Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Баярмаа: СХД-ээс Чингэлтэй дүүрэг рүү автоматаар 10 мянган хүн шилжсэн нь хардлага төрүүлж байна DNN.mn

Ардчилсан намаас шударга сонгууль явуулах ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр АН-ын дэд дарга болон тус ажлын хэсгийн ахлагч Ж.Баярмаатай ярилцлаа.


-Шударга сонгууль явуулах ажлын хэсэг байгуулсан юм байна. Сонгуулиар ямар зөрчил, гомдлууд их гардаг вэ?

-Монгол Улс парламентын найман сонгууль хийсэн. Гэвч энэ бүрээр элдэв зөрчил, булхай, луйврын талаар гомдол зөрчил тасардаггүй. Хар машинаас өмнө бол цахилгааныг нь салгаж байгаад саналын хуудсуудыг нэгээс нөгөөд бөөнөөр нь шилжүүлэх зэрэг зөрчил гардаг байсан. Харин орчин үед болохоор программ хангамжтай холбоотой зөрчлүүд их байна. Сүүлд хяналтын тооллого гэж хийсэн. Гэтэл хэвлэсэн мэт будсан 200 хуудас гарч байна гэх зэрэг программ хангамжтай холбоотой байгаа юм.

Өнгөрсөн 2020 оны сонгуулиар бие даагчдын орон нь таслалтай. Бусад хүмүүсийнх хэвийн байх жишээтэй. Мөн Баянгол дүүрэгт нэр дэвшигчийн нэр бүтэн 2-3 цаг алга болсон. Энэ мэт зөрчил шинээр бий болсон.

-Сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой гомдол бас их гардаг?

-Нэрсийн жагсаалт бол Иргэний бүртгэл мэдээллийн газарт байгаа үндсэн баазтай тулж байгаа эсэхийг хэн ч мэддэггүй. Шинээр үүсгэдэг. Жишээлбэл, 2020 онд хий хаяг бий болгосон.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Дөрвөн давхар байшинг таван давхар гээд тэр хий давхрынхаа тоотуудад хүмүүсийг бүртгэсэн. Улмаар шинэ иргэний үнэмлэх олгож, санал өгүүлсэн. Надад баримт нь бий.

-Иргэний үнэмлэхийг хуурамчаар үйлдсэн нь гэмт хэрэг юм биш үү?

-Хүн нь бол жинхэнэ. Гэхдээ хоёр иргэний үнэмлэхтэй учраас нэгийг нь хуурамч л гэж үзнэ. “Царцаа” гэдэг чинь энэ юм байна. Энэ нь бүр сүүлдээ их олон төрөл болсон. Бодит хүн олон газар очиж санал өгдөг. Мөн дээрх шиг виртуал ертөнцөд бараг үүсч байна. Эдгээр луйвар хэзээ ч зогсохгүй байгаа юм. Тиймээс манай ажлын хэсэг үүнийг л таслан зогсооё, багасгая гэж байгаа.

-СЕХ болон холбогдох газруудад баримтуудыг нь өгч болдоггүй юм уу?

-Өнгөрсөн 2020 онд булхай, луйврын тухай олон мэдээлэл, баримтуудыг улс төрийн намынхан цуглуулсан.

Гэвч түүнийгээ хаана, хэнд өгөхөө мэдэхгүй байсан учраас улс төрийн намууд нэгдээд ажлын хэсэг байгуулсан. Үүн дотор нь тухайн үеийн МАХН-ын дарга Н.Энхбаяр хүртэл орсон. Тэгээд зөрчил бүр дээр дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргаад ТЕГ, СЕХ, УБЕГ, Ерөнхий прокурор, тухайн үеийн Ерөнхийлөгчид хүртэл өгсөн. Харамсалтай нь ямар ч хариу байхгүй.

-Та бүхэн сонгогчдыг дарамталдаг тухай ярьж байсан. Үүнийгээ тайлбарлаач?

-Сонгогчийн боловсрол тааруу байна гэдэг чинь үүнтэй холбоотой. Яаж өргөдөл, гомдол гаргахаа ч мэдэхгүй. Сонгуулиа нууцаар өгөх эрхтэй гэдгээ ч мэдэхгүй байгаа болохоор өмнө нь мөнгө өгч, янз бүрийн халамжид хамруулчихдаг. Тэгээд яг сонгуулиа өгөх гээд ирэхээр нь хар машин хэнд өгч байгааг чинь мэднэ. Камер бичиж байгаа гэх зэргээр дарамталдаг.

-Танай ажлын хэсэг одоо ямар ажлууд хийх вэ?

-Өмнөх сонгуулиар улс төрийн намууд зохион байгуулалтад орж, ажлын хэсэг байгуулан маш их ажил хийсэн. Олон төрлийн зөрчил, мэдээлэл цуглуулаад дүгнэлт гаргачихсан. Тиймээс улс төрийн намуудаа дахин цуглуулж, холбогдох байгууллагуудад өгсөн материалуудынхаа араас явна. Ингээд зогсохгүй гарц, шийдлээ гаргана. Хуулийн төсөл боловсруулж, өөрчлөлт оруулах шаардлагатай бол яаралтай горимоор хэлэлцүүлнэ. Энэ бол эх орны ирээдүйтэй шууд холбоотой зүйл. Гэсэн хэдий ч бид дийлэх боломж тун хомс. Гэхдээ л чадлынхаа хэрээр сонгуулийн булхай, луйврыг засах, багасгах тал дээр ажиллана.

-Арай оройтож ажлаа эхлүүлж байгаа юм биш үү. Ямар нэгэн үр дүнд хүрч амжих уу?

-Амжихын төлөө л явна. Эрх баригчид нэн яаралтай горимоор хүний үг, үзэл бодлоо илэрхийлэхийг хорьсон хууль баталж байсан. Тийм болохоор эх орны хувь тавилантай холбоотой асуудлаар хууль хэлэлцэж болно гэж бодож байгаа.

-Энэ сонгуультай холбоотой мэдээлэл ирж байна уу?

