Categories
мэдээ улс-төр

Цэцийн хуулийн шинэчлэлийг хэлэлцэхийг дэмжлээ DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлэг хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ илэрхийлэв. 

Хуулийн төсөлд Цэцийг Үндсэн хуулийн шүүх болох талаас нь холбогдох зохицуулалтыг тусгажээ. Цэц нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах баталгаа болж, Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Categories
мэдээ улс-төр

ХЗБХ: “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв DNN.mn

“Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх, тайлагнах, хэлэлцүүлэх, хяналт, шинжилгээ хийх, хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Олон улсын гэрээний тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ. Мөн Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний дагуу Арьс үндсээр алагчлах үзлийг устгах хороо, Эрүү шүүлтийн эсрэг хороо, Хүчээр алга болгохын эсрэг хорооны гомдол, мэдээлэл хүлээн авч, шийдвэрлэх эрх хэмжээг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийг холбогдох гэрээний хороонд хүргүүлэхийг Засгийн газарт даалгахаар; Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилт хариуцах төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, мэдээлэл дамжуулах, солилцох цахим мэдээллийн нэгдсэн санг бий болгохыг үүрэг болгохоот төсөлд тусгасан байна. Монгол Улсын олон талт олон улсын гэрээ болон холбогдох тайлбаруудыг орчуулж, хэвлэн нийтлэх, олон улсын гэрээний хэрэгжилт хариуцсан төрийн албан хаагчдыг чадавхижуулах, олон улсын гэрээний талаарх иргэдийн боловсролыг дээшлүүлэх, олон улсын гэрээний зүйл, заалтын практик хэрэглээг бий болгох зорилгоор хуульчдад зориулсан сургалтыг тогтмол зохион байгуулах, гэрээний хэрэгжилтийг тайлагнахад шаардагдах зардлыг тухайн жилийн төсөвт тусгуулах арга хэмжээ авахыг; Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний дагуу энэ тогтоолын хавсралтад дурдсан хуульд өөрчлөлт оруулах болон анхдагч хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахын зэрэгцээ энэ дагуу тусгайлсан хавсралт бэлтгэсэн байна.

Ажлын хэсгийн танилцуулга болон Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан асуулт асууж, Ц.Мөнх-Оргил гишүүнээс хариулт авав. Эрүүдэн шүүх, хүчээр мэдүүлэг авах гэх зэргээр хууль бусаар мэдүүлэг бүрдүүлэхтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх асуултад Ц.Мөнх-Оргил гишүүн хариулахдаа “Монгол Улс нэгдэн орсон олон талт 255 гэрээ, конвенц байгаа юм. Эдгээрээс дээрх 30 конвенцын хэрэгжилтийн талаарх тайланг тогтмол олон улсын байгууллагад хүргүүлж, тухайн конвенцын хороод, экспертүүдээс бүрдсэн хороод манай тайланг хэлэлцээд шүүмжлэл, санал, зөвлөмж өгдөг. Тэр дундаас Арьс үндсээр алагчлах үзлийг устгах хороо, Эрүү шүүлтийн эсрэг хороо, Хүчээр алга болгохын эсрэг хороонд Монгол Улсын иргэд гомдол гаргах, энэ дагуу гаргасан шийдвэрийг нь Монгол Улсын Засгийн хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлдэг бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрмөөр байгаа юм. Энэхүү бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөөгүй учраас Монгол Улсын иргэдээс дээрх олон улсын байгууллагад хүргүүлсэн хүсэлтүүд хэлэлцэх бололцоогүй болчихдог. Мөн Эрүү шүүлтийн эсрэг хорооны бүрэн эрхийг Монгол Улс хүлээн зөвшөөрсөн тохиолдолд энэ асуудал олон улсын жишгээрээ шийдэгдэх боломж бүрдэнэ” гэв. Үргэлжлүүлэн тэрбээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах ажлыг төрөөс авч хэрэгжүүлж байгаатай зэрэгцэн хүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн хүмүүст ямар арга хэмжээ авах талаар, төрийн тусгай албан хаагчдын үйлдсэн эрүү шүүлт, зүй бус үйлдлийг хэрхэн мөрдөн шалгах талаар тодруулсан Б.Энх-Амгалан гишүүний асуултад хариулт өгсөн. Дотоодын хууль тогтоомж нь Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, конвенцтой зөрчилдөх тохиолдолд олон улсын гэрээ, конвенцоо баримтлах зохицуулалттай, шүүх дээр ийм тохиолдол гардаг эсэхийг Д.Цогтбаатар гишүүн тодрууллаа. Сүүлийн 5-6 жилд л шүүхүүд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын заалтуудыг эш татан хэрэг шийддэг практик тогтож байгаа, тиймээс Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын албан ёсны орчуулга, хэвлэлтийн асуудал нэн чухал гэдэг хариултыг Ц.Мөнх-Оргил гишүүн өгсөн.

Улсын Их Хурал аливаа олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орохыг соёрхон батлахад Монгол Улс тэр гэрээ, конвенцын дагуу олон улсын хуулийн өмнө хариуцлага хүлээж эхэлдэг. Тэгэхээр тэдгээрийн албан ёсны орчуулга, хэвлэлтийн асуудалд Хууль зүй, дотоод хэргийн яам анхаарч ажиллах нь зохистой гэдэг байр суурийг Д.Цогтбаатар гишүүн илэрхийлээд “Энэ нь цаашлаад иргэд, олон нийтийн эрх ашгийг хангах, хамгаалах асуудалтай холбогдоно” хэмээн тодотгов.

Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох олон улсын байгууллагад хүргүүлэх тайлантай холбогдуулан олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлын явц байдалтай танилцах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан, санал, дүгнэлттэй танилцлав.

Үргэлжлүүлэн “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Ц.Мөнх-Оргил гишүүний танилцуулсан төслийн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь Улсын Их Хурлын тогтоолын дээрх төслийг  чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн юм. Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналаар мөн санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 80 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Танк ажиллагаа газраар солигдоод… DNN.mn

УИХ-ын отгон чуулган өнгөрсөн долоо хоногт эхэлж, чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар “…Алдаанаасаа суралцсан, гажуудлаа зассан, тогтолцоогоо чамбайруулсан, хөгжлөө түргэтгэн, үндэстнээ хүчирхэгжин урагшлуулах “шинэ” 30 жилийг эхлүүлэх түүхэн цаг үеийн гэрч, оролцогч нар болон та бид энд сууж байна…” хэмээв. Энэ өгүүлбэрийг онцолсны учир ердөө хоёр сарын өмнө “Алдаанаасаа суралцаж, гажуудлаа засах” маш том боломжийг энэ парламент алдлаа.

Улс хөгжих, мөнгөтэй болох, бизнесүүд өндийх, төгрөгийн ханш чангарах, өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой байх, экспорт импорт нэмэгдэх зэрэг эдийн засгийн бүх урсгал ерөөсөө хөрөнгө оруулалттай холбоотой. Гэвч бид хуулиараа, хүмүүсээрээ, үзэл хандлагаараа гадныхныг элдэн хөөчихсөн. Үүнийхээ горыг ч хангалттай амсч ирлээ. Хөрөнгө оруулагчдыг элдэн хөөсөн 2012 оны эдийн засгийн уналтаас хойш бүтэн 12 жил Монгол Улс тогоон дотроо тэмцэлдсэн.

