Categories
мэдээ улс-төр цаг-үе

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-д айлчлал хийнэ DNN.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен-ий урилгаар 2024 оны долоодугаар сарын 21-23-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсад айлчлал хийж, Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээнд монголын талын төлөөлөгчдийг тэргүүлж оролцоно.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен-тэй албан ёсны уулзалт, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт М.Кэмпбэлл-тэй Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээ хийхээс гадна АНУ-ын Конгресс болон Засгийн газрын төлөөлөлтэй уулзана.

Уулзалт, хэлэлцээний үеэр АНУ-тай хөгжүүлж буй Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцоно гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Цэнгүүн: Улстөрчид зориггүй, шийдвэр гаргахгүй удаан явснаас болж эрчим хүчний хямрал үүссэн DNN.mn

Улсын Их хурлын гишүүн С.Цэнгүүнтэй ярилцлаа.


-Таны хувьд анхны 126 гишүүнтэй парламентын хамгийн залуу гишүүнээр сонгогдсон. Ажил, үүрэгтэйгээ танилцаж амжив уу. Ойрын өдрүүдэд ямар ажил дээр төвлөрч байна вэ?

-Намайг ярилцлагадаа урьсанд баярлалаа. АН, ХҮН, МАН гэсэн гурван нам хамтарсан засаг байгуулахаар болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ кабинетаа бүрдүүлэх үйл явц одоо ч үргэлжилж байна. Ингэснээр Монгол Улсад арай өөр Засгийн газар бүрдэх юм болов уу гэж харж байгаа. Гэсэн хэдий ч энэ нь хоёр талтай. Мэдээж хэрэг сөрөг хүчний байр суурийг сайн хадгалж үлдэх тал дээр бид анхаарах ёстой. Нөгөө талдаа хэт их улстөржилтөөс болоод гацчихсан том төслүүдийг хөдөлгөж чадах болов уу гэсэн горьдлого найдвар байгаа. Тийм ч учраас энэ хоёрыг бид аль аль талдаа анхаарч харах ёстой байх.

-Танай нам хамтарсан Засгийн газарт орсонд иргэд хоёр талтай хандаж байна. Үүн дээр та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүд Засгийн газарт хяналт тавьж ажиллах байх. Миний хувьд ч гэсэн найман жил дангаараа засагласан МАН-д хариуцлага тооцох, өмнөх жилүүдэд явагдаагүй ажлуудад хяналт тавьж ажиллах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Ардчилсан намын хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн хувьд сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулж ажилласан учраас засгийн газрын мөрийн хөтөлбөрт манай намын баруун төвийн үзэл баримтлалын дагуу бодлогууд ороход анхаарч ажиллана.

-Та эрчим хүчний салбарын талаар байр сууриа илэрхийлсэн байсан. Ер нь гадны улсаас эрчим хүчний хараат байгаа байдлыг болиулах боломж ойрын жилүүдэд бий болов уу?

-Хамтарсан Засгийн газар байгуулагдахад Ерөнхий сайд хамгийн эхэнд 30 жилийн турш хүлээгдсэн эрчим хүчний салбарын реформыг хийнэ гэж хэлсэн. Бид эрчим хүчний либералчлалыг хийх ёстой. Яагаад энэ реформ 30 жил хүлээгдсэн бэ гэхээр бид үндсэндээ үнэ тарифын талаар л ярьдаг. Гэхдээ энэ нь иргэдээс өндөр үнэ авахын тулд биш. Бид шинэ эх үүсвэр олохын тулд хөрөнгө оруулагч нартайгаа үнэ тарифаа зайлшгүй тохиролцох шаардлагатай учраас үүн дээр илүү анхаарах ёстой. Эрчим хүчний салбарт маш олон зохицуулалт хийж, хууль эрх зүйн орчныг нь боломжийн болгосон ч улстөрчид маань улс төрийн зориггүй, шийдвэр гаргахгүй удаан явснаас болж өнөөдрийн эрчим хүчний хямрал үүссэн. Үнэ чөлөөлнө гэдэг нь үе шаттайгаар зах зээлийн хөвөгч үнийн тарифт шилжүүлэх тухай юм. Мөн ганц үнэ тариф нэмэгдүүлээд асуудал шийдэгдэхгүй. ТӨК менежментийг сайжруулж, алдагдалгүй, ашигтай ажиллах бололцоотой бол-гож нээлттэй хувьцаат компаниуд болгох хэрэгтэй. Ер нь 2024 ондоо багтааж энэ реформын асуудлыг хөдөлгөхгүй бол бид цаашдаа маш хүнд өвлүүдийг туулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсчихсэн байгаа. Тийм учраас шийдвэр гаргах түвшинд байгаа бүх хүн үүний төлөө хөдлөх ёстой.

-Өмнөх Эрчим хүчний сайд энэ удаад улирч томилогдсон дээр та юу хэлэх вэ?

-Ерөнхий сайд өөрийнхөө кабинетыг бүрдүүлэх нь хуулиар олгогдсон эрх байдаг. Харин улирч томилогдсон Эрчим хүчний сайдын тухайд гэвэл өмнө нь яагаад ажлууд хийгдээгүй юм. Одоо хэрхэн яаж хурдтайгаар өөрчлөлтийг хийх вэ гэдэг дээр шахаж ажиллана гэж бодож байна.

-Та бол залуучуудын төлөөлөл болж Их хуралд сонгогдсон. Тиймээс үе тэнгийнхнийхээ төлөө ямар, ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Сүүлийн жилүүдэд хүн амаа залуучууд, хүүхдүүд, ахмадууд, эмэгтэйчүүд гээд хувааж ярих нь их болсон. Гэхдээ бодит байдал дээр нэг бүлгийн хүмүүст давуу тал олгож хууль батлаад нөгөө бүлэгт нь сул тал болох байдал ажиглагддаг. Нас хүйсээс үл хамаарч Монгол Улсдаа сайхан амьдрах орчин, бололцоог бүрдүүлэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд социол демократ үзэл баримтлалтай МАН засаг барьснаас хойш бүх бүлгүүдийг тусгайлан бодлого хэрэгжүүлэх нэрийдлээр маш олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, асар их үргүй зардал гаргасан. Үүний үр дүнд татвар төлөгчдийн мөнгө л салхинд хийссэн болохоос биш иргэдийн амьдрал бодитойгоор сайжраагүй. Тэгэхээр амьдрах орчинг сайжруулах, эх орондоо аз жаргалтай амь-дарч, ажиллаад өөрийнхөө ирээдүйг бүтээж чадах нийгмийг бий болгохын тулд хамгийн чухал нь макро эдийн засгийг сайжруулах юм. Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сайжрахгүй бол бид хамгийн сайн боловсон хүчинээ гадагш нь алдаад дуусна. Хүн амьдралыг босгохын төлөө хөдөлмөрлөж хичээдэг. Гэтэл манайд яаж ч хичээгээд амьдрал нь дээшлэхгүй байна шүү дээ. Бид гадны хөрөнгө оруулалтуудыг дэм-жиж, томоохон төслүүдээ хөдөлгөх зайлшгүй шаардлагатай. Ингэж байж илүү үр өгөөжтэй ажлын байр нэмэгдэнэ. Залуучуудад орон зай нэмэгдэнэ.

-Залуучууд гадагшаа явах сонголт хийж байгаад өөр ямар зүйлс нөлөөлж байна вэ. Татварын орчин, хэт өндөр зэрэг дээр юу хэлэх вэ?

-Яагаад гадагшаа явах шийдвэр гаргасан бэ гэсэн залуучуудаас авсан судалгаан дээр тэд хамгийн түрүүнд амьдрах орчныг хэлж байгаа. Хүүхдүүдээ ийм утаатай, аюултай хотод өсгөхийг хүсэхгүй байна. Бид ингэж өссөн ч гэсэн хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулахыг хүссэн гэж ихэнх нь хэлж байгаа юм. Үүнээс харахад хүн амынх нь дийлэнх нь амьдарч байгаа Улаанбаатар хотын амьдралын чанарын асуудлыг хөндөж гаргах цаг нь болсон. Ингэхийн тулд бид ус, дулаан, цахилгаан гээд хэрэглээний суурь зардлыг ярих ёстой. Одоо болтол социализмын үеийнх шигээ алдагдалтай үнийн тарифаар тооцдог. Улаанбаатар хотод амьдрах, өөр жижиг хотод амьдрах ямар ч ялгаагүй. Нийгмийн үйлчилгээ, хүртээмж нь хүрэлц-дэггүй. Хүмүүст хэцүү сонсогддог ч гэсэн хэрэглээний суурь үнийг чөлөөлж өгснөөр иргэдэд сонголт гаргаж өгч байгаа юм. Зах зээл сайтай том хотод их зардлаар амьдрах уу. Бага зардал төлөөд жижиг хотод амьдрах уу гэдгээ өөрсдөө шийдэх сонголт гаргаж өгч байгаа хэрэг. Бидний төлдөг төлбөр зах зээлийнхээ зарчмаар дэд бүтцийнхээ өртөгт нь нийцдэг байх ёстой. Тэгж байж бид утаа, нүхэн жорлонгийн асуудлыг бодитоор шийднэ. Түүнээс биш татварын бодлого, Улаанбаатар хотод хүн оруулах-гүй гэсэн хавчиж боосон байдлаар ажиллаж болохгүй. Хэрэглээний суурь үнийг чөлөөлөөд бусад улсуудын том хотуудын жишгээр Улаанбаатар хот маань дэд бүтэцдээ мөнгө зарцуулдаг, инженерингийн дэд бүтцийн сайжруулалтуудыг хийж чаддаг хот болчих юм бол энэ байдал өөрчлөгдөнө .Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Иргэд маань маш хурдан шийдлүүдийг хүсдэг. Нэг уулзвар янзалж, сургууль шинээр барьснаар асуудал шийдэгдэхгүй. Хэрэглээний суурь үнийн чөлөөлөлтийг хийснээр магадгүй ойрын 10 жилдээ нүдэнд харагдах өөрчлөлт гарахгүй. Гэвчт үүнээс цааш үнэхээр бодитой өөрчлөлтүүд гарна. Тиймээс бид дунд болон урт хугацаагаа харж, илүү ирээдүй рүү чиглэсэн бодлогыг гаргах хэрэгтэй.

-Та ямар, ямар Байнгын хороодод харьяалагдаж байгаа вэ. Хамгийн түрүүнд санаачлан өргөн барих, ажлын хэсэгт  нь  орж ажиллах хууль тань аль салбарынх байх бол?

Би Эдийн засгийн болон Инноваци, цахим бодлогын байнгын хороодод орсон. Инноваци, цахим бодлогын байнгын хороон дээр маш сонирхолтой ажлууд хийгдээсэй гэсэн хүлээлттэй байгаа. Цомхон төрийг бүтээх гол хэрэгсэл маань дижитал шилжилт. Дижитал шилжилтийг бид хэдий хэр сайн хийж чадна, төдий хэмжээгээр улсын төсвийн зардлыг бууруулах боломжтой. Ингэж зардлаа бууруулж чадах юм бол татварын орчныг сайжруулж, иргэдэд ирж байгаа татварын дарамтыг бууруулах боломжтой болно. Харин Эдийн засгийн байнгын хороонд эрчим хүчний асуудал орж явдаг. Тийм ч болохоор эрчим хүчтэй холбоотой асуудлууд дээр нэлээд анхаарч ажиллана. Анхны хуулийн төсөл санаачлах тал дээр гэвэл ямар ч байсан эрчим хүчтэй холбоотой зохицуулалтууд дээр анхаарна. Гаргасан зөв зүйтэй журмуудыг хүчингүй болгосон тохиолдлууд байгаа. Тухайлбал, 2012 – 2016 онд Ардчилсан нам эрх барьж байхдаа Эрчим хүчний салбарт баримтлах бодлогыг 2015 онд гаргасан. Үүн дээр зах зээлийн өртөгт нийцүүлж үнийг тооцохоор тусгасан байсан. Харамсалтай нь үүнийг МАН хүчингүй болгосон. Мөн хэрэгждэггүй олон хуультай байх уу. Эсвэл хэрэгждэг цөөн хэдэн хуультай байх гэсэн зарчимд хуулийн нийцэл талаас нь харж, хэрэгжилт дээр нь илүү анхаарч явах нь чухал боловуу гэж бодож байгаа.

