Categories
мэдээ улс-төр

Бие даан нэр дэвшигчид 800-аас дээш иргэний гарын үсэг цуглуулна DNN.mn

УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 14-20-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Үүнтэй холбогдуулж Сонгуулийн ерөнхий хороо холбогдох байгууллагуудтай хамтран өнөөдөр бие даан нэр дэвшигч нарт зориулсан сургалт явуулав. Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сангийн www.e-election.mn цахим системийг ашиглаж нэр дэвшигч нь бүртгүүлэхийн зэрэгцээ баримт бичиг болон нэр дэвших хүсэлтээ илгээх боломжтой.

Мөн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг цуглуулах аж. Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх талаарх тодорхойлолтыг etax.mta.mn цахим системээс авна.

Хөрөнгө орлогын мэдүүлгийг meduuleg.iaac.mn цахим системд үүсгэн мэдүүлж, баталгаажуулдаг болохыг Татварын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газраас мэдээлсэн юм.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал улс-төр

Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Өнөөдрийн эрх баригчдын үг, үйлдэл усан дээр тогтсон хөөс мэт байгаа DNN.mn

АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн, Намын даргын Ажлын албаны дарга Э.Галбадралтай ярилцлаа. Түүнийг Дүнжингаравын дэргэдэх аймшигт галд өртсөн гэдгээр нь хүмүүс мэднэ. Бээжингийн Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж ирээд намын ажилдаа ханцуй шамлан орсон түүнтэй ярилцахад сонирхолтой байлаа. Түүнээс тийм нэг эр зориг, амьдралын үнэ цэн, ардчиллын төлөө гэсэн зүрх сэтгэл мэдрэгдэж байсныг онцолъё


-Энэ хаврын Монголын нийгмийн шуугиан болсон “Дүнжингаравын гал”-аас амьд гарсан хүмүүсийн нэг нь та. Энэ тухайгаа ч та нийгэмд ярих шиг болсон. Ер нь л хүнд хэцүү аюулыг давах шиг боллоо доо?

-Айхавтар гал дундаас амьд гарч ирлээ. Хүмүүст сэрэмж болох болов уу гэдэг үүднээс гал усны аюул, газ хийн талаар олон үзэгчтэй лайваар орж, зарим нэг сайтад ярилцлага өгсөн. Хүмүүст хэрэг болох байх гэж. Эрсдэл бидний хэнийг ч ялгалгүй дагаж явна. Гэхдээ энэ сэдвээр дахин дахин ярих нь хүнд байна. Ер нь бол би Бээжингийн Цэргийн төв эмнэлэгт найман удаагийн хагалгаанд орлоо шүү дээ. Миний хувьд хүн болоход хэцүү л байсан байх. Гэхдээ босоод л ирлээ. Өнөөдөр ингээд тантай ярилцаад сууж байна.

-Энэ бүгдийг даван туулна гэдэг амаргүй байх. Гэхдээ л та давж чадлаа. Юу танд хүч болов?

-Ер нь л сэтгэл зүй, сэтгэлийн хатаараа л давж байна. Нэг л зүйлийг сайн ойлгосон. Эр хүн ямар ч бэрхшээлийг эр зоригоор л даван туулдаг юм байна. Бүтэн 70 хоног эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа юу эсийг бодох билээ. Гэхдээ би эмнэлгийн орон дээрх 30 дахь хоногоос нь эхлээд эх орон руугаа ярьж эхэлсэн. Эхнэр хүүхэд, ах дүүс, найз нөхөд, за тэгээд Ардчилсан намынхаа журмын нөхөдтэй шууд л ажил төрөл, амьдрал ахуйгаа ярьж эхэлсэн дээ. Миний маргааш хэрхэх нь тодорхойгүй тийм л хүнд өдрүүдэд би эдгэх эсэх тухайгаа биш, харин маргааш хийх ажлаа төлөвлөж, ярьж эхэлсэн. Ингэж байж л босч ирнэ гэдгээ мэдсэн. Хэрвээ өвчнөө бодоод, өвдөж шаналж байгаадаа нервтээд хэвтэж байсан бол өнөөдөр би энд ажлаа хийгээд сууж байхааргүй байсан.

-Та эмнэлгийн орон дээрээс ямар ажил амжуулж байв?

-Олны итгэл хүлээсэн маш их ажил байсан. Тухайлбал, АН маань шинэ бүтэц зохион байгуулалтаар ажлаа ид өрнүүлж, намын дарга Лу.Гантөмөрийн зүгээс надад том итгэл хүлээлгэн АН-ын даргын Ажлын албаны даргад томилсон цаг үеийн эхлэл байлаа. Дээрээс нь би төрийн өмнө ч үүрэг хүлээсэн хүн. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн намууд хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна. Ард түмний эв нэгдэл, нийгмийн сэтгэл зүй тогтвортой байх үндсэн шалтгаан өнөөдрийн тухайд улс төрийн намуудаас маш их хамааралтай. Монгол Улсын ирээдүй хөгжлийн төлөө тэднийг зарчмын нэгдсэн байр суурьтай байлгахад миний үйл ажиллагаа чиглэж ирсэн. Улс төрийн намууд мэдээж өрсөлдөгчид. Нэгнээ шүүмжлэгчид. Энэ нь ардчиллын зарчмаар ил тод явагдана. Харин улс орны тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, Үндэсний үзэл, шашин соёл… гээд тодорхой үнэт зүйлүүд дээр бүх улс төрийн хүчин нэгдмэл байх нь Монголын оршин тогтнохын үндэс. Сүүлийн хэдэн жил ийм л үнэт зүйл, зарчим дээр миний бие Ардчилсан нам дотор ч тэр, Монгол Улсын төрийн тэргүүний дэргэд ч мэдлэг боловсрол, оюун бодлоо чилээн, хичээн ажиллаж байгаа.

-Та харьцангуй залуу хүн ч төрийн болоод олон нийтийн байгууллагын ажлын туршлага ихтэй харагддаг?

-Ер нь л багаасаа нийгэмд ажилласан шүү. Монголын оюутны холбооны Оюутны хөдөлмөрийн биржийн захирлаас эхлээд Монголын оюутны холбооны ажлын албаны дарга, дараа нь УИХ-ын Тамгын газарт референт хийж байлаа. Мөн “Мон-Атом” төрийн өмчит ХХК-ий Стратегийн хөгжлийн газрын даргаас гүйцэтгэх захирал хүртэл ажилласан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга, Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суух Ерөнхий консул, “Нийслэл групп” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байлаа. Одоо бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, мөн АН-ын даргын Ажлын албаны даргаар ажиллаж байна. Улс төрийн орчинд бол би Багахангай дүүргийн АН-ын даргаар идэвхтэй ажилласан хүн шүү дээ. Намын бага, дунд шатанд ажиллах нь улс төрийн маш их туршлага болдог.

