Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний төслийг Байнгын хороо дэмжлээ DNN.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг  хэлэлцлээ. Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Хууль зүй, дотоод хэргийн яамны урд “шударга ёс” гэж нэмж байгаа юм байна. Агуулгын хувьд салбарын сайд, ерөнхий прокурор хоёр нэг байдаг улс орнуудын нэршил. Үндсэн хуульд ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулах замаар Ерөнхий прокурор гэдэг статусыг гүйцэтгэх эрх мэдэл дотор оруулах гэж байгаа юм уу. Шударга ёс гэж нэрлэж байгаа бол Засгийн газрын дотоод дахь хүний эрхийн аудит хийдэг систем энд үүснэ гэсэн үг. Тэгэхээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах байдлаар ХЗДХЯ-ны чиг үүрэг өргөжих ёстой. Гэтэл хэрэглэгчийн эрх Шадар сайд дээр явж байгаа. Энэ эрхээ шилжүүлэхгүй юм уу. Манайх л холион бантан болгосон байдаг. Төр бол хамгийн бага стандартыг тогтоох ёстой” гэв.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хуулийн байгууллагын асуудлыг засах, зөв ойлголтыг нийгэм мэдэх гэдэг агуулгаар ХЗДХЯ-ны нэрийн өмнө шударга ёс гэх нэршлийг оруулж ирж байгаа юм. Прокурор, мөрдөх байгууллага, шүүхийн байгууллагын дунд байгаа бараг найз нөхөд байдаг юм. Хууль хяналтын байгууллагад хяналт тэнцэл гэдэг зүйл байхгүй болоод удсан. Тэр агуулга руу явуулахаар олон улсын нийтлэг жишгийн дагуу оруулсан.

Ер нь мөрдөх байгууллага Засгийн газрын харьяанд байдаг. Прокурор нь УИХ, шүүх нь тусдаа байдаг гэх ойлголттой. Бодит байдал дээр шударга ёс томилсон хүмүүстээ үйлчилдэг бүтэц байдаг” гэсэн юм.

Улмаар хуралдаанд оролцсон 20 гишүүний 17 нь хуулийн төслийг дэмжсэнээр УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанаар дараагийн хэлэлцүүлгийг хийх юм.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Гадаадад олон жил ажиллаж амьдарсан болохоор наадмаа үзэхийг тэсэн ядан хүлээж байна DNN.mn

Монгол ардын намын жагсаалтын нэгдүгээрт бичигдэж парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Ганзоригийн Лувсанжамцтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Юуны өмнө Төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдож нийт иргэдээ төлөөлөн ажиллах болсонд баяр хүргэе. Шинэ гишүүн болоод орж ирсэн анхны сэтгэгдэл тань ямар байна вэ?

-Энэ удаагийн сонгууль холимог тогтолцоогоор буюу тойрогт нэр дэвшигчдээс гадна нам дугуйлснаараа өмнөх хоёр сонгуулиас ялгаатай байлаа. МАН-ын хувьд жагсаалтаар нэр дэвшигчдээ салбаруудын төлөөлөл, мэргэшсэн боловсон хүчнээр бүрдүүлснээрээ мөн онцлог байлаа. Тангараг өргөж байхад сэтгэл их хөдөлсөн. Маш том үүрэг хариуцлага ирж байгааг ухаарсан.

Би хариуцлагатай, тууштай байдал, хамтын ажиллагаа гурвыг хувийн амьдрал болон ажлын арга барилдаа чухалчилдаг хүн. Өргөсөн тангарагтаа тууштай байж түмэн олны төлөөлөл гэдгээ ухамсарлаж, ёс зүйтэйгээр ажиллахыг зорьж байна.

-Улс төрийн ууган хүчин МАН-аас танд анх жагсаалтын нэгдүгээрт бичих саналаа яаж тавьж байв. Тухайн үед та ямар байдлаар хүлээн авч байсан бэ?

-Жагсаалтаар нэр дэвших саналыг авахдаа би нэгэн цагт Хүлэгү хааны захирч байсан Турк улсын Газиантеп хотод сэргээн босголтын төсөл дээр ажиллаж байсан. Намын удирдлагаас утсаар санал тавьсан. Тухайн үед итгэж өгөхгүй тулгамдаад татгалзсан боловч сайн бодож үзээрэй гэсэн. Гэр бүлтэйгээ ярилцаад ийм зоригтой, шийдмэг санал тавьж байгаа болохоор улс орныхоо төлөө хариуцлагатайгаар ажилласан нь зөв гэсэн шийдвэр гаргасан. Харин нэгдүгээрт, бичигдсэнээ өглөө онгоцноос буугаад л мэдсэн. Үнэнийг хэлэхэд тухайн үед их сандарсан шүү.

-Та бол залуу хүн, боловсролтой хүн. Энэ утгаараа өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын хөгжил, Монгол төрийн бодлого юунд нь онож, юунд нь алдаж ирэв гэдгийг юу гэж бодож явдаг вэ?

-Сүүлийн 30 жилийн хугацаанд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээл рүү шилжих үйл явцыг дутуу дулимаг хийсэн гэж боддог. Ялангуяа эрчим хүч, дэд бүтэц, хот байгуулалт, барилгын салбар нь төр болон шат шатны дарга нараас хэт хараат байгаа нь алдаа гэж боддог. Мөн сонгуулийн тогтолцоо нь тойргийн буюу гишүүд улс орны бодлого гэхээсээ илүү сонгогдсон тойрогтоо түлхүү анхаарч, жижиг цар хүрээгээр ажилладаг тогтолцоо давамгайлсан нь буруудсан гэж боддог.

-Ерэн оноос эхлээд бид Ардчилсан тогтолцоо, чөлөөт зах зээлийн нийгэм рүү шилжсэн. Өнөөдөр энэ бүх эрх, эрх чөлөө бүрэн утгаараа хангагдаж чадаж байгаа гэж харж байна уу?

-Сая хэлсэнчлэн дутуу дулимаг зүйл байгаа учраас нийгэм эдийн засгийн олон асуудал шийдэгдэж чадалгүй өдийг хүрсэн гэж хардаг. Улс үндэстэн бүр өөр өөрийн онцлогтой. Тухайн өгөгдөл, нөхцөл, соёл, аж амьдралд тааруулан оновчтой шийдэл, шинэчлэл, шилжилтийг хэрэгжүүлж байж хөгжлийн үүд хаалга нээгдэнэ гэж хардаг. Бүрэн эрхийнхээ хугацаанд ардчилал, эрх чөлөө, чөлөөт эдийн засгийг тууштай дэмжиж ажиллана.

-Хөгжсөн орнуудыг харахад эдийн засгаа аль болох чөлөөт урсгалаар явуулж ирсэн байх юм. Хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ хааж боох, татвараар дарамтлах биш, эсрэгээрээ бүх хаалтаас чөлөөлж бизнес хийх боломжийг нь нээлттэй болгож өгснөөрөө тухайн улс хөгжсөн жишээ олон. Манай улс яг энэ жишгээр явж чадаж байна уу?

-Юуны түрүүнд эрчим хүч, дулаан, цэвэр бохир ус зэрэг хот байгуулалтын суурь болсон инженерийн дэд бүтцийн салбар дахь хувийн хэвшлийн оролцоог нээж, төр давамгайлсан байдлыг арилгах ёстой гэж бодож байна. Бусад салбарт ч мөн адил төрийн оролцоог багасгаж, чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, татварын болон хууль эрх зүйн таатай орчныг бий болгох, гарааны болон жижиг дунд бизнесийг дэмжих, үүнийг хэрэгжүүлэх оновчтой бодлого боловсруулахыг зорьж ажиллана. Тийм болохоор эдийн засгийн байнгын хороо, аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд орох саналаа бүлгийн даргадаа өгсөн. Цомхон төр, чадварлаг хувийн хэвшил, чөлөөт өрсөлдөөнийг бий болгож байж улс орон хөгжинө гэж боддог. Цаашдаа ч энэ үзэлдээ тууштай байна.

