Ардчиллын төлөөх улс төрийн намууд нэгдэж “Ардчилсан нам” үүсгэн байгуулагдсан ойн баярыг угтаж “Democracy Summit” бодлогын реформын хэлэлцүүлэг “Бултаараа баяжигтун” уриан дор өчигдөр зохион байгуулагдлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Ганхуягтай эдийн засаг, улс төрийн хүрээнд дэлгэрэнгүй ярилцлаа.
-Өчигдөр болсон энэхүү хэлэлцүүлгийн үеэр та “Дэлхийн дундаж орлоготой монгол хүн” санаачлагыг танилцуулсан. Тус санаачлагын гол зорилго юу байна вэ?
-Энэ санаачлагын зорилго нь Монгол хүний орлогыг дунд хугацаанд америк доллараар хоёр дахин нэмэгдүүлэх юм. Хүн ч, айл ч, байгууллага ч, улс орон ч зорилгогүй бол доороо хий эргэсээр байдаг. Зорилготой хүн зорилгогүй хүн хоёрын амжилтын зөрүү тэмээ, ямаа шиг зөрүүтэй байдаг. Өнгөрсөн зууны сүүлийн хагасаас эхлэн тогтвортой хөгжил хэмээх ухагдахуун гарч нийгмийн амьдралд бодит байдлаар биеллээ олсон. Үүний томоохон төлөөлөл нь НҮБ-аас гаргасан Тогтвортой хөгжлийн 17 зорилт юм. Тиймээс хөгжлийн бодлогын зорилт нь богино хугацааны зорилтын хэрэгжилтээсээ эхлэн тасралтгүй үргэлжлэх процесс юм.
-Таны хувьд Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтийг ямар байдлаар дүгнэн харж байгаа вэ?
-Би сүүлийн 12 жилийн макро эдийн засгийн зарим үзүүлэлтийг хэлье. 2008-2009, 2012-2013, 2016-2017, 2020-2021, 2021-2022 онд УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуультай байсан тухайн жил, мөн сонгуулийн дараагийн жилийн үеэс ам.доллартай харьцах төгрөгийн ханш огцом унаж ирсэн нь тодорхой харагдаж байна. 2008-2009 оны хооронд төгрөгийн ханш огцом унасан нь нөгөө 1.5 сая төгрөгийн бэлэн мөнгөний амлалттай холбоотой. Энэ болон бусад амлалтаар 2.8 тэрбум ам.долларыг тараасан тооцоо гардаг. Хэрэв 1072 ширхэг хувьцаагаар энэ амлалтын заримыг нь хааж зохицуулаагүй бол улам хүндрэх байсан. Гэхдээ 2017-2023 оны хооронд бол бараг л шулуун шугамаар төгрөгийн ханш унаж, өнөөгийн байдлаар 2016 оны үетэй харьцуулахад 75 орчим хувь унасан байна. Энэ нь мэдээж ковид хэмээх олон улсыг хамарсан халдварт өвчний хорио цээртэй ч холбоотой байх. Гэхдээ Монгол Улс нь Ази тивдээ ковидын дараа баян хоосны ялгаа хамгийн их нэмэгдсэн орон болсон байдаг.
-Өнгөрсөн 12 жилийн хугацаанд тэгвэл ДНБ болон цалингийн үзүүлэлт ямар байдлаар хэлбэлзэж ирсэн байна вэ. Та маш тодорхой судалгаа гаргасан байна л даа…?
-2011-2022 оны 12 жилийн хугацаанд нэг хүнд оногдох ДНБ төгрөгөөр тооцоход 2.5 дахин, улсын төсвийн зарлага 3.9 дахин тус тус нэмэгдсэн байна. Харин ам.доллараар нэг хүнд оногдох ДНБ-нд бараг өсөлт байхгүй, дунджаар 4300 ам.долларын түвшинд хэлбэлзэж. Энэ тоо 2013 онд 4658 ам.долларт хүрсэн нь дээд амжилт байв. Өөрөөр хэлбэл сүүлийн 12 жилийн хугацаанд төгрөгөөр бол эдийн засгийн өсөлт байсан ч, ам.доллароор өгөөгүй гэхэд хилсдэхгүй. Харин улсын дундаж цалин сүүлийн 12 жилийн хугацаанд төгрөгөөр 3.2 дахин нэмэгдсэн бол, ам.доллараар бас л өсөлт байхгүй, дунджаар 435 ам.долларын түвшинд хэлбэлзэж ирсэн байна.