-Гадаадад эмчлүүлж байгаад ирсний дараа та голлон ямар ажил дээр төвлөрч байна вэ?

-АН-ын даргын Ажлын албаны даргыг аваад удаагүй байхдаа аюултай юманд өртлөө шүү дээ. Гэхдээ санасан сэдсэн, эхлүүлсэн, зохион байгуулсан олон ажил энд үлдсэн байсан. Зарим хүмүүс хэтэрхий хэнээтэй юм гэж бодож байж ч магадгүй. Яг үнэндээ эмнэлгийн орон дээр наадах цаадахыг бодож, төвлөрөхтэйгөө болсон мөчөөс эхлэн би намын ажилдаа л анхаарч эхэлсэн. Ойр байсан хүмүүс бүгд мэднэ дээ. АН-ын хамгийн том үйл хэрэг бол ардчилсан нийгэм, ардчиллын үнэт зүйлүүдийг л хамгаалах. Тийм нийгмийг бүтээх баталгаа нь Ардчилсан нам байх ёстой. Энэ бол миний хувьд үндсэн зарчим минь.

Ингээд намынхаа нөхөдтэйгөө, журмын нөхөдтэйгөө, хамтран зүтгэгч нартайгаа боломжит бүх сувгаар харилцаж ажил төрлөө ярьж, хийж, үргэлжлүүлж байлаа.

Би ер нь ажлын хэнээтэй хүн. Намайг Бээжингийн Цэргийн эмнэлэгт хэвтэж байхад Монголд таэквондогийн өндөр зэрэглэлийн тэмцээн зохион байгуулагдах гэж байсан. Би Монголын таэквондогийн холбооны ерөнхийлөгч. Тиймээс би зохион байгуулалтын бүх бэлтгэл ажилд оролцох ёстой. Удирдан зохион байгуулах үүрэгтэй. Би хүний нутагт эмнэлгийн орон дээр хэвтэж байгаа ч өөрт байгаа бүх нөөц боломжоороо энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Онгоцноос Монголдоо буугаад л толгой тархи, гар хуруу битүү боолттой амьтан тэмцээний нээлтийнх нь арга хэмжээнд оролцсон. Дараа нь шууд намынхаа байранд ирж, намын даргатай уулзаж ажилдаа идэвхтэй орсон.

-Ийм аюултай эрсдэлийн ард гарсны дараа Монголдоо буухад, журмын нөхөдтэйгөө уулзахад танд ямар байв?

-Ийм аймаар юмны ард гараад ирж байгаа ямар ч монгол хүнд эх орных нь бүх зүйл сайхан харагддаг. Бидний өнөөдөр дотроо шүүмжлээд, зүхээд, муу муухайг нь дуудаад байгаа бүх зүйл үнэ цэнтэй харагддаг. Ийм мэдрэмжийг тийм аймаар юмыг туулаад ирсэн хүн л хэлэх байх. Өнөөдөр надад юу бодогдож байна гэхээр бидэнд байгаа бэрхшээл бүхэн асуудал биш. Зүгээр л бидний шийдэх ёстой, давах ёстой ердийн л зүйл. Ер нь нийгэм, улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн орчин дахь өнөөдрийн шуугиан болж байгаа сэдэв бүхэн над шиг улс төрийн орчинд явдаг, үхлийн хаалган дээрээс буцаж ирсэн хүнд маш энгийн, асуудалгүй даван туулах тийм л процесс болж харагддаг юм байна.

Ер нь бол улс орны хувь заяа ч тэр, хувь улстөрчийн замнал ч тэр эхэнд нь эр зориг явах ёстой юм байна. Тэгж байж аливааг даван туулдаг юм байна. Өнөөдөр надад нэг их айдас байхгүй болсон доо. Монголын ардчиллын төлөө хэлэх ёстой үгээ хэлж, хийх ёстой ажлынхаа ард заавал гарах ёстой л юм байна. Энэ нь надад шинээр нэмэгдсэн нэг зарчим.

-Та өнөөдрийн эрх баригчид, МАН-ын бодлого үйл ажиллагааг яаж харж байна?

-Эрх баригчид яриад л байна. Магадгүй ярьсан болгон нь шуугиан болоод л байх шиг байна. Энэ нь нэг талаасаа авлига, албан тушаалын гэмт хэрэг, хууль бус үйлдэлтэй тэмцэж байгаа мэт харагдаж болно. Бодит үр дүн нь хаана байгаа юм бэ. Нүүрсний хулгай үнэхээр авлигын үүр уурхай мөн л байсан юм бол хуулийн хариуцлага хүлээх этгээдүүдээс ганц хоёрхон хүнд, ганц хоёр жилийн ял өгснөөр дуусах ёсгүй. Нийгэмд хүчээ авснаараа бол армиараа биш юм аа гэхэд ядаж салаагаараа ял авах ёстой. Тийм ноцтой гэмт хэрэг байгаагүй юм уу. За тэгээд, ЖДҮ-гийн, Хөгжлийн банкны, “Ногоон автобус”-ны гэх дуулиан шуугиан болсон гэмт үйлдлүүд үнэхээр авлига, гэмт хэрэг мөн л юм бол хуулийн хариуцлага хэн хүлээгээд байгаа юм бэ. Ямар ч албан тушаалтан хуулийн хариуцлага хүлээсэнгүй шүү дээ. Ер нь бол өнөөдөр ард түмэн сонголтоо дотроо хийчихсэн. Энэ бол бодитой. Захын нэг үсчний газар ороод суухад л “Энэ удаа МАН-ыг сонгож тэнэгтэхгүй ээ” гээд залуус яриад сууж байна. Хандлага бол маш энгийнээс мэдрэгддэг. Өнөөдрийн эрх баригчдын энэ их сүртэй үг, үйлдэл, шуугиантай пиарууд бол усан дээрх хөөс юм. Үлээхэд л алга болно. Үүнийгээ ч МАН дотроо мэдэрч байгаа. Мэдрэх тусмаа АН руу улайран дайрч байна. Гэтэл АН бол эрх баригч биш. Найман жил гудамжинд явж байгааг бүгд мэднэ. Ийм улс төрийн хүчинтэй ямар хариуцлага тооцох гээд байгаа юм бэ.

-Таны ажил цаг наргүй их байх шиг байна. Тиймээс аль болох ярилцлагаа товчилъё. Ер нь энэ жилийн сонгуулийн өнгийг та яаж харж байна?