-Яг энэ цаг үед Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн байгуулагдаж байна. Иргэдийн хувьд хамтарсан засаг байгуулагдах асуудал дээр хоёр талтай шүүмжлэлийг хэлж байна л даа. Хувь гишүүнийхээ хувьд та ямар зарчим баримталж байна вэ?

-Бусад намуудын мөрийн хөтөлбөрийг уншсан. Ерөнхий зорилт, чиглэл дээр ижил төстэй талууд олон харагдсан. Тоон зорилт бага зэрэг зөрсөн ч харж буй зүг нэг бол тухайн салбарууд дээр хамтраад ажиллах нь зүйтэй гэж хувьдаа бодож байна. Ер нь сонгуулийн холимог тогтолцоотой улс оронд хамтарсан засаг байгуулагдах жишээ түгээмэл байдаг шүү дээ. Харин мэргэжлийн, чадварлаг, туршлагатай хүмүүсээс бүрдсэн засаг байгуулагдаасай гэж бодож байна.

-Хэн, хэн сайд болох вэ гэдэг асуудал олны анхаарлын төвд байгаа. Яг энэ цаг үед сошиалаар таныг сайд болох тухай мэдээлэл их харагдаж байна. Таны нэр үнэхээр сайдад яригдаж байгаа юу?

-Албан ёсоор надад ийм мэдээлэл огт ирээгүй. Энэ явж байгаа мэдээлэл тандалт, эсвэл шуум болов уу гэж бодож байна.

-Улаанбаатар хотод хүн амын талаас илүү хувь нь аж төрдөг. Тэр утгаараа нийслэл хотын асуудал уул мэт их. Ядаж замын түгжрэлээ бид яаж шийдэх вэ. Метро барьчихвал замын түгжрэл алга болно гэж үзэх хүн олон. Үнэхээр тийм нөхцөл үүсэх үү?

-Юуны өмнө яагаад ийм нөхцөл байдалд хүрсэн шалтгааныг тайлбарлах ёстой байх. Манай улсын хот байгуулалтын хууль эрх зүйн орчин сүүлийн 30 жилийн хугацаанд төдийлөн сайн шинэчлэгдэж чадаагүй.

Хуучин социалист буюу төр нь бүх асуудлыг шийдэх гэж оролддог, дээрээс доош чиглэсэн захиргаадалтын хот байгуулалтын тогтолцоотой хэвээрээ байна. Мөн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, салбарын яамдуудын төлөвлөгөө гээд хэтэрхий их төлөвлөгөө байдаг. Тэдгээрийн уялдаа сул, төсөв болон хөрөнгө оруулалтын тодорхойгүй байдлын улмаас утаа, түгжрэл зэрэг хотын асуудлууд үүссэн. Хууль эрх зүйн орчныг засаж, иргэдийн оролцоот, иргэндээ чиглэсэн, 20 минутын хот консептыг хэрэгжүүлж байж суурь асуудлууд шийдэгдэнэ.

-Түгжрэлийн тухайд…?

-Улаанбаатар хот нь өөрөө автомашин бус нийтийн тээвэрт зориулсан хот. Хүн бүрд хүртээмжтэй олон сонголтот, оновчтой нийтийн тээврийн сүлжээнээс шийдэл эхэлнэ. Оновчлолын хувьд жишээ нь III, IV хорооллоос хотын төв рүү явдаг автобус хэт их ачаалалтай байхад Шар хад-Толгойт чиглэлийн автобус харьцангуй ачаалалгүй атлаа хэтэрхий олон автобус явдаг. Иймд бид бодит бөгөөд чанартай мэдээлэл цуглуулах, боловсруулан дүгнэж, иргэдийн санал, зорчилт хөдөлгөөний тандалт судалгаанд үндэслэсэн арга хэмжээ авах шаардлагатай байна. Зам зогсоол барих, өргөтгөх хэрэгтэй гэсэн санал их сонсогддог. Нөгөө талдаа явган болон дугуйгаар зорчигчдод ээлтэй орчинг бүрдүүлэх шаардлага хэрэгцээ бас өндөр байгаа. Автомашин ашиглалтыг багасгах цогц арга хэмжээ үгүйлэгдэж байна. Тэрэгтэй, тэргэнцэртэй, таягтай бүх иргэдэд зориулсан гудамж, хотыг хүмүүс хүсч байгаа гэдэгт итгэлтэй байна. Үүний тулд хорооны иргэдийн нийтийн хуралд суурилсан төлөвлөгөө боловсруулалт нэн чухал. Мэргэжил, туршлагадаа суурилж эдгээр болон бусад асуудлууд дээр анхаарч ажиллана.

-Сая сонгуулийн өмнө томоохон хэд хэдэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, дансыг нь царцаалаа. Ер нь Монголд бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийнхээ эрх ашигт нөлөөлөх, халдах асуудал цөөнгүй гардаг. Тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлд та ямар санал санаачилга гаргаж ажиллах бодолтой байна вэ?

-Төр бол хувийн хэвшил болон иргэдийн татвар дээр оршин тогтнодог. Бизнесийн орчинг сайжруулах хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, зөв зохицуулалт хийх нь гол үүрэг гэж боддог. Хэн нэгэн дарга, эсвэл төрийн байгууллага хувийн хэвшлийн үйл ажиллагааг дур мэдэн гэнэт зогсоох, дансыг хаах, ганц татварын байцаагчийн шийдвэрээр өндөр торгууль тавих зэрэг асуудал ардчилсан, чөлөөт эдийн засагтай улсад байж болохгүй гэж хувьдаа боддог. Зөвхөн шүүхийн шийдвэр дээр үндэслэж хийгдэх ёстой болов уу. Хааж хурааж, цагдаж хорихгүйгээр хянаж шалгах бүрэн боломжтой шүү дээ. Энэ асуудал бол зөвхөн нэг хувийн хэвшил, ажил олгогчийн асуудал биш. Тэнд ажиллаж байгаа олон ажилтан, тэдний ар гэр, үр хүүдүүд бас байгаа гэдгийг анхаарч, болгоомжтой хандах ёстой. Бизнес эрхлэх орчин чөлөөтэй, таатай байж л эдийн засаг хөгжинө. Хөдөлмөр эрхлэгч, ажил олгогч зэрэг бүх талуудын саналыг сонсож, салбарын төлөөлөл болсон бусад гишүүдтэйгээ хамтарч бизнесийн таатай орчинг бий болгох, хувийн хэвшлийг хамгаалах, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих тал дээр анхаарч ажиллана. Мөн зөвшөөрлийн тогтолцооноос стандартын тогтолцоонд бүрэн шилжих бодлогыг хэрэгжүүлж, ямар нэг үйл ажиллагаа эрхлэхэд зөвшөөрөл авах бус, зөвхөн мэдүүлэхэд л хангалттай тогтолцоог бий болгохоор зорьж байна. Товчхон хэлэхэд, ажил хийж амь зогоохын тулд төрөөс зөвшөөрөл авдаг тогтолцоог утгагүй зүйл гэж хувьдаа боддог.

-Таны улс төрийн ирээдүйн зорилго юу вэ?