 

 

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ард иргэдээ татварын дарамтаас салгана гэж гарч ирсэн гишүүд одоо хэлсэн үгэндээ хүрч ажлаа эхлүүл DNN.mn

Сонгуулиар иргэдийг гоё сайхан үгээр хуурч байгаад саналыг нь авдаг. Аваад төрд гарч ирээд хулгай, луйвар хийж, хийж буудаг хуучин улс төрийн бохир арга ард хоцорсон. Энэ системээр явах л юм бол хоёр алхахгүй баригдаж, шоронд орно. Ийм хүнийг монголчууд дахиж хэзээ ч сонгохгүй нь ойлгомжтой. Сонгох битгий хэл дахиж төрд ажиллах, түмэн олонтой уулзах эрхгүй болтол нь иргэд, сонгогчид тэр хүнийг “нүд үзүүрлэнэ”. Ард түмний энэхүү хариуцлагаас хэн ч айдаг болсон цаг. Тиймээс юу хийнэ гэж гарч ирсэн. Юуг амлаж саналыг нь авсан. Тэр бүхнээ та бүхэн хийхээс өөр аргагүй.

Сая ес дэх удаагийн УИХ-ын сонгууль болж, анхны гэх тодотголтой 126 гишүүнтэй парламент бүрдлээ. УИХ-ын даргаа томиллоо. Засгийн газрын тэргүүнээ сонголоо. Ерөнхий сайд нь танхимын сайдуудаа, бүтцээ ч тодорхой болгоод ажлаа эхлүүллээ. Наадам болоод дууслаа. Одоо бүгд ажлаа хийж эхлэх цаг. Ард түмэн амралт зугаалга, найр наадам гээд явж болно. Харин анхны 126 гишүүнтэй парламент болон хамтарч Засгийн газар байгуулсан нам, улстөрчдөд амрах эрх үнэндээ байхгүй. Та нарын төр барих хугацаа богино. Тиймээс сонгуулиар юу юу амлаж байлаа, тэрийгээ одооноос хийж эхэлмээр байна. Та нарын ихэнх нь аж ахуйн нэгжүүдийн бизнес хийх орчинг сайжруулна, иргэдээ татварын дарамтаас салгана, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулна гэж амласан. Бизнесийн эрх чөлөөг бодитой бий болгоно гэсэн амлалт сонгуульд оролцсон бүх нам, эвслийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан байсан. Тиймээс та нарын зорилго, хийх ажил чинь тодорхой байна. Хийхээс өөр гарцгүй ажлаа хойш тавьж байхаар одооноос бодлогын хувьд цэгцлэх ажлуудаа эхлэх хэрэгтэй. Жилийн орлого нь 50 саяас дээш орлоготой аж ахуйн нэгж байлаа гэж бодъё. Тэгвэл тэр байгууллага НӨАТ-ын 10 хувиа төлнө.

Энэ оны эхнээс үйлчилгээний салбарын ААН-ийн нийслэлийн татварын борлуулалтын буюу зах зээлийн үнийн хоёр хувь хүртэл нэмэгдүүлсэн. Монгол Улсад хөдөлмөр эрхэлж цалингийн орлоготой иргэн бүр хүн амын албан татвар цалингийн 10 хувь төлдөг байсан. Харин 2019 оноос татварыг шаталсан байдлаар зохицуулах болж цалингийн 20 хувь хүртэл төлдөг болсон. Нийгмийн даатгалын шимтгэлд 26 хувийг, хадгаламж бүрээс 10 хувь, бараа үйлчилгээ авах бүрт 10 хувийн нэмүү өртгийн албан татвар төлж байна. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсад иргэн ажиллаж амьдарсныхаа төлөө дээрх татваруудыг төлж байгаа. Манайд татварын дарамтаас болж найман мянга гаруй аж ахуйн нэгж хаалгаа барьсан гэсэн судалгаа байдаг. Нөгөөтэйгүүр манай улсын жил бүрийн төсвийн татварын орлого хэд дахин хувиар нэмэгдэг. Тухайлбал, өнгөрсөн онд

татварын орлого 18 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь өмнөх оноосоо бараг 50 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Татварын орлого нь

ингэж огцом нэмэгддэг улс манайхаас өөр байхгүй л болов уу гэдгийг эдийн засагчид хэлж байна.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор М.Саруултөгс “Монголын

татварын өнөөгийн байдлыг тодорхойлохын тулд сүүлийн 30 жилд хэрэгжүүлж буй татварын бодлогын нөлөөллийг тодорхойлох

ёстой. Энэ хугацаанд долоон удаа татварын шинэчлэл хийж. Уг нөлөөллөөр Монгол Улсын төсвийн 80 гаруй хувийг татварын орлого бүрдүүлдэг болсон. Өөрөөр хэлбэл, ААН-ийн албан

татвар, НӨАТ, хувь хүний орлогын албан татвар, НДШ төсвийн гол орлого болдог. Эдгээр татвар нь бизнес эрхлэгчдэд мөнгөн урсгалд нөлөөлөхүйц татвар болсон. Иймээс татварын бодлогоо тогтвортой байлгаж бизнес эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй” гэж хэвлэлд ярилцлага өгч. Үүнээс харвал татварын дарамт асар их байгаа. Энэ дарамт бизнес эрхлэгчдийн мөнгөний урсгал буюу үйл ажиллагаанд нь шууд нөлөөлдөг болсныг илтгэж байна. Хар ухаанаар бодоход хүн ажиллаж, хөдөлмөрлөж мөнгөтэй болно. Тэрхүү мөнгөө бизнестээ эргэлдүүлнэ. Ингэж байж ашиг хүртэнэ.

Харин тэрхүү ашгийнхаа багахан хувийг төрд өгдөг. Өөрөөр хэлбэл, ашгаасаа татвар төлнө гэсэн үг. Гэтэл манай улсад ашигтай ч бай, ашиггүй ч бай үйл ажиллагаа явуулсан л бол татвар төлдөг бодлого үйлчилж байгааг л татварын дарамт гээд байгаа юм. Тиймээс эдгээр асуудлыг шийднэ, иргэд, аж ахуйн нэгжүүдийг татварын дарамтаас салгаж, бизнес эрхлэх боломжийг чөлөөтэй болгож өгнө гэж амлаж, ярьж гарч ирсэн гишүүд та бүхэн одоо хэлсэндээ хүрч ажлаа эхлүүлэх цаг болсон. Саяны сонгуулиар Ардын намын мөрийн хөтөлбөрт ААНОАТ-ыг таван хувь болгож бууруулна гэж зааж. Мөн НӨАТ-ын хуулийн шинэчлэлийг олон улсын жишигт нийцүүлнэ гэсэн. Харин Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт мөн НӨАТ-ын хуулийг шинэчлэнэ гэжээ. Түүнчлэн ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахгүй гэсэн байна. Ерөнхийдөө саяны сонгуульд өрсөлдсөн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт татвартай холбоотой заалтууд адилхан байна. Тиймээс та бүхний зорилго нэг байна гэсэн үг. Зорилго нь тодорхой байхад татварын дарамтаа хазаарлах эрх зүйн орчноо нэн яаралтай боловсруулахад яг юу саад болоод байна вэ. Хэнийг хараад, ямар цаг үеийг хүлээгээд сууна вэ, гишүүд ээ. Та нарт хууль санаачлах бүрэн эрх бий. Хуулийг өөрчлөх ч эрх бий. Хууль тогтоох гол ажлаа хийцгээ. Хэдий болтол ордоныхоо сандал суудал, өрөө, цонхтойгоо ноцолдох вэ. Хэдий болтол гишүүн болсон баяраа тэмдэглэж, үүгээр, түүгээр найр наадамд оролцож явах вэ. Та нарын амласан татварын амлалт ард түмэнд ус агаар мэт хэрэгтэй байна.

Цаг хугацааны хувьд нэг хоногийн өмнө ч болтугай татварын дарамтаас салах гэж ард түмэн чинь тэсгэл алдаж хүлээж байна. Тиймээс энэ намрын чуулганаар татвартай холбоотой, бизнес эрхлэгч нараа дэмжсэн, ажил хийх хүн бүрийн урам зоригийг бадраасан хуулиа батлаад явцгаа. Тэгвэл ард түмэн та нарыг амласнаа биелүүлдэг гэж итгэнэ. Ард түмэн улстөрчдөд, улс төрийн намд итгэснээр төрд итгэх итгэл нэмэгдэнэ. Төрөө хүндэтгэнэ. Энэхүү хүндэтгэл олшрох тусам хуулиа мөрддөг болно. Хуулиа хэрэгжүүлдэг болно. Хуулийг хүн бүхэн хэрэгжүүлж эхэлснээр нийгэмд шударга ёс тогтоно. Шударга ёсны цаана тэгш эрх, эрх чөлөө, нөгөө ардчилал бодитой сэргэнэ. Үүнийг л улс орны цэцэглэн хөгжилт гэж хэлээд байгаа биз дээ. Нэгнээсээ цэцэглэн ургасаар хөгжлийн замналдаа орно. Тиймээс эрхэм УИХ-ын гишүүд ээ ажлаа хийцгээ. Амласнаа яг одооноос хэрэгжүүлцгээ. Та нарын шийдвэр, өөрчлөлтийг хүлээсэн амь тэмцсэн аж ахуйн нэгжүүд Монголд олон байна шүү…

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Золжаргал: Улс төр, эдийн засгийн тогтолцоо эрүүлжиж байж эрчим хүчний хараат байдлаасаа бид сална DNN.mn

Баянгол дүүргээс хамгийн олон санал авч парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн, инженер Ж.Золжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


 

-Таны хувьд нийслэлийн Баянгол дүүргээс хамгийн олон санал авч УИХ-д сонгогдсон. Өмнө нь энэ тойргоос хуучин улс төрчид л тэргүүлж гарч ирдэг байсан. Харин өнгөрсөн сонгуулиар улс төрийн өөр хүчин, өөр хүнийг баянголчууд сонголоо. Таны хувьд энэ тойргоос нэгээр гарч ирэх байх гэсэн итгэл, хүлээлт ямар байсан бэ?

-Миний ялалт гэж хэлэхээс илүүтэйгээр иргэний ардчилал байж болдог гэдэгт итгэсэн хүмүүсийн хамтын ялалт гэж хэлмээр байна. Иргэдийн хүлээлт, хүсэлтэйгээ нийцсэн учраас ялалт гарсан гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүрэгт энэхүү шинэ хөрс бүрдчихсэн байсан гэсэн үг. Учир нь Баянгол дүүрэгт Монголын сонгодог дундаж давхарга оршсоор ирсэн. Тухайлбал, гурав, дөрөвдүгээр хороолол, СОТ-2, эрчим хүчнийхэн гээд инженер, техникийн чиглэлийн иргэд олонтой ийм онцлогтой дүүрэг. Мөн төсвөөс, дарга нараас хамаарал бус буюу жижиг, дунд бизнес эрхэлдэг хүмүүс олон байдаг. Энэ утгаараа Баянгол дүүрэгт шинэ сонголт хийх эхлэлийн цэг байсан гэдэгт анхнаасаа итгэлтэй байсан. Харин таны асууж байгаа шиг нэгээр үү, эсвэл сүүлээр үү гэдэг дээр тодорхой таамагласан зүйл байгаагүй. Дараагийн нэг зүйл бол таны хэлдгээр иргэдийн өөр хүлээлт их байсан. Юу гэхээр нэг нам сүлжээгээ мөнгөөр баздаг байдлыг болих гэсэн хүлээлт баянголчуудад их байсан нь мэдрэгдсэн. Тиймээс энэ ялалт асар олон зүйлийн тайлал мэт болсон гэж ойлгож байгаа.

