Categories
мэдээ улс-төр

“Манай улсын эрүүл мэндийн салбар өөрөө авлигын тогтолцоог дэмжигч болж хувирлаа” гэв DNN.mn

Ардчилсан намын дэргэдэх Эрүүл мэндийн салбарын бодлогын зөвлөлөөс дараах мэдээллийг хийлээ.

Анагаах ухааны доктор, профессор Н.Одонгуа “Сүүлийн жилүүдэд өвчлөл, нас баралтын тоо эрс нэмэгдэж байна. Гэтэл өвчлөлийн шалтгааныг тодруулах интервенц огтхон ч хийгдээгүй. Сүүлийн нэг жилийн хугацаанд 30-аад мянган хүн амбулаториор үзүүлсэн бол, 10 мянган хүн амьсгалын замаар нэмэгдэж өвчилсөн, жил жилд зуу, зуугаар шинэ хавдрууд үүсэж байна. Үүний шалтгаан нь юу гэхээр агаар, орчны бохирдолтой холбоотой юм. Үүнийг бид хуулиар зохицуулах бүрэн боломжтой гэв.
Тодруулбал, Суман дээр байгаа хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар Улаанбаатар хот руу ирж байна. Үүнийг нь харсан үр, хүүхдүүд нь суманд амьдрахгүй гээд хот руу нүүдэллэж, цааш хотоос нүүдэллээд гаднын улс орон руу зорьж байгааг онцоллоо. Тэрээр үүний хамгийн том эх үүсвэр нь эрүүл мэнд, боловсролын салбарын чанар, хүртээмжийн асуудалтай холбоотой. Жилдээ бид 200 сая доллароор гаднаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар явж байна. Энэ мөнгийг дотооддоо үлдээхийн тулд “Монгол-Японы” эмнэлэг шиг чанартай эмнэлгийг дүүрэг, аймаг бүрд барих мөнгийг гадагш урсгаж байгаа”  хэмээн хэллээ.
Хүний их эмч Н.Болдбаатар “Ковидын үеэр төр маш олон оношлуур, тоног төхөөрөмж худалдан авалтыг хийж байсан. Үүний цаана танил талаараа шууд худалдан авалт хийдэг асуудал яригдана. Төрийн мөнгө, төсвийн мөнгө, татвар төлөгчид бидний мөнгийг эрүүл мэндийн салбарт зарцуулах нэрийдлээр гувчуулж байгааг онцоллоо. Тухайлбал эрүүл мэндийн салбарт зарцуулсан 1.4 их наядын төсөв хаана, юунд зарцуулагдав. Эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн сайд, дарга нарыг дагнасан ашиг сонирхлын сүлжээ бий болсныг ковидын үеэр илчлэн харуулсан. Ковид гарсан даруйд 1500 төгрөгийн амны хаалтыг 20,000 төгрөгөөр үнэлж байсан. Ковидоор өвчилсөн нэг өвчтөний эмчилгээний өртөг 8 сая байсан бол жилийн дараа 160,000 төгрөг болсон. Харин 1.5 жилийн дараа 70,000 төгрөг болсон. Гэвч үүнд хэн ч хариуцлага тооцоогүй” гэв.

Эрүүл мэндийн салбарын бодлогын зөвлөлийн гишүүн Ж.Отгонбаяр “Монгол Улсын бүртгэлээр бүртгэгдээд гэрчилгээ нь гарчихсан эм нь хэрэглэж болохгүй гээд дүгнэлт гарчихсаны дараа эмийн зах зээлээс эргээд татаж байх жишээний. Гэтэл цаана нь монгол хүний эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа ч эрх мэдэлтнүүд хариуцлага тооцдоггүй” талаар онцоллоо.

Categories
мэдээ улс-төр

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжин, бусад дөрвөн асуудлыг хэлэлцлээ DNN.mn

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.05.14/ хуралдаанаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулав.

Монгол Улсын Их Хурлаас 1995 онд баталсан Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар төрийн тусгай хамгаалалт, түүнийг хэрэгжүүлэх байгууллагын эрх зүйн үндсийг анх удаа хуульчлан тогтоосноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд улс орны эдийн засаг, нийгэм, эрх зүйн болон гадаад харилцаанд томоохон хөгжил, шинэчлэл, өөрчлөлтүүд гарсан тул энэхүү хуулийг шинэчлэн боловсруулах зайлшгүй шаардлага үүсч байна хэмээлээ.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт судалгаагаар дараах нөхцөл байдлууд тогтоогдсон байна. Үүнд:

-төрийн тусгай хамгаалалтын зорилгыг хэт ерөнхий тогтоож өгснөөс бусад төрийн хамгаалалтаас ялгамжтай байдал тодорхой бус;

-хуулиар төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэний шалгуур үзүүлэлтийг тогтоогоогүйгээс холбогдох зохицуулалтыг хэрэгжүүлэхэд хүндрэл учирдаг;

-обьектыг төрийн тусгай хамгаалалтад авах шалгуур үзүүлэлтийг тогтоогоогүйгээс төрийн тусгай хамгаалалтад байгаа обьектын хүрээ хэт өргөжиж, хамгаалалтын иж бүрэн байх зарчим алдагдсан;

-төрийн тусгай хамгаалалтыг хэрэгжүүлэх арга хэлбэрийг хуулиар хатуу тогтоож өгсөн нь хамгаалалтын арга, тактикийг өөрчлөх, олон нийт болон хамгаалуулагч нараас тавьж буй шаардлагад нийцүүлж уян хатан байх боломжийг хязгаарласан;

-төрийн тусгай хамгаалалтын бүс, дэглэм тогтоох үйл ажиллагаа нь хуулиар тодорхой бус

-Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар тогтоосон төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагааг бусад хуулиар өргөжүүлэн тогтоодог хуулийн гажуудал бий болсон;

-төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид тавих шаардлага, эрх зүйн байдал, эрх зүй, нийгмийн баталгаатай холбоотой зохицуулалт нь төрийн албаны болон  бусад тусгай чиг үүрэг бүхий салбарын эрх зүйн шинэчлэлээс хоцорсон, эрх зүйн байдал нь хийдэлтэй, эрх зүй, нийгмийн баталгаа нь сул.

-төрийн тусгай хамгаалалтад албадлага хэрэглэх үндэслэл, журмыг хүний эрхийг хүндэтгэх зарчимд нийцүүлээгүй нь тодорхой болжээ.

Иймд хуулийн хэрэгжилттэй холбоотой хүндрэл бэрхшээлийг арилгах, төрийн тусгай хамгаалалтын зорилго, хамрах хүрээг Монгол Улсын Үндсэн хууль болон Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн оновчтой тогтоож, төрийн тусгай хамгаалалтын байгууллагын чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалтыг эрх зүйн зохицуулалтыг шинэчилж, албан хаагчдын хариуцлагыг өндөржүүлэх, эрх зүйн баталгааг бүрдүүлэх чиглэлээр Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан байна.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 7 бүлэг 60 зүйлтэй боловсруулж, хуулийн төсөлд хуулийн зүйл, заалтын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хуулийн зарим, зүйл, хэсэг, заалтын хэл зүй, найруулгыг ойлгомжтой, тодорхой болгох үүднээс найруулгын шинжтэй зарим өөрчлөлтүүдийг  хийжээ.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар дараах эерэг үр дүнд хүрнэ гэж үзжээ.

  • Төрийн тусгай хамгаалалтын зорилго хуульчлан тодорхойлогдож төрийн бусад хамгаалалтаас ялгамжтай байдал тодорхой болно.
  • Төрийн тусгай хамгаалалтын хамрах хүрээ, үйл ажиллагааг бусад хуулиар өргөжүүлэн тогтоодог байсан гажуудал арилна.
  • Төрийн тусгай хамгаалалт нь аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээнд үндэслэдэг бөгөөд шинжлэх ухааны хөгжил, техник технологийн дэвшлийг хүний хүчин зүйлтэй хослуулсан, цаг үедээ нийцсэн, уян хатан хамгаалалтын арга, хэлбэр, тактикаар хэрэгжинэ.
  • Төрийн тусгай хамгаалалтын алба мэргэшсэн, чадварлаг, шилдэг албан хаагчид бүхий тусгай алба байх эрх зүй, нийгмийн баталгаа бүрдэнэ.
  • Төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагаа улс төрөөс болон гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаанаас ангид байна.
  • Төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагаанд хүний эрхийг хүндэтгэх зарчим хэрэгжиж, хүний эрхийг зөрчих боломж хязгаарлагдана хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Мөн хуралдаанаар Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу төслийн зүйл бүрээр нь хэлэлцэж, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав.

Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтыг “цэргийн болон цагдаагийн баг” гэж НҮБ-аас тогтоосон бүтэц, орон тооны дагуу бие бүрэлдэхүүн болон зэвсэглэл, техник, тоног төхөөрөмж, эд хэрэгслээр хангагдсан энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх нэгжийг гэж” өөрчлөх санал олонхын дэмжлэг авсан. Мөн дээрх хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу зүйл бүрээр нь хэлэлцэж, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын санал тус бүрээр санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг болон олон улсын бусад гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх асуудлаар олон улсад хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенцын төслийг зөвшилцөх тухай байлаа.

Төслийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулав.

Тэрбээр, Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг нь олон улсын эрүүгийн эрх зүйд хамгийн ноцтой гэмт хэргийн төрөлд тооцогддог. Эдгээр гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх, гэмт этгээдийг шийтгэх, улс хоорондын эрх зүйн туслалцааны хамтын ажиллагааг сайжруулах, гэмт этгээдийг шилжүүлэн өгөх олон талт эрх зүйн баримт бичиг байгуулах ажлыг Монгол Улс 2017 оноос идэвхтэй дэмжиж ирсэн. Бельги, Нидерланд, Словени, Аргентин, Сенегал Улсын хамт конвенцын санаачилгыг урагшлуулах зорилготой Үндсэн бүлгийн 7 гишүүн улсын нэгээр ажиллаж байгаа гэлээ. Үндсэн бүлгийн эдгээр гишүүн улсын төлөөлөгчид төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг болон олон улсын бусад гэмт хэргийг мөрдөн шалгах хянан шийдвэрлэх асуудлаар олон улсын хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенцын төслийг боловсруулж 2019 оноос эхлэн төслийн хэлэлцүүлгийг өрнүүлжээ. Ийнхүү 2023 оны 05 дугаар сарын 15-26-ны өдрүүдэд Любляна хотноо болсон Бага хурлаар конвенцын эх бичвэрийг баталсан байна.

Энэхүү конвенц нь “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенц”, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц”, “Төрлөөр устгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай конвенц” зэрэг уг салбарт хамаарах олон талт механизмууд байдаг хэдий ч төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэргийг хянан шийдвэрлэх зохицуулалтыг агуулсан анхны баримт бичиг болох юм байна. Энэ хүрээнд уг санаачилгыг өдгөө 80 гаруй улс дэмжиж байгаагаа илэрхийлсэн хэмээн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулсан.

Тус конвенцод гарын үсэг зурах ёслолын арга хэмжээг Нидерланд Улсын Гааг хотноо 2024 оны 02 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулж, нийт 33 улс гарын үсэг зурсан байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 дэх хэсэгт заасны дагуу уг конвенцод гарын үсэг зурах асуудлыг зөвшилцөхөөр уг асуудлыг Байнгын хороонд танилцуулж буйгаа Гадаад харилцааны сайд илэрхийлсэн.

Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг болон олон улсын бусад гэмт хэргийг мөрдөн шалгах хянан шийдвэрлэх асуудлаар олон улсад хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенцын төслийг зөвшилцөх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зөвшилцөхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд зөвшилцөхийг хуралдаан оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул уг асуудлыг хэлэлцсэн талаарх байнгын хорооны хуралдааны тэмдэглэлийг санал, дүгнэлтийн хамт Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.

Дараа нь Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулсан юм.

Тэрбээр, Монгол Улсын иргэд олноор зорчдог гадаад улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсаас Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын 1959 оны конвенцод нэгдэн орох тухай хүсэлтийг Европын Зөвлөлийн Сайд нарын хороонд гаргажээ. Тус хороо нь орлогч сайд нарын 2019 оны хурлаар хэлэлцэн дэмжээд, урилга ирүүлсэн гэлээ.

Монгол Улс гадаадын 24 улстай байгуулсан 39 хоёр талт гэрээний үндсэн дээр эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, гэмт этгээд ялтан шилжүүлэх эрх зүйн үндэс бүрджээ. Үүнд ихэнх нь Зүүн Европ болон Азийн улсууд багтаж байгаа аж. Харин баруун Европын ихэнх улстай олон улсын конвенцуудад заасан, тодорхой төрлийн гэмт хэргээс бусад гэмт хэргийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх асуудлаар харилцах боломжгүй байдаг аж. Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцод Европын зөвлөлийн 48 гишүүн улс, Европын зөвлөлийн гишүүн бус 5 улс нэгдэн орсон бөгөөд тус конвенцын гишүүн улсын тоонд Монгол Улсын иргэд суралцах, ажиллах, бизнес болон аяллын зорилгоор олноор зорчдог, оршин суудаг Англи, Герман, Бельги, Ирланд, Швед зэрэг улс багтаж байгааг тэмдэглэв. Энэхүү конвенцод нэгдэн орсноор манай улсын хуулийн байгууллагууд нотлох баримт албажуулж авах, мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох этгээдийг байлцуулах, гэмт хэргийн улмаас олдсон эд зүйл хэрэгслийг хураан авах зэрэг тодорхой төрлийн ажиллагааг конвенцын гишүүн улсуудын нутаг дэвсгэрт гүйцэтгүүлж, туслалцаа авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой зарим ажиллагааг гүйцэтгэх боломжтой болно хэмээн Б.Энхбаяр сайд танилцууллаа.

Дээрх хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд соёрхон батлахыг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдөр:
• Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга /Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн шинэчилсэн найруулгын төсөл/-ын төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл
• “Төрийн өмчийн зарим их суруулийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
• Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл

• Боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрэгжиж байгаа зарим төсөл, арга хэмжээний явцыг эрчимжүүлэх, шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэсэн байнгын ашиглалтад оруулах талаар зэрэг 30 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

АН-ын дэд дарга Ц.Жадамбаа: Хүч тэнцүү тулаанд оролцож байсан түүх өнгөрсөн сонгуулиудад нэг ч байхгүй DNN.mn

Ардчилсан намын дэд дарга Цагаан-Өвгөний Жадамбаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-АН-ын тухайд сонгууль болохоос хэдхэн сарын өмнө эв нэгдлээ хангаж, намын даргаа сонгож, сонгуульд багаа авч оролцох шат шатны дарга, удирдлагуудаа томилсон. Одоо сонгууль өнөө, маргаашгүй эхэллээ. Намын дэд даргын хувьд сонгуульд танай нам оролцоход бэлэн болсон гэж харж байна уу?

-Манай намын хувьд Монголын Үндэсний хэмжээний хоёр том намын нэг. Өнгөрсөн олон ч удаагийн сонгуульд оролцсон, өрсөлдсөн.

Хэдий маргаантай, эв нэгдэлгүй явсан тэр үе цаг хугацааны хувьд томоохон сөрөг нөлөөллийг үүсгэсэн ч бид эв нэгдлээ хангаж чадсан. Өнгөрсөн жил намын удирдлага, намын дэд дарга нараа сонгосон. Намын дэд дарга нарын хувьд бүс нутаг хариуцан ажиллах үүрэгтэй. Энэ бол сонгуулийн том бэлтгэл ажил. Энэ ажлынхаа хүрээнд намын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг шуурхай хийж, өнөөдрийн байдлаар сонгуульд оролцоход Ардчилсан намын хувьд бүрэн бэлтгэлээ хангасан гэж ойлгож байгаа.

-Сонгуулийн өмнө танай нам дотор дахин маргаан гарах, эсвэл улс төрийн зарим хүчнээс зориуд явуулсан нөлөөнд автаж, эв нэгдлээ алдах эрсдэл үүсэх үү. Үүнээс болгоомжилж байгаа юу?