-Дээр хэлсэн барилга хот байгуулалтын бодлогын өөрчлөлт, хууль эрх зүйн орчинг засаж залруулж, хүн төвтэй, хүндээ чиглэсэн ая тухтай хотыг бий болгох нь миний хувийн болон улс төрийн зорилго. Хот байгуулалтын салбар өөрөө өөрчлөлт гарах, тэр нь мэдрэгдэхэд хугацаа их шаарддаг болохоор зорилгодоо тууштай зүтгэнэ. Зөвхөн нийслэл хот гэлтгүй аймгийн төвүүд ч утаагүй болж, машин төвтэй бус хүн төвтэй хот болохыг зорино. Харин Улаанбаатар хотоо дэлхийн өвлийн нийслэл болоосой гэж мөрөөддөг. Үүнийхээ төлөө хамтын ажиллагааг чухалчилж, иргэд оршин суугчидтайгаа ойр ажиллаж, нийгмийн төлөөллийнхөө хувьд улс төрд шинэ шийдэл, зарчим, соёлыг бий болгохын тулд мөн хичээж ажиллана аа. Ардчилал, эрх чөлөөг бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн салбарын үүрэг, оролцоо чухал гэж боддог. Хамгийн эхний алхам бол хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах явдал гэж боддог. Дөрөв дэх засаглал, үнэнг хамгаалагч гэгддэг салбарын та бүхэнтэй ойр байж, нээлттэй ажиллахыг зорьж байна. Танай хамт олон, бусад хэвлэлийн байгууллага, мөн уншигч олондоо амжилт хүсч, үндэсний их баяр наадмын баярын халуун мэндийг хүргэе. Гадаадад олон жил ажиллаж амьдарсан болохоор наадмаа үзэхийг тэсэн ядан хүлээж байна.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ улс-төр

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа DNN.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Хатан Жэцүн Пэма Ванчук нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Хоёр улсын Төрийн тэргүүн Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа, Цог Жавхлант Хаан Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн албаны хүмүүс болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчиллээ.

Төрийн тэргүүн нар Их эзэн Чингис Хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцааг өргөжүүлэх, эрх зүйн орчныг бэхжүүлэх хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Цог Жавхлант Хаан гэр бүлийн хамт Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолд хүндэт зочноор оролцож, “Чингис хаан” үндэсний музей, Богд хааны ордон музейд  зочлон, манай орны түүх, соёл, зан заншилтай танилцана.

Мөн Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн гишүүн орны хувиар тус олон улсын байгууллагад  зочлохоор төлөвлөж байна.

Монгол Улс, Бутаны Хаант Улс нь 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм.

 

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын  Газар

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Засаг хамтрах нь Үндсэн хуулийн заалтыг зөрчих үү DNN.mn

УИХ-ын ес дэх удаагийн сонгууль болж, холимог тогтолцоогоор парламентад анх удаа 126 гишүүн сонгогдсон. Сонгуулийн дүнгээр МАН 68, АН 42, ХҮН нам найм, Үндэсний эвсэл дөрөв, Иргэний зориг ногоон нам дөрвөн суудалтайгаар шинэ парламентыг бүрдүүлээд байна. Өнгөрсөн долоо хоногт эрх баригч нам УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа шуурхай томиллоо. Одоо үргэлжлүүлэн Засгийн газрыг бүрдүүлэх тохироо яригдаж байна. Албажиж алх цохиогүй байгаа ч хамтарсан Засгийн газар байгуулагдахаар болж байх шиг байна. Өнгөрсөн баасан гаригт болсон АН-ын Улс төрийн зөвлөлийн шийдвэрийг тус намын дарга Л.Гантөмөр танилцуулахдаа Засагт хамтрах шийдвэрийг гаргаснаа дуулгасан. Нэг ёсондоо МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс хамтрах санал ирсэн, түүнийг дэмжсэн гэдэг мэдэгдлийг хийгээд байна. Сөрөг хүчний хамгийн олон суудал авсан намын энэ шийдвэрээр бол Засгийг хамтарч барихаар болж байна гэсэн үг.

Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг,аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна. Мөн Монгол Улсын Их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 10 дугаар зүйлийн 10.1-д Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвслийг Улсын Их Хурал дахь олонх гэж заасан.

Тэгвэл энэ удаагийн сонгуулийн үр дүнд МАН 68 суудал буюу Монгол Улсын Их хурлын тухай хуульд зааснаар олонх болсон. Төр засаг хуульд юу гэж тусгасныг ёсчлон дагах үүрэгтэй. Хуулийг мөрдөх нь хууль тогтоох дээд байгууллагын үндсэн үүргийн нэг ч гэж болно. Тэд хуулиа сахиулах нь нийт ард иргэд, төрийн болон хувийн хэвшил зэрэг бүхий л субьектэд үлгэрлэл болж байдаг. Гэтэл олонх болсон МАН хамтарсан Засгийн газар байгуулахаар бусад намуудад хүсэлт хүргүүлсэн, түүнийг хүлээж авч байгаа сөрөг хүчний үйлдлүүд олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Аль ч нам улс төрийн сонгуульд төр засгийн эрх барих эрхийг авахаар оролцдог. Энэ утгаараа АН-ын үйлдлийг зөв гэж үзэх талууд байгаа. Харин нөгөө талд эрх баригч нам сүүлийн найман жил улс орны бүхий л чухал салбаруудыг уналтад хүргэсэн, үүнийг шүүмжилж байсан сөрөг хүчин тэдэнтэй хамтрахаар болсон нь буруу гэх байр суурь ч хүчтэй хэвээр байна. Ямартаа ч олонх болсон

нам сөрөг хүчинтэй хамтрах санаачилгыг гаргаж байгаа үйлдэл нь хуулиа зөрчсөн явдал болчихоод байна. Үндсэн хууль болон бусад  хуулийг зөрчиж байгаа энэ үйлдэлд Үндсэн хуулийн Цэц ямар тайлбар хэлэх бол? Үүнээс гадна сонгууль хэмээн сар орчим шууруулж

ард түмнийг талцуулсан. Ялсан, ялагдсан шок бүрэн арилаагүй байхад УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг нэг амьсгаагаар сонгочихож  байгаа үйл явдал өнгөрсөн долоо хоногт өрнөлөө. Манайх улс орны хөгжлийн хувь заяаг шийдэх улс төрийн гол үйл ажиллагааг үндэсний баяр наадамтай.

давхцуулчихдаг сонин тогтолцоотой. Сонгууль дуусаад л баяр наадмын уур амьсгал орчихсон байхад улс төрийн том томилгоонуудыг шууруулдаг. Өмнө нь ч ингэж ирсэн.

Маш өндөр ач холбогдол өгч, хамгийн ажил хэрэгчээр хандах улс орны амин чухал асуудлыг түмний анхаарлаас холуур зохион байгуулдаг нь нэг талдаа санаатай үйлдэл. Үнэндээ өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн УИХ-ын гишүүдийн тангараг өргөхөөс эхлээд анхны нэгдсэн чуулган, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын томилгоо олон нийтийн анхаарлаас холуур, чимээгүйхэн болоод өнгөрчихлөө. Шинэхэн гишүүдээс цөөнх нь ажил хэрэгчээр хандсанаас бусдаар Монгол Улсын хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын хувь заяа нэг намын урьдчилан бичсэнээр өрнөж байна. Ийм үзэгдэл улс төрийн соёлдоо ч, улс орны хувь заяанд ч хэрэгтэй юм биш. Тиймээс улс төрийн сонгуулийг үндэсний баяр наадамтай давхцуулж зохион байгуулдгийг больё.

Хавар гурав, дөрөвдүгээр сард, эсвэл намар наймдугаар сард явуулаад есдүгээр сараас шинэ сонгуулиа хийе. Ингээд шинэ парламент, шинэ Засгийн газар бүрэлдээд ажилдаа ороод явчихдаг болоход болохгүй зүйлгүй. Угаас цэцэрлэгээс эхлээд бага, дунд, ахлах ангийн хүүхэд багачууд, төрийн албадаа есдүгээр сараас хичээллүүлж, ажиллуулдаг. Энэ цаг хугацаанаас төрийн бүхий л үйл ажиллагаанууд ажил хэрэгч өрнөдөг байхад сонгууль, парламент, Засгийн газар ч хамт ажиллаад эхлэхэд болох биш үү.

 

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд 23 сайдтай Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн барив DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.

Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилт, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс гадна Улсын Их Хурлын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилгоор шинээр эмхлэн байгуулах Засгийн газар нь Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллахаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ тодорхойлж байна.

Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд орж байгаа Тэргүүн Шадар сайд,  бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн Монгол Улсын Шадар сайд болон хөрөнгө оруулалт, өрсөлдөөний асуудал эрхэлсэн Монгол Улсын Шадар сайд, тодорхой асуудал эрхэлсэн Үндэсний хорооны дарга буюу Монгол Улсын сайд гурав байхаар тусгасан. Засгийн газрын эдгээр гишүүнээс гадна Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Засгийн газрын эрхлэх асуудал эрхэлсэн 15 сайд нар ажиллана.