-Ирж байгаа. Жишээлбэл, Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Ерөө суманд байдаг бүх ажилтнаа шилжүүлсэн. Ингэхдээ дургүйцсэн хүмүүсийг нь дарамталж таслан зогсоосон явдал гарсан. Мөн СХД-ээс Чингэлтэй дүүрэг рүү 10-аад мянган хүнийг автоматаар саяхан шилжүүлсэн.

-ЦХХХ-ны сайд тойргоо сольсонтой холбоотой гэж үзэж болох уу?

-Тийм гэж хардаж байна. Шууд автоматаар шилжүүлсэн. Бид хамтрахгүй л бол аалзны тор шиг хэрсэн зүйлтэй тэмцэж дийлэхгүй. Ер нь ардчиллын хамгийн гол суурь, үнэт зүйл нь чөлөөт сонгууль байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд манайх ардчиллаас дандаа ухарч байгаа. шүүх нь хараат байна гээд дүгнэгдчихсэн. Хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх байхгүй гэж дүгнэсэн байна. Гадаадын зээл тусламж аваад хариу тайлагнадаггүй. Энэ мэт асар олон зүйлийг дүгнээд 21 байраар ухраасан. Сонгууль шударга явагддаг эсэх гээд бас том ангилал байгаа. Би өөрөө яг үүнийг судалдаг хүн. Гэтэл үүнийг эрх баригчид хуураад шударга явагдаж байгаа мэтээр хэлдэг. Тэгэхээр нь олон улсын байгууллагууд нотлох баримт нэхдэг ч эрх баригчид гаргаж өгдөггүй. Гадныхан нотлох баримт байхгүй учраас шударга бус сонгууль явдаг гэж хэлж чаддаггүй юм байна.

Харин энэ задраад нотлох баримтын хүрээнд шударга бус сонгууль явдаг гээд зарлачихвал гажуудсан ардчилал гэсэн ангиллаасаа бид унаад сонгуульчлагдсан авториторизм гэсэн байдал руу шилжинэ.

Ингэвэл олон улсуудын хамтын ажиллагаа, зээл тусламж гээд олон зүйлд асар хортой.

 

Categories
мэдээ улс-төр

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана DNN.mn

Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ. НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
1 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 “Их засаг”
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Хууль зүйн байнгын хороо Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00    “Үндсэн хууль”
3 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 12.00 334 тоот
4 Хууль зүйн байнгын хороо Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Жанжин Д.Сүхбаатар”
5 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00    “Үндсэн хууль”
6 Төсвийн байнгын хороо Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Их засаг”
7 Хууль зүйн байнгын хороо Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 16.00 334 тоот

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

З.Нарантуяа: Энэ удаагийн сонгуулийн хуулиар нэр дэвшигчид маш тэнцвэргүй байдлаар өрсөлдөнө DNN.mn

Намууд өчигдөр СЕХ-нд хүсэлтээ өгсөн. Энэ үеэр АН-ын зүгээс мөнгөний сонгууль болно, иргэдийг нүүлгээд эхэлсэн гэдэг мэдээллийг хийсэн.

Энэ асуудлаар АН-ын ҮБХ-ны гишүүн З.Нарантуяагаас тодрууллаа.


-Ардчилсан нам өчигдөр СЕХ-нд хүсэлтээ өгсөн. Энэ үеэр танай намын дарга бохир сонгууль болох нь гэж хэллээ. Яагаад?

-Монголд сонгуулийн кампанит ажлын технологийг боловсронгуй бус болгох асуудал ноцтой хэмжээнд хүрснийг Л.Гантөмөр дарга өнөөдөр /өчигдөр/ анхааруулсан.

Сүүлийн гурван удаагийн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд намууд сонгуулийн маш бохир арга технологиудыг ихээр ашиглаж байгаа.

Бохир технологи гэж улс төрийн намууд болон улстөрчид бие биенийхээ эсрэг шалгагдаж нотлогдоогүй худал мэдээллийг хэвлэл мэдээллээр тарааж байна. Тролл хаягаар түгээдэг. Хууль хяналтын байгууллага дээр хянагдаж шалгагдаж байгаа хэргүүдийг эцэслэн нотлогдоогүй, шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад нийтэд сенсаци болгон тарааж, нийгмээр шүүлгэж хүний эрхийн ноцтой зөрчлүүд гаргадаг. Хэн нэг хувь хүний үйлдлийг сөрөг хүчинтэйгээ холбож, наалдуулж, үйл ажиллагааг нь харлуулах, иргэдийн итгэлийг нь холдуулах санаатай ажиллагаа явагдаж буйг ажиглаж байгаа учраас энэ мэдэгдлийг хийсэн гэж бодож байна.

-Энэ бүхэнтэй хэрхэн яаж тэмцэх вэ?

-Эрх барьж байгаа нам манлайллаа үзүүлж, үйл ажиллагаагаараа үлгэрлэж,  бусад намдаа жишиг болох хэрэгтэй. Хэвлэлийнхнийг чөлөөлчих.

Эрхээ эдлээд нийгэмдээ үйлчлэхэд нь хаалтын гэрээ, төрөөс үзүүлж байгаа үйлчилгээгээрээ аливаа цензур тавихгүй болж чадвал нэг алхам урагшилна. Сонгогчдын мэдээллийг маш чанд хамгаалж, эзэнжүүлж, хайрцаглаж хариулахаа зогсооход л үр дүн гараад эхэлнэ.

-СХД-ээс их хэмжээний нэрсийг бусад дүүрэг рүү шилжүүлсэн гэдэг нь үнэн үү?

-Маш олон мэдээлэл ирж байна. Улаанбаатар хотод дүүргээс дүүрэг рүү, хотоос аймгууд руу хэдэн мянган сонгогчид шилжсэн хөдөлгөөний дүн мэдээ иргэний бүртгэл дээр байна.