-Нийгмийн зүгээс болгоомжилсон хандлагаар Ардчилсан нам дотор дахин маргаан өрнөх вий гэсэн хандлага ажиглагдаж байгаа. Гэхдээ яг нам дотор бид хамгийн дээд түвшний эв нэгдэлтэй байна. Тиймээс бидний хувьд цаашид энэ сонгуульд яаж оролцох вэ, яаж ялах вэ, нийгэм, эдийн засгийн хувьд хүнд байдалд орчихсон Монгол Улсыг яаж сэргээх вэ, яаж хөл дээр нь босгох вэ гэдэг хөтөлбөр, бодлогын үйл ажиллагаандаа бүх анхаарлаа хандуулан ажиллаж байна. Манай намын дотоод уур амьсгал нийгэмд магадгүй эв нэгдэлгүй мэт харагддаг байж болно. Гэхдээ бид нэг зүйлд бүтэн болж чаддаг. Тэр нь Монгол Улсын эрх ашиг, Монголын ардчиллын төлөө эвлэгдэж чаддаг нам. Тиймээс одоо манайд хагарал, тэмцэл, талцал гэдэг зүйл байхгүй. Эсрэгээрээ бид хамтдаа яаж ялах вэ гэдэг зорилго руугаа л анхаарлаа хандуулж байна.

-Сонгууль гэдэг бол нэг талдаа улс төрийн намуудын хоорондох өрсөлдөөн. Аливаа өрсөлдөөнөөс ялагч гарч ирнэ. Гэхдээ өрсөлдөж байгаа оролцогчид тэгш гараанаас эхлэх ёстой гэдэг. Гэтэл сонгууль дөхсөн энэ өдрүүдэд эрх баригчдыг гараанаасаа түрүүлж гарлаа гэдэг шүүмжлэлийг улс төрийн хүчнүүд хэлж байна. Ийм гараанаас танай намд ялна гэсэн итгэл ямар хэмжээнд байна вэ?

-Сонгууль болгоноор л эрх баригч нам гараанаасаа түрүүлээд гардаг. Тэр утгаараа улс төрийн намууд хүч тэнцүү тулаанд оролцож байсан түүх өнгөрсөн сонгуулиудад нэг ч байхгүй. Дандаа бид хэцүү нөхцөлд ямагт эрх баригчдын өөрсдийнх нь зохиосон, өөрсдөд нь ашигтай дүрмийнх нь дагуу л тулаанд оролцдог. Тухайлбал, өнөөгийн энэхүү томсгосон тойрог залуучуудын хувьд, шинэ улстөрчдийн хувьд хүч тэнцвэргүй өрсөлдөөний талбар гэсэн үг. Эдийн засаг, цаг хугацааны хувьд ч тэдэнд ямар ч боломж алга байна шүү дээ. Нэг үгээр хэлбэл, гарааны тэгш байдлыг олгохгүй байх нөхцөлөөр эрх баригчдын зохиосон дүрмээр л тоглох гэж байна. Спортоор зүйрлэж хэлбэл, шүүгчид нь нэг талынх байна. Тоглолт болж байгаа талбай нь тэднийх. Нэмээд өөрсдийнх нь хөгжөөн дэмжигчдийг дагуулаад зочин баг тоглож байгаа мэт л сонгууль явагдах гэж байна шүү дээ. Тэгэхээр ийм хүнд тоглолтод бид яаж амжилттай оролцох вэ гэдэг төлөвлөгөө, бодлогоо гаргаад л байж байна. Ингэхийн тулд бид юугаар өрсөлдөх вэ. Бид мөнгөөр өрсөлдөөд дийлэхгүй. Харин бидний өрсөлдөх цор ганц зүйл бол мөрийн хөтөлбөр. Бидний өөрсдийн үнэт зүйл, зарчмын асуудал байхгүй юу. Өөр бидэнд юу ч байхгүй. Нэг үгээр хэлбэл, тэнцвэртэй байдал хаана ч алга байна. Үүнийг сонгогчид болоод иргэд бүгд мэдэж л байгаа.

-Таны хэлдгээр тэнцвэртэй бус тулааны үр дүнд танай нам ялчихлаа. Ардчилсан нам гарч ирээд юу хийх юм бэ, өнөөгийн нийгэм эдийн засгийн амьдрал өөрчлөгдөх үү гэсэн итгэл нь алдарсан хүмүүс цөөнгүй байна шүү дээ?

-Яг юу хийх вэ, эсвэл мөрийн хөтөлбөр ийм, тийм гэж бид ярьж болохгүй. Энэ бол хуулиар хориотой зүйл. Ерөнхий байдлаар нь хэлье. Мэдээж богино хугацаандаа эдийн засгийг эрчимжүүлсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүл-нэ. Хамгийн чухал нь чөлөөт эдийн засгийг бий болгоно. Өнөөдөр хувийн өмчийг хэт их дарангуйлж байна. Тиймээс энэ чиглэлд л бид хамгийн түрүүнд анхаарч, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болов уу.

-Бусад улс төрийн хүчнүүдтэй харьцуулахад танай нам хамгийн олон дэд даргатай нам. Ийм олон дэд даргатай байсан нам байхгүй болов уу. Зарим хүмүүс ч яагаад ийм олон дэд дарга томилогдсоныг гайхдаг. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?

-Та ярилцлагынхаа эхэнд асуусан шүү дээ. Ардчилсан нам сонгууль болохоос хэдхэн сарын өмнө эв нэгдлээ олсон гэж. Энэ утгаараа бидний хувьд маш богино хугацаанд сонгуулийн үйл ажиллагаанд нэн яаралтай оролцох хэрэгцээ шаардлага бий болсон, улс төрийн хувьд. Үүнээс улбаалан 15 дэд даргаар бүсчилсэн байдлаар зохион байгуулалт хийж, богино хугацаанд мөрийн хөтөлбөр боловсруулах ажлуудыг эдгээр дэд дарга нараараа удирдуулан хийсэн.

Өөрөөр хэлбэл, АН-ын нэг дарга энэ богино хугацаанд Монгол Улсынхаа 21 аймагт хүрч ажиллах боломжгүй байсан гэсэн үг. Тэгэхээр энэхүү үүрэг дэд дарга нарт оногдсон гэсэн үг л дээ. Сонгуулийн тогтолцооноос шалтгаалж л бид ийм бүтцэд орсон. Миний хувьд говийн бүс болон Баянзүрхийг хариуцсан дэд дарга гэж явдаг.

-Намын дэд дарга нарын хувьд сонгуульд ямар байдлаар оролцохоор тохирсон юм бэ. Та хэд намын жагсаалтад орох уу, тойрогт нэр дэвших юм уу. Эсвэл сонгуульд зөвхөн багаа удирдаж л оролцох үүрэг хүлээсэн үү?

-Тэгэхээр анхнаасаа дэд дарга нарыг намын жагсаалтад оруулахгүй байх нөхцөлтэйгөөр ярьсан зүйл бий. Энэ агуулгаараа дэд дарга нарын хувьд бүгд л тойрогт үзэх болов уу. Жишээ нь, миний хувьд энэ сонгуулиар Улаанбаатар хотод нэр дэвшиж өрсөлдөх саналаа намдаа өгсөн байгаа.

-Сөрөг намын гишүүд эрх баригчдын алдаа оноо болгоныг ярьдаг, дуугардаг. Тэр утгаараа таны хувьд өнгөрсөн найман жил эрх барьсан энэ намын үйл ажиллагааг ямар байдлаар дүгнэдэг вэ. Мэдээж эрх баригч намд эцсийн дүгнэлтийг ард түмэн л хийнэ шүү дээ?

-Алдаа, оноог нь дүгнэж ярихаас илүүтэйгээр ер нь аливаа улс төрийн нам төрийн эрхийг авах ганцхан шалтгаан байдаг. Иргэддээ Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хэрхэн эдлүүлж байна вэ, эдийн засгийн хувьд айл, өрх бүр бэхжиж чадаж байна уу, иргэдийн сэтгэл ханамжийн түвшин ямар байна гэх зэрэг хэдхэн үзүүлэлтээр л хэмжинэ. Ардын намын хувьд өнгөрсөн найман жилийнхээ тайланг хараахан тавихгүй байна. Ажлын тайлангаа тавихаас илүүтэйгээр нийгмийн оюун санааг өөр зүг рүү чиглүүлсэн пропаганда их явуулж байх шиг байна. Яг үнэндээ МАН-ын мөрийн хөтөлбөр, тайланг миний хувьд ганцхан өгүүлбэрээр л хэлнэ. Хөргөгчөө нээгээд үз. Энэ бол өнгөрсөн найман жилийн хугацаанд эрх барьсан намын хийсэн ажлынх нь бодит тайлан болно.

