Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Есүхэй: Бие даагчид ээлтэй сонгуулийн тогтолцоо гэж ер нь байхгүй DNN.mn

МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн Улс төр судлалын тэнхимийн багш Т.Есүхэйтэй ярилцлаа.


Энэ жилийн сонгууль нэлээд онцлогтой болно гэж яриад байгаа. Тэгвэл яг ямар онцлог байгаа юм бэ?

Бид өмнө нь огт хэрэглэж байгаагүй тогтолцоогоор энэ удаад сонгуулийг хийнэ. Өмнөх 2012 оны уих-ын сонгуулиар хэрэглэж байсан гэж яриад байгаа боловч тойрог хуваасан зэрэг нь өөр л дөө. Ерөнхийдөө их өөр тогтолцоо, систем, дүрмээр сонгуулиа зохион байгуулна гэж хэлж болно. Сонгуулийн системийг ярихдаа олон талын зүйлийг хамааруулж үзэх шаардлагатай. Саналын хуудас дээрээ хүмүүсийнхээ саналыг хэрхэн тэмдэглүүлэх гэдгээс суудлаа хэрхэн хуваарилах вэ хүртэлх бүх процессууд нь нийгэм, улс төрийн амьдралд нөлөө үзүүлдэг. Тиймээс тэр жижигхэн өөрчлөлт нь хүртэл томоохон нөлөө үзүүлэх боломжтой. Тэгэхээр энэ удаагийн сонгууль 2012 оныхоос нэлээд өөр болно гэж хэлээд байгаа хэрэг. Яг ийм хэлбэрээр анх удаа явуулах гэж байна.

Хүн амтайгаа харьцуулбал Улаанбаатар хотын мандатын тоо нэлээд бага байна уу гэж харж байгаа хүмүүс байна. Таны хувьд мандатын хуваарилалт дээр юу хэлэх вэ?

-Парламентыг байгуулах, сонгуулийг зохион байгуулахдаа талын зүйлийг авч үзэх шаардлагатай гэж би хэлсэн. Таны хэлж байгаачлан хүн амынхаа бүлгийн төлөөллийг яаж хангах вэ. Үндэстний цөөнх, эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөллийг хангах, цаашлаад нийгэмд ямар асуудал түлхүү тулгардаг гээд олон зүйлийг авч үзэж байж сонгуулийн системээ сонгож, зохион байгуулах шаардлагатай байдаг. Харин улаанбаатар хотын иргэд энэ удаад мандатынхаа тоонд сэтгэл дундуур байгаа нь дамжиггүй. Манай улсын хүн амын бараг 50-55 хувь нь улаанбаатар хотод амьдардаг учраас парламентынхаа 55 хувийг нь эзлэхээр байдаг. Гэтэл манайд тийм боломжгүй тал байгаа ч заавал тийм байх ёстой гэсэн үг биш.

Бүсчилсэн том тойргоор сонгууль яваг дана. Гэтэл нэр дэвшигчийн сурталчилгааны хугацааг багасгасан нь шинэ нэр дэвшигчийн сонгогдох магадлалыг бууруулж байгаа юм биш үү?

-Пропорциональ системээр тойроггүй нэг том санал хураана. Тэр нь шинэ нэр дэвшигч, эмэгтэйчүүдэд ач холбогдолтой гээд байгаа. Харин мажоратор системийнх нь тойрог томрох нь яагаад муу гээд байгаа вэ гэхээр ямар байдлаар дугуйлж буй вэ гэдэгтээ байгаа юм. Нэг нь тухайн намыг буюу багаар нь дугуйлж буй нь жагсаалт яаж гаргасныг нь дэмжиж байгаа.

Харин нөгөөх нь яг хувь хүнийг нь сонгож байгаа болохоор “Таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэдэг сэтгэл зүйгээр хандах магадлал өндөр. Энэ нь ч маш олон судалгаагаар нотлогдсон зүйл. Тэгэхээр аль хэдийнэ танил болчихсон хүмүүс, эсвэл богино хугацаанд өөрийгөө таниулах чадамжтай, хөрөнгө чинээтэй хүмүүст илүү давуу тал болдог. Хэдийгээр улсын төсөв, эдийн засгийн бодлогыг олон жижиг тойрогт хуваахгүй гэж байгаа ч нөгөө талдаа ийм сөрөг үр дагаврыг яалт ч үгүй өгнө.

Нэр дэвшигчээс гардаг зардлыг бууруулсан гэж УИХ-ын гишүүд хэлээд байгаа. Харин нөгөө талдаа тойрог нь томсоод явах газар, уулзах хүмүүс нь нэмэгдсэн. Тийм болохоор бодитоор бууруулж чадах уу?

-Зардал ганцхан сонгуулийн системээс хамаарахгүй л дээ. Тухайн намын дотоод ардчилал, санхүүжилтээ хэрхэн шийддэг байдал ч нөлөөлнө. Бид чинь яг уламжлалт буюу ухуулагчтай, цаасан материал тараадаг, хүн нэг бүртэй уулздаг байдлаар сурталчилгаагаа явуулдаг улс төрийн соёлтой болохоор зардлыг нэмнэ үү гэхээс бууруулахгүй. Уг нь манай улсын хүн амын дийлэнх нь интернэтэд холбогдсон, цахим улс гээд байдаг. Тэгэхээр зардлыг бууруулах бодит бааз суурь нь байна. Даанч үүнийг эрүүлээр улс төрийнхөө үйл явцад ашиглах соёл нь нэвтрээгүй учраас одоо болтол уламжлалт аргаасаа салж чадахгүй байгаа юм.

-Сурталчилгааны хугацаа, хэвлэмэл материал, самбарын тоо хэмжээг багасгасан. Тэгэхээр нэр дэвшигчид өөрийгөө бүрэн таниулах боломжгүй гэж харагдаад байна. Тиймээс нэр дэвшиж байгаа хүн энэ сонгуулиар яг юун дээр төвлөрч ажиллах ёстой юм бэ?

-Ер нь манай улсад өнөөдрийг хүртэл явагдсан нийт сонгуулийн тогтолцоо, үр дүнгээ харвал шинэ, залуу нэр дэвшигчид үргэлж халтай байж ирсэн. Энэ нь улс төрийн соёл, сонгуулийн системээсээ болж байгаа юм. Мөн манай улсын хүн амын тоо, сийрэг амьдардагтай ч холбоотой. Хэрэв бид жижигхэн газар нутагт суурин амьдардаг байсан бол нэг самбарт тавигдсан мэдээлэл нь олон хүнд хүрнэ. Гэтэл орон нутагт сонгогчдод хүргэхийн тулд заавал машин унаатай, туг далбаагаа намируулаад явахаас өөр арга байхгүй шүү дээ.

Орон нутагт нэр дэвшсэн бол, суурин газарт нэр дэвшвэл гээд тусдаа хуулийн заалт оруулж өгөх боломж бий юү?

-Болохгүй зүйл байхгүй. Яагаад гэхээр тухайн улс чинь өөрийнхөө сонгуулийнхаа дүрэм, журмыг практик, өөрсдийн итгэж, үнэмшдэг шударга байдалд л нийцүүлээд явдаг. Түүнээс биш хуулиа огт өөрчилж болохгүй гэсэн зүйлгүй. Өөрсдийнхөө онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлээд аль болох илүү шударга өрсөлдөөнтэй, ард түмнийхээ хүсэлд нийцсэн сонгууль хийх ёстой. Ингэхийн тулд яаж өөрчилж болохоор байна. Түүгээр нь хийгээд явах боломжтой.

Энэхүү сонгуулийн системийг өөрчилснөөр бие даагчдад ер нь амжилт үзүүлж, ялалт байгуулах ямар боломж байгаа вэ?

-Монгол Улсын нөхцөлд бие даагчид амин чухал хэрэгтэй, зайлшгүй байх ёстой мэт ойлголт байна. Учир нь манай улс төрийн намуудын нэр хүнд маш муу байгаа. Тиймээс иргэдэд намд харьяалагддаггүй хүн сонгох хүсэл буй учраас энэ асуудал хүчтэй яригдаад байгаа юм. Түүнээс биш сонгодог парламент гэж юу вэ. Засгийн газрыг хэрхэн байгуулж, дараа нь яаж хариуцлага тооцдог юм бэж гэвэл ер нь бие даагчдыг дэмжих ямар ч шаардлагагүй. Эсрэгээрээ өөрийн гэсэн үзэл баримтлал, бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлэх чадвартай нам, лидерийг сонгох ёстой. Тэдгээр нь гарч ирээд Засгийн газраа байгуулаад бодлого, амлалт биелүүлнэ. Намын тогтолцоог л төлөвшүүлж хийнэ үү гэхээс бие даагчид ээлтэй сонгуулийн тогтолцоо ер нь байхгүй.

Энэ системээр хоёр, гурван удаагийн сонгууль болсны дараа гишүүн болох ямар ч ашиггүй зүйл болно гэх юм?

-Парламентын гишүүдийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор ингэж үзэж байгаа байх. Нэг гишүүнд ногдох эрх мэдлийн хэмжээ буурна. Ингэснээр бие биедээ хяналт, шаардлагаа тавиад ирэхээр авлига буурах ч боломжтой.

-Гишүүдийн тоо нэмэгдсэнээр батлагдаж байгаа хуулиудын чанар дээшлэх үү. Одоо бол бараг л хорин хэдхэн хүний саналаар хууль батлагдаад байна гэсэн шүүмжлэл байдаг?

-Нэг танхимтай парламент цөөхөн гишүүнтэй парламентын тоонд ордог. Тийм болохоор хуулийг хэтэрхий цөөхөн хүн баталж байна. Парламентын үйл ажиллагаа доголдохгүй, цэвэр шударга явагдахгүй байна гэсэн шүүмжлэл гардаг. Энэ нь яалт ч үгүй үнэн.

Ер нь сонгуулийн систем төрийн баримтлах бодлогуудад шууд нөлөө үзүүлж байдаг. Тэгэхээр пропорциональ системийг оруулж ирж байгаа нь нэг хэсэг газар нутгийг төлөөлж байгаа бус намынхаа мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалыг төлөөлж байгаа хүмүүс Их хуралд орж ирнэ. Ингэхээр улс орны хөгжил дэвшил, үндэсний эрх ашигт нөлөөтэй мега төслүүд гацдаг байдал багасна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Баттөмөр: “Ядуурлын хавх”-ыг тайлах төрийн бодлогыг оновчтой болгох хэрэгтэй DNN.mn

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Ядуурлыг юу гэж тодорхойлдог юм бэ? Нийгэмд ядуурал мөнхийн байх ёстой зүйл үү?

-Ядуурлыг олон янзаар тодорхойлсон байдаг. Ядуурал /Poverty/ гэдэг нь амьжиргааны байх түвшингээс доогуур амьдарч, зайлшгүй хэрэгцээт зүйлээ авч чадахгүй, хэрэглээний дутагдалд орох гэж хэлж болно. Дэлхийн банк туйлын ядуурлыг өдөрт 1 ам.доллар буюу манайхаар 3500 төгрөгөөр амьдарч буй хүмүүсийг хамруулдаг. Харин дунд зэргийн ядуурлыг 2 ам.доллар буюу 7000 төгрөгөөр амьдарч буй хүмүүсийг мөн хамруулдаг.

Зах зээлийн нийгэмд олон давуу тал байдаг. Харамсалтай нь ядуурал дагуул нь болж, түүнийг тууштай буулгаж чадахгүй ирсэн нь үнэн. Ядууралгүй улс гэж дэлхийд байхгүй. Харин ядуурал нь их бага гэдгээрээ улс орнууд ялгагдана. Олон улсын байгууллагууд нэг хүнд ногдох ДНБ хэмжээ 10.0 мян дол доош байгаа орнуудыг ядуу улс гэж үздэг. Манай энэ үзүүлэлт 2023 оны статистикаар 5022 ам.доллар байгаа. Энэ үзүүлэлтээр тооцвол манайх ядуу орнуудын эгнээнд байна. Сүүлийн үед баян чинээлэг хүмүүс, ядуусын хоорондын зөрчил нэмэгдсээр байгаа судалгаа бий. “Баян хоосны ялгаа, түүнээс үүдэлтэй зөрчил дэлхийг сөнөөж болзошгүй” гэж нэг хүний хэлсэн үг бий.

Улс орон бүр ядууралтай тэмцэж үр дүнд хүрч байгаа боловч, ядуурал тууштай буурахгүй байсаар байна. 2023 оны Давосын чуулганы гол хэлэлцсэн асуудлуудын нэг нь ядууралтай тэмцэх байсан. Энд дэлхийн баян чинээлэг хүмүүсийн орлогын татварыг 1-2 хувь нэмэхэд дэлхийн ядуу амьдралтай хүмүүсийг 2 жил тэжээх эх үүсвэр гарна гэж яригдаж байсан.