Тиймээс УИХ-ын Иргэний бүртгэлийн асуудал хариуцсан дэд хороон дээр УИХ-ын гишүүн Ж.Батсууриар ахлуулсан ажлын хэсэг байгуулан хяналт шалтгалт хийлгэхээр ажиллаж эхэлсэн байгаа тул бодит байдлыг тогтоох байх.

-УИХ-ын ирц нь хүрэхгүйгээс чуулган хуралдаж чадахаа байлаа. Чуулгандаа суухгүй байгаа нь ёс зүйн хариуцлага хүлээлгэх үндэс болохгүй юу. Ер нь ажлаа хийдэггүй гишүүдэд шат дараалсан арга хэмжээнүүд авдаг болох боломж бий юу?

-Хаврын чуулганы завсарлагаар гишүүд орон нутагтаа ажиллаж, сонгогчидтойгоо уулзалтаа хийгээд ирсэн. Одоо чуулганы ажиллагаандаа и дэвхтэй оролцож хуулиа баталж байх цаг л даа. Гэвч томсгосон тойргийн улмаас гишүүд сурталчилгааны цагаас өмнө амжиж, тойргийн олон сумаараа орохоор явцгаасан байгаа нь ирцэд нөлөөлж байна. Ер нь энэ удаагийн сонгуулийн хуулиар УИХ-ын гишүүн, гишүүн бус хүмүүс маш тэнцвэргүй байдлаар өрсөлдөх болж байна.

-Их хэмжээний мөнгөний сонгууль болно гээд байгаа нь тойрог томссон учраас ингэж хараад байна уу?

-Зөвхөн тойрог томорсноос бус эрх баригч намаас тойрогт нэр дэвших хүмүүс нь мөнгө санхүү, сүлжээ ихтэй, олон жил тойргоо усалсан, нөлөө бүхий  хүмүүс горилогч болоод явж байгаа нь ийм хардлагыг төрүүлж байгаа.

-Ойрын улс төрийн амьдрал өрнүүн байна. Элдэв сенсациуд ар араасаа гарч байгаа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-МАН-ын удирдлага үе, үе улс төрийн дуулиантай хэргүүдийг гаргаж тавьж, нийтэд зарлаж сенсаци дэгдээдэг. Яагаад эдгээр хэргүүдийг хууль хяналтын байгууллага шалгаад тогтоож чадахгүй байгаа юм бэ. Хэргийг хянаж шалгах үүргийг хуулиар хүлээсэн байгууллагуудыг хараат бусаар ажиллах баталгааг хангаж өгөх хэрэгтэй. УИХ, Ерөнхийлөгчийн институци шүүгчдийг томилж, шүүгчдийн ёс зүй,  сахилга хариуцлагыг хянаж, томилох, огцруулах асуудлыг бүрэн хариуцаж байгаа. Өмнөх Ерөнхийлөгч нарын үед  томилогдсон шүүгчдийг нийтээр албан тушаалтандаа үйлчилдэг гэж нэр төрд нь халдсан. Энэ нь шүүх засаглалын нэр хүндэд ноцтой хохирол учруулж байгаа  үйлдэл гэдгийг хуульчийн хувьд хэлэх байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох улс-төр

УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ DNN.mn

-УИХ-ын гишүүд тойрогтоо хэрхэн ажилласан бэ ? –

2024 онд УИХ-ын ээлжит сонгууль болно. Сонгууль бол улс төрийн намууд, УИХ-ын гишүүн хэрхэн ажилласан талаар сонгогчдоосоо үнэлгээгээ авна гэсэн үг. Мөн хэнийг улираан үлдээж болох, хэнийг өөр хүн, өөр намаар солих сонголтоо хийх дөрвөн жилд нэг удаа оногддог ард түмний эрхийн өдөр юм. Энэ сонголтыг мэргэн байлгах үүднээс ирэх арванхоёрдугаар сараас эхлэн “Өдрийн сонин” уншигч, захиалагчдынхаа хүсэлтээр нэгэн буланг шинээр нээн ажиллуулах гэж байна. Тодруулбал, “Тойрогтоо юу ч хийгээгүй гишүүд”, “Тойрогтоо юм хийсэн гишүүд” нэртэй буланд, сонгогчдоос ирсэн санал сэтгэгдлүүдийг нийтэлж байх болно. Танай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаандаа хэрхэн ажиллав, амлалтуудаа биелүүлсэн эсэх, хууль тогтоомж санаачилсан уу, ажлын байр нэмэгдсэн үү, ард түмний амьдрал дээрдсэн үү гэх мэтээр Сонгогч та өөрийн үнэлэмжээ бичин “Өдрийн сонин”-ы редакцид бичгээр болон дор дурдсан цахим хаягуудаар илгээх боломжтой юм. Бид та бүхний санаа оноог “Тойрогтоо юм хийсэн гишүүд”, “Тойрогтоо юу ч хийгээгүй гишүүд” гэсэн буландаа нийтлэх болно. Манай сонины редакцид одоогоор сонгогчдоос цөөнгүй захидал ирээд байгаа бөгөөд аль ч тойргийн сонгогчид бидэнд хандаж болно.

udriinsonin@dnn.mn мэйл хаяг болон Facebook

page: DNN.mn, Өдрийн Сонин, X буюу Twitter: DNN_

MN чатаар материал хүлээн авна.

Мөн 99112954, 88114956, 99130850 дугаарын

утаснаас лавлаж болно.

“Өдрийн сонин”

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Сонгуулийн саналын хуудастай холбоотой асуудлаар улс төрийн намууд СЕХ-д шаардлага хүргүүллээ DNN.mn

УИХ-д суудалтай намууд болон өмнө эрх барьж байсан намын дарга, төлөөллүүд сонгуулийн саналын хуудастай холбоотой асуудлаар СЕХ-д хоёр шаардлага хүргүүлж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл өглөө.