Энэ асар итгэлийг даасан шиг дааж, хүлээсэн шиг хүлээж ажиллана гэдэгтээ би итгэлтэй байна. Нөгөөтэйгүүр эрх чөлөөт хүмүүсийн сонголт бодитой болоосой гэсэн хүлээлт их байсан. Үүнд нь зориулж бид сурталчилгаа, зарчмаа барьж ажилласанд ялалтын үнэ цэнэ нэмэгдсэн болов уу гэж бодож байна.

-Нийслэлээс инженер хүн сонгогдон төр түшилцэж байгааг олон хүн ам сайтай хүлээн авч байна. Учир нь нийслэл хотын асуудал уул овоо мэт их. Бодитой шийдэгдэж байгаа асуудал бараг байхгүй гэж хэлэхэд болох юм шиг. Ийм цаг үед инженер хүний бодлого, тооцоолол асар дутагдаж байгааг баянголчууд харж, таныг сонгосон болов уу гэж бодож байна. Тэгэхээр танаас шууд асууя. Нийслэлийн утааны асуудлыг яаж шийдэх ёстой вэ. Өдийг хүртэл явж ирсэн бодлогод ямар алдаа байна. Цаашид яаж өөрчлөх вэ?

-Шууд асууж байгаа бол шуудхан л хариулъя. Утаагүй болох шийдэл бол түлш огт биш. Шийдэл нь дулаан байшин. Үндсэн асуудал нь түлш биш, харин эсрэгээрээ орон байр. Орон байрны асуудал шийдэгдсэн бол утаа бараг байхгүй байх байсан. Тиймээс янз бүрийн түлш, нарны халаагуур гэх мэт аахар шаахар зүйлд мөнгө зарахгүйгээр дулаан сууцтай болоход л анхаарчих. Яагаад ингэж итгэлтэй хэлж байна вэ гэхээр миний хувьд уг асуудал дээр сүүлийн арав гаруй жил ажилласан. Түлшний мэргэжилтэн хүн. Түлшийг яаж сайжруулбал утаа буурах вэ гэдгийг бодитоор хэлэх хүн нь би. Гол нь сайн түлш хэрэглээ ч утаатай л байна.

Үүнийг бууруулах гол зүйл бол дулаан байшин. Дулаан байшинтай байснаараа түлшний хэрэглээгээ хоёр дахин бууруулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өдөрт хоёр уут түлш хэрэглэдэг байсан бол нэг уутыг, бүр хагас уутыг хэрэглэдэг болно гэсэн үг. Энэ л утааны ойрын гол шийдэл. Нөгөөтэйгүүр дулаан байшинтай болчихвол цахилгаанаар халаах өртөг багасна. Асар их хэмнэлт гарч ирнэ. Дулааны алдагдал ихтэй бол хэдэн уут түлш, хэдэн мВт цахилгаан зарцуулсан ч хэрэглээнд нийцэхгүй. Тиймээс хамгийн эхэнд анхаарах зүйл бол дулаан байшин юм.

-Дулаан алдагдалгүй байшин гэж олон жил ярьсан, хэрэгжүүлсэн. Бодитой үр дүн гарсан нь ховор шүү дээ…?

-Яагаад дулаан байшингийн төсөл олигтой явдаггүй вэ. Дэд бүтэцгүй газар хашаандаа байшин барихад ипотекийн зээл олгодоггүй. Нэгдүгээрт, үүнийг өөрчлөх хэрэгтэй. Хүн хаана ч байшин барьсан тодорхой эдийн засгийн хөнгөлөлт эдэлж байх учиртай. Үүнийг алагчлах хэрэггүй гэсэн үг. Гол нь эрчим хүчний хэмнэлттэй зураг төсөлтэй байшин хашаандаа барихад тодорхой хөнгөлөлтөд хамрагдах эрх зүйн орчинг бий болгох хэрэгтэй. Үүнээс л утаагүй болгох зорилт эхэлж байгаа юм. Үүнийг хийх санхүүжилт дотоодын болон, гадны эх үүсвэрээс татах боломж бий. Олон ч төсөл яригдаж байгаа. Тэгэхээр миний хувьд энэхүү өөрчлөлтийг л хийхийг зорьж байгаа. Энэ зорилт биелбэл айлууд илүү тохитой сууцтай болохооос гадна нийтээрээ утаагаа бага зардлаар бодитой бууруулж чадна.

-Зун, намрын зургаан сардаа нийслэлчүүд бид урьд өмнө хэзээ ч утаатай байгаагүй юм шиг л утаагаа мартдаг. Нэг талдаа иргэдийн хандлага сул байна уу. Утаагүй болох хамгийн бодитой арга бол цахилгаан халаагуур. Гэтэл нийслэлийн гэр хорооллын айлууд бүгд цахилгаан халаагууртай боллоо гэхэд эрчим хүчний асуудал гарч ирнэ. Одоо ч нийслэл хот эрчим хүчний асуудалтай байгаа. Энэ намар, өвөл яаж эрчим хүчний асуудлаа шийдэхээр байх шиг байна вэ. Цаашид эрчим хүчний хараат байдлаасаа бид салахын тулд богино, дунд хугацааны ямар шийдэл гаргах ёстой вэ?

-Явж, явж эрчим хүч гэдэг Монголын улс төр, эдийн засгийн тогтолцоотой шууд холбоотой асуудал. Тэгэхээр энэ тогтолцоо өөрчлөгдөж, эрүүлжиж байж эрчим хүчний хараат байдлаасаа бид сална л гэсэн үг. Юу гэхээр бүх үйлдвэрлэсэн эрчим хүчээ үйлдвэрлэсэн үнээсээ бага зардлаар бид зардаг. Нүүрсний уурхайнх нь олборлож байгаа өртгөөсөө бага үнээр борлуулалтаа явуулдаг. Энэ дунд гарч ирж байгаа зөрүү нь яадаг вэ гэхээр нэг бол татаас, нэг бол өр болж хуримтлагддаг. Үүнийгээ дараа нь гадаадын өр, зээлээр л төлдөг. Гаднаас авсан зээлээ буцаагаад татвар төлөгчдийнхөө кармаанаас л төлдөг, дардаг. Иймэрхүү тогтолцоогоор явж ирсэн. Эдгээрийг удирддаг, бодлогыг нь гаргадаг хүмүүс намын шахаагаар, эсвэл аль нэг эрх мэдэлтний цүнх баригчид байдаг. Тиймээс энэ хүмүүс энэхүү асуудал дээр зоригтой дуугарч чаддаггүй. Энэ утгаараа ийм байдлаар тогтолцооны хувьд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Цаашлаад эрчим хүчний тарифт ухаалаг зохицуулалт хийх шаардлагатай гэж харж байгаа. Тарифыг чөлөөтэй болгоно гэдэг маань эрчим хүчийг үнэтэй болгоно гэсэн үг биш. Ийм хандлагаасаа болоод эрчим хүчний хараат бус байдлыг тогтоох, шинээр станц барих асуудлууд гацдаг. Тэгэхээр нүүрсний, эсвэл нарны, салхины байх нь хамаагүй. Бүгдийг нь бодлогоор дэмжээд өгвөл эрчим хүчний шинэ эх үүсвэр баригдаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, эх үүсвэр бий болгохын тулд тарифын зохицуулалт л хэрэгтэй. Бид одоо импортоор цахилгаан авч байгаа. Гэтэл жилд зарлагадах энэхүү хөрөнгөөрөө бид нэг томоохон цахилгаан станц барьчихаж болж байна. Манайд нэг ийм хандлага байна. Олонх болсон нам нийтэд сайхан харагдах гэж хичээдгээс болоод нийтээрээ утаатай, түгжрэлтэй, ядууралтай, эдийн засгаа тэлж чаддаггүй ийм байдалд хүрсэн. Тэгэхээр эрчим хүчний салбараа эрүүлжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт тат. Тарифын бодлогоо өөрчил. Хэрэв ингэж чадвал эрчим хүчний олон эх үүсвэртэй болно. Олон эх үүсвэртэй болох тусам үнэ чөлөөлөх нөхцөл бүрдэнэ. Одоо шууд үнэ чөлөөлье гэхээр тийм техникийн боломж манайд байхгүй. Яваандаа эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд усан цахилгаан станц болон усан цэнэгт цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлэх, дэмжих бодлого бидэнд маш их хэрэгтэй байгаа.

-Хот түгжрэлтэй байгаа. Энэ намар хичээл эхлэхтэй зэрэгцээд хотын түгжрэл тэг зогсолт руугаа очих байх гэсэн тооцоолол бий. Түгжрэлийг бид олон жил ярьж байна. Уулзвар өргөсгөх, тэмдэг тэмдэглэгээ сайжруулах, чиглэл өөрчлөх зэрэг жижиг ажиллагааг л өдий болтол авч ирснээс биш бодитой том өөрчлөлт хийгдсэнгүй. Яармагийн түгжрэлийг бууруулна гээд гүүр барьж байгаа ч буух цэгийн ачааллыг улам ихэсгэхээр байна. Янз бүрийн зам тавьдаг ч нөгөө мухар төмөр зам гэдэг шиг нэг талын ачааллыг нөгөө талд нь нэмэх ийм бодлогоор өдий болтол явж ирлээ. Угтаа баруун, зүүн дөрвөн замын уулзвар дээр давхар зам барих, гүүрэн зам барих ажил хийчихвэл хотын түгжрэл эрс буурна гэж иргэд үзээд байгаа. Таны хувьд хотын түгжрэлийг яаж бууруулах ёстой гэж харж байгаа вэ?

-Түгжрэл үүсгэхгүй байхын тулд тухайн хөдөлгөөнийг зогсоохгүй байх шаардлагатай. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр аль болох уулзваруудад зогсохгүй шууд явдаг байхыг хэлээд байгаа юм. Ингэхийн тулд том уулзваруудад дээгүүр доогуур автомашинууд зогсолтгүй зөрдөг байх хэрэгтэй. Хоёрдугаарт, явган хүний гарц дээр автомашин бага зогсдог байх хэрэгтэй. Ингэхийн тулд гарц болгоныг гүүрэн болгох шаардлагатай. Гүүрэн гарц гэхээр заавал гоё өнгөтэй, үнэтэй материалтай, тав тух хангасан байх шаардлага уг нь байхгүй л дээ. Хамгийн чухал л нь аюулгүй зорчдог байх нөхцөлийг л хангасан байх хэрэгтэй. Бусдаар үзэмжийн хувьд анхаарах шаардлага огт байхгүй. Манайд баригдсан гүүрэн гарцуудаас арав дахин хямд өртгөөр барих олон гүүрэн гарцын шийдэл бий. Заавал үүнд хамгийн гоё тансагийг нь барих шаардлага байхгүй. Гүүрэн гарцад бид ямар тухалж суух гэж байгаа биш. Алхаж өнгөрөөд л бууна. Тиймээс аюулгүй байдлыг хангасан стандартын дагуу хийгдсэн гарц л хэрэгтэй. Түүнээс биш сүүлийн гишүүд тойрогтоо ийм гарц хийсэн гэж рекламдаад байгаа шиг зүйл бидэнд, хотын иргэдэд огт шаардлага байхгүй. Хоёрдугаарт, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлснээрээ түгжрэлээс гарсан салсан хотууд олон. Манайх сүүлийн үед метротой болъё гэж ярьж байна. Төслүүд ч явж байх шиг. Нэгэнт хэрэгжүүлээд эхэлсэн бол бодитой үр дүн гаргаад явах нь зөв. Зөв гэхээсээ илүү үнэхээр метротой болчихвол сайн л байна. Гэхдээ метротой болох төсвөөс арав дахин хямд зардлаар нийтийн тээврийг тултал хөгжүүлэх, шийдэх төслүүд бий. Энэ нь тусгай замын автобусны төсөл. Уг төслийг аль арав гаруй жилийн өмнө ярьж байсан. Бүр санхүүжилтийг нь ч шийдчихсэн байсан шүү. Гэтэл шийдчихсэн санхүүжилтээ авч хэрэгжүүлэхгүй байсаар байгаад Азийн хөгжлийн банк гэрээгээ цуцалчихсан. Гэхдээ одоо үүнийг сэргээгээд хийх боломж бий.