Ерөнхий сайдын танилцуулж буй төслөөр Засгийн газрын бүтэц:

  1. Эдийн засаг, хөгжлийн яам;
  2. Гадаад харилцааны яам;
  3. Сангийн яам;
  4. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яам;
  5. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам;
  6. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам;
  7. Батлан хамгаалах яам;
  8. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам;
  9. Боловсролын яам;
  10. Гэр бүл, хүний хөгжлийн яам;
  11. Зам, тээврийн хөгжлийн яам;
  12. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам;
  13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
  14. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;
  15. Эрчим хүчний яам;
  16. Эрүүл мэндийн яам

Засгийн газрын бүрэлдэхүүн:

  1. Монгол Улсын Ерөнхий сайд
  2. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд;
  3. Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн/;
  4. Монгол Улсын Шадар сайд /өрсөлдөөний асуудал эрхэлсэн/;
  5. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
  6. Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга;
  7. Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга;
  8. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга;
  9. Гадаад харилцааны сайд;
  10. Сангийн сайд;
  11. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайд;
  12. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд;
  13. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд;
  14. Батлан хамгаалахын сайд;
  15. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд;
  16. Боловсролын сайд;
  17. Гэр бүл, хүний хөгжлийн сайд;
  18. Зам, тээврийн хөгжлийн сайд;
  19. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд;
  20. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
  21. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд;
  22. Эрчим хүчний сайд;
  23. Эрүүл мэндийн сайд;
Categories
мэдээ улс-төр

МАН, АН, ХҮН нам хамтран ажиллах санамж бичиг байгууллаа DNN.mn

Монгол ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам хамтарсан Засгийн газар байгуулах зөвшилцөлд хүрсэн билээ. Тэгвэл өнөөдөр гурван намын удирдлагууд хамтран ажиллах  санамж бичигт гарын үсэг зурлаа. Тодруулбал, Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг хурдтай шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллах санамж бичигт МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар гарын үсэг зурав.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс парламентын ардчилсан тогтолцоотой болсноос хойш 30 гаруй жил болж байна. Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш 30 жилийн алдаа, гажуудсан зүйлийг засаж, тогтолцооны хувьд шинэ 30 жилийг эхлүүлэхийг зорьсон. Энэ хүрээнд “Алсын хараа 2050″ урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг улс төрийн намын удирдлагуудтай хэлэлцэн баталсан. Эхлүүлсэн олон ажил дуусахгүй, дунд нь замхардаг байлаа.

Парламентад дарга нарын төлөөлөл орно гэсэн ойлголттой байсан. Парламентад олон нийтийн төлөөллийг хангахын тулд холимог тогтолцоогоор сонгууль явуулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосон. Сонгодог парламентыг бий болгохын тулд энэ санамж бичгийг байгуулж байна.

30 хоногийн дотор мөрийн хөтөлбөрөө оруулна. Парламентад суудалтай бүх намаас санал авна. Шийдлээ хүлээж байсан маш олон ажлыг хурдтай шийдвэрлэнэ гэж итгэж байна. Парламентын шинэ 30 эхэлж байна. Мөн Монгол Улсын хөгжлийн шинэ 30 жил эхэлж байна” гэлээ.

АН-ын дарга Л.Гантөмөр “Монгол Улсад тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, Ардчилсан намын үзэл санааг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хамтарсан Засгийн газарт ажиллах санамж бичгийг байгуулж байна. Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх ажлын тодорхой хөтөлбөрийг дэмжиж ажиллахаар шийдвэрээ гаргасан. Энэ хүрээнд татварын дарамтыг бууруулахыг ажил хэрэг болгох ёстой гэдэгт санал нэгдсэн. Мөн бизнес хийхэд улс төрийн намаар ялгаварлан гадуурхдаг байдлыг арилгахын тулд хамтарсан Засгийн газарт ажиллана” гэлээ.

Мөн ХҮН намын дарга Т.Доржханд “Өнөөдрөөс эхлээд шинэ хандлага, соёл улс төрд орж ирж байна. 30 жилийн хугацаанд улс төрийн намууд бие биедээ дэгээ тавьж, харлуулж байсан. Үүний үр дүнд хөгжлөө алдсан байдаг. Харин өнөөдөр намаа, өөрсдийгөө бус улс орны эрх ашгийг бодсон шийдвэр гаргаж байна” гэв.

Түүнчлэн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх товтой байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн асан Н.Ганибалыг АН-ын “ГЕНСЕК“-ийн үүрэг гүйцэтгэгчээр томиллоо DNN.mn

АН-ын “ГЕНСЕК”-т УИХ-ын гишүүн асан Н.Ганибал болон тус намын жагсаалтын 35 дугаарт бичигдсэн Батсуурийн Баттөмөр нарын нэрс яригдаж байгаа талаар бид өмнө мэдээлсэн билээ.

Тэгвэл Н.Ганибалыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуулийн 6-р тойрог буюу Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт өрсөлдсөн ч ялагдал хүлээсэн юм.

Categories
мэдээ улс-төр

ХҮН намын дарга Т.Доржханд Засгийн газартай эвсэх болсноо зарлалаа DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуулийн дүнгээр парламентад сөрөг хүчин болоод буй Ардчилсан Нам, ХҮН намуудад Засгийн газарт хамтрах санал хүргүүлээд буй.

Ардчилсан Нам уг саналыг хэлэлцээд хамтрах болсноо өчигдөр олон нийтэд зарласан.

 

Тэгвэл ХҮН намын дарга Т.Доржханд Монголын эдийн засгийн форумд оролцож, үг хэлэх үеэрээ дараах зүйлийг хэллээ.

 

ХҮН намын дарга Т.Доржханд “Тогтвортой байдлыг бий болгож, хамтарч засагладаг байх соёлыг бий болгож байгаа нь онцлог юм.

 

Сөрөг хүчин байж яагаад Засгийн газартай нэгдэх гээд байгаа юм гэж асуух байх. Парламентын түвшинд мэтгэлцээн байна. Харин Засгийн газрын түвшинд бие биедээ дэгээ тавьдаг байдлаа больё, том төслүүдээ урагшлуулъя гэдэг агуулгаар ХҮН нам энэ удаагийн Засгийн газартай эвсье гэж байгаа юм” гэлээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

УИХ-ын гишүүдийн тангаргийн үгийг өөрчилмөөр юм DNN.mn

Монголын парламентын анхны 126 гишүүн тангаргаа өргөлөө. Чилийсэн урт тэр ёслолыг хараад тангаргийн хэд хэдэн үгийг өөрчилчихмөөр санагдлаа.

Нэг. Үндсэн хуулийн 23 дугаар зүйлд “УИХ-ын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, УИХ-ын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнээр сонгогдогч тангаргаа өргөснөөр албан ёсоор УИХ-ын гишүүн болж баталгаажлаа гэж үзэх нь.

Гэтэл түр үнэмлэх буюу албан ёсоор УИХ-ын гишүүн болоогүй хүмүүс “Монгол Улсын Их Хурлын гишүүн би…” гэж тангараг өргөж байна. Гишүүн болоогүй байж “УИХ-ын гишүүн би..” гэж тангараг өргөхөөр энэ тангараг нь хүчинтэй болох уу, үгүй юу гэж санаа зовж суулаа. Тиймээс “УИХ-ын гишүүнээр сонгогдогч би” гэдэг ч юмуу, эсвэл УИХ-ын гишүүнээр сонгогдох санал авсан би” гэх зэргээр үгийг өөрчилмөөр байна. Юманд учир гэж бий. Худлаа юм худлаа байдаг. Гишүүн биш байж гишүүн би гэхээр энэ нь эргэлзээтэй болчихож байна. Сүүлд тангаргийг нь сануулахлаар би гишүүн болоогүй байхдаа тэрийг чинь хэлсэн шүү дээ гээд бултвал яана.