Эндээс ам.доллараар эдийн засгийн үр өгөөж тун хангалтгүйгээр зогсохгүй, иргэдийн амьжиргаанд наалдац муу байсан нь харагдах байх.
-Саяхан улсын төсөв батлагдсан. Төсвийн талаарх таны дүгнэлт ямар байгаа вэ?
-Эрх баригч улс төрийн намууд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд сонгуульд дахин ялах,түүнчлэн албан тушаалаа хадгалж үлдэхийн тулд иргэд сонгогчидын саналыг худалдан авах зорилгоор сонгуулийн өмнөх жилүүдэд өрөө нэмэгдүүлж ирээдүйгээсээ зээл авдаг болсон. Чаддагаараа мөнгө хэвлэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, төсвийн зарлагыг чинээнээс нь хэтэртэл нэмж байна. Төсвийн хөрөнгө оруулалтыг дахин нэмэгдүүлж, чухалд эрэмбэлэгдэхгүй баахан байшин барьж, сум руу чиглэсэн орон нутгийн чанартай асфальтан зам зэргийг тавьж, бэлэн мөнгө тарааж, халамжийг хавтгайруулж ирсэн нь судалгаанаас тодорхой харагдах болов уу. 2023 оны байдлаар төрийн байгуулагуудын өмч, хөрөнгийн ашиглалтын зардал буюу хөрөнгийн зардал нь ДНБ-ны 12 хувьтай тэнцэж байна. Ингэж хэрээс хэтэрчээ.
-Төсвийн асуудлыг ингэж зохицуулснаар гарах сөрөг үр дүн ямар байх вэ?
-Үр дүнд нь төр томорч, төрийн эдийн засаг дахь оролцоо нэмэгдэж, орон нутгийн эрх мэдэл хумигдаж, манай улсын өр сүүлийн жилүүдэд хоёр дахин нэмэгдлээ. Иргэн бүрт оногдох өрийн хэмжээ 32 сая төгрөгт хүрч,10 гаруй төрлийн татвар хураамж нэмэгдсэн. Арилжааны банкны зээлийн хүү өндөр хэвээр байна. Төрийн ард түмнээс албан бусаар авдаг татвар хэмээгдэх инфляц нь сүүлийн хоёр жил дараалан хоёр оронтой тоон дотор байж, үндэсний валют төгрөгийн ам.доллартай харьцах ханш бараг хоёр дахин уналаа. Олон улсын хэмжээнд үндэсний валют төгрөгийн ханш үнэ цэнээрээ сүүл мушгихад ойртож байна. Төгрөгийн ханшын навс уналтаас улбаалж импортын өргөн хэрэглээний барааны үнэ гурав дахин түүнээс ч илүү өсч байна. Гэтэл дундаж цалинг ам.доллараар тооцож үзвэл 48 хувиар буурчээ. Тодруулбал, өнөөгийн хоёр сая төгрөгийн дундаж цалин нь 2016 оны төгсгөлд 930 ам.доллар болж байсан бол, өнөөдөр 580 ам.доллартай тэнцэж байна. Түүнчлэн Монголд баян хоосны ялгаа эрс ихэсч, ядуурлыг хамрах хүрээ тэлсээр 40 хувьд хүрэхэд ойртож. Энэ нь юу гэхээр 10 монгол хүний дөрөв нь ядуувтар амьдрах болж, ядуурлыг хамрах хүрээ тэлж байгаа учраас дундаж орлоготой иргэдийн давхарга жилээс жилд нимгэрч, авдаг цалин нь амьдралд нь хүрэлцэхээ болилоо. Тиймээс сарын 2000 ам.долларын цалин авахын тулд олон залуус, багш, эмч нар маань гадаадад хөдөлмөр эрхлэхээр дүрвэсээр байна даа.
-Төрийн эдийн засгийн бодлогын гол хэмжүүр нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэх юм. Тэгвэл манай улсад бизнесийн орчны гол үзүүлэлтүүд ямар байна вэ?
