УИХ-ын дэд даргын нийгмийн бодлогын зөвлөх, эдийн засагч П.Батхишигтэй ардчиллын индексийн хүрээнд ярилцлаа.
-Тэртээ 1990 онд Ардчилсан гэгдэх орны жагсаалтад орж байсан Монголын ардчилал өнөөдөр ямар түвшинд хүрээд байна?
-Социалист системийн дагуул болон хойгуурхан бас ядруухан явж ирсэн улс бол Монгол. Манай улс ардчиллын давлагаанд өртөж бас зарим нэг хүний дүгнэлтээр ардчилсан улс болох цаг хугацааны тохиол болсноор төв Азид цэнхэр өнгөөр гэрэлтэх болсон цаг саяхан. Хоёр том хөршийн дундах ардчиллын баянбүрд гэсэн нэршлийг америк эрхэм нэгэнтээ өгч байсан. Урд хөрш энэ хугацаанд эдийн засгийн өсөлтөөр манлайлж, дэлхийн эдийн засгийн гол тоглогчдын нэг болохын зэрэгцээ улс төр, эдийн засгийн хүчтэй бодлого явуулсаар байна. Харин хойд хөрш маань байгалийн баялагт дулдуйдсан хүчирхэг эдийн засгаар дамжуулан улс төрийн тоглолтуудыг хийсээр иржээ гэж хэлж болно.
-Гэтэл манай орны хувьд эдийн засаг талаасаа урд, хойд хөршөөсөө хараат байдалтай оршиж байна, тийм үү?
-Эрчим хүч, шатахуун түлшний хувьд хойд хөршийн импортоос, харин экспорт маань худалдан авагч урд хөршөөс хамааралтай явж ирсэн нь одоо ч хэвээрээ байна.
Ойрын ирээдүйд ч том өөрчлөлт гарахгүй биз. Энэ 34 жилийн хугацаанд эдийн засгийн хувьд үсрэнгүй хөгжиж чадаагүй ч оюун санааны хувьд монголчууд хэзээ ч эргэж буцахгүй олон дэвшилд хүрч чадсан гэж би хэлнэ.
-Тухайлбал, ямар дэвшилд хүрээд байна гэж та харж байгаа юм бэ?
-Үндсэн хуулиар тунхагласан хүний эрх, эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх гээд эрх 1990 оноос өмнө боломжгүй зүйл байсан гэхэд итгэхгүй хүн олон. Өнөөдөр нийт хүн амын 70 орчим хувь нь 35-аас доош насныхан байгаа тул тэд үүнийг хэзээд байсаар ирсэн зүйл гэж ойлгодгийг зэмлэх аргагүй. Гэтэл энэхүү нийгмийн дэвшлийг үл ойшоох, хуучнаа санагалзах нийгмийн хэсэг ч бий. Тэднийг ч бас буруутгах аргагүй. Учир нь өнөөдрийн амьдрал нь тэр үеэс доройтсон байж ч мэдэх. Түүхийн хуудсыг эргүүлбэл олон ургальч үзлийг зөвшөөрч шашин, соёл, улс орнуудыг холбон захирч, шаардлагатай бол дайсантай ч найрамдан, төр улсаа байгуулсан нь өнөөгийн ардчилсан дэглэмийн олон шинжүүдийг харуулдаг.
-Тэр ардчилал гэж яриад байдаг зүйл угтаа яг юу юм бэ?
-Ардчилал бол ард түмнээсээ төлөөлөн сонгогдсон олонхын засаглал. Тэр нь ардчиллаас ухрах, дарангуйлал руу шилжихгүй гэх баталгаагүй. Учир нь олонхын дэмжлэгээр басхүү сонгуулиар гарч ирсэн А.Хитлер, Муссолини хожим улс орондоо төдийгүй дэлхий нийтэд сүйрэл авчирсан дарангуйлагч болсон жишээ олон. Нэг үнэн зүйл бол ардчилсан сонгуулиар ардчилсан бус дарангуйлагч төрсөн тохиолдол цөөнгүй. Харин ардчилсан бус сонгуулиар ардчилсан улс болсон жишээ байхгүй байх аа. Бидний энэ нийгэм бол түмэн асуудлын зангилаа шүү. Түүнийг арай нааштай шийдчих болов уу гэж нэр дэвшигчийг дугуйлан, хэнээр төр бариулахаа сонгодог. Өнгөрсөн хугацаанд долоо, найман удаа төрийн сонгууль өгч, авч үзсэн иргэд одоо ч гэнэн хэвээр байгаа. Төрийн төлөө зүтгэх намууд ч өлөн хэвээр байна. Гагцхүү төлөөллийн зарчмаар хийж буй сонгууль ардчиллын гол суурь, түүнд чөлөөтэй оролцож санал өгч, нэр дэвшигчид нь санал авч буй нь ардчилсан дэглэмтэй улсуудын хувьд жирийн явдал. Харин энэ бол дарангуйлагчтай улс орнуудын хувьд хэзээ ч бүтэхгүй мөрөөдлийн нэг.