Хоёр. Тангаргийн үг дээр нэммээр нэг чухал үг байна. “Хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ” гэсэн үг хэрэгтэй байна. Хүний эрхийн тухай үг тангаргийн үгэнд ганц ч алга. Монголын иргэдийг төлөөлж байгаа хэрнээ Монгол Улсын иргэдийн эрхийн төлөөх үг байхгүй байж боломгүй. Энэ нь төлөөлүүлж байгаа бидний эрх, эрх чөлөөнд хамаарахгүй юм шиг эвгүй сонсогдож байна лээ. Тиймээс “Монгол Улс, Монгол хүний эрх, эрх чөлөөний төлөө тууштай тэмцэнэ” ч гэдэг юм уу энэ тухай ганц үг нэмчихмээр юм даа гэж бодож суулаа. Яахав Үндсэн хуулийг чандлан мөрдөнө гэдэгт нь эрх, эрх чөлөө маань багтаж байдаг байх даа гэсэн шүү юм горьдох .

Үнэн чанартаа бид эрх, эрх чөлөөгөө хангуулах гэж, төрийн дарамтнаас хамгаалуулах гэж л өөрсдийгөө төлөөлөн тухайн хүнийг УИХ-ын гишүүн болгон сонгодог. Тэдний авлига авах, ашиг сонирхлын зөрчилтэй байх нь маньд падгүй юм байна гэдгийг өнгөрөгч хавар, өмнөх парламентуудын гишүүд баталчихсан шүү дээ. Өмнөх парламентуудын гишүүд бүгд л “…төрийн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” л гэж байсан. Хэд нь авлига ашиг сонирхлын зөрчилтэй холбогдлоо доо. Мөн “Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэж байсан. Өнөөдөр хэн нь хуулийн хариуцлага хүлээсэн байна вэ.

Тиймээс сайхан үгээр худлыг халхавчлахаа больё. Ер нь худлыг халхавчилж чадахгүй. Хэзээ нэг цагт илэрдэг юм. Үүний гороор иргэдийн төрд итгэх итгэл алдарч байна. Залуус эх орноосоо дайжиж байна. Өнөөгийн байдлаар 150 мянга гаруй залуус зөвхөн байрны урьдчилгааны төлөө эх орноосоо дүрвэчихээд байна шүү. Урьдчилгаагаа хийгээд эх орондоо ирнэ гэсэн баталгаа хаана байгаа юм бэ. Зүгээр л хэн хэнд нь ирнэ гэсэн хүлээлт байгаа болохоос баталгаа алга. Тиймээс эрх, эрх чөлөөг хүндэтгэгч, тэмцэгч л өнөө цаг үед хэрэгтэй байна. Энэ үгийг тангаргийн үгэнд зайлшгүй оруулмаар байна.

Гурав. УИХ-ын гишүүнээр сонгогдогч ганцхан төрийн сүлдэнд хүндэтгэл үзүүлэх ёстой. Түүнээс ялсан намын даргад биш. Ерөнхийлөгчид биш. Үүнийг хуульд хоёрдмол утгагүй, ойлгомжтой гэгч нь биччихсэн байгаа. Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 22.5-т “Сонгуулийн ерөнхий хорооны дарга илтгэл тавьж, асуулт, хариулт явуулсны дараа насаар хамгийн ахмад гишүүн эхэлж, бусад гишүүн цагаан толгойн үсгийн дарааллын дагуу УИХ-ын гишүүний тангаргийг уншиж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурна” хэмээн заасан байдаг.

Гэтэл УИХ-ын гишүүнээр сонгогдогч төрийн сүлдэнд хүндэтгэл үзүүлэхээс гадна Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлж байна. Мөн өөрсдөө сонгож баталгаажуулах Ерөнхий сайдад хүндэтгэл үзүүлээд байх юм. Үүнийг харсан олон нийт хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй, хэрэггүй гэж маргалдана. Зарим гишүүд хуулиа уншсан бололтой төрийн сүлдэнд хүндэтгэл үзүүлээд л больчихож байна. Тэрийг нь харсан түмэн олон нөгөөхөө Еөкийн өмнө үнэн толгой гэдгэр байв гэж ирээд л хөөрөлхөх.

Хууль тогтоогчид эхнээсээ л хуулиа хэрэгжүүлмээр байна. Хуульд тодорхой байгаа зүйлээр нийгмийг талцуулж яах гээд байгаа юм бэ. Ер нь ч ялсан намын даргад бөхөлзөж, мөргөх нь зохимжгүй байна гэдэг үнэн дээ.

Дөрөв. УИХ-ын даргыг сонгохыг ил тод болгомоор байна. УИХ-ын даргыг яаран сандран нэг хоногт баталдаг баймааргүй байна. УИХ-д суудалтай намууд УИХ-ын даргын асуудлаар хуралддаг баймаар байна. УИХ-д суудалтай аль ч намын гишүүнийг УИХ-ын даргад нэр дэвшүүлдэг болмоор байна.

Яагаад тухайн хүнийг нэр дэвшүүлэх болсон тухайгаа олон нийтэд тайлбарладаг болмоор байна. Учир нь УИХ, Засгийн газар, агентлаг улс төрийн намуудын бялуу хуваах газар биш. Тэр дундаа УИХ бол ард түмний төлөөллийн төв байгууллага. Тиймээс Монголын хамгийн ардчилалтай цор ганц газар УИХ баймаар байна. Тэгж нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдмөөр байх юм. Гэтэл хэдхэн хүний хөшигний цаадах тохироо, хэдхэн хүний лоббигоор УИХ-ын даргыг томилох нь буруу. Яахав, Ерөнхий сайдын албыг ялсан намын дарга хаших нь зөв. Тэрэн шиг ялсан намын хүн заавал УИХ-ын дарга байж яах гээд байгаа юм. Хамгийн нэр хүндтэй шулуун шударга нэгнээ дарга болгомоор юм. УИХ-ын гишүүн бол намын гишүүн биш ард түмний төлөөлөл гэдгээ одоо хэдүүлээ сайн ойлгомоор байна.

Тав. Тангаргаа өргөхдөө төвхөн, энгийн уншдаг гишүүн мөн ч ховор юм. Монгол хүний зан нь юм байх даа. Тодрох гээд элдэв үг, ааш аяг үзүүлээд л сонин сонин байдалд ороод байх юм. Бүр духаараа шал түг түгхийтэл мөргөж ч байх шиг. Өмнөх парламентын үед Ц.Ананбазар тангаргаа өргөхдөө “…илэрхийлье” гэж хэлээд манай сонинд шүүмжлүүлж байсан. Энэ мэтээр хүчингүй болох үйлдэл их хийж байна. Төвшин сайхан уншаад өнгөрвөл барав биз.

Элдэв маяг гаргаснаар эх оронч гэж үзэхгүй. Хийсэн ажлаар нь л эх оронч гэдгийг нь үнэлнэ шүү дээ.

Зургаа. Эцэст нь туг үнсэх гэдэг эмэгтэйчүүдэд их хэцүү ажил байх юм. Заавал сөхөрч сөгдөж байж үнсэх ёстой гэж хэн хуульчилсан юм бэ. Туг биш, наад хүмүүс чинь бидний сонгож гаргасан төр биз дээ. Бие барьсан дээлтэй, өндөр өсгийттэй тэд арагш, урагш савж уначих гээд гуя хасаа гялалзуулчих гээд хэцүү харагдах юм. Үүнийг төвөггүй болгочихож болдоггүй юм байх даа. Заавал улаан туг үнсүүлж, тэрүүгээр нүүрээ арчих хэрэг юу ч байдаг юм. Өндөрхөн тавцан дээр байрлуулаад л хүмүүст төвөггүй болгочихмоор санагдлаа. Ард түмний төлөөллийг шалан дээр мөлхүүлэн байж туг үнсүүлэх нь та нарын төлөөлөл чинь ийм жижигхэн шүү дээ гэж биднийг даапаалаад байгаа мэт санагддаг юм аа. 126 гишүүний тангараг өргөх ёслолыг бүтэн өдөржин харахад ийн хэдэн бодол төрлөө.