-Хөргөгчөө нээгээд үзтэл асаалттай ганцхан гэрэл л байлаа гэдэг шүү. Нөгөөтэйгүүр эдийн засаг өсч байгаа гэдэг. Өнгөрсөн жил гэхэд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд хоёрдугаарт бичигдлээ. Тэр өсөлт нь өрхийн амь амьжиргаанд яаж нөлөөлөв гэдэг зүйлийг ярьж байна. Үүнд таны байр суурь ямар байдаг вэ?

-Эдийн засгийн өсөлт бүх салбарт бүтэн зургаараа явагдсан зүйл огт байхгүй. Зөвхөн нөгөө нэг ярьдаг уул уурхайн салбарт л бага зэргийн өсөлт бий болсон нь үнэн. Ерөөсөө Монгол Улсын эдийн засаг нүүрс, алт хоёр дээр л оршиж байна. Нүүрсний борлуулалт сайжирсан. Зэсийн үнэ өссөн. Үүнээс олж байгаа ашиг өссөн ч энэхүү өсөлт бусад салбаруудад орж наалдахгүй байгаа. Энэ ашиг бүтнээрээ халамж гэдэг зүйл рүү орж байна. Нөгөөтэйгүүр олсон хэдээ сонгуульд зарцуулаад дуусч байна. Мэдээж сонгуулийн дараа төсөв тодотгох байх. Магадгүй энэ төсвөө нөхөж олохын тулд татвар дахин нэмэгдэхийг ч үгүйсгэхгүй. Хэрвээ Ардын нам ялбал шүү дээ. Айлаар тооцвол байхгүй мөнгөө бусдад өгөх тухай ярьж байна. Гэтэл бид өвөл яаж амьдрах юм, намар, хавар, зун гээд улирал болгондоо асуудал яригдана. Цаашид өрхийн орлогыг яаж нэмэгдүүлэх юм, яаж ажлын байр бий болгох вэ гэдэг чинь өөрөө эдийн засгийн бодлого. Гэтэл бид нэг баяр болохоор л хамаг мөнгөө үрэн таран хийчихдэг. Ингээд амьжиргаагаа залгуулахын тулд өөр айлаас мөнгө гуйгаад явдаг. Нөгөө л нэг өр, зээл. Айл өрхүүд ч зээлээс зээлийн хооронд явж байгаа шиг улс орны эдийн засаг ч ялгаа алга байна.

-Эдийн засгийн өсөлт, нөгөө уул уурхайн баялгийн үр өгөөжийг иргэддээ хүртээхийн тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа. Үүнийг та улстөрч хүнийхээ хувьд хэрхэн хүлээн авч байна вэ?

-Бид нэг л зүйл дээр итгэл үнэмшилтэй байдаг. Байгалийн баялаг бол ард түмний өмч мөн. Үүнийг хуулиар олгогдсон хүрээндээ иргэд хүртэх нь үнэн. Гэхдээ бид хэт хувийн өмч рүү халдсан, ардчиллын амин сүнс болох хүний эрх, эрх чөлөөг боомилсон бодлогын эсрэг л Ардчилсан нам зогсдог.

Бидэнд мөнгө олох өөр олон боломжууд бий. Монголын эдийн засагт уул уурхай гол нөлөө үзүүлэх салбар мөн үү гэвэл мөн. Гэхдээ энэ салбарын бодлого өөрөө зөв үү гэдгээ бид дахиад эргэж харах шаардлагатай.

-Хувийн өмч рүү халддаг асуудлыг их ярьдаг. Нөгөөтэйгүүр юм болгонд төр оролцож байна, юм бүхнийг төр авдаг байдал бол хавтгайрлаа гэдэг зүйлийг судлаачид хэлдэг. Үүний эсрэг зүүний үзэл бодолтой Ардчилсан нам дорвитой яагаад дуугарахгүй байна вэ. Сөрөг хүчний үүргээ яагаад биелүүлэхгүй байна вэ?

-Дуугарах, дуугархгүй асуудал өөр. Энэ бол цаг хугацааны асуудал. Яг одоогийн байдлаар Ардчилсан намын хувьд нийгэмд болж буй бүх зүйлийг маш тайвнаар, маш анхааралтай ажиглаж байгаа. Энэ бүх зүйл хуулийн хүрээнд явж байна уу гэдэг асуудал цаана нь байдаг учраас яаран бид юм бүхний эхэнд дуугарах нь төдийлөн ач холбогдол өгөхгүй. Таны хэлдгээр төр хувийн өмч рүү халддаг байдал хэрээс хэтэрч байгаа гэдэг бол нөхцөл байдлаас нь аваад үзвэл туйлын үнэн. Тэгэхээр үүнийг энэ удаагийн сонгуулиар таслан зогсоох цаг болсон. Хэрэв эс чадваас бид хуучин нийгэм рүүгээ буцах эрсдэл өндөр болсон гэж харж байгаа.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ улс-төр

Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэндээ ээлтэй нийгмийг бүтээж чадвал эрүүл хүмүүст диваажин шиг болно DNN.mn

Ардчилсан намын даргын зөвлөх Ж.Баясгалантай ярилцлаа.


-Танай нам өнөөдөр (өчигдөр) хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодтой Санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн гол агуулга, зорилго нь юу вэ?

-Монгол Улсад ноднин жилийн дөрөвдүгээр сарын байдлаар нийтдээ 115 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий гэсэн судалгаа байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг ямар нэгэн нам биш гэдгийг би зориуд тэмдэглэж хэлмээр байна. Хүмүүс заримдаа АН-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэн Ж.Баясгалан гэж ярьдаг. Гэтэл би чинь энэ улсын л хөгжлийн бэрхшээлтэй иргэн байхгүй юу. Ерөөсөө энэ 115 мянган хүн аль ч намынх биш. Зүгээр л хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн нэр томьёоны дор амьдарч байгаа хүмүүс. Засаг солигдоход энэ хүмүүсийн эрх ашиг, нийгэмд оролцох байр суурь өөрчлөгдөх ёсгүй. Сонгуулиас сонгуулийн хооронд амлалт аваад, тэр нь амьдралд бодлого болж хэрэгждэггүй. Өнгөрсөн онд асран хамгаалагчийн мөнгийг төрөөс нэмсэн. Энэ бол сайн хэрэг. Гэхдээ нөгөө талдаа асран халамжийн орчныг зөв, хүртээмжтэй болгохгүйгээр мөнгө нэмээд ямар ч нэмэргүй. Нэгэнт халамжаа авчихсан учраас хүүхдээ хар гэсэн дарамтад оруулаад байна. Үүнийг бид ерөөсөө анзаардаггүй байжээ. Уг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд хөгжих ёстой шүү дээ. Гэвч тэгэх боломж огт алга. Ийм гэр бүлүүд салах нь маш их болсон. Учирсан зовлонгоо давах гэж яваад ихэнх нь бүдэрдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ өдөр өнжүүлэхэд үлдээгээд гарч найзуудтайгаа уулзаж, бүжгэнд орох, йогт явах, сэтгэл зүйчтэй ярих боломж байхгүй учраас л ийм зүйлд хүргэж байгаа юм. Харин Ардчилсан намын зүгээс энэ тал дээр цаашаа тогтвортой ямар бодлого явах вэ гэдэг дээр санамж бичиг байгууллаа. Түүнээс биш ямар нэгэн амлалт биш.

-АН-ын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Мөрийн хөтөлбөрт орсон зүйлсийг ярих нь одоо хуулиар хориотой. Гэвч өнөөдөр хүн бүр хавтгайрсан халамж гээд ярьдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нөгөө халамж нь яг очиж байна уу. Тэд халамждаа орохын тулд хэр их бэрхшээлийг даван туулж байгаа юм гээд олон асуулт гарч ирнэ. Тэргэнцэртэй, харааны бэрхшээлтэй хүн яваад очихоор эмч нь дээд давхруудад сууж байдаг. Гэтэл лифт байхгүй. Дээрээс нь эмч нарын хурлаар орохын тулд заавал өөрийн биеэр ир гэдэг шаардлага тавьдаг. Асуудал ерөөсөө ингээд л үүднээсээ эхэлж байгаа юм. Тэгэхээр халамж гэдэг чинь яг очих ёстой хүндээ очдог байх хэрэгтэй. Тэр нь амьдрахад хүрэх хэмжээнд байх ёстой. Харамсалтай нь асран хамгаалагчийн авч байгаа мөнгө нь амьжиргааны доод түвшинд хүрдэггүй. Яаж амьдар гэж байгаа юм.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага гэж ярьдаг?