Тэрбээр “126 гишүүнийг хоёр байдлаар сонгоно. Ингэхдээ тойргоос 78 гишүүнийг сонгоно. Харин жагсаалтаар буюу намын нэр дугуйлах байдлаар 48 гишүүнийг сонгох учиртай. Үр дүнд нь нэг нам хязгааргүй эрхтэйгээр эрх барьдаг биш маш олон сөрөг хүчнүүд бий болно гэсэн хүлээлттэй байгаа юм.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд СЕХ зайлшгүй анхаарах ёстой асуудлууд байна. Тухайлбал, зургаадугаар сарын 28-ны өдөр сонгуулийн санал хураах үед саналын хуудасны асуудал гарч ирж байгаа юм. Саналын хуудас нь хоёр тусдаа хуудас байх ёстой юм гэдэг үндэслэлийг бид гаргаж ирлээ.

Өөрөөр хэлбэл 78 тойргоос нэр дэвшигч нарын нэр нэг хуудас дээр тусдаа, жагсаалтаар нэр дэвших хүмүүсийг нь дахин тусдаа хуудаст нэрсийг нь бичих ёстой гэж үзэж байна. Хэрэв саналын хуудас хүчингүй болсон тохиолдолд нэг хуудас дээр аль алинг нь тэмдэглэсэн бол жагсаалт маань хүчингүй болох гээд байгаа юм.

Энэ удаагийн сонгуульд гадаадад амьдарч байгаа монголчууд сонгууль өгнө. Ингэхдээ жагсаалтаар нэр дэвшиж байгаа буюу намын нэрсийг дугуйлах байдлаар саналаа өгнө. Эдгээр үндэслэлээр бол саналын хуудас дээрх хоёр төрлийн санал хураалт бол тусдаа байх ёстой гэдэг шаардлагыг албан ёсоор СЕХ-д хүргүүлж байна.

Хоёрдугаарт, Сонгуулийн саналын хуудаст намуудын нэрсийг Дээд шүүхэд бүртгүүлснээр нь дараалуулж бичдэг. Энэ удаагийн сонгуульд 30 орчим улс төрийн намууд болон эвсэл оролцоно гэж ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Энэ долоо хоногтоо багтаагаад СЕХ-д хүсэлтээ өгөх ёстой.

Гэтэл маш урт сонголттой, сонгуулийн тойрогт томорчихсон болохоор нэг тойргоос арав хүртэлх нэрс дугуйлах арван мандаттай маш урт жагсаалт гарч ирээд байгаа юм. Энэ дунд иргэд төөрөх, будилах, аль нам нь хэн билээ гэдэг үл ойлголцол үүсэх гээд байгаа юм. Тиймээс иргэдэд энгийн ойлгомжтой мэдээлэл өгөх зорилгоор саналын хуудас дээрх нам, эвслийнх нэрийг тавьсны дараа тухайн намын дарга нь хэн бэ гэдэг мэдээллийг, нэрийг, зурагтай нь хамт тавья гэж байгаа юм. Мөн нам, эвслийнх нь лого, бэлгэдлийг нь оруулъя. Ингэснээр энэ нам бол ийм намын даргатай юм байна гэж хараад саналаа өгөхөөр ойлгомжтой болгохгүй бол иргэд будлах гээд байна. Үр дүнд нь ардчилсан сонгууль маань ойлгомжгүй байдлаас болоод хүсээгүй үр дүн гарах болно” хэмээн мэдээллээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Уул, усны сайхныг “бүүстэлж” суухаар улсаа хөгжүүлэх бодлого, шийдлээ л танилцуул л даа DNN.mn

Сонгууль дөхсөн биш горилогчид ямар ч хамаагүй аргаар сошиал сувгуудаа идэвхжүүлж байна. Фэйсбүүкээр дүүрэн нутгаа санасан, нутгийнхаа сайхныг биширсэн улстөрчдийн постууд. Мэдээж төрсөн нутгийнхаа сайхныг бишрэн шүтэлгүй л яахав. Гэхдээ нутгаа бишрэгчдийн цаад зорилго нь ерөөсөө улс төрд орох гэж бодохоор огиудас хүрэх шиг.

Бүсчилсэн хөгжлийн бодлогоор явна гээд байхад л дов, жалга, уул, уснаасаа гарч сэтгэж чадахаа больчихсон хүмүүс сошиалаар нэг болж. Сонгогчид хэн нь илүү нутгийнхаа сайхныг олон нийтэд таниулав гэдгээр нь улстөрчдийг өрсөлдүүлж, саналаа өгөхгүй нь тодорхой. Та нараас бодлого, шийдэл л хүсч байгаа. Аль бүсэд өрсөлдөх юм, тэр бүсдээ юуг хийхээр зорьж байгаа чинь л сонгогчдод сонин болохоос биш нутгийн уул, ус, тэр нутагт төрсөн эсэх чинь хэнд ч хамаагүй. Энэ манай нутгийн хүү байна гээд сонгодог, саналаа өгдөг улиг болсон арга ард хоцорсон.

Нутаг ус ярих дээрээ тулбал хүний нутгийн хүн хөгжил авчирна гэдэг үгтэй болчихсон юм билээ шүү. Тиймээс “нутаг минь хүүгээ гэсэн юм уу даа” гэж жижиг сэтгэлгүй, энэ бүс нутгийн төлөө цаашлаад улс орон, нийт ард түмнийхээ төлөө юу хийх вэ. Миний мэргэжил, арга туршлага аль салбарыг илүү хөгжүүлж чадах вэ гэдэг давуу талаа бусдад танилцуул л даа. Тэрийг чинь л ард түмэн харж сонирхоно.

Тэрнээс биш нутаг ус ярьж, хол ойрын хамаатан болох гэж зүтгэх тусам ард түмэн таныг улс төрөөс хол байлгахыг хичээнэ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирвэл улс төрийн намуудын институцичлал сул байгаагийн илрэл болно DNN.mn

МУИС, Улс төр судлалын тэнхимийн профессор, доктор Д.Бумдарьтай ярилцлаа.