Уг нь өнгөрсөн дөрвөн жил, түүний өмнөх парламент ч, тэр битгий хэл сөрөг хүчнийхэн амаа чилтэл ярьж ирсэн сэдэв бол хөрөнгө оруулалт, түүнийг татах хууль эрх зүйн орчны асуудал байв. Хөрөнгө оруулагчдын хүсдэг гол зүйл тодорхой, таатай, тогтвортой хууль эрх зүйн орчин л байдаг. Тэгвэл энэ хүрээнд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг шинэчлэн найруулж, УИХ-д өргөн барьсан. Хуулийн шинэчилсэн төслийн хоёр зүйл заалт олны анхаараалд орсон нь товчхондоо Монгол Улс хар, саарал жагсаалтаас гарсан амлалтаа хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулагчдаас татах 100 мянган ам.долларын босгыг болиулсан. Нөгөө нь өмнөх хуулийн “эзэмшүүлэх” заалтыг хасч, газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах гэсэн заалтыг хэвээр үлдээсэн явдал байв. Хөрөнгө оруулагчдын хүлээлтэнд байсан энэ хуулийн төсөл өнөөдрийн хөгжил дэвшилтэй, хүн төрөлхтний мэдлэг соёл дээд цэгтээ хүрсэн нийгэм, цаг үед маш сонин, харанхуй гэмээр шалтгаанаар гацаанд орсон нь хачирхалтай. Тэр хачирхалтай шалтгаанд Монголын өнцөг булан бүрээс шилэгдэн, сонгогдсон улстөрчид, архаг парламентчид хүртэл итгэсэн нь бүр сонин.

Гэхдээ энэ технологи манайд анхных биш. Нэлээд хэдэн жилийн өмнө Монгол Улс урд хөрштэй шууд холбогдож экспорт хийх нарийн царигтай төмөр зам барих гэхэд “Танктай хятадууд орж ирж Монголыг эзэлнэ” гэдэг суртал ухуулга өргөн хүрээнд өрнөж, тэр нь бүр нийтийг хамарснаар төмөр замын төсөл 10 жил гацсан түүхтэй. Энэ эмгэнэлт пи-ар явсаар өргөн царигтай төмөр зам барьж, эцэст нь хилийн наана мухардаад зогсчихсон. Инээдэм гэх үү, эмгэнэл гэх үү.

Гэтэл танк ажиллагааны дараагийн хувилбар Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл дээр хэрэгжчихлээ. Арга барил нь ижил. Хуулийн төслийн агуулга, үр дагавар чухал биш төсөл санаачлагч Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг Хятадын эрлийз хурлийз, хамсаатан, үгсэн хуйвалдагч, захиалга гүйцэтгэгч, Хятадуудад 100 жилээр газар зарах гэж байна гэж олон нийтийн тархийг угаалаа. Харамсалтай нь энэ тархи угаалтанд олон нийт битгий хэл парламент автаж, хуулийн төсөл гацаанд орж, занданшиж үлдэв. Энэ бол УИХ-ын дарга Г.Занданшатарын дээр хэлсэн “Алдаанаасаа суралцаж, гажуудлаа засах” мэдэгдэл амьдрал дээр эсрэгээрээ хэрэгжсэний гашуун жишээ. Г.Занданшатарын тэргүүлсэн энэ парламент хэрхэн ажилласнаа дүгнэж буй энэ цаг хугацаанд сануулах ёстой улс орны том эрх ашиг бол Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл байлаа.

Сонирхолтой нэг зүйл бий. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар үнэхээр газрыг гадныханд зарахыг санаархав уу. Хэнд ч хардах эрх бий. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газар санаачилж, З.Энхболдын даргалсан УИХ батлахдаа “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ЭЗЭМШҮҮЛЭХ, ашиглуулах уг хугацааг гэрээнд заасан анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгаж болно” гэж заасан байв.

Товчхондоо Монгол Улсын Үндсэн хуульд харшилсан, гадаадынханд газар “ЭЗЭМШҮҮЛЭХ” заалтыг Н.Алтанхуяг санаачилж, З.Энхболд алх цохиж 11 жилийн өмнө батлаж байлаа. Тэгвэл сая Эдийн засаг, хөгжлийн яамнаас боловсруулж, Засгийн газрын хурлаар хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслөөс “эзэмшүүлэх” заалтыг хасч, зөвхөн ашиглуулах гэж үлдээснийг хуульчид, эдийн засагчид, хэрсүү иргэд ойлгоод байгаа ч нөгөө танкны үлгэрийн зохиолчид хуулийг биш хувь хүнийг нь гүтгэн харлуулах кампанит ажлыг өрнүүлсээр өнөөдрийг хүрэв.

Сайд Ч.Хүрэлбаатарын газрыг гадныханд эзэмшүүлж болохгүй, зөвхөн гэрээний үндсэн дээр ашиглуулах нь үр ашигтай, эх оронч бодлого гэж энэ хуулийн өөрчлөлтийг тайлбарладаг. Түүний энэ байр зөвхөн өнөөдөр ч биш, аль ч цаг үед, аль ч парламентад энэ байр сууриа хамгаалж ярьж хэлж, шүгэл үлээж байж. Тэрээр 2014 онд Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үеэр газрыг гадынханд “ЭЗЭМШҮҮЛЭХ” заалтыг эсэргүүцэж байсныг тухайн үеийн телевиз, радиогийн фонд, сонины шарласан хуудсанд үлджээ. Цахим орчинд ч тухайн үеийн баримт байна. Тодруулбал, 2014 оны зургадугаар сарын 16-нд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Газрын тухай хуулийн төслийн дараах хоёр заалтаас (Газрын тухай хуулийн төсөл 3.1.6 “газар эзэмших” гэж газрыг хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгчтэй байгуулсан гэрээнд заасан зориулалт, нөхцөлийн дагуу өөрсдийн мэдэлд байлгах эрхийг. 15.5 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмших эрхийг зөвхөн нээлттэй дуудлага худалдаагаар олгоно) харахад гадаадын компаниуд өөрийн мэдэлд байлгах газраа худалдаж авч болох юм байна. Засаг дарга нар газраа гадныханд зарах эрхтэй юм болох юм байна” гэж анхааруулсан мэдэгдлийг цахим хуудсаараа хийж байжээ. Өөрөөр хэлбэл, саяхан бид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга нар сумынхаа газар нутгийг их хэмжээгээр гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад эзэмшүүлсэн асуудлыг “Нүүрсний сонсгол”-ын үеэр мэдэж эрх баригчид, иргэд бүгд гайхаж хоцорсон. Гэтэл одоогоос 10 жилийн өмнө “Яг ийм зүйл болно шүү” гэж Ч.Хүрэлбаатар тухайн үед сөрөг хүчний гишүүн байхдаа анхааруулж, Н.Алтанхуягийн Засгийн газрыг хуулийн төслөө татаж авах саналыг ч гаргаж байжээ.