-Тийм байсан. Одоо болохоор чүү ай дөнгөж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэж байгаа. Эрүүл саруул хүнтэй айл өрх ийм мөнгөөр амьдрах, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй айл тэр мөнгөөр амьдрах хоёр тэнгэр, газар шиг ялгаатай. Эм тариа, туслах хэрэгсэл, сурч боловсрох хэрэгцээ нь яах юм. Тийм болохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэн АН-ын дотоод ажилд орсноороо энэ бүхэн тодорч гарч ирж байна. Хэрвээ бид оролцохгүй л бол хөндөгдөхгүй, өөрчлөгдөхгүй. Харин оролцоод эхлэхээр намын удирдлагууд нээрээ ийм байдаг юм гээд ойлгож байгаа юм. Манай намынхан 21 аймгаар тойроод явахад бусад маань Баясааг хүлээх ёстой. Тэргэнцэрээ ачина, тэргэнээсээ бууна. Цаадахыгаа аль болох нэг давхарт аятайхан байлгаарай гэдэг болчихсон. Энэ нөлөөлөл өөрөө маш чухал юм байна. МАН-ын дарга жагсаалтын эхний тавд хөгжлийн брэхшээлтэй иргэнийг оруулна гэдгээ хэлсэн. Сайн хэрэг. Яагаад гэхээр энэ хүмүүс чинь нийт иргэдийн 13 хувийг төлөөлнө. Орж байж л энэ асуудлууд шийдэгдэнэ. Нийслэл, дүүрэг, аймагт ч гэсэн төлөөлөл байх ёстой. Ингэж байж бүх газраа тэгш, зөв болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэндээ ээлтэй нийгмийг бүтээж чадвал эрүүл хүмүүст диваажин шиг болно.

-Хөгжлийн болон харааны бэрхшээлтэй иргэд сонгуульд саналаа өгөхөд нэлээд хүндрэлтэй байдаг. АН-аас энэ асуудал хэр анхаарал хандуулж байна. Санал авах байруудыг бэлдэх зэрэг дээр СЕХ-нд санал, хүсэлт өгсөн үү?

-Манай нам энэ тал дээр маш их анхаарал хандуулж байгаа. Өмнө нь гарсан алдаануудын баримт дээр тулгуурлан шаардаж байна. Сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадахгүй байна гэдэг чинь Үндсэн хуульд заасан гол эрх нь зөрчигдөж байгаа асуудал. Иргэний нийгмийн байгууллагууд ч энэ тал дээр анхаарч, СЕХ-той санамж бичиг байгуулж байгаа юм билээ. Өмнө нь маш сонин тохиолдол гарч байсан. Санал авах байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэн орохоор туслах үйлчилгээ үзүүлдэг ажилтан байдаг. Гэтэл нэг сумын Засаг дарга 32 хүний өмнөөс эд нар архи уудаг, бичиг үсэг байхгүй. Тийм болохоор би өмнөөс нь бөглөнө гээд сууж байсан тохиолдол гарсан. Харин энэ удаагийн хуульд туслах ажилтан нэгээс илүү хүнд тусалж болохгүй гэсэн заалт оруулсан. Санал авах байр орох талдаа налуу шаттай. Гэвч гарах талд нь байдаггүй. Би 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгсөн. Гэтэл ХААИХС-ийн маш өндөр шаттай байр руу намайг дөрвөн хүн өргөж оруулсан. Яагаад өөр байр сонгож болоогүй юм. Ингэж өргүүлж яваад унаад гэмтсэн бол яах вэ.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод өөр бусад намуудтай ийм Санамж бичиг байгуулах болов уу?

-Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн учраас тэр холбоодтой байнга харилцаатай байдаг. Бүх намтай байгуулна гэсэн бодолтой байгаа юм билээ. Харин хүний эрхийг дээдэлдэг, хүн төвтэй намын хувьд АН түрүүлж энэ Санамж бичгийг байгуулж байгаа юм. Ер нь нэг биш нэлээд хэдэн төлөөлөл УИХ-д орж суугаасай гэж би боддог. Би 2020 онд нэр дэвшиж, 115 мянган иргэний төлөө явсан. Төлөөлж яваагүй. Тийм боломж ч байхгүй. Яагаад гэвэл би нуруу, нугасны гэмтэлтэй, тэргэнцэртэй хүний зовлонг л мэднэ. Түүнээс биш харааны бэрхшээлтэй, сонсголгүй, аутизмтай хүмүүсийн зовлонг мэдэхгүй. Тиймээс болдог бол бүх намууд эдгээр хүмүүсээс төлөөлөл оруулаад Ерөнхий сайдын уриалсан шиг жагсаалтынхаа эхний тавд багтаагаад өгөөсэй гэж хүсч байна.

Categories
мэдээ улс-төр

Б.Батзаяа: Шинэ үе оролцож эхлэхэд бүх зүйл өөрчлөгдөнө DNN.mn

Ардчилсан намын Залуучуудын бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Б.Батзаяатай ярилцлаа.


-Залуучуудад хандсан ямар бодлого хэрэгжүүлж, ямар ажлуудыг Ардчилсан нам хийж байна вэ?

-Ардчилсан нам анх байгуулагдсан цагаасаа л залуучуудын нам байсан. Тэр утгаараа шинэ үеэ дэмждэг уур амьсгал өдий хүртэл хадгалагдаж байгаа гэж боддог. Ардчилсан намын хувьд энэ оны эхээр таван залууг Нарийн бичгийн даргаараа томилсон. Энэ нь зөвхөн улс төрийн томилгоо гэхээсээ илүүтэйгээр Ардчилсан намд залуучуудын орон зай байсан, байгаа, байх болно гэдгийг илэрхийлсэн том мэдэгдэл болсон. Нарийн бичгийн дарга нарын хувьд намын мөрийн хөтөлбөр дээр голлож ажилласан. Амаргүй боловч суралцах зүйл ихтэй хугацаа өнгөрлөө. Намын мөрийн хөтөлбөр гэдэг бол тухайн улс орны цаашдын хөгжлийг тодорхойлоход маш чухал баримт бичиг. Үе үеийн төлөөлөл мөрийн хөтөлбөр боловсруулахад оролцсон. Мэргэжлийн холбоод, салбар салбарын шилдгүүд, залуучуудын төлөөлөл гэх мэт. Шинэ үе өнөөдрөөс илүү нээлттэй, шударга, гэгээлэг нийгэмд амьдрахыг хүсэж байгаа. Мөрийн хөтөлбөрийн бүх хэсэгт өнөөдрийн залуус ирээдүйд сэтгэл хангалуун амьдрах, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн. Ер нь ирж байгаа цаг, шинэ үедээ зориулж бодлогоо тодорхойлох нь нэн чухал.

-Залуучууд улс төрийн идэвхгүй, сонгуульд саналаа өгдөггүй гэсэн шүүмжлэл байдаг. Тиймээс энэ тал дээр юу хийхээр төлөвлөж байна. Ер нь яагаад залуучуудын улс төрийн идэвх сул байна вэ?

-Залуучуудын улс төрийн идэвх муу, оролцоо бага байна гэхээсээ илүү өөр хүчин зүйлс бас байна гэж би хардаг. Жишээлбэл, өнгөрсөн удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцээс харахад 18-19 насны хүмүүсийн 56.5, 20-24 насныхан 43, 25-29 болохоор 46, 30-34 болохоороо 50 хувиас даваад явчихаж байна. Эндээс хамгийн бага хувьтай оролцсон нь 20-24 насны хүмүүс байгаа юм. Тэгэхээр энэ насны хүмүүсийн хувьд их, дээд сургуулиа төгсөөд эхний нэг, хоёр жилдээ явж байгаа үе. Надад ч ийм зүйл тохиолдож байсан. Орон нутгаас ирж суралцсан оюутнуудын ихэнх нь бүртгэлийн асуудалтай байдаг.