-Яг одоо ойрын хугацаанд баригдах цахилгаан станцууд юу байна вэ?

-Одоо баригдаж байгаа, удахгүй ашиглалтад оруулах хэд хэдэн төслүүд бий. Хамгийн түрүүнд Бөөрөлжүү-тийн цахилгаан станц ашиглалтад орно. Миний мэдэхийн 300 мВт-ын хүчин чадалтай станц баригдахаас эхний 150 мВт-ын блок удахгүй ашиглалтад орох байх. Чойбалсангийн 50 мВт-ын өргөтгөл ашиглалтад орсон. Завханы Тосонцэнгэлд баригдаж байгаа станц удахгүй ашиглалтад орох байх. Нарийнсухайт дээр Шивээхүрэнгийн нүүрсний цахилгаан станц бий. Нарны цахилгаан станц Хөвсгөлийн Мөрөнгийн ойролцоо баригдаж байгаа. Удахгүй ашиглалтад орчих байх.

-Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн УЦС-аа барих, байгуулах асуудал тэмтэр тумтар яахав байна. Ер нь эдгээр эрчим хүчний төслүүд юунаас шалтгаалж удааширдаг юм бэ?

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг элдэв янзын эргэлзээгүйгээр түргэн барьж, ашиглалтад оруулах хэрэгтэй. Энэ бол гарцаагүй зүйл. Эгийн голын тухайд эргэлзээтэй байгаа. Том чадлын УЦС. Хоёрдугаарт, Оросын талаас байгаль орчны асуудал яригддаг. Нэгэнт асуудал яриад байгаа бол тэрийгээ шийдэх гэж явна гэхээс биш үүнээс болоод бусад төслүүдээ гацаах шаардлага огт байхгүй. Ер манай улсад 20-50 мВт-ын хүчин чадалтай УЦС барих газар маш олон байгаа. Тэр жижиг станцуудаа барьчихсан байхад өнөө маргаашдаа заавал Эгийн гол гэж яриад байх шаардлага байхгүй. Монгол төрийн шийдвэрийг монголчууд л гаргадаг. Зөв шийдвэр гаргахын төлөө ажиллах ёстой. Тэрнээс биш өөрсдөө алдаатай шийдвэр гаргах, эсвэл огт шийдвэр гаргахгүй байгаагаа бусад улс орнууд руу чихээд сууж байж болохгүй.

-Таны хувьд УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны даргаар сонгогдсон. Танай байнгын хорооноос гарах гол бодлого, чиглэл юу байгаа вэ. Ер нь инновац, цахим бодлого гэж юу юм бэ. Ямар ач холбогдолтой юм бэ?

-Төрийн үйлчилгээг цахимжуулснаар үйлчилгээг нь хүртээмжтэй, түргэн шуурхай болгохоос гадна хамгийн чухал нь авлига буурдаг. И-Монголиа систем нэвтрээд маш олон хүнд хүрсэн. Тиймээс энэ мэт цахимжуулалтыг цааш нь төгөлдөржүүлэх шаардлагатай. Цахимжуулалт бол салбар болгонд л тулгамдаж байгаа асуудал. Тухайлбал, тээврийн салбар байна. Өндөр хурдны хямд сүлжээг өрх бүрд. Бүх насны хүмүүс зайнаас сурч боловсрох, гэрээсээ ажиллах, харьяалал үл харгалзан ЭМД-аар үйлчлүүлдэг болохын тулд мэдээллийн технологийг ашиглах. Хил хязгаар үл хамааран дэлхийн зах зээл дээр программ хангамж, мэдлэгийн үйлчилгээ эрхэлдэг монгол залуучууд бишгүй олон болж байна. Тэднийг бүр олон болгож, оюуны экспортын орлогоо нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Хиймэл дагуул, сансар судлал, мэдээллийн аюулгүй байдлаа хангах хялбар, хямд технологийн шийдлүүд бий болсон. Монгол хиймэл дагуул, сансар судлалын бааз, олон улсад ажиллаж байгаа судлаачдаа дэмжих хэрэгтэй байна. Нисгэгчгүй онгоц, жолоочгүй гудамж цэвэрлэгч машин, кофе зөөгч робот, үйлдвэрийн автомат удирдлага зэргийг монгол залуучууд хөгжүүлж байна. Ийм инновацийг тусгайлсан бодлогоор дэмжих хэрэгтэй байна. Ковид мэтийн халдварт өвчний давтамж дэлхийн хэмжээнд ойртож байгаа. Монголчууд бүх эрүүл хүүхдээ вакцинд хамруулдаг хэрнээ Үндэсний вакцины хяналтын лаборатори байдаггүй. Цаашилбал малынхаа вакцинаа өөрсдөө үйлдвэрлэдэг болох хэрэгтэй байна. Монголын байгаль цаг уурын онцлогт үүсэн бий болсон ховор ургамал, малын гаралтай түүхий эдийн эм, гоо сайхны чиглэлээр ашиглах санаачилгууд бий, хүчтэй дэмжлэг хэрэгтэй. Генийн инженерчлэл, биотехнологийг бодлогоор дэмжих хэрэгтэй байна. Галт уулын чулуугаар базальт файбер хийх, нүүрсний гүн боловсруулалтын нийлэг мяндас үйлдвэрлэх, өндөр зэрэглэлийн нарийн ноолууран утас, ноосны боловсруулалт, арьс ширны боловсруулалт гэх мэт. Дандаа дэлхийд өндөр эрэлттэй бүтээгдэхүүн. Мэдээллийн технологи, эрчим хүчний бие даасан эх үүсгүүр, дотоодын түүхий эдээр хийсэн супер материал, хүний хөдөлмөрийг орлох автомат машин зэрэг эдгээр технологи инноваци бол Монголын ирээдүй. Орос, Хятад их гүрний дунд оршин тогтнохын тулд дэлхийн технологийг түрүүлж эзэмшихээс өөр зам бидэнд үгүй. Нэгэнт технологи бол хүн ам цөөн хэрнээ хурдтай монголчуудын онцлог учраас урт хугацаандаа үндсэн бүтцийн Технологи, инновацийн яам байгуулах шаардлагатай.

-Цаг үеийн асуулт танаас асууя. Эхнийх нь Хамтарсан Засгийн газар байгуулагдлаа. Энэхүү Засагт улс төрийн гурван нам хамтарч байгаа. Та ХҮН намаас нэр дэвшиж гарч ирсэн хүн. Тэр утгаараа ХҮН намын Засагт хамтарсан зорилгыг та гишүүнийхээ хувьд ямар байдлаар дүгнэж байгаа вэ?

-Энэ асуудлаар ХҮН нам дотроо маш их ярьсан. Битгий хамтраарай гэсэн мессэжүүд сонгогчдоос болон найз нөхдүүдээс олон ирсэн. Зарим нь орох нь зөв ч гэдэг зүйлийг хэлж байсан. Гэхдээ энэ бол ганц хүний шийддэг асуудал огт биш. Хамтаараа шийдэх ёстой асуудал. Энэ ч утгаараа олонхын саналаар шийдсэн асуудал. Нэгэнт шийдчихсэн асуудал дээр одоо буруу гэж ярих нь утгагүй. Учир нь бид нэг баг, институци гэдэг утгаараа асуудалд хандах хэрэгтэй. Ямартаа ч зөв үр дүнд хүргэхийн тулд хамтарч ажиллана.

-Саяны сонгуулиар сонгуульд өрсөлдсөн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт аж үйлдвэржилтийн асуудал, тэр дундаа боловсруулах үйлдвэр барих чиглэлд олон санаачилгууд тусгагдаж өгсөн байсан. Таны хувьд аж үйлдвэржилтийн хувьсгалыг илүү тод дуугарч ярьдаг шүү дээ. Энэ парламент, энэ Засаг үнэхээр Монгол Улсыг үйлдвэржүүлсэн орон болгож чадах болов уу?

-Аж үйлдвэржилтийг дэмжих хамгийн том зохицуулалт бол татвар. Үйлдвэрлэл эрхэлж байвал, экспортод эцсийн бүтээгдэхүүн гаргаж байвал татварын хөнгөлөлт эдэлдэг байх хэрэгтэй. Үйлдвэр барих гээд тоног төхөөрөмж оруулж ирж байгаа бол гаалийн татвараас чөлөөлдөг болох хэрэгтэй. Үүнийг л хийхийн тулд УИХ-д гишүүн болж зорьж орж ирсэн. Энэ утгаараа энэ парламент зоригтой өөрчлөлтүүд хийх болов уу гэж найдаж байна.

-Байгалийн ховор элемент, уранаа гадагшаа буюу гуравдагч хөрш орнууд руу экспортлох асуудал яригддаг. Гэхдээ энэ асуудлыг ярих болгонд ОХУ-аас бидэнд ямар нэгэн байдлаар хориг хязгаарлалт тавьдаг гэх юм. Энэ яг ямар учиртай юм бэ. Монгол Улсын хувьд гуравдагч хөршүүдтэй томооохон төсөл дээр харилцан ашигтай хамтарч ажиллах эрх чөлөөтэй биз дээ.

-Чухал эрдэс, газрын ховор элемент бол Монголыг дэлхийн анхаарлын төвд оруулах боломж. Гуравдагч хөршийг эдийн засаг, хөрөнгө оруулалтад татах сайхан боломж гэж харж байгаа. Үүнийг өнөөгийн эрх зүйн орчин нь царцаасан, боомилсон байдалтай болчихсон. Ураныг дагалдаж ихэнхдээ байгаль дээрээ оршдог газрын ховор элементийг цацраг идэвхт материалыг тооцох үндэслэл бол Цөмийн эрчим хүчний тухай хуулиар зохицуулагддаг. Цацраг идэвхт материал гэж тооцогдсон л бол хэмжээнээсээ үл хамаараад стратегийн ач холбогдолтой орд газарт ордог. Нөгөө нэг хууль нь Ашигт малтмалын тухай хууль байна. Сая сонгуулийн нэг өөрчлөлтийг сэмхэн хйичихсэн. Тэр нь стратегийн ач холбогдолтой ордод хөрөнгө оруулагч нь 3/1-ээс илүү эзэмшиж болохгүй гэж заасан. Тэгэхээр нэг чухал эрдсийн ордыг хайгуул хийж илрүүлээд ашиглахад бэлэн болгочихсон чинь тухайн хөрөнгө оруулалтынхаа ердөө 3/1-ээс илүүг эзэмшихгүй шүү гэдэг зүйлийг хуулиар гаргаж өгсөн. Үүнийг Засгийн газар үнэгүй эзэмшинэ гэсэн үг. Ингээд хөрөнгө оруулагчдад хуулиараа хатуу тулгачихаар энэ салбар луу том хэмжээний бизнес орж ирэхгүй гэсэн үг. Эсрэгээрээ үүнд Засагтай наймаалцаж чадах түвшний томоохон корпорациуд л орж ирнэ. Түүнээс биш бидний хүсээд байгаа чөлөөт бизнесийн хөрөнгө оруулалт орж ирэх боломжгүй. Тиймээс эрх зүйн орчноо бид засах хэрэгтэй байна.