Ингээд харахаар их сонин. Газрын асуудал яг л танкны хувь тавиланг давтчихаж байгаа юм. Арга барил нь яг ижил. Төмөр замын төсөл Монгол Улсад ямар их үр өгөөжтэй байсныг таслан зогсоож, “Танктай хятадууд орж ирнэ” гэж гацааж чадсан шиг. Гадаадын хөрөнгө оруулалт шаардлагатай цаг үед хуулийг нь шинэчилж, ялангуяа “гадныханд газар өгөх гэлээ” гэсэн заалтыг нь хуучнаас нь авч хаячихаад байхад эсрэгээр хэрэгтэн болгож харлуулж байгаад улс орны эрх ашгийг уландаа гишгиж орхилоо.

Танк ажиллагаа амжилттай хэрэгжсэн. Үргэлжлүүлээд “газар” ажиллагаа…

Б.ЦЭЦЭГ

Categories
мэдээ улс-төр

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ DNN.mn

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2024.03.28/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Уг асуудлыг УИХ-ын чуулганы 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг дөрөв хоногийн завсарлага авсан юм. Тэрхүү завсарлагын хугацаанд намын бүлэг төслийн талаар хэлэлцэн саналаа нэгтгэсэн хэмээн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан. УИХ-ын гишүүд 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдааны үеэр хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн учир хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин танилцуулав.

Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй санал нэг бүрийг хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжлээ. Тухайлбал, олон улсын санхүүгийн зах зээлд бусад төрлийн мөнгөн урсгал орж ирэх боломжтой суурь хөрөнгийг ашиглах, дотоодын зах зээлд үүсмэл санхүүгийн хэрэгслийг бий болгох, бусад төрлийн хөрөнгөнд суурилах боломжийг бий болгох зорилгоор ‘‘суурь хөрөнгө“-ийг нэр томьёоны тодорхойлолтод шинээр нэмж тусгахаар бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Түүнчлэн олон улсад хөрөнгийн зах зээлд банкны хадгаламжийн сертификат нь үнэт цаас хэлбэрээр арилжаалагдахаас гадна энгийн хадгаламжийн шинжийг агуулдаг байх, хадгаламжийн сертификатыг даатгалд хамруулах, клирингийн байгууллага нь төлбөрийн баталгааны сан байгуулах, сангийн эх үүсвэр нь клирингийн гишүүдийн хуримтлалаас бүрддэг байхаар еөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн үнэт цаасны зах зээл дэх зохицуулалттай үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг этгээдийн тусгай зөвшөөрлийн харилцаа холбоотой зохицуулалт, тусгай болон нэмэлт шаардлагуудыг Зөвшөөрлийн тухай хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн холбогдох зүйлээр эохицуулах нь зүйтэй гэж ажлын хзсгээс үзэж, хасах зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Өнөөдөр хөрөнгийн биржид бүртгэлтэй 100 гаруй хувьцаат компани бий гэсэн мэдээлэл байна. Тэдгээр компаниудын ил тод байдал хангалтгүй, компанийн засаглалыг сайжруулах шаардлагатай гэсэн шүүмжлэл их гардаг. Ил тод байдал нь засаглалын гол үзүүлэлт. Хуулийн төсөлд компанийн засаглалыг сайжруулах эрх зүйн орчин бүрдүүлэх талаар хэрхэн тусгасан бэ. Мөн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хөрөнгийн зах зээл дэх оролцоог нь нэмэгдүүлэх талаар их ярьдаг. Иргэдийн жижиг хувьцаа эзэмшигчдийн талаар мэдээлэл авах эрх болон бусад эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл авья хэмээсэн.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хөрөнгийн биржид өнөөдрийн байдлаар 174 хувьцаат компани бүртгэлтэй байгаа. Хуулийн төсөлд  номинал дансны зохицуулалтыг хялбаршуулан тусгасан. Үүгээр иргэдийн хөрөнгийн зах зээлд оролцох оролцоог илүү нээлттэй болгож өгсөн. Мөн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой багагүй өөрчлөлтийг туссан. Харилцагчид хурдан шуурхай данс нээлгэх, цаг алдалгүй арилжаанд орох шат дамжлагыг багасгах зэрэг өөрчлөлтүүд бий. Дансны доод үлдэгдэл байршуулах, данс хөтөлсөн шимтгэл зэрэг нэмэлт хураамж шаардагдахгүй болж, уг дансыг нээлгэхтэй холбоотой ямар нэгэн шимтгэл хураамж нэмж төлдөггүй байхаар зохицуулалтыг оруулсан. Түүнчлэн мэдээллийг ил тод, нээлттэй байдлаар хүргэх талаар Монголын хөрөнгийн бирж, бусад байгууллагуудад тодорхой чиглэл өгсөн. Ялангуяа хувьцаат компаниудын үйл ажиллагаа, том үнийн дүн бүхий хэлцлүүд, компанийн удирдлагатай холбоотой мэдээллийг тухай бүр давтамжтайгаар олон нийтэд хүргэдэг байх гэсэн зохицуулалтыг төсөлд тусгасан гэсэн хариултыг өгсөн.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Үнэт үнэт цаасны зах зээл манай улсад хөгжиж байгаа ч банкнууд энэ зах зээлийг давамгайлсан хэвээрээ байна. Хамгийн сүүлийн мэдээллээр банкнуудын Монголбанкны үнэт цаасны багц хэмжээ нь 10 их наяд төгрөг байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн эргэлтэд орохгүй банкнуудын баланс дээр зүгээр хүү тооцогдоод л байж байна гэсэн үг. Гэтэл зээлийн хүү буурахгүй хэвээрээ байна. Жижиг, дунд бизнесийн болоод хэрэглээний зээлийн хүү 20 хувь давчихсан, иргэдийн хамгийн их авахыг хүсдэг жилийн 6 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хүлээгдэж байгаа өргөдлүүд нь 15 мянга гаруйд хүрчээ. Сар болгон суларч байгаа эх үүсвэрийг нь тооцвол хоёр жилийн дараалал үүсчихсэн, 1.5 их наяд төгрөгийн ипотекийн эрэлт байна гэсэн үг. Тэгэхээр банкнуудын болон ипотекийн тогтолцооны гажуудлаас бид маш хурдан гарах хэрэгтэй байна. Үүнд үнэт цаасны зах зээл маш том үүрэг гүйцэтгэнэ гэж харж байгаа. Хэлэлцэж буй хуулийн төсөлд шинэ төрлийн үнэт цаас, шинэ төрлийн хэрэгсэл гаргах ямар боломжуудыг нээхээр тусгасан бэ. Хөрөнгө оруулалтын сангуудын тогтолцоог хэрхэн өөрчилж байгаа вэ гэж асуусан.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Санхүүгийн салбарын гурван тулгуур баганын нэг болох хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь эдийн засгийн суурь бүтцэд маш чухал нөлөөтэй. Хөрөнгийн зах зээлийн хөгжил банкны салбартай шууд хамааралтай байгаа. Хуулийн төсөлд олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахаар тусгасан. Хөрөнгийн зах зээл дээр санхүүжилтийг зөвхөн Монголын хөрөнгийн бирж татдаг. Харин биржийн бус зах зээлийг хөгжүүлэхэд түлхэц өгөх өөрчлөлтүүд хийгдэж байгаа. Энэ хүрээнд маш богино хугацаанд 2.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний үнэт цаас босгохоор бүртгэл нь хийгдсэн. Яг өнөөдрийн байдлаар 1.9 их наядын санхүүжилт татчихсан байж байгаа. Мөн хадгаламжийн сертификат байна. Хадгаламжийн сертификатыг хөрөнгийн зах зээлд оруулж ирж, харьцангуй найдвартай хямд эх үүсвэр татах боломж нээгдэж байгаа. Энэ хэрээр банкны салбар дахь эх үүсвэрийн зардал буурч, хүүд тодорхой нөлөөлнө гэж үзэж байгаа. Ялангуяа гарааны компаниуд “крауд фандинг” хэлбэрээр олон нийтээс санхүүжилт татах эрх зүйн зохицуулалт хуулийн төсөлд туссан. Энэ хэрээр шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гарах боломж бүрдэнэ. Нэмээд хэлэхэд, биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа, арилжааны горимыг блокчэйн технологид шилжүүлсэн. Ингэснээр 24/7 хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Цаашид олон ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт манай хөрөнгийн зах зээлд маш чухал. Энэ хүрээнд давхар бүртгэлийн үйл ажиллагааг ойлгомжтойгоор гадаадын хөрөнгө оруулагчдад зориулан тусгасан. Ингэснээр тодорхой хэмжээний эх үүсвэр монголын хөрөнгийн зах зээлд орж ирнэ гэж төсөөлж байгаа гэлээ.