Анхны ажилдаа орчихсон, эсвэл магистрын хичээлтэй байж таардаг. Шилжих хөдөлгөөнөө хийлгэж амжаагүй учраас орон нутаг руу явж саналаа өгөхөд тэдэнд хэцүү. Тиймээс санал өгөлтийн хувь бага гарахад нөлөөлж байна гэж боддог. Энэ насны хүмүүсийн саналын хувийг яаж нэмэгдүүлэх вэ. Хэрхэн оролцоог нэмэгдүүлэх вэ гэдэг тал дээр бодох ёстой. Увс, Ховдод бүртгэлтэй ч Улаанбаатар хотод саналаа өгч болох уу, болохгүй юу гэдэг талаас нь ч харах хэрэгтэй.

-Орон нутагт хаягийн бүртгэлтэй ч Улаанбаатар хотод саналаа өгөх боломжийг нээж өгнө гэхээр эргээд “Царцаа”-нуудад боломж болчих юм биш үү?

-Яг сонгуулийн санал өгөх зохицуулалтууд чинь нэлээд нарийн шүү дээ. Сонгуулийн тухай хуулиас гадна олон талын судалгаанууд шаардлагатай. Харин хүчин зүйлсийг нь бодохоор хаягийн шилжилтээ хийлгээгүйгээс санал өгөх хувь буурч байгаа нь бодитой зүйл. Хамгийн энгийн нь сонгуулийн өдрөө зөв сонгоход л сонгуулийн ирцэд нөлөөлөх боломжтой. Яагаад заавал баасан гариг, тав дахь өдөр гэж, ажлын өдрүүдийн дундуур сонгуулийн санал хураалтыг зохион байгуулах бүрэн боломж байсан. Оновчтой шийдэл байгаа боловч хийхгүй байгаа эрх баригчдад залуучуудыг санал өгүүлэх сонирхол байгаа эсэхт эргэлзэж байна.

-Залуучуудыг эх орноосоо дайжиж байна гэж ярьж байгаа. Эндээс явж л байвал хаашаа ч яах вэ гэх хүн ч олширсон байна. Тэгэхээр яаж энэ залуучуудын гадагшаа явж байгаа урсгалыг бууруулах, зогсоох вэ?

– АНУ-д 40 мянга, Европт 43 мянга, Солонгост 56 мянга, Японд 16 мянган монголчууд байна гэсэн тоог сүүлд харсан. Энэ тоо мэдээж маш их өөрчлөгдөж байгаа. Ер нь маш олон мянган монголчууд гадны улс орнуудад байгаа. Мөн бид сүүлд судалгаа хийж үзэхэд бакалаврын түвшний оюутнуудын 2/3 нь гадагшаа явж сурах хүсэлтэй байгаа юм. УИХ дээр ярьснаар 300 мянган хүн эх орноосоо явсан гэсэн. Зарим нь боловсрол эзэмшихээр явж байгаа. Гэхдээ ихэнх нь дүрвэх байдлаар явж байгаа нь нууц биш. Шалтгаан нь эдийн засаг, орчин, ажлын байрны хомсдол, цалин хөлсний хүртээмж гээд бидэнд тулгамдаж байгаа олон асуудлаас болж байгаа. Хэрэв сарын цалин нь амьдралд нь хүрчихдэг, элдэв санаа зовох зүйл бага байвал хэн ч эх орноосоо явъя гэж бодохгүй шүү дээ. Залуучууд эх оронч биш учраас дүрвээд байгаа юм огт биш. Гадагшаа явж буй энэ урсгалыг багасгахын тулд улс орныхоо суурь үзүүлэлтүүдийг сайжруулах, авлигыг бууруулж, хүний эрх, эрх чөлөөг сайжруулах, хувийн хэвшлээ дэмждэг бодлого хэрэгтэй.

-ХНХ-ын сайд Х.Булгантуяа гадагшаа явсан залуусаа авч ирнэ гэж ярьсан?

-Бид сэтгэлгээндээ өөрчлөлт хийх шаардлагатай байна. Би тэр хүнийг гадаадад сургууль төгссөн гэж ойлгодог. Гэтэл ингэж хүчээр асуудлыг шийдэх гэж оролдож байгаа нь үнэхээр харамсалтай. Бид чинь өнөөдөр ардчилсан улс оронд амьдарч байна. Асуудал нь гадагшаа яваад байгаа хүмүүст байгаа юм биш. Дээр хэлсэн суурь үзүүлэлтүүдээ л сайжруулчих юм бол хүссэн хүсээгүй гадагшаа явсан хүмүүс маань эх орондоо буцаад л ирнэ. Харин авлига хээл хахууль нэмэгдээд, хүний эрхийг уландаа гишгээд, эдийн засаг доройтоод байх юм бол залуучууд гадагшаа явах л болно. Түүнээс биш хүчээр хүмүүсийг хорьж байлгана гэвэл ардчилсан нийгэмд байж болохгүй сэтгэлгээний гажуудал шүү дээ.

-Танай намд гишүүнээр элсэх залуучууд хэр нэмэгдэж байна вэ?

-Манай намын хувьд гишүүдийн тоо нэмэгдэж байгаа. Тэр тусмаа залуу хүмүүс элсэх нь их болсон. Ер нь залуучууд, шинэ үе оролцож эхлэхэд бүх зүйл өөрчлөгдөнө. Санал өгөх нийт хүмүүсийн 18-35 насныхан бүгдээрээ очоод саналаа өгөх юм бол сонгуулийн хувь заяаг бүрэн шийднэ.

-Нэр дэвшилтэд залуучуудаа хэр дэмжих вэ?

-Энэ удаагийн сонгууль том тойргоор явагдана. Тэр утгаараа маш олон залуу, шинэ хүмүүсийн зоригийг мохоож байна. Эрх баригчдын хийсэн энэ өөрчлөлт маш том хаалт болсон. Санхүү мөнгөний хувьд дийлэхгүй. Дээрээс нь 17 хоногийн хугацаанд танигдаж амжихгүй гээд олон асуудал бий. Гэсэн ч Ардчилсан намын хувьд залуучууддаа бүрэн нээлттэй байгаа.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Бүх татварыг 10 хувь болгож, Ерөнхий сайдынхаа нэрийг зарласан нам ирэх сонгуулиар ялна DNN.mn

Судлаачид, учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар монголчууд ирээдүйн хувь заяаныхаа өмнө зогсож байна. Монголын хувь төөрөг хааш эргэх нь сар гаруйхны дараа болох сонгуулиар шийдэгдэнэ. Одоо бол горилогчид үүрийг нь сандаачсан шоргоолж шиг бужигналдаж байна. Горилж буй тойрог бүр рүүгээ завсар чөлөөгүй гүйлдэж явна. Олон нийтэд таалагдах сэдвийг барьж аваад хэрэндээ л ухаалаг болчих гээд ярьж сууна. Тэрийгээ сошиалаар нялайтал нь бүүстэлцгээж байна. Тэдний нэр дэвших эсэх нь энэ долоо хоногоос тодорч, тавдугаар сарын 20 гэхэд эцэслэх юм билээ.

Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гишүүдийн тоо 126 болж нэмэгдсэн учраас энэ удаад иргэд нэр дэвшигчдэд нэг их ач холбогдол өгөхгүй байна. Хэн нь үл мэдэгдэх баахан улстөрчийн эрээлжилсэн олон контеныг үзэж сууснаас дараагийн Ерөнхий сайд хэн болох, дараагийн засаг төр ямар үйл хэрэг хэрэгжүүлэх гэж буйг анхааралтай гэгч нь харж сууна. Үүнээс хамаарч тэд сонголтоо хийхээр зэхэж суугаа аж.

Манай сонин өмнө нь бичиж л байсан даа. Ардчилсан нам буцаад татварын 10 хувиа хэрэгжүүлбэл ялна гэж. Тэгвэл одоо зөвхөн Ардчилсан нам ч биш, ер нь улс төрийн бүхий л нам “Ялбал татварыг 10 хувь болгоно”гэж зарлах хэрэгтэй. Тэгж байж сонгогчдын саналыг авна.