-Таны хувьд хэвлэл мэдээллийн салбарт багагүй хугацаанд ажилласан хүн. Энэ салбарын асуудлыг мэдэрдэг хүний хувьд нэг зүйл асууя. Сая сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4.9 жил хорих ял шүүхээс оноолоо. Энэ асуудалд та хувьдаа ямар байр суурьтай байна вэ?

-Маш товч тодорхой хариулъя. Сэтгүүлчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин байхгүй бол ардчилал байхгүй. Эрх зүйн орчинг сайжруулахын төлөө ажиллана. Н.Өнөрөөгийн хувьд улс төрийн том дохио өгч өөрчлөлт хэрэгтэй байгааг харуулж байна.

Categories
мэдээ улс-төр

Орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ пүрэв гаригаас өмнө аудитад хүргүүлнэ DNN.mn

Орон нутгийн Хурлын сонгуульд оролцох нам, эвсэл, бие даан нэр дэвшигч дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна. Бие даан нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар долдугаар сарын 25-ны өдрөөс өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлэхээр хуульчилсан. Төрийн аудитын байгууллага бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх дүгнэлтийг есдүгээр сарын 6-ны өдрөөс өмнө тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлэх юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах зүйлийг тусгахыг хориглодог.

-мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох;

-уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх;

-зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх;

-иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх;

-ажлын байранд зуучлах, ажилд оруулах;

-улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудал.

Нам, эвсэл нь орон нутгийн Хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө зургадугаар сарын 25-ны өдрөөс өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлсэн. Мөрийн хөтөлбөрийн талаарх дүгнэлтийг аудитын байгууллага наймдугаар сарын 12-ны өдрөөс өмнө тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Бямбацогт: Алдаа дутагдал гаргасан бол шударгаар хариуцлагаа үүрдэг хандлага энэ салбараас тод харагдах ёстой DNN.mn

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогттой ярилцлаа.


-Ес дэх удаагийн сонгуулиар хамгийн олон санал авч энэ парламентад орж ирсэн улстөрч бол та. 80 мянган хүний саналаар УИХ-д тав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна…?

-Юуны өмнө баруун бүсийн иргэддээ талархаж байгаагаа илэрхийлье. Ард түмнийхээ төлөөлөл болж, улс орныхоо хөгжил дэвшлийн талаар ярих биш, хийж бүтээх ёстой гэсэн зарчмаар өдий болтол ажиллаж ирсэн. Цаашид ч хийсэн ажил маань намайг тодорхойлж, миний өмнөөс ярих болно. Ер нь хийсэн бүтээсэн ажилтай, хэлэх үгтэй, нүүр бардам сонгогч, иргэдтэйгээ уулзах шиг сайхан зүйл үгүй.

Улстөрчдийн хувьд хамгийн үнэ цэнтэй зүйл бол нэр төр. Энэ нэр төрөө сэвтээхгүй, ард түмнийхээ төлөөлөл болж, төр, түмнийхээ төлөө шударга, бүтээмжтэй ажилласан хүнд л иргэд маань итгэж, сонголтоо хийсэн байж таараа. Миний хувьд иргэдийнхээ итгэлийг том үүрэг, хариуцлага гэж ойлгодог. Тиймээс эдгээр зарчимаа хадгалж цаашид ч улс орныхоо хөгжил, ард түмнийхээ аятай сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсээр байх болно.

-Таны хувьд өнгөрсөн хугацаанд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажилласан. Саяхан бүрэлдсэн хамтарсан Засгийн газарт энэ салбараа хариуцаад явах болов уу гэсэн бодолтой олон хүн байсан байх. Харин танд өөр салбарын бодлогыг авч явах үүргийг хүлээлгэлээ шүү дээ…?

-Батлан хамгаалахын салбар бол Монгол Улсын тусгаар тогтнолтой шууд холбоотой маш чухал салбар. Энэ салбарын бодлогыг зангидаж явна гэдэг бол том үүрэг хариуцлага гэж ойлгож байгаа. Салбар хариуцаж, сайдаар томилогдсон эхний өдрөө л шат шатны удирдлагуудад нэг зүйлийг онцгой анхааруулж хэлсэн. Тэр бол хариуцсан ажлаа хариуцлагатай хийх. Тэр дундаа Батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа хүн бусдаас илүү хариуцлагатай байх хэрэгтэй. Алдаа дутагдал гаргасан бол шударгаар хариуцлагаа үүрдэг үлгэр жишээ энэ салбараас тод харагдах ёстой гэсэн зарчмын асуудлыг анхааруулж хэлсэн. Цаашид бодлогын хувьд илүү сайжруулах олон ажил бий.

-Зам, тээврийн салбарт өнгөрсөн хугацаанд томоохон ажлууд хийгдсэн. Ер нь танд энэ салбарыг анх хариуцан ажиллахад ямар байв. Ямар салбар хүлээн аваад хүлээлгэж өгөв?

-Зам тээвэр бол улс орны хөгжлийн судас гэж би хэлэх дуртай. Олон улсад ч ингэж ойлгодог. Тэр утгаараа баг хамт олонтойгоо энэ салбарт хоёргүй сэтгэлээр хандан ажиллаж, олон том ажлуудын ард гарсан. Зарим ажлуудаа би тоогоор хэлье. Тоо худлаа хэлдэггүй. Анх ажил авахад манай улс 2022 оны эхний хагас жилд 21.9 сая тонн ачаа тээвэрлэж байсан. Тэгвэл 2023 оны эхний хагаст 47.5 сая тонн ачаа тээвэрлэж өмнөх онтойгоо харьцуулахад 2.2 дахин өссөн. 2024 оны эхний хагаст 62.9 сая тонн ачаа тээвэрлэж, гурав дахин өсөлт үзүүлээд байна.

-Энэ нь нийт ачаа тээвэрлэлт байх, тийм үү. Тус бүрд нь тоогоор хэлбэл?

-Авто тээврээр 2022 оны эхний хагас жилд 9.2 сая тонн ачаа тээвэрлэж байсан. Харин 2023 оны эхний хагас жилд 30.5 сая тонн болж 2022 оны үеэс 3.3 дахин, 2024 оны эхний хагаст 41.8 сая тонн болж 2023 оны мөн үетэй харьцуулахад 4.5 дахин өссөн. Мөн Төмөр замаар тээвэрлэсэн ачаа 2022 оны эхний хагас жилд 12.7 сая тонн. 2023 оны эхний хагас жилд 17 сая тонн болж 34 хувиар, 2024 оны эхний хагас жилд 21 сая тонн болж 24 хувиар тус тус өсөөд байна.

-Өнгөрсөн хугацаанд агаарын тээвэр эрс өссөн гэдэг тооцоолол гарсан байна лээ. Мэдээж энэ олон ачаа, тээвэр өсөх тусам Монгол Улсын эдийн засаг нэмэгдэнэ гэсэн үг биз дээ…?

-Тэгэлгүй яах вэ. Миний хэлээд байгаа эдгээр тоон үзүүлэлт бол цаад утгаараа эдийн засгийн өсөлтийг хэлээд байгаа юм. Энэ тоон үзүүлэлтүүд ихсэх тусам л тэр чинээгээрээ Монгол Улсын эдийн засагт хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Нөгөө талдаа тоо худлаа хэлдэггүй. Тоо баримт болж үлддэг. Тиймээс л энэ олон тоон үзүүлэлтийг би хэлээд байгаа юм. Таны асуусан агаарын тээвэрлэлт мөн өнгөрсөн жилүүдэд эрс нэмэгдсэн. Тухайлбал, 2022 оны эхний хагаст агаарын тээврээр 323.5 мянган зорчигч тээвэрлэж байсан. Харин агаарын тээврийн либералчлалын үр дүнд 2023 оны эхний хагас жилд 708.3 мянган зорчигч болж өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өссөн. 2024 оны эхний хагаст 930 мянган зорчигч болж гурав дахин өсөөд байна. Үүнээс харвал жил ирэх тусам л хэд дахин илүү өсөж байгаа нь салбарын бодлого зөв явж байгаагийн бодит илрэл гэж хэлнэ. Бүх төрлийн тээврээр олон улсад зорчсон зорчигчдын тоо 2022 оны эхний хагас жилд 176.1 мянга байсан. Тэгвэл 2023 оны эхний хагас жилд 857.5 мянга болж өмнөх оноос 4.9 дахин өссөн. Гайхалтай үр дүн. 2024 оны эхний хагаст нэг сая болж өмнөх оны үеэс мөн л 18.3 хувиар өсөөд явж байна. Цаашид эрчимтэй өсөх хандлагатай. Нөгөөтэйгүүр үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ 10 агаарын хөлөгтэй болж, төмөр замын компаниуд 21 зүтгүүрээр хүчээ сэлбэлээ.

-Таныг Зам, тээврийн сайдаар ажиллаж байх хугацаанд Монгол Улс хэчнээн километр зам шинээр барив?

-Анх намайг энэ салбарыг хүлээж авч байхад буюу 2022 онд ердөө 292 км зам баригдаж байсан. Харин дараа жилээс нь буюу 2023 онд 381 км хатуу хучилттай авто зам ашиглалтад оруулж, 2024 онд долоон аймгийн 40 сум, хоёр боомтыг холбох нийт 1100 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлээд байна. Нөгөөтэйгүүр АНУ руу шууд нислэгтэй болох бэлтгэл бүрэн хангагдаж, Австрали, Сингапур луу шууд нисдэг болох боломжийг ойртуулж, дэлхийн 46 улсын 156 цэг рүү нислэг хийх боломж бүрдсэн. Одоо харин энэхүү тулхтай өсөлтийг тууштай хадгалах л хамгийн чухал байна. Энэ салбарыг одоо Б.Дэлгэрсайхан гишүүн хариуцан авч явна. Зам, тээврийн салбарт гаргасан өсөлтүүдийг улам дээшлүүлэн, төр, түмнийхээ итгэлийг даагаад явчих хүн гэж бодож байгаа.

-Наадмын дараа намар гэдэг. Хамтарсан Засгийн газрыг ажлаа шуурхайлах, тодорхой үр дүнг богино хугацаанд гаргаж ажиллахыг ард түмэн шаардаж, шахаж байх шиг байна, тийм үү?

-Мэдээж ес дэх удаагийн сонгуулиар МАН ард түмнийхээ итгэлийг дахин хүлээн авсан. Парламентад олонх болсон ч Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд төлөөллийг хангах зарчмыг нэн тэргүүнд барьж ажилласан. Тэр утгаараа УИХ-д суудалтай гурван нам хамтарч энэхүү Засгийн газрыг байгууллаа. Цаашид том зорилго, том төслүүдээ улс төрийн болон бодлогын түвшинд нэгдмэл нэг байр суурьтай байж бид хэрэгжүүлж чадна. Бид нэг л эх оронтой. Энэ сайхан эх орныхоо төлөө талцалгүй, улстөржилтгүй, хоёргүй сэтгэлээр л зүтгэх хэрэгтэй. Юутай ч Монгол Улсын хөгжлийн дараагийн шинэ 30 жил эхэлж байна. Өмнөх алдаанаасаа суралцаж, гаргасан амжилт, ололтоо улам баталгаажуулж, эх орон, ард түмнийхээ төлөө хичээл зүтгэл гарган ажиллах болно.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Улс төр судлаач Б.Ариунбаяр: Зоригтой шийдэл эрэлхийлэх сайд нар Засгийн газарт олон байгаасай гэж хүсч байна DNN.mn

Улс төрийн боловсролын академи, улс төр судлаач Б.Ариунбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Наадмын өмнө Анхдугаар чуулган хаалтаа хийлээ. Ингэхдээ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталлаа. Шинээр байгуулагдсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг харж байхад ямар ололт, ямар дутагдал байна вэ?