-Шулуухан хэлье. АН-ын юуг нь шүүмжлэх юм бэ. АН ямар хариуцлага хүлээх ёстой гэж. Эрх баригчид, шийдвэр гаргагчдаас л хариуцлага нэхдэг болохоос эрх бариагүй хүмүүсээс хариуцлага нэхдэггүй. Ер нь өнгөрсөн 30 жилийн засаглалын эрх мэдэл хэний гарт байсан юм бэ. Өнгөрсөн бүх цаг хугацааны 80 хувьд нь МАН л эрх барьж байгааг ард түмэн мэднэ. Ерэн оноос хойших 30 жилийн Монголын хөгжил цэцэглэлтийн царцалт, гацалт, болж бүтэхгүй бүхний хариуцлагыг сөрөг хүчин нэртэй 30 жил шахуу гудамжинд явсан АН хүлээх ёсгүй. Сүүлдээ бүр шүүмжлэл бүхэн, буруу булхайгийн үүр уурхай бүхэн АН болох шинжтэй. Нийгмийн сэтгэл зүйг тэгж угааж байна. Өнөөдрийн бузар булай бүхнийг өөрөөсөө зайлуулах, бултуулах ёс суртахууны эрх МАН-д байх ёсгүй. Үүнийг л ард түмэн маань тогтож бодох ёстой. Сайн тунгаах хэрэгтэй. Сонгогчид үүнийг бодож сонголтоо хийх ёстой.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ улс-төр

АН-аас МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд албан шаардлага хүргүүллээ DNN.mn

Ардчилсан нам МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд албан шаардлага хүргүүллээ.

УИХ-ын ээлжит сонгууль ойртсонтой холбоотойгоор эрх баригчдын зүгээс ямар ч хамаагүй аргаар сонгуульд ялалт байгуулах хар технологи ашиглаж эхэллээ.

Өнгөрсөн найман жилийн хугацаанд тасралтгүй, үнэмлэхүй байдлаар эрх барьсан тэд олон нийтэд хийсэн ажил, алдаа, оноогоо дүгнэн тайлагнах учиртай. Гэвч эрх баригчдад хийсэн ажил, хэлэх үг алга. Өнгөрсөн найман жилд өглөө бүр нэг шинэ санаачлаг, өдөр бүр нэг шинэ хөтөлбөр ярьж ард түмний амьдралд чирэгдэл учруулдаг болсноос харвал эрх баригчид үзэл санаа болон бодлогын мухардалд хүрчээ. Тиймээс Ардчилсан намыг харлуулах ажлыг эрх баригчид эрчимтэй хийж эхэллээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон даяар нэгэн зэрэг захиалгат нэвтрүүлэг цацдаг болов.

Үүнтэй холбоотой сөрөг хүчин, иргэд,олон нийтийн төлөөл, татвар төлөгчдийн мөнгийг сонгуулийн хар мэдээ, мэдээлэл болгон цацахаа зогсоохын шаардан энэ шаардах бичгийг хүргүүлж байна. Шаардлагын хариуг хоёр хоногийн дотор ирүүлэхийг шаардлаа.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Номингэрэл: Үндсэн хуулиар тогтоосон тогтолцоог МАН өөрсдийн эрх ашигт нийцүүлэн ил, далд хэлбэрээр нурааж байна DNN.mn

Үндсэн хуулийн эрх зүй судлаач Хуягийн Номингэрэлтэй ярилцлаа.


-МАН эрх барьж буй найман жилийн хугацаандаа Үндсэн хуульд гурван удаа нэмэлт оруулсан. Хамгийн сүүлд орсон нэмэлтээр тогтолцооны өөрчлөлт хийж чадлаа хэмээн тайлбарлацгаадаг шүү дээ. Үндсэн хууль судалдаг хүний хувьд та үүнтэй санал нийлэх үү?

-Ардчилсан Үндсэн хууль хэрэгжээд 30 гаруй жил болж байна. Энэ хугацаанд орсон нэмэлт, өөрчлөлтүүдийг харахад парламент ба засгийн газрын хоорондын хяналт тэнцлийн асуудал гол сэдэв болсоор иржээ. 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр шүүх засаглалтай холбоотой зохицуулалтаар ахиц гарсан боловч хэрэгжилтийн түвшинд асуудал байсаар байна. Орон нутгийн өөрөө удирдах чиглэлд орсон өөрчлөлтийг хэрхэн ашиглах гэж байгаа нь одоо л тодорхой болох гэж байх шиг байна. Тухайн үед олон нийтийн анхаарлын гадуур байсан өөрчлөлтүүдийн нэг л дээ.

Ерөнхийдөө хэвтээ буюу УИХ, засгийн газар, Шүүх гурав хэрхэн харилцах, босоо буюу төв засгийн газар орон нутгийн удирдлага хэрхэн харилцах, ямар асуудлыг шийдвэрлэх вэ гэсэн хоёр түвшний эрх мэдлийн хуваарилалт Үндсэн хуулийн хувьд суурь шинжтэй үзэл баримтлал байдаг.

Хэвтээ эрх мэдлийн хуваарилалтын үүднээс эдгээр нэмэлт өөрчлөлтүүдийг одоо цогцоор нь харахад газар руу эрх мэдлийг нэлээд төвлөрүүлсэн. Тэр дундаа 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр энэ хийгдсэн. Тэр үед газар тогтвортой, хараат бус ажиллаж чадахгүй байна гэхчлэн зүй ёсны шаардлагууд байсан. Бид газартаа эрх мэдэл төвлөрүүлж өгч байгаа, түүнийг хянах УИХ-ын чадавхаа бас анхаарах ёстой. Ер нь нэг нам, Ерөнхий сайд засгаа ч, УИХ-аа ч хянаж байгаа тохиолдолд хүчтэй сөрөг хүчин, олон ургалч парламент ач холбогдол өндөртэй. Үүний тулд сонгуулийн тогтолцоо чухал болдог.

Гэтэл хоорондоо холбоотой механизмуудыг цогцоор хийхгүй байгаагаас нэг нам Монголын засгийн газар, УИХ хоёрыг зэрэг удирдаж байна. Баялгийн сангийн хуулийг дэмжээгүй гишүүнийг нэр дэвшүүлэхгүй гэж намын даргын байр сууринаас Ерөнхий сайд ярина гэдэг нь үүний нэг илрэл.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол асуудал байсаар ирсэн давхар дээлийн асуудал нэлээд хэл амтайгаар нэг талдаа гарсан, та энийг юу гэж үзэж байна?