Учир нь цалингийн суурь, цалин тэтгэврийг үе шаттайгаар нэмсэн ч төгрөгийн худалдан авалт сул, инфляци өндөр байгаа өнөө цагт иргэд татварын таатай бодлогыг хүлээж суугаа юм. Мянга цалин нэмээд үнийн хөөрөгдлийн эсрэг ямар ч өөрчлөлт гарахгүй байгааг монголчууд амьжиргаагаараа мэдэрчихээд сууж байна шүү дээ. Дээрээс нь төлсөн татварынхаа хэмжээнд дүйсэн үйлчилгээг огт авч чадахгүй байна. Татварын мөнгө цөөн хэдэн хүний халаас руу орж байгааг ЖДҮ, Боловсролын зээлийн сан, Эмийн болоод нүүрсний, Хөгжлийн банкны сонсголоор бүгд харлаа. Мэдлээ.

Тиймээс ахмадуудын тэтгэврийг тэдэн төгрөг болгож нэмнэ, цалинг ийм үе шаттайгаар ингэж, ингэж нэмнэ гэж амласнаас цалингийнх нь дор хаяж 40 хувийг хуу хамчихаад байгаа татварыг багасгахыг л юун түрүүнд хүсч байна. Цалин тэтгэврийг нэмэх нь тэртээ тэргүй цагийн байдлаас үүдэж хийгдэх л ажил гэцгээж сууна.

Үүнээс гадна аж ахуйн нэгж, байгууллагуудад ч татвараас болж хөлөө дөнгөлүүлчихээд байна. Төр нь иргэддээ таалагдахын тулд цалинг үе шаттайгаар нэмэхийн хэрээр түүний хөлд Монголд баялаг бүтээж буй ажлын байр, нэмүү өртөг шингээж байгаа ажил олгогчид үрэгдэж байна.

Иймд нэгдүгээрт, улс төрийн намууд татварыг 10 хувь болгоно гэж зоригтойхон зарлавал удахгүй болох сонгуулиар сонгогчдын

саналыг хуу хамахаар байна. Тиймээс улстөрчид ч нэр дэвших гэж буй намынхаа бодлого мөрийн хөтөлбөрт үүнийг тусгаж, олон нийтэд  танилцуулан үүнийгээ ажил хэрэг болгоно гэж амлах хэрэгтэй.

Хоёрдугаарт, 2024 оны УИХын сонгуульд 23 нам өрсөлдөхөөр бүртгүүллээ. Одоо эдгээр намууд Ерөнхий сайдаа зарлах хэрэгтэй. Манай нам Засгийн эрхийг баривал энэ хүнийг Ерөнхий

сайд болгоно гэж. Өөрөөр хэлбэл, 2020 оны сонгуулиар Ардчилсан намынхан Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар томилно гэж амлаж байсан шиг гэсэн үг.

Эрх мэдэл хэнд төвлөрч, хэний гарт төрийн эрх мэдэл зангидагдах гэж байгааг иргэд тодорхой мэдэх хэрэгтэй байна. Яахав, өнөөдөр улс төрийн өнгөн талд байгаа хоёр том намын дүрэмд сонгуульд ялбал хэнийг Ерөнхий сайдаар томилох тухай асуудал хөндөгдсөн байдаг л даа. Сонгуульд намаа удирдаж ялуулсан намын даргыг Ерөнхий сайдаар нэр дэвшүүлнэ гэж уг хоёр намын дүрэмд бичсэн нь бий. Гэхдээ дүрэм журам цаг үеэс үүдэж яаж л бол яаж ч өөрчлөгддөг гэдгийг өнгөрсөн хугацаанд бид маш тод томруун харлаа. Тиймээс ялбал ямар хүнээр Монгол төрийн засгийн эрхийг зангидуулахаа ил зарлах хэрэгтэй байна.

Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газарт ихээхэн эрх мэдэл төвлөрдөг болсон. Үүнээс гадна маш ойлгомжтой нэг зүйл бол Ерөнхий сайд төрийн бодлогын чиглүүлэгч луужин. Монголд хэрэгжүүлэх бүхий л төсөл хөтөлбөр, хууль бодлого… за даа ер нь бүх ажил Засгийн газраар дамжиж хэрэгжинэ шүү дээ. Тиймээс Ерөнхий сайд бол сонгуулиар сонгох хамгийн амин чухал сонголт. Ерөнхий сайдын ажил, амьдралын туршлага, зоримог шийдэмгий байдал, эр зориг гээд бүх зүйлээс тухайн нийгмийн асуудал, тухайн том төсөл, хөрөнгө оруулалт хэзээ хийгдэж, яаж үргэлжилж, хэрхэх нь тодорхойлогддог.

Ерөнхий сайдын эр зориг дутсанаас авлига албан тушаалын хэрэг гаарах, Ерөнхий сайдын амин хувиа хичээсэн увайгүй зангаас том төсөл гацах, Ерөнхий сайдын бодлогогүй шийдвэр нь хэдэн арван жилд урхаг тарих… гээд нарийн олон зүйл бий.

Мэдээж УИХын гишүүн бол олон нийтийн итгэлийг авч сонгогдож байгаа төлөөлөл. Гэхдээ УИХаас баталсан хуулийн хүрээнд Монголын ирээдүйн хувь заяа, хөгжил дэвшлийг чирж явах этгээд бол Ерөнхий сайд.

Дэлхийн улс орнуудын сүйрсэн, эсвэл өөдлөн дээшилсэн үүх түүх Ерөнхий сайдтай, түүний хэрэгжүүлсэн бодлоготой 100 хувь хамааралтай байдаг. Өдгөө Азийн бар улс гэж өргөмжлөгдөж байгаа Сингапурыг хэн өнөөгийн түвшинд хүртэл чирж, түлхлээ дээ. Тухайн улсын Ерөнхий сайд Ли Куан Ю гэдгийг дэлхий нийтээрээ мэднэ. Өнөөдөр дэлхий дахинд хамгийн муугийн жишээ болж эш татагдаж байгаа Венесуэлийг өнөөгийн түвшинд хэн хүргэсэн билээ. Венесуэлийн засгийн эрхэнд Уго Чавес гэх удирдагч гарснаас дэлхийн хамгийн ядуу, хамгийн бурангуй орон болчихоод сууж байна. Уг нь цагтаа цалгиж явсан улс юм шүү дээ.

Энэ мэтээр дурдвал та бидний мэдэх, мэдэхгүй олон улс бий. Тиймээс иргэд сонголтоо хийхдээ засаг төрийн эрхийг хэн барихыг чухалчилж байна. Иймд улс төрийн намууд Монголын гал тогоог хэнд атгуулах гэж буйгаа шулуухан зарлах хэрэгтэй байна. Татварын бодлого, Ерөнхий сайд хоёроо ил тод болгосон намд ард түмэн саналаа харамгүй өгөх нь мэдээж юм.

 

 

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам-ыг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглээд, харилцаа ‘Найрамдалт хамтын ажиллагааны зарчим’-д тулгуурлан бүхий л салбарт өргөжин хөгжиж байгааг дурдав.

Элчин сайдаар ажиллах хугацаандаа харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд идэвх санаачилга гаргаж, худалдаа, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа иргэдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөхөд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлов.

Монгол Улсын төр, засаг бүх талаар дэмжин, хамтран ажиллаж байсанд Элчин сайд Зоан Хань Дам талархал илэрхийллээ.

Цаашид харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж,  иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлж Элчин сайд Зоан Хань Дам-ыг “Найрамдал медаль”-иар шагналаа.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана DNN.mn

Улсын Их Хурал дахь намын бүлэг, байнгын хороо, ажлын хэсгүүдийн 2024 оны тавдугаар сарын 13-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ. НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
1 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 “Их засаг”
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Нийгмийн бодлогын байнгын хороо Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 334 тоот
2 Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн талаарх холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 12.00 “Их засаг”
3 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 12.00 334 тоот
4 Төрийн байгуулалтын байнгын хороо Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын  хэсгийн хуралдаан 14.00 “Жанжин Д.Сүхбаатар”
5 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 15.00 334 тоот
6 Хууль зүйн байнгын хороо Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 16.00 “Жанжин Д.Сүхбаатар”
ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо ·      Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.01-ний өдөр Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/ 14.00 “Их засаг”

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу DNN.mn

МАН найман жилийн туршид үнэмлэхүй олноор эрх барилаа. Өнгөрсөн 2020 оны сонгуулиар “Дөрвөн жил болоод л төр барьж буй нам солигдчихоор хариуцлага тооцох бололцоогүй болгож байна” гэсэн суртал ухуулгыг хүчтэй хийсний үр дүнд ард түмний сонголтыг дахин авч чадсан. Нэг ёсондоо одоо иргэд, сонгогчид хариуцлага тооцох эзэнтэй болсон гэсэн үг. Тус намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг Үндэсний аудитын газраас 73 хувийн биелэлттэй хэмээн дүгнэсэн гэдэг зүйлийг тойрогтоо ажиллаж байгаа гишүүд нь яриад эхэлсэн байна лээ. Гэвч улс төрийн намын хувьд өөрийн хүнээ даргаар нь тавьсан аудитын газрын дүгнэлтээс гадна ард түмний тавих дүн гэж нэг айхтар зүйл бий. Тийм ч болохоор энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа шалгалтыг хэдхэн хоногийн дараа ард түмэндээ өгнө. Тэд ч тохирох үнэлгээг нь өгөх нь гарцаагүй. УИХ-ы н 2 0 2 0 оны ээлжит сонгуульд МАН дэвшүүлсэн 702 зорилтынхоо хэдэд нь хүрсэн, хэдийг нь хийсэн гэдгийг сонгогчид л сайн мэдэж байгаа.