-Ололт гэх зүйлийг судлаачийн хувьд олж харахгүй байна. Дэд сайдын албан тушаалыг байхгүй болгосныг эрх баригчид олзуурхаж ярьцгааж байгаа нь харагдсан. Угтаа энэ албан тушаал нь сайдын үндсэн ажлыг хөнгөвчлөх буюу төрийг данхар бүтэцтэй болгох үр ашиггүй л албан тушаал байсан.

-Хамтарсан Засгийн газар гэж байгаа. Ер нь улс төрийн нам, эвсэл хамтраад Засгийн газар байгуулахын ач холбогдол нь юу байдаг юм бэ?

-Энэ асуудалд өнгөрсөн хугацаанд олон судлаачид, хувь хүмүүс янз бүрийн байр суурь илэрхийлсэн. Миний хувьд олон улсын харилцаа, харьцуулсан улс төрөөр дагнан мэргэшиж байгаа хүний хувьд олонх болсон ч эвсэж байгаа тохиолдлуудыг судалж үзсэн. Эвсэж байгаа зорилго шалтгаан нь тодорхой байх ёстой юм билээ. Харин манай Засгийн газрын тэргүүний хувьд яв цав тодорхой зорилгоо илэрхийлээгүй, ерөнхий эв нэгдлийн тухай яриад байгаа. Гэтэл үзэл санааны хувьд томоохон маргаан байхгүй. Намуудын хувьд ижилсэл байгаагаас биш ялгарал үндсэндээ үгүй болчихлоо. Өмнө нь хэлсэнчлэн зорилго тодорхой байхаас шалтгаалан олонх болсон ч эвсдэг юм билээ.

-Тухайлбал ямар зорилго байх вэ?

-Олон улсын маргаанд татагдан оролцох, өөрийн улс орны гадаад болон дотоод аюулгүй байдлыг хангах зорилго байж болно. Дотоодын эв нэгдлийг хангах. Энэ нь ихэвчлэн иргэний дайн, шашин болон соёлын ялгарал бий болсон нөхцөлд илэрдэг. Маргаан дагуулахуйц томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх үед гэх мэт зорилгуудаа тодорхой болгох хэрэгтэй байсан. Гэтэл Ерөнхий сайд тодорхой хариулт өгөхгүй байгаа байдлаас шалтгаалан иргэдийн хувьд төөрөгдөл үүсээд азаар тэд наадамтай золголоо. Сая дурдсан аюулгүй байдалтай холбоотой тодорхой шалтгаанууд үүсэн бүрэлдээгүй гэдэгт итгэж байна.

-Угтаа МАН-ын хувьд дангаараа засгаа байгуулах боломжтой байсан. Яагаад заавал хамтрах гэж зүтгэв. Цаад улс төрийн эрх ашиг нь юу руу чиглэж байна гэж та харж байгаа вэ?

-Сая хэлсэнчлэн зорилгоо тодорхой илэрхийлээгүй хамтарсан Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлээд эхэллээ. Хүндэтгэх шалтгаангүйгээр эвссэн нөхцөл байдлыг ажиглавал сөрөг хүчингүй, олон ургалч үзэл санаагүй, эрх мэдэл бяр чадал нь дэндсэн Засгийн газар бүрдсэн гэж харж байна. Удахгүй намрын улс төр эхэлнэ. Орон нутгийн сонгууль ирэх аравдугаар сард явагдана. Иргэдийн улс төрд итгэл итгэлийг эвдсэн маш хортой үзэгдэл нэгэнт бий болсон. Өнгөрөгч УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд саналаа МАН-д өгөөгүй 945 мянган иргэдийн итгэл шалдаа буусан. Ингээд л эвсчих байсан юм бол ер нь сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх хэрэг яг юу байсан юм.

Итгэл алдарсан иргэдийнхээ саналыг тэд ямар нүүрээрээ эргэн гуйх бол. Миний бодлоор ирэх орон нутгийн сонгуульд ирц бүрдэхгүй байх магадлалтай. Өөрчлөлтийн тухай ярьж байгаа ч итгэлийг нь хөсөрдүүлж байгаа тэд “арчаагүй иргэн” очиж саналаа өгөөгүй байдлаас чинь болж улсын төсвөөр ахин дахин сонгуулиа зохион байгуулж байна гэж иргэд рүүгээ дайрна. Монголын улс төр магадгүй түүхэндээ ийм бүдүүлэг байгаагүй байх.

-Энэ хамтарсан Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацааг дуустал ажиллах улс төрийн нөхцөл бий юу. Насжилт нь ер нь ямар байх бол оо?

-Их хурал дээр дэмжигдсэн байдлаас нь үзвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга төдийгүй парламентад суудалтай бүх намын дарга юм билээ гэж харагдахаар байна. Та төсөөл дөө АН, ХҮН зэрэг намууд сонгуулиар МАН-ын үйл ажиллагааг эсэргүүцэж байгаагаа зарлаж иргэдийнхээ саналыг олж авсан. Гэтэл МАН-ын дарга нь Ерөнхий сайдад дэмжигдэх болохоор 100 хувийн саналаар дэмжчихнэ гэдэг чинь яг юу гэсэн үг юм. Улс төр биш эгэл жирийн нийгмийн харилцаанд бол зохиомол байдлыг бий болгож бодит байдлыг нуух замаар нөгөө талаа хохироосон бол эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог. Өөрөөр хэлбэл, залилах гэмт хэрэг. Сонгогчдынхоо итгэлийг олж авч сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх байсан намууд эрх баригчидтай нэг хөнжилд орж байгаа үзэгдлийг ингэж л нэрлэе. Би байтугай “CNN” мэдээллийн агентлагийн сурвалжлагч Ричард Квест “Монголын эдийн засгийн чуулган-2024” үеэр гайхаж буйгаа илэрхийлж тайзан дээрх МАН, АН, ХҮН намын дарга нарыг “Тэгээд та хэдийн хэн нь сөрөг хүчин юм бэ” гэж ёжилж байна билээ. Энэ үзэгдлээс судлаачийн хувьд ичиж байна.

-Сөрөг хүчингүй гэлээ. Өөр нам эвсэл, мөн дөрөв дэх засаглал сөрөг хүчний ажлаа хийсээр л байх юм биш үү?

-Харин олон улсын харилцаанд “мөнхийн нөхөр гэж байхгүй, харин мөнхийн ашиг сонирхол бий” гэсэн реалист санаа байдаг. Тэдний ашиг сонирхол хаа хүртэл уялдаж нэгийгээ хамгаалж явахыг харах л үлдлээ. Харин судлаачид, иргэний нийгэм, сэтгүүл зүйн салбарынхан илүү сонор сэрэмжтэй байж тэдний ашиг сонирхлын гинжийг таслах хүндхэн үүрэг оногдсон. Учир нь манай парламент сөрөг хүчингүй, өнөөх “цавчаа ногоон”, “ЖДҮ”, “Нүүрс” шиг хэргүүд давтагдах нь бараг ойлгомжтой. Учир нь олон хүний ашиг сонирхлыг зангидахын тулд хоёрхон аргыг ашигладаг. Авлига, эд хөрөнгөөр, эсвэл дарангуйлах замаар.

-Арай үгүй байлгүй дээ…Наадам найрын сар ид дундаа явж байна. Манай улсын хувьд жилийн дөрвөн улиралтай. Зуны сар богино. Гэтэл энэ хугацаандаа наадам, найр гээд улсын ажлаа огоордог. Энэ нэг тогтсон жишиг, хандлагаасаа монголчууд яаж салах вэ?

-Асуудал хоолой дээр тулсан үед хөдөлж эхлэх нь хүний мөн чанарын л нэг хэсэг. Харин төр, засгийн газрын ажил амралт, баяр наадмаас үл хамаараад хэвийн явах ёстой. Зоригтой шийдэл эрэлхийлэх сайд нар Засгийн газарт олон байгаасай гэж хүсч байна. Иргэний хувьд шахаж шаардаж явах болно. Монголд амралтын өдөр өвдөх эрхгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй ажлын өдрийг хүлээдэг наад захын жишиг бий. Гэтэл хүн өвдөх өдрөө сонгодоггүй. Энэ мэт асуудал дээр зоримог буюу зайлшгүй авах ёстой шийдвэр, ажлууд байна. Утааны улирал өдрөөс өдөрт ойртож байна. Энэ жилийн хувьд эрчим хүчний доголдол үүсэх эсэх, шийдвэрлэсэн эсэх нь тодорхой бус байна. Бид яарахгүй байгаа ч асуудлууд маань бидэн рүү ирэх гэж яарч байгааг нүдээ нээгээд хараасай билээ л гэж бодож байна.

-Сонгуулийн дараахь шинэ төр засгийн бүтэц, бүрэлдэхүүний ажил хэзээнээс жигдрэх бол. Одоо ч хүртэл ордон доторх өрөөгөө тохижуулж дуусаагүй гишүүд олон байна. Ер нь төрийн ажилдаа шуурхай орох зан чанар манай улстөрчдөд нэлээд дутагдаж байна уу?

-Сандал, суудал тавилга гэсээр үндсэндээ намартай золгож байна. Ялсан гишүүд тойрог, нутаг усандаа очиж талархлаа илэрхийлж, наадаж явсаар сая дурдсан олон асуудлууд нь хоолойд нь тулж ирнэ. Энхийн цагт Засгийн газраа шахаагүй, 100 хувь саналаар дэмжсэн сайдуудаа ёворч эхэлнэ. Үүнийгээ намрын их улс төр гэж тэд нэрлэдэг тогтсон л үзэгдэл юм. Наадам, найр дуусч Засгийн газарт орсон намууд дотроо тохироо, албан тушаалаа хуваалцсаны дараа ажил эхэлнэ дээ. Мэргэжлийн хүн тавьсан эсэхээс хамаарч ажил урагшлах, эсвэл удаашрах эсэх нь шийдэгднэ. Засгийн газар, төрийн ажилд ер нь наадам, найр, баяр гэсэн ойлголт огт байж таарахгүй. Төрийн хүн бол цаг наргүй, олон түмний төлөө явах сэтгэл зүйгээ бэлдсэн эрхэм байх ёстой. Гэтэл нойр хоолгүй зүтгэсэндээ ялархаад байдаг дарга нар ч байдаг. Ядраад, ялархаад байвал больчих хэрэгтэй, хоёр битгий хэл гуравгүй сэтгэлээр зүтгэх олон олон залуус бий.

-Шинэ гишүүд, шинэ сайд нарын анхаарах ёстой хамгийн гол ажил, гол бодлого, гол эрх зүйн өөрчлөлт юу байх ёстой гэж та харж байна вэ?

-Юуны өмнө мөнхийн сэдвүүдтэйгээ нүүр тулж шийдвэрлэх бодлого дээрээ ажиллах шаардлагтай. Энэ нь мэдээж түгжрэл, агаарын бохирдол, хөрсний бохирдол, эрчим хүчний нэмэлт эх үүсвэр зэрэг асуудлууд багтана. Нөгөө талд эдийн засгийн асуудлууд шил даран хүлээгдэж байна. Үүнд, татварын орчныг илүү уян хатан болгох, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зэрэг иргэний халаас, данстай нь шууд холбоо хамаарал бүхий асуудлууд нааштайгаар шийдвэрлэгдэх эдгээр чиглэлд шинэ гишүүд ажиллаасай гэж хүсч байна.

-УИХ-д суудал авсан намууд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх өөр өөрийн гэсэн зорилго, санаатай гэдгээ мэдэгдсэн. Ер нь энэ парламентын үед Үндсэн хуульдаа гар хүрэх болов уу?