-Манай улсын ядуурлын түвшин ямар байна, Буурч байна уу? Ардчиллын нэг шалгуур нь иргэд нь дутагдаж гачигдах зүйлгүй сайн сайхан амьдрах биз дээ?

-Монголын хүн ам 2023 онд 3.4 сая хүрсэн. Манай хүн амын 7-10 орчим хувь нь чинээлэг, 30 хувь нь Монголдоо дундаж, боломжийн амьдралтай гэж үздэг юм билээ. Манай улсын хувьд сарын хэрэглээ 418.0 мян төгрөгөөс доош орвол ядуу ангилал руу ороод явчихдаг. Өнөөдөр манай хүн амын 28.0 хувь буюу 950.0 мянган хүн ядуу, 15 хувь нь буюу 450.0 мянган хүн ядуурах магадлалтай гэж ОУ-ын байгууллагын судалгаа гарсан байдаг. Энэ нь 1.4 сая орчим хүн ядуу, ядуурах магадлал өндөр, ядуугийн улмаас эдийн засгийн эрх чөлөөгүй байна гэсэн үг. Биднийг гаднынхан ардчиллын азийн үлгэр жишээ, гэрэлт цэг гэдэг. Ардчиллын гол шалгуурын нэг нь иргэдийн эдийн засгийн эрх чөлөө байдаг. Иргэд нь эдийн засгийн эрх чөлөөгүй бол ардчиллын гол үзүүлэлт буурна. Манайх баян хоосны ялгаа тэнгэрт тулсан, ядуурал байх хэмжээнээс хэтэрхий их, ардчилсан нийгмийг байгуулж байна гэж болно. Эндээс харахад бид нэг их үлгэр жишээ, гэрэлт цэг байж чадаж байна уу гэсэн асуулт гарна. Зочдоос янз бүрийн үг гарна л даа. Манай хөгжил байгалийн баялгийг боловсруулахгүй түүхийгээр гадаадад гаргадаг, баялаг цөөхөн хүний гарт лиценз нэрээр орсон, үүнээс үүдэлтэй орлогын тэгш бус байдал газар авснаас үүдэлтэй ядуурал нэмэгдсээр л байна.

-Манай ядуурал ямар бүлгийн хүмүүсийг хамарч байна. Ядуурлын сөрөг нөлөө юу вэ?

-Манай Улсын ядууралд эмзэг бүлгийн, мөн ахмад настнуудын хамаарал их байна. Сөрөг нөлөөлөл мэдээж маш их байна. Сурч боловсрох, өвчин эмгэгээ эмчлүүлэх, шаардлагатай хүнс тэжээлээ идэж чадахгүй байх, өрөнд баригдах гээд олон асуудлууд байна. Ядуурал өвлөгдөх, төр засагтаа итгэх итгэлийн үзүүлэлт буурах, сэтгэл гутрал, өвчнөөр өвчлөх гэх мэт олон сөрөг үзүүлэлтүүд нэмэгдэж байна.

Олон улсын байгууллагаас дэлхийн улс орнуудын дунд “Иргэд нь төр засагтаа итгэх итгэл”-ийг тодорхой үзүүлэлтүүдээр гаргасан байна. Энэ үзүүлэлтээр Катар, Хятад улс 86-90 хувиар тэргүүлсэн байна. Манайд энэ үзүүлэлт доогуур байгаа. Ядуурлаас үүдэлтэй сэтгэл гутрал их байдаг юм байна. Манай ахмад настны 16 хувь нь сэтгэл гутралд өртсөн гэсэн судалгаа байна.

Ядуурал ихтэй орнуудад нийгмийн тогтворгүй байдал, ард иргэдийн бухимдал их байдаг нийтлэг шинж ажиглагддаг. Энэ шинж тэмдэг өнөөдөр манайд маш тод ажиглагдаж байна.

-Та УИХ-ын чуулган дээр манай иргэдийн нэг хэсэг нь “Ядуурлын хавх”-д орсон гэсэн үгийг хэлж байсан. Үүнийгээ тодруулж өгнө үү?

-Нобелийн шагналт E.Daflo нарын эрдэмтэд “Ядуурлын хавх” гэдэг ойлголтыг өөрийн бүтээлүүддээ гаргаж тавьсан байдаг. Зарим улс орнуудын иргэд төрийн бодлогын алдаа, хувь иргэдийн өөрөөс нь шалтгаалсан ядууралд өртөж, түүнээс гарч чадахгүй байгаа асуудлыг хавханд орсонтой зүйрлэсэн. Монголчууд эрт дээр үеэс ан амьтанд хавх тавьж авладаг байсан.

Хавханд орсон амьтныг хүн гаргахгүй бол өөрөө гарч чаддаггүй. Түүнтэй адил ядууралтай тэмцэх, түүнийг бууруулах, иргэдээ ядуурлын хавхнаас гаргахад төр засгийн оновчтой бодлого, хувь хүний хүчин чармайлтын хослол илүү оновчтой байх болно. Хувь хүний хүчин чармайлт гэдэг нь хүний сэтгэхүй амьтнаас ялгаатай.

-Ядуурах шалтгааныг та юу гэж харж байна? Ядуурал газар авсан, өссөн суурь шалтгааныг та юу гэж харж байна?

-Манайд ядууралд өртөх, ядуурал өргөжих, түүнийг бууруулж чадахгүй байх олон шалтгаан байгаа. Үүнд

Нэгдүгээрт, Өнгөрсөн 30 жилийн төр, засгийн бодлогын алдаа. Манай улс зах зээлийн харилцаанд 1992 онд шилжих үеэс шинэ нийгэмд амьдрах иргэдээ бэлтгэх бодлого байгаагүйгээс иргэдийн нэг хэсэг нь одоо ч энэ нийгэмдээ амьдарч чадахгүй л байна. Тухайлбал, Усанд сэлдэг, сэлдэггүй хүмүүсийг бөөнд нь гүн цүнхээл рүү түлхээд оруулчихсантай адил. Нэг хэсэг нь сэлээд гараад ирсэн. Нэг хэсэг нь тэндээ үхсэн. Одоо ч нэг хэсэг гарч чадаагүй, гарах гээд зүтгэсээр л байна.

Хоёрдугаарт, Өнгөрсөн 70 жилд Монголын ард түмний бий болгосон баялгийг өмч хувьчлал нэрээр мэдээлэлд ойр нам тойрсон бүлэглэл, түүний хамсаатнууд, улс төрчдийн гараар орж дууссан. Манай өмч хувьчлал хүн амын 10 хувьд нь өгөөжөө өгч, 90 хувь нь юу ч үгүй, ажилгүй гудамжинд гарч, эндээс ядуурал үүссэн.

Гуравдугаарт, Хөгжлийн бодлого, загвар буруугаас орлогын тэгш бус байдал ноёрхож, ядуурлыг гааруулж байна.

Дөрөвдүгээрт, Эдийн засгаа улс төржүүлж, боломжоос хэтэрсэн бодлогогүй арга хэмжээнүүд нь ядуурлыг гааруулсан.

Тавдугаарт, Өндөр инфляц, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн уналт, ядуурлыг улам гааруулж, одоо ч үргэлжилсээр. Монгол төгрөгийн ханш өнгөрсөн жилүүдэд 460 дахин унасан. Өнгөрсөн хугацаанд үнийн өсөлт буюу инфляц мөнхийн дагуул байлаа.

Зөвхөн 2020-2022 онд үнийн өсөлтөөс иргэдийн халааснаас 14.0 их наяд төгрөгийг нэмээд суйлчихсан. 2023 оны дүнг нэмбэл 16 их наяд болж, 2021 оны төсвийн орлоготой тэнцэнэ. Ийм байхад ядуурал буурах тухай ямар ч ойлголт байхгүй.

-Ядууралтай тэмцэх бодлого нь төр засаг, хувь хүнээс шалтгаалах зааг ялгаатай асуудал байх. Энэ чиглэлээр таны санал?

-Хувь хүнээс шалтгаалахгүй шалтгаан бол төр засгийн алдаатай бодлогууд болох, үйлдвэрлэлээ устгасан, шилжилтийн үед зах зээлийн үл үзэгдэгч гарт найдаж, төрийн оновчтой зохицуулалтыг орхигдуулснаас үүссэн гажуудал, хулгай дээрэм, авлига, хавтгайрсан халамж, ажлын байрны хомсдол, хэрэгцээнээс илүү дээд боловсролтой ажилтан бэлдсэн гэх мэт маш олон шалтгаанууд байна. Хувь хүнээс шалтгаалах нь ажил хийхгүй, халамж авч, амар хялбар амьдрах хүсэлтэй иргэд байна.

Манай улсын 2023 оны статистикаар нийгмийн халамжийн үйлчилгээнд 2,6 сая хүн хамрагдаж, тэдэнд 2,1 их наяд төгрөгийг олгожээ. Энэ бол хүн амын тоотой харьцуулахад дэндүү гажуудсан тоо.

Гэтэл өнөөдөр манай хөдөлмөрийн зах зээл 300.0 мянган хүнээр дутагдаж байна. Ажил хийх сонирхолтой иргэд улам багассаар. Манай хавтгайрсан халамж ядуурлаас гарахад саад болж байна. Боломжийн тэгш бус байдал ядуурал гаарахад хүчтэй нөлөөлж, одоо ч үргэлжилсээр. Ядуу гэр бүлд өссөн хүмүүс ядуу байх нь дэлхийд байдаг асуудал гэдэг. Гэхдээ энэ асуудлыг одоо үед шийдэж чадаж байгаа улс, ард түмэн байна. Тухайлбал, Манай урд хөрш өнгөрсөн 30 жилд 800.0 сая иргэнээ ядуурлаас гаргаж чадсан байдаг. Манай эрүүл мэндийн салбарын хөгжил дэлхийн түвшнээс хол хоцорч олон төрлийн хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Эрүүл мэндээс үүдэлтэй ядуурал гэж байна. Сүүлийн үед энэ нь ядуурлын хавхны гол хүчин зүйл болж байна. Өвчлөл ядуурлын хавхыг чангалсаар. Алдаатай бодлогоос улбаатай агаар, орчны бохирдол, эрүүл мэндийн шинжлэх ухааны ололт, амжилт Монголд нэвтрэхгүй байгаагаас өвчлөл, түүнээс үүдэлтэй нас баралт ядуурлыг гааруулсаар байна. Ядуу өрхийн нэг гишүүн Монголд эмчлэх боломжгүй өвчнөөр өвчлөхөд байгаа бүхнээ зараад эмчлүүлэхэд анхаарч байгаа нь ядуурлын хавхыг улам чангалсаар. Өр зээл тавьж бие эмчлүүлдэг боловч хөдөлмөрийн чадваргүй үлдэх, нас барах нь хавхыг улам чангаруулж байна.

-Ядуурлыг дэвэргэж байгаа хүчин зүйлүүдийг та юу гэж харж байна?

-Байгалийн баялгийн өгөөжийг бүх ард түмэн тэгш хүртэх атал эрх мэдэлтэй хүмүүс авлига авч нэг хэсэгт нь давуу эрх олгож, боломжийг хулгайлж ирсэн нь алдагдсан боломжийн өртгийг олон зуун их наядаар хэмжигдэхэд хүргэж, ядуурлын хавхыг улам чангалсаар байна.

Манай хулгай, дээрэм, залилан мэхлэлт, шүүхийн шударга бус шийдвэр боломжийн тэгш бус байдал ядуурлыг гааруулж, хавхыг улам чангарсаар. Ядуурлын хавханд ороогүй хүмүүсийн ирээдүйн орлого өнөөдрийн орлогоос илүү байдаг. Харин ядуу хүмүүсийн ирээдүйн орлого, өнөөдрийн орлогоос бага байдаг гэсэн эрдэмтдийн судалгаа бий.

Ядуурлын улмаас эдийн засгийн эрх чөлөөгүй амьдарч байгаа шалтгааныг тодорхойлж, яаж энэ хавхыг тайлж болох талаар төр, засаг бодлогоо маш тодорхой болгох хэрэгтэй.

Ойр ойр давтамжтай хямралууд ядуурлыг дэвэргэж хавхыг улам чангалсаар ирлээ. Ядуу бүлгийн хүмүүс байнга эрсдэл дунд амьдарч, сөрөг нөлөөллийг хамгийн хүчтэй амссаар байна.

Боловсрол нь ирээдүйд хийж буй хөрөнгө оруулалт тул үр өгөөжөө өгөх учиртай. Гэтэл ядуу амьдарч байгаа хүмүүс сайн боловсрол олж авах боломж хомс тул ирээдүйд олох орлогыг хязгаарладаг.

Манай ядуу амьдарч байгаа хүмүүс өдөр тутмын хэрэглээнээс илүү гарах орлогогүй тул хуримтлал үүсгэж чадахгүй байна.