Асуулт хариултын дараа Эдийн засгийн байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Гурил болон тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Аймаг сумдын аюулгүй нөөцөд нийт 27.2 мянган тонн өвс, 11.7 мянган тонн тэжээл бэлтгэснээс энэ сарын 12-ны өдрийн байдлаар 2.1 мянган тонн өвс, 1000 тонн тэжээлийн үлдэгдэлтэй, Өвөрхангай, Орхон, Дундговь, Архангай аймаг өвс тэжээлийн нөөцөө бүрэн дуусаад буй. Өвс тэжээлийн хомстолоос шалтгаалан килограмм хивгийн үйлдвэрийн үнэ 950-1100 төгрөг хүртэл өссөн байна. Иймд үнийн өрсөлдөөнийг дэмжих, гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулжээ.

Уг асуудлыг чуулганы энэ сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг дөрөв хоногийн завсарлага авсан юм. Тэрхүү завсарлагын хугацаанд намын бүлэг төслийн талаар хэлэлцэн саналаа нэгтгэсэн хэмээн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан юм.

Тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.03.28-29/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЦАГ ТАНХИМ
1 ·   Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·     Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2024.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·    “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай”“Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төсөл /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын 12 гишүүн 2022.06.03-ны өдөр, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 2022.12.13-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 2 гишүүн 2024.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·      Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 2 гишүүн 2024.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·     Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаар

10.00 “Их Эзэн Чингис хаан”
Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Бямбацогт: Нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглосноор хулгай зогсож, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөл сайжирна DNN.mn

Автомашины нүүрсэн янданг хулгайлж, урагшаа хил гарган өндөр үнээр зарах тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Тэр дундаа Монголд хамгийн их орж ирсэн Японы “приус” маркийн автомашинуудын нүүрсэн янданг хулгайлж буй. Судалгаагаар гурван приус тутмын нэг нь нүүрсэн яндангүй замын хөдөлгөөнд оролцдог нь тогтоогдсон байдаг. Нүүрсэн яндангүй автомашин нь агаарын бохирдлыг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл мэндэд хөнөөл учруулж байгааг “Өдрийн сонин” баримтат цуврал сурвалжилгаараа олон нийтэд хүргэж, анх удаа энэхүү сэдвийг нийгмийн анхааралд оруулж чадсан. Уг сэдэв төр, засгийн түвшинд яригдаж, улмаар УИХ-ын нэр бүхий гишүүд нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Тиймээс энэхүү хуулийн төслийг өргөн барьсан УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой ярилцлаа.


-Манай сонины нийгэмд гаргаж ирсэн нэг чухал сэдэв бол яах аргагүй автомашины нүүрсэн яндан. Үнэхээр байгаль орчин, хүний эрүүл мэндэд асар хор хөнөөлийг үүсгэдэг юм билээ. Таны хувьд уг хуулийн төслийг санаачилсан гишүүдийн нэг. Тэр утгаараа хуулийн төслийн гол агуулгыг хэлж өгөхгүй юү?

-Сэтгүүл зүй бол нийгмийн асуудлыг түрүүлж олж харж, ард иргэдэд мэдээлэх, цаашлаад шийдвэр гаргах түвшинд хүргэх үүрэгтэй. Энэхүү үүргээ “Өдрийн сонин” хараат бусаар гүйцэтгэж чадаж байгаад нь талархъя. төр, иргэн, сэтгүүл зүй ерөөсөө ийм л уялдаа холбоотой байх ёстой юм. Асуудлыг сэтгүүл зүйн салбар түрүүлж олж хараад, ард иргэдэд мэдээлэх. Асуудлыг нийгмийн анхааралд аваачна гэсэн үг шүү дээ. Улмаар иргэд тухайн асуудлаарх санал хүсэлтээ төрийн бодлогод тусгахын тулд сонгосон төлөөллөөрөө дамжуулна. Ингээд ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүд тухайн асуудлыг судлаж, боловсруулж, хэлэлцүүлээд УИХ-аар хууль батлан гаргуулдаг. тэрхүү хууль нь хэрэгжиж, эрх зүйн орчин бүрдсэнээрээ улс, нийгмийн хөгжил урагшилдаг. Тэр утгаараа сэтгүүл зүй хараат бусаар асуудлыг тал талын байр сууринаас хүргэх үүрэгтэй.

-Та бүхний санаачилсан хуулийн гол ач холбогдол юу байна вэ, сайд аа?

-УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Ж.Бат-эрдэнэ, н.Ганибал, Г.Дамдинням, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин болон миний бие Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай УИХ-ын 05 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Уг хуулийн төслийн гол агуулга бол автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулснаар таны түрүүн хэлсэн хулгайн үйлдлийг зогсоох, цаашлаад нийгмийн эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад бодит хөшүүрэг болох юм.

-Нүүрсэн янданг хулгайлж, хил гарган зарж борлуулдаг сүлжээ үүссэн гэдэг. Та бүхний өргөн барьсан хууль батлагдвал уг сүлжээг таслан зогсоох боломжтой юу?