-2024 оны УИХ-ын сонгуульд одоогийн байдлаар 70 хүн бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөл-бөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлжээ. 70 гэдэг бол том тоо гэж зарим хэсэг дүгнэж байна л даа. Таны хувьд юу гэж харж байна. Бие даагчид олноор бүртгүүлж байгаа нь юутай холбоотой вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд иргэн хүн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан тул хүн бүр эрхээ эдлэх эрхтэй. Тиймээс бие даан нэр дэвших эрх бол хүн болгонд нээлттэй тул бүртгүүлж болно гэсэн үг. Тооны хувьд их бага байх гэдэг нь тусдаа асуудал юм. Хамгийн сүүлийн 2020 оны УИХ-ын сонгуулиар 76 мандатын төлөө 13 улс төрийн нам, 4 эвслээс нийт 485, бие даагч 121 нэр дэвшигч өрсөлдсөн. Тэгэхээр 25 гэдэг тоо бол бага байна аа, гэж хувьдаа үзэж байна. Тоог яагаад тусдаа асуудал гэж хэлсэн гэхээр ардчилал улам бэхжих тусам улс төрийн намын институцчилал сайжрах ёстой юм. Энэ тохиолдолд нэр дэвшилт илүү улс төрийн намаар дамжих байдал ихсэх учирта

Бие даан нэр дэвших хүсэлт нэмэгдэж байвал намуудын хөгжлийн асуудалд хариулт өгч байгаа үзэгдэл гэж ойлгож болно. Харин буурч байвал улс төрийн намын хөгжил явагдаж байна аа гэж дүгнэх боломжтой. Нэг төрлийн индикатор.

Нөгөө талаас алдартай нэг тодорхойлолт байдаг юм. Францын улс төр судлаач Морис Дюверже “Парламентын гишүүд давхар мандат авдаг. Гишүүн нь иргэдээс сонгогдохоос өмнө намаасаа сонгогддог. Тус бүрийн ач холбогдол нь мөн намаас хамаарна” гэж 1954 оны бүтээлдээ дурдсан байдаг юм.

Энэ нь нэр дэвших гэдэг нэр дэвшигчийн шалгуурын хангах ёстой гэсэн санааг давхар харуулж байгаа юм. Улс төрийн намууд нэр дэвшигчийн журамдаа нэр дэвших эрх авах шалгуурыг хэрхэн тусгасан байх, бусад улс төрийн тогтолцооны хуулиудад энэ шалгуурыг хэр зохицуулсан байх вэ гэдгээс “хүсэмжит” улстөрчийг нийтэд санал болгож чадах эсэхийг сонгуулиар шалгаж байгаа юм. Товчхондоо сонгогдож гарч ирэх хүн ард түмнийхээ төлөө ажиллаж чадах эсэх, тэднийг төлөөлж чадах эсэхийг шалгадаг гэсэн үг. Тиймээс бие даагч болон намаас нэр дэвших гэдгийн үнэн мөн чанар энд оршино. Харин манайд ямар байгаа бол гэдгийг намуудын нэр дэвшүүлэх журмаас харах хэрэгтэй.

-Одоогийн сонгуулийн тогтолцоо бие даагч нарт хэр ээлтэй вэ?

-Энэ жилийн Их хурлын сонгуулийн тогтолцоо бол хоёр талтай. Нэгдүгээрт, бүсчилсэн тогтолцоо буюу томсгосон олныг төлөөлөх тогтолцоо нь онолын өөрийн шинжийг агуулсан байгаа. Үүнд, томсгох тусам танигдсан, нутаг орондоо нэр хүндтэй байх, мөн санхүү болон бусад олон төрлийн нөөцтэй байх тусам сонгогдох боломжийг өгнө. Энэ шинжээрээ залуу улстөрч, бие даагч нарт халгаатай. Хоёрдугаарт, манай улсын ардчиллын хөгжил 30 гаруй жилийн түүхтэй. Социологич Холмс “Нэгхэн шөнийн дотор шинэ анги давхарга (нийгмийн шилжилт), шинэ боловсролын чиг баримжаа, шинэ хууль эрх зүйн орчин, шинэ олон улсын хамтын ажиллагаа-итгэлцэл, шинэ ёс зүйн дүрмийг шаардсан маш нарийн төвөгтэй шилжилт хийгдсэн. Мөн үзэл суртлын чиг баримжаагаа өөрчлөх шаардлага байсан” гэж 90-ээд онд шилжилт хийсэн ардчиллыг дүгнэн бичсэн байдаг. Энэ нь бидний хувьд бүх зүйл шинэ байсан тул алдаа, онооны шатыг туулж ирсэн гэсэн үг. Улмаар бидний хувьд ардчиллын бүх хэм хэмжээг нутагшуулахад хөрс нь өөр байсан гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс өнөөдөр хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа маш их болсон гэж дүгнэж болно. Үүнийг засахын тулд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд суурилан дараагийн 30 жилийг угтах гэж зорьж байна. Улс төрийн намууд үүнд санал нэгдэн улс төрийн шийдвэр гарсан гэж харж байгаа. Тэр утгаараа хөгжлийн суурийг тавих тогтолцоо болсон гэж үзэж байна. Тиймээс бие даагч нарт нэлээн бэрхшээл тулгарах байх.

-Бие даагч нарыг олноор сонгох нь ямар давуу талтай, үр нөлөөтэй байдаг вэ?

-Сул тал нь ойлгомжтой, дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр нь эрх баригч юмуу олонх болсон тохиолдолд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон батлагддаг. Тиймээс нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт бараг хийгдэж чадахгүй болно. Нөгөө талаас 126 гишүүнтэй болсон учир ойролцоо үзэл баримтлал, мөрийн хөтөлбөртэй намууд эвсэн Засгийн газар байгуулах магадлал өндөр байна. Энэ тохиолдолд мөн л хамтын улс төр хийхэд хэцүү болно.

Сайн тал нь гэвэл түрүүн дурдсан намын хөгжлийг хэмжих үзүүлэлт болох тул олон бие даагч гарч ирвэл улс төрийн намуудын институцчилал сул байгаагийн илрэл болно. Мөн сөрөг хүчин болох магадлал хамгийн өндөр тул хяналтын механизмыг хэрэгжүүлэгч байж болно. Гэвч бодит амьдрал дээр бүлэгт нэгдэхийн тулд намуудтай тохиролцох зам нь илүү тод юм даа.