Манай ядуус бага хүүтэй зээл авч амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломж байхгүй. Тэдэнд зээл өгдөг банк байхгүй учраас банк бус, ломбард, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнд ханддаг. Зээлээ төлж чадахгүй эрсдэл өндөр учраас эд хөрөнгөө алдаж, хавх нь улам чангарсаар. Ядуу өрхийн ядуурлаас гаргахад “Бичил санхүүгийн институт”-ийг байгуулж ажиллуул гэдэг зөвлөгөөг Олон улсын байгууллагууд зөвлөдөг, Азийн зарим ядуу орнуудад ийм институтийг “Грамеен банк” нэртэй байгуулж үр дүнд хүрсэн байдаг юм байна. Баялгийн буруу менежмент нь биологийн төрөл зүйлийн нөөцийг бууруулж, хүнсний хомсдол үүсэж, үнийн өсөлтийг өдөөдөг. Мөн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, орлогыг багасгадаг. Аливаа аюулд өртөх магадлал өндөр болж, экологийн хямрал үүсдэг. Манайд үүсэж буй олон эрсдэлүүд ядууст маш хүндээр туссаар байна. Ядуу өрх маш их эрсдэл дунд аж төрж, ирээдүйд итгэх итгэлээ алдаж, улмаар нийгмийн тогтворгүй байдлын эх сурвалж болж байна

Ядуу хүмүүс зальтай улс төрчдийн хавханд орж, сонгуулийн сонголтоо тэдний өгсөн нэг өдрийн хоолны мөнгөөр сольдог. Үүнийг олон улсад “Үдийн хоолонд үнэгүй орох” гэдэг.

Нэг өдөр үнэгүй хоолонд ороод ирээдүйгээ хавханд оруулсаар байгаа нь нууц биш.

Боломжийн амьдарч байсан өрх гэр, хүн хулгайд эд зүйлээ алдах, залилан мэхлэлтэд өртөх нь шууд ядуурлын хавханд оруулдаг. Нэг удаагийн сөрөг үйл явдал байнгын үр дагаварт хүргэж байна.

Бид өнгөрсөн хугацаанд ядуурал, түүнтэй холбогдож гарч байгаа асуудлыг урьдчилж харж, тухайн бүр нь холбогдох арга хэмжээ авч ажиллаж чадаагүй. Одоо ч чадаагүй, араас нь хөөцөлдсөөр.

Ж.Вильсоны “Хагархай цонх”-ны онол манайд бодитой хэрэгжсээр байна.

Манайд үүсэж буй, үүсэх сөрөг үйл явдалд ядуус илүү өртсөөр, өртөх магадлал их байх судалгаа байдаг, Бодлогын хэрэгжилт хангалтгүй, халамж хавтгайрч, гаднын оносон оноогүй тусламж, асуудлыг дээрдүүлэх бус дордуулж ядуурлын хавхыг чангалсаар байна.

-Ядуурал түүнтэй тэмцэх арга замыг та юу гэж тодорхойлох вэ?

-Монгол Улсын нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлуудын нэг нь яах аргагүй ядуурлын өндөр түвшин юм.

Өнөөдөр манай иргэдийн ядуурсан, ядуурч болзошгүй шалтгааныг зөв тодорхойлж, иргэдийнхээ ядуурлын хавхыг тайлах нь нь төр, засгийн тулгамдсан асуудлын нэг. Ядуу амьдарч байгаа хүмүүсийг ядуурлаас гаргах нь Монгол Улсын хөгжлийн гарц мөн.

Ядууралд хувь хүнээс шалтгаалах, шалтгаалахгүй олон хүчин зүйлс нөлөөлж болно. Хамгийн ноцтой, шударга бус асуудал нь “Ядуурлын хавх” буюу ядуу өрхөд мэндэлснээсээ болоод ядуугаараа үлдэх асуудал.

Өнөөгийн ядуурлын гол шалтгаан нь орлого бага байхаас илүүтэй боломжийн тэгш бус байдал гэдгийг давтаж хэлэхийг хүсэж байна.

Ядуурлыг багасгахын тулд маш олон арга хэмжээг дэс дараатай авах шаардлагатай.

Асуултад хариулж, цөөн хэдэн санал хэлье.

Үүнд, Хамгийн эхэнд хөгжих бодлого, загвараа тодорхойлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, түүний үр өгөөж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал байна. Манайд эдийн засаг өндөр өсөж байгаа боловч үр өгөөж, хүртээмж нь байхгүй.

Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлж чадвал тэд олон боломжийг олж харж чадна.

Үнийн өсөлт, ханшийн уналтын эсрэг арга хэмжээнүүдийг дэс дараатай авч иргэдийн орлогыг хамгаалах, орлого их олж байгаагаас нь их, бага олж байгаагаас нь бага авдаг шударга татварын тогтолцоог бүрдүүлэх, ажлын байр олноор бий болгодог уул уурхайн бус аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн, үйлчилгээний бизнесийг илүү дэмжиж хөгжүүлэх.

Манай үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесийн салбарын үр ашиг, бүтээмжийг дээшлүүлж, хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх замаар иргэд эх орондоо ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлж, ажилгүйдлийг багасгах.

Боломжийн тэгш бус байдлыг арилгах хүн бүрт баялгийн өгөөжийг тэгш хүртээх, боломжийг баталгаатай болгох.

Эрүүл мэндийн орчин үеийн оношилгоо, эмчилгээ, эмийн чанарыг дээшлүүлэх замаар эрүүл мэндэд суурилсан хавхыг тайлах.

Дэлхийн хэмжээний боловсролыг Монголдоо олж авах нөхцөлийг бүрдүүлэх, боловсролын доголдол ядууралтай шууд холбоотойг анхаарч холбогдох арга хэмжээг авах.

Авлига, хулгай, дээрэмтэй хатуу тэмцэж, алдагдсан болон алдагдах боломжуудын өртгийг багасгах.

Ард иргэдийн дунд улам бүр унаж буй төрдөө итгэх итгэлийн алдрал, ёс суртахууны доройтлын эсрэг арга хэмжээ авч, соён гэгээрүүлэх ажил тууштай хийх зэрэг маш олон асуудлууд байна даа.

Р.ЖАРГАЛ

 

Categories
мэдээ улс-төр

АН: 21 аймагт шуурхай штаб байгуулан ажиллаж эхэллээ DNN.mn

 Улс орон даяар өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, зудын гамшиг нүүрлэсэнтэй холбогдуулан 21 аймагт малчдадаа тусламж үзүүлэх шуурхай штаб байгуулан ажиллахаар шийдвэрлэлээ.

21 аймаг дахь Ардчилсан намын удирдлагуудтай шуурхай хуралдаж зудын нөхцөл байдлын мэдээллийг авч, малчдад хэрхэн тусламж, дэмжлэг үзүүлэх талаар санал солилцлоо.
May be an image of 6 people, people studying, newsroom and text
Тухайлбал, Говьсүмбэр аймагт гэхэд л 800 гаруй тоо толгой малтай байсан малчин өрх нэг зуднаар 50 хүрэхгүй тооны малтай болсон талаар онцолж байна. Тиймд зуу, зуугаар нь малаа алдсан малчдадаа дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг онцолж байна.
2023 оны 11-р сараас 2024 оны 2-р сарыг хүртэл орон даяар нийт 8 сая гаруй мал хорогдсон талаар Засгийн газраас мэдээлж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 5 аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зуд, 17 аймгийн 89 суманд цагаан зуд, 17 аймгийн 82 суманд зудархуу төлөвтэй байна.

Ардчилсан нам малчдадаа өвөлжилт, зудын гамшгийг даван гарахад туслахаар шуурхай штаб байгуулан ажиллах шийдвэрийг гарлаа.

Categories
мэдээ улс-төр

Газар, газрын хэвлийн баялгийн ашиглалт, хуулийн хэрэгжилтийн талаар нээлттэй сонсгол хийнэ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.02.19/ Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгагдсан гадны иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах, эзэмшүүлэх зохицуулалтын талаарх болон нээлттэй сонсгол зохион байгуулах асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нар оролцов.

Улсын Их Хурлын дарга мэдээллийн эхэнд, хэдийгээр хаврын сар гарч байгаа ч цас, зудын байдал нийт монгол орныг хамарч, хүндхэн байгаа тул аюул, эрсдэлийг гарз хохирол багатай даван туулахад онцгой анхаарах шаардлагатай гэлээ. Мал хэдийгээр малчдын өмч мөн боловч Монгол Улсын баялаг, тусгаар тогтнолын баталгаа тул төрийн бус байгууллагаас эхлүүлсэн малчдадаа тусламж дэмжлэг үзүүлэх “Сэтгэлийн тусгал” аянд нэгдэхийг нийт монголчууддаа хандан уриалав.

Монгол Улсын иргэн Н.Номун-Эрдэнэ “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” сэдэвтэй нийтийн өргөдлийг УИХ-ын “D-Өргөдөл” цахим системд нийтлүүлснийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар буюу 17 хоногийн хугацаанд 100.252 иргэн дэмжиж гарын үсгийг зурсан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу иргэдийнхээ засаглах эрхийн хүрээнд гаргасан энэхүү саналыг хүлээн авч, хэлэлцэж холбогдох байгууллагуудад уламжлах зохицуулалттай. Иймд УИХ-аас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлэхэд, Байнгын хороодын бүх дарга нар дэмжсэн гэдгийг  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэсэн.

Мөн энэхүү хуулийн төсөлд Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангахыг мэдэгдэв.

Түүнчлэн Газрын тухай хуулийн хэрэгжилт ил, тод бус байна. Иргэд 0.07 га газраа тэгш, шударгаар эзэмшиж чадахгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг уламжлах болсон тул Монгол Улсын иргэн бүрд газрыг эзэмшүүлэх асуудлыг УИХ анхааралдаа авахаар болсон гэв. Мөн Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол Хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэлийг хангах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсныг зарлалаа.

Ажлын хэсэг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга нар болон Засгийн газраас Хууль зүй, дотоод хэргийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайд нарын бүрэлдэхүүнтэй ажиллах аж. Дэд ажлын хэсгийг төрийн хууль, хяналт шалгалтын байгууллагууд болон төрийн бус байгууллагууд, энэ чиглэлээр ажилладаг шинжээчид, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд Улсын Их Хурлын хаврын чуулган эхлэх өдөр буюу гуравдугаар сарын 15-ныг хүртэл түр хороо байгуулах, сонсгол хийх бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг үүрэг болгосон байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар,  Монгол Улсын болоод Монгол Улсын иргэдийн халдашгүй дархан өмч болсон газар, цаашлаад газрын хэвлийн баялаг, ашигт малтмалын нөөцтэй газраа гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах хууль цаашид ч батлагдах ёсгүйг тодотгов. 2013 онд Засгийн газраас өргөн барьж батлуулсан одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох зайлшгүй шаардлагатай бөгөөд хэдийгээр энэ хуулийн заалт Газрын тухай хуульдаа тусгагдаж хэрэгжээгүй боловч цаашдаа энэ мэтээр Монгол Улсын газар, газрын хэвлийн баялгийг гадаадын иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах, улмаар бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд халтай хууль өргөн баригдах нөхцөлийг бүрмөсөн хааж өгнө гэж байлаа.

Энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар нэгдмэл байр суурьтай байгааг мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.   

Categories
мэдээ улс-төр

Улс төрийн намууд гуравдугаар сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө гаргана DNN.mn

2024 оны ээлжит сонгуулийн хуваарийг нэгдүгээр сарын 10-нд баталсан. Хуваарийн дагуу сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн талаар СЕХ мэдээлж буй. Тэгвэл улс төрийн намууд ирэх гуравдугаар сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө гаргаж, дүгнэлт гаргуулахаар аудитын дээд байгууллагад хүргүүлэх юм байна.

Харин бие даан нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хугацаатай байна.

Дүгнэлт гарснаас тав хоногийн дотор нам, эвсэл, бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлага хангаагүй тохиолдолд дахин хүсэлт хүргүүлэх боломжтой аж.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Нөгөө л бүлэглэл… DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаан дээр “мэдэгдэл” хийсэн байна. Тэрээр “Иргэдийн мэдэх эрх хангагдах тусам мундаг зүйл яриад байгаа хүмүүсийн бодит үнэн илчлэгдэх болно. Баялгийн лиценз, нийслэлийн газрыг хэн хэн авсан талаарх мэдээлэл ил болсоор байна. Нөгөө л бүлэглэл өнөөдрийн тэгш бус байдлыг үүсгэснийг эндээс ойлгох болно. Ойлгох тусам олон нийтийн дэмжлэг нэмэгдэнэ. Энэ бүхнийг хамгаалж, цаг хожиж байгаа хязгаарлалтын эрх мэдлийн далангууд сэт цохигдоно. Усны түвшин өдрөөс өдөрт өндөрсөж, нэмэгдэж байгаа шүү. Иргэд, сонгогчид намайг зогсоох эсэхээ сонгуулиар өөрсдөө шийднэ биз ээ. Үүнээс өөрөөр хэн ч миний тэмцлийг зогсоож чадахгүй. Алхсаар л байх болно. Алхсаар л дуусах болно” гэжээ.