-Өнөө давхар дээлийн асуудлаар гурван ч удаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орж, сүүлд Үндсэн хуулийн Цэцийг оролцуулж, хүчээр шахуу Засгийн газар бүтэн бүрэлдэхүүнээрээ УИХ-ын гишүүний ажлыг хавсран хийх боломжтой болсон. Үндсэн хуулийн Цэцийн 2022 оны 02 дугаар тогтоол УИХ 76 гишүүнтэй байх үед гарсан гэдгийг бид мартаж болохгүй. Хэрэв Үндсэн хуулийн суурь бүтцийн онолын дагуу асуудлыг шийдвэрлэж байгаа бол Үндсэн хуулийг бусад зүйл заалттай нь холбож тайлбарлах ёстой. Өөрөөр хэлбэл, давхар дээл ба УИХ-Засгийн газрын хяналт тэнцлийн асуудлыг 76 гишүүн дотор нь авч үзэх ёстой байтал цаашид УИХ-аа томруулаарай гэсэн утгатай заалт дурдаж байгаад хэдэн ч гишүүн давхар дээлтэй байж болох хувилбарыг сэргээсэн нь Үндсэн хууль тайлбарлах аргын хувьд маш бүдүүлэг, алдаатай зүйл болсон.

Үндсэн хуулийн Цэцийн энэ шийдвэрийг би хувьдаа Үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд гэхээсээ улс төрийн үүрэг даалгавартай шийдвэр болсон гэж үздэг. МАН-ынхан сайдын суудлаар бялуу хуваарилах, намын дотоодод өрсөлдөөн, асуудлуудаа шийдвэрлэхийн тулд цаашид Үндсэн хуульд гар хүрчээ гэж ойлгогдож байгаа.

-Та түрүүн сонгуулийн тогтолцоо чухал гэлээ. 2023 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 128 болгож, сонгуулийн тогтолцоог 78/48 хэмээн хуваарилсан. Ийн Үндсэн хуулиар зохицуулж байгааг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Хувь тэнцүүлсэн тогтолцоог Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн өмнөх дүгнэлтээ Үндсэн хуулийн Цэц 2022 онд хүчингүй болгосон. Ингэхдээ мөн 2019 оны нэмэлт өөрчлөлтийг Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, түүний хувилбарыг сонгон хуульчлах хууль тогтоогчийн буюу Улсын Их Хурлын бүрэн эрхийг баталгаажуулсан гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцоог заавал Үндсэн хуулиар биш хуулиар байж болохыг дүгнэсэн гэсэн үг. 2023 оны нэмэлт өөрчлөлтийн гишүүдийн тоог нэмэх, холимог тогтолцоог баталгаажуулсныг бол дэмжиж байсан. Гэхдээ мажоритар, хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгох гишүүдийн тоог хэт нарийвчлан заасан үндэслэл нь хангалтгүй бөгөөд цаашид дахин Үндсэн хуульд гар хүргэхэд хүргэх вий. Үндсэн хууль урт хугацаанд аль болох өөрчлөгдөхгүй байж тодорхой системийг хэвшүүлдэг.

Харин анхаарал татаж буй асуудал тойргийн хэмжээ, мандатын тоо эрх баригчдаас хэт хамааралтай байна. Ер нь цаашид эрх баригчид энэ байдлаар тойргийг сонгууль тулсан хойно УИХ-ын тогтоолоор хуваарилах юм бол өөрсдөдөө ашигтай байдлаар тойргоо томруулж, жижигрүүлээд мандатын тоогоо нэг олшруулж, багасгаад байна. Ядаж хуулиар үүнийг шийддэг болбол ээлжит сонгуулиас нэг жилийн өмнө өөрчлөлт оруулахгүй Үндсэн хуулийн хамгаалалтад орно. Сонгох, сонгогдох үндсэн эрхийг хэрэгжүүлэх, эрх баригч сөрөг хүчинд аль алинд нь шударга өрсөлдөх боломжийг бий болгохын тулд аль болох эртнээс тодорхой тоглоомын дүрэмтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасан “сонгуулийн журмыг хуулиар тогтооно” гэсэн заалтад энэ тойргийн хэмжээ, мандатын тоог шийдвэрлэх асуудлыг багтааж ойлгох талаар бодолцож, судлах хэрэгтэй.

-Энэ өөрчлөлтөөр бий болсон томсгосон тойрог нь манай өнөөгийн нөхцөлд хэр зохимжтой вэ?

-2023 оны арванхоёрдугаар сард УИХ-ын тогтоолоор тойргийн хэмжээ, мандатын тоог баталсан. Ингэхдээ маш харьцангуй тойргуудыг тогтоож, үүгээрээ 6 сарын өмнө баталсан УИХ-ын сонгуулийн хуультайгаа уялдаагүй, ялангуяа сонгогчдын сонгох эрх, мөн нэр дэвшигчид ч сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд маш төвөгтэй байдлыг үүсгэсэн. Тойргийн хэмжээг ингэж огцом том болгосон нь зардлыг асар ихээр өсгөж, иргэд ч сонгох гээд байгаа нэр дэвшигчдээ таньж сонгох боломжгүй болгож байгаа юм.

Нөгөө талаар сонгох эрхийн хэт тэгш бус байдалтай болгосон. Налайхын нэг иргэн УИХ-ын 2 гишүүнийг сонгох сонголт байхад Төв аймгийн нэг иргэн 10 гишүүний сонголт хийх боломжтой. Мөн орон нутагт 54 мандат, хотод 24 гэж хуваарилсан. Гэтэл хүн амын тоо нь ойролцоо. Гол асуудал нь тойргийн хэмжээг ийнхүү сонгууль болгоныг угтан цаг тулсан хойно, тогтоолоор хүссэнээрээ өөрчлөөд байх юм бол эрх баригчдад ашигтай жерримандеринг үргэлжилсээр л байна.

Bloc voting буюу олон мандаттай том тойрог нь нэг тал руугаа хэт савладаг гэж үздэг. Улс төрийн намуудын барьж байгаа тактик ч гэсэн “зөвхөн нэг намаа тэр чигээр нь бөглөнө” гэсэн байдлаар хандаж байна. Нэг талаар хэт том тойргуудад хувь нэр дэвшигчийг сонгох гэхээсээ илүү намын эффект л гарах болов уу. Тэгэхээр парламент засгийн хяналт тэнцлийн үүднээсээ харвал хувь тэнцүүлсэн төлөөлөл бага, тойргийн хэмжээнээс хамаарч санал гээгдэл ихтэй байвал хүчтэй сөрөг хүчин, олон ургалч парламент бүрдэх амаргүй л болов уу.

-Хэвтээ түвшний эрх мэдэл хуваарилалтын тухай та хөндсөн. Засгийн газраас сая өргөн барьж байгаа Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл энэ асуудалтай холбоотой юу?