-Ардчиллыг та өөрийнхөөрөө тайлбарлалаа. Хүн болгон өөр өөрийнхөө үзэл бодлоор хэлэх байх. Нөгөөтэйгүүр Монгол Улсын хувьд ардчиллын индексээрээ сүүлийн жилүүдэд ухарсаар байна. Үүнийг та судлаач хүнийхээ хувьд юу гэж дүгнэж байна вэ?
-Сүүлийн тав, зургаан жил Монголын ардчиллын индексийг бууруулсан үнэлгээ өгч буй олон улсын хөндлөнгийн байгууллагууд 2023 оны үнэлгээг зарласныг харсан. “Economist Intelligence Unit” олон улсын байгууллага 167 улс орнуудаас Монгол Улсыг 2022 онд дөрвөн байр ухраан 66, 2023 онд долоон байр ахиулж 59-д эрэмбэлжээ. Тэдний ашигладаг үзүүлэлтүүд нь сонгуулийн үйл явц, Засгийн газрын үйл ажиллагаа, улс төрийн оролцоо, улс төрийн соёл, иргэний эрх чөлөө юм. Энэ үнэлгээг хойш татдаг гол үзүүлэлт нь Засгийн газрын үйл ажиллагаа. Энэ нь 5.71 гэсэн үзүүлэлттэй байна. Харин улс төрийн соёлд 5.63 үнэлгээ өгч. Үүгээрээ Монгол Улс Азийн 28 улсаас 11-д эрэмбэлэгдэж байна.
-Нөгөөх нь мэдээж V-Dem байгууллагаас гаргасан эрэмбэ байх, тийм үү…?
-Тийм ээ. V-Dem олон улсын байгууллагын 2023 оны тайланд 77-д жагссан Монгол Улс дөрвөн байр ухарч 81-д эрэмбэлэгджээ. Үндсэн зургаан индексээс нэг нь тогтвортой, нэг нь өссөн, үлдэх дөрөв нь өмнөхөөс дордсон үнэлгээтэй гарсан нь Монгол Улсын ардчилал ямар шатанд байгааг харуулсан бодит үнэлгээ юм. Учир нь энэ үнэлгээг бусад олон улсын байгууллагууд ашигладаг.
-Үнэлгээгээр ийн хойшлох нь ямар сөрөг үр дагавар бий болгох вэ. Эдийн засаг талаасаа ч гэх үү…?
-Үнэлгээг хойш татсан эхний хэсгийг харвал Засгийн газрын зүгээс хэвлэл мэдээлэлд хяналт тавих, сэтгүүлч ажлаа хийхэд саад хийх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдах гээд өнөөдрийн дүр зураг харагдана. Мөн сонгуультай холбоотой сонгогчийн бүртгэл, санал худалдан авах болон иргэний нийгмийн оролцоонд сөрөг нөлөө үзүүлсэн эсэх талаар үзүүлэлтүүд ч байна. Тодруулбал ардчиллын үнэт зүйл, зарчим хэр хамгаалагдсан байгааг л үнэлээд байна гэсэн үг.
-Бусад улс орнуудын хувьд энэхүү индексээрээ ямар байна. Мэдээж манайхтай харьцуулбал шүү дээ…?