-Сүлжээг таслан зогсоохын тулд л дээрх хуулийн төслийг өргөн барьсан. монгол Улсад автомашины нүүрсэн янданг авдаг сүлжээ үүссэн байна. Улмаар энэхүү сүлжээ хулгайлсан яндангаа бнхАУ руу хил нэвтрүүлэн худалдан борлуулдаг. Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээс үзэхэд 2020-2021 оны хооронд улсын хилээр катализаторын хаягдал нэрээр 27 тонн 585 кг автомашины нүүрсэн янданг хилээр гаргасан байна. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад багтдаггүй тул хулгайн замаар болон бусад байдлаар цугларсан нүүрсэн янданг энгийн горимоор гаалийн бүрдүүлэлт хийж, улсын хилээр ийн нэвтрүүлдэг байна. хилээр ингэж чөлөөтэй нэвтэрдэг болохоор нэг талдаа хулгайн гэмт хэрэг гарах нөхцөл бүрдэж байгаа юм. тиймээс энэхүү нөхцөлийг устгахын тулд дээрх хуулийн төслийг өргөн барьж байна.

-Хуулийн төсөл санаачлагчийн хувьд нүүрсэн яндангийн талаар судлагаа, дүгнэлтүүдтэй танилцсан байх аа. Ер нь нүүрсэн яндан автомашинд яг ямар үүрэгтэй юм бэ?

-Автомашины хөдөлгүүрээс ялгарах утаанд агууллагддаг онц аюултай нүүрстөрөгчийн дутуу исэл (Со), нүүрс устөрөгч (нС), азотын исэл (NOx), хортой бохирдуулагч, утаа үүсгэгч бодисууд, хүхрийн исэл, тоосонцор, хар тугалганы нэгдлүүд, альдегид, бензапирен болон бусад 200 гаруй химийн хорт бодисууд катализаторгүй тохиолдолд шууд агаар мандалд цацагдаж, ноцтой аюулд хүргэдэг. тийм учраас катализаторыг салгаж авах, зарах, хулгайлах зөрчил нь хүн болон хүрээлэн буй орчны эсрэг хийж буй онц аюултай үйлдэл гэж олон улсад үздэг. Автомашинаас ялгарах хорт утааг шүүх зориулалттай нүүрсэн янданг хулгайн аргаар болон сайн дураар худалдан борлуулах, улсын хилээр гаргах үйлдэл ихээр гарах болсон нь нийслэлийн агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх болсныг холбогдох судалгааны байгууллагууд танилцуулах болсон. харин манай улсад автомашины нүүрсэн яндагийн талаар зохицуулсан хууль, эрх зүйн акт байхгүй. иймд УИХ-ын 1998 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, т арифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулж, автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах талаар зохицуулах шаардлага бий болсон гэж ойлгох хэрэгтэй.

-Нүүрсэн янданг ашиглах зах зээл урд хөршид эрэлт ихтэй байдаг гэсэн мэдээлэл бий. Үүнээс болоод манайд нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг огцом нэмэгдсэн шүү дээ…?

-Мэдээж зах зээл байгаа болохоор л хулгайчид өдөр шөнөгүй яндангийн эрэлд явж байгаа. Таны хэлдэг гурван приусын нэг нь яндангүй гэдэг үнэн. Хэрэв энэхүү асуудлыг хуулиар зохицуулж өгөхгүй бол цаашлаад монгол Улсад явдаг бүх приус нүүрсэн яндангүй болох эрсдэлтэй. Зөвхөн приус ч биш бусад төрөл, маркийн автомашинууд ч ийм зориулалтын яндантай. Тиймээс энэ төрлийн хулгайн гэмт хэрэг зах зээл нь байгаа, эрх зүйн орчингүй энэ үед улам гаарна гэсэн үг. Тэр утгаараа нэн яаралтай энэхүү хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцээд батлах шаардлагатай. Нөгөөтэйгүүр олон улсын зах зээлд цагаан алт, родий, палладий зэрэг үнэт металлуудын эрэлт ихэсч, үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан автомашины нүүрсэн яндан буюу катализаторыг дахин боловсруулж, үнэт металл гарган авч худалдаалах хандлага нэмэгдсэн. Мөн БНХАУ-аас агаарын бохирдол, утаатай тэмцэх зорилгоор утаа их хаядаг автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хууль гарч, сайн шүүлтүүртэй яндангийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн нь эдэлгээ удаантай, шүүлтүүр сайтай элемент агуулдаг Япон улсад үйлдвэрлэгдсэн хабрид автомашинуудын нүүрсэн яндангийн эд ангийг хулгайлах гэмт хэргийн гаралт нэмэгдэх шалтгаан болсон гэж үзэж байгаа. Мөн иргэд сайн дураараа өөрийн болон бусдын автомашины нүүрсэн янданг худалдан борлуулах, үнэ нэмж дамлан зарах үйлдэл их байна. тиймээс автомашины нүүрсэн яндагийн талаар зохицуулсан хууль, эрх зүйн акт зайлшгүй шаардлагатай гэж үзсэн учраас дээрх хуулийн төслийг өргөн барьсан.

-Төгсгөлд нь танаас нэг зүйл сонирхож асууя. Сүүлийн үед Улаанбаатар хотод гарал үүсэл нь мэдэгдэхгүй өмхий үнэр үе үе мэдэгдэх болсон шүү дээ. Зарим хүмүүс уг үнэрийг нүүрсэн яндангүй автомашин нэмэгдсэнтэй холбон ойлгож байна. Таны хувьд энэ талын мэдээлэл байна уу?

-Мэдээж нүүрсэн яндангүй, яндантай хоёр автомашиныг зэрэгцүүлж зогсоож байгаад ялгарч байгаа утаанд шинжилгээ хийж болно. Хуулийн төсөл боловсруулж байхдаа энэ төрлийн судалгаа, дүгнэлтүүдтэй ч танилцсан. Таны хэлдгээр нүүрсэн яндангүй буюу хорт утааг шүүх шүүлтүүргүй болсон автомашинаас ялгарах үнэр амьсгал боогдуулсан өмхий, нэхүүн үнэр гарч байсан нь тодорхойлогдсон. Харин шүүлтүүртэй автомашины яндангаас гарах үнэр эрс өөр ялгаатай байдаг гэж үзсэн. Тэгэхээр энэ судалгаанаас харвал таны хэлдэг шиг өмхий, нэхүүн үнэр хотын төвд мэдрэгдэх боломжтой. Ийм үнэр мэдрэгдэж байна гэдэг бол автомашины нүүрсэн яндангийн асуудал дээд цэгтээ хүрсэн гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс бид энэхүү хуулийн төслийг яаралтай батлуулж, уг асуудлыг эрх зүйн хувьд зохицуулалттай болгох зайлшгүй шаардлага үүссэн.

Categories
мэдээ улс-төр

Ц.Наранчимэг: Нам, эвсэл, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө ямар нэг амлалт оруулах ёсгүй DNN.mn

Үндэсний аудитын газрын Санхүү-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор, УИХын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах ажлын хэсгийн дарга Ц.Наранчимэгтэй ярилцлаа.


-Энэ удаагийн парламентын сонгуульд өрсөлдөх нам, эвслийн мөрийн хөтөлбөрт аудит хийж эхэллээ. Хуулийн хугацаа нь хэзээ дуусч, дүгнэлтээ гаргах билээ?

-УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоо илэрхийлж бүртгүүлсэн улс төрийн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт арга хэмжээ нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд нийцлийн аудитыг хийж гүйцэтгэж байна. Үндэсний аудитын газарт 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн. Бид хуульд заасны дагуу өнгөрсөн долоо хоногийн сүүлийн гурван өдөрт нам, эвслүүдээс мөрийн хөтөлбөр хүлээж авсан. Өнөөдрөөс (өчигдөр) аудитын үйл ажиллагааны гүйцэтгэл эхэлж байна. Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилтот арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн бодлогод нийцсэн эсэх, энэ арга хэмжээнд тодорхой шаардагдах эх үүсвэр нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагад нийцсэн эсэхэд аудит хийнэ.

Мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлагуудтай нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргаж СЕХ-нд хүргүүлэхээр ажиллаж байна. Бид энэ аудитынхаа эхний дүгнэлтийг ирэх дөрөвдүгээр сарын 10-нд гаргана. Хэрэв мөрийн хөтөлбөрт хуулийн шаардлага хангаагүй заалт байвал үүнийгээ засаад авчрах зөвлөмжийг намуудад хүргүүлнэ.  Намууд аудитын байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу мөрийн хөтөлбөрөө засч сайжруулаад дөрөвдүгээр сарын 17-ны дотор ирүүлэх ёстой. Үүнд бид дахин аудит хийгээд дөрөвдүгээр сарын 26-нд СЕХ-нд хүргүүлэх хуулийн зохицуулалттай ажиллаж байна.

-Эхлээд буцаагдсан мөрийн хөтөлбөрөө засч сайжруулаад дахиад ирүүл сэн нь хуульд нийцээгүй байвал тэр заалтыг бүрмөсөн хас даг уу. Ер нь өмнөх сон гуулиудын туршлагаас харахад нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө боловс руулахдаа ямар алдаа гаргаж байсан бэ?

-Хэрэв зөрчил арилгуулаад ирэх зөвлөмжийг авсан нам, эвслүүд дахиад хуульд нийцэхгүй заалтууд бариад ирвэл хуулиараа хоёр дахь боломж гэж байхгүй. Өмнөх сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдэд амлалт өгсөн, хуульд нийцээгүй байх, төсвийн хуулиудад зааснаас өндөр дүн тавьсан, бичиг баримт нь боловсруулалтын шаардлага хангаагүй зэрэг зөрчлүүд байсан. Эдгээрийг хэлж тайлбарлаад нэг удаа мөрийн хөтөлбөрийг буцааж, засах боломж олгодог. Хоёр удаа буцаана гэсэн ойлголт байхгүй.

Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөр хуульд нийцэж байгаад дүгнэлт гаргадаг. Намуудыг бүртгэх эсэх эрх нь СЕХ-нд байгаа.

-Мөрийн хөтөлбөртөө намууд, нэр дэвшигчид юу амлаж болохгүй вэ. Хуулийн заалтуудаас нь сонирхуулахгүй юу?

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийг хууль болгон баталсан. Мөрийн хөтөлбөрт тусгасан зүйлс эдгээр хуультай нийцэх учиртай.  Нам, эвсэл, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө ямар нэг амлалт оруулах ёсгүй. Тухайлбал, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 38.3.1-т мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох, 38.3.2-т уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх, 38.3.3. зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх, 38.3.4. иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх, 38.3.5. ажлын байранд зуучлах, ажилд оруулах, 38.3.6. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудалд амлалт өгч болохгүй гэсэн хуулийн зохицуулалттай.

Мөн хуулийн 38.5-т “Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогод нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулсан байна” гэж заасан байгаа.

-Намуудын мөрийн хөтөлбөр уриа лоозонгийн шинжтэй болохоор хэрэгждэггүй гэсэн шүүмж байдаг. Аудитын байгууллага намуудын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд дүгнэлт хийдэг үү?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөр, хөгжлийн бодлогод аудит хийдэг.

-Өнөө жилийн сонгууль анх удаа томсгосон тойргоор явагдах гэж байгаагаараа онцлогтой. Парламент 126 гишүүнээс бүрдэх болохоор нэлээд массыг хамарч, нэр дэвших сонирхолтой хүмүүс учраа олохгүй гүйлдээд байх шиг байна. Тэд юуг анхаарах ёстой вэ. Бие даагчдын мөрийн хөтөлбөрийг хэзээнээс авч эхлэх вэ?

-2024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг дөрөвдүгээр сарын 22-24-нийг хүртэл хүлээж авна. Тэгээд тавдугаар сарын 19-нийг хүртэл хянаж, дүгнэлт гаргаад СЕХ-нд хүргүүлнэ. Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээж авах хуулийн хугацаа дөхөөд ирэхээр манайх цахим сайт дээрээ мэдээллүүдээ байршуулна. Бие даагчид www.audit.mn  цахим сайт дахь “Сонгууль-2024” гэсэн цэснээс шаардлагатай мэдээллүүдийг авах боломжтой.

Өмнө жилүүдийн сонгууль 14-15 нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө ирүүлдэг байсан. Өнөө жил 29 нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө ирүүлээд байна. Энэ бол түүхэнд байгаагүй тоо. Тиймээс Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар 21 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг мөрийн хөтөлбөрийг хүлээж авахаас өгсүүлээд дүгнэлт гаргах хүртэл илүү цагаар ажиллаж байна.

-Мөрийн хөтөлбөрт аудиторууд үзэмжээр хандлаа, улс төр орлоо гэх хардлага байдаг. Үнэхээр аудиторууд мөрийн хөтөлбөрт нөлөөлдөг юм уу?

-Төрийн аудитын дээд байгууллага өөрөө хараат бусаар үйл ажиллагаа явуулж, хөндлөнгийн дүгнэлт гаргаж өгдөг. Үүн дээр аудитор үзэмжээрээ дүгнэлт гаргах ямар ч боломжгүй. Аудит хийхэд аргачлал байдаг. Манай байгууллага өөрөө хуультай, дотоод дүрэм, журамтай. Стандартын дагуу аудит хийдэг дээд байгууллага. Бид аудитыг хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянаж, дүгнэлт гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн мөрийн хөтөлбөрт хуулинд хориглосон заалтууд орсон юм уу гэдэгт аудиторууд бүгд нэг аргачлалаар дүгнэлт хийдэг. Аудитын дүгнэлт олон нийтэд нээлттэй тавигдах учраас ямар нэгэн байдлаар төрийн аудитын байгууллага, хувь хүн үзэмжээрээ хандах ямар ч боломжгүй. Тэртэй тэргүй аудитын байгууллагын хийгээд өгчихсөн дүгнэлтийг олон нийт дахиад л хянана. Мөрийн хөтөлбөрийг ил сурталчилдаг шүү дээ. Аудит бол багийн ажиллагаа байдаг. Багаар хийсэн аудитыг чанарын хяналт хэрэгжүүлнэ. Тэрийг баталгаажуулна. Дахиад аудиторуудыг чанарын батагаажуулалтын газар хянадаг. Энэ болгон стандарттай. Төрийн аудитын байгууллага өөрийн стандарттай, горим сорилтой, хараат бусаар, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Бид аудитыг үнэн зөв, бодитоор нь хийх үүрэгтэй. Намууд мөрийн хөтөлбөрөө иргэдэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нээлттэй танилцуулдаг. Иймд аудиторуудад үл итгэх байдлаар хандаж болохгүй.