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжихийг Үндсэн хуульд заасан. Ер нь 2000-аад оноос хойш төрийн нийтлэг үйлчилгээнүүдийг орон нутгаас аль болох аваад төв засгийн газар руу авчирч ирсэн. Орон нутагт маш бага эрх мэдэлтэй болсон, улам л төв засгийн газарт эрх мэдэл төвлөрсөөр байна.

Одоо УИХ-аар хэлэлцэх гэж буй Хот тосгоны эрх зүйн байдлын шинэчилсэн найруулгын төслөөр аймгийн төвүүдийг хот болгоно, Улаанбаатар хотын дүүргүүдийг жижиг хотуудад задална хэмээж байна.

Үндсэн хуульд заасан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж маань нийслэл, аймаг, сум, дүүрэг хэвээрээ, үүгээр дамжсан төрийн, төсвийн эрх хэмжээ, чиг үүргийн хуваарилалт байгаа. Хэрвээ Ерөнхий сайд, Нийслэлийн даргын яриад байгаа шиг эдгээр хотууд нь төсөвтэй, өөрийн татвар хураамжтай, сонгуулиар гарах зөвлөл, захирагчтай байх бол Үндсэн хуультай зэрэгцсэн системийн асуудал үүсгэж байна. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж доторх хот гэж ойлгоод аймгийн төвийн хотууд аймгийн Засаг дарга, ИХТ-аас эрх мэдлийг авч өөрсдийнхөө хөгжинө гэвэл цаашид сумдын асуудал яах вэ, одоо хийгддэг эдийн засгийн хуваарилалт өөрчлөгдөх, сумдаас аймагт улам төвлөрөх асуудал гарч мэднэ. Нийслэлийн хувьд эдийн засгийн гол суурь нь баруун 4 замаас, зүүн 4 зам, 32 тойргоос зайсан, яармаг хавийн хэсэг шүү дэ. Эдийн засгийн суурьгүй захын олон жижиг хот, ерөнхийдөө гэр хороолол ба нийгэм соёлын үйлчилгээ, ажлын байр төвлөрсөн байшин орон сууцтайгаар нь тусад нь эдийн засгийн бүтэц болговол цаашид баян хоосны ялгаа юу болох бол.

Хотын болон Нэгжийн хуулиа өөрчилсөн ч Үндсэн хуулийн зөрчил хэвээр үлдэнэ. Ер нь босоо эрх мэдлийн тогтолцооны түвшний асуудал хөндөх гэж байна. Энэ мэтээр нийгмийн өргөн хүрээний хэлэлцүүлэг, зөвшилцөл шаардсан Үндсэн хуулийн суурь бүтцийг магад хөндөх асуудал яригдаж байна гэж үзэж байна. Засгийн газраас “20 минутын хот” гэх эрх зүйн шинэчлэл гэж байгаа ч иргэд зөвхөн төрийн үйлчилгээний төлөө нийслэл хотод зорчдоггүй. Нийгэм, соёл, эдийн засгийн харилцаанд орохын тулд зорчиж байгаа. Төрийн үйлчилгээг хуваарилчихаар зорчихоо больчихно гэсэн зүйл байхгүй. Өмнө дурдсан шиг Нийслэлийн дүүргүүдийн эрх мэдлийг жижиг хотуудад хуваарилах нь эргээд Улаанбаатар хотын засаг даргад төсвийн эрх мэдлийг төвлөрүүлэх байх гэж харж байна.

Ийм хэмжээний өөрчлөлтийг Үндсэн хуулийг өөрчилж хийнэ. Бид ирэх сонгуулиар дахиад хэт олонхын гишүүд бүхий эрх баригчдыг үүсгэвэл Үндсэн хууль руу дахин халдах нь маш тодорхой харагдаж байна гэсэн үг. Учир нь Үндсэн хууль руу шууд халдсан зүйлийг Ерөнхий сайд санаачилж байна.

-Үндсэн хуулийг энэ мэтээр гажуудуулсан, дахин дахин өөрчилснөөс Монголын тогтолцоонд ямар урхаг үүссэн гэж та харж байна вэ?

-Дээрх ярьсан зүйлүүд ил тод процесс. Гэтэл дундуур нь Ковид цар тахлын үед Үндсэн хуулийн бус дэглэмтэйгээр хоёр жил болсон. Тухайн үед төсвийн нэгдсэн бодлого тэр чигтээ алдагдсан. Хүний эрхийг янз бүрээр зөрчсөн. Төрөөс өвдсөн хүмүүстэй ч, нийт иргэдтэй Үндсэн хуульд заасан хүний эрхийг нь үл тоож харилцсан. Онц байдал уу, гамшгийн байдал уу тодорхойгүй хууль зүйн орчинд энэ хугацаа өнгөрсөн.

Эрх мэдэл хэт төвлөрсөн, дур зоргоор аашилдаг засаг болон Ковид хоёр давхацсанаар Монгол Улс дарангуйлалд их дөхөж очсон. Ер нь төрийн эрх мэдэл Засгийн газар руу, мөн төв засаг руу төвлөрөх явцтай зэрэгцээд иргэний улс төрийн эрхүүд маш их хязгаарлагдсан байгааг хүн бүр анзаарч мэдэрч байгаа байх.

Мэдээлэл авах эрх нууцын тухай хуулиар маш их хязгаарлагдсан, ногоон автобус гэх мэтээр дүүргийн түвшний худалдан авалт хүртэл нууцад хамаарсан гэсэн мэдээ байна. Өнгөрөгч долоо хоногт зарлагдсан хэвлэлийн эрх чөлөөний индекс сүүлийн найман жилийн хугацаанд 49 байраар ухарчихсан байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрхэд цагдаа зүгээр утасдаад л халдаж байна, жагсаж цуглах эрх зөвшөөрлийн системтэй хэвээр, эвлэлдэн нэгдэх эрхийг хянах оролдлогууд байсаар байна.

Бодлогын нөлөөлөл гээд миний заадаг хичээл байдаг. Энэ хичээлийг олон бүлгүүдэд заах явцад нийгмийн бүх асуудлын шийдлийг бид УИХ, төв Засгийн газраас хүлээж байгааг анзаарсан. Иргэд өөрсдөө, бүлгээрээ, орон нутагтаа, мэргэжлийн өөрийн удирдах ёс, зах зээл өөрөө асуудлуудыг шийдвэрлэж байх ёстой. Хэрвээ бид ардчилсан улс мөн бол иргэд өөрсдөө, СӨХ, иргэдийн нийтийн хурлаараа асуудлыг шийдэж чаддаг байх хэрэгтэй. Гэтэл сүүлдээ СӨХ-г хүртэл хорооны засаг томилох тухай ярих болж, Иргэдийн нийтийн хурлыг сүүлийн 4 жил хотод лав хийгээгүй гэхэд хилсдэхгүй. Засгийн газар гэсэн хэдхэн хүнийг бид хараад суудаг боллоо. Тэдний эрх ашигт нь нийцвэл урагшаа явдаг, үгүй бол явдаггүй систем рүү орж байна. Үүнээс болж орхигдсон бүлгүүд ч ихтэй болно.