Төр төмбөгөр, ёс ёмбогор гэж үг бий. Дээрх зүйлсээс болж төр, ёсыг дүр эсгэн хуурмаглаад байгаа харагдах юм. Аль болох либерал, хүндээ чиглэсэн үнэн баймаар байна. Өнөө цагт нийцэхгүй байгаа хуучин ёс заншлыг таягдан хаяж, шинэчлэн өөрчилж, хялбар болгож байх нь зөв байдаг. Дэлхий ертөнц бүх зүйл амархан руу явж байгааг бид анзаарах цаг болсон. Үүний нэг жишээ нь, солгой хоолойтой хүн дуулж чаддаггүй байсан бол одоо үгүй. Тэр хүсвэл реппер болж үглэж болно. Уянгалаад дуулаад байх алба үгүй. Заавал тогтсон хэв маягт баригдах гээд зүтгэх, тэр нь болохгүй хийдэл гарахаар хөшигний ард нуух биш. Жаахан либерал, жаахан үнэн баймаар байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

УИХ-ын гишүүн С.Замира: Эмэгтэйчүүдэд мэдлэг, боловсрол, туршлага дутаагүй, биднийг бүх шатанд хүлээн зөвшөөрдөг хандлага л нийтэд тогтоогүй байна DNN.mn

Иргэний зориг, ногоон намын жагсаалтын дөрвөөр парламентад сонгогдсон, анхны казах эмэгтэй УИХ-ын гишүүн С.Замираатай ярилцлаа.


-Ардчиллаас хойш анх удаагаа казах эмэгтэй хүн төрийн эрх барих дээд байгууллагад орж ирлээ. Өмнө нь ер нь шийдвэр гаргах түвшинд үндэсний цөөнх болсон казах эмэгтэйчүүд орж ажиллаж байсан түүх байдаг болов уу. Таны хувьд энэ Их хуралд орж ирсэндээ сэтгэгдэл ямар байна вэ?

-Юуны өмнө Иргэний зориг, ногоон намыг дэмжиж, бидний төлөө саналаа өгсөн монголчууддаа чин сэтгэлээсээ талархаж байна. Мэдээж үндэсний цөөнх, тэр дундаа эмэгтэйчүүдийнхээ төлөөлөл болж орж ирсэндээ сэтгэгдэл маш өндөр байгаа. Манай казах түмнээс хуучин нийгмийн үед буюу Хорлоогийн Чойбалсан гуайн үед төрийн эрх барих байгууллагад ажиллаж байсан нэг эмэгтэй бий. Энэ хүн яаж яваад Улсын бага хурлын гишүүн болсон нь их сонин түүхтэй. Тэртээ 1950-иад оны үед Хорлоогийн Чойбалсан гуай манай аймагт албан ажлаар очсон юм билээ. Энэ үеэр Х.Чойбалсан гуай казах эмэгтэйчүүдийн нямбай, хөдөлмөрч, соёлтой байдлыг магтаж, цаашлаад казах түмний соёлыг орон даяар таниулахын тулд төрийн эрх барих байгууллагад төлөөлөл оруулах ёстой гэж үзсэн юм билээ. Энэ дагуу тэрбээр Баян-Өлгий аймагт ажиллаж байхдаа нутгийн зон олонтой уулзах үеэр “Та бүхэн Апселен Жамила хэмээх энэ эмэгтэйг сонгоод төрдөө гаргаарай” гэж захисан байдаг. Ингээд казах түмнээс анх Жамила хэмээх эмэгтэй Улсын бага хурлын гишүүн болж байсан түүхтэй. Тэр үеийн Х.Чойбалсан гуай Апселен Жамилатай авахуулсан зураг байдаг. Түүнээс хойш, энэ ардчилсан нийгэм байгуулагдсанаас ч хойш өдий болтол нэг ч эмэгтэй гарч ирж байгаагүй. Дандаа л эрчүүд сонгогдон гарч ирдэг байсан. Миний бие ардчиллаас хойших анхны эмэгтэй УИХ-ын гишүүн болж байна.

-Анхны их хурлын эмэгтэй гишүүн болсноороо мэдээж дараа дараагийн казах эмэгтэйчүүдийн төлөөлөл орж ирэх замыг та нээлээ гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр таны хувьд өмнө УИХ-ын сонгуульд хэд хэдэн удаа өрсөлдөж байсан түүхтэй юм билээ. Энэ талаараа ярихгүй юу?

-Миний хувьд 1996 болон 2004 онд Очирбатын Дашбалбар агсны Монголын уламжлалын нэгдсэн намын нэр дээр УИХ-ын сонгуульд дэвшиж байсан. Тухайн үед бол монголчууд Хувьсгалт нам, Ардчилсан нам гэж мэдэхээс бусад улс төрийн намуудыг төдийлөн сайн таньдаггүй байсан үе. УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа учраас намаа олон нийтэд танилцуулах гол зорилготой л сонгуульд оролцож явлаа. Таны хэлдгээр казах эмэгтэйчүүд маань улс төрийн манлайлал үзүүлж, шийдвэр гаргах түвшинд орж ажиллах боломж бүрэн байна. Юутай ч миний хувьд анхны замыг нь татлаа. Араас минь олон мундаг казах эмэгтэйчүүд улс төрийн манлайлал үзүүлэн орж ирнэ гэдэгт итгэлтэй байна. Анхны казах эмэгтэй УИХ-ын гишүүн гэдэг утгаараа өөрөө том үлгэр дуурайл болж, төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх болно гэдгээ хэлмээр байна.

 

-Хамгийн сүүлд та 2004 онд нэр дэвшиж байсан гэхээр нэлээд хугацааны дараа дахин нэр дэвшсэн байна шүү дээ. Ер нь энэ сонгуулийн өмнө ямар байдлаар ИЗНН-ын жагсаалтад бичигдэх болсон юм бэ. Танд мэдээж санал тавьсан болов уу. Ер нь яагаад сонгуульд оролцох болов?

-Юуны өмнө ардчилсан тогтолцоонд шилжээд 34 жил өнгөрлөө. Энэ хугацаанд ер нь яагаад казах эмэгтэй УИХ-д ард түмний төлөөлөл болоод гарч ирэхгүй байгаа юм бэ гэдгийг улс төрийн намууд, тэр дундаа ИЗНН анхаарч харсан байгаа юм. Нөгөөтэйгүүр УИХ-ын сонгууль болгоноор манайхаас гурван эрэгтэй хүн гар гараасаа хөтлөлцөөд л парламентад очдог. Жендерийн хувьд ийм жишиг тогтчихсон байсан гэсэн үг. Тиймээс яагаад эмэгтэйчүүд УИХ-д орж ирэхгүй байна, орж ирэх замд нь яг юу саад болоод байна вэ, мэдлэг, боловсрол, улс төрийн оролцоо дутагдаад байна уу гэдэг судалгааг сонгуулийн өмнө казах түмний дунд явуулсан юм билээ. Ингэхэд ерөөсөө мэдлэг, боловсрол дутсан юм байхгүй. Гарч ирэх боломж бололцоо нь нээлттэй байсан. Тиймээс ИЗНН-ын хувьд анх надад санал тавьсан. Таныг бид манай намын жагсаалтад орж, сонгуульд нэр дэвшээсэй гэж хүсч байна гэсэн.

-Санал тавьсны үндсэн дээр сонгуульд оролцох шийдвэрээ та хувьдаа гаргасан байна, тийм үү…?