-Улс төрийн хүрээнд бие даагч нарыг санал хуваах зорилготой нэр дэвшдэг гэцгээдэг шүү дээ. Өнгөрсөн хугацаанд үнэхээр бие даагчид санал хуваасаар ирэв үү, та юу гэж харж байна вэ?

-Сонгуулийн кампанит ажлын технологи талаасаа санал хуваах зорилго тээж болно. Тийм учраас аль болох хувь тэнцүүлсэн элемент илүү давамгайлсан сонгуулийн тогтолцоо байх нь сайн юм. Судлаачийн хувьд санал хуваагдалт хийлгэж байна даа гэсэн тохиолдол байгаа. Ийм технологи ашиглах нь олныг төлөөлөх буюу тойргийн сонгуулийн тогтолцоотой үед илүү ашиглагддаг гэдгийг судлаачид бүгд гадарлана. Парламентын гишүүн болно гэдэг чинь мөрийн хөтөлбөрийн зорилгыг хууль болгон батлах, өөрчлөх замаар хамтын зөвшилцөл хийгдэж байж хэрэгжүүлдэг албан тушаал юм. Тиймээс бие даагчийн туйлын зорилго юу вэ гэдгийг тэдний харизм, мөрийн хөтөлбөр зэргээс хянах боломжтой.

-Сонгуулиар нэг нэр дэвшигчээс доод тал нь 1.5 тэрбум төгрөг шаардлагатай. Гэтэл УИХ-ын гишүүн болсноор дөрвөн жилд нийт 250 сая төгрөгийн цалин авах юм байна. Ямар учраас улстөрчид УИХ-ын гишүүн болохоор ингэж их улайрч байна вэ хэмээн гайхах хэсэг байна л даа. Та судлаач хүний хувьд үүнд ямар дүгнэлттэй байгаа вэ?

Дээд тал нь 1.5 тэрбум гэж албан ёсны мөнгөн дүн гарсан. Тэгэхээр маш энгийн асуудал юм. Нэр дэвшигчийн санхүүгийн нөөц үнэхээр сайтай бол өөрөө гаргах байх, харин тийм биш бол хаанаас санхүүжилт босгох нь анхаарал татна. Энийг л харах ёстой, манай улсын эдийн засгийн чадавх, иргэдийн орлогын байдал бодит амьдрал дээр улс төрийн намд хандив өгөх, нэр дэвшигчдэд хандив өгөх хэмжээнд байгаа эсэх. Улмаар нэр дэвшигч хандивын дансаа нээх хугацаа нь богино байна. Ийм байхад сонгуулийн кампанит ажлын зардал гэдэг анхаарал үргэлж татах сэдэв байсаар байна. Тэгэхээр сонгуульд зарцуулах зардал, цалингийн хэмжээ хоёрын урвуу хамаарал нь бас ямар нэгэн зүйлийн урвуу хамаарал байх нь ээ гэсэн үг. Товчхондоо өөр хүсэл сонирхол тээгч гишүүн болох нь ээ гэсэн үг. Хувь судлаачийн үүднээс улс төрийн санхүүжилтийн бие даасан хууль гаргаж байж улс төр, мөнгө хоёрын хамаарлыг тодорхой хэмжээнд хянаж чадна гэж үздэг. Учир нь улс төрийн мөнгөний нэг урсгалыг хаахад нөгөө урсгал нээгдэж байдаг гэж олон судлаачид нотолсон байдаг. Энэ асуудлыг цэгцлэх үүднээс зарим улс орнууд сонгуулийн зардлыг даадаг, эсвэл сонгуулийн төв байгууллагад нэр дэвшихдээ хураамж төлөн түүнийг нь нийт сонгуулийн сурталчилгаанд ашиглах арга замууд байдаг. Анхаарах зүйл нь улс төрийн санхүүжилтийн асуудлыг бүрэн утгаар шийдэж чадсан улс орны кейс байхгүй. Манай улсын хувьд энэ сонгуулийн дараагаас гишүүн байхын зорилго, чиг үүрэг тодорхой болж ирнэ гэж найдаж байгаа. Хэрэв тийм биш бол одоогийн сонгуулийн зардлын дүнг харахад бүх амьдралаа цэгцлээд эх орныхоо төлөө бүх хүчээ зориулах хүмүүсийн нэгдэл парламент юм байна гэж гэнэн үнэмшил тээхээс өөр аргагүй юм.

Эцэст нь хэлэхэд, ардчиллын амин чухал институци нь нам, сонгууль хоёр. Энэ хоёрын хөгжил аль болох онолын идеал утгад дөхөж очих тусам бидний хүсч байгаа ардчилал гээч зүйл бодит болно. Тиймээс намын хөгжлийн асуудал, сонгуулийн мөн чанарыг нийтээрээ үргэлж анхаарч байх хэрэгтэй юм.

Р.ЖаРГал

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой DNN.mn

Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг дотроо олон толгой, олон фракцтай нам бол Ардчилсан нам. Аливаа асуудлаа ардчиллын зарчмаар буюу олонхын саналаар шийддэг энэ намын маргаан, үзэл бодлын тэмцэл өмнө ч байсан одоо ч хэвээрээ. Үүсэн байгуулагдаад өдгөө 34 жилийн нүүрийг үзэж байгаа ч энэ намын эв нэгдэл коммунистуудын ойлгож байгаа шиг цул болсонгүй. Коммунистууд зангидсан гар шиг ч гэж ярьдаг.