Авлига гаарч, ардчилал ухарч байгаа нь олон улсын янз бүрийн судалгаагаар гарч байгаад гайхах юмгүй. Ардчиллын олон төрлийн үзүүлэлтүүдээр хүний эрхийг хангадаг ардчилал биш, сонгуультай автократ улс руу ороход бэлэн улсын тоонд орчихсон байна. Манайх шиг нийтийн, хувийн эрх ашгаа ялгаж чаддаггүй газар эрх мэдэл төвлөрөх тусам авлига ихэснэ. Авлига ихсэх тусам хүний эрх хумигдана, нийгэм соёл, эдийн засгийн боломжуудыг хулгайлна, авлигачдыг хянах улс төрийн дуу хоолой, хэвлэл мэдээлэл, иргэний орон зайг хааж бооно гэдэг нь тодорхой.

Дүгнээд хэлэхэд, МАН өөрсдийн эрх ашигт нийцүүлэн нэг бол нэмэлт өөрчлөлт сорчлон оруулж, эсвэл хууль тогтоомжоор эрх мэдлийг өөрсдөдөө төвлөрүүлэн хүний эрхийг зөрчих замаар Үндсэн хуулиар тогтоосон тогтолцоог ил далд хэлбэрээр нурааж байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдөр:

•Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл

•Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж буй 300 МВт-ын цахилгаан станцын барилга угсралтын ажлын явц, цаашид авах арга хэмжээний талаар

•Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийн хэрэгжилтийн явцын тайлан

•Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн талаар зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна DNN.mn

УИХ-ын сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд эрх баригч намынхан элдвийн санаачилгууд их гаргаж байна. Мега төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд их хэмжээний мөнгө гаргах бололтой. Үүний нэг нь малчдыг хоршоожуулж, санхүүжүүлэх хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байна. Таван их наядын төсөвтэй энэ ажил “Шинэ хоршоо хөдөлгөөн” нэртэйгээр сүрхий идэвхжив. Бүхэл бүтэн улсын төсвийг тав хуваасны нэгтэй дүйцэхүйц асар их хөрөнгийг малчид руу цацах гэж байна. Уг нь сонгууль өнгөртөл иймэрхүү их хэмжээний мөнгөн дүнтэй томоохон төсөл хөтөлбөрүүд, шинээр гаргах бондуудыг зогсоомоор байгаа юм. Яагаад гэвэл сонгуульд хэн ялах нь тодорхой биш шүү дээ. Та нар ялагдвал яах вэ. Ялсан нам та нарын ажлыг үргэлжлүүлэн хийх баталгаа бий юү.

С.Баярын Засгийн газрын үед 2008 онд “Атрын III аян”-ыг сүр дуулиантай эхлүүлж байсан даа. Тэр үед тэнгэр газрыг нийлтэл хөдөлж байв. Тэгэхэд бид “Сонгууль дуустал энэ аяныг дагаж хөөрцөглөхөө азнаж хашир байцгаах хэрэгтэй” гэж ард түмэнд уриалж байсан. Яг өнөөдрийнх шиг сонгуулийн өмнө амлаж эхлүүлж байсан тэр ажил С.Баярын сонгуулийн шоу болж дуусахыг мэдэж байсан болохоор сонгогчдод сануулж байв. Тэр нь ч үнэн байжээ гэдгийг монголчууд дараа нь ойлгоцгоосон байх. Түүхэнд байхгүй хувьсал авчрах юм шиг л жигтэйхэн саагиж байсан “Атрын III аян” газар тариалангийн салбарыг доривитой хөгжүүлж чадаагүй. Ядаж л газар тариалан эрхлэгчдийн тоо нэмэгдсэн бил үү. Монголчууд хүнсний ногоо, улаанбуудайн дотоодын хэрэгцээгээ өөрсдөө бүрэн хангаж чадсан юм уу. Жинхэнэдээ хуучин тариалан эрхэлдэг байсан нөхдүүд яг л тэр тарьдаг га талбайдаа өмнөх шигээ ногоо цагаагаа тарьсаар л байна. Өнөөдөр МАН тариаланчидаа яаж хаяж гэмт хэрэгтэн мэтээр цоллож байгааг та бид харж байна.

“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг харахад маш их хөрөнгө хаяж байгаа нь хүн бүхний өмнө ил байна. Сонгуулийг угтан хоршоог сурталчлуулахаар сум бүрт хоёр ухуулагч ажиллаж байгаа гэж дуулдсан. Монгол Улс 330 сумтай гэхээр 660 ухуулагч томилогдсон гэсэн үг. Адаглаад л тэдний очоод байрлах газар, хоол хүнс, замын зардал, өдрийн цалин, томилолт зэргийг тооцвол бага мөнгө гарахгүй нь лавтай. Эрх баригчдын ярьж байгаагаар нэг хоршоо дээд тал нь хоёр тэрбум төгрөгийн зээл авч болно гэсэн. Хоршоонд нэгдсэн нэг малчинд багадаа 20 саяын зээлийн эрх үүснэ. Харин 200-1000 малтай бол 30-50 сая төгрөгийн зээл авах боломжтой. Ингэхдээ Зээлийн батлан даалтын сангаар малчин өрхүүд 90-100 хувь батлан даалт хийлгээд зургаан хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл авахыг зөвшөөрнө гээд байгаа. Малчид авсан зээлээрээ нэгдэж, түүхий эд бүтээгдэхүүндээ анхан шатны боловсруулалт хийгээд нэмүү өртөг шингэсэн үнээр зах зээлд нийлүүлснээр энэ хөтөлбөрт зориулах таван их наяд төгрөг арав дахин өснө гэсэн төсөөлөл хуульд тусгагдсан. Тийм болохоор малчид зүгээр мөнгө өгчих юм шиг санах хэрэггүй. Энэ бол өр, зээл шүү. Дарга нарыг зүгээр өгч байгаа дээр нь гээд ямар ч тооцоололгүй авчихав даа. Хожим үүсэх эрсдэлээ тооцохгүйгээр баахан мөнгө зээлж аваад өрөнд орох вий. Энэ мөнгөтэй, мөнгөгүй малчид малаа маллаад амьдарч болох л байлгүй. Сонгуульд ялах гэсэн дарга нарын “Та нарын зээлийг төр батлан даана. Тэгэхээр боломж олдсон дээр нь зээл ав. Өдрөөс өдөрт мөнгөний ханш унаж байхад зээл авбал хожино” гэх ятгалга цаагуур чинь их явж байна лээ шүү. Зүв зүгээр байж байгаад гэнэт хөөрцөглөж дарвиад сонгуулийн дараа банкны өрөнд орчихоод сууж байв даа.