-Төр нь эдийн засагтаа хэтэрхий их оролцоотой тул хувийн хэвшлийн орон зай хумигдсан. Төгрөгийн ханш тогтвортой бус сонгуулийн дараагаас огцом унадаг, арилжааны банкны зээлийн хүү хэт өндөр байна. Төсвийн үр өгөөжийн үзүүлэлтээр Дэлхийн банкны гишүүн орнууд хойноосоо XI байрт орлоо. Эдийн засаг дахь төрийн оролцоо хэрээс хэтэрсэн учир авилгал ихтэй. Тэр утгаараа олон улсын хэмжээнд авилгалын индекс сүүлийн жилүүдэд өссөн, өрсөлдөх чадварын болон бизнес эрхлэх орчны үзүүлэлтээрээ олон улсад доогуур байрт эрэмбэлэгдэх боллоо. Хуримтлал багатайн дээр хуримтлалаа ам.доллар зэрэг чөлөөт валютаар арвижуулан өсгөх менежментийг огт хийхгүй байна. Гаднаас авсан зээлийн ашиглалтын үр дүн хангалтгүй. Шалтгаан нь гаднаас авсан зээлээ эргээд эдийн засгаа тэлэх төсөлд ашиглах үйл ажиллагаа учир дутагдалтай, өр зээл ихтэйгээс төлбөрийн чадавх тааруу зэрэг байдалтай байна.
-Тэгэхээр одоо яах вэ?
-Монгол Улс хөгжлийн бодлогоо зургаан жил хүртэл буюу дунд хугацаанд тогтвортой болгоё. Хоёрхон жилийн хугацаанд хөгжлийн бодлого гаргахаа зогсооё. тухайлбал төсөв, мөнгөний бодлогоо сонгуульд ялахад зориулж өөрчилдгөө болих хэрэгтэй. Байдал нэгэнт ийм байгаа учир дунд хугацааны буюу зургаан жил хүртлэх хугацаанд хөгжлийн бодлогынхоо зорилтоо төгрөгөөр бус ам.доллараар тодорхой болгож жил бүр энэ зорилтдоо чиглэн урагшлах хэрэгтэй байна. Энэ л монгол хүний орлогыг дунд хугацаанд америк доллараар хоёр дахин нэмэгдүүлэх зорилготой “Дэлхийн дундаж орлоготой монгол хүн” санаачлага юм. Энэ санаачлагыг 2016 онд байгуулагдсан “Монголоо Шинэчилье клуб”-ээс анхлан гаргаж байсан. Энд монгол хүний орлого гэдэг нь нэг хүнд оногдох ам.доллараар илэрхийлэгдсэн. ДНБ-ыг, дэлхийн дундаж орлого гэдэг нь нэг хүнд оногдох ДНБ нь 10.000 ам.доллар буюу түүнээс дээш орлоготой улсыг хэлж байгаа юм.
-Мэдээж санаачлага гаргахын тулд тодорхой судалгаа байх ёстой байх. Таны гаргаж ирсэн судалгаа юу байна вэ?
-Нилээд их судалгаа хийсэн. Япон улс 1961-1970 оны 10 жилийн хугацаанд нэг хүнд ногдох ДНБ буюу эдийн засгаа ам.доллараар ойролцоогоор 7.3 хувийн голчтой өсгөх зорилтыг тавьж, энэ зорилтоо 10 жил биш долоон жилийн хугацаанд хэрэгжүүлж, дэлхийн эхний тавд орох том эдийн засагтай орон болж хөгжсөн түүхтэй. Энэ зорилтыг дэвшүүлж байх үед Япон улсын эдийн засгийн өсөлт 1.25 хувьтай байсан байна. Монгол Улс 2022 оны байдлаар ДНБ-ний нийт хэмжээгээр 17.2 тэрбум ам.доллар буюу 184 орноос 125 дугаар байр, мөн нэг хүнд оногдох ДНБ-ний хэмжээгээр 4954 ам.доллар буюу 192 орноос 114 байр байранд байна. Энэ судалгааг Олон улсын валютын сангийн мэдээллээс харж болно. Үүнийг 30 орчим байраар урагшлуулахад манай улсын нэг хүнд оногдох ДНБ 10,000 ам.доллар орчим болох юм. Бид энэ санаачлагын зорилтыг хэрэгжүүлэхийг зорихоос өөр хөгжлийн гарц одоогоор харагдахгүй байна.