Л.Оюун-Эрдэнийн үгнээс “Энэ бүхнийг хамгаалж, цаг хожиж байгаа хязгаарлалтын эрх мэдлийн далангууд сэт цохигдоно”, “Иргэд, сонгогчид намайг зогсоох эсэхээ сонгуулиар өөрсдөө шийднэ биз ээ. Үүнээс өөрөөр хэн ч миний тэмцлийг зогсоож чадахгүй. Алхсаар л байх болно. Алхсаар л дуусах болно” гэсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Хэдийгээр цагаан сар, цас зуд гээд нийтээрээ завгүй байгаа ч улс төр далдуур бужигнаатай байгаа бололтой. Тэр дундаа Л.Оюун-Эрдэнийн эсрэг “хамгаалалтын далан” босчихсон, “Чамайг ирэх сонгуулиар унагаж зогсооно” гэсэн мессежийг өгөөд эхэлсэн үү. Ингэж ойлгогдож байна.

Гэхдээ ийм агуулгатай үг Л.Оюун-Эрдэнийн амнаас дөнгөж өчигдөр унаж байгаа юм биш.

Ерөнхий сайд болоод, түүнээс өмнө ч авлигын эсрэг гэж болохоор ноцтой мэдэгдлүүдийг хийж ирсэн.

Тэр дундаа өнөөдөр олны зэвүүцэл, жигшлийг төрүүлээд байгаа төрөөс хулгай хийсэн том хэргүүдийн талаар Ерөнхий сайд болсноосоо хойш олон удаа дуугарсан. Хэзээ, юу гэж хэлж байснаас нь хэдийг онцолъё.

2021.7.18. Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид журмын нөхөдтэйгээ, өөрсөдтэйгээ, нам харгалзахгүй тэмцэнэ гэсэн үг.

2021.11.11. Хэн нэгэн таньдаг хүнээ өмгөөлөх үйлдэл Ерөнхий сайдаас гарахгүй. Авлигын хэрэг дээр хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, хэн нэгэн завшиж болохгүй.

2021.12.8. Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн албан тушаалтнуудыг цаашид төрд ажиллуулахгүй байх эрхзүйн зохицуулалт хийнэ. Мөн төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина.

2022.4.5. Эрдэнэтийн асуудал шийдэгдсэн шиг, Оюу толгойн асуудал шийдэгдсэн шиг Хөгжлийн банкны асуудал шийдэгдэнэ гэдэгт битгий эргэлзээрэй. Ордон дотор хүч мөхөствөл би олон нийтэд хандана.

2022.4.5. Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлнэ. Ажлын хэсэг байгуулсан. Энэ цэгцрэхэд манай улсын ДНБ-ий хэмжээ хоёр дахин тэлнэ.

2022.10.20. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Засгийн газраас “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банк зэрэг нийтийн эрх ашгийг зөрчсөн томоохон асуудлуудыг шийдэхэд ихээхэн анхаарал тавьж ажилласан. Эдгээртэй холбоотой хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлсэн. Хөгжлийн банкны хэрэг дээр л гэхэд бүх баримт бичгийг хууль хяналтын байгууллагынханд гаргаж өгсөн. Одоо олон нийт, хууль хяналтынхны ярьдагчлан эдгээр “Олны анхаарал татсан томоохон хэргүүд” шүүхийн мэдэлд очиж байна. Өөрөөр хэлбэл, бидний хувьд шүүхийг л харж байна. Та нар ч бас нүд цавчилгүй, анхааралтай харж байгаарай.

2022.12.15. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд авлигатай хийх энэхүү тэмцлээсээ алхам ч ухрахгүйгээр тэмцэх болно.

2023.1.11. Нүүрсний хулгайн ард их хэмжээний далд эдийн засаг эргэлдэж байгаа. Тээвэрлэлт хийдэг жолооч нарын ард байгаа улстөрчдийн талаар би ярьж байна. Цаашлаад төмөр зам, газрын албанд гардаг асуудлыг цэгцлэхээс өөр аргагүй.

2023.1.18. Шүүх хурлууд бүгд нээлттэй явагдаж байх ёстой. Ер нь хэргийг хэт удаан “барьдаг” нь өөрөө авлигалын хэрэг шүү.

2023.2.19. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны энэ асуудлуудын араас 2023 оныг онцгойлон яг авлигатай тэмцэх жил болгоод Засгийн газраас зарлачихлаа. Засгийн газар 30 жилийн түүхэнд анх удаа “Бид авлигатай хатуу тэмцэнэ” гэдэг байр сууриа тогтоолоор баталгаажуулсан.

2023.4.17. Засгийн газар авлигатай хийх тэмцлээ эрчимжүүлж авлигын эсрэг “5Ш” арга хэмжээг хэрэгжүүлж байна. Хүний эрхийн хамгийн том зөрчил бол авлига юм.

2023.4 дүгээр сар. Авлига авсан хүмүүс биднийг өрөвдөөгүй. Өрөвдөж, уучилж болохгүй. Бидний ирээдүйг хулгайлсан. Энэ асуудал дээр улстөржиж болно. Гэхдээ улс төрийн ямар шийдвэр гарч, хөшигний ард юу болж байгааг Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Миний хувьд ухрахгүй. Бид авлигаас салах ёстой. Уул уурхайгаар хязгааргүй баяжиж, улс төр, шүүхийг худалдаж авсан хүмүүстэй нам харгалзахгүй тэмцэнэ. Ингэж байж бид шинэ 30 жилийн асуудлаа ярина

2023.5.4. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд өмч хувьчлалаа эхлээд ашигт малтмалын лицензүүд, Улаанбаатар хотын газрын наймаанаас эхлээд төрийн тендерүүд, Хөгжлийн банкнаас эхлээд ЖДҮ зээл, нүүрс зэсийн хулгай зэрэг олон асуудалд төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцож өөртөө болон гэр бүл, хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал олгож, төлөөлөх ёстой иргэдийнхээ өнөөдрийн болон ирээдүйн боломжуудыг хулгайлсан ноцтой баримтуудыг Засгийн газар ил болгож, системийн авлигын эсрэг тууштай тэмцсээр байна.

2023.5.9. Эрдэнэтийн 49-ийн хэрэг хэдэн жил болов. Цахим дээр бүх хэргийн процесс ил байх ёстой. Д.Мөнх-Эрдэнийн сенсацийн ард Кёкүшюзан Д.Батбаярыг чөлөөлсөн. Энэ үнэн шүү. Үндсэн хууль дундуур Б.Ганхуягийг гаргана. Тэгснээ нийгэм шуугихаар буцааж хорино. Ийм шүүхтэй байхад хөрөнгө оруулалт яаж нэмэгдэх юм бэ. Хэнийг хуураад байгаа юм бэ. Ер нь бол хэн ч авлигын гэмт хэргийг дарах ёсгүй шүү. Хэн ч авлигын гэмт хэргийг дарах ёсгүй шүү.

2023.7.25. Газрын наймаа, эмх замбараагүй төлөвлөлтийн асуудлыг бүгдийг нь шүүхэд шилжүүлнэ. Үүн дээр яахыг нь нүд цавчилгүй харцгаая. Хэрвээ “Авлигал” хороооллын асуудалд ханддаг шигээ байх юм бол шүүх хот төлөвлөлтийг хариуцаж хийх хэрэгтэй. Шүүх ингэж энгийн иргэдэд арслан бар шиг, эрхтэн, мөнгөтөнд гөлөг шиг ханддаг. Ер нь шүүх өөртөө дүгнэлт хийхгүй бол улайм цайм ялгаатай хандаж байгаад институцийн хувьд гүнзгий хямралд орох вий. Ард түмний хилэн нэг асвал цусаар уйлаад ч нэмэргүй шүү. Шүүхээс бүх хууль бус орлогыг нь нэхэмжлэх өдөр ирнэ. Билүүтийн голын захад уулзах өдөр ирнэ гэдэг дээ.

2023.11.30. Авлигын олон асуудлыг Засгийн газар ил болгосон. Зарим хүмүүс нийгмийг бухимдуулж байна гэж шүүмжилдэг. Гэхдээ би зөв зүйл хийж байгаа гэдэгтээ итгэл төгс байна. Авлигатай тэмцэнэ гэдэг бол журмын нөхөдтэйгөө, нам харгалзахгүй тэмцэнэ гэсэн үг хэлж байсныг санаж байгаа байх. Сонгууль хүртэл тэсчихвэл Л.Оюун-Эрдэнэ зайлж, бүх зүйл сайхан болно гэж оргон зайлсан шувууд маань хилийн чанадаас томилсон шүүгч нартаа захиж байгааг мэдэж байна.

Шүүх засаглалыг бид авлигач шүүгчдээс нь, тэднийг томилсон бүлэглэлээс нь хамгаалж, хараат бус шүүх засаглалыг бүрдүүлэх, шударга шүүгчдийг дэмжихэд бүх нийтээрээ дэмжлэг үзүүлэх цаг болжээ. Улсад 20 тэрбумын хохирол учруулсан авлигачийг 20 саяар торгоно гэдэг авлигын эсрэг шийтгэл үү, эсвэл авлига авах нь зөв шүү гэдэг урамшуулал уу?

Ингэж хэлдэг. Ерөнхийдөө сүүлийн 2-3 жилд төрд нүүрлэсэн авлигын талаар олон нийт ихийг мэддэг болсон. Тэр хэрээр албан тушаалаараа дулдуйдаж төрөөс хулгай хийж ирсэн нөхдүүдийг олон нийт багцаалдаг болчихсон. Энэ нь ирэх сонгуульд нэр дэвшигчдэд нэлээд том шаардлага болж очихоор байна. Хамгийн гол нь үүнээс улбаалаад “Монголчууд авлигыг үл тэвчигч болсон” гэдэг дүгнэлтийг хийж болохоор байгаа юм.

П.Хуяг

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Ганхуяг: Цагаан сараар ажлын таван өдөр амардаг болвол амьдралд арай ойр байх болов уу DNN.mn

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


-Цагаан сарын амралтын өдрийг уртасгах тухай асуудал сая хүчтэй босч ирлээ. Та олон нийтийн саналыг дэмжинэ гэдгээ цахим хуудастаа мэдэгдсэн. Уртасгавал хэдэн хоногоор уртасгах боломж байгаа вэ?

-Амьдралд хууль нийцэж байгаа эсэх нь их чухал. Битүүний өдөр монголчууд ажлаа хийдэг үү, үгүй юу? Хийдэг нэртэй байгууллагууд боломжоороо ажилчдаа эрт тараадаг. Шинийн дөрвөн, таванд ажил хийдэг үү, үгүй юу гээд бодвол бүтээмжгүй байдаг. Хоёрдугаарт, үндэсний өв соёлыг дэлгэрүүлэх, хамгаалж үлдэх нь чухал. Цагаан сар, үндэсний их баяр наадам монголчуудад яагаад чухал вэ гэхээр үндэсний дархлаагаа баталгаажуулдаг. Монгол гэрт орж үзээгүй байранд өссөн хүүхдүүд байна. Монголоор сайхан мэнд ус ч асууж мэддэггүй хүүхдүүд ч байдаг. Тиймээс бид хойч үеийнхэндээ ингэж золгодог. Босго дээр гишгэж болдоггүй гэхчилэнгээр монгол уламжиллаа баяр наадмын өдрүүдээр л зааж өгч байгаа шүү дээ. Тиймээс улсын баяр наадам, цагаан сард онцгой ач холбогдол өгч, тэр талаас нь харж шийдвэрээ гаргавал зөв юм болов уу гэж бодсон. Манай ээж аав хоёр өндөр настай хүмүүс бий. Өдөрт 100-аад хүн ирж золгосон. Бид ээлжээр очиж тусалж байгаа юм. Цагаан сарын гурван өдрийн золголтын дараа хүмүүс маш их ядарч байна. Хууль гэдэг бол амьдрал дээр байгаа зүйлийг цаасан дээр буулгадаг. Тиймээс хүмүүсийг ажлаа, төлөвлөлтөө хийх боломжийг эрх зүйн хүрээнд олгох ёстой.