Хэрэв МАН-ын яриад байгаа энэ бүх гоё ажлууд үнэн зөв юм бол сонгуулийн дараа хөдөлгөсөн дээргүй юу. Мэдээж сонгуульд ялах юм бол хийчих байх гэж горьдож байна. Гэхдээ тэдний туйлын зорилго сонгуульд ялах байдаг болохоор УИХ-д гарсныхаа дараа мартчихдаг, богинохон ой санамжтай улс. Сонгуульд ялсныхаа маргааш юу ч хийхээ больдгийг бид мэднэ. Ямар өнөөдөр анх удаа сонгууль болох гэж байгаа биш.

Бүхэл бүтэн найман удаагийн сонгуулийн туршлага монголчуудад байгаа. Хатуухан хэлэхэд, сонгуульд ялахын тулд юу ч гэж амлаж чаддагийг бид мэднэ. Дөрвөн жилийн өмнө ард түмний саналыг авахдаа ямар гоё, гоё амлалтууд өгч байсныг сана л даа. Найман жилийн өмнө амлаад байсан “Эгийн голын УЦС”, “Тавдугаар цахилгаан станц”, “Нефтийн үйлдвэр” гээд мега төслүүд өнөөдөр байна уу. Томсгосон тойргоор явагдах энэ удаагийн сонгууль асар их зардалтай. Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс сонгогдох нь тодорхой. Эрх баригчид сонгуульд ялахын тулд уутаа гөвчих вий дээ. Улсаа дампууруулчихаад сонгуулийн дараа амьдрахын эцэсгүй орон болох вий. Сонгууль болоод амьдрал дуусчихгүй. Сонгуулийн дараа бид ямар ч засагтай байсан амьдрал үргэлжилнэ гэдгийг санах хэрэгтэй.

Ер нь сонгуульд ялж л байвал бусад нь хамаагүй юм шиг эх орноо хорлодгоо одоо хэдүүлээ больцгооё. Та нар заавал ялах ч албагүй. Ялсан ч, ялагдсан ч Монголдоо л амьдарна шүү дээ. Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө яагаад сэтгэл зүрхээ зориулаад зүтгэж болдоггүй юм бэ.

 

Categories
мэдээ улс-төр цаг-үе

СЕХ: Хамгийн олон буюу 10 мандаттай тойргийн саналын хуудасны урт 78.7 см байна DNN.mn

СЕХ-ноос  2024 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “СЕХ-ны хуралдаанаар саналын хуудасны загварыг батлаад байна. Саналын хуудас нь хуульд зааснаар хоёр хэсэгтэй байна. Өөрөөр хэлбэл, 48 гишүүнийг сонгох пропорционал системээр сонгох хэсэг, нөгөө нь 78 гишүүнийг сонгох мажоритар тогтолцооны хэсэг гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Энэ бүх мэдээллийг иргэдэд хүргэхийн тулд СЕХ-ноос хэвлэлийн хурал хийгээд байхаас илүү гудамжинд гарч, сонгогчдод хүрч ажиллана. Жишээ нь, бид номын баярт оролцож, сонгогчийн боловсрол олгох, саналын хуудас ямар байх талаар мэдээлэл түгээнэ.

Саналын хуудаст намуудыг нэрсийн дараалал, нэр дэвшигчийн нэр ямар дарааллаар, яаж бичигдэх вэ гэдгийг хуульд тодорхой заасан байдаг. Саналын хуудсыг энэ дагуу баталсан. Саналын хуудас тусгай нууцлалтай, үнэт цаас. Нам, эвслүүдийн нэр Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа бичигдэнэ. Намаас нэр дэвшиж байгаа хүмүүсийн хувьд тухайн нам нь нэрсийн дарааллаа СЕХ-нд ирүүлдэг. Жишээ нь, 10 мандаттай тойрогт нэр дэвшигчдийн хэнийх нь нэр хамгийн эхэнд байх вэ гэдгийг тухайн нам шийддэг” гэлээ.


СЕХ-ноос баталсан УИХ-ын сонгуулийн саналын хуудасны загвар

Хамгийн олон буюу 10 мандаттай тойргийн саналын хуудсыг төхөөрөмжид уншуулахад 27 секунд зарцуулж байгаа бол нам эвслийг дугуйлах хэсгийг төхөөрөмжид уншуулахад 11 секунд болж байгааг СЕХ-ноос мэдээллээ. Өөрөөр хэлбэл, хоёр саналын хуудсыг уншуулахад нийт 38 секунд шаардагдах аж.

10 мандаттай тойргийн саналын хуудас 38 инч буюу 78.7 см урттай байх юм байна. Энэ нь сонгуулийн саналын хуудасны хамгийн урт хэмжээ гэсэн үг.

Харин сонгогч санал өгөх байранд орсноос хойш санал өгөөд гарах хүртэл ойролцоогоор гурван минут зарцуулна гэж тооцоолжээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ажлаа хийдэггүй гишүүдийг дахин сонгох хэрэггүй DNN.mn

УИХ-ын гишүүдийн гол ажил нь юу вэ. Өөрийн сонгогдсон тойргоо усалж, өргөн түмнийг тойглох лав биш. Цахим ертөнцөд попорч, цаг нөгцөөж суух бүр ч биш. Харин улс оронд хэрэгтэй, ард олонд тустай хуулийн төсөл санаачилж, боловсруулж, батлах нь тэдний гол ажил. Байнгын хорооны хуралдаан дээр бодлогын мэтгэлцээн хийж, хуулийн төслийн зүйл, заалт бүрийг авч хэлэлцэж байж Их хурал руу оруулах ёстой. Ингэвэл тэр хэрээрээ чанартай хууль батлагдах боломж бололцоо нэмэгдэнэ. Гэтэл сүүлийн үед сонгуулийн халуурал эхэлсэнтэй холбоотойгоор үндсэн ажлаа хийдэг УИХ-ын гишүүнгүй боллоо. Намын бүлгүүд сүүлийн хоёр долоо хоног хуралдсангүй. Зүй нь бүлэг дээрээ санал, бодлоо нэгтгэж, тухайн хуулийг цаашид хэрхэх тухай шийд гардаг гэж болно. Дээрээс нь Байнгын хороод болоод Ажлын хэсгүүдийн хурал ч тэр бүр болохгүй байна. Ямар сайндаа саяхан нэг Байнгын хорооны хуралд дарга нь ганцаараа суусаар байгаад тарсан тохиолдол ч гарсан.