-Энэ санаачлагын зорилтыг хэрэгжүүлэхийн тулд ямар зарчим баримтлах ёстой вэ?
-Засаглалын хүрээнд хуулийн засаглалыг бэхжүүлэн хөгжүүлэх шаардлагатай. Энэ ажлыг дээрээсээ эхлүүлэх. Тодруулбал Үндсэн хуулийг зөрчсөн ямарч даргыг огцруулдаг, эсхүл өөрөө огцордог бусад хөгжилтэй орнуудын сайн соёлыг хэвшүүлэх хэрэгтэй. Угтаа Үндсэн хуульд ч ингэж заасан байгаа. Үндсэн хууль нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалахын тулд төрийн, тухайлбал төрийн өндөр, мөн ямар ч албан тушаалтаны зүгээс хийж болохгүй зүйлийг тогтоосон байдаг. Сүүлийн жилүүдэд манайд хүний эрх ихээхэн зөрчигдөх болсон. Иргэний баталгаатай эдлэх 18 эрх, эрх чөлөөг хэрхэн хэрэгжиж байгаа талаар олон улсын хөндлөнгийн байгууллагаар аудит хийлгэж, энэ мөрөөр органик хуулиудаа ойлгомжтой болгох хэрэгтэй. Нэг дарга Үндсэн хууль зөрчихөд л олон иргэдийн эрх, эрх чөлөөнд халддаг.
-Үндсэн хуулиа мөрдөх битгий хэл байнга өөрчилж байна л даа…?
-Угтаа Үндсэн хуулийг байсхийгээд өөрчилдөг хууль биш. Үндсэн хуулийг ард түмний төр засагтайгаа байгуулсан гэрээ гэдэг. Үндэслэл нь Үндсэн хуулиар төрийн эрх ард түмний эрх мэдэлд байна хэмээн хуульчилсан байдаг. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа яг сонгуулиар иргэдийн саналыг нууцаар хүн нэг бүрээр авдаг шиг санал асуулга явуулдаг байх хэрэгтэй. Ингээгүйгээс болж Үндсэн хуулийн хямрал бий болж, нийгмийн тогтворгүй байдал үүссэн орнууд байдаг.
-Та сая засаглал талаас нь ярилаа. Тэгвэд эдийн засгийн хүрээнд бид яах ёстой юм бэ?
-Төр, засаг нь татвар төлөгчдийн хөрөнгөөр санхүүждгийнхээ хувьд бизнесийн өрсөлдөх чадвартай, таатай орчныг бүрдүүлэх үндсэн чиг үүргийнхээ ажлыг чанартай, хариуцлагатай хийх хэрэгтэй. Төр, засаг, нийт иргэдийн нэн тэргүүнд тавих зорилт бол экспорт. Экспорттой холбоотой элдэв хориг, хязгаарлалт, цензурыг хүчингүй болгох шаардлагатай. Ажил хийж, баялаг бүтээж байгаа хүн бүрийг дэмждэг болъё. Иргэд, компаниудыг улс төрийн үзэл бодлоор нь Үндсэн хууль зөрчин ялгаварлан гадуурхсан төрд алба хашиж буй хэнтэй ч хариуцлага тооцдог болох ёстой байна. Ойрын хоёр жилд төрийн өмчит компаниудын жилийн борлуулалт орсноор төрийн эдийн засаг дахь оролцоог 40 хувиас илүүгүй болгож хэвшүүлэх шаардлагатай. Төсөв, санхүүгийн хүрээнд улсын төсвийг боловсруулах, өргөн барих, хэлэлцэн батлахдаа Үндсэн хууль, төсвийн тогтвортой байдлын, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай зэрэг хуулиудыг ягштал мөрдөх хэрэгтэй.
-Төсвийн үр өгөөжийн үзүүлэлтийг сайжруулахын тулд яах ёстой юм бол?