Цагаан сарын бэлтгэлд их хугацаа шаардагддаг. Дотоодын эдийн засгийн идэвхжил тэр хэрээр бий болдог. Жижиглэн, хүнсний худалдаа дагаж өсдөг. Гэтэл олон нийт ойлгохдоо амрахаар хамаг юм зогсдог гэж ойлгодог. Дотоодын эдийн засгийн идэвхжил, борлуулалтыг нэмэгдүүлдэг. Баяр наадмын үе нэгдүгээрт дотоодын худалдааг идэвхжүүлдэг. Хоёрдугаарт, тодорхой хэмжээнд стрессийг тайлдаг. Энэ жилийн цагаан сар хагас, бүтэн сайн өдрөөр таарсан. Орон нутаг руу явсан хүмүүс ирэх, очихдоо их түгжирлээ шүү дээ. Тиймээс үүнийг засаж, магадгүй ажлын таван өдөр амардаг болгож битүүний өдрийг амралтын өдөр болговол амьдралд арай ойр байх болов уу гэж бодсон.

-Эдийн засгийн утгаараа ч өгөөжтэй юм байна шүү дээ?

-Жижиг дунд үйлдвэрлэл болон үндэсний үйлдвэрлэлийг ихээр дэмждэг.

Цаг хугацаа явах тусам үндэсний брэндүүдийг бэлгэнд өгдөг болж. Трэнд өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл, жижиг дунд үйлдвэрлэлийг бодитой дэмждэг баяруудын нэг нь цагаан сар. Хоёрдугаарт, цаашдаа цагаан сарын урт хугацааны амралтыг өвлийн аялал жуулчлалыг дэмжих боломжтой. Магадгүй цагаан сарын барилдааныг хоёр, гурван өдрийн барилдаан болгодог. Томхон зааланд барилдуулдаг. Өвлийн морины уралдаанд хүүхэд биш, том хүнээр унуулж уралдааныг явуулдаг зэргээр өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ шүү дээ. Түүнээс мөсөн уул бариад аялал жуулчлал нэмэгдэхгүй. Монголын өв соёл, онцлогийг харах гэж л жуулчид ирнэ. Орон нутагт хэрхэн яаж цагаан сар хийдэг. Хэрхэн золгодог. Энэ бүх суурь, бүтэц нь бэлэн бий. Тиймээс зохицуулалтыг нь хийгээд дэмжхэд аялал жуулчлалын том эвент болох боломжтой.

-Та үүнийг хууль болгож өргөн барих уу?

-Хоёр хувилбар бодож байна. Багтайгаа зөвлөлдөнө. Хамгийн хурдан нь D-Parliament руу оруулж иргэдийн саналыг авах нэг хувилбар байна. Хэрвээ 30-аас дээш мянган хүний саналаар дэмжигдвэл УИХ-ын Тамгын газарт ажлын хэсэг байгуулагдаж хууль боловсруулж эхэлнэ. Хоёрдугаарх хувилбар нь УИХ-ын гишүүн хуулийн төсөл өргөн барих. Энэ нь хуулийн төслөө бичиж, судалгаа хийгээд түүндээ үндэслэж Засгийн газраас санал авна. Ингэж явахаар хугацаа их орох магадлалтай. Тиймээс хугацаануудаа харьцуулж үзээд арай хурдтай явах боломжийг нь харж байж шийднэ. Хэрвээ D-Parlia­ment дээр санал авна гэвэл хоёрдугаар сарын сүүлээр байршуулж, чуулган эхэлтэл иргэдийн саналыг авна.

-Тантай ярилцах дараагийн сэдэв энэ УИХ-ын үйл ажиллагаа. Шинэ залуу туршлагагүй хэмээх шүүмжлэл таны сууж байгаа парламентад их ирсэн. Та ер нь энэ намрын чуулганаар УИХ хэр ажилласан гэж бодож байна?

-Шинэ залуу гишүүд олноор нэмэгдсэнээр энэ парламентын үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж тогтолцооны өөрчлөлт хийж чадсан. 24 жилийн хугацаанд хийж чадаагүй өөрчлөлтийг хийж чадсан. Нэг ёсондоо дараагийн сонгуулиар би гарах гарахгүйгээр үл хамааран улс эх орныхоо төлөө шийдвэр гаргаж чадсан. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй болов уу гэж бодож байна. Өмнөх үеэ үгүйсгэмээргүй байна. Гэхдээ энэ удаагийн парламент хувь хүнийг бодсон шийдвэр гаргаагүй.

Хоёрдугаарт, бүсчилсэн хөгжлийн концепциор тойргуудаа хуваарилсан. Жалга, сум дагасан соёлын төв, конторын барилга зэрэг зүйл улсын төсөвт нэг их орж ирэхгүй болов уу гэж бодож байна. Магадгүй төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр хийдэг зарчим руу шилжих байх. Хүн ам цөөтэй суманд хүчин чадал нь ахадсан сургууль, цэцэрлэг барихаа болих болов уу гэж бодож байна. Бусдыг нь ярилгүй орхиход энэ хоёр том өөрчлөлт нь урагшаагаа харсан том алхам болсон. Үүнийг өмнөх парламентууд ярьдаг байсан ч хийж чаддаггүй.

Авлига албан тушаалын асуудал өмнөх цаг үеийн асуудлуудтай холбоотойгоор илүү гаргаж ирсэн. Угаасаа ч хэзээ нэгэн цагт задрах л байсан байх. Ковидын хоёр жилийн хугацаанд эдийн засаг уналттай байсан үе. Ер нь уналтад орохоор иймэрхүү асуудлууд задардаг. Энэ бол дэлхийн бүх л улсад байдаг. Хямралтай нүүр тулж байж л эмчилгээ хийдэг. Тийм хямрал гараагүй бол ийм эмчилгээ хийгдэхгүй байх байсан. Тийм том хэмжээний эдийн засгийн уналтад орж байж, том хэмжээний хямралыг үзэж байж болохгүй байгаа зүйлсийг эмчилж эхэлж байна гэсэн үг. Мэс засал, эмчилгээ гоё сайхан байдаггүй. Үргэлжид ямар нэгэн байдлаар зовуурьтай хийгддэг. Зовуурь өгөөд байгаа өвчнийг, хавдрыг авч хаяж байж л эрүүл болно. Түүнээс хавдраа нуучихаад яваад байвал эрүүл болохгүй.

Авлигын индексээр унасан байна гэсэн. Тэр асуудал ил болсноор авлигын индекс унасан нь үнэн. Гэхдээ энэ асуудал цаашид гарахгүй байхаар эрх зүйн орчноо засаж чадлаа. УИХ-ын сонсголыг хоёр ч удаа хийлээ. Цаашдаа хүмүүст ийм асуудалд орооцолдож болохгүй юм байна гэсэн том сургамж боллоо. Өөрөөр хэлбэл, хатуу зарчим болж эхэлж байна гэсэн үг. Иргэд ч илүү хэрсүү болж байна гэсэн үг. Төр бизнес хийж болохгүй юм байна. Төрийн өмчит компаниуд нэмэгдэхээр хулгай бий болдог юм байна. Төрийн өмчит олон компани байж болохгүй юм байна гэдгийг бүгдээрээ л ойлголоо. Энэ бол цаашдаа илүү өсөх, хөгжих том үндэс болсон болов уу гэж бодож байна. Би УИХ-д нэг удаа сонгогдсон. Өмнөх болоод одоогийн парламентын шүүмжлэлтэй хандах зүйлдээ хандаж ирсэн. Гэхдээ энэ удаагийн парламент том асуудлуудыг шийдэж чадсан парламент гэж харж байгаа.

-Аймгуудын эдийн засгийн таталцал дээр суурилсан бүсчилсэн хөгжлийг бий болгож чадсан уу. Та юу гэж харж байна?

-Бүсчилсэн тойргоор сонгууль явсны дараа хүн амыг дагасан томоохон хотууд бий болох, дэд бүтэц, ажлын байрыг бий болгох үндэс тавигдах болов уу гэж бодож байна. Учир нь төсөв гэдэг дандаа хязгаартай байдаг. Хязгаартай эх үүсвэрийг соёлын төв, барилга байгууламж болгож жалганд аваачиж хаяад байхаар улс хөгжихгүй. Бүсчилж хөгжихөөр хөрөнгө оруулалт илүү сайн эрэмбэлэгддэг болно. Мөн пропорционалиар орж ирсэн УИХ-ын гишүүд хяналтаа давхар тавина. Тиймээс хөрөнгө оруулалтын эрэмбэ нэгдүгээрт, улс эх орон. Хоёрдугаарт, бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалт хийгддэг болно. Ингэж хөрөнгө оруулалтын эрэмбэ өөрчлөгдөж, хөгжил рүү чиглэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

-Та эдийн засагч хүн. Тиймээс сонгуулийн дараа ер нь Монголыг эдийн засгийн ямар нөхцөл байдал хүлээж байна гэж харж байна?

-Бид энэ цаг хугацааг хэрэлдэж биш, ашиглаж явах цаг үе ирсэн. Хөрөнгө оруулалтын хуулийг зөв зохистой хийсэн бол ямар боломжууд байна вэ гэхээр манай хойд хөршийн буюу 100 гаруй сая хүн амтай зах зээлийг ашиглах алтан боломж, алтан үе. Ингэж хэлж байгаа учир нь төв Азид байгаа бусад хөршүүдийн ОХУ-аас орж ирж байгаа хөрөнгө оруулалт нь 3-5 дахин нэмэгдсэн. ОХУ руу гарч байгаа экспорт нь 5-10 дахин нэмэгдсэн. Хатуухан хэлэхэд бид сүүлийн 34 жил хоригт байсан. Бидэнд ийм алтан боломж одоо л олдож байна. Одоо л Засгийн газар чөлөөт худалдааны хэлэлцээр, ямар бараан дээр тарифгүй, ямар бараан дээр бага тарифтай байх вэ гэдэг хэлэлцээрийг ОХУ-ын талтай хийж байна. Энэ цаг хугацааг бид ашиглах хэрэгтэй. Бидэнд зөвхөн БНХАУ биш хоёр том зах зээл байна. Бид Хятадын зах зээлийг л хараад байна. Гэтэл ОХУ бол дэлхийн 7, 8 дахь эдийн засаг хэвээрээ л байна шүү дээ. Тиймээс оросын зах зээлийг нээх, Сибирийн бүс нутаг зэрэг рүү бид бараа бүтээгдэхүүнээ экспортлох хэрэгтэй байна. Гэхдээ зөвхөн ноос ноолуур махаар хязгаарлагдахгүйгээр инновац шингэсэн бүтээгдэхүүн ч гаргах боломж байна. Тиймээс нэгдүгээрт энэ чиглэлээр ажилламаар байна.

Хоёрдугаарт, хятадын эдийн засгийн ойлгомжгүй байдлаас үүдэж зарим хүмүүс санаа зовниж байгаа зүйл бий. Бидний хувьд ч гэсэн бодож байх ёстой асуудлууд бий. Гэхдээ ойрын хугацаанд түгшүүрийн хэмжээнд хүрээгүй байгаа. Тиймээс ойрын хугацаанд манай эдийн засаг гайгүй байна. Эдийн засгийн өсөлт энэ жил хадгалагдах болов уу гэж горьдож байна. Бид цаг алдалгүй оросын талын зах зээлийг нээх, гадаадад сууж байгаа Элчин сайдын яамдыг ашиглаж илүү эдийн засаг, бизнесийг дэмжсэн байдлаар ажиллуулдаг болгох хэрэгтэй байна. Тухайн орноос эдийн засаг татсан хэмжээгээр нь худалдаа, экспорт хийсэн хэмжээгээр нь Элчин сайдын яамдад үнэлгээ өгдөг болох шаардлага байна. Ингэж байж бид урагшилна. Түүнээс зөвхөн улс төрийн харилцааг хадгалж үлдэх байдлаар Элчин сайдын яамдыг хадгалж үлдэх нь өрөөсгөл байгаа юм.

Тиймээс цаашид Элчин сайдын яамд эдийн засгийн ачаалал өгдөг, энэ чиглэлээр хийсэн ажлынх нь хэмжээгээр үнэлгээ өгдөг байх хэрэгтэй. Ингэж байж хувийн хэвшлийнхэн тийшээ очиход наад зах нь уулзалтуудыг зохион байгуулж өгөх хэрэгтэй. Саяхан би Казахстан яваад ирлээ. Казахстан улс Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдаа тийм хэмжээний хөрөнгө оруулалтыг Монголоос тат. Худалдаагаа тийм хэмжээнд хүргэ гэж даалгавар өгсөн байгаа юм. Өгөх өгөхдөө энэ компаниудтай уулз. Ийм компаниудаас хөрөнгө оруулалт татахыг хичээж ажиллана шүү гээд чиглэлтэй нь, хөрөнгө оруулалтын хэмжээтэй нь заагаад үүрэг өгч байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Элчин сайдын яамдууд нь манай орны зах зээлийн судалгааг нь ч хийж байна. Компаниудын хүчин чадлыг нь ч судалж байна. Ингэж Элчин сайдын яамдууддаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит даалгавруудыг өгч байна. Бид ийм байдал руу орох ёстой. Энэ бүс нутагт бид Казахстантай өрсөлдөх ёстой.