-Үндсэн хууль гэдэг нийгмийн зөвшилцлийн гэрээ. Уг гэрээг хэн хүссэн нь хүссэн цагтаа өөрчлөөд байж таарахгүй. Таарахгүйгээр үл барам үргэлж өөрчлөөд оролдоод байдаг ч зүйл биш. Учир нь Үндсэн хуулийн агуулгаас шалтгаалж тухайн улс орны явж буй чиглэл тодорхой илэрхийлэгддэг. Автобусны чиглэл ч байн байн солигддоггүйг санах хэрэгтэй. Судлаач миний хувьд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хууль өөрийн гэсэн маш олон давуу болон сул талуудтай гэдэгтэй санал нийлнэ. Гэхдээ өмнө нь хэлсэнчлэн Үндсэн хууль биднийг тодорхой зүгт чиглүүлж байгаа тэр нь хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох. Энэ чиглэл туйлын зөв байсаар ирсэн. Одоо өөрчлөхөд биш, харин бүрэн утгаараа хэрэгжүүлдэг болоход анхаарах хэрэгтэй.

-Зарим гишүүд төрийн ордоноос Засгийн газар, Ерөнхийлөгчийн институцийг гаргах хэрэгтэй гэсэн байр сууриа эрт илэрхийлэх болсон. Үүнд та судлаач хүнийхээ хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Байшин сав нь хаана байхаас үл хамаараад нөлөөлье гэвэл утсаар ч яриад болох зүйл болдгоороо л болно. “Separation of powers” буюу эрх мэдлийг хуваах зарчмын талаар ярих гэж байгаа бол онол, зарчмыг л ярих хэрэгтэй. Түүнээс байр, байшин үүнд огтхон ч хамаагүй. Татвар төлөгчдийн мөнгийг хэмнээд эдийн засаг сайжрах хүртэл тэсч болох зардал. Замын нөгөө талд, эсвэл шинэ хотын захиргааны байр луу нүүлээ гээд эрх мэдэл хуваарилалтад өөрчлөлт орохгүй. Эрх мэдэл цаасан дээрх эрх зүйн ойлголт болохоос хажуу өрөөнд сууснаар бүрддэг зүйл биш гэж бодож байна. Тиймээс эдийн засгийн амаргүй энэ үед илүү зардал, илүү цаг хугацаа зарцуулах шаардлага одоохондоо байхгүй болов уу.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын 11 Байнгын хорооны дарга, гишүүд DNN.mn

Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнд байгуулагдсан Улсын Их Хурлын 11 Байнгын хорооны дарга, гишүүдийг танилцуулж байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Рэгдэл: Намрын чуулганаас өмнө хоёр ч удаагийн ээлжит бус чуулган хуралдах нөхцөл үүсэх болов уу DNN.mn

УИХ-ын гишүүн, Академич Дүгэрийн Рэгдэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Анхны 126 гишүүнтэй парламентын Анхдугаар чуулган баярын өмнө хуралдаад завсарлалаа. Таны хувьд энэ парламентын хамгийн ахмад настай нь учраас чуулганы хуралдааныг даргалж эхлүүлсэн байгаа. Ер нь энэ парламент өмнөх парламентаасаа тооны хувьд илүү болсон. Өөр ямар онцлог, давуу тал ажиглагдаж байна вэ?

-Анхдугаар чуулганы хувьд үндсэндээ хоёр хэсэгтэй л дээ. Эхнийх нь нээлтийн хуралдаан буюу хамгийн ахмад настай нь даргалж хуралдуулдаг. Хоёр дахь нь УИХ-ын даргыг сонгоод нээлтийн хуралдаанаа өндөрлүүлж, нэгдсэн хуралдаанаа эхлүүлж, шинэ дарга нь удирдаж явдаг УИХ-ын дэгээрээ явлаа. УИХ-ын даргаар Д.Амарбаясгалан сонгогдсон. Сонгогдоод хэлсэн үгэндээ цаашид энэ Их хурал ямар байдлаар явах вэ гэдгээ товч тодорхой хэлсэн байгаа. Нэгдүгээрт, энэ парламент нээлттэй байна. Хоёрдугаарт, сөргөлдөөний зарчмаас салж, мэтгэлцээний зарчим руу орсон парламент болно. Гуравдугаарт, сонгогч болгоны саналыг орхигдуулдаггүй парламент байж ажиллана гэж тодорхойлсон. Би үүнтэй санал нэг байгаа. Нөгөөтэйгүүр Ардын намын санаачилгаар Үндсэн хуульд парламентын гишүүнийг 126 болгох өөрчлөлтийг оруулсан. Тухайн үед энэхүү өөрчлөлтийг хийж байхад дэвшүүлсэн зорилт өнөөдөр яг таг биелсэн гэж бодож байгаа.

-Ямар зорилго байсан юм бэ?

-Бид өмнөх сонгуулиар юуг хүлээдэг байсан билээ. Эмэгтэйчүүдийн, нийгмийн давхаргуудын, эмч, багш, инженер, эрдэмтдийн төлөөлөл орж ирээсэй гэж хүлээдэг байсан. Хардаг байсан. Хамгийн чухал нь улс төрийн олон намын төлөөлөл парламентад гарч ирээсэй гэж ард түмэн хүсдэг байсан шүү дээ. Сонгууль болгоны өмнө бүтдэггүй байсан эдгээр асуудлууд энэ сонгуулиар бүрэн утгаараа биелж, парламент тал бүрийн төлөөлөл хангагдаж бүрэлдсэн. Найман удаагийн сонгуулиар яриад, хүсээд, хүлээгээд хангагддаггүй төлөөллүүд ес дэх удаагийн парламентын сонгуулийн үр дүнд шууд хангагдсан явдал бол их олзуурхууштай. Гагцхүү сонгогдсон төлөөллүүд маань энэ өөрчлөлтийн төлөө өчүүхэн намын болон хувийн ашиг сонирхлоо сүүлд тавьж яваасай л гэж бодож байна.

Хэрэв ингэж ажиллаж чадвал энэ парламентаас маш их зүйл хамаарна. Монгол Улс бол парламентын засаглалтай орон. Тэр утгаараа парламентын тогтолцоо эрүүл, зөв байж улс орон хөгжих гол нөхцөл бүрдэнэ. Тиймээс тэр жишиг рүүгээ ойртсон парламентын эхлэл болж явах боломж нь бидэнд бүрдчихлээ гэсэн үг. Тиймээс анхны 126 парламентын гишүүн болгон хичээж ажиллах цаг үе гэдгийг хэлмээр байна.

-Анхдугаар чуулганаар зарим гишүүд УИХ-ын Дэгийн тухай хуулийг хөндөж байсан. Өөрөөр хэлбэл, өмнөх парламентын баталсан Дэгээр шинэ парламент явах ёсгүй гэдэг зүйлийг гишүүд хэлж байсан. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Яагаад анх энэ Дэгийн асуудал хөндөгдөх болсон бэ гэдгийг товчхон хэлье. УИХ-ын гишүүний үг хэлэх эрх хаагдаж байна гэсэн үндсэн дээр энэхүү Дэгийн асуудал яригдаж эхэлсэн байдаг. Харин өмнөх парламентын хийсэн болгоныг дараагийн парламент гарч ирээд өөрчилье, больё гэвэл утгагүй. Шинэ парламент гарах болгондоо заавал шинэ Дэг тогтоох буруу жишиг рүү хөтөлнө. Энэ асуудлыг маш сайн бодох хэрэгтэй. Дэгийг хэрэгжүүлэх журмыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл баталж гаргадаг. Зарим гишүүд Зөвлөл бидний үг хэлэх асуудлыг шийдэж байна гэдэг утгаараа дургүйцлээ илэрхийлж байна лээ. Үүнд дургүйцэх шаардлага байхгүй л дээ. Тэд хуулиар заасан чиг үүргийнхээ хүрээнд л энэхүү журмыг гаргаж байгаа. Үүнийг гишүүд бид хэрэгжүүлээд л явах ёстой. Харин яаж 126 гишүүн тус бүрийн саналыг бүрэн авч байх вэ гэдэг асуудлыг л хэлэлцэх хэрэгтэй.

-Шинэ гишүүдийн хувьд одоо ч Төрийн ордонд өрөө, сууцаа тохижуулж чадахгүй байх шиг байна. Өрөөний хүрэлцээ хангалтгүй байна гэсэн гомдол ч гарч байх шиг байна лээ. Нөгөөтэйгүүр чуулганы танхимыг 126 гишүүнд зориулж шинэчилсэн. Энэ шинэчлэгдсэн танхимын хүрэлцээ, тоног төхөөрөмжийн шинэчлэлт танд ямар санагдаж байна вэ?

-Миний хувьд тавилга, ширээ сандлыг бараг л хардаггүй төрлийн хүн. Ажил хийе гэсэн хүн жижиг ширээ, нэг сандал, нөүтбүүктэй байхад хаана ч хийх ёстойгоо хийгээд явна. Хурал хийх танхимуудын хувьд бидэнд хүрэлцээтэй, хангалттай байна гэж харсан. Чуулганы шинэ танхимын хувьд их аятайхан болсон санагдсан. Надад лав ажлаа явуулахад орчин нөхцөл төвөг учраад байх зүйл алга. Харин УИХ-ын гишүүн суух өрөөний тухайд манай Төрийн ордны хүрэлцээ арай тааруу байна уу даа гэж бодож байгаа. Цаашид үүндээ анхаараад, шийдээд явчих байлгүй дээ. Нөгөөтэйгүүр нэг ордондоо парламент, Засгийн газар, Ерөнхийлөгч хамт байх нь зарчмын хувьд тун буруу үзэгдэл. Үүнийг салгаж байрлуулах асуудлыг энэ парламентын хугацаанд шийдчих болов уу гэж бодож байна. Шийдэх ч ёстой.

-Таны хувьд ахмадын төлөөлөл гэдэг утгаараа энэ парламентад тодорхой ажлуудыг хийнэ гэж харж байгаа. Зарим хүмүүсийн хувьд шинжлэх ухааны салбарын гол төлөөлөл орж ирлээ гэж ойлгож байна. Энэ утгаараа шинжлэх ухааны салбарт ямар эрх зүйн өөрчлөлт хэрэгтэй байна вэ?

-Манай нам энэхүү төлөөлөл гэдэг асуудал дээр маш том бодлого барьж ажилласан. Тэр ч утгаараа намын жагсаалтад салбар, мэргэжил, нас, хүйсийн төлөөллийг бүгдийг нь оруулсан нь ард түмэнд ихээхэн таалагдсан болов уу гэж харсан. Миний хувьд шинжлэх ухааны салбарт голчлон анхаарч ажиллана гэдэг нь ойлгомжтой. Тэгүүлэх гэж л намайг энэ жагсаалтын тавдугаарт бичсэн байх. Түүнээс биш миний хувьд намын жагсаалтад оръё, эсвэл парламентын сонгуульд өрсөлдье гэж энэ насандаа ам ангайж үзээгүй хүн. Намаас санал тавьж, үүрэг, итгэл хүлээлгэсэн учраас л энэхүү асуудлыг хувьдаа хүлээн зөвшөөрсөн. Харин жагсаалтын хэдэд тавих эсэхийг намын Удирдах зөвлөлөөр хуралдаж байж шийдсэн байх. Шинжлэх ухааны салбарын хувьд эрх зүйн орчинг сайжруулах заалтууд цөөнгүй бий шүү. Өнгөрсөн тавдугаар сард Шинжлэх ухаан, технологийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэж баталсан. Энэхүү хууль өмнөх хуулиудаа бодоход маш сайн эрх зүйн шинэчлэл болсон гэж бодож байгаа. Одоо бол энэхүү хуулийн хүчин чадлыг Төр, шинжлэх ухааны салбар бүрэн гүйцэд ашиглаж чадах уу эс чадах уу, гэдгээ л бодох хэрэгтэй. Энэ л чухал байна.