Үүнээс гадна тойргоо услах, нэр дэвшиж магадгүй учраас сонгогчиддоо хайр зарлахаа үндсэн ажлаасаа дээгүүрт тавьсан гишүүдээс үүдэн хоёр долоо хоногийн өмнөх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц хүрээгүй. Энэ долоо хоногт мөн л чуулганы хуралдаан болохгүй. Учир нь ангийн дарга нь Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг тойргийн сонгогчдодоо ухуулан таниулж, дэмжлэг аваад ирэхийг үүрэгдсэн гэх. Энэ захирамж нь эргээд өнөөх гишүүдэд зол болж байна. Учир нь үүгээр дамжуулан сүүлийн дөрвөн жилд аль сургуулийн дээврийг янзалж, хэдэн бие засах газрыг тохижуулсан тухайгаа ярих боломжтой болно гэсэн үг. УИХ-ын ээлжит сонгууль болдгоороо болоод дуусна. Үүний дараа ч амьдрал үргэлжилж, Монгол Улсын олон асуудал хэвээрээ байсаар байх болно. Тийм ч учраас гишүүд үндсэн ажлаа хийж, үлдэж байгаа цөөхөн хугацаандаа зарим асуудлыг амжиж шийдэх учиртай. Жирийн нэг ажилчин хүн үндсэн ажлаа таслаад байвал цалингийн хувиар торгох, ажлаас нь халах гээд шат дараалсан арга хэмжээ авдаг. Гэвч гишүүдэд бол ийм зүйл үйлчилдэггүй. Бүр хэрэгт холбогдогчоор татагдчихаад байхад л сандал суудалдаа шигдсээр байдаг. Тэдэнд арга хэмжээ авч чадах ганцхан хүч байгаа нь сонгогчид. Тиймээс ажлаа хийхгүй цалгардуулж, тасалж байгаа гишүүдийг дахин сонгохгүй байх нь сонгогчдын бүрэн эрх билээ.

Т.ХӨВСГӨЛ

Categories
мэдээ улс-төр

Ашигт малтмалын лицензийн сонсголыг энэ сарын 20-нд хийнэ DNN.mn

УИХ-ын сүүлийн чуулган хаахаас өмнө хянан шалгах хоёр сонсгол хийхээр товлоод байна.

Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, ногоон автобусны худалдан авалтын асуудлаар хянан шалгах сонсголыг хийхээр товлоод байгаа аж.

Энэхүү түр хороог УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг ахалж байна. Түр хорооны нээлттэй сонсголыг тавдугаар сарын 20-25-нд зохион байгуулахаар бэлтгэл хангаж буй юм.

Categories
мэдээ улс-төр

Гадаадад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах салбар комисс байгууллаа DNN.mn

Гадаад Улсад байгаа иргэдийн санал авах ажлыг удирдан зохион байгуулах Төв комиссын 2024 оны 01 дүгээр тогтоолоор хилийн чанадад ажиллаж буй Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд 47 Салбар комисс байгууллаа.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар дараах Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх Салбар комисс гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах юм.

            Элчин сайдын яам

Анкара дахь ЭСЯ

Астана дахь ЭСЯ

Абу-Даби

Бангкок дахь ЭСЯ

Берлин дэх ЭСЯ

Брюссель дэх ЭСЯ

Бишкек дэх ЭСЯ

Будапешт дахь ЭСЯ

Бээжин дэх ЭСЯ

Варшав дахь ЭСЯ

Вашингтон дахь ЭСЯ

Вена дахь ЭСЯ

Вьентьян дахь ЭСЯ

Гавана дахь ЭСЯ

Дели дэх ЭСЯ

Каир дахь ЭСЯ

Канберра дахь ЭСЯ

Кувейт дахь ЭСЯ

Лондон дахь ЭСЯ

Москва дахь ЭСЯ

Минск дэх ЭСЯ

Оттава дахь ЭСЯ

Парис дахь ЭСЯ

Прага дахь ЭСЯ

Ром дахь ЭСЯ

Софи дахь ЭСЯ

Сөүл дэх ЭСЯ

Стокгольм дахь ЭСЯ

Сингапур дахь ЭСЯ

Ташкент дахь ЭСЯ

Токио дахь ЭСЯ

Ханой дахь ЭСЯ

Байнгын төлөөлөгчийн газар

Женев дахь БТГ

Нью-Иорк дахь БТГ

Ерөнхий консулын газар

Истанбул дахь ЕКГ

Сан Франциско дахь ЕКГ

Осака дахь ЕКГ

Кызыл дэх ЕКГ

Улаан-Үд дэх ЕКГ

Эрхүү дэх ЕКГ

Хөх хот дахь ЕКГ

Хонконг дахь ЕКГ

Шанхай дахь ЕКГ

Консулын газар

 

Эрээн дэх Консулын газар

Пусан дахь Консулын газар

Манжуур дахь Консулын газар

Чикаго дахь Консулын газар

Салбар комисс байгуулагдсанаар гадаад улсад байгаа сонгогчид сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх боломж нээгдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчид 20 хоногийн хугацаанд Дипломат төлөөлөгчийн газраа биечлэн очиж сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж байсан. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгуульд оролцох иргэдийн хүсэлт гаргах хугацааг 40 хоног болгосноос гадна Дипломат төлөөлөгчийн газартаа заавал биечлэн очихгүйгээр цахимаар хүсэлт гаргах боломжийг бүрдүүллээ. Тодруулбал, гадаад улсад байгаа сонгогчид 2024 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очих эсхүл https://election.burtgel.gov.mn/request хаягаар нэвтэрч сонгуульд оролцох хүсэлтээ цахимаар гарган сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлнэ.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар УИХ-ын 126 гишүүнийг сонгуулийн холимог тогтолцоогоор сонгоно. Монгол Улсын Үндсэн хуулийн 2023 оны өөрчлөлтөөр УИХ-ын гишүүний тоо болон сонгуулийн тогтолцоог хуульчилсан. Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтөөр УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгохоор тусгасан.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар 48 гишүүнийг сонгох сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр сонгуулийн нэг тойрог байх бөгөөд гадаад улсад суугаа сонгуулийн эрх бүхий иргэд нам, эвсэлд санал өгч сонгуульд оролцож сонгох эрхээ эдэлнэ.

Гадаад улсад суугаа иргэдийн саналыг 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт байрлах санал авах байранд авах юм.

Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын хаяг холбоо барих мэдээллийг ЭНД-ээс харна у