-Яг санал тавихад нь бас шууд хүлээж аваагүй л дээ. Учир нь манай том охин маань Ардчилсан намын гишүүн. Бүр АН-ын хэрэг эрхлэх газарт нь мөн адил анхны казах эмэгтэй болж ажиллаж байсан. Ингээд хүүхэд төрүүлээд улмаар аймгийн АН-ын даргын алба хашсан. УИХ дахь АН-ын бүлэгт ч ажилласан. Том охин маань улс төрийн идэвхтэй ингэж явж байсан болохоор манай нөхөр “Хоёулаа энэ сонгуулиар охиноо дэмжье. Охин маань сонгуульд оролцохоор болчихвол миний хань улс төр лүү ороод яах билээ” гэж бид хоорондоо ярилцсан л даа. Үнэхээр ч охин маань залуу хүн, мэдлэгтэй хүн. Иймэрхүү маягтай сонгуулийн өмнө байж байсан. Гэтэл охин маань намаасаа дэмжлэг авч чадаагүй. Мэдлэг, боловсрол дутсандаа биш л дээ. Эмэгтэй хүн гэдэг талаасаа бас бус зүйл явсан байх гэж боддог. Ингээд охин маань надад хэлсэн “Би нэгэнт намаасаа явах боломжгүй болсон учраас та ИЗНН-ын саналыг хүлээж аваад өөрийнхөө бодлого, үзэл санаагаа олон түмэндээ хүргээд явбал зүгээр биш үү” гэж. Ингээд л ИЗНН-ын квотод орсон.

-ИЗНН-ыг дэмжсэн иргэд энэ сонгуулиар их байсан. Тиймдээ ч парламентад дөрвөн суудал авлаа. Цаашдаа ч улс төрийн томоохон амжилтуудыг үзүүлж явах нам гэж судлаачид харж байгаа. Яг энэ сонгуулиар барьсан гол бодлого юу байв?

-ИЗНН-ын хувьд ард түмэнд нэг зүйлээрээ маш их таалагдсан гэж боддог. Тэр нь цэвэр нэр төр. Үнэхээр улс төрийн янз бүрийн хир толбо байхгүй, нэр төр нь сэвтээгүй ийм улс төрийн хүчин байсан учраас иргэдийн хувьд ИЗНН-ыг илүүтэй дэмжсэн болов уу гэж бодож байна. Цаашдаа ч илүү дэмжинэ. Сонгуулийн өмнө намын дарга Б.Батбаатар маань маш богино хугацаанд намаа бэхжүүлж, бодлого, мөрийн хөтөлбөрөө тодорхойлж явсан. Бидэнд бол маш богино хугацаа байлаа шүү дээ. Өнөөгийн улс төрд квот худалдаж авах битгий хэл намыг мөнгөөр авах тохиолдол цөөнгүй бий. Манай нам харин квотоо мөнгөөр худалдаагүй. Яг цэвэр мэдлэг боловсрол, судалгаа, иргэдийн санал хүсэлтийн дагуу л нэр дэвшигчдээ тодруулсан. Ямар нэгэн бохир улс төрөөс ИЗНН түүхэндээ хол явсан. Тиймээс л нэр төр нь цэвэр, улс төрийн хэр толбо тогтоогүй нам учраас иргэд таатай хүлээн авлаа.

-Таны хувьд УИХ-ын гишүүн боллоо. Цаашдаа ямар бодлого барьж ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

-Хаана ч тэр иргэд маань амьжиргаагаа болгочих гээд нэг бизнес эхлүүлье гэхээр хаадаг, янз бүрийн зөвшөөрөл шаарддаг. Бөөн асуудал болж бизнес нь эхлээд хөл дээрээ босоогүй байтал татвараар дарамталдаг. Ийм нөхцөл байдалд яаж хувийн хэвшил хөгжих билээ дээ. Яаж иргэдийн амьдрал дээшлэх билээ. Монголд хүн хүссэнээрээ хөдөлмөр эрхлээд амьжиргаагаа сайжруулах боломж хаалттай байгаа учраас л нийгэмд хоёрхон давхарга бий болсон гэж боддог. Нэг талдаа баян, эсвэл ядуу. Дундаж давхарга гэдэг зүйл бараг байхгүй болж. Ерөөсөө л хүнийг сайхан амьдрах тэр боломж, бололцоо, орчныг нь л төр бүрдүүлэх үндсэн үүрэгтэй шүү дээ. Тэгэхээр сүүлийн гуч гаруй жил Монголын төр энэхүү үүргээ хангалттай сайн биелүүлж ирсэнгүй гэж үзэж байна. Үүний тод илрэл нь ард түмэн өнөөдөр ядуу амьдарч байна, тийм үү. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхийн төлөө л миний бодлого, үйл ажиллагаа, зарчим чиглэнэ. Ингэхдээ өнөөгийн эрх баригч нам эсвэл төр, засгийн үйл ажиллагаа, шийдвэрийг жадлан эсэргүүцээд, шүүмжлээд байхгүй. Болж байгааг нь дэмжээд, болохгүйд нь хэлэх үгээ хэнээс айхгүйгээр хэлээд явна. Миний хувьд асуудлыг шийдэхийн төлөө л аль болох эвсэж ажиллана. Бие биетэйгээ сөргөлдөх биш бодлогын мэтгэлцээн өрнүүлж төрийн ажлыг явуулах ёстой. Хууль ч тэр, төрийн бодлого ч тэр сөргөлдөх бус эвсэж л гарах учиртай.

-Улсын хүн амын 3.9 хувийг казах түмэн эзэлж байгаа. Үүн дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь ямар байдаг вэ?

-Нийт казахчуудын 50 гаруй хувь нь эмэгтэйчүүд шүү. Ер нь эрчүүдээсээ арай ахиухан байдаг.

-Эмэгтэйчүүд нь их байдаг гэлээ. Тэгвэл энэ олон эмэгтэйчүүдээс өнөөг хүртэл яагаад шийдвэр гаргах түвшинд гарч ирж чадахгүй байв. Үүний шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Нэг талдаа мөнгөний нам гэж байна, тийм үү. Намд хэн илүү мөнгө төлнө тэр нь дээшээ явдаг ийм сонин тогтолцоо руу улс төрийн намууд маань орчихсон байна. Харин тэрхүү мөнгийг хэн гаргаж ирээд байна гэхээр ихэнхдээ эрчүүд. Эмэгтэйчүүдийн хувьд мөнгө төлөөд улс төрд явах боломж тэр болгон байхгүй. Тэд хэчнээн бизнес хийгээд мөнгөтэй болсон ч гэсэн улс төр лүү гэхээс илүү гэр бүл рүүгээ чиглүүлдэг. Бүр шулуухан хэлэхэд, эмэгтэйчүүд маань хулгай ч хийхгүй. Нөгөө талдаа улс төрийн намд ч бай, хаана ч эрчүүд илүү давамгай эрх эдэлж ирсэн. Тухайлбал, орон нутагт эмэгтэй намын дарга байна гэж сонсож байсан уу. Саяхан л Ховд аймгийн Засаг даргаар анхны эмэгтэй томилогдлоо. Өөрөөр намын дарга, аймгийн Засаг дарга болсон эмэгтэй байгаа юу. Ганц нэг сумын Засаг дарга л эмэгтэй байгаа. Миний хувьд Ховдын Засаг дарга байсан Э.Болормааг аль ч нам нь хамаагүй эмэгтэй хүн гараад ирлээ гэдэг утгаараа тухайн үед маш их дэмжиж, сэтгэгдлээ бичиж байсан хүн. Тэгэхээр яагаад өнөөг хүртэл эмэгтэйчүүдийн улс төр дэх, тэр дундаа шийдвэр гаргах түвшин дэх оролцоо бага байж ирэв гэхээр монголчууд маань эмэгтэй хүнийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөх хандлага төдийлөн сайн тогтоогүйд байгаа юм болов уу гэж боддог. Энэ асуудал зөвхөн манай аймагт ч биш шүү дээ. Монгол Улс даяараа л ийм хандлагатай байгаа нь надад харагддаг. Тэгэхээр юуны өмнө эмэгтэйчүүдээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Энэ хандлагад суралцах, дэлгэрүүлэх шаардлага байна гэж үзэж байгаа. Эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нөгөө талдаа бид угаасаа дэвшээд эрчүүд маань гаргахгүй шүү дээ гэдэг буруу ойлголт төлөвшчихсөн өдийг хүрлээ л дээ. Тэгэхээр аль аль талдаа буруу зөрүү ойлголт, хандлага, төлөвшлөө өөрчлөх цаг үе ирсэн. Эхнээсээ өөрчлөгдөөд явж байна. Илүү сайн өөрчлөгдөх хэрэгтэй юм болов уу.