-Тоон үзүүлэлтээр манай эдийн засаг өссөн. Энэ өсөлтийг иргэд, өрийн бодит орлогод наалдуулахын тулд ямар арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?

-Хүссэн хүсээгүй зах зээл цалингийн үнэлэмжийг өсгөхөөр харагдаж байна. Ажлын байр асар их хэмжээгээр бий болсон. Ажилтан олдохгүй байна гэж компаниуд их ярьдаг болж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр цалингаа нэмж ажилтантай болно гэсэн үг. Гэхдээ бид хүний нөөцийнхөө чадамжийг сайжруулах ёстой болно. Чадамжийг сайжруулна гэдэг нь боловсролтой холбоотой гэсэн үг. Ингээд харахаар ноднин жил батлуулж чадсан англи хэлний заалт гэхэд монгол хүний үнэлэмжийг цалингийн илэрхийлэмжээр бодоход 50-60 хувиар өндөр цалин авах боломж яваандаа бий болно. Бүх юм хоорондоо уялдаатай л даа. Жаахан хугацаа орно. Гэхдээ энэ зүйлүүд зөв тал руугаа нэлээд сайн явж байна гэж харж байгаа. Том зургаар харвал боловсролын салбарт том алхам хийж чадсан. Өмнө нь улсын төсвийн есөн хувийг боловсролын салбарт зарцуулдаг байсан бол 14, 15 хувь руу орсон. Зөвхөн Баянгол дүүргээр харахад сургуулийн хүртээмжийг 100 хувь шийдэх хэмжээнд ирсэн. Дараа нь чанарын асуудал руу орно. Тооны ухаан, англи хэл, байгалийн ухааны плотфорумуудыг нэвтрүүлж байгаа. Тиймээс багш нараа чадавхжуулах, нэг багш 60 биш 30 хүүхэд дунд ажиллаад ирэхээр багш сурагчидтай тулж ажиллах боломжууд нээгдэнэ. Хими, физикийн лабораторитой төвийн сургууль их цөөхөн байна шүү дээ. Тиймээс байгалийн ухааны хичээлүүдийг сургуулиудад стандарт болгож лабораторитой болгох, цахимын лаборатори хамгийн сүүлийн үеийн код, программ бичих, хиймэл оюун ухааны хичээл ордог лабораториудыг бий болгож байж дараагийн үе шатанд очно. Тэрийг бий болготол хугацаа орно. Гэхдээ тийшээ алхам алхмаар ойртож чадах болов уу гэж харж байна. Мэдээж энэ бүгд мөнгөтэй л холбоотой.

Categories
мэдээ улс-төр

АН: 2023 оныг МАН авлигатай тэмцэх жил гэж зарласан боловч ардчилсан бус улс орнуудын авдаг оноог авч байна DNN.mn

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар өвөлжилтийн нөхцөл байдал, иргэдийн амьжиргааны түвшин, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, төрд нүүрлэж буй авлигын талаар мэдээлэл хийлээ.


Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Батбаярын Жаргалан: Монгол Улс даяар өвөлжилт хүндэрсэн, зуд, үер усны аюул хөдөө төдийгүй хотод нүүрлээд байна. Энэ өвөл 176 мянган мал хорогдсон гэсэн мэдээ байна. Малчид энэ өвөл маш хүнд нөхцөлтэй өвөлжиж байна. Өнгөрсөн хугацаанд гал усны аюултай холбоотойгоор Онцгой байдлын ерөнхий газар, шадар сайдад шаардлага хүргүүлсэн байгаа. Мөн өвөлжилтийн бэлтгэл, зуд, үер усны асуудалтай холбоотойгоор Онцгой байдлын ерөнхий газар ямар арга хэмжээ авч байгаа талаар ярьж байна.
Цагаан сарын өмнө иргэдийн амьжиргааны талаар тодорхой судалгаануудыг хийсэн. Инфляц Монгол Улсын эдийн засгийн маш томоохон асуудал байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд үнийн өсөлт хамгийн их санаа зовоосон асуудал болж байна. 2016 онтой харьцуулахад өнгөрсөн 8 жилийн хугацаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин өссөн. Сар шинийн баярын ширээ засагдахад шаардлагатай бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 46% буюу тал хувиар өссөнийг ҮСХ-оос харуулж байна. Цагаан сарын ачаалал иргэдэд маш хүндээр тусаж байна.
Өнгөрсөн 8 жилийн хугацаанд бүтээгдэхүүний үнийн хэмжээ 3 дахин өслөө. Орлогын өсөлт нь бараа бүтээгдэхүүний үнийг гүйцэхгүй байгаагийн улмаас иргэдийн амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж байна. Монгол Улсын нийт хүн амын 27% нь ядуурлын түвшнээс доогуур амьдралтай байна. Нөгөө талаас өргөн цар хүрээнд хийвэл манай улсын нийт хүн амын тэн хагас нь ядуурсан байна гэдгийг эдийн засагчид танилцуулж байна. Тийм учраас иргэд арга буюу зээл авч өрх гэрийнхээ амьжиргааг залгуулж байна
Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 87% нь ямар нэг банканд зээлтэй байна. Нэг зээлдэгчийн дундаж зээлийн хэмжээ 8,6 сая төгрөг байна. 2016 онд Ардчилсан нам засаглаж байх үед нийт насанд хүрсэн иргэдийн 43% нь зээлтэй байсан бөгөөд ипотекийн урт хугацааны, хөрөнгөжүүлэх зээлүүд эзэлж байсан бол одоо бол иргэдээ ядууралд оруулах хэрэглээний зээлүүд байна. Иргэдийн амьжиргааны талаар тоо баримттай дурдлаа.
Нөгөө талд төр засгийн орлого маш их хэмжээгээр өсөн нэмэгдсэн. 2023 онд Монгол Улс түүхэнд байгаагүй их хэмжээний нүүрс буюу 70 сая нүүр 8,9 тэрбум ам долларын нүүрсний борлуулалтыг хийсэн байна. Бид 1,5 тэрбум ам долларын Чингис бондоор ямар их хэмжээний бүтээн байгуулалт хийснийг бид мэдэж байгаа. Иргэдийн амьдрал, амьжиргаа доройтсоор байхад дарга нарын амьжиргаа нэмэгдсээр байна. Бид Засгийн газарт шаардлагуудыг хүргүүлэх болно.
Ардчилсан намын Дэд дарга Жудагийн Баярмаа: Монгол Улсад өнөөдөр шинэ сар гарлаа. Аливаа айл өрх, улс өмнөх жилдээ маяр амжилт бүтээлтэй бав гэдгээ дүгнэдэг. харамсалтай нь албан ёсоор дүгнэсэн дүгнэлт хийгдсэнгүй. Бид өөрсдийгөө дүгнэхгүй байвч Цагаан сарын өмнөхөн дэлхий биднийг дүгнэж байна. Олон улсын Трансперенси интернешнл байгууллагаас 2023 онд Монгол Улс авлигатай хэр тэмцэж ямар дүнтэй онд оров гэхээр өмнөх оноосоо даруй 5 байраар ухарч 121-р байрт орсон байна.
Сүүлийн 10 жил авлигын индексээр эрс ухарч байгаа 6 улсын нэгд орсон байна. Уг улсуудад тоталитар дэглэм бүхий улсууд багтаж байна. Ардчилсан намын засаглаж байх үед буюу сүүлийн 8 жилд Монгол Улс 2012 онд буюу МАН засаглаж дуусаад АН-д шилжүүлэх тэр үед 94-р байрт орсон бол Ардчилсан нам засаглаж байх үед 2015 онд 72-р байр буюу урагш 20 байраар алхсан амжилттай байсан байна.
Харамсалтай нь 2016 оноос энэ дүн эрс үгүй болсон байна. Ухралт эрчимтэй явсаар байгаад 50-иад байраар ухарсан байна. Авлигын индекс тухайн улсын толинд харж байгаа тусгал гэж харах хэрэгтэй. Шүүхийн хараат бус байдал, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин гэх мэт олон зүйлийг үзэж байж авлигыг хэмждэг.
Сүүлийн үед хэн нэг дунд албан тушаалтны сейфээс, оймсноос тэрбум, тэрбум доллар, төгрөгөөр гарсаар байна. Үүн дээр бид гайхахаа больсон байна. Шалтгаан нь юутай холбоотой вэ гэдгийг бид дүгнэх хэрэгтэй. МАН-ын бодлого аль болох төрийг хүчтэй, данхар байлгах үзэл баримтлалтай учир яамдын тоо, төрийн алба хаагчдыг нэмдэг, төрийн өмчит компаниудыг нэмсээр байдаг. Аргентин улс Монгол Улс даруй 13 дахин их хүн амтай атал 9 яамтай байна. Гэтэл манайд байгаа сайдын албан тушаал 22 яам бүхий сайд, дэд сайдууд гээд 40 гараад явчихлаа. Сонгуулиар сонгогчдыг худалдан авдаг, авлигачдын байдал газар авлаа. Ингэхийн тулд захиран зарцуулах мөнгө хөрөнгө хэрэг болдог. Тиймд Төрийн өмчит компаниуд, үйлдвэрийн газруудаар дамжиж хэрэгждэг. Дараагийн сонгуульд мөнгийг нь бэлдэж өгдөг саалийн үнээ нь төрийн өмчит хувьцаат компаниуд болж байна. Тийм учраас төрийг хэзээ ч жижиг байлгахгүй хүсдэггүй.
2023 оныг МАН авлигатай тэмцэх жил гэж зарласан боловч ардчилсан бус улс орнуудын авдаг оноог авах боллоо. Тийм ч учраас төрийн өмчит компаниудаар дамжуулан сонгуулийн мөнгөө бэлэн байлгадаг байна. Ногоон автобусны авлигын хэрэг юу болсон, эрх баригчдад ээлтэй байдлаар шийдэгдсээр байна. Энэ бүхэнтэй тэмцэж төрийн өмчийг задлахгүй бол авлига тасрахгүй. Төрийн байгууллага, компануудын үйл ажиллагаа, худалдан авалтаыг ил тод, шилэн болгох шаардлагатай байна.

МАН-ын засаг өмнөх хэргүүд хэрхэн шийдэгдсэн, хэн ямар хариуцлага хүлээв, цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдгээ 7 хоног тутам мэдээлэх шаардлагатай. Ил гаргахын эцэсгүй байгаа нь МАН-ын ажлын арга барил боллоо.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Чулуунцэцэг: Энэ цаг үед эрдэм мэдлэгтэй, боловсролтой, залуу сэтгэлгээтэй, туршлагатай хүмүүсээ төрд гаргаж ирэх ёстой DNN.mn

МУЭИС-ийн бизнесийн удирдлагын профессорын багийн гишүүн, доктор (Ph.D) профессор С.Чулуунцэцэгтэй ярилцлаа.


-УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирлээ. Монголчууд яавал ухаалаг сонголт хийх вэ. Судлаач хүний хувьд та юу гэж бодож байна?

-“Монголчууд яавал ухаалаг сонголт хийх вэ” гэдэг асуулт өөрөө их өргөн хүрээтэй ойлголт байх. Юуны өмнө иргэдийн улс төрийн боловсрол ямар байгаа билээ гэдэг асуудал хөндөгдөнө. Цаашлаад Үндсэн хуулийн асуудал босч ирнэ. “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Ард түмэн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн ардчилсан төрийн амин сүнс болсон энэ заалт хэрэгжиж чадаж байгаа юу гэдэг асуудал байна. Өнөөдрийн нийгмийн бухимдал, шийдлээ хүлээж буй түмэн бэрхшээл, эдгээрийг шийдэхээр төрд түмний элч болон сонгосон, сонгогдсон хүмүүсдээ илт дургүйцэх болсон иргэдийн араншинг харвал “Ард түмэн үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэж чадахгүй байна” гэж дүгнэхээр харагддаг.

Буруу сонголт хийчихжээ гэдгийн цаана сонгогч “Та сонгох эрхээ эдлэхдээ хариуцлаггүй ханджээ” гэдэг дүгнэлт гарах байх. Энд нөгөө сонгууль болгоноор тараагддаг чихэр жимс, архи дарс, аяга шаазан, бэлэн мөнгө гэдэг асуудал байгаа. Улс төрийн намууд үзэл баримтлал, хөтөлбөрөөрөө өрсөлддөг юм байхгүй болоод удаж байгаа. Хэн мөнгө тараасан, мөнгө амласан нь гардаг болсон. Тэр хөтөлбөр, үзэл баримлалыг нь уншдаг, учрыг нь ойлгодог сонгочдын тоо сонгуулиас сонгуульд цөөрсөөр байгаа харагддаг. Яавал ухаалаг сонголт хийх вэ гэдэг дээр шууд нэг сонгуульд зориулсан бэлэн жор байхгүй болов уу. Системтэй цаг хугацаа, хөрөнгө санхүү шаардаж хийх юм нь сонгогчдын улс төрийн боловсролыг байнга дээшлүүлж байх шаардлагатай.