-Төсвийн хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлж УИХ-д төсвийн тухай багц хуулийг өргөн барихын өмнө олон нийтэд танилцуулдаг болох нь чухал. Хувийн хэвшлийг зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтаар дамжуулан дэмжих бодлогоосоо татгалзах. Энэ бодлогыг цаашид үргэлжлүүлвээс эрх мэдэлтэй, төсөвд ойрхон бүлэг хүмүүсд төсвөөс зооглох боломжийг олгосоор байх болно. Нөгөө гадныхны шүүмжилдэг төсвөөсөө тэрбумтан төрүүлдэг байдал даамжирсаар байна. Монгол Улсын бүх компаниуд бүгдээрээ байшин барьж, зам тавьдаг байх шаардлагагүй. Үүний оронд аж үйлдвэр хөгжсөөр байгаа орнуудын адилаар экспортын болон импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, мэдээлэл, харилцаа холбоо, дижитал технологийн хиймэл оюун, финтек зэрэг салбарт амжилттай ажиллаж байгаа ААН, ЖДҮ эрхлэгчид, иргэдээ хөнгөлөлттэй зээлээр дэмжих нь зохистой. Мөн Үндэсний баялгийн санг олон улсын жишигт нийцүүлэн байгуулж ам.доллараар арвижан өсдөг болгох, нийт иргэддээ ноогдол ашиг хувиарилдаг болох хэрэгтэй. Өгдөггүй, арвиждаггүй нэг мэдэхэд хоосон болчихдог Засгийн газрын тусгай сангуудын ихэнхийг нь татан буулгах ёстой.
-Сүүлийн жилүүдэд манай улс авлигын индексээрээ дандаа сүүлийн байрт орж байна. Тэр утгаараа авлигал өнөөдөр Монгол Улсыг сөнөөж байна л даа. Ер нь авлигын эсрэг бид яаж тэмцэх ёстой юм бэ?
-Үндсэн хуульд 2019 онд орсон өөрчлөлтөөр улс төрийн намын санхүүжилттэй холбогдуулж “Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна” гэж заасан. Энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд нэн яаралтай Улс төрийн намын, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хүсэх байна. Таны хэлдгээр Монгол Улсад авилгал өсөөд байгаа томоохон шалтгаанууд бий. Хамгийн том нь улстөрч болон улс төрийн намын санхүүжилт, түүнчлэн сонгуулийн зардлын эх үүсвэрийн ихэнх нь тодорхой бус байдагтай шууд холбоотой. Улс төрийн мөнгөний эх үүсвэр нь тодорхой бус байна гэдэг нь хууль бус мөнгө гэсэн үг. Хууль бус мөнгө гэхээр ихэнхдээ татвар төлөгчдийн хөрөнгө болох улсын төсөв, эсхүл төрийн өмчит компаниудын өмчөөс завшсан, зувчуулсан хөрөнгө, мөнгө байх үндэслэлтэй. Намууд том компаниудаас хуульд заасан хязгаараас хэд дахин их санхүүжилт авч, хууль бусаар сонгуульд ялсныхаа дараа олон нийтийн баялгаас дахин илүү хэмжээгээр нөхөх давуу эрхийг тэдэнд бүрдүүлдэг жишээ бий. Энэ талаар саяхан ерөнхий сайд УИХ-ын чуулганы индэр дээрээс ярьж байсан. Иймд бусад орны адил татвар төлөгчдийн хөрөнгө болох улсын төсвөөс, мөн төрийн өмчит компаниас хөрөнгө гаргуулж сонгуульд зарцуулсан нь тогтоогдвол тухайн намын удирдлага, түүнчлэн намын даргыг нь сонгуульд ялсан, ялагдсанаас нь үл хамаарч улс төрд буцаж ирэхгүйгээр зайлуулах хэрэгтэй. Энэ нь хэрэв ноцтой бол тухайн намыг нь татан буулгах хүртэл хуулийн хариуцлага тооцдог болгочих. Мөн нэр дэвшигчийн сонгуульд зарцуулсан мөнгөний эх үүсвэр шалгалтаар, эсвэл нотлох баримтаар хууль бус нь тогтоогдвол сонгуульд ялсан, ялагдсанаас үл хамаарч, тухайлбал гишүүн болсон байсан ч улс төрд буцаж ирэхгүйгээр зайлуулах хэрэгтэй. Дагаад гишүүнээс нь огцруулдаг байхаар хуульчлахыг цаг үе шаардаж байна.