-Таны хувьд эдийн засагч мэргэжилтэй хүн. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг юу гэж бодож явдаг вэ?

-Монгол Улсын гол хэрэглээ, гол эдийн засгийн суурь нөөц бол мал аж ахуй. Миний хувьд 1994 онд арьс, ширний үйлдвэртэй байлаа. Арьс ширээрээ гутал, савхи үйлдвэрлээд нэлээд сайн ажиллаж байсан. Тэр үед хонины нэхий долоон мянган төгрөгт хүрсэн гээд бод доо. Адуу, үхрийн шир 12-15 мянган төгрөгт хүрч байсан. Өнөөгийн мөнгөний ханшийг бодоход тухайн үед нэлээд үнэтэй байсан байгаа биз. Гэтэл өнөөдөр арьс, шир, малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүн үнэд хүрч байгаа билүү. Бараг бүгд хог дээр хаягдаж байна. Арьс, шир, малын гаралтай бүтээгдэхүүн гэдэг бол алтнаас үнэтэй зүйл байхгүй юу. Хамгийн чухал нь энэхүү түүхий эдээ мал өөрөө бий болгож байна. Бий болгохын тулд хүнээс ямар ч хүч, хөрөнгө зарцуулагдахгүй, зардал гарахгүй гэсэн үг. Тэгэхээр түүхий эдийн ийм баялаг нөөцтэй салбараасаа эцсийн бүтээгдэхүүн гаргаад экспортлох юм бол маш их мөнгө Монгол Улс руу ороод ирнэ. Энэ боломжоо бид ашиглах шаардлагатай байна.

-Анхны 126 гишүүнтэй парламент байгуулагдаж, даргаа томилчихсон. Одоо Засгийн газраа байгуулах гэж тал бүрийн улс төр явагдаж байна. УИХ-ын гишүүнийхээ хувьд Засгийн газар ямар байдлаар байгуулагдах ёстой гэж үзэж байгаа вэ?

-АН, МАН, ХҮН хамтраад Засаг байгуулах гэж байна гэсэн бусадтай адилхан мэдээлэлтэй байгаа. Миний хувьд юу гэж харж байна вэ гэхээр МАНАН яаж үүсч байлаа гэдгийг ард түмэн санаж байгаа. МАНАН бүлэглэл ерөөсөө хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас болж л үүссэн. Тиймээс энэ чиглэл рүү асуудлыг аваачиж огт болохгүй. Үнэхээр цэвэр Монгол Улсынхаа төлөө, ард түмний төлөө зүтгэе, ажиллая гэсэн сэтгэл байвал МАН-ын хувьд хамтарсан ч хамтраагүй ч хийнэ. Тэгэхээр хамтрах эсэхийг миний хувьд мэдэхгүй ч хамтарлаа гээд гарах үр дүн юу байхав гэдгийг цаг хугацаа харуулна биз. Хамтарсан Засгийн газар байгуулагдлаа гэхэд хоёр дахь МАНАН үүсэх үү, эсвэл үнэхээр том төслүүдээ хэрэгжүүлээд улс орныхоо төлөө ажиллаад явах уу гэдгээ л сайн бодох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр манай улсад тогтолцооны нэг том гажиг үүссэн байна гэж би харж байгаа. Миний хувьд тэртээ 1990 онд Монгол Улс ардчилсан тогтолцоотой, эрх зүйт төртэй, чөлөөт зах зээлийн нийгэм байгуулахаар хувьсгал хийсэн гэж боддог. Гэтэл өнөөдөр буюу гуч гаруй жилийн дараа энэхүү хувьсгалын маань үзэл санаа, чиг баримжаа нь алдагдаад учир нь олдохгүй тогтолцоо руу орчихсон байна. Өөрөөр хэлбэл, бид өнөөдөр ардчилсан нийгэм гэж ярьсан атлаа капиталжсан нийгэм рүү орчихсон явж байна. Ардчилсан нийгэм гэдэг бол хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүнлэг, энэрэнгүй нийгэм биз дээ. Гэтэл нэг талдаа баяждаг нөгөө талдаа ядуурдаг, өвчин зовлонтой, амьдрах битгий хэл амьсгал авахад хүндхэн нийгэм болсон байна. Тэгэхээр энэ тогтолцооны гажигаа бид засах хэрэгтэй. Засахын тулд хүнлэг, энэрэнгүй ёс суртахууныг түгээн дэлгэрүүлэх шаардлагатай байна. Үүнийг дагаад шударга ёс, тэгш боломж нийгэмд бүрдээд ирнэ. Эхлээд бид хүнлэг, энэрэнгүй байх хэрэгтэй байна гэсэн үг. Ийм сэтгэл, ийм ёс суртахуунтай болчихвол улстөрчид ч тэр, ер нь хүн бүр нэгнээ хайрладаг болно. Нэгнээ хүндэтгэдэг болно. Нийгэм өөрөө хүнлэг, энэрэнгүй болчихвол шударга ёс тогтоно, боломж хүн бүрд тэгш олгогдоно. Авлига алга болно.

-Тэгэхээр хамгийн чухал нь хүнлэг, энэрэнгүй нийгмийг бүрдүүлэх болж байна, тийм үү?

-Яг тийм. Дараагийн нэг зүйл бол бид чөлөөт зах зээлтэй нийгэм байгуулчихсан гэж бодсон чинь одоо юу болсон байна вэ. Монгол Улсад амьдарч байгаа хүн бүр, өрх бүр чөлөөтэй бизнес хийгээд амь амьжиргаагаа дээшлүүлэх боломжтой байна уу. Харамсалтай нь тийм боломж нөхцөл буюу орчин нь одоогоор бүрэлдээгүй байна. Тэгэхээр энэ парламентын хийх ёстой гол ажил бол хүн бүр, өрх бүр бизнес хийх боломж, орчинг нь бүрдүүлж өгөхөд чиглэсэн эрх зүйн өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй гэсэн үг. Миний хувьд хууль тогтоогчийнхоо үүргийг энэ чиглэлд барьж ажиллана. Магадгүй миний дээрх хэлсэн бүхэн буруу байж мэднэ. Би өөрийгөө зуун хувь зөв ярьж байна гэж тулгахгүй. Энэ бол цэвэр миний хувь хүний бодол шүү. Засгийн газрын тухайд өнөөдөр Монгол Улсад ийм олон яам, сайд, дарга огт хэрэггүй байх гэж боддог. Нэг яам шинээр нэмж байгуулж байхаар түүгээрээ нэг том эмнэлэг барь л даа. Эрүүл мэндийн салбар үнэхээр доошоо орсон нь үнэн. Эмчилгээ нэхсэн өвчтэй хүмүүс боломжтой нь гадаад руу гарч эмчлүүлэхийг зорьж байна. Боломжгүй нь өвчинтэйгөө тэмцээд өнөө маргаашийг өнгөрүүлсээр байна. Гэтэл албан тушаал, эрх мэдлийн төлөө асар их хөрөнгөөр яам, сайд нэмж төрийг улам томруулах шаардлага байхгүй болов уу гэж боддог. Ядаж бид Монгол Улсдаа хэдэн мянган хүнд нэгэн зэрэг үйлчлэх орчин үеийн технологи, тоног төхөөрөмжтэй том эмнэлэг барьж болохгүй гэж. Өөрсдөө барьж чадахгүй бол чаддаг улсынх нь эмнэлгийг оруулаад ирж болно. Ядаж л гадагшаа чиглэх валютын урсгал дотооддоо эргэлдэнэ шүү дээ. Тэгэхээр иймэрхүү шийдвэр, зарчим дээрээ бид анхааралтай тогтох хэрэгтэй. Бодох хэрэгтэй. Сэтгэл гаргах хэрэгтэй байна.

Э.МӨНХТҮВШИН