-Парламентад төлөөллийн зарчим бүрэн хангагдсан гэж байгаа. Тэгвэл яг энэ зарчмаар Засгийн газар байгуулагдчих шиг боллоо гэж харж байна. Таны хувьд “Хамтарсан” Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг ямар байдлаар хүлээн авч байна вэ?

-Засгийн газар байгуулагдах болгонд монголчуудын тавьдаг нэг шаардлага бий. Тэр нь мэргэжлийн Засгийн газар байгуулагдах ёстой гэдэг шаардлага. Энэ бол зөв шаардлага. Гэтэл мэргэжлийн яам гэж юуг хэлэх вэ гэдгээ бид сайн бодох хэрэгтэй. Бидний хувьд нэг л нийтлэг ойлголттой явдаг нь тухайн салбарын сайд мэргэжлийн байх ёстой гэдэг зүйлийг хэлдэг. Гэтэл үнэндээ сайд мэргэжлийн байна уу, үгүй юу гэдэг бол хоёр дахь асуудал. Сайд бол улс төрийн томилгоо. Хамгийн эхэнд анхаарах ёстой гол зүйл бол тухайн салбар, яамны аппарат мэргэжлийн байна уу гэдгийг л харах хэрэгтэй. Яамны аппратад мэргэжлийн хүмүүс л ажиллах ёстой. Энэ бол хатуу зарчим. Мэргэжлийн байлгахын тулд анхаарах ёстой. Түүнээс биш сайд мэргэжлийн байх эсэх бол хоёр, гурав дахь асуудал. Сүүлийн хорь гаруй жил яамны аппарат мэргэжлийн бус хүмүүсээр дүүрсэн. Аль нэг сайд, дарга гарч ирээд тэрхүү яамны аппаратад өөрийн хүнээ шахдаг. Сонгуулиар сайн ажилласан менежерээ хамгийн багаар бодоход газрын дарга түүнээс дээш албан тушаалд томилдог. Үүнээс болоод мэргэжлийн байх ёстой гол функц нь мэргэшсэн хүний нөөцийн дутагдалд ордог. Үүнээс болоод төрийн ажил дампуурдаг. Цаашлаад төрийн бодлого иргэдэд хүрэхдээ буруугаар эсвэл хүнд суртал дагуулан очдог. Тиймээс бид сайдыг мэргэжлийн байх эсэхийг биш тухайн салбар яамны аппаратад ажиллаж байгаа хүмүүсийг мэргэжлийн байх чиглэлд нь анхаарах ёстой.

-Таны хэлдэг ч зөв л дөө. Сая байгуулагдсан Засгийн газрын бүрэлдэхүүний асуудал дээр та ямар бодолтой байгаа вэ?

-Энэ удаагийн Засгийн газрын хувьд гурван нам хамтарч танхимаа бүрдүүлж байгаа нь их онцлогтой. Угтаа МАН-ын хувьд дангаараа Засгийн газраа байгуулах боломжтой байсан ч нөгөө хоёр намдаа хамтрах санал болгож байгаа нь улс төрийн шинэ соёл. Нөгөөтэйгүүр том хөтөлбөрүүд дээрээ нэгдэж, том асуудлаа хамтдаа шийдье. Улмаар улс орныхоо хөгжлийг бодитой урагшлуулъя гэдэг зарчим бол маш зөв. Өмнө хоёр нам хамтарч Засгийн газраа байгуулж байсан түүх бий. Гэхдээ энэ удаагийнх бол зарчмын хувьд өөр. Улс төрийн нөхцөл байдлаа бодож биш улс орныхоо хөгжлийн төлөө бодлого, хөтөлбөрөө нэгтгээд явъя гэдэг зарчмаараа өөр байгаа юм. Энэ бол хандлагын маш том өөрчлөлт гэж би хэлнэ. Одоо засагт хамтарсан намууд тус бүрдээ мөрийн хөтөлбөрөө нэгтгэх асуудал дээр ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Гуч хоногт хөтөлбөрөө нэгтгээд хэлэлцүүлнэ гэж байна. Тэгэхээр ирэх сарын эхээр засагт хамтарсан намуудын нэгдсэн том хөтөлбөр бэлэн болчих болов уу гэж бодож байна.

-Намрын чуулган аравдугаар сарын 1-нд хуралдах байх. Үүнээс өмнө ээлжит бус чуулган хуралдах уу. Энэ талаар та бүхэнд урьдчилж ирсэн мэдээлэл байна уу. Ер нь таны хувьд ээлжит бус чуулган хуралдах нөхцөл байдал үүснэ гэж харж байгаа.

-Ээлжит бус чуулган хуралдах нөхцөл үүсэх болов уу гэж харж байгаа. Таны хэлдгээр намрын чуулган болтол багагүй хугацаа байна. Энэ хооронд хоёр ч ээлжит бус чуулган зарлан хуралдуулах нөхцөл үүсэх болов уу гэж хараад байгаа. Мэдээж ээлжит бус чуулган хуралдуулах нөхцөл шаардлагыг хуулиар тодорхой заагаад өгчихсөн байгаа. Ямар шаардлага үүсч болох вэ гэхээр Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн танилцуулга хийх үеэрээ “Манай Засгийн газар нэгдсэн хөтөлбөрөө 30 хоногийн дараа бэлэн болгож, УИХ-д танилцуулна” гэж хэлсэн. Тэгэхээр энэхүү хөтөлбөр бэлэн болсны дараа ээлжит бус чуулган хуралдуулж, УИХ-ын гишүүдэд танилцуулах юм болов уу гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, наймдугаар сардаа багтаагаад ээлжит бус чуулган зарлагдах болов уу гэж бодож байна. Хоёрдугаарт, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбоотойгоор 2024 оны улсын төсөвт өөрчлөлт оруулж таарна. Энэ утгаараа Төсвийн тухай хуульд УИХ л өөрчлөлт оруулах эрхтэй. Тиймээс намрын нэгдсэн чуулганаар төсөв хэлэлцэхээс өмнө ээлжит бусаар хуралдаж төсөвтөө өөрчлөлт оруулах болов уу гэж бодож байна.

-Засагт хамтарсан намууд мөрийн хөтөлбөрөө нэгтгээд, бодлогоо зөв тодорхойлоод явчихвал ирэх жилүүдэд Монгол Улсын эдийн засаг болоод төрийн бодлого одоо байгаагаас илүү дээрдэнэ гэж та харж байна уу?

-Олон улсын судлаачдын хэлж байгаагаар Монгол Улс хөгжлийн нөөц ихтэй орны тоонд орж байгаа юм. Харин манайд энэ хөгжлийн нөөцөө ашигладаг түвшин бол тааруухан байдаг нь нууц биш. Гурван намын хөтөлбөрийг нийлүүлж байгаад нэгдсэн нэг хөтөлбөр гаргана гэдэг бол амар ажил биш. Нөгөөтэйгүүр аятайхан, хүнд таалагдсан заалт болгоныг нь түүж аваад нийлүүлчихнэ гэсэн зүйл ч биш. Хамгийн гол нь хөгжлийн зорилт, том хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэсэн заалтуудаа багцлаад түүгээрээ нэгдэх байх гэж бодож байгаа. Манайд энэ салбарт ийм заалт танайхаас илүү дээр юм байна, үүнийг авчихъя гэх маягаар явбал утгагүй болно. Энэ бол хөгжлийн хөтөлбөрөөрөө нэгдэж байгаа зүйл огт биш. Тиймээс маш сайн тооцоо судалгаатайгаар энэхүү асуудлаа зөв гаргаж ирж чадвал ирэх дөрвөн жилд Засгийн газрын хийх ажил тодорхой болно. Хийх ажлаа тодорхой болгочихно гэдэг бол том зорилтуудаа хэрэгжүүлэхэд саадгүй болчихно гэсэн үг. Тиймээс бүтэн дөрвөн жил хэрэгжүүлэх ажлаа нэгтгэж гаргахад 30 хоног ч арай багадах болов уу. Гэхдээ залуучууд шуурхай ажиллаад зөв хөтөлбөрөө боловсруулаад гаргаад ирэх байх гэсэн итгэл, хүлээлттэй байна.

-Намуудын мөрийн хөтөлбөрт аж үйлдвэржилт, эрчим хүчний хараат байдлаас гарах тухай олон заалтууд байсан. Ер нь эрчим хүчний хараат байдлаас бид яаж гарах вэ. Шинэ станц барих, цаашлаад атомын цахилгаан станцтай болох асуудлыг их ярьдаг. Монгол Улс атомын цахилгаан станцтай болох ёстой гэж үздэг хүмүүсийн нэг бол та. Атомын цахилгаан станцтай болох мөрөөдөл хол байна уу, ойрхон байна уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын ойрын үед шийдвэрлэх ёстой 10 зорилт гэж зарласан. Үүн дотор хамгийн нэн тэргүүнд эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлэх зорилт явж байгаа. Энэ зуунд хэн эрчим хүч эзэмшиж байна тэр эзэгнэнэ гэдэг зарчим тод үйлчилж байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол Улсын хувьд яалт ч үгүй эрчим хүчний асуудлаа анхаарах цаг болсон. Эрчим хүчний хувьд бид хараат бус болох хэрэгтэй. Манай намын мөрийн хөтөлбөрт энэ талаар юу гэж заасан байгаа вэ гэхээр өнөөгийн Монгол Улсын эрчим хүчний суурь хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж заасан. Энэ хийж болох зорилт. Гэхдээ эрчим хүч угтаа хоёр дахин нэмэгдчихлээ гэж бодоход энэ хугацаанд маш олон боловсруулах үйлдвэр, метро зэргийг ашиглалтад оруулна. Тэгэхээр нөгөө нэмэгдсэн эрчим хүч шинээр бий болсон бүтээн байгуулалт руугаа шингэчих маягтай харагдах болов уу гэж бодож байгаа. Гэвч энэ тийм чухал асуудал биш л дээ. Судлаач хүнийхээ хувьд Монгол Улс цөмийн эрчим хүч ашиглах асуудлыг их ярьдаг. Өргөн уудам нутагтай, хүн ам цөөнтэй манай улсад атомын цахилгаан станц тохирно гэж үзэж байгаа. Үүнийг судалж, энэ чиглэлд төрийн бодлогоо чиглүүлж ажиллах болов уу. Нөгөөтэйгүүр 2040 онд биш, үүнийг наашлуулаад 2030 он гэхэд эхний ээлжийн жижиг атомын цахилгаан станцтай болох шаардлагатай.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдээ томиллоо DNN.mn

Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т  “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ, Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томиллоо.
Засгийн газрын бүтэц болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулиар Засгийн газрын бүрэлдэхүүнийг 22 сайд, 16 яамтай байхаар баталсан юм.

1.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Лувсаннямын Гантөмөр

2.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Тогмидын Доржханд

3.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Сайнбуянгийн Амарсайхан

4.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Ням-Осорын Учрал

5.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргаар Эрдэнэбилэгийн Одбаяр

6.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргаар Равжихын Эрдэнэбүрэн

7.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар Буяагийн Тулга

8.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар Батмөнхийн Батцэцэг

9.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Болдын Жавхлан

10.Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Оюунсайханы Алтангэрэл

11.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Цэвэгдоржийн Туваан

12.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар Сандагийн Бямбацогт

13.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар Салдангийн Одонтуяа

14.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсролын сайдаар Пүрэвсүрэнгийн Наранбаяр

15.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллынсайдаар Лувсанцэрэнгийн Энх-Амгалан

16.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан

17.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Номин

18.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Жамбын Батсуурь

19.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Жадамбын Энхбаяр

20.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Цэндийн Баатархүү

21.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдаар Баттогтохын Чойжилсүрэн

22.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар Тогтмолын Мөнхсайхан нарыг тус тус томиллоо.