-Аудитын дүгнэлтийг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдол байсан уу?

-Яагаад бид “Алсын хараа-2050” болон дээр дурдсан хуулиудад заавал нийцүүлэх  ёстой юм бэ гэж асуусан тохиолдол бий. Бид хуулийн дагуу аудит хийх тул хуулийн заалтуудыг л барьж ажиллана. Өмнөх сонгуулийн өмнө манайхаас тайлбарласны дагуу засаад ирсэн намууд бий. 2020 онд Ардчилсан нам хоёр мөрийн хөтөлбөр өгч, алийг нь авах вэ гэсэн асуудал л үүсч байсан тал бий.

-Үндэсний аудитын газраас нам, эвсэл, нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээг тогтоосон. Энэ хүрээнд ямар ажил хийгдэж байна вэ?

-Нэр дэвшигчдийн зардлын тайланд аудит хийнэ. Сонгуулийн зардлын дээд хэмжээг төрийн аудит тогтоогоод СЕХ-нд хүргүүлчихсэн. Сонгуулийн дараа сонгуульд зарцуулсан, төрийн зардлын аудитыг хийдэг. Тойргийн хороо, хэсгийн хороодод ямар зардал гаргасныг хянана гэсэн үг.

Мөн нэр дэвшигчдийн зардлын тайланд аудит хийнэ. Бие даан нэр дэвшсэн зарим хүн хуулийн мэдлэг мэдээлэл дутмагаас одоог хүртэл мэдээллээ өгөөгүй байна. Хандивын данс нээсэн бол дансны мэдээллээ, дансны хуулгаа банкнаас авч өгөх ёстой. 2020 оны сонгуульд өрсөлдсөн зарим хүн одоо ч энэ баримтаа өгөөгүй байгаа. Би хандив цуглуулаагүй гэдэг. Цуглуулаагүй байсан ч тайлагнах ёстой. Дээрээс нь тайлангаа буруу ирүүлэх тохиолдол бий. Эдгээр хүмүүст Захиргааны хуулийн дагуу шийтгэх арга хэмжээ авахаар бид Сангийн яам, Татварын ерөнхий газар руу албан шаардлага хүргүүлсэн. Албан шаардлага хүлээж аваад зарим нэр дэвшигч “Би мэдээгүй, ойлгоогүй, торгууль төлөх боломжгүй” гэх нь бий.

-Сонгуулийн зардлын дээд хэмжээтэй холбоотой намуудаас санал шүүмж ирж байна уу?

-УИХ-д суудалгүй хоёр намаас санал ирсэн. Тэгэхээр үлдсэн намууд хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Зардлыг тухайн сонгуулийн тойргийн газар нутгийн хэмжээ, хүн ам, сурталчилгааны самбарын хэмжээ зэргийг тооцдог, шалгууртай.  Бид хоёр намын төлөөлөлд ямар томьёогоор яаж бодож, зардал гаргаснаа дэлгэрэнгүй танилцуулсан.

-Хандивын тайланд хэзээнээс аудит хийж эхлэх вэ?

-Энэ удаагийн ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид хандивын тайлангийн мэдээлэл болон маягтыг Үндэсний аудитын газарт ирүүлэх тухай албан бичиг хүргүүлсэн байгаа. Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38.7-д заасан хандивын тайланг дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 17:30 цагийн дотор Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой. Үүнд намын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны санхүүгийн жилийн эцсийн аудитлагдсан тайлан, харилцагч банкны баталгаажуулсан дансны хуулга байх шаардлагатай. Бие даан нэр дэвшигчийн хувьд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин хандивын данс нээлгэж, бүртгүүлсэн дансанд дээр дурдсан хугацаанд хандив авсан бол дүгнэлт гаргуулна.  Манай үндэсний аудитын газар нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн хандивын тайланд аудит хийж гүйцэтгээд зөрчил байгаа эсэхийг хянасан дүгнэлтээ сонгуулиас 60 хоногийн өмнө СЕХ-нд хүргүүлнэ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

БИД ХӨГЖСӨӨР Л… БАЙНА УУ? DNN.mn

ЦАР ТАХАЛ бидний байгаа байдлыг үнэн бодитоор нь шалгаж ямар байх ёстойг хэлээд өгсөөн. Энэ бол яалт ч үгүй гэнэтийн давагдашгүй хүчин зүйл байсан гэж бодъё. Гэтэл манай бодлого, засаглалтай шууд холбоотой “ЖДҮ, БЗС, ХБ-ны хэргүүд, Үер усны сүйтгэл, Нүүрсний хулгай, Шатахууны хомсдол, Цахилгааны хязгаарлалт, Ногоон автобусны хэрэг, Нийслэлийн утаа, түгжрэл, газрын наймаа, стандартгүй барилгажилт, Хий тээвэрлэгчийн ослын хөнөөл, Зудын гамшиг” гэх зэргээр ар араасаа хөвөрсөн дуулиан шуугиан, хүндрэл бэрхшээлгүй нэг ч өдөр өнгөрсөнгүй! Энэ бүхний уг учигт өнөөх л АВЛИГА гэдэг БАС НЭГ ЦАР ТАХАЛ байсаар л…Засгийн газраас өнгөрсөн хугацаанд авлигатай тэмцэх хүрээнд “5Ш” ажиллагаа тэргүүтэй олон арга хэмжээ хэрэгжүүлсэн ч “Transparency international” байгууллагаас гаргадаг “Авлигын төсөөллийн индекс”-т Монгол Улс 2023 оны байдлаар 180 улсаас 121-рт эрэмбэлэгдэж өмнөх жилээс 5 байраар ухарсан үзүүлэлттэй гарчээ. УИХ 2023 оны хаврын чуулганаа “Авлигын эсрэг” чуулган болгон зарлаж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгасан өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулсан. “Хөгжлийн банкны”, “Нүүрсний” гэх мэт олны анхаарлыг татсан үйл явдлуудаар УИХ-д Хянан шалгах түр хороо байгуулж, Нээлттэй сонсгол зохион байгуулснаар улс орон, ард түмний хөгжин дэгжих боломжийг хулгайлсан томоохон луйврын үйлдлүүдийг ил тод болгож эхэлж байна. Энэ АВЛИГА яагаад ийм амь бөхтэй байгаад байна? Манай ЗАСАГЛАЛЫН ТОГТОЛЦООНЫ ГАЖГААС л болдог гэдгийг хүмүүс ойлгочихоод байна. Тэгэхээр энэ тогтолцоог бүрдүүлдэг БОДЛОГО, уг бодлогыг тунхаглаж хэрэгжүүлдэг ШИЙДВЭР ГАРГАГЧ нартай л холбоотой болж байна! Тэдэнд ийм тогтолцоо нь ашигтай байгаа учраас өөрчлөхийг хүсэхгүй байгаа юм байна гэсэн бодол ч өөрийн эрхгүй төрж байна. Бидний ажил амьдралын бүхий л цэгт халдварласан АВЛИГАЧДЫН СҮЛЖЭЭ шат шатанд шигсэн АВЛИГАЧДЫН ДАВХАРГА болон хөгжиж дэвжихдээ бүр шүүх, цагдаа, прокурорынхныг өөртөө элсүүлж, хүссэн зоргоороо асуудлаа шийдүүлж чаддаг болжээ. АВЛИГАЧ нар эх орны маань баялгийг их наядаар нь цөлмөж, гэр орондоо хэдэн арван тэрбумаар нь хадгалж, бүр оймсондоо хэдэн саяар нь чихэж, олон тансаг хауснуудаасаа гадна олон зуун орон сууц худалдан авч өндөр үнээр түрээсэлж, гадаадын өндөр үнэтэй зочид буудал, амралтын газруудад амарч зугаацаж, үүндээ ч ханаж цадалгүй үр хүүхдүүдээ улсын мөнгөөр гадаадад сургаж, дураараа дургиж, зоргоороо

банк бус зэрэгт орон сууц, хашаа байшин, унах унаагаа 20-30хан хувийн үнэлгээгээр барьцаалж сар бүрийн өндөр хүүг нь төлж чадахгүйгээсээ болж хураалгаад амьдрах орон гэргүй, амьжиргаагаа залгуулах унаа тэрэггүй болсоор… Эд хөрөнгөгүй нэг нь эцэг эхээсээ өвлөж авсан үнэт эдлэл, алт мөнгөн ээмэг бөгжөө авилгачдын сүлжээ ломбардуудад 2 долоо хоногт 6-9%-ийн хүүтэйгээр хоногийн хоол залгуулах төдий хэдхэн зоосонд барьцаалж, эгүүлэн авч чадахгүй орхисоор… Бүр ядмаг нэг нь хүнсний мухлагаас талх таллаж, гурил будааг граммалж авсаар… Ихэнхи ид хөдөлмөрийн насны залуучууд эх орноосоо дайжиж гадаадад боолын хөдөлмөр эрхэлж ар гэртээ хоолны мөнгө арай чүү л залгуулсаар…гэх мэтээр тоочоод баршгүй түмэн зовлонг ард иргэд маань үүрсээр, ТУЙЛДСААР…ЭХ ОРОН МААНЬ ДЭЛХИЙН ХӨГЖЛӨӨС ХОЦОРСООР …УЛАМ Л ХОЛ ХАЯГДСААР…

“Монголын эдийн засгийн форум-2024” 2-р сарын 1,2-нд Төрийн ордонд чуулж “Бүсчилсэн хөгжил” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсөн бөгөөд энэ Форумд танилцуулсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай санал нийлэхгүй зарчмын хэдэн чухал асуудал гарсан учраас би зөв зүйтэй гэж үзэж буй байр сууриа илэрхийлж нийтлэл бичсэн юм. Бүсчилсэн хөгжлийн бодлого бол улс орны хөгжлийн хэтийн төлвийн стратеги учраас зөвхөн өнөөдрийн байгаа боломж, нөөцдөө тулгуурлаж явцуу хүрээнд олон жижиг бүсэд хувааж төлөвлөх бус харин Монгол улсынхаа ирээдүйн хөгжлийг томоор харж дэлгэмэл байдлаар төлөвлөх нь зүйтэй гэсэн үүднээс тодорхой саналаа дэвшүүлсэн байгаа. Өнөөдөр улс орныхоо хөгжлийг 50 жилээр төлөвлөж үе шаттайгаар хэрэгжүүлнэ гээд алхам алхмаар урагшлуулах гэж аргалж аргацаах бол АЛСЫН ХАРАА биш ээ! Алсын хараа гэдэг бол өнөөдрөөс эхлэн урьдийн хэвшмэл ”ядуу сэтгэлгээ”, арга барил, хандлагаа эрс өөрчилж илүү үр дүнтэй, дайчин давшингуй бодлогод шилжихийг хэлнэ гэдгийг бидэнтэй ижил гараанаас эхлээд өдгөө эрчтэй хүчтэй хөгжиж буй улс орнуудын туршлага жишээ бэлхнээ харуулж байна. Биднийг өнөөгийн хөрөнгө хүчний хомсдолдоо баригдсан ядуу сэтгэлгээгээр хөгжил дэвшилд хагас зуун жилийн дараа хүрнэ гэж хүлээж сууж байх энэ цаг дор дэлхийн хөгжлийн цаг хугацааны хэмжүүр эрс өөрчлөгдөж цоо шинэ кибер орон зай, хиймэл оюун ухаанд суурилсан хөгжлийн шинэ эрин үе эхэлчихээд байна. Өнөөдөр бусад улс орон Саран дээр суурьших, Ангараг гаригийг эзэмших, Хиймэл нар хийх, Хиймэл оюун бүтээх, Цахим эдийн засгийг хөгжүүлэх талаар шаргуу ажиллаж байна. Иймээс эдгээр давшингуй хөгжиж буй зарим орны туршлагыг судлах явцад олж мэдсэн хөгжлийн бодлогын зарчмын хэдэн тулгуур асуудлын талаар өнөөгийнхөө боломжийн хэмжээнд ярьж таниулж, надтай адил бодол санаа, мэдлэг мэдээлэл, сэтгэл зүтгэл, зорилго тэмцэл нэгтэй байгаа хүмүүстэй дуу хоолойгоо нэгтгэн улс орныхоо хөгжил дэвшилд гол хариуцлага хүлээх ёстой ТӨР, ЗАСГИЙН УДИРДАГЧ нарт өргөн мэдүүлж, үр дүнтэй шийдэл, шийдвэр гаргаач гэж шахаж шаардсаар ирсэн. Бид ийнхүү хурдтай хөгжиж буй бусад орны туршлагаар бүтээн байгуулалтын том том төслүүдийг хойш тавилгүй цогцоор нь нэгэн зэрэг хэрэгжүүлэх ДАВШИНГУЙ, ДАЛАЙЦТАЙ, ДААЦТАЙ хөгжлийн бодлогод (Бүсчилсэн хөгжлийн бодлого ч үүний нэг чухал хэсэг) шилжих аваас эх орон маань үсрэнгүй хөгжлийнхөө шатанд гарч олон улсын хэмжээнд нэр хүндтэй, тэргүүлэх эдийн засагтай улс болох бүрэн боломжтой. Иймээс би улс орныхоо эдийн засгийн өнөөгийн хүндрэл, бэрхшээлийг давж гарах гарц, шийдлийг олох, цаашид эх орноо эрчтэй, хүчтэй хөгжүүлэх асуудалд сэтгэл, оюунаа дайчлан эдийн засагч хүний хувьд бодол санаа, шүүмж дүгнэлт, гарц гаргалгааны санал бүхий цуврал нийтлэл бичье гэж бодсон юм аа.

Үргэлжлэл бий…

 

Categories
мэдээ улс-төр цаг-үе

ЗГ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдөр:

• Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл
• “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл
• Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар
• Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн талаар
• Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар
• Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын үр дүнгийн талаар зэрэг 28 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.