Гэтэл ардчилсан нам ийм байх үзэл санааны хувьд боломжгүй. Аль талдаа олонхоороо үзэл бодол нэг байна тэр талдаа эв нэгдэл нь хэлбийдэг гэсэн үг. Үнэн гэж байдаггүй, харин үнэнд ойрхон явах нь чухал гэдэг шиг цул эв нэгдэл гэдэг бол дарангуйлал дор л оршдог байх. Энэ утгаараа Ардчилсан намд дарангуйлал тогтох боломжгүй учир үнэмлэхүй эв нэгдэл орших боломж хэцүү юм. Тиймдээ ч байсхийгээд л маргаан өрнөдөг. Савхийвэл нэгнээ гөвдөг. Энэ зодооноосоо болоод сүүлдээ “сэхээнд” орсон цаг саяхан. Тэр үеэ бодоход өнөөгийн Ардчилсан нам нэлээд эвэндээ оржээ. Одоо энэхүү эв нэгдлээ сонгууль хүртэл хадгалах нь энэ намд юу юунаас илүү чухал байгаа. Энэхүү ажлыг гардан гүйцэтгэх гол хүн бол намын генсек. Намын дарга Лу.Гантөмөрийн хувьд намынхаа генсекийг томилох гэж багагүй хугацаа өнгөрүүлсний дараа Э.Одбаярыг томилсон. Тухайн үедээ буруу хүнээ томиллоо, намын эв нэгдэл дахиад задарлаа гэж шүүмжлэх хүн цөөнгүй байсан. Гэтэл өнөөдөр энэ намын эв нэгдэл шүүмжлэгчдийн хэлж байсан шиг задарсан уу. Харин ч эсрэгээрээ өмнө нь байгаагүй эв нэгдэлтэйгээр сонгуульд оролцох гэж байгаа нь үйл ажиллагаанаас нь тодорхой харагдах боллоо. Үүнийг намын генсек нь олон фракцуудынхаа учрыг олоод намынхаа даргатай гар нийлж ажиллаж байгаагийн илрэл гэж хэлж болохоор. Нөгөөтэйгүүр нам дотроо хүн болгонтой уулзаад, фракц болгоны аяыг тааруулж чаддаг хүн л Ардчилсан намыг эвтэй байлгана.

Тэр утгаараа нэг хэсэг бусдын хэл амны бай болоод байсан генсек Э.Одбаярын хувьд олон фракц, бүлэглэлтэй энэ намын эв нэгдлийг түүртэлгүй ханган ажиллаж чадаж байгаа юм биш үү. Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд намын даргатай гар нийлж ажиллаж чадаж байгаа бол Лу.Гантөмөр зөв хүнээ намынхаа генсект томилсон бололтой.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Булгамаа: Санал авах өдөр байгууллага ажилтнууддаа чөлөө олгож, сонгох эрхийг нь эдлүүлэх үүрэгтэй DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны газрын дарга Н.Булгамаатай ярилцлаа.


-Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил ямар шатандаа үргэлжилж байна вэ?

-“Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах хуваарь”-ийн дагуу бэлтгэл ажил үргэлжилж байна. Сонгуулийн ерөнхий хорооны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий Төв комиссыг Гадаад харилцааны яамны саналыг харгалзан 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Төв комисс тавдугаар сарын 6-гаас өмнө Дипломат төлөөлөгчийн газруудын дэргэд салбар комисс байгуулна. Түүнчлэн УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороог иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн саналыг харгалзан дарга, нарийн бичгийн дарга болон долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, зарим гишүүдэд сургалт зохион байгуулаад байна.

-Хотод хаягтай ч хөдөө ажилладаг олон мянган хүн бий. Сонгуулийн үеэр үндсэн хаяг дээрээ байхгүй иргэд сонгох эрхээ хэрхэн эдлэх вэ?

-Байнга оршин суугаа хаягнаасаа өөр газар ажилладаг иргэд сонгуульд саналаа өгч чаддаггүй асуудал яах аргагүй байгаа. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооноос байнга оршин суугаа хаягаасаа өөр газарт ажиллаж буй сонгогчдын сонгох эрхийг хангах Ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Хүний эрхийн үндэсний комисстой хамтраад 21 аймагт ажиллаж, орон нутгийн удирдлага, уул уурхайн компанийн удирдлагуудтай уулзалт хийсэн.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.16 дахь хэсэгт “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, ажил олгогч ажилтан, ажилчдынхаа сонгох эрхийг хангахаар хуульчилсан. Хуулиар хүлээсэн үүргээ ажил олгогчид биелүүлэх ёстой.

-Уул уурхайн компанийн удирдлагуудтай уулзсан гэлээ. Хуульд заасан үүргээ гүйцэтгэнэ гэдгээ илэрхийлсэн гэсэн үг үү?

-Байнга оршин суугаа газраасаа өөр газар ажилладаг иргэдийн олонхыг ачаа тээвэр болон уул уурхайн компанийн ажилчид эзэлдэг. Ачаа тээврийн салбарын 800 шахам аж ахуйн нэгж, компанид 23500 гаруй иргэн ажилладаг судалгааг салбарын яамнаас ирүүлсэн.

Уул уурхайн буюу эрдэс баялгийн салбарын 295 аж ахуйн нэгжийн 38.258 үндсэн ажиллагсдын 19743 орон нутгаас, 18515 бусад газраас, 29,657 гэрээт ажиллагсдын 7.583 нь орон нутгаас болон 22.074 ажиллагсад бусад газраас ажилладаг байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт байнга оршин суугаа хаягнаасаа өөр газар ажилладаг 40589 үндсэн болон гэрээт ажилтан байдаг юм.