-Монгол Улстай ойролцоо үнэлгээ авсан улс орнуудыг харвал хэдхэн жилийн өмнө эдийн засаг нь дампуурч, бослого тэмцэл өрнөж байсан Шри-Ланка 79, ардчиллаас ухарч байгаа улс орны жишээ болж буй Польш 72, иргэний дайны гал унтарч буй Сьерра Леон 85, авторитар дэглэм рүү буцах шинж орсон Индонез 87-д жагсчээ. V-Dem байгууллагын 2023 оны тайланд ардчилсан тогтолцоотой 89, автократ тогтолцоотой 90 улс орон байна гэж дурджээ. Тэр дундаа либерал ардчилалтай улс орны тоо 35 жилийн өмнөх рүү очсон нь дэлхийн нийт хүн амын 13-хан хувийг хамарч байна. Гэтэл нөгөө талд харьцангуй олон хүн амтай улсуудад хаалттай автократ, сонгуулийн автократ дэглэм ноёрхож байна.
-Ардчиллаас автократ дэглэм рүү шилжинэ гэдэг нь ямар учиртай вэ?
-Ардчилсан дэглэмээс автократ дэглэм рүү шилжсэнээр ардчиллын институтүүдийг үгүй хийх, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх болон бусад эрхүүдийг хязгаарлах, халдах, хэвлэл мэдээллийн амыг барих, шүүх цагдаагаар айлгаж дарамтлах, иргэний нийгмийн байгууллагуудыг хавчих, хянах зэргээр мөнөөх ардчиллын үр дүнг үгүй хийж эхэлдэг. Ардчилал бүдгэрч буй гол бүс нутгууд нь Ази, Номхон далайн бүс нутаг бөгөөд Зүүн Европ, Төв Ази, Латин Америкт байдал хүйтэн дайны дараах түвшинд хүрснийг онцолж байна лээ. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн доройтол 35 улсад, ил тод нээлттэй сонгууль явуулах байдал 23 улсад, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаа 20 улсад өмнөхөөсөө дордсон нь дээрх дүгнэлтийн гол тайлбар болно. Түүнчлэн авторитар дэглэм рүү тун ойртсон 25 улс, ардчилсан дэглэм рүү дөхсөн есөн улс байгаа нь энэ онд 60-аас илүү улсад болох улс төрийн сонгуулийн үр дүнгээс цаашдын ирээдүй тодорхой болох биз. Хаалттай автократ дэглэмтэй Хятад, Иран, Арабын улсууд нийт 33, сонгуульчлагдсан автократ дэглэмтэй ОХУ, Энэтхэг, Турк тэргүүтэй 55, сонгуульчлагдсан ардчилалтай Бразил, Аргентин зэрэг 46, либерал ардчилсан дэглэмтэй Япон, АНУ зэрэг 32 улс, саарал бүсэд орсон 13 улс байна.
-Асуудлын гол нь хөндлөнгийн олон улсын байгууллагуудын үнэлгээг бид хэрхэн хүлээн авч, сайжруулах вэ?
-Өнгөрсөн жилүүдэд нэг нам дангаар засаглаж, төрийн бүхий л шийдвэр гаргалт дээр сууж байгаагийн хувьд үүнийг сайжруулах юу хийв гэдгийг эхлээд асуух хэрэгтэй. Тэрнээс илүү сайжруулах хүсэл зориг байна уу гэж. Жирийн ард иргэдийн хувьд нэг л өдөр хумигдах биш, аажмаар ирэх ардчиллын үнэт зүйл болох эрх чөлөө, үндсэн хуулиар олгогдсон бусад эрхүүдийн алсралыг төдийлөн мэдрэхгүй байж ч мэднэ.
Учир нь сүүлийн 33 жил буураагүй ядуурал, ажилгүйдэл, өдөр тутмын амьжиргааны төлөө том үнэт зүйлээ анзааралгүй гүйдэг. Тиймээс ардчиллын үнэт зүйлийг хамгаалах нь сөрөг хүчин, иргэний нийгмийн байгууллагууд, идэвхтэй иргэд байдаг. Харин одоо бид өөрсдөдөө дүн тавих цаг болж. Бид ардчилсан дэглэмээс авторитар дэглэм рүү буцаж байна уу, сонгуулиар халхалсан дарангуйлал тогтож байна уу. Бид үүний эсрэг юу хийж чадах вэ. Тэгэхээр өдөр бүр сорилттой тулгардаг ардчиллын төлөө та юу хийж чадах вэ. Энэ мэт бид өөртөө дүгнэлт хийх цаг болсон. Өөрөө өөрсдөөсөө асуух цаг ирсэн.