ-ын ӨМӨЗО-ы Урлагийн дээд сургуульд багшилж байгаад 2020 онд ирээд, 2022 оноос хойш ДБЭТ-таа буцаж ажилдаа орсон, дуурийн концертмейстрээр ажиллах саналыг надад тавьсан. Сүүлийн хоёр жилд театрт тоглогдсон бүх дууриуд дээр ажилласан байна. Одоо театрын урын санд байгаа бүх дуурийг гүйцээхэд хоёр гуравхан дуурь үлдээд байна.

-Балетын концертмейстр байхдаа П.И.Чайковскийн “Шелкунчик” буюу “Цөмөөхөй” балет дээр ажиллаж байсан гэсэн. Зул сарын баяраар хамгийн их тоглогддог балетын нэг. Одоо УДЭТ-т тоглогдож байгаа. “Цөмөөхэй”-балетын хөгжмийг тоглож байхад ямар мэдрэмж төрдөг байсан бэ?

-Энэ саржингаа театр маань “Шелкунчик”-ээр амьсгалж байна. 12 дугаар сард нэг ч дуурь байхгүй, дан “Шелкунчик” байгаа мөртлөө билет нь зарагдсан байна. Хүмүүс дахиад тоглохгүй юм уу гээд маш эрэлттэй байна. Ингэж эрэлттэй байгааг харахад сайхан байна. “Шелкунчик” бол тэр чигээр шинэ жил байдаг. Ямар ч хөгжмийг нь сонссон шууд гялтганасан цас, тачигнасан өвлийн үдэш, сэнгэнэсэн агаар, жавар мэдрэгддэг. П.И.Чайковскийн балетуудаас дэлхийн оргил гурван балет нь “Шелкунчик” буюу “Цөмөөхэй”, “Нойрссон гүнж”, “Хунт нуур” юм. Бүх балет нь нэг хөгжмийн зохиолчийн балет мөртлөө тус тусдаа өөрийн гэсэн онцлогтой. “Шелкунчик” бол миний хамгийн хайртай, тоглох дуртай балетуудын нэг. Ялангуяа “том адажио, цэцгийн вальс” гэж ярьдаг хөгжим хэзээд сэтгэлийн минь утсыг хөндөөстэй, аз жаргалыг мэдрүүлдэг. Хөгжим, гоо зүй, бүжиг, дуу гээд хүний амьдралдаа мэдэрч, таашааж болох хамгийн дээд зэрэглэлийн мэдрэмж бол балет, дуурийн хөгжимд байдаг. Стресс ихтэй хотод ийм сайхан ажил хийж байгаа тулдаа сэтгэл өөдрөг амьдардаг байх даа гэж боддог.

-Бие даасан ямар концерт, тоглолтыг хийж байв. Уран бүтээлээс гадна тэмцээн уралдаан чухал байдаг байх?

-2007-2014 оны хооронд бие даасан концертуудаа идэвхтэй тоглож байсан. Энэ жилүүдэд ганцаарчилсан болон хамтарсан 10 гаруй концертыг зохион байгуулж тоглохдоо гадаадын болон дотоодын уран бүтээлчдийг урьж тоглож байсан. Тоглолтоо УДБЭТ-ын симфони найрал хөгжимтэй, Улсын филармонийн симфони найрал хөгжимтэй гээд том хэмжээний концертуудыг тавьж байсан. Уран бүтээлч хүний хувьд өөрөө зардлаа гаргаад идэвхтэй үедээ том тоглолтуудаа хийсэндээ баяртай байдаг. Бидний хувьд уран бүтээлээс гадна тэмцээн уралдаан чухал байр суурь эзэлдэг. Хамгийн чухал тэмцээнээсээ дурьдвал төрийн соёрхолт, ардын жүжигчин С.Гончигсумлаа гуайн нэрэмжит мэргэжлийн төгөлдөр хуурчдын уралдаанаас 2009 онд тэргүүн байрыг хүртэж байсан. 2014 онд зохиогдсон “Ф.Шопен ба XXI зууны Монгол” нэртэй олон улсын төгөлдөр хуурчдын II уралдаанд тусгай байр эзлэж байлаа.

Г.БАЛГАРМАА

 

Categories
мэдээ соёл-урлаг

“Цөмөөхэй” балет 11 дахь жилдээ тоглогдоно DNN.mn

“МУГЖ, МУ-ын Соёлын элч Д.Алтанхуягийн найруулсан “Цөмөөхэй балет” ид шидийг амилуулахад хоёр  хоног үлдлээ. “Цөмөөхэй балет” анх тоглогдож эхэлснээсээ хойш ийнхүү 11 дахь жилдээ УДБЭТеатрын тайзнаа тоглогдох гэж байна. Тус балетад, балетаар хичээллэдэг хүүхэд багачуудыг сонгон шалгаруулж,  тоглуулдаг уламжлалтай. Энэ жил 150 гаруй хүүхэд багачууд тоглолтод оролцож байгаа аж.

Жил бүрийн арванхоёрдугаар сард тоглогддог “Цөмөөхэй балет” мартагдсан ид шид, хүсэл мөрөөдлийг эргэн авчирдаг. Мөн айл гэр бүхэнд халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, хүүхэд насны дурсамж үлдээж, сайхан сэтгэл ямагт ялна хэмээх итгэлийг түгээх нь тус балетын зорилго юм. “Цөмөөхэй балет”-ыг үзсэн хүн бүхний царайнд гэрэл тодорч, зүрхэнд нь аз жаргалыг бий болгохоос гадна сонгодог урлагийг тайзнаа сэтгэл догдлуулам түүхийг бүтээж өгдөг онцлогтой.

Categories
мэдээ соёл-урлаг

МУАЖ Э.Амартүвшин Сан Франциско хотын дуурийн театрт дуулж байна DNN.mn

Монгол Улсын Ардын жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшин алдарт Сан Франциско хотын дуурийн театрт урилгаар хоёр дахь удаагаа дуулж байна.

Тэрбээр энэ удаа Ж.Вердийн “Бал Маскарад” дуурийн Ренатод гоцолж буй аж. Түүний хувьд энэ сарын 27-нд тус театрын тайзнаа сүүлийн тоглолтоо хийх бөгөөд үүнээс өмнө дөрвөн удаа дуулсан байна.

Э.Амартүвшин үндэсний болон олон улсын цөөнгүй тэмцээнд шагналт байр эзэлж байсны дунд П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуучдын уралдааны дэд байр, “Plаcido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдааны гранпри буюу шилдэг дуурийн дуучин, “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулагддаг дуурийн дуучдын алдарт “Cardiff Singer of the World” тэмцээний үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн.

Алдарт “Риголетто” дуурийн гол дүрийг амилуулан дуулдаг Э.Амартүвшинг италичууд “Дуурийн маэстро” хэмээн нэрлэдэг юм.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе энтертаймент-ертөнц

“Big show” хойшлогдож, тасалбар авсан иргэдийн мөнгийг 100 хувь буцааж олгохоор болжээ DNN.mn

Flash, Татар, Noname, 4 зүг, Мөнхийн реп хамтлаг хамтарсан “Big show” тоглолтоо өнөөдөр буюу есдүгээр сарын 20-нд  хийхээр зарласан билээ.

Тэгвэл “Big show” тоглолт тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан талаар цахим хуудастаа нийтэлжээ. Гэхдээ төлбөрийг 100 хувь буцаан олгоно гэжээ.

Мөн өнөөдөр OUTLAW хамтлагийн 20 жилийн ойн “Зүрхэн тэнгэрийн наран” тоглолт болно.