Уул уурхайн компаниуд орон нутгийн удирдлагуудтай нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх гэрээтэй ажилладаг. Ажилчдынхаа сонгох эрхийг хангах чиглэлээр гэрээндээ тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангахыг орон нутгийн удирдлагуудад зөвлөсөн. Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах “Оюу толгой” ХХК-ийн орон нутгийн харилцааны төлөөлөл, хэлтсийн менежертэй уулзаж, сонгох эрхийг хангах талаар мэдээлэл солилцож, хамтран ажиллахаар болсон. Тус компанийн хувьд 17.800 орчим монгол хүн ажилладгаас 15.900 нь байнга оршин суугаа газраасаа өөр буюу Ханбогд суманд очиж ажилладаг. “Оюу толгой” компанийн холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийхэд ажилтнуудтай хийх уулзалт, сургалтыг зохион байгуулахад хамтран ажиллая гэсэн. Санал авах өдөр ажилтан, ажилчдадаа чөлөө олгох чиглэлээр санал хүргүүлсэн.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.16 дахь хэсэгт заасан “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.” Зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах үүднээс уул уурхай, эрдэс баялаг болон ачаа тээврийн компаниудыг нэгтгэсэн уулзалт зохион байгуулахад хамтран ажиллаач гэдэг хүсэлтийг салбарын яамдад нь тавиад байна. Зам тээврийн яамнаас тээврийн компаниудын удирдлагуудыг оролцуулсан уулзалтыг энэ сарын 26-ны өдөр хамтран зохион байгуулахаар болсон. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс Ашигт малтмал, газрын тосны газар руу чиглүүлсэн байдалтай л байна.

Иргэний сонгох эрхийг хангуулах үүднээс өнгөрсөн хоёрдугаар сараас хойш холбогдох яам, орон нутгийн удирдлага, уул уурхай, зам тээврийн компаниудтай хамтран ажиллахаар хөөцөлдөж байгаа. Уул уурхайн компаниуд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.

-Гадаад улсад байгаа иргэд хэрхэн яаж саналаа өгөх тухай мэдээлээч. Тухайлбал, гадаадад байгаа иргэд нам дугуйлах уу, нэр дэвшигч дугуйлах уу?

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэж өөрчлөн найруулсан. Улмаар Гадаад улсад байгаа иргэд хувь тэнцүүлэх /пропорционал/ аргаар нам, эвсэлд саналаа өгснөөр УИХ-ын 48 гишүүнийг сонгоход саналаа өгч сонгуульд оролцох боломжтой болсон.  Сонгуулийн ерөнхий хорооны саналаар гадаад улсад байгаа иргэдийн санал авах өдрийг 2024 оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр байхаар УИХ тогтоосон.

Гадаад улсад байгаа иргэд сонгуульд оролцохоо Дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэж, сонгогчдын н эрийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлтээ гаргах юм. Хүсэлтээ 2024 оны зургадугаар сарын 15-ны өдрөөс өмнө биечлэн эсхүл утсаар, цахим шуудангаар гаргах боломжтой. Улмаар 2024 оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрийн аль нэгэнд нь тухайн улсынхаа цагаар 07:00-22:00 цаг хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт байрлах санал авах байранд очиж санал өгнө.

Гадаад улсад байгаа иргэдээс санал авах тухай мэдээ, мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороо, Төв комисс Дипломат төлөөлөгчийн газраар хүргэхээс гадна олон улсын байгууллага, хилийн чанад дахь монголчуудын холбоо, төрийн бус байгууллагатай хамтран түгээхээр ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар, НҮБын Шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран энэ сарын 16-ны өдөр зохион байгуулсан “Диаспора нээлттэй форум: Монгол Диаспора, эргэн суурьшигчХөгжлийн шинэ гарц”  форумын “Хилийн чанад дахь иргэд Монгол Улсын болон бүс, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах нь” сэдэвт хэлэлцүүлэгт мэдээлэл өглөө. Мөн “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл”-ийн удирдлагуудтай уулзаж гадаад улсад байгаа иргэдээс санал авах тухай мэдээ, мэдээллийг тус холбоод болон бусад олон нийтийн байгууллагатай хамтран боломжит бүх сувгаар түгээхээр ярилцаж, хамтран ажиллахаар тохирсон юм. энэ мэт боломжит бүх хувилбараар мэдээлэл түгээхээр ажиллаж байна.

-Сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчид хэзээ тодорхой болох вэ?

-Үндэсний аудитын газарт 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Бие даан нэр дэвшигчид энэ сарын 22-24-ний өдөр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлнэ.

Нам, эвсэл энэ сарын 26, 27, 28-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороонд сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлнэ. Хүсэлтийг хүлээж авах Ажлын хэсэг байгуулаад бэлтгэлийг хангаж байна. Нам, эвслийн хүсэлтийг хүлээж авснаас хойш тав хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороо бүртгэх эсэх шийдвэр гаргана.

Categories
мэдээ улс-төр

Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ DNN.mn

Үндэсний аудитын газарт өнөөдөр /2024.04.23/-ны байдлаар 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ. Тодруулбал, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчийн  мөрийн хөтөлбөрийг хянаж, дүгнэлт гаргахаар Үндэсний аудитын газарт хүлээн авч эхэлсэн бөгөөд бие даан нэр дэвшигч 23 хүн мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу бие даан нэр дэвшигчид аудитын байгууллагад дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хүргүүлэх хуулийн заалттай. Тиймээс Үндэсний аудитын газар өнөөдрөөс /2024.04.22/ бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хянаж дүгнэлт гаргахаар хүсэтийг хүлээн авч эхэллээ.  Бие даагдын мөрийн хөтөлбөрийг дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн  00:00 цаг хүртэл хүлээн авах аж.

 Бие даан нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөрийнхөө эхийг хэвлэмэл байдлаар гурван хувийг дугтуйнд хийж битүүмжлэлтэйгээр авч очих ба мөн цахим хэлбэрээр хүргүүлэх юм.

Биечлэн очих боломжгүй тохиолдолд мөрийн хөтөлбөрийн хуудас бүрд гарын үсгээ зурж, иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар эсвэл хүчин төгөлдөр цахим лавлагааг хавсаргаж шуудангаар хүргүүлэх боломжтой.

Бие даан нэр дэвшигч нь аудитын байгууллагатай итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан харилцах бол нотариатаар баталгаажсан итгэмжлэлтэй байх, итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдсон бол тухай бүрд нь мэдэгдэх аж. Тухайн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлага хангаагүй тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дүгнэлт гаргуулахаар дахин хүргүүлнэ.