Нэг үеэ бодвол иргэдийн санах ой сайжирч, аливаа зүйлийг эргэцүүлэн тунгааж, хувь хувьдаа дүгнэлт гаргадаг болсон. Улам л хэрсүү болж, мэдлэг боловсролтой залуу сонгогчид хүч түрэн гарч ирсээр байгаа. Тийм ч болохоор эрх баригч нам сонгогчдынхоо ханыг гаргах зорилгоор өнгөрсөн хугацаанд гурван ч удаа том хэмжээний судалгаа явуулсан гэх юм билээ. Энэ судалгаан дээрээ үндэслэн  сонгуулийн тойргоо бүсчлэн томсгосон байж ч мэднэ. Учир нь нэг аймагтаа улиг болтлоо нэр дэвшиж сонгогдсон нөхөд дахин гарч ирэх бололцоогоор хомс болчихоод байсан учраас зэргэлдээ аймгуудын сонгогчдоор зөрүүг нь нөхнө гэж тооцоолсон байж болохыг ч улс төр судлаачид бас хэлээд байгаа юм.

Цар тахалтай амаргүй жилүүд байсан гэдгийг сүүлийн хэдэн жил улиг болтол давтсан эрх  баригчид ойрын үед маш их ажилтай, ажилсаг хүмүүс болж хувирлаа. Цас зуданд нэрвэгдсэн малчдаа энэрч, малгүй болсон иргэдэд нэг удаад таван жилийн хугацаатай найман сая төгрөгийн хүүгүй зээл олгохоор болов. “Шинэ хоршоо” хөтөлбөрийг  санаачилж, арилжааны банкуудаар дамжуулан 50 хүртэлх сая төгрөгийн зээл өгч, нийслэлийн иргэдээ өдөр бүр шинэ мах, сүүгээр хангана гэв. Ингэснээр малчид маань өрхийн орлогоо нэмэгдүүлж, дутагдах гачигдах зүйлгүй болохоор болов. Сүүлийн хэдэн жил огт хөдлөөгүй ипотекийн зээлийг явуулж, 10 мянган иргэнд орон сууцны зээл олгохоор шийдэв.

Бүр сарын дундаж орлого нь хоёр сая төгрөгөөс бага иргэдэд энэхүү ипотекийг түлхүү олгоно гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь мэдэгдэв. Тэгвэл нийслэлийн Засаг дарга нь Улаанбаатар хотыг 14 жижиг хот болгон хувааж, тулгамдаад байгаа түгжрэл, утаа зэрэг хотын асуудлуудыг бүрэн шийдвэрлэх хуулийн төсөл санаачилж, яаралтай горимоор УИХ руу зүтгүүлэв.

Өдгөө Их хурлын гишүүд нь даргынхаа захирамжийн дагуу энэ хуулийг тойрогтоо суртчилан таниулах өдөрлөгүүдийг хийж яваа. . Тэдэн дунд татвар төлөгчдийн мөнгөөр барьж байгуулсан сургууль , цэцэрлэгийг өөрийн хөрөнгөөр барьчихсан аятай аяглаж яваа нь ч байна. Үүгээр үл барам Сүхбаатарын талбайгаас Хөшигийн хөндийн нисэх буудал руу шууд хүрэх гүүрэн замыг барьж байгуулна хэмээн гүйцэтгэх засаглалын тэргүүн амлалаа. Нэг ёсондоо улсын маань хөгжил ирэх сараас өмнө цэнгэлийн манлайдаа бүрэн хүрч, “Аз жаргалтай” 14 хотын иргэд амар жимэр амьдрах бололтой.

Гэтэл нөгөө иргэд чинь өөрсдийг нь амар амгалан амьдруулах гээд шар махтайгаа хатаж яваа нөхдөд итгэхгүйгээр үл барам “Найман жил хийгээгүй ажлаа найм хоногт амжих уу” хэмээн амыг нь асууж, тавлаж байна. Нэг ёсондоо хуучны сайхан цаг шиг хулхин дээр нь өнгө, өнгийн цэцэг ургуулж, хэд гурван төгрөг өгөөд саналыг нь авчихдаг байдал өөрчлөгджээ. Тиймээс л олон нийт амыг нь асуугаад байгаа хэрэг. Дээрээс нь манайд ирж өгдөггүй “Цаг нь болохоор”, тохиож өгдөггүй “Шаардлагатай бол” гэсэн үг их дэлгэрснээр ард түмэн итгэхээ больчихсон гэсэн үг.

Нээрээ ч үнэхээр малчдаа бодох байсан юм бол тэр цаг нь яагаад дөрвөн жилийн өмнө байж болсонгүй вэ. Утаагүй түлшиндээ угаартан суугаа гэр хорооллынхноо орон сууцанд оруулах байсан юм бол ипотекийн зээлээ аль гурван жилийн өмнөөс тасралтгүй хэрэгжүүлээд яваад байж болох л байсан.

Их хурлын гишүүний зөөлөн суудлаас гулсан уруудаж их хотыг удирдсан эрхмүүд хэдэн жилийн өмнөөс л хэл амгүйхэн шиг метрогоо бариад, түгжрэлээ шийдээд явахад яг юу нь болохгүй байв аа. Хэрэв тэгсэн бол улс даяараа хэдэн саяар нь малаа үхүүлж байхын оронд малчид нь хамгийн баян хүмүүс болох байлаа. Орон сууцанд хэвийн хамруулаад байсан бол хайртай дотны хүмүүсээ угаартуулан, гэр байшингаа шатаан барин уулын мухарт амьдрахыг хэн ч хүсэхгүй. Ингээд асуухаар өнөөх л цар тахал, дайн байлдаанаа улстөрчид ярьдаг. Гэтэл хэлж ирдэггүй өвчин ганцхан манайхыг дайраагүй. Дэлхийн бүхий л улсыг хамарсан. Тийм байтал бусад улс орнууд хүн ардынхаа төлөө хийж хэрэгжүүлэх ёстой ажлуудаа хийгээд л, хөгжиж дэвжээд байдаг. Харин манайх болохоор хий хоосон амлалт хөврүүлж, бахь байдгаараа байсаар байна. Энэ жилийн сонгуулийн сурталчилгаа албан бусаар он гарангуут эхэлсэн. Цас зудын байдал нэг талдаа өнөөгийн УИХ-ын болон Засгийн газрын гишүүдэд сайхан далим болсон. Боодол өвч, уут будаа тэврээд орон нутгаар мөн ч их хэссэн. Ингэж явахдаа мэдээж өөрийгөө рекламдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарахаа тэд мартаагүй. Ирэх долоо хоногоос нам, эвслийн нэр дэвшигчид эцсийн байдлаар тодроод эхэлнэ. Ингээд сар гаруйхан хугацааны дараа сонгууль болно. Ийм цаг үед бүтэх, бүтэхгүй нь мэдэгдэхгүй баахан ажил эхлүүлж, хийж бүтээж байгаа дүр эсгээд байгаа болохоор л ард түмэн сонгууль гэж хараад итгэхгүй байгаа юм. Тэгээд эцэс сүүлд нь “Яг хийх гэж байсан чинь сонгууль болчихсон” гэдэг үгээ тоть шиг давтсаар ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно гэдгийг чинь ард түмэн мэдээд байна. Тийм болохоор ингэж амыг нь асуугаад байгаа хэрэг л дээ.