-Төрийн албыг намын, төрлийн алба болгодгийг хэрхэн зогсоох вэ гэдэг нь нийгмийн асуудал болсон. Таны харж байгаагаар бид үүнээсээ хэзээ салах вэ?
-Юуны өмнө 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн намууд “Амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, үүний баталгаа болох шинээр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлддөг” олон улсын жишгийг дагах хэрэгтэй байна. Авлигатай тэмцэхийг хэн ч дэмжинэ, дэмжсээр ч байгаа. Гэтэл хуулийн хяналтын байгуулага, ялангуяа шүүхээр буруутай нь тогтоогдоогүй байгаа асуудлаар өрсөлдөгчдөө хэт харлуулах нь иргэдийнхээ улс төрийн нам, улмаар төрд итгэх итгэлийг улам алсруулах нь ойлгомжтой. Бид нэг л эх оронтой, нэг л ирээдүйтэй, хүн бүрт үргэлжлэл байх нь тодорхой. Хэрэв ийм асуудлаар улс төрийн нам, эсхүл улстөрчдийн дохио зангаагаар санамсаргүй ажиллаж буй хуулийн байгуулагын ажилтан байваас Монгол хүнийхээ хувьд анхаарах цаг үе иржээ гэж харж байна. Гаднын оронд сонгуулийн үед сөрөг PR-аар өрсөлдөгчөө харлуулах тусам өөрөө илүү харладаг гэсэн онч үг байдаг. Харлуулах тусам харамсалтай үр дүн гардаг гэх.
-Хэзээ Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх вэ гэдэг нь өөрөө нийгмийн томоохон асуудал болсоор байна л даа…?
-Ийм шүү дээ. Хуучин социалист нийгмийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн үрэлгэн тогтолцоо, засаг захиргааны нэгж, тухайлбал 21 аймаг 330 сум хэвээрээ байх уу. Эсвэл нийт хүн амын 50 гаруй хувь нь Улаанбаатарын бүсэд цугларсан байхад хуучин засаг захиргааны нийгэм хэвээрээ байх нь зөв үү. Мэдээж өргөн уудам нутагтай тул шинэ засаг захиргааны өөрчлөлт хийвэл аль болох хилийн бүс нутагт суурьшлын бүсийг бий болгоход анхаарах хэрэгтэй байх. Монгол Улс дэлхийн бараг ихэнх оронд ЭСЯ, консулын газартай. Энэ байдалд ирээдүй, үр дүн зэрэг талаас нь дүгнэлт хийх шаардлагатай болсон. Технологийн дэвшлийг нэвтрүүлж төрийн нүсэр бүтцийг авсаархан болгох ажлыг эхлүүлэх. Тухайлбал бусад орны жишгээр Татварын ерөнхий газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газрыг нэгтгэн орон тоог дахин бууруулах ажлыг дэс дараатай хийх гэх мэт асуудал байна. Хэрэв сүүлийн 10 орчим жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэн сонгуульд зориулсан тогтворгүй бодлогоо буюу төсвийн цоорхойг нөхөх зорилгоор гадаад өр зээлээ нэмэгдүүлдэг, төгрөг хэвлэн, төсвөө чинээнээсээ хэтрүүлэн тэлдэг замаар явбал Венесуэл, Аргентин зэрэг улсын замаар орно. Энэ замаар зорчвоос юмны үнийн өсөлт, инфляц хяналтаас гарч болзошгүй юм. Өнөөгийн Монгол Улс ийм зааг дээр ирээд байгаа нь бодитой үнэн шүү. Тиймээс би иргэнийхээ хувьд 2024 онд дөрвөн жилийн хугацаанд төгрөгийн ханшийг чангаруулах, нэг хүнд оногдох ДНБ-ийг 8,000 ам.долларт хүргэж, улсын дундаж цалинг 1200 ам.доллар хүргэх зорилт дэвшүүлсэн нэр дэвшигч, намыг сонгоё гэж бодож байна. АН-ын эсвэл МАН-ын Монгол Улс, эдийн засаг гэж байхгүй ээ. Бид нэг эх оронтой. Нэг л эдийн засагтай