-Нэг нам дангаараа найман жил тасралтгүй ноёллоо шүү дээ. Ард түмний амьдрал дээрдсэнгүй, харин төрийн хулгай л ихэслээ. Тэгэхээр бид хэнийг төрд сонгож гаргаж ирэх ёстой вэ. Ингэхэд аль намын бодлого илүү зөв байв?

-Миний хувьд аль ч намын гишүүн биш гэдгийг эхлээд онцолъё. Түүх ярихад би 1990 оны цагаан морин жилийн дөрөвдүгээр сард МоАН-ын гишүүнээр элсч улмаар хоёр дахь Их хурлынх нь төлөөлөгчөөр сонгогдож байлаа. За тэгээд 90-ээд онд Ардчилсан намыг орон нутагт, Завхан аймагт босгож ирэх ажилд оролцож явснаа ярих юм бол тусдаа том түүх байгаа. С.Зориг, Э.Батүүл, Да.Ганболд, М.Энхсайхан гээд бүгд манай гэрт ирж байсан. Тэдэнд хоол унд хийж өгч, яриаг нь сонсож явсан сайхан дурсамж л үлджээ. Дараа нь намууд нэгдэж салаад янз бүр болоход алиных нь ч гишүүн болсонгүй. Хувь хүнийхээ хувьд өнөөдрийн Ардчилсан нам хөл толгойгоо олохгүй, байр сууриа улам бүр алдаж байгаад их харамсаж явдаг. 90-ээд оны Ардчилсан хүчин бол жинхэнэ үзэл баримтлалтай, хөтөлбөртэй тэгээд маш том мөрөөдөлтэй улс төр хийдэг байсан. Тэгэхээр “Хэнийг төрд гаргаж ирэх вэ” гэдэг дээр бол энэ цаг үед эрдэм боловсролтой, мэдлэгтэй, залуу сэтгэлгээтэй туршлагатай хүмүүсээ гаргаж ирэх нь зөв. Манай улстөрчид, улс төрийн намууд шинжлэх ухааны байгууллагууд, шинжлэх ухааны судалгаанууд тэнд ажилладаг хүмүүсээ, бий болсон чадамж, потенциалыг мөрийн хөтөлбөрөө боловсруулах зэрэгтээ туйлын хангалтгүй, маш муу ашигладаг юм уу гэж харагддаг.

-УИХ-д эрдэм мэдлэгтэй хүмүүс үнэхээр үгүйлэгдэж байна. Бөхчүүд гэх мэт олны танил болж чадсан хүмүүс төрд гарчихаад ард түмний төлөө юу ч хийхгүй байна гэж нийгэм шүүмжилдэг шүү дээ. Энэ тал дээр Та ямар байр суурьтай байдаг вэ?

-Бөхчүүдээс гадна урлагийнхан төрд олноор сонгогддог болжээ гэдэг. Иргэд маань оюун ухаанаараа сонголтоо хийхгүй байгаагийн тод жишээ. Ер нь аливаа цаг үеийн шаардлага гэж нэг том ойлголт байна. Энэ цаг үе биднээс юу шаардаж байна гэхээр шинэчлэл, эрдэм боловсролыг нэхээд байгаа хэрэг. Бид чинь дижитал эрин үеийн хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа цаг үед амьдарч байна шүү дээ. Өөр бас нэг хэлмээр зүйл бол Реформ гэдэг чинь зарим уламжиллаа ардаа орхиод явахыг л хэлж байгаа. Бөхчүүдийн жудаг гэх мэт ойлголт байдаг юм шиг байна лээ. Энэ талаараа их л тийм дундад зууны ойлголт гэмээр тайлбар хийж байгаа харагддаг. Үнэндээ өөрийнхөө танигдсан байдлыг буруугаар ашиглахгүй байх нь хамгийн сайн жудаг болно.

-Өнөө жилийн УИХ-ын сонгууль томсгосон тойргоор явагдана. Парламент түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй болж өргөжих гэж байна. Тэгэхээр бараг толгойтон бүхэн нь л УИХ-д нэр дэвшинэ гэх байхдаа?

-Тийм гурав, дөрвөн аймаг нийлж нэг бүс болох юм билээ. Энэ нөхцөлд орон нутагт төлөөлөл нь ажилладаг үндэсний сүлжээтэй намуудад сонгогчдод хүрч ажиллах бололцоо нь илүү байгаа. Харин бүх намууд тойрог бүр дээр нэр дэвшүүлж чадна гэдэгт эргэлзэж байна. Жижиг намууд нийтэд танигдсан цөөхөн лидер дээрээ суурилаад нэрсийн жагсаалтан дээрээ оноо илүү цуглуулах чиглэл баримтлах болов уу.

-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд явж ирсэн алдааг давтахгүйн тулд тогтолцооны өөрчлөлт хийж чадлаа гэж эрх баригч нам цээжээ дэлддэг. Тэгэхээр ард түмэн сонголтоо хийхдээ намыг нь харах уу, уг хүнийг нь харах ёстой юу?

-Эрх баригч намын гол дарга нар нь өнгөрсөн 30 жилийн алдаа завхрал гэж ярьж сонсогддог. Тэгэхээр өнгөрсөн 30 жилд ямар бодлогын том алдаа гарав. Яагаад олон түмнийг бухимдуулсан авлига гэх мэт асуудлууд шийдэгдэхгүй улам бүр газар авах болов гэдгийг өнгөрсөн хугацаанд бодлого гаргаж түүнийг хэрэгжүүлж байсан инститүт талаас нь харж дүгнэвэл зөв болно. Тэгэхээр дээрх хугацаанд хамгийн олон удаа засгийн эрх барьсан ууган намын алдаа, бүхэлдээ системийн алдаа байжээ гэвэл шинжлэх ухаанд ойр дүгнэлт гарах болов уу. Үүнийг жирийн иргэн би биш энэ төр улсын ажилд өндөр түвшинд оролцож явсан одоо тэтгэвэртээ суусан ахмадууд, шинжлэх ухааны байгууллагуудад ажилладаг, судалгаа хийдэг эрдэмтэд янз бүрийн уулзалт, хурал зөвлөлгөөн дээр хэлж харагддаг. Бусад намуудад бол тэр алдааг засах алхам хийж чадаагүй, эрх баригчдын бодлогыг задлан харж, өргөн хүрээтэй системийн шүүмжлэл хийж чадаагүй гэдэг хариуцлага оногдох байх л даа.

Өнөөдөр ч гэсэн нийгэм тэр алдааг засч жинхэнэ ардчилсан, эрх чөлөөт, эрчимтэй хөгжиж байгаа Монголоо бүтээх үзэл санаан дээрээ нэгдсэн зохион байгуулалттай улс төрийн хүчний эрэлд байх шиг байна. Харин 30 гаран жилийн өмнө Монгол Улс илүү сайн хөгжсөн, олон түмний амьдрал илүү сайн байсан юм шиг ухуулга явж харагддаг. Энэ бол жинхэнэ худал суртчилгаа, нийгмийг хааш нь аваачих гээд байна гэж сэрэмжилж харах өнцөг мөн. Том зургаараа монгол хүний амьдралд, өнгөрсөн 30 жил маш том чанарын өөрчлөлт авчирсан. Товчхондоо шинэ цагийн Монгол Улс дэлхийд танигдаж байгаа, Монголчууд дэлхийн энэтэй сэтгэдэг болж байгаа цаг дор бид амьдарч байгаа. Одоо манай улстөрчид дөрвөн уулын дундах өвөр хоорондын толхилцооноо орхиж ядаж бүс нутгийн тавцанд гарч ирэх хэрэгтэй.

-МАН анх татвар нэмэхгүй гэж сонгуульд ялалт байгуулж байв. Гэтэл найман жилийн хугацаанд есөн төрлийн татвар нэмчихэж. Эндээс харахаар намуудын мөрийн хөтөлбөр амьдралд огт биелэхгүй байна. Ингэхэд ямар хөтөлбөр дэвшүүлсэн нам өнөө жилийн сонгуульд ялагч болж чадах вэ?

-Сонгуулийн амлалтаа хэрэгжүүлээгүй эрх баригчдын алдааг шүүмжилж, засаж байх гэж сөрөг хүчин байдаг. Ардчилсан улс төрийн засаглалын амин сүнс тэр. Харамсалтай нь, өнгөрсөн жилүүдэд парламент дээр сөрөг хүчин туйлын хангалтгүй ажилласан. Тэдний дуу хоолой үнэхээр дутагдсан. Эрх баригчдын амлалтыг манай аль ч намын УИХ-ын гишүүд өөрсдөө мартчихсан явж байж магадгүй. Өнөө жилийн сонгуульд улс төрийн намын лидерээр нь баримжаалсан сонгуулийн суртчилгаа их явах болов уу. Иймээс эрх баригчдаас бусад нам, эвслүүд сонгуульд амжилт гаргая гэвэл лидер нь дараагийн Ерөнхий сайд болж сонгогчдод харагдаж, төсөөлөгдөж чадахаар хүн байх хэрэгтэй. Одоо нэгэнт эрхээ авчихаад нам эвслээ манлайлж сонгуульд орох гэж байгаа улс төрчид нь бол Ерөнхий сайдын зангараг харизм харуулсан үг хэллэг үйлдэл үзүүлж байх хэрэгтэй гэж бодож байна. Нам эвслүүдийн мөрийн хөтөлбөрөө олон түмэнд хүргэх хамгийн товч зам нь лидерийнх нь хэлэх үг, хийх үйлдэл шүү дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Гантөмөр: Миний тэвчээр Ардчилсан намын нөлөө бүхий хүмүүст “Би ч гэсэн тэвчээртэй байж болох юм байна” гэсэн дохиог өгсөн DNN.mn

Ардчилсан намын дарга Л.Гантөмөртэй ярилцлаа.


-Танд сар шинийн мэнд хүргэе?

-Баярлалаа. Танай сониноор дамжуулан нийт монголчууддаа, түмэн олондоо сар шинийн мэнд дэвшүүлье. Гарч буй луу жилдээ төгөлдөр сайхан, золбоо төгс байх болтугай.

-Ардчилсан нам ойрын үед ямар ажлууд дээр төвлөрч ажиллаж байна вэ?

-Манай намын хувьд сонгуулийн үндсэн бүтэц, штаб гээд гол механик ажлууд дээрээ нэг сард төвлөрч ажиллалаа. Үүний зэрэгцээ намынхаа Үндэсний бодлогын хорооны гишүүдийн дунд энэ сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлэг хийсэн. Ингээд мөрийн хөтөлбөр маань ард түмнээсээ санал авах түвшинд бэлэн болсон. Ер нь бид Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын баталгааг хангах, алдсан найман жилийг нөхөж хөгжил дэвшилд хүрэх чиглэлийн хөтөлбөрүүд хийж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид эх орныхоо өнцөг булан бүрт очиж, хүмүүсийн амьдрал ахуй, нөхцөл байдал, хүсэл мөрөөдөл, хийхээр төлөвлөж байгаа зүйлстэй нь танилцсан.

Ардчилал булаагдсан байна. Хүн өөрийнхөөрөө байх, үзэл бодолдоо үнэнч байх, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө зүтгэх, хөдөлмөрлөх гээд хувь хүнд байдаг ихэнх эрхийг булаагаад авчихсан байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Санхүүгийн эрх чөлөө бүр алга байна. Тийм учраас Ардчилсан нам булаагдсан ардчиллыг буцаан авч ирэх хөтөлбөрийг гаргах зайлшгүй шаардлагатай. Хууль тогтоох байгууллагад шударга ёсыг сахиулах, бүрэн хэрэгжүүлэх, ард түмэндээ үйлчилдэг болгох шинэчлэлтүүдийг гарцаагүй хийх хэрэгтэй юм байна. Үүнийг ард түмнээсээ асууж, санхүүгийн эрх чөлөөг олгохгүй бол өрөөс өрийн хооронд явж байгаа амьдралыг өөрчлөх, өрийн дарамтаас чөлөөлөх ёстой юм гэсэн дүгнэлтэд хүрсэн. Нэг ёсондоо том зорилго тавьж байж олон асуудлыг шийднэ гэж үзэж байгаа. Ялангуяа төрийн албаны шинэчлэл, өөрчлөлт, төсвийн мөнгөний хулгай, авлигыг таслан зогсоох ёстой.

Авлигыг таслан зогсоохгүйгээр Монгол Улсад ямар ч сайн ирээдүй байхгүй. Тийм болохоор бид засаглалыг ил болгох тал дээр маш тодорхой хөтөлбөрүүдийг санаачилж, ард түмнээсээ түүнийгээ асууж ярилцах дээр төвлөрч ажиллаж байна.

-Та алдагдсан найман жил гэж МАН-ын эрх барьсан жилүүдийг хэлэх шиг боллоо. Чухам яагаад ингэж хэлж буйгаа тайлбарлаач?

-Ер нь сүүлийн 30 жил бол монголчууд эх орондоо, эрх чөлөөндөө эзэн байх тэмцлийн жил байлаа. Харамсалтай нь сүүлийн найман жил аль, аль нь зогссон. Зорьж байгаа нийгмээсээ нэлээд хазайсан гэж харагдаж байгаа юм. Хууль тогтоох байгууллага, иргэний нийгэм ч хазайсан. Иргэдийн дуу хоолой алга болсон. Хараат бус байдал алдагдаж, шударга ёс ч алга болсон. Уг нь бол энэ талын үзүүлэлт жилээс жилд сайжирч байх ёстой. Эрх чөлөөний болоод авлигын индекс уначихлаа. Намчирхал газар авлаа. Ардчилал, эрх чөлөөний талд байдаг хүмүүсийг хавчин гадуурхах байдал ердийн үзэгдэл боллоо. Уг нь үүнийг бүх талдаа зогсоох, цээрлэх ёстой юм. Харамсалтай нь Монголын ардчилал улам урагшлах, илүү тод болох байсан найман жил алдагджээ. Алдагдахаас гадна бүр найман жилээр ухарсан юм уу гэж харж байна. Тэгэхээр үүн дээр илүүтэй төвлөрч ажиллахгүй бол болохгүй. Сүүлийн үед “Шувуу нь хүртэл буруу дэвж байна” гэсэн яриа гарч байна. Энэ чинь өмчийн эрх үндсэндээ байхгүй, хөдөлмөрлөх эрх нь царцсан байгаагаа л хэлээд байгаа хэрэг. Эх орондоо амьдрах урам зориг байхгүй болсон. Тиймээс гадагшаа явах нүүдэл их болсон.

Гадаадад очоод амьдралаа босгоё гэсэн энгийн зорилт тавиад л залуучууд явж байна. Ингээд бүтнээр нь харвал бид сүүлийн найман жилийг алдчихсан юм байна л гэж бодогдоод байгаа юм.

-Танай намын удирдлагад байсан хүмүүс, ахмад гишүүд бусдын гаргасан бодлогод гүйж очоод байна гэсэн шүүмжлэлийг хэлж байсан. Парламентад суудалтай намууд гэдэг нэрийн дор Баялагийн сангийн тухай хууль зэрэг санамж бичиг байгуулсан нь энэ мэт шүүмжлэлийн эх байх гэж бодож байна?

-Ер нь бүх бодлого Ардчилсан намаас гарч байгаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Сонгуулийн тухай хуулийн төслийг өнгөрсөн хавар өргөн барьсан. Энэ хуулийг амь оруулахын тулд парламентад суудалтай гурван намын дарга уулзах ёстой гэсэн шийдлээ гаргаад явсан. Хоёрдугаарт, 2023 оны зун, намар дамнуулан бид эдийн засгийн форум хийсэн. Энэ ажлыг Ардчилсан нам анх хийсэн. Хүмүүсийн ой санамж их муу, богинохон болчихсон. Бид гурван сарын туршид бүсийн эдийн засгийн форум хийгээд тойргийг бүсчилбэл яасан юм бэ гэсэн санал гаргасан. Бидний энэ гаргасан санал парламентад анх сонсогдохдоо МАН-ын санаачилга мэтээр явчихсан. Бид анх бүсчилсэн тойргийг санаачилж, улс төрийн намуудтай уулзалт хийсэн. Мөн Ардчилсан намын санаачилсан “Эрдэнийн хувь” амь орох ёстой байсан. Хувьцаат компанийн хуулийн дагуу ногдол ашгаа ард түмэн хүртэхгүй байна. Тиймээс үүн дээр Ардчилсан намаас хяналт тавихаар болоод намын хэсэг нөхөд холбоо байгуулаад өдий хүртэл явсан. Ингээд “Эрдэнэс Тавантолгой” компани хэдийгээр зургаан их наяд төгрөгийн өртэй ч гэсэн ногдол ашгаа ард түмэнд өгөх ёстой. Учир нь энэ өрөө төлөх хугацаа нь болоогүй. Тийм болохоор орж ирж байгаа ашгаасаа ард түмэндээ өгөх ёстой гэдгийг эрх баригчидтай ярилцсан. Нөгөө талаар Ардчилсан намын гишүүд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өргөн барьсан. Манай гишүүд өргөн барьсан хуулиа батлуулахын тулд эрх баригчидтай ойлголцох хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ хууль чинь батлагдахгүй шүү дээ. Тийм ч болохоор энэ асуудлыг намынхаа даргад чиглэл өгсөн гэж ойлгож байгаа. Тусгаар тогтнол, үндэсний баялагийн тухай хуулийг өргөн барилаа. Хэлэлцүүлгийг үндэсний хэмжээнд хийлээ. Ард түмэн өрийн дарамтаас гарахын тулд баялагийн менежмент чинь зөв байх ёстой юм байна гэсэн учраас ийм зүйл дээр нь шинэчлэл хийе гэдэг дээр хамтдаа мэдэгдэл гаргасан. Тэгэхээр энэ бол ирэх он жилүүдийн суурь дэвсгэр болсон парламентын засаглал, сонгуулийн хууль, ард түмний санал гээгддэггүй байх, баялагийн хараал биш ерөөл байх тал дээр цаг алдахгүй ойлголцоод явах хэрэгтэй л гэж үзсэн. Түүнээс биш хэрүүл хийгээд яваад байвал бидний бодлого гарч ирэхгүй. Дэмжигдэхгүй. Хэрвээ энэ сонгууль жижиг тойргоор явсан бол битүү мөнгөний сонгууль болно. Одоо чинь ноён суудалд суучихсан олон хүн байна. Монголын бүх баялагийг тоносон. Түүнийгээ улс төрийн зэвсэг болгоод бүгдийг худалдаж авдаг. Энэ хүмүүс жижиг тойрог дээр яг л мангас шиг байгаа. Тийм болохоор бид тойргийг томсгож, хөгжлийг бүсийн түвшинд ярих хэрэгтэй гэдгийг анх хэлсэн. Хүмүүс санаж байгаа бол энэ оны төсөв батлах үеэр Ардчилсан нам гурван удаа ингэж болохгүй гэж хэлсэн. Гэвч эрх баригчид хүч түрээд баталсан. Энэ хэвээрээ явбал УИХ-ын гишүүд жижиг тойрогт буюу жалгандаа ноён суух гэсэн шунал нь арилахгүй юм билээ. Тийм болохоор Ардчилсан нам томсгосон хэлбэрээр явах нь зүйтэй гэсэн санал гаргаад ажил хэрэг болгосон. Бид Монголын сайн сайхны төлөө бол хэнтэй ч ярилцаж, ойлгоцоход бэлэн. Харин муу муухай, алдагдсан ардчилалыг тэр чигээр нь авч явах гээд байгаа хүмүүстэй бид нэгдэхгүй. Өнөөдөр Их хуралд 11 гишүүнтэй нам бодлогоо хэрэгжүүлэхийн тулд шатрын хөлөг дээр ухаан гаргах хэрэгтэй. Нүүдлээ ч бид зөв хийж байгаа. Энэ нь л хамгийн чухал. Үүнийг л сөрөг хүчин гэж байгаа юм. Түүнээс биш хэрэлдээд л өөрийн болоод өрөөлийн бодлогыг унагаадаг улс төр өнгөрсөн үед дандаа гай авч ирсэн.

-Томсгосон тойргийг мөнгөний сонгууль болохгүй гэдэгт итгэлтэй байна уу?

-Бидний багцаа тооцоогоор хүмүүс нэг аймагт ялахын тулд 5-10 тэрбум төгрөг зарцуулдаг. Харин дөрвөн аймгийг нэгтгэхээр багадаа 20 тэрбум төгрөг хэрэгтэй. Дээрээс нь 126 гишүүнтэй болсноор нэг гишүүний нөлөө үлэмж багасна. Мөн энэ хэвээрээ яваад ирэхээр Их хурлын гишүүний халдашгүй байдал алга болно.

-Яаж?

-Мэдээж тэр 126 чинь нэгийгээ хамгаалахын тулд 70, 80-аараа цуглахгүй. Одоо бол 39 гишүүн цуглаад л нэгнийгээ хамгаалж байна шүү дээ. Үүнийг олон гишүүн дээр бид харсан. Гэхдээ одоо хоёр сонгууль болсны дараа гишүүн болох гэж зүтгэдэг байдал байхгүй болно гэж найдаж байгаа.

-Гэтэл энэ сонгуульд шинэ, залуу хүмүүст халгаатай болчихсон гэдэг шүүмж байгаа?

-Сонгогчдын 50 хувь нь намаар саналаа өгнө. Харин үлдсэн нь нэлээд шүүх байх. Шүүхдээ боловсрол, мэдлэгийг нь харгалзан харах байх гэж би бодож байгаа. Би боловсролтой, мэдлэгтэй, юм хийж чадах хүн шүү гэдгээ л ард иргэддээ сайн ойлгуулах хэрэгтэй. Түүнээс биш олон жил улс төрд явсан хүн гарчихна гэдэг зүйл байхгүй.

-Танай нам нэр дэвшилтээ хэрхэн хийх вэ?

-Ардчилсан намын бодлогыг жагсаалт илэрхийлнэ. Тийм болохоор ингэж л гарна. Харин нэр дэвшилтэд хэдэн үндсэн шаардлага бий. Бодлого гаргах чадвартай, шударга ёсны талд байх, эх орон, эрх чөлөөндөө эзэн байх гэсэн үндсэн зүйл бий. Үүнийг ч ард түмэн хүлээж байгаа. Мөн Ардчилсан нам энэ удаад нээлттэй нэр дэвшилт хийнэ.

-Танай нам Нарийн бичгийн даргаараа залуучууд сонгосон нь бас асуудал дагуулсан. Яагаад ийм сонголт хийсэн юм бэ?

-Гурван үе шаттай явсан. Эхнийх нь бүртгэл, тамга тэмдэгээ нэг талд нь гаръя гэсэн. Энэ ч нэлээд гүнзгий явсан. Гомдолтой хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Хоёрдугаарт, дунд шатандаа нэлээд туршлагатай хүмүүстээ тулгуурлаад явуулсан. Энэ бол цэгцэрсэн. Гуравдугаарт, дараагийн шатанд шилжих ёстой. Ингэхийн тулд мэдлэг, боловсролтой залуучууд хэрэгтэй. Угаасаа дараагийн нийгмийн эзэд нь тэд. Залуучууд л амьдарна. Тийм болохоор тэднийгээ оруулахыг хүссэн. Ер нь Ардчилсан намын урт хугацааны бодлого дээр энэ залуучууд гарч ирж байгаа гэж бодох хэрэгтэй. Манай залуучуудад эргэлзэх хэрэггүй.

-Таныг цавууны үүрэг гүйцэтгэж байна гэдэг. Тэгвэл та цавууныхаа үүргийг хэр гүйцэтгэж байна.

-Асар их тэвчээр шаардсан ажил. Өөрийгөө хойшоо тавьж бусдыг сонсох хэрэгтэй. Ер нь цавуу гэдэг чинь бусдыг сонсох чадварыг л хэлж байгаа юм. Ер нь миний тэвчээр Ардчилсан намын нөлөө бүхий хүмүүст “би ч гэсэн тэвчээртэй байж болох юм байна” гэсэн дохиог өгсөн болов уу гэж бодож байна. Тэвчээр алдсан хүмүүс ойлгосон байх. Харин энэ тэвчээр ганц Гантөмөрөөс гараад байгаа юм биш. Намын маань нөхдийн нөлөө бий. Харин санаатайгаар нулимдаг, захиалгаар харлуулдаг хүн мэр сэр бий. Ардчилсан намын гурван суурь болох Социал демакрат, Үндэсний дэвшил, Ардчилсан холбоо бол хөдлөхгүйгээр сонгуульд орно гэдэгт би итгэж байгаа.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зүгээс шахалт ирж байна уу. Таныг огцруулах ёстой гэж мэдэгдсэн залуучуудын ард тэр хүнийг байгаа гэх юм?

-Түрүүн хэлсэн гурван том массын төлөөлөл бол Х.Баттулга Ерөнхийлөгч. Тийм болохоор бид хоёр салж хагацахгүй, салахгүй. Хамтдаа бодлого хийх нь ойлгомжтой. Зүгээр дундуур нь орж ирээд нам руу, тэр хүн рүү чулуу шидэж байгаа санаатай хүмүүс бий. Харин бидний явж байгаа зам бол өөр. Эрх чөлөө бол нарийн нандин зүйл шүү гэсэн итгэл үнэмшил бидэнд бий. Үүнд эргэлзэх зүйл